Мэдээлэл сэтгэл зүйн талбар ба тусгай алба

2024-03-29

https://niss.gov.mn/wp-content/uploads/2024/04/860x394.jpg

Олон улсын харилцааны үндсэн субъект болох үндэстэн улс нь өөрийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангах, эрх мэдэл, хүч чадлаа өсгөн олон улсын харилцаан дахь байр суурь, нөлөөгөө тэлэх үндсэн зорилготой гэж реалист онолчид үздэг. Улс бүрийн энэ ашиг сонирхол хоорондоо тулж зөрчлийг үүсгэх бөгөөд үүнээс үүдсэн дайн, мөргөлдөөн байнгын шинжтэй оршин байдаг. Уг парадигмээр харвал дайн ил, далд хэлбэрээр үргэлж оршин байсаар иржээ.   

Дэлхийн II дайнаас хойш цэргийн хүч хэрэглэдэг уламжлалт дайн нь олон улсын эрх зүйд харшилдаг, дэлхийн хамтын нийгэмлэгийн эсэргүүцэл, олон улсын хориг арга хэмжээтэй тулгардаг, өртөг зардал өндөр, партизаны дайн өрнөвөл өөрт учрах хохирол их байдаг зэргээс шалтгаалан улс хоорондын тэмцэл далд, уламжлалт бус хэлбэрт шилжжээ. “Хүйтэн дайн”-ы үеийг их гүрнүүд нөлөөний бүсээ тэлэх болон бусад зорилго, зорилтоо хэрэгжүүлэхдээ далд, уламжлалт бус дайны хэлбэрийг ашиглаж байсан үе гэж үзэж болно. Энэ үед капиталист социалист блокуудын хооронд үзэл суртлын дайн явуулж, бие биеийн эсрэг соёлын болон нөлөөллийн ажиллагааг тусгай албадын арга технологиор хэрэгжүүлж байжээ. Тухайлбал, Хүйтэн дайны үед АНУ-ын соёлын дипломат ажиллагааны хөтөлбөрүүдийг Тагнуулын төв газар болон Төрийн департамент санхүүжүүлэн зохион байгуулж байв.[1]  Энэ хөтөлбөр бол тухайн үед ЗХУ-ын эсрэг явуулж байсан АНУ-ын “аварга том суртал ухуулгын довтолгоо” байлаа.

Өдгөө энэ ажиллагаа технологийн дэвшлийг ашиглан “мэдээлэл сэтгэл зүйн дайн”-ы хэлбэрт шилжжээ. Мэдээллийн нөлөөллийн ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим платформуудаар дамжуулан хэрэгжүүлэх нь өртөг багатай, үр дүн өндөр байдаг аж. Улс төрийн сөргөлдөөний үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээний орон зайг нийгмийг хагалан бутаргах, тогтворгүй байдал үүсгэхэд ашигладаг. Үүний цаана тусгай албадын оролцоо байгааг улс орнуудын тухайн салбарын хариуцлагатай албан тушаалтнууд ил тод мэдэгдэх болов.

Аюулгүй байдал судлалын хүрээлэн энэ удаагийн дугаартаа ардчилал “шинээр” хөгжиж буй пост коммунист орнуудад сүүлийн үед өрнөсөн тусгай албаны оролцоотой мэдээлэл сэтгэл зүйн талбарт чиглэсэн үйл ажиллагааг түүвэрлэн ажиглав.

Молдав улс

2024 онд тус улсад ерөнхийлөгчийн сонгууль болон Европын холбооны интеграцид нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдана. Эдгээр сонгуульд хөндлөнгөөс оролцох, хорлон саатуулах ажиллагааг Оросын талыг дэмжигч улс төрчид, олигарх, гэмт бүлэглэлүүд зохион байгуулах оролдлогыг хийж байгаа талаар Молдавын Тагнуул, Аюулгүй байдлын албаны дарга Александру Мустеата нэр цохон мэдэгджээ. Мөн тэрээр Приднестрийн болон Гагаузийн бүс нутагт эдийн засаг, нийгмийн хямрал, үндэстэн хоорондын мөргөлдөөн өдөөх ажиллагаа идэвхжиж байгааг дурдаад үүнд Telegram, Tik-Tok платформуудыг худал мэдээлэл түгээх суваг болгон ашиглахын сацуу телевизийн сувгуудаар Молдав улс ЕХ-нд элсэх нь тус улсын бүрэн эрхт байдалд нөлөөлнө гэх суртал ухуулга нэвтрүүлж байгааг анхааруулжээ. 2012-2014 оны хооронд тус улсын 3 банкнаас 1 тэрбум ам.доллар хулгайлсан хэрэгт ял сонсон эрэн сурвалжлагдаж, Израилд орогнож байгаа олигарх Илан Шор, Влад Плахотнюк нарын эзэмшдэг телевизийн сувгууд болон оросын гол телевизийн сувгийг Молдав улсад хориглосон ч Шор компанийн эзэмшдэг ТВ6 суваг Гагаузийн автономит районд нэвтрүүлгээ дахин цацаж эхэлжээ.[2]

