ДАЯАРШИЛ АНУ-ын эрх ашигт нийцэхгүй тул түүнийг тэргүүлэн дэмжих бодлогоос татгалзана хэмээн хачирхмаар мэдэгдлийг1 тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп хийв. БНХАУ харин “эдийн засгийн даяаршлыг улам нээлттэй, өгөөжтэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хожсон чиглэл рүү хөгжүүлж”2 … “ямагт дэлхийн дэг журмыг хамгаалагч байх болно3 гэдгээ Ши Жиньпин илэрхийлэх болов. Их гүрнүүдийн байр суурь даяаршлаас дангааршил руу, өмнөдөөс умард руу солигдох, геостратегийн шинэ шилжилт явагдах хандлага гарч байна уу гэлтэй.
Хүйтэн дайны дараа дэлхийн улсуудыг “нэг”, “хоёр”, “гуравдагч” ертөнцийн орнууд хэмээн ангилахаа больж, харин “хөгжингүй умард, буурай өмнөд” хэмээх ерөнхий ойлголт тогтсон. Умардынхан эдийн засаг, аж үйлдвэрлэл, техник, технологи, инновациар тэргүүлэгчид байж, харин өмнөдийнхөн түүхий эдийг нийлүүлэгч, хөгжингүй орнуудын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгч болсоор ирлээ.
Эдийн засаг, аж үйлдвэрлэл, технологиор тэргүүлэгч Умард ертөнц, түүхий эд нийлүүлэгч, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хэрэглэгч Өмнөд ертөнц хооронд шилжилт явагдаж эхэллээ.
Гэтэл Умард-Өмнөдийн ертөнц хооронд шилжилт явагдаж эхэллээ. БНХАУ өмнөдийн гэж тооцогдож байснаа умардын улс болон хувирч, харин умардынхныг тэргүүлдэг АНУ-д өмнөдийн гэгддэг “шинж тэмдэг” тодрох болов. Вашингтон доройтоогүй, хүчирхэг хэвээр боловч БНХАУ-ын үйлдвэрлэснийг импортлогч, хэрэглэгч, түүхий эдийг нийлүүлэгч боллоо.
“Бүтцээ дагаж, үйл хэвшинэ (Structure defines behavior)” гэдгийн үлгэрээр БНХАУ умардын геостратегийг, харин АНУ зарим талаараа өмнөдийн геостратгийг баримтлах хандлагатай боллоо.4
Даяаршлаас дангааршилд
ДАЯАРШИЛ бол умардын аж үйлдвэржсэн, хөгжилтэй улс орнуудын эрх ашигт илүү нийцсэн, тэдгээрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, дэлхий даяар зах зээлийг нээх, өмнөдийн түүхий эдийг саадгүй авах боломжийг олгодог гэж шүүмжилдэг. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм умардын үйлдвэрлэгчдэд ашигтай, өмнөдийн түүхий эдийг хямд цөлмөж, умардын бараа үйлчилгээг саадгүй нэвтрүүлж, үр дүнд нь өмнөдийн буурай улсад аж үйлдвэр хөгжих боломж олгодоггүй гэж үздэг.
Дэлхий нийтийг хамарсан 2008 оны хямрал АНУ, Европын холбоог хамарч Их Британи түүнээс гарах, эдийн засгаа аврахын тулд дотоодын зах зээлээ хамгаалах протекционист, амиа бодсон дангааршлын давлагаа өрнөж байна.
БНХАУ умардын улс болон хувирч, умардынхныг тэргүүлдэг АНУ өмнөдийн “шинжтэй” болов. Бээжин умардын геостратегийг, харин Вашингтон өмнөдийн геостратегийг баримтлах боллоо.
Pax Americana буюу Америк энх хэмээх АНУ төвтэй даяаршил сүүлийн хэдэн арван жил оршин тогтноод өнөөдөр сууриасаа эхлэн задарч байна.
