Орос-Өмнөд Солонгосын харилцаа ба бүс нутгийн интеграцын эерэг өөрчлөлт

2018-07-06

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/07/UO3th0ZT2H.jpg

ЭНЭ оны 6 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар ОХУ-д төрийн айлчлал хийв. Энэ нь ОХУ, БНСУ хоёр улс 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 28 жилд тохиож буй хоёр дахь (анхных нь 1999 онд буюу 19 жилийн өмнө) төрийн айлчлал гэдгээр онцлог юм. Айлчлалаар Орос-Өмнөд Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжил, аюулгүй байдлын стратегийн сэдвүүд хэлэлцсэн нь эдгээр улстай стратегийн түнш Монгол Улсад ч хамаатай юм.

Улс төрийн харилцааны угтвар нөхцөл

ОХУ, Өмнөд Солонгосын улс төрийн харилцаа 1990 онд дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн бөгөөд өнгөрсөн 28 жилийн хугацаанд хоёр улсын төрийн тэргүүн нар 33 удаа уулзсан байна. Дээд хэмжээний тогтмол холбоо нь хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж иржээ.

Өнөөдрийн байдлаар худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын болон бусад салбарт 50 гаруй гэрээ байгуулаад байгаа бөгөөд хамгийн сүүлд 2014 оны 1 дүгээр сараас 60 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих гэрээ мөрдөгдөж эхэлжээ. Орос-Өмнөд Солонгосын эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтарсан комисс хоёр улсын эдийн засгийн харилцааны хөгжилд голлох үүргийг гүйцэтгэдэг.

2008 онд талууд харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр зорьж, Умард Солонгосын нутгаар дамнасан байгалийн хийн хоолой, төмөр замын төслүүд дээр хамтрах боломжийг эрэлхийлсэн ч дэвшил гаралгүй өдий хүрсэн аж. Стратегийн түншлэлийн санал санаачилга яриа хэлэлцээрээс цаашлаагүйд 1998, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал, ОХУ өрнөдийнхний хоорондох сөргөлдөөн болон Солонгосын хойгийн нөхцөл байдал голлон нөлөөлжээ.

Сүүлийн жилүүдэд ОХУ Алс Дорнодын бүс нутгаа хөгжүүлэх бодитой алхмуудыг шат дараалан хэрэгжүүлж байна. Он гарсаар Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд эерэг хандлага гарав. Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт, Сингапурт болсон АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээс ОХУ, БНСУ-д хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх угтвар нөхцөл бүрэлдэж байна.

В.Путин: Өмнөд Солонгос Ази, Номхон далайн бүс нутаг дахь ОХУ-ын чухал түнш.

Үүнтэй холбогдуулан Владимир Путин ОХУ, Өмнөд Солонгосын харилцааг 2024 он хүртэл стратегийн шинэ түвшинд аваачин өмнө нь тохирсон яриа хэлэлцээгээ бодит ажил хэрэг болгохоор Мүн Жэ Инийг урьсан бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хувьд ард иргэдийнхээ өргөн дэмжлэгтэйгээр хоёр Солонгосын харилцааг тогтворжуулах, умардын хөрш орнуудтайгаа, түүний дотор ОХУ-тай түншлэлээ тэлэх “шинэ Умардын бодлого” (Nordpolitik, Northern Policy)-гоо зүтгүүлэхээр шийдсэн байна.

 

Төрийн айлчлал, яриа хэлэлцээрийн тухайд

МҮН Жэ Ин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхий сайд Дмитрий Медведев, Холбооны хурлын Төрийн Думын дарга Вячеслав Володин болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг хийгээд олон улсад тулгамдсан өргөн хүрээний асуудлаар санал солилцсон байна.

Орос-Өмнөд Солонгосын хэлэлцээний дараа хэвлэлийнхэнд хийсэн хамтарсан мэдэгдэлдээ В.Путин Өмнөд Солонгосыг Ази, Номхон далайн бүс нутаг дахь ОХУ-ын чухал түнш гэв. Тэрээр хоёр улсын эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгааг онцлоод хоёр талт хамтын ажиллагааны эрчим хүчний салбарын түншлэлд түлхүү анхаарна. Тухайлбал Арктик дахь оросын нүүрс устөрөгчийн ордуудын олборлолт, “Ямал СПГ” үйлдвэрээс шингэрүүлсэн хий тээвэрлэх 15 танкерийн үйлдвэрлэл болон байгалийн хий олборлолт, шингэрүүлэлтийн “Арктик СПГ-2” төсөл дээр хамтарна гэв. Тэрээр Владивостокийн чөлөөт боомтыг шинэчлэх, усан онгоцны “Звезда” үйлдвэрийн технологийн шинэчлэл, Хойд тэнгисийн зам болон Транссибирийн төмөр замыг тохижуулан ашиглах зэрэг Алс Дорнодын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд солонгосын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг уриалж, энэ есдүгээр сард Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр эдгээр төслийн талаар хэлэлцэхээ мэдэгдэв.

