ДЭЛХИЙН улс орнууд аюулгүй байдлаа тодорхойлох суурь үзэл баримтлал, дэг сургууль харилцан адилгүй байдгаас аюул занал, эрсдэлийн хүчин зүйлс, аюулгүй байдлаа хангах арга замыг тодорхойлж буй аргачлал мөн ялгаатай байна.
Бусад улстай улс төр, нутаг дэвсгэрийн болон язгуур ашиг сонирхлын зөрчилтэй, түүнийг цэргийн хүчээр шийдвэрлэх бодлоготой улсууд, түүнчлэн аюулгүй байдлын хамрах хүрээгээ дэлхий дахины болон бүс нутгийн хэмжээний ашиг сонирхлын периметрээр тодорхойлдог, “их гүрэн” гэх тодотголтой улсууд аюулгүй байдлын реалист дэг сургуульд үндэслэн, аюулгүй байдлын эрсдэлийг “аюул занал” гэдэг агуулгаар нь, их төлөв зэвсэгт түрэмгийлэл, хүчирхийллийн бусад хэлбэрт хамаатуулан томъёолж байна. Эхний категорид Израиль, Армян, Азербайжан, хоёр Солонгос зэрэг улсыг жишээ болгон нэрлэж болно. Мөн цэвэр улс төрийн шалтгаанаар аль нэг хөрш улсаа оршин тогтнохын аюул заналын хэмжээнд ойлгож буй Балтийн орнууд, Украин зэрэг улс энэ ангилалд хамаарна. Харин хоёрдахь ангилалд АНУ, ОХУ, БНХАУ болон дэлхийн улс төр, эдийн засагт голлох үүрэг, оролцоо бүхий томоохон улсууд энэ ангилалд багтана.
Харин аюулгүй байдлаа цогц хэлбэрээр томъёолсон дунд түвшний ихэнх улс, түүний дотор Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдалд учирч болох аюул занал, эрсдэлүүдийг дээр дурдсан хүрээнд дагнан тодорхойлох боломжгүй, харилцан хамаарал, уялдаа бүхий олон талын хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлага тулгардаг. 1994 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “сөргөөр нөлөөлөх хүчин зүйл” хэмээн томъёолсон нь “аюул занал”, “эрсдэл” хэмээх ойлголтуудыг нэгтгэсэн нийтлэг тодорхойлолт болж чадсан гэж үзэж байна. 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эдгээрийг дурдалгүй орхижээ.
2010 онд батлагдсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “оршин тогтнохуйн аюулгүй байдал”, “эдийн засгийн аюулгүй байдал”, “дотоод аюулгүй байдал”, “хүний аюулгүй байдал”, “хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал”, “мэдээллийн аюулгүй байдал” харилцан уялдаатай хангагдсанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна хэмээн заасан тул энэ зургаан бүрэлдэхүүн хэсэг тус бүрт эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, чингэхдээ харилцан хамаарал, ялангуяа аль нэг бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд үүсч болох эрсдэл бусад бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хальж, “гинжин урвал” үүсгэх магадлалыг урьдчилан тооцох шаардлага урган гарч байна. Тухайлбал, эдийн засгийн аюулгүй байдалд учрах ямар нэгэн эрсдэл дотоод аюулгүй байдалд шууд нөлөөлөх, улмаар улсын бүрэн эрхт байдлыг бүхэлд нь болон хэсэгчлэн ганхуулах хэмжээний үр дагаварт хүргэх нь шууд аюул заналын түвшинд очиж, гадны зэвсэгт түрэмгийлэлд өртөх эмзэг байдлыг бий болгохыг “гинжин урвал” гэж томъёолж байна.
Аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ нь оперативын түвшний, үйл ажиллагааны баримт бичиг хэлбэрээр боловсруулагдах ба стратегийн түвшний, бодлогын баримт бичиг (аюулгүй байдлын үзэл баримтлал, аюулгүй байдлын стратеги)-д үндэслэж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг заах тактикийн түвшний баримт бичиг (замын зураг, номлол)-ийг гаргах суурь болдгоороо хоёрдагч шинжтэй, харин шаардлагатай тохиолдолд стратегийн түвшний баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах, тодотгол хийх, шинэчлэн боловсруулах урьдач нөхцөл болдгоороо анхдагч шинж чанартай. Эрсдэлийн үнэлгээг цаг хугацааны хувьд дунд хугацаанд боловсруулж, өрнөл, өөрчлөлтөд богино хугацаанд мониторинг хийн тодотгодог нийтлэг жишиг байна. Гэхдээ энэ нь зөвхөн дунд ба богино хугацаанд үйлчлэх хүчин зүйлийг үнэлэхийн нэр бус, урт хугацааны (мөнхийн, түүхэн нэгэн цаг үеийн) хүчин зүйлсийн динамикийг ч тогтмол ажиглана гэсэн үг юм. 1994 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг эх сурвалжаар нь дотоод, гадаад, цаг хугацааны хувьд гэнэтийн, тодорхой хугацааны, түүхэн нэгэн үеийн, мөнхийн гэж тус тус ангилна. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол нь мөнхийн ангиллын ашиг сонирхол мөн” хэмээн заасан нь өнөөдөр ч бодитой хэвээр төдийгүй эрсдэлийн үнэлгээ боловсруулахад эн тэргүүнд ашиглах аргачлалын суурь болно.
Эрсдэлийн үнэлгээг дунд хугацаанд боловсруулж, өрнөл, өөрчлөлтөд богино хугацаанд мониторинг хийн тодотгодог жишиг байдаг ч энэ нь зөвхөн дунд ба богино хугацаанд үйлчлэх хүчин зүйлийг үнэлэхийн нэр бус урт хугацааны хүчин зүйлсийн динамикийг тогтмол ажиглана гэсэн үг юм.
Хамгийн энгийн бөгөөд нийтлэг байдлаар, аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг эрсдэлийн хүчин зүйлсийг тодорхойлох, анхдагч үнэлгээ, хамгаалах төлөвлөлт, эцсийн үнэлгээ, сарниулах төлөвлөлт, таслан зогсоох төлөвлөлт гэсэн таван үе шаттайгаар гүйцэтгэх аргачлал түгээмэл байна. Энэ нь зэвсэгт түрэмгийллийн эсрэг явуулах ажиллагааны төлөвлөлтөөс үүдэлтэй хэдий ч үндэсний аюулгүй байдалд учирч болох олон талт эрсдэлийг үнэлэхэд хэрэглэж болох суурь аргачлал болж чадна. Гэхдээ энэ нийтлэг хэлбэр өмнө өгүүлсэнчлэн, улс орон бүрийн газар зүйн байрлал, хүн ам зүйн нөхцөл байдал, бусад улстай тогтоосон улс төрийн харилцааны онцлог, дотоод, гадаад бодлого, цэргийн болон эдийн засгийн хүчин чадал зэргээс хамаарч харилцан адилгүй байх тул өөрийн онцлогт тохирсон үнэлгээний загвар (дараалал)-ыг боловсруулах нь нэн чухал.