Александру Мустеатагийн мэдэгдлийн дараа Гагаузийн захирагч Евгения Гутул олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Молдавын эрх баригчдыг барууны талыг баримтлагч хэмээгээд засаг захиргааны нэгжийн бие даасан байдлыг аажмаар устгаж, төсвийг нь танаж, хууль ёсны эрхийг зөрчиж, Гагаузид тогтворгүй байдал үүсгэж байна хэмээн буруушааж, “иргэний байр суурь, үндэсний эрх ашигтаа үнэнч байсны төлөө биднээс өс хонзон авч байгаа Молдавын эрх баригчдын хууль бус үйлдлийн талаар би Владимир Путинд мэдэгдсэн, Оросын удирдагч Гагаузыг дэмжиж, гагаузчуудын эрх ашгийг хамгаалахаа амласан” гэжээ.[3]      

Эстони улс

Тус улсын дотоод аюулгүй байдлын агентлаг Балтын орнуудад хорлон саатуулах ажиллагаа явуулах, хурцадмал байдал үүсгэх зорилготой ажиллаж байсан 10 хүнийг баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаараа 2 дугаар сарын 21-нд мэдэгджээ. Сэжигтнүүд Эстонийн Дотоод хэргийн сайдын болон тус улсын сэтгүүлчийн машинд халдах, хөшөө дурсгалыг сүйтгэх зэрэг нийгэмд айдас түгшүүр төрүүлэх, хурцадмал байдал үүсгэх зорилготой ажиллагааг 12 дугаар сараас хойш зохион байгуулж байгаа аж. Эстони улсын Аюулгүй байдлын албаны тэргүүн Марго Паллосоны мэдэгдсэнээр сэжигтнүүд Оросын тусгай албанаас чиглэл авч ажилладаг байсан ба тэднийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан элсүүлсэн гэжээ. Тэрээр одоогоор мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй болохыг мэдэгдсэн юм.[4] Тус улсын Гадаад тагнуулын албаны дарга Каупо Росин 2 дугаар сарын 20-нд парламентын гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Олон нийт бусад улс оронд болж байгаа энэ мэт үйл явдлын талаар ярьдаггүй. Үнэндээ зөвхөн Эстони улсын эсрэг төдийгүй бусад улс орны эсрэг ийм үйлдлүүд явагдаж байгаа гэдгийг итгэлтэйгээр хэлэх байна.” гэжээ.

Эстониос гадна тухайн үед Латви улсын Төрийн аюулгүй байдлын алба Оросын тусгай албаны захиалгаар Латви болон бусад Балтын орнуудын хөшөө дурсгалын газрыг гутаан доромжлох, сүйтгэх өдөөн хатгалгыг зохион байгуулахыг завдсан гэх сэжигтнийг саатуулснаа мөн мэдэгдсэн байна.[5]    

Гүрж улс

Гүрж улсын Британийн Их сургууль (British University in Georgia (Tbilisi)), Аюулгүй байдал судлалын бүс нутгийн хүрээлэн (Regional Institute for Security Studies (Tbilisi))-гийн хэсэг судлаач тус улс дахь Оросыг дэмжигч хүчнүүдийн явуулж буй суртал ухуулгын өгүүлэмж, түүний өрнөл үйл явцыг ажиглах судалгааг хийжээ. Тус улсад Оросын талыг баримтлагч орон нутгийн хэвлэл мэдээллийн сувгууд, Орост төвтэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, Оросыг дэмжигч улс төрийн хөдөлгөөнүүд зэрэг тоглогчид олон нийтийн мэдээллийн сүлжээнд өөрсдийн “экосистем”-ийг бий болгосон тухай судалгаанд өгүүлжээ.