Мүн Жэ Ин: Алс Дорнод,  Евразийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн зорилтыг хэрэгжүүлэхэд ОХУ-тай  илүү нягт түншлэнэ.

Мүн Жэ Ин Оросын талд Солонгосын төлөөлөгчдийг найрсаг хүлээн авч уулзсанд талархан ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж байгаад Владимир Путинд баяр хүргэхийн зэрэгцээ хоёр улсын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах нийтлэг зорилготой гэдэг дээр В.Путинтэй санал нэгдэж байгаагаа мэдэгдэв. Ялангуяа технологийн түншлэл, инновациар дамжуулан хоёр улсын хөгжилд түлхэц өгөх, шинэ аж үйлдвэрийн салбарт илүү нягт түншлэх төлөвлөгөө, зорилгоор Орос-Өмнөд Солонгосын инновацийн төв байгуулах, гарааны, жижиг, дунд бизнесийг дэмжихээр тохиролцсон. Үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарт чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх болсонд талууд баяртай байна гэв.

Өмнөд Солонгосын төрийн тэргүүн хэлэхдээ: “Алс Дорнод болон Евразийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтийн нийтлэг хэтийн зорилтыг хэрэгжүүлэхэд талууд илүү нягт түншлэх болно” гэж мэдэгдлээ. Тэрээр ойрын хугацаанд уг хэтийн зорилтыг хэрэгжүүлэхээр төмөр зам, цахилгаан эрчим хүч, байгалийн хий, усан онгоц боомтын дэд бүтцийн үйлдвэрлэл зэрэг есөн салбарыг хамарсан бодит агуулгатай “есөн гүүрийн түншлэл” төлөвлөгөөг хоёр тал баталснаар хамтын ажиллагаа түргэснэ гэж харж байгаагаа хэлэв. Уг зорилгоор Өмнөд Солонгосын болон ОХУ-ын Алс Дорнодын нийт 17 өөртөө засах орон, бүс нутгийн засгийн газар хоорондын солилцоог идэвхжүүлэхээр тохиролцсон байна. Эцэст нь Өмнөд, Умард болон Орос гурван талт түншлэлийн төслүүдийг бэлтгэх явцдаа өнөө маргааш хэрэгжүүлэх боломжтой Өмнөд Солонгос-Оросын хоёр талт ажлуудыг урагшлуулахаар тохирсон. Төмөр зам, цахилгаан сүлжээ, хийн хоолойг нэгтгэх хоёр талын хамтарсан судалгаа үүний эхлэл нь байж болно хэмээв. Ийнхүү Солонгосын хойг дахь улс төрийн эерэг уур амьсгалыг дагаад Зүүн хойд Азид эдийн засгийн интеграц эрс идэвхжих хандлагатай байгааг Орос-Өмнөд Солонгосын тохиролцоонуудаас харж болохоор байна.

Түншлэлийг шинэ шатанд гаргах талуудын ашиг сонирхол

Бүс нутагт нааштай өөрчлөлт гарч буй өнөө үед хоёр тал түншлэлээ бэхжүүлэх, улмаар шинэ шатанд гаргах нь:

ОХУ-ын хувьд

1)  Хоёр Солонгосын харилцаа дулаарч Солонгосын хойгт эерэг нөхцөл бүрдвэл Орос-Өмнөд Солонгосын гадаад худалдаа нэмэгдэнэ.

2)  Алс Дорнодын бүс нутгаа эргэлтэд хурдан оруулах нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь ОХУ-ын нөлөөллийг нэмэгдүүлэх геополитикийн ач холбогдолтой.

3)  Өмнөд Солонгосын шинэ технологи, хөрөнгө оруулалт, Умард Солонгосын ажиллах хүч нь ОХУ-ын Алс Дорнодын хөгжилд том дэмжлэг түлхэц болох бол гурван талт төмөр зам, байгалийн хий болон цахилгаан сүлжээний төслүүд нь Оросын хөгжлийг түргэтгэгч хүчин зүйлс байх болно.

4)  АНУ-ын Умард Солонгост баримтлах бодлогоос бүс нутгийн тогтвортой байдал хийгээд ОХУ, Өмнөд Солонгосын эдийн засгийн түншлэл урагшлах эсэх нь шалтгаална.

Өмнөд Солонгосын хувьд

1)  ОХУ-тай Алс Дорнодын бүс болон Умард, Өмнөд, ОХУ гурван талт төслийг хөгжүүлэх нь Өмнөд Солонгосын эдийн засгийг шинэ шатанд гаргана. Евразийн зах зээлд гарах боломж нээгдэнэ.

2)  “Шинэ Умардын бодлого”-ыг тулгуур болгон ОХУ-тай есөн салбарт “Есөн гүүрийн түншлэл” төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь хоёр талын харилцааг шинэ түвшинд аваачина. Өмнөд Солонгосын бүс нутаг дахь байр суурийг бэхжүүлнэ.

3)  Умард Солонгос нээлттэй эдийн засгийн загвараар хөгжих тохиолдолд Өмнөд Солонгост өрсөлдөгч гарч ирэх тул урьтаад ОХУ-тай эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нь чухал.

Зүүн хойд Азид эдийн засгийн интеграц эрчимжиж, ОХУ-Өмнөд Солонгосын дээрх төслүүд хэрэгжиж эхэлбэл Монгол Улсын хувьд

1)  Манай гадаад худалдаа нэмэгдэж, аялал жуулчлал хөгжинө.

2)  Зүүн хойд Азийн цахилгаан шугам сүлжээний нэгдмэл орон зай хурдан бүрэлдэж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдал баталгаажна.

3)  Монгол Улс бүс нутгийн хөдөлмөр хуваарилалтад идэвхтэй оролцох боломж бүрдэнэ.

4)  Сөрөг тал нь ашигт малтмал, уул уурхайн олборлолтын салбарт том өрсөлдөгч гарч ирнэ.

ОХУ, Өмнөд Солонгосын гадаад худалдааны тухайд

ОРОСЫН Гаалийн албаны статистик мэдээгээр ОХУ, Өмнөд Солонгосын гадаад худалдааны эргэлт 2017 онд 19.6 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн үеийн мөн үеэс 23 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс ОХУ-ын экспорт 12.7 тэрбум ам.доллар болж 23.1 хувиар, Өмнөд Солонгосын экспорт 6.9 тэрбум ам.доллар болж 35.6 хувиар тус тус өсчээ. Энэ оны эхний улирлын статистикаар Орос-Өмнөд Солонгосын гадаад худалдааны эргэлт мөн л өсөж, 6.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн үеийн мөн үеэс 6.6 хувиар нэмэгдсэн дүн ажээ.

 

Гэвч уг хэмжээ хангалтгүй бөгөөд 2020 онд 1.6 дахин нэмэгдүүлэн 30 тэрбум ам.долларт хүргэх боломжтой гэж Мүн Жэ Ин бизнесменүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр онцолсон нь зүгээр нэг үг биш юм. Учир нь 2014 онд хоёр улсын бараа эргэлт 27.3 тэрбум ам.долларт хүрч байсан түүхтэй бөгөөд   Украйны хямрал, өрнөдийнхний ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хоригийн дараа 2015-2016 онд хоёр жил дараалан огцом буурсан (1.8 дахин) байна.

2017 онд Оросын Өмнөд Солонгос руу экспортолсон нийт бараа бүтээгдэхүүний 73.4 хувь нь эрдэс баялаг, 11.8 хувь нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, 6.7 хувь нь төмөр төмөрлөг эдлэл тус тус эзэлсэн бол БНСУ-ын экспортын бараанд машин тоног төхөөрөмжийн хэмжээ 67.8 хувь, хийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 15.2 хувь, төмөр төмөрлөг 7.9 хувийг эзэлжээ. Тухайлбал өнгөрсөн жил ОХУ Өмнөд Солонгос руу 23.5 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Хоёр улсын хоорондох контейнерын тээвэрлэлт энэ оны 1-5 сард 47 мянган TEU (20 тонны чингэлэг)-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар нэмэгджээ. Орос-Өмнөд Солонгосын 2017 оны бараа эргэлтийн дүнгээс харахад хоёр улсын гадаад худалдаанд эрдэс баялаг, машин тоног төхөөрөмжийн нийлүүлэлт зонхилох хувийг эзэлсэн байна. Хэдийгээр ОХУ-ын экспортод нэмүү өртөг багатай эрдэс баялаг, түүхий эд давамгайлсан байгаа ч худалдааны тэнцэл нь 5.8 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

ОХУ, Өмнөд Солонгосын гадаад худалдааны эргэлт 2017 онд 19.6 тэрбум ам.доллар болж 23 хувиар нэмэгдэв.

Экспортын хэмжээгээрээ дэлхийд эхний 5-д жагсдаг (574 тэрбум ам.доллар) БНСУ-ын худалдааны гол түншүүдийн тоонд ОХУ ордоггүй, харин Өмнөд Солонгос нь Оросын гадаад худалдааны 3.3 хувийг эзэлж, гол 15 түнш орны 8-д жагсжээ.