“Задарч байна” биш, АНУ өөрөө “задалж байна” гэлтэй. Энэ даяаршлын гол багана Дэлхийн худалдааны байгууллага5, Умард Америкийн чөлөөт худалдааны гэрээ6, Номхон далайн түншлэл зэрэг хэлэлцээрээс7 “гарна”, “өөрчилнө” хэмээн Вашингтон мэдэгдэж байна.
Ажиллах хүч хямдыг бодож, буурай орнуудад байгуулсан үйлдвэрүүдээ эгүүлэн татаж, өөрөө үйлдвэрлэдэг, экспортлогч гүрэн болохоор зорив. Үүний тулд дотоодын зах зээлээ хамгаалах, үйлдвэрлэлээ дэмжих, импортод өндөр татвар ногдуулах зэрэг өмнөдийн гэгдэх орнуудад Дэлхийн худалдааны байгууллагын гэрээгээр хориглосон бүх аргыг хэрэглэж, “умардын шинэ үйлдвэрлэгч” БНХАУ-тай худалдааны дайн хийж эхлэв.
Америк энх гэгчийг тогтоон барихын тулд Вашингтон олон улсын гол гол байгууллагыг зонхилон санхүүжүүлж, бүс нутгийн гол гол орнуудад цэргийн баазаа байгуулж, аюулгүй байдлыг нь баталгаажуулж, улмаар даяаршлыг манлайлж байсан, гэхдээ энэ хэтэрхий зардалтай байв. Одоо энэ зардлыг ганцаараа гаргахаас эрс татгалзаж, АНУ-ын эрх ашгийг тэргүүнд тавих тухай Трамп зарласан, энэ чиглэлд ажиллаж ч байна.
Занарын технологи амжилттай хөгжиж, АНУ газрын тос, байгалийн хийн илүүдэлтэй болсон тул түүнийгээ Европ, Япон, Солонгосын хойг, Хятад, Зүүн Азид их хэмжээгээр экспортлох сонирхолтой байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр байвал ийм экспорт илүү ашигтайгаар барахгүй өрсөлдөгч гүрнүүд занарын ийм технологитой болох боломж олгохгүй юм.
Байгаль орчинд эрсдэлтэй хүнд үйлдвэрлэлийг сэргээх, боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрсний олборлолт, хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд Парисын цаг уурын хэлэлцээрээс гарч “ногоон эдийн засгаас” татгалзахыг зорьж байна.
2008 оны хямралаас хойш дэлхий нийтийг хамарсан эдийн засаг дотоодын зах зээлээ хамгаалах протекционист, амиа бодсон дангааршлын давлагаа өрнөж байна.
Ийнхүү АНУ түүхий эд экспортлогч улс болж, өмнөдийнхний шинжийг агуулах болсноос өөрийнх нь тэргүүлсэн даяаршил өөрт нь ашиггүй болж, дангааршиж эхэллээ.
Умард-өмнөдийн шинэ шилжилт
АЖ үйлдвэрийн хувьсгал Британид 19-р зууны эхэн үед гарч, бүтээгдэхүүнийг гараар биш машинаар үйлдвэрлэх болсноос хойш хүн төрөлхтний түүхийг эрс өөрчилсөн. Аж үйлдвэржсэн улсууд маш хурдан гүрэн болон дэвжив. Тиймээс Европ, Америк тивийн орнууд бие биеэсээ өрсөлдөн аж үйлдвэржиж эхэллээ. Ази тивээс Япон манлайлав. Аж үйлдвэржсэн орнуудын өрсөлдөөн түүхий эдийнхээ нийлүүлэлтээс шууд хамаарч, улмаар колони орнуудаасаа байгалийн баялаг татах дэд бүтэц хөгжиж, мөлжлөг “механикжсан” шинжтэй болжээ. Энэ үед “аж үйлдвэржсэн хүчирхэг умард” (ихэвчлэн империалист гүрэн гэгдэх), “түүхий эд нийлэгч өмнөд” гэсэн үндсэн хуваагдлын эхийг тавьж, үр дүнд нь дэлхийн нэгдүгээр дайн гарав.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон хоёр туйлт систем ч зарим талаар “аж үйлдвэржсэн умард”, “түүхий эд нийлүүлэгч өмнөд”-ийн зөрчлийг илтгэж байв. АНУ тэргүүтэй “анхалж аж үйлдвэржсэн” улсууд империализмыг, харин ЗХУ тэргүүтэй социалист улсууд “хожуу аж үйлдвэржсэн” улсууд коммунизмыг төлөөлж байсан боловч огт аж үйлдвэржээгүй, колонийн дарлалаас дөнгөж чөлөөлөгдсөн өмнөдийнхөн эвсэлд үл нэгдэн, “гуравдагч ертөнц” хэмээх хочтой гарч иржээ.
Коммунист систем нурсны дараа умард – өмнөдийн ялгаа улам тодорсон юм. Reuveny, Thompson нарын дүгнэснээр умардын улс орнууд Их долоо буюу G7 бүлэгт орж дэлхий нийтийн улс төр эдийн засгийн асуудлыг хэлэлцэж байдаг бол, ардчилал, зах зээлийн эдийн засаг бүхий 36 орон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагыг (OECD) бүрдүүлж байна.8 Умард, өмнөдийн хорин орны төлөөлөл орсон G-20 бүлгийн төр засаг, төв банкны удирдлагын уулзалт форум бий болсон.
Харин БНХАУ, ОХУ, Бразил, Энэтхэг зэрэг улс орнууд эрчимтэй хөгжин умард, өмнөдийн баян, ядуу хэмээх хялбар хуваариас ангид, аль алинд нь хамаарахгүй умардын үйлдвэрлэгч, өмнөдийн түүхий эд нийлүүлэгч шинжийг хослуулсан шинэ хоёрдогч ертөнцийг бий болгох хандлага ажиглагдаж байна.9 Их 20-ийн бүлэгт багтдаг өмнөдийн 11 орны хүч чадлын нийт индекс 2000 онд 25.26 хувь байсан бол 2015 он гэхэд 40.48 хувь болж нэмэгдсэн байна10. Эдгээр улсууд нь цэвэр үйлдвэрлэгч, хөгжингүй умардын улс болж амжаагүй, мөн түүхий эд нийлүүлэгч өмнөдийн улс хэвээр байгаа боловч аль алинд нь бүрэн хамаарахгүй завсрын ангилалд орж тэдгээрийг Global East хэмээн нэрлэх санал ч гарч байна. Дээрх улс орнууд ШХАБ, БРИКС зэрэг холбоонд нэгдэж АНУ тэргүүтэй умардын улс орнуудын давамгайлах байр суурьт сорилт учруулж, олон туйлт тогтцыг бий болгохыг эрмэлзэж байна.
АНУ төвтэй даяаршил сүүлийн хэдэн арван жил оршин тогтноод өнөөдөр сууриасаа эхлэн задарч байна. “Задарч байна” биш АНУ өөрөө “задалж байна” гэлтэй.
Улс орнуудыг умард, өмнөд гэж хуваах нь гол төлөв үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгч гэсэн үзүүлэлтээр ангилдаг боловч нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, түүний дотор нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.доллараас дээш байх, эрүүл мэнд, дундаж наслалт, түгээмэл өвчин эмгэг, хүний хөгжлийн индекс, түүхий эд, эрчим хүчний хэрэглээ, хог хаягдлын хэмжээ зэрэг олон үзүүлэлтээр дүгнэдэг байна. Жишээ нь умардын хөгжилтэй улс орнууд түүхий эдийн хэрэглээ, хог хаягдлын хэмжээгээр өмнөдийн улс орнуудаас 32 дахин их байдаг байна.
Хөгжлийн түвшингээр ангилах шаардлага олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд түгээмэл байдаг бөгөөд ОУВС улс орнуудын өндөр хөгжилтэй, хөгжингүй, дундаас дээш орлоготой гэж 3, НҮБ өндөр хөгжилтэй, хөгжингүй, шилжилтийн эдийн засагтай гэж 3, Дэлхийн банк нэг хүнд ногдох ДНБ, орлогын хэмжээгээр өндөр, дундаас дээш, дундаас доогуур, бага гэж 4 хэсэгт тус тус ангилдаг байна.
