Хятадын төрийн өмчит арилжааны банк болох Bank of China 2014 оноос хойш манай улсад салбараа нээх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд ойрын үед дахин хүсэлтээ гаргахаар төлөвлөж байх магадлалтай байна. Тиймээс энэхүү судалгааг хийж эрсдэлийг тодорхойлохыг зорилоо.
Монгол Улсын банкны салбарын өнөөгийн байдал
1990 оноос банкны салбар зээл рүү шилжиж, төв банк-Монголбанк ба арилжааны банк гэсэн хоёр тогтолцоо бий болсон. Одоогоор хөгжлийн банк 1, гадаадын банкны төлөөлөгчийн газар 7, арилжааны банк 14, тэдгээрийн салбар нэгж 1770 байгаа бөгөөд нийт харилцагч давхардсан тоогоор 8.8 саяд, зээлдэгч 949.9 мянгад хүрсэн байна.
Арилжааны банкны үндсэн үүрэг нь мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгийг татаж, дутагдалтай байгаа хэсэг рүү шилжүүлэн, харилцагчдын итгэл дээр суурилсан санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа үзүүлэх, харилцагчдын хоорондын төлбөр тооцоог хийж гүйцэтгэх юм. Тэдгээр нь санхүүгийн үйлчилгээ үзүүлж, ашиг олохыг зорьдог.
Банкны салбарын нийт хөрөнгө анх удаа 30.3 орчим их наяд төгрөгийн босгыг давсан нь 2018 оны хоёр дугаар улирлын онцлох үйл явдал болсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.2 орчим хувь буюу 4.4 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд нийт активын 9.5 их наяд нь гадаад валют, 20.8 их наяд нь төгрөгөөр байна.
Арилжааны банкуудыг активын хэмжээгээр нь ангилбал 3 их наядаас дээш 3 банк, 1-3 их наяд төгрөгийн хоорондох активтай 3 банк, 1 их наяд төгрөгөөс доош активтай 8 банк үйл ажиллагаа явуулж байна.
Банкуудыг ашгаар нь ангилж үзвэл 2018 оны хоёр дугаар улирлын байдлаар гурван том арилжааны банкны ашиг өмнөх оны мөн үеэс 35 хувиар буюу 39 тэрбум төгрөгөөр өсөж 150 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин дундаж активтай гурван банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27 тэрбум төгрөгөөр буурч 2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол активын хэмжээ нь 1 их наяд төгрөгөөс доош банкууд 2.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал нь 33 тэрбум төгрөгөөр ихсэж 35 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Арилжааны банкны зах зээлийн өрсөлдөөн
2017 оны эцсийн байдлаар арилжааны банкуудын зах зээл дэх эзлэх хувь хэмжээг тодорхойлбол 3 том банк болох ХХБ, ХААН, Голомт банк зах зээлийн 67.35 хувийг, дунд хэмжээтэй 3 банк болох Төрийн банк, Хасбанк, Улаанбаатар хотын банк зах зээлийн 23.79 хувийг харин үлдсэн 8 банк 8.85 хувийг бүрдүүлж байсан. Монгол банкны салбарын өрсөлдөөний зэргийг тухайн банкны активын нийт активд эзлэх хувиар Херфиндал-Хиршман индекс ашиглан тооцвол 1755.05 нэгж буюу зах зээл дунд зэргийн өрсөлдөөн болох олигополь өрсөлдөөнтэй байна.
Олигиполь зах зээлд том банкууд хоорондоо хуйвалдаж, нөлөөгөө улам бүр тэлэх боломжтой байдаг. Ийм зах зээлд гадаадын томоохон тоглогч хүрч түргэн орж ирвэл дотоодын зах зээл дээр хурдан бэхжиж, эдийн засагт шууд нөлөөтэй болдог онцлогтой.
Банкны системд үндсэндээ үйл ажиллагааны, зээлийн гэсэн хоёр эрсдэл оршдог. Монгол Улсын банкны системд тэр болгон үйл ажиллагааны эрсдэл гардаггүй. Харин зээлийн эрсдэл нүүрлээд байгаа билээ. Сүүлийн 3 жилийн дотор чанаргүй зээлийн хэмжээ хурдацтай нэмэгдэж байна. Системийн хэмжээнд чанаргүй зээл 2018 оны 9 дүгээр сарын байдлаар 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 189.9 тэрбум төгрөг буюу 16.2 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж байна.
Иргэд, аж ахуй нэгжийн хадгаламж, харилцах дансанд байршуулсан мөнгөний хэмжээ нэмэгдэж байгаа боловч чанаргүй зээл буурахгүй байгаа нь эдийн засгийн болзошгүй уналтад бэлэн биш байна.
Зах зээлийн 67 хувийг гуравхан том банк эзэлж байгаа нь манай зээлд гадаадын том банк оруулж, энэ олигополийг задлах хэрэгтэй гэж салбарын зарим судлаач үздэг.
Гадаадын банкийг дотоодын зах зээлд оруулж ирэхэд манай эрхзүйн тогтолцоо хараахан бэлэн биш байна. Гадаадын хувийн хэвшлийн банк орж ирвэл эдийн засагт сайнаар нөлөөлнө. Харин төрийн хэвшлийн банк орж ирвэл аюултай эрсдэл үүснэ. Харамсалтай нь энэ талаар эрхзүйн тодорхой зохицуулалт байхгүй учир Хятадын банк хэмээх БНХАУ-ын төрийн хэвшлийн банк салбараа нээх хүсэлтийг Монгол Улсын холбогдох газруудад тавиад байна.
Монгол Улсад Хятадын төрийн өмчит банк яагаад салбараа нээж үйл ажиллагаа явуулж болохгүй вэ?
Bank of China (BOC) нь төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк бөгөөд Хятадын гадаадад баримтлах стратегийг дэмжих зорилготой. Үүнээс гадна Хятад иргэдийн гадаад дахь мөнгөн гүйлгээг хянах зорилттой зэрэгцээ тухайн улсынхаа эдийн засаг, уул уурхай, банк, санхүү, эрчим хүч гэх мэт эдийн засгийн аюулгүй байдлын гол тулгуур салбарын мэдээ, мэдээллийг цуглуулдаг талаар үйл ажиллагаа явуулж байгаа хөгжиж буй орнуудын туршлагаас харж болохоор байна.
Хятад улс 2013 оноос хойш “Бүс, зам” стратегийг зарлахтай зэрэгцэн 20 гаруй оронтой валютын своп хэлцлийг хийж эхэлсэн билээ. Цаашид ч валютын своп хэлцлийн хэмжээ болон тоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гол шалтгаан нь нэг улс, нэг валют хэмээх юанийг тэлэх бодлого байх боломжтой юм. Учир нь дэлхий дээр тэргүүлэх эдийн засагтай улсын үндэсний валютаар түүхий эдийн худалдаа явуулж байгаа энэ “түрэмгийлэл”-ийг Хятад зогсоох гэж оролдож байна.
Өөрөөр хэлбэл, Хятадын “Бүс, зам” санаачилга, “Going Global-Дэлхийд гарах” стратегийн хүрээнд үндэснийхээ валют юанийг олон улсын валют болгох зорилт тавьж, төрийн өмчит банкуудыг олон улсын санхүүгийн салбарт онцгойлон дэмжиж байна.
Хятадын төв банк болох Ардын банкнаас валютын своп хэлцлийн хэмжээ нэмэгдэж байгааг эерэгээр тайлбарлахдаа гадаад худалдааг улс орнуудтай гуравдагч орны валютаар бус үндэсний валютаар хийх замаар гадаад худалдааг дэмжих бодлого хэмээж байгаа юм. Гэвч яг үнэндээ валютын своп хэлцэл хийсэн оронд төрийн өмчит банкууд нь салбар нээх хүсэлт гаргах замаар үйл ажиллагаа явуулдаг. 2013 оноос хойш зөвхөн Bank of China нийт 8 улсад шинээр салбараа нээсний дотор Турк, Пакистан зэрэг “Бүс, зам” стратеги дагуух улс багтаад байна. Тухайлбал, Хятадын Ардын банк, Пакистаны төв банктай хийсэн валютын своп хэлцлийн хэмжээ 20 тэрбум юань буюу 3.1 тэрбум ам.доллартай дүйцэхүйц 351 тэрбум пакистан рупи байгаа билээ.
Монголбанк, Ардын банкны валютын своп хэлцэл ба Хятад дахь төгрөгийн хэрэглээ
Своп хэлцэл: Монголбанкны гадаад өр 2017 оны гуравдугаар улирлын сүүлийн байдлаар 1,914 сая ам.доллар хүрсэн. БНХАУ-ын Ардын банк, Монголбанк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг дараах байдлаар байгуулсан. Үүнд:
2011 оны 5 дугаар сарын 6-нд 3 жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн своп хэлцэл
2012 онд дахин 5.0 тэрбум юаниар нэмэгдүүлсэн.
2014 оны 8 дугаар сарын 21-нд гэрээний дүнгийн хэмжээг дахин 5.0 тэрбум юаниар нэмэгдүүлэн нийт 15.0 тэрбум юаньд хүргэсэн.
2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 15 тэрбум юань бүхий 5.4 их наяд төгрөгийн своп хэлцлийн гэрээг шинэчлэн дахин 3 жилээр сунган баталсан. Уг своп хэлцлийг өнөөдрийн байдлаар ам.долларт шилжүүлэн тооцвол 2.39 гаруй тэрбум ам.доллартай тэнцэж байна.
Хятадад төгрөгийг ашиглах шийдвэр: 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн албан ёсоор Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг хятадын тал албан ёсоор БНХАУ-ын зарим мужийн зах зээлд чөлөөтэй хөрвөдөг валют болгож байна. Тодруулбал, ӨМӨЗО-нд төгрөгийг юанийн адил чөлөөтэй ашиглахыг Ардын банкнаас албан ёсоор зөвшөөрсөн гэж Хятадын гадаад валютын арилжааны төвөөс мэдэгдэв.
Монголын компаниуд болон жижиглэн худалдаа эрхлэгчид голчлон Хятад улсыг зорьж арилжаа наймаа хийдэг. Мөн Хятадад аялж байгаа иргэдийн тоо өсч байгаатай холбоотойгоор төгрөгийг Эрээн хотод түгээмэл ашигласаар ирсэн. Харин энэ удаад төгрөгийг чөлөөтэй ашиглахыг зөвшөөрснөөр Өвөр Монголын нутаг дэвсгэрт төгрөгийг юаниар солилгүй гүйлгээ хийх боломжтой болсон талаар www.chinamoney.com.cn цахим хуудаст мэдээлэв.
Төгрөгийн хэрэглээ зөвшөөрсөнтэй зэрэгцээд Хятадын төрийн өмчит банк манай улсад ажиллах сонирхлоо илэрхийлэх нь тодорхой юм. Хэрвээ хятадын төрийн өмчит банк Монголд ажиллаж эхэлбэл үйл ажиллагаа нь жигдрэх хэрээр манай банкны зах зээлд бэхжиж, аажмаар төгрөгийн ханшид шууд нөлөөлдөг болж, юань, ам.доллароор зээл олгох замаар аж ахуй нэгжүүдийг хараат болгож, юанийн хэрэглээг нэмэгдүүлэх замаар алсдаа Бээжингийн бодлогоор манай мөнгөний бодлогоос хүчтэй бодлого явуулах боломжтой болно..
Мөн Монгол Улсын арилжааны банкуудын төгрөгийн хадгаламжийн жилийн хүү дунджаар 13-16.7 хувь, хадгаламжид байрших мөнгөн дүнгийн хэмжээнээс хамаарч үндсэн хүү дээр дунджаар 3-5 хувь нэмэгдэх боломжтой байдаг. БНХАУ-ын арилжааны банкуудын юанийн хадгаламжийн хүү дунджаар 1.35-1.55 хувьтай байгаа нь БНХАУ-ын зах зээлд нийлүүлэгдсэн 5.4 их наяд төгрөгийг хятадын тал иргэн, аж ахуй нэгж байгууллагуудаар дамжуулан Монголын арилжааны банкны хадгаламжид тараан байршуулж хүүгийн орлогоор их хэмжээний төгрөгийн мөнгө урсгал дотоодын зах зээлээс Хятадын зах зээл рүү урсан гарах эрсдэлтэй юм.
Дээр дурдсанаас гадна олон улсын туршлагаас үндэслэн Bank of China Монгол Улсад салбараа нээснээр манай улсын эдийн засагт дараах нөхцөл үүсэх эрсдэлтэй байна. Үүнд:
- Банкны тогтолцоонд хэт давамгайлах. Дотоодын банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ буюу зээлийн хүүний түвшин олон улсын жишгээс харьцангуй өндөр байгаа нь зөвхөн зорилтот ашиг бус, үйл ажиллагаа явуулах хөрөнгийн эх үүсвэрийн бүтэц нь эрсдэл, зардлын хувьд аль аль нь өндөр байгаатай холбоотой юм. Харин Bank of China-ийн хувьд дотоодын банкуудын дээрх бэрхшээл нь давуу тал болох учир өнөөдөр арилжааны банкуудаас санал болгож буй дундаж хүүнээс хавьгүй бага хүүг зах зээлд санал болгох боломжтой. Дотоодын банкууд дээр дурдсан хүчин зүйлийн улмаас Bank of China-гийн салбартай үнээр өрсөлдөж чадахгүй учир зах зээлээс шахагдахад хүрэх аюултай. Банкны тогтолцоонд нэг оролцогчоос, тодруулбал гадаадын банкны салбараас хараат байдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд харшлах нь тодорхой юм.
- Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг эмзэг болгох. Bank of China-гийн салбар Монгол Улсын дотоодын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр зээлийн (төгрөг, гадаад валютаарх) хүүг бууруулах, гадаад валютын ханшийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлж болох ч эдийн засаг, улс төрийн шалтгааны улмаас Монгол Улс дахь үйл ажиллагаагаа зогсоох буюу хязгаарлах эрсдэлтэй. Bank of China-гийн салбар Монгол Улсад нэвтэрснээр зах зээлд давамгайлал үүсгэхгүй гэхэд тогтолцооны хэмжээнд шууд нөлөөлөх хэмжээний оролцогч болох боломжтой. Зах зээлд шууд нөлөөлөгч оролцогч зах зээлийг орхих буюу үйл ажиллагаагаа хязгаарлах нь тус улсын санхүүгийн зах зээлийг тогтворгүй байдалд оруулах эрсдэлтэй юм.
- Дотоодын банкуудыг сулруулах. Bank of China-гийн салбар орж дотоодын зах зээлд нэвтэрснээр банк хоорондын өрсөлдөөн нэмэгдэх ба үүний үр дүнд дотоодын банкууд шигшигдэн цөөн тооны илүү өрсөлдөх чадвартай банкууд одоо байгаа арилжааны банкууд нэгдэх замаар үүсч болно, эсвэл эсрэгээрээ тодорхой зах зээлийн хэсэгт төвлөрсөн цөөн тооны банк, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч идэвхгүй бусад банкууд үүсэх эрсдэлтэй. Bank of China-гийн салбар нь ашгийн маржин өндөр зах зээлийг сорчлох буюу зах зээлийн “өрмийг хамаад хусмыг үлдээх (cream skimming behavior) бодлого явуулахыг үгүйсгэх аргагүй ба байгууллагын банкны зах зээлийг алдах нь эхний ээлжид дотоодын банкуудын ашигт ажиллагаанд, дараагаар нь санхүүгийн чадавхад нь сөргөөр нөлөөлнө.
- Мөнгөний бодлого хүчгүйдэх. Bank of China нь санхүүгийн чадавхаар дотоодын арилжааны банк төдийгүй Монголбанктай харьцуулшгүй давуу талтай байна. Иймд, өнөөдөр Монголбанкнаас арилжааны банкуудад мөрдүүлж буй тогтвортой байдлын үзүүлэлтийг, тодруулбал заавал байлгах нөөц болон хөрөнгөнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж, дээр нь нээлттэй захын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Bank of China-д мөнгөний нийлүүлэлтэд хангалттай нөлөөлөх хэмжээний санхүүгийн эх үүсвэр байсаар байх болно. Bank of China-гийн салбарын санхүүгийн чадавхад Монголбанкны мөнгөний бодлого арга хэрэгсэл хязгаарлалт болон хөшүүрэг байдлаар нөлөөлж чадахгүй нөхцөлд хүрвэл Монгол Улсын эдийн засгийн тусгаар байдалд аюул учирна.
- Санхүүжилтийн ялгавартай бодлого баримтлах. Өмнөх хэсэгт дурдсанчлан Bank of China нь БНХАУ-ын хилийн чанад дахь эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэлтээр стратегийн ач холбогдолтой бүс нутагт тус улсын худалдааны бодлогыг дэмжих үүрэг гүйцэтгэдэг. Bank of China нь эрх зүйн хувьд хэдий ашгийн төлөө боловч төрийн өмчит хуулийн нэгж болохын хувьд салбарынх нь үйл ажиллагаа Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой нийцэхээс илүүтэй БНХАУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэх магадлалтай. Bank of China-гийн салбар нь Монгол Улс дахь БНХАУ-ын эдийн засгийн харьяат, тус улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээ явуулахад хүрвэл үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө.
Дүгнэлт
Монгол, Хятадын харилцаа гүнзгийрэх тусам Хятадын талаас “Бүс, зам” стратегийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Төрийн өмчит хөрөнгө оруулалтын банкны салбарыг нээлгэх шахалт ирж байгаа нь тодорхой болж байна. Хятадын төрийн өмчит банк Монголын дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлбэл дээр дурдсан эрсдэлүүд эдийн засгийн аюулгүй байдалд шууд болон шууд бусаар нөлөөлөхөөр байна.
Тиймээс гадаадын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаа явуулахаас татгалзаж, эсрэгээрээ арилжааны зориулалттай хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа явуулах тал дээр дэмжих алхам хийх нь зүйтэй юм.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23