Энэ “экосистем”-ээр тарж буй мэдээллийн нэг гол өгүүлэмж нь Оросын тусгай албаны байр суурийг илэрхийлж байна гэж тэд үзсэн байна. Тухайлбал, 2023 оны 9 дүгээр сард Telegram сувгаар Гүржийн Үндэсний легионы дайчдын хийсэн гэх нэгэн бичлэг таржээ. Уг бичлэг нь легионы дайчид 2008 онд Гүржийн алдсан нутаг болох Абхаз, Осетид дайн өдөөхөөр заналхийлсэн утгатай байв. Энэ бичлэг Оросыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хурдтай тарсан байна. Уг бичлэгийг Гүржийн Үндэсний легион үгүйсгэж, Оросын тусгай албадын өдөөн хатгалга гэжээ.[6]  

Норвеги

2023 оны 12 дугаар сард Норвегийн Батлан хамгаалах судалгааны байгууллага (Norwegian Defence Research Establishment (FFI)) Оростой холбоотой домэйнд холбосон Норвегийн “нэргүй” сайтуудад хийсэн нэгэн судалгааг хэвлүүлжээ. “Нэргүй” гэх ойлголтод эзэмшигч болон зохиогч нь тодорхойгүй эсвэл хуурамч вэбсайтыг хамруулан ойлгоно. Судалгаанд Оростой холбоотой нийт 2686 домэйноос 37 нь Норвегийн домэйн байсан ба үүний 4 нь онцгой анхаарал татжээ. Тэдгээрийн 2 нь жинхэнэ мэдээллийн хэрэгслийн вэбсайтыг дуурайлгасан хуурамч домэйн байсан ба тэд цааш дэлхий даяар 443 хуурамч, нэрээ нууцалсан вэбсайттай холбоотой байв. Тэрхүү 443 сэжигтэй вэбсайтын 14 нь норвеги хэл дээр бусад нь дэлхийн 31 хэлээр мэдээлэл түгээж байжээ. Уг судалгааг хийсэн судлаачид “нэргүй” вэбсайтууд нь далд нөлөөллийн үйл ажиллагааны шинж тэмдэг байх боломжтой гэж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан 2686 домэйний 1945-ыг нь 2000 оноос хойш Оросын тусгай албад удирдаж байгаа нь ил болсон байна. Түүнчлэн Southfront, Geopolitica.ru, Strategic Culture Foundation, New Eastern Outlook, Katehon. зэрэг сайтууд Оросын пропаганда экосистемд чухал үүрэг гүйцэтгэдгийг өгүүлжээ.

Судалгаанд сонгон авч ажигласан норвегийн 4 сайт болох www.frieord.no, www.digiter.no, www.kontrast1.no, www.nyheterdag.news нь сэтгүүлчдийн зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн, хуурамч, өөр эх сурвалжаас шууд хуулсан, орчуулсан, редакцын мэдээлэл нь хуурамч, цахим шууданд хариу өгдөггүй зэрэг түгээмэл шинж тэмдэгтэй байв.

Судалгаанаас анхаарал татсан 2 домэйнийг цахим хаягаар нь хөөн шалгахад дэлхий даяар тархсан томоохон сүлжээний нэг хэсэг болох нь батлагдсан байна. Түүний дотор зарим улс орны хэвлэл мэдээллийн албан ёсны сайтуудыг сайтар дуурайсан хуурамч сайтууд байжээ. Судалгааны дүгнэлтэд энэ мэт сайтууд нь далд нөлөөллийн ажиллагаа явуулах, залилан мэхлэх, төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл түгээх өргөн боломжтой цахим дэд бүтцийг бий болгож байна гэж өгүүлсэн байна.[7]   

Манай улсын хувьд 2023 оны 1 дүгээр сарын байдлаар тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 502 хэвлэл мэдээллийн байгууллага, үүний 90 орчим хувь нь арилжааны зорилготой байгууллага байна. Эдгээр мэдээллийн хэрэгсэл бүгд цахим орчинд өөрсдийн сувагтай. 2021 онд хийсэн “Монгол Улсын иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгаа”-наас харвал нийт хүн амын 61 хувь нь интернэт хэрэглэж, өдөрт дунджаар 7 цагийг цахим орчинд өнгөрөөж байна. 2022 онд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимээс хийсэн интернэтийн хэрэглээний тухай судалгаанд манай улсын нийслэл хотын оршин суугчдын 70 орчим хувь, орон нутгийн иргэдийн 50 орчим хувь нь цахим орчноос шинэ мэдээлэл авдаг болохыг өгүүлжээ.  

