“АЮУЛГҮЙ байдал судлалын хүрээлэнгийн мэдээлэл”-ийн 2018 оны 5, 10 дугаарт ОХУ-ын зэвсэглэлийн шинэ хөтөлбөр болон Орос-Америкийн стратегийн давшилтын зэвсгийн өрсөлдөөний шинэ үе эхэлж буй тухай дурдахдаа, Оросын “РС-24 Ярс” төслийн үргэлжлэл болох “РС-26 Рубеж” газрын байрлалтай пуужингийн хөдөлгөөнт цогцолборын тусгалтай хамгийн холын зай нь 12000 км хүрэх ба 2000-6000 км доторх байнд ч цохилт өгөх боломжтой тул энэ нь 1987 онд байгуулсан Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээг зөрчиж байна гэж америкийн тал үзэж байгаа талаар өгүүлсэн. Нөгөө талаас, америкийн цэргийн инжеренүүд дуунаас хэт хурдан зэвсгийн боловсруулалтыг гүйцэтгэж, “Х-51” далавчит пуужинг туршаад байгаа нь мөн гэрээнээс гарах алхам хийж байна гэж оросын шинжээчид шүүмжилж байгаа талаар дүгнэсэн нь өнгөрөгч аравдугаар сард биеллээ олж эхлэв.
Зэвсэглэлд хяналт тавих олон улсын дэглэмийн тулгуур багануудын нэг болсон уг гэрээнээс дангаараа гарах талаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдээд байгаа нь дэлхий дахины стратегийн тэнцвэрт байдалд ноцтой нөлөөлөхүйц алхам болох тул сарын онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Гэхдээ энэ удаад уг мэдэгдэл Цагаан ордноос гарсан боловч өмнөх жилүүдэд Кремлийн зүгээс ч ийм агуулгатай үг яриа гаргаж ирснийг мөн дурдах ёстой.
ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН ЗААЛТУУД, АЧ ХОЛБОГДОЛ
ДУНД болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээ (Вашингтоны гэрээ)-нд 1987 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачёв, АНУ-ын ерөнхийлөгч Р.Рейган нар Вашингтон хотноо гарын үсэг зурж, ЗСБНХУ-ын Дээд зөвлөл, АНУ-ын Сенат тус тус батламжилсны үндсэн дээр 1988 оны 6 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн.
Гэрээ ёсоор хоёр тал дунд (1000-5500 км) болон ойрын (500-1000 км) зайн тусгалтай, газрын байрлалтай бүх баллистик болон далавчит пуужинг устгаж, цаашид ийм пуужинг үйлдвэрлэх, турших, зэвсэглэлд нийлүүлэхийг хориглохоор тохиролцсон нь зэвсэглэлийн нэг төрлийг бүхлээр нь устгах боломжийг бүрдүүлсэн юм. Гэрээний дагуу талууд 500-5500 км-ийн ажиллагааны радиус бүхий бүх пуужин, тэдгээрийг харвах төхөөрөмжийг гурван жилийн дотор устгаж дуусах, энэ үеэр талууд ажиглагч солилцон устгалын явцыг харилцан хянах үүрэг хүлээсэн байна.
Уг гэрээ нь баллистик пуужингийн ангилалыг ч шинэчилсэн байдаг. Гэрээ байгуулахаас өмнө АНУ-д баллистик пуужинг тив алгасагч (5000 км-ээс дээш тусгалтай), дунд тусгалтай (500-5000 км), ойрын тусгалтай (150-500 км) гэж ангилдаг байв. ЗХУ-д оператив-тактикийн зориулалттай пуужингийн ажиллагааны радиусыг 1-500 км гэж тооцдог байсан бол АНУ-д тактикийн пуужингийн тусгалыг 1-150 км-ээр хязгаарладаг байлаа. 1987 онд Вашингтоны гэрээг байгуулснаар эдгээр пуужингийн шинэ ангиллыг адилтгасан байдлаар эцэслэн тогтоожээ.
Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар дараах загварын пуужинг бүрмөсөн устгахаар болсон байна. Үүнд:
Дунд тусгалтай пуужин:
- ЗХУ: “РСД-10 Пионер”, “Р-12”, “Р-14” (эдгээр нь Зөвлөлтийн нэршил бөгөөд тухайн үед НАТО-ийн ангиллаар “SS-20”, “SS-4”, “SS-5” гэж нэрлэдэг байсан), газрын байрлалтай “РК-55” далавчит пуужин(НАТО-ийн нэршлээр “SSC-X-4 Slingshot”);
- АНУ: “Першинг-2”, “BGM-109G” буюу газрын байрлалтай “Tomahawk” далавчит пуужин;
Ойрын тусгалтай пуужин:
- ЗХУ: “ОТР-22 Темп-С”, “ОТР-23 Ока” (НАТО-ийн нэршлээр “SS-12”, “SS-23”);
- АНУ: “Pershing-1А”.
Гэрээ байгуулах явцад хоёр тал дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн нэгдсэн ангиллыг боловсруулахыг харилцан зөвшөөрч, устгалд оруулах зэвсэглэлийг эцэслэн тогтоогоод зогсохгүй, гэрээний үйлчлэлд хамаарахгүй зарим нэр төрлийн зэвсэглэлийг ч хамруулах талаар тохиролцсон нь тухайн үед хоёр их гүрэн харилцан буулт хийсэн, итгэлцлийг улам бэхжүүлсэн алхам болсон. Тухайлбал, ЗХУ өөрийн зүгээс уг ангилалд багтахгүй ч “ОТР-23 Ока” (НАТО-ийн нэршлээр “SS-23”)-г устгахаар болсон бол АНУ газрын байрлалтай “Tomahawk” далавчит пуужинг мөн ангилалд багтаан устгах, нейтроны цэнэг бүхий “Lance-2” пуужинг Төв Европт байршуулахаасаа татгалзахаар болжээ.
1991 оны 6 дугаар сар гэхэд хоёр тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусчээ. Зөвлөлтийн тал 1846 нэгж пуужингийн цогцолбороо устгасан ба үүний бараг тэн хагас нь байлдааны жижүүрлэлтэд гаргаагүй, зөвхөн үйлдвэрлэсэн байсан пуужингууд байв. Америкийн тал 846 нэгж пуужингийн цогцолборыг устгажээ.
ГЭРЭЭГ ЭРГЭЖ ХАРАХ САНААРХЛУУД
ЗЭВСЭГЛЭЛД хяналт тавих олон улсын дэглэмийн тулгуур багануудын нэг гэж зүй ёсоор үзэж болох Вашингтоны гэрээний ирээдүй бүрхэг болж байгаа нь ОХУ, АНУ аль аль нь нөгөө талаа гэрээг зөрчиж байна гэж буруутгах болсонтой холбоотой.
Ийм санааг анх 2000 оны 6 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин цухалзуулсан байдаг. АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Ж.У.Буш Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хязгаарлах тухай гэрээнээс АНУ дангаараа гарах болсон талаар мэдэгдсэний хариу болгож ОХУ ч төстэй алхам хийж болох тухай тэрээр дурдсан.
2007 оны 2 дугаар сарын 15-нд тухайн үед ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албыг хашиж байсан армийн генерал Ю.Н.Балуевский Зүүн Европт пуужингийн довтолгооноос хамгаалах системийг байрлуулах гэсэн Америкийн санаархлыг сөргүүлж, ОХУ ч цөмийн тогтоон барих хүчний тэнцвэрийг хадгалахад чиглэсэн гэрээ-эрх зүйн системийг бүхэлд нь эргэж харах, тухайлан дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс дангаараа гарах асуудлыг ч сөхөж тавьж болно хэмээн мэдэгдэж байв. Тэрээр “… Гэрээг хугацааагүй байгуулсан хэдий ч аль нэг тал гэрээнээс гарах зайлшгүй шаардлагатай болсныг бодит үндэслэлтэйгээр нотолж чадсан тохиолдолд үйлчлэлийг нь зогсоох боломж бий. Өнөөдөр тийм бодит үндэслэл бий болоод байна. Дунд тусгалтай пуужинг цөөнгүй улс боловсруулж эхлээд байгаа ч Орос уг гэрээний нөхцөлийг биелүүлснээрээ энэ төрлийн зэвсгийн системээ үндсэндээ алдаад байна” хэмээсэн нь өнөөдөр АНУ-ын засаг захиргааны баримталж буй байр суурьтай яг адил байгаа юм.
ОХУ-ын БХЯ-ны сайд асан С.Б.Иванов ч Вашингтоны гэрээг “Хүйтэн дайны үлдэц” гэж тодорхойлж байлаа. Түүний хэлсэн “Манай улсын хилээс холгүй орших Энэтхэг, Пакистан, БНАСАУ, БНХАУ, Иран, Израиль улсууд ийм төрлийн пуужин боловсруулж, үйлдвэрлэж болоод байхад Орос, Америк гэсэн хоёрхон улс л ийм зэвсэгтэй байх эрхгүй. Ийм байдал мөнхөд үргэлжилж болохгүй” гэх үг АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Ж.Болтоны өнгөрсөн сард Москвад айлчлахдаа Оросын дээд албан тушаалтнуудад танилцуулсан байр суурьтай яв цав давхцаж байгаа нь ч анхаарал татна.
Мөн 2007 оны 2 дугаар сард ОХУ-ын Зэвсэгт хүчний Стратегийн зориулалттай пуужингийн цэргийн командлагч дэслэгч генерал Н.Е.Соловцов нэгэн хэвлэлийн бага хурлын үеэр Орос дунд тусгалтай баллистик пуужингийн үйлдвэрлэлээ сэргээх ёстой хэмээн мэдэгдэж байв. Тэрээр “Дунд тусгалтай баллистик пуужинг ангиллын хувьд устгасан боловч технологи, баримтын бүрдэл нь байж л байгаа. Тиймээс шаардлагатай бол ахар богино хугацаанд энэ төрлийн пуужингийн үйлдвэрлэлийг сэргээх бүрэн боломжтой. Мэдээж, шинэ технологиор, шинэ элементийн суурин дээр, удирдлагын шинэ системтэйгээр, илүү өргөн боломжтойгоор шүү дээ” гэх энэ санаагаа Польш, Чех улсууд америкийн пуужингийн повтолгооноос хамгаалах системийн бүрдэл хэсгүүдийг, тухайлбал, ажиглалтын зориулалттай радиолокацийн станц, амдан устгагч пуужингуудыг нутаг дэвсгэртээ байрлуулах шийдвэр гаргасны хариуд илэрхийлсэн юм.
2007 онд хэвлэгдсэн “ОХУ-ын гадаад бодлогын тойм”-д “Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай ЗСБНХУ, АНУ-ын хооронд байгуулсан гэрээний эргэн тойронд үүсэн буй нөхцөл байдал санаа зовоож байна. Энэ хоёр ангиллын пуужинг уг гэрээний дагуу 1991 онд устгаж дууссан хэдий ч өнөөг хүртэл олон улсын эрх зүйн энэхүү актын үйлчлэлийг бүх нийтийнх болгож чадаагүй байна. Түүгээр зогсохгүй улам бүр олон улс, түүний дотор манай хил хязгаараас холгүй орших улсууд ч ийм төрлийн пуужинг боловсруулж, зэвсэглэлд аваад байна. Ийм нөхцөлд бид өөрийн аюулгүй байдлыг хангах талаар тунгаан бодох шаардлага урган гарч байна” гэж дурджээ.
2013 оны 6 дугаар сард В.В.Путин ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр “… тухайн үед ЗХУ дунд тусгалтай пуужингаасаа татгалзсан явдал нь хамгийн багаар бодоход эргэлзээтэй шийдвэр байсан” гээд Вашингтоны гэрээнээс гарах боломжийн талаар цухас дурдсан байна.
“… тухайн үед ЗХУ дунд тусгалтай пуужингаасаа татгалзсан явдал нь хамгийн багаар бодоход эргэлзээтэй шийдвэр байсан” В.В.Путин
Америкийн талаас ч уг гэрээний үйлчлэлийн талаар байр сууриа анхлан илэрхийлсэн нь Д.Трамп байсангүй. 2014 оны 7 дугаар сард ерөнхийлөгч Б.Обама В.В.Путинд илгээсэн захидалдаа ОХУ гэрээний заалтуудыг зөрчин дунд тусгалтай далавчит пуужин туршиж байгааг буруушаасан байна. 2016 оны 11 дүгээр сард Женев хотноо 2003 оноос хойш анх удаа уг гэрээний хэрэгжилтийг дүгнэх хяналтын хамтарсан комиссийн хуралдааныг америкийн талын санаачлагаар хуралдуулсан ч хоёр талын маргааныг эцэслэн шийдвэрлэж чадаагүй юм.
АНУ-ын ерөнхийлөгчөөр Д.Трамп сонгогдсоноос хойш гэрээнээс гарах талаарх америкийн идэвхжил эрс нэмэгдсээр 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт албаны байнгын хороо (House Armed Services Committee)-гоор АНУ Вашингтоны гэрээнээс гарах үндэслэл, боломжийн талаар анхны хэлэлцүүлэг өрнөсөн. 2018 он гарсаар, ялангуяа 9 дүгээр сараас хойш Д.Трамп ийм шийдвэр гаргахад ойр байгаа талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцүүлгийн “Валдай” клубийн чуулга уулзалт дээр В.В.Путин “АНУ дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс гарсан тохиолдолд ОХУ нэн даруй, адил хэмжээний хариу өгөх болно” хэмээн мэдэгдэв. Маргааш нь буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Д.Трамп энэ асуудлаар шийдвэр гаргах эрмэлзэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэхдээ “Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа”, “Хятад ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэж байгаа” гэсэн хоёр үндэслэлийг дурдав.
“Оросын тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа”, “Хятад ийм төрлийн зэвсэг үйлдвэрлэж байгаа” Д.Трамп
АНУ-ын гол холбоотон Их Британийн БХЯ-ны сайд Гэвин Уильямсон 10 дугаар сарын 21-нд Д.Трампын байр суурийг дэмжиж, “Орос өөрөө гэрээгээ эхэлж зөрчсөн, өөрөө үр дагавраа хүлээх ёстой”, “… онолын хувьд Вашингтоны гэрээний үйлчлэлийг цуцлахгүй байхыг Их Британи дэмжинэ, гэхдээ гэрээгээ биелүүлэх эрмэлзэл Орост байхгүй тохиолдолд АНУ-ын алхмыг ойлгож байна” гэсэн мэдэгдлийг хийснээр уг асуудал зөвхөн ОХУ, АНУ-ын хоорондын үл ойлголцлын хавтгайгаас хальж, Европ дахь АНУ-ын холбоотнуудыг төдийгүй ОХУ-ын стратегийн түнш Хятад зэрэг орнуудыг ч “хавчуулж” эхлээд байна.
БУСАД УЛСЫН ЗЭВСЭГЛЭЛД БУЙ ПУУЖИНГУУД
ХЯТАДЫН цөмийн тогтоон барих хүчийг 1000 гаруй нэгж газрын байрлалтай дунд тусгалтай пуужин бүрдүүлж байдаг гэх мэдээлэл бий. Үүнийг Д.Трамп үндэслэл болгож, Бээжин ямар нэгэн үүрэг хүлээгээгүй атлаа ийм төрлийн пуужинг зэвсэглэлд байлгаж байгаа нь АНУ мөн уг гэрээгээр заасан үүргийг биелүүлэх боломжгүй болгож байна гэж үзэж байгаа аж. Ж.Болтон Москвад хийсэн айлчлалынхаа үеэр оросын “Коммерсантъ” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа “… Зэвсэглэлд хяналт тавих аливаа гэрээ бусад улс орнууд нэгдэн орсон цагт л хэрэгжих боломжтой байдаг” гээд Хятад дунд тусгалтай пуужингуудаа сайн дураар устгах магадлал бараг тэгтэй тэнцэнэ, өөрөөр хэлбэл уг гэрээ ямар ч практик ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
“… Зэвсэглэлд хяналт тавих аливаа гэрээ бусад улс орнууд нэгдэн орсон цагт л хэрэгжих боломжтой байдаг” Ж.Болтон
ОХУ-ын зүгээс Хятадын пуужингийн хөтөлбөрийн талаар ямар нэгэн байр сууриа хараахан илэрхийлээгүй байна. 2014 онд В.В.Путин “Америк манай хоёр л өөрсдийгөө хязгаарлаад байж таарахгүй” гэж хэлэхдээ БНХАУ-ыг бус, Пакистаныг онцгойлон дурдсан. Тэрээр “… цөмийн зэвсэгтэй, зэвсэглэлдээ дунд тусгалтай пуужинтай улсуудын дотроос харамсалтай нь хамгийн тогтворгүй улс төрийн нөхцөл байдалтай улс болохын хувьд бидний санааг хамгийн ихээр зовоож байна” хэмээн өгүүлсэн нь бусад улсыг ч орхигдуулаагүй гэж ойлгож болох юм.
В.В.Путин: “Америк манай хоёр л өөрсдийгөө хязгаарлаад байж таарахгүй”
Пакистан улс 2016 онд 2750 км хүртэлх тусгалтай “Шахин-III” пуужинг амжилттай туршиж зэвсэглэлд нэвтрүүлсэн ба ажиллагааны радиус нь Энэтхэгийн нутаг дэвсгэрийг бүрэн бүрхэх боломжтой. Тэгвэл Энэтхэгийн “Агни-III” пуужингийн ажиллагааны радиус 5000 км хүртэл байгаа нь мөн л Вашингтоны гэрээнд заасан хязгаарлалтад багтаж байна. БНАСАУ-ын “Хвасон-1” пуужингийн тусгал (1500-2000 км) нь гэрээний заалтаар тогтоосон хоригт багтах ба харин “Хвасон-2” пуужингийн (4000-8000 км) хамгийн алсын тусгалаар биш, ойрын радиусаар тооцвол мөн хамаарахаар байна. Нийтдээ тус улсын зэвсэглэлд 30-40 нэгж “Хвасон” загварын пуужин байна гэж үздэг.
Дурдсан улсуудаас гадна цөмийн зэвсэгтэй болохоо албан ёсоор зарлаагүй ч тэгж тооцогддог Израилийн зэвсэглэлд дунд тусгалтай пуужин байгаа бол түүний гол дайсан Иран мөн цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хараахан зэвсгийн боловсруулалтын шатанд хүрээгүй, гэхдээ мөн л дунд тусгалтай пуужинтай аж. Эдгээр улс бүгд Вашингтоны гэрээгээр хориглосон хязгаар бүхий ажиллагааны радиустай пуужинг зэвсэглэлдээ авсан боловч гэрээнд гарын үсэг зурж батламжилсан тал биш тул ийнхүү олон улсын гэрээ-эрх зүйн ямар нэгэн хязгаарлалтгүйгээр боловсруулалт, үйлдвэрлэлээ явуулж байгаа нь ОХУ, АНУ-ын аль алийг стратегийн хувьд ашиггүй байдалд оруулж байна.
Харин НАТО-ийн гишүүн орнуудаас Их Британи 1960-аад онд америкт үйлдвэрлэсэн “Thor” загварын пуужингуудаа зэвсэглэлээс гаргасан бол Франц хамгийн сүүлийн газрын байрлалтай ийм пуужингуудаа 1996 онд зэвсэглэлээс татаж, тэнгисийн байрлалтай пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлж иржээ.
ОХУ, АНУ-ЫН ХАРИЛЦАН БУРУУТГАЛ
АМЕРИКИЙН зүгээс Оросыг буруутгаж эхэлсэн гол үндэслэл нь “Искандер” пуужингийн цогцолборын шинэчлэн сайжруулсан боловсруулалттай холбоотой. Зөвлөлтийн үеийн “ОТР-23 Ока” пуужингийн сайжруулсан загвар болох “Искандер”-ийн боловсруулалтыг ОХУ 2007 оноос хийж эхэлсэн бөгөөд тусгал нь 500 км-ээс дотогш тул Вашингтоны гэрээгээр тогтоосон хязгаарлалтад багтахгүй юм. Харин түүний сайжруулсан хувилбар болох дараагийн үеийн “Искандер-К” цогцолборыг “Х-101” далавчит пуужингаар тоноглосон бөгөөд тэдгээрийн тусгал 1000 км-ээс давж гарна гэж америкийн тал үзэж байна.
Америкийн зүгээс Оросыг буруутгаж эхэлсэн гол үндэслэл нь “Искандер” пуужингийн цогцолборын шинэчлэн сайжруулсан загварын боловсруулалт байсан юм.
ОХУ 2008-2011 онд гэрээг зөрчин 500 км-ээс дээш тусгалтай газрын байрлалтай далавчит пуужингийн туршилт хийсэн ба зэвсэглэлд нэгэнт аваад байгаа гэх мэдээлэл 2017 онд америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Оросын тал энэ мэдээлэлд няцаалт өгөхдөө, туршиж зэвсэглэлд авсан нь 500-аас дотогш км-ийн тусгалтай “9М729” пуужин гэж мэдэгдэж байв. Энэ нь ОХУ-ын агаар-сансрын хамгаалалтын “Алмаз-Антей” концерний бүрэлдэхүүнд ордог, Екатеринбург хотод байрладаг, Л.В.Люльевийн нэрэмжит туршин зохион бүтээх “Новатор” товчоонд боловсруулсан шинэ төрлийн зэвсэглэл аж.
2012-2013 онд 5500 км хүртэлх радиусын тусгалтай “РС-26 Рубеж” баллистик пуужингийн туршилтыг амжилттай дуусгасан нь америкийн талын хардлага сэрдлэгийг улам лавшруулсан. 2017 оны 2 дугаар сард “Нью-Йорк Таймс” сонинд гарсан мэдээллээр, “… ОХУ Вашингтоны гэрээгээр хориглосон пуужингийн хоёр батальоныг, нэгийг нь Капустин Яр дахь полигонд, нөгөөг нь тодорхойгүй өөр нэг байшилд байнгын байрлалд оруулан бэлэн байдлыг хангаж байна” хэмээн дурдаад, батальон тус бүрийн зэсвэглэлд тус бүр зургаан цөмийн цэнэгт хошуу бүхий пуужингаар тоноглогдсон дөрөв, дөрвөн хөдөлгөөнт харвах төхөөрөмж байгаа бөгөөд эдгээр нь өмнө дурдсан “Х-101” далавчит пуужин бүхий “Искандер-K” цогцолбор мөн хэмээн өгүүлжээ. Гол нь “Искандер-К” цогцолборыг ямар пуужингаар тоноглох боломжтой нь тодорхой бус, өөрөөр хэлбэл 500 км-ээс дотогш болон гадагш радиустай пуужингийн аль алийг байршуулан харвах боломжтой аваас гэрээг зөрчсөн үйлдэл болоод зогсохгүй Европ дахь НАТО-ийн хүчинд шууд заналхийлнэ гэж үзсэн байна.
Харин үүний эсрэг Оросын зүгээс, АНУ Европт пуужингийн довтолгооноос хамгаалах системийн харвах төхөөрөмжүүдийг суурилуулж байгаа нь далавчит пуужин суурилуулан зориулалтыг нь өөрчилж болохуйц байгаа, газрын байрлалтай дунд болон ойрын тусгалтай пуужинтай тактик-техникийн үзүүлэлтээр төстэй пуужинг сургуулийн бай болгон онилох болсон, түүнчлэн давшилтын нисэгчгүй аппаратын ашиглалтыг нэмэгдүүлж байгаа зэрэг нь бүгд гэрээний заалтуудыг илт зөрчиж буй явдал гэж үздэг. Тухайлбал, АНУ 2000-аад оны эхээр “Hera” загварын пуужинг пуужингийн довтолгооноос хамгаалах системийн болосвруулалтад зориулан үйлдвэрлэн гаргасан. Эдгээр нь зөвхөн сургуулийн зориулалтаар, бай болгож ашиглах зориулалттай гэж Вашингтон нотолж байгаа ч “Hera”-ийн тусгал нь гэрээгээр хориглосон хязгаарт багтаж байна гэж Москва үзэж байна. Түүнчлэн америкийн “Reaper”, “Predator” загварын нисэгчгүй нисэх аппаратууд ч гэрээг “тойрч гарах” нөхцөл бүрдүүлнэ гэж оросын тал буруутгаж байна.
Америкийн тал гэрээний заалтуудыг хамгийн ноцтой зөрчиж буй үйлдэл бол саяхнаас Румыний нутагт пуужингийн довтолгооноос хамгаалах системээ байрлуулах болсон явдал гэж оросууд үзэж байна.
Гэхдээ америкийн тал гэрээний заалтуудыг хамгийн ноцтой зөрчиж буй үйлдэл бол саяхнаас Румыний нутагт пуужингийн довтолгооноос хамгаалах системээ байрлуулах болсон явдал гэж оросууд үзэж байгаа. Тухайн газар оронд “Raytheon Standard Missile 3” амдан устгагч пуужин бүхий “Mark-41” харвах төхөөрөмж байрлуулсан нь тив алгасагч баллистик пуужинг устгах хүчин чадалтай бөгөөд АНУ-ын тэнгисийн цэргийн сөнөөгч хөлөг онгоцуудыг тоноглосон цогцолбортой адил юм. Нөгөө талаар, уг төхөөрөмжинд яг ямар пуужин суурилуулах боломжтой нь мөн тодорхойгүй, дунд тусгалын “Tomahawk” далавчит пуужингаар ч тоноглох хүчин чадалтай байж магадгүй тул гэрээний заалтыг шууд зөрчинө гэж оросын тал болгоомжилж байгаа нь “Искандер-К” цогцолборын талаарх америкийн эмзэглэлтэй яг адил байна.
Энэ эргэлзээг америкийн албаны хүмүүс мөн л няцааж байгаа. Энэ оны 10 дугаар сарын эхээр Конгрессийн судалгаа, шинжилгээний албанд гаргаж өгсөн тайландаа цөмийн зэвсгийн шинжээч А.Вүлф “Mark-41” цогцолбор нь тэнгисийн байрлалтай пуужингийн цогцолбортой зарим талаар адил бүтэцтэй нь үнэн хэдий ч “Tomahawk” шиг далавчит пуужин харвахад шаардагдах программ хангамж, хяналтын техник хангамж, дэмжлэгийн төхөөрөмж, бусад дэд бүтэц илт дутагдах тул дунд тусгалтай пуужин суурилуулах боломжтой гэж үзэхгүй байгаа талаар дурджээ.
ГЭРЭЭГ ЗОГСООСНЫ ҮР ДАГАВАР
ХЭДИЙГЭЭР Вашингтоны гэрээг эргэж харах тухай санааг хоёр талын аль аль нь сүүлийн хорь шахам жилд цухуйлгаж ирсэн боловч эрх зүйн үйлчлэлийг нь зогсоох, гэрээнээс дангаар гарах асуудлыг АНУ анх сөхөж тавьж байна. Энэ нь АНУ-ын хувьд анхны тохиолдол биш, өмнө нь ийм туршлага байсныг мөн дурдах ёстой. 1972 онд байгуулсан пуужингийн довтолгооноос хамгаалах тухай гэрээнээс 2002 онд Ж.У.Бушийн засаг захиргаа дангаараа гарсан. Энэ хоёр гэрээ бол “Хүйтэн дайн”-ы үед байгуулагдсан, намжмал байдлын гол тулгуур байсан төдийгүй “Хүйтэн дайн”-ы дараах үед ч стратегийн тэнцвэр, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй байсаар ирсэн юм.
Гэрээний үйлчлэл зогссоноор талууд газрын байрлалтай далавчит пуужингийн цогцолбор боловсруулж эхлэхэд технологийн болон хүний нөөцийн ямар нэгэн хүндрэл байхгүй, гагцхүү санхүүгийн хязгаарлалттай тулгарч болзошгүй. Ялангуяа ОХУ-ын хувьд ийм бэрхшээл АНУ-ынхаас илүү магадлалтай юм. Одоогоор гэрээг цуцлах тухай эцсийн шийд хараахан гараагүй байгаа ч Д.Трамп гаргасан шийдвэрээсээ буцахгүй нь лавтай. Москва Цагаан ордны энэ бодлогыг хүчтэй эсэргүүцэж байгаа боловч нэг тал гарснаар гэрээ шууд хүчингүй болох тул нөлөөлөх хөшүүрэг бараг үгүй, тэгээд ч өөрийн ашиг сонирхлын үүднээс пуужингийн хөтөлбөрөө шинэ шатанд гаргахад гэрээ-эрх зүйн ямар нэгэн хориг, хязгаарлалт үгүй болно гэдэг утгаар нь хүлээн авах ч магадлал бий. ОХУ “Искандер-К” цогцолбороо улам боловсронгуй болгох, АНУ газрын байрлалтай “Tomahawk” пуужингийн үйлдвэрлэлээ сэргээхийг эрмэлзэх бололтой. Түүнчлэн АНУ “Оросын төстэй зэвсгийг сөргүүлэхүйц” шинэ загварын далавчит пуужин боловсруулахад зориулж 57 сая ам.долларыг төсөвтөө тусгаад байгаа аж.
Гэрээ байгуулж байсан 1980-аад оны дунд үе, өнөө үеийн хоорондын гол ялгаа нь пуужингийн цэцэд гарсан дэвшил юм. Нэн өндөр цэцтэй орчин үеийн пуужин байлдааны ямар ч ажиллагааны үед өндөр үр ашигтай, өөрөөр хэлбэл, эсрэг талд учруулах хохирол ихтэй, алдагдал багатай, ажиллагааны радиус, ачаалах хүчин чадлыг урьдчилан тооцоолох бараг боломжгүй болсон. Иймд Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээний үйлчлэл зогсох нь зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үеийг эхлүүлнэ гэж ойлгож болно.
1987 оны Вашингтоны гэрээ хэрхэхээс 2010 онд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний цаашдын хувь заяа шалтгаалах төлөвтэй.
Үүнээс ноцтой нь, 1987 оны Вашингтоны гэрээ хэрхэхээс 2010 онд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээ (START-III, СНВ-3)-ний цаашдын хувь заяа шалтгаалах болоод байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама нарын гарын үсэг зурсан уг гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах тухай гэрээний хэрэгжилтээр “барьцаалан” царцаах шийдвэрийг АНУ-ын Конгресс гаргаад байна. Нэгэнт Вашингтоны гэрээг хэрэгжүүлэхгүй зөрчиж буй этгээд нь оросын тал гэж үзэж буй тул америкийн хууль тогтоогчид START-III-ыг ч нэгэн адил гацаах нь бараг тодорхой боллоо. Мөн ийм агуулгатай зөвлөмжийг Ж.Болтон ерөнхийлөгчдөө өгсөн ба 2021 онд START-III гэрээний хугацаа дуусмагц дахин сунгахгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Зэвсэглэлд хяналт тавих олон улсын тогтолцоо бүхлээрээ ганхаж, үеэ өнгөрөөж эхэлсэн талаар оросын улс төрчид ил цагаан ярьж эхэлсэн нь үүнтэй холбоотой.
Ойрын жилүүдэд зэвсэглэлээр хөөцөлдөх шинэ үе эхлэх магадлалтай хэдий ч нэгж зэвсгийн өртөг, дэлхийн эдийн засгийн төлөв байдал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан “Хүйтэн дайн”-ы үеийнх шиг далайцтай хараахан бус байна гэх дүгнэлт үнэнд илүү дөхөж очно.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Гадаадын төрийн өмчит банк Монгол Улсад шаардлагатай юу?Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23