Умард, өмнөдийг экспортолж буй зүйлээр нь ангилах нь хамгийн энгийн үзүүлэлт юм. Умард нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ экспортолж буй бол өмнөд нь түүхий эд экспортолно. Үүнийг дагаад умардууд үйлдвэрлэл, техник, технологи, мэдлэг, инновацийг эзэмшдэг бол өмнөдүүд түүхий эд, хямд ажиллах хүч эзэмшинэ гэж хялбаршуулан үздэг.
Энэ тогтоц тэдгээрийн үйл хөдлөлийг тодорхойлж, умард, өмнөдийн ашиг сонирхол, геостратегийн бодлогын ялгаатай байдал, зөрчил тэмцлийн угшил болдог.
Ашиг сонирхлын шилжилт, шинэ эрсдэл
УМАРДЫН улс гүрнүүд хямд түүхий эд авах, эзэмших, түүнийгээ аюулгүй, найдвартай тээвэрлэх, өөрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох зах зээлийг хянах, тээвэрлэх, борлуулах үүднээс улс төр, эдийн засаг, геостратегийн бодлого хэрэгжүүлж байдаг бол өмнөдийн орнууд түүхий эдийг их хэмжээгээр олборлох, экспортлох, аюулгүй тээвэрлэх, үнийг өсгөх, хянах, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, хөгжүүлэх сонирхолтой байдаг.
Энэ шинжээр үзвэл өнөөгийн байдлаар БНХАУ умардын төлөөлөгч, АНУ зарим талаараа өмнөдийнх болж байна. Үйлдвэрлэлийн цар, техник, технологи, инновцийн хэмжээ, түүхий эдийн хэрэглээгээрээ Бээжин умардын гол төлөөлөгч болжээ. Харин Вашингтоны урьдын байр суурь нь суларч, түүхий эд экспортлогч өмнөдийн шинжтэй орон болж байна.
БНХАУ-ын эдийн засгийн эрчимтэй хөгжил Хятад төвтэй даяаршлыг үүсгэж, Бээжин үүнийгээ дэмжих бодлого явуулж байгаа бол АНУ хүчирхэг умардын улс хэвээр боловч түүхий эд экспортлогч бусад орнуудыг өрсөлдөгч хэмээн харж тэдэнд чиглэсэн бодлого явуулж байна.
БНХАУ-ын эдийн засгийн эрчимтэй хөгжил Хятад төвтэй даяаршлыг үүсгэж, Бээжин ч үүнийг дэмжих бодлого цэгцтэй явуулж байна. Түүхий эдийг хямд импортлох, АНУ, Европ, дэлхийн бусад зах зээлд аюулгүй, найдвартай экспортлох, тээвэрлэх зорилгоор “Бүс, зам” санаачилга гаргаж, энэ санаачилга нь яваандаа даяаршлын шинэ төвлөрөл бий болгоно.11 Хүн ам ихтэй учир одоогоор хүний хөгжил сул хэвээр нэг хүнд ногдох ДНБ нь 9000 орчим ам.доллар буюу умардын босгыг хараахан даваагүй байна. Одоогоор Хятад улс умард, өмнөдийн аль аль шинжийг агуулж байна.
АНУ хүчирхэг умардын улс хэвээр боловч газрын тос, байгалийн хий, нүүрс, хөдөө аж ахуйн түүхий эд Европ, Япон, Солонгосын хойг, Зүүн Азид экспортлох сонирхолтой тул тэдгээрийн зах зээлд нэвтрэх, тэнд хүрэх зам, тээвэр боомтыг найдвартай байлгах геостратегийн шинэ бодлого хэрэгжүүлж эхэлж байна. Үүний тод илрэл нь БНАСАУ-тай харилцаагаа сайжруулж, Солонгосын хойг, Зүүн хойд Азийг сөргөлдөөний бус, эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгох стратегийн “өөдрөг үзлийг” хэрэгжүүлж эхлээд буй билээ. Түүхий эд экспортлогч бусад орнуудыг өрсөлдөгч хэмээн харж тэдэнд чиглэсэн бодлого явуулж буй нь олон жишээгээр харагдаж байна.