Тухайлбал, эрсдэлийн хүчин зүйлсийг хэрхэн тодорхойлохоос хамааран төлөвлөлтийн дараалал өөр өөр хэлбэртэй болдог. АНУ-ын Үндэсний тагнуулын нийгэмлэгийн даргын 2018 оны 2 дугаар сард өргөн мэдүүлсэн “АНУ-д учирч болох аюул заналын үнэлгээ”-нд аюул заналыг дэлхий даяарын, бүс нутгийн гэж хоёр ангилаад, дэлхий даяарын шинжтэй аюул заналд кибер халдлага, терроризм, гадаадын тусгай албадын үйл ажиллагаа, хор хохирол учруулахуйц шинэ технологийн тархалт, сансрын уудамд үүсэх аюул занал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлын эсрэг эрсдэл, хүний аюулгүй байдалд хохирол учруулах эрсдэл гэж ангилсан ба бүс нутгийн шинжтэй аюул занал гэдэгт стратегийн сөргөлдөгч улсууд, тогтворгүй цагийн байдал бүхий бүс нутгуудыг тоочжээ. Ийм төрлийн үнэлгээ нь нэгд, дотоод хүчин зүйлсийн нөлөөг харьцангуй бага тусгасан, хоёрт, ашиг сонирхлын периметр нь хавьгүй өргөн хүрээг хамрах их гүрний онцлогийг тусгасан байх тул дунд түвшний орнуудад тохирох аргачлал болох нь эргэлзээтэй юм.
Харин Их Британийн “Үндэсний эрсдэлийн үнэлгээ”-нд эрсдэлийг нэгдүгээр хүрээний, хоёрдугаар хүрээний, гуравдугаар хүрээний гэж ангилсан нь өнгөц харахад аюул занал, эрсдэлийн хөнөөл, үр дагавраар нь ялгасан мэт боловч хэрэг дээрээ хэр ноцтойгоор нь биш, магадлалын түвшингээр нь ялгасан байгаа нь илүү бодитой, цэгцтэй үнэлгээ бүхий баримт бичиг болжээ. Тухайлбал, нэгдүгээр хүрээнд зохион байгуулалттай кибер халдлага үйлдэх, олон улсын террорист бүлэглэлүүдийн халдлага болон Умард Ирланд дахь террорист үйл ажиллагаа сэргэн идэвхжих, олон улсын зэвсэгт мөргөлдөөн, дайнд Нэгдсэн Вант Улс болон түүний холбоотнуудын ашиг сонирхол хөндөгдөх, улс орны хэмжээний томоохон гамшиг, осол гарах, хоёрдугаар хүрээнд Нэгдсэн Вант Улсын болон түүний далайн чанад дахь нутаг дэвсгэрт үйл олноор хөнөөх зэвсэг хэрэглэн халдах, дотоодын үймээн самуун, иргэний дайн дэгдэж болзошгүй нөхцөлийг террорист бүлэглэлүүд ашиглах, зохион байгуулалттай гэмт хэргийн түвшин эрс нэмэгдэх, хиймэл дагуулын өгөгдөл, мэдээллийг ноцтой хэмжээнд тасалдуулах, гуравдугаар хүрээнд тус улсын эсрэг үй олноор хөнөөх зэвсэг болон ердийн зэвсэг хэрэглэн халдан түрэмгийлэх, газрын тос, байгалийн хий, бусад амин чухал түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулах, НАТО-ийн гишүүн орон руу зэвсэгт түрэмгийлэл үйлдэх (Энэ тохиолдолд НАТО-ийн Дүрмийн 10 дугаар зүйлд хүлээсэн үүргээ биелүүлж зэвсэгт мөргөлдөөнд татагдан орох шаардлага үүснэ), иргэний зориулалттай цөмийн байгууламжид осол гарах, цацраг идэвхт бодис алдагдах зэрэг хэд хэдэн болзошгүй сценарийг тоочжээ.
2018 онд Норвеги улсын сөрөх тагнуулын албанаас гаргасан “Үндэсний эрсдэлийн үнэлгээ” баримт бичигт эрсдэлийг гадаадын тусгай албадын тагнан туршин үйл ажиллагаа, улс төрийн зорилго, сэдэл бүхий хүчирхийлэл, төрийн өндөр албан тушаалтны амь насанд заналхийлэх гэсэн гурван бүлэгт ангилсан байна. Үүнтэй төстэйгээр, дунд түвшний ихэнх улсад аюул занал, эрсдэлийн нэгдүгээрт зэвсэгт мөргөлдөөн, түрэмгийлэл гэхээсээ илүү гадаадын тусгай албадын үйл ажиллагааг жагсаасан