БНСУ өрнөдийнхний ОХУ-ын хоригт шууд нэгдээгүй, бүтэн жилийн дараагаар нэгдсэн. Хоригт нэгдсэнийхээ дараа ч өмнө нь байгуулсан гэрээ хэлэлцээрүүдээ цуцлах гэж яараагүй, үйлдвэр заводуудаа хаалгүй зөвхөн хүчин төгөлдөр болгоогүй зарим нэг гэрээнүүдээ үзэглэхээ хойшлуулсан байжээ. Үүнээс хоёр талын гадаад худалдаа, эдийн засгийн харилцаа богино хугацаанд эрчимжих боломжтой нь харагдаж байна.

ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозёров хэлэлцээрийн үеэр Транссибирийн төмөр замыг Транссолонгосын төмөр замтай холбоход 3-4 тэрбум ам.доллар шаардагдах бөгөөд уг төслийг 3-5 жилд, түүнээс богино хугацаанд ч хэрэгжүүлэх боломжтой гэж онцолсон. ОХУ-ын “РЖД”, Өмнөд Солонгосын “Korail” хооронд төмөр замын тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлж хөгжүүлэх санамж бичгийг үзэглэсэн. Өмнөд Солонгосын Европын холбооны зах зээлд гарах зорилготой 2000 оны сүүлээр гаргасан дээрх ТЭЗҮ-г өнөөгийн нөхцөлд дахин боловсруулсан судалгааны үр дүн ирэх есдүгээр сард Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга-2018 үеэр тодорхой болох төлөвтэй байна.

Өнгөрсөн 10 жилд Өмнөд Солонгосын Зүүн хойд Ази дахь худалдааны гол түнш нь БНХАУ байв. Умард Солонгос Хятад, АНУ-тай харилцаагаа сайжруулан, эдийн засгаа нээлттэй хөгжүүлэх, хятадууд Умард Солонгосыг бодлогоор дэмжих зэрэг тохиолдолд Өмнөд Солонгост өрсөлдөгч гарч ирнэ. Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд ОХУ, Өмнөд Солонгосын үүрэг нөлөө АНУ, БНХАУ-тай харьцуулахад бага. Ийм нөхцөлд Өмнөд Солонгос нь эдийн засгийн өрсөлдөх чадвараа хадгалахын тулд ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа шинэ шатанд аваачих шаардлага урган гарч байна.

Орос-Өмнөд Солонгосын харилцааны хөгжлийн чиг хандлага

2020 ОНД ОХУ Өмнөд Солонгостой дипломат харилцаа тогтоосны 30 жил, Умард Солонгостой дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тус тус тохиох тул угтуулан стратегийн томоохон яриа хэлэлцээ өрнүүлэх, түүхэн ач холбогдолтой гэрээ үзэглэх магадлал өндөр байна.

Мүн Жэ Ин: ОХУ, Өмнөд Солонгосын бараа эргэлтийг 2020 онд 30 тэрбум ам.долларт хүргэх боломжтой.

Энэ оны есдүгээр сард Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр Умард Солонгосыг оролцуулсан төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан судалгааны төвийг байгуулж, ТЭЗҮ судалгааг эхлүүлж болзошгүй юм.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын индрээс Мүн Жэ Иний хийсэн мэдэгдэлд: “Шинэ умардын бодлого” болон Владимир Путины “шинэ дорнодын бодлого” нь өрнө, дорнын соёл иргэншлийн амжилт ололтыг холбож өгч, Евразид хөгжлийн хязгааргүй их боломжийг олгож байгаа. Солонгосын хойгт бат бэх найрамдал ирсэн цагт хоёр Солонгосын хооронд жинхэнэ утгаараа эдийн засгийн түншлэл эхлэх бөгөөд түүний дараагаар ОХУ-ын оролцоотой гурван талт хамтын ажиллагаа хэрэгжих болно” гэж онцолсон нь тухайн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түвшин, түүний цаашдын чиг хандлагыг товч тодорхой илэрхийлсэн томьёолол боллоо.

Дүгнэлт

МҮН Жэ Иний Владимир Путинтэй хийсэн уулзалтаар түүний ОХУ-д хийсэн төрийн айлчлалын уур амьсгал, зорилго зорилтууд тодорхой болов.

Орос-Өмнөд Солонгосын харилцаа улс төрийн салбарт сайн явж байгаа ч эдийн засгийн агуулгаараа ахиц багатай байдаг.

Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн нөхцөл байдалд нааштай өөрчлөлт гарч байгаа нь нэг талаар Орос-Өмнөд Солонгосын эдийн засгийн түншлэл бодитоор хэрэгжих, стратегийн шинэ түвшинд гаргах таатай угтвар нөхцөлийг бүрдүүлж байна.

ОХУ-аас Умард Солонгосоор дамжуулан төмөр зам, байгалийн хийн хоолой Өмнөд Солонгос руу тавибал гурван талын харилцаа улам ойртох бөгөөд энэ нь бүс нутгийн хөгжилд төдийгүй манай улсын эдгээр улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.

 


Ангилал: Долоо хоногийн тойм