Дүгнэлт
ГЕОСТРАТЕГИЙН гол зөрчил байгалийн баялаг, түүхий эдийн орд газар, экспортын зах зээл, тээврийн шугам, хоолойн дагуу явагддаг. АНУ гэх том экспортлогч, БНХАУ гэх том импортлогч, хэрэглэгч шинээр гарч ирснээр ашиг сонирхлын шинэ зөрчил үүсч, энэ зөрчил Ойрх Дорнод, Энэтхэгийн далай, Зүүн өмнөд Ази, Өмнөд Хятадын тэнгис, Төв Азийн орнуудад эрсдэл үүсгэж, тогтворгүй болгож болзошгүй байна.
АНУ дотоодын үйлдвэрлэлээ сэргээж, БНХАУ-тай худалдааны дайн өрнүүлэн зах зээлээ тусгаарлан хамгаалах протекционист бодлого баримталж, даяаршлаас татгалзана хэмээн мэдэгдсэний нэг ул суурь нь геостратегийн шинэ шилжилт, ашиг сонирхол солигдсонд оршино.
Ийнхүү геостратегийн шилжилт даяаршлаас дангааршилд хүргэж, АНУ умардаас өмнөд рүү хөл тавин дангааршин даяаршлаас татгалзан, харин БНХАУ өмнөдөөс умард руу хөл тавьж шинэ даяаршлыг бий болгох үйл явц эхэллээ. Энэ суурь шинжтэй томоохон шилжилт араасаа шинэ өрсөлдөөн, сөргөлдөөнийг өдөөх эрсдэлтэй байна.
________________________
[1] Remarks by President Trump at Signing of a Presidential Memorandum Targeting China’s Economic Aggression https://www.whitehouse.gov/briefings-statements/remarks-president-trump-signing-presidential-memorandum-targeting-chinas-economic-aggression/
[2] 习近平:推动经济全球化朝着更加开放、包容、普惠、平衡、共赢的方向发展 http://www.cssn.cn/jjx/jjx_ttyw/201804/t20180425_4213703.shtml
[3] 习近平:中国始终是世界和平的建设者、全球发展的贡献者、国际秩序的维护者
http://cpc.people.com.cn/n1/2016/0701/c405440-28516035.html
[4] Trade wars, Trump tariffs, and protectionism explained https://www.bbc.com/news/world-43512098
[5] Remarks by President Trump at 2018 White House Business Session with Governors https://www.whitehouse.gov/briefings-statements/remarks-president-trump-2018-white-house-business-session-governors/
[6] President Donald J. Trump is Keeping His Promise to Renegotiate NAFTA https://www.whitehouse.gov/briefings-statements/president-donald-j-trump-keeping-promise-renegotiate-nafta/
[7] Remarks by President Trump on the Administration’s National Security Strategy https://www.whitehouse.gov/briefings-statements/remarks-president-trump-administrations-national-security-strategy/,
[8] Reuveny, R. X., and W. R. Thompson. 2007. The North–South divide and international studies: A symposium. International Studies Review 9(4):556–64. doi:10.1111/j.1468-2486.2007.00722, 557
[9] Martin Müller (2018): In Search of the Global East: Thinking between North and South, Geopolitics, DOI: 10.1080/14650045.2018.1477757: https://doi.org/10.1080/14650045.2018.1477757
[10] 胡鞍钢、王洪川:南北格局与和平崛起:二十国集团综合国力研究,《现代国际关系》2017年第11期,第44页。
[11] 中国正在引领新一轮全球化进程 http://theory.people.com.cn/n1/2017/0607/c83853-29323663.html
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19