Эдгээр судалгааны үр дүнг нэгтгээд харвал манай улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх олонх нь арилжааных хэдий ч санхүүгийн хувьд бүрэн бэхжиж бие дааж чадаагүй, мэргэжлийн редакцгүй байгаа нь гаднын нөлөөнд автаж, төлбөрөө төлсөн л бол ямар ч хамаагүй, шүүлтүүргүй мэдээлэл цацах боломжийг олгож байна. Гэтэл нөгөө талаас иргэдийн талаас илүү хувь нь цахим орчноос мэдээлэл авч, өдрийн идэвхтэй цагийн багагүй хувийг цахим орчинд өнгөрөөж байна. Энэ нөхцөл байдал нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан төөрөгдүүлсэн, худал, ташаа мэдээлэл түгээх замаар нийгмийг хааш нь ч чиглүүлж болох боломжийг олгож байгаа юм. Гэтэл манай улсын хэвлэл мэдээллийн салбарт гаднын мэдээллийн ажиллагааны нөлөө ямар хэмжээнд байгаа, түүний өгүүлэмж ямар агуулгатай байгааг судалсан суурь судалгаа хомс байна.   

Дүгнэлт

Улс орнууд олон улс дахь байр суурь, нөлөөгөө тэлэх зорилгоор явуулж буй далд, уламжлалт бус дайны ажиллагааны нэг талбар нь мэдээлэл сэтгэл зүйн талбар юм. Уг талбараар дамжуулан үзэл бодлын довтолгоог явуулж байгаа ба Виктор Хюгогийн хэлсэнчлэн “Хүн цэрэг, армийн довтолгоог тэсэж гарч чадах ч үзэл бодлын довтолгоог тэсэж гарч чадахгүй” аж. Иймээс энэхүү довтолгоог таньж мэдэх, ялгаж ойлгох, сөрөн тэсвэрлэх чадамжийг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.

Энэхүү тоймд дурдсан ихэнх улс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан агаад өдгөө ОХУ тэдгээр улс дахь нөлөөгөө алдахгүйн тулд тусгай албаны оролцоотойгоор мэдээлэл сэтгэлзүйн талбарт нь нөлөөллийн ажиллагаа явуулж байгааг тэд тогтоосон байна. Улс оронд нь ийм үйл ажиллагаа явуулж буйг илрүүлэн, таслан зогсоосон талаар Молдав, Эстони, Латвийн тусгай албад нь ил тод зарласан агаад судалгааны байгууллагууд мөн мэдээллийн далд нөлөөллийн ажиллагааг судлан тогтоосноо олон нийтэд зарладаг ажээ.

Энэ дугаарт ОХУ-ын зүгээс хуучин нөлөөний бүсдээ явуулж буй үйл ажиллагааг онцолж авч үзсэн ч бусад их гүрнүүд мөн адил ийм үйл ажиллагааг өөрийн нөлөөний бүсэд тогтмол явуулдаг гэдгийг мартаж болохгүй юм.  

Эцэст нь тэмдэглэхэд мэдээлэл, сэтгэл зүйн талбарт гаднын нөлөө системтэйгээр өрнөж, үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд түүнийг сөрөх ажиллагааг мөн нэгдсэн системтэй, бодлого зохион байгуулалттай өрнүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Ашигласан эх сурвалж:

[1] The Case for Cultural Diplomacy: Engaging Foreign Audiences https://www.foreignaffairs.com/world/case-cultural-diplomacy-engaging-foreign-audiences

[2] Russia Plans Election Meddling to Obstruct Moldova’s EU Path: Spy Chief https://balkaninsight.com/2024/03/05/russia-plans-election-meddling-to-obstruct-moldovas-eu-path-spy-chief/

[3] Pro-Moscow Governor of Moldova’s Gagauzia Seeks Putin’s Help https://balkaninsight.com/2024/03/07/pro-moscow-governor-of-moldovas-gagauzia-seeks-putins-help/

[4] Estonia detains 10 people suspected of committing sabotage on orders from Russia https://apnews.com/article/estonia-russia-sabotage-tension-hybrid-operation-629e777acfdad169e7516dbe89685406

[5] ISS: Russian special services behind attack on Estonian minister’s car

https://news.err.ee/1609258853/iss-russian-special-services-behind-attack-on-estonian-minister-s-car

[6] Impact of the Russian War against Ukraine on Georgia https://css.ethz.ch/en/publications/cad/details.html?id=/n/o/1/3/no_135_impact_of_the_russian_war_against

[7] Two layers of fog – anonymous Norwegian websites linking to Russian-affiliated domains https://www.ffi.no/en/publications-archive/two-layers-of-fog-anonymous-norwegian-websites-linking-to-russian-affiliated-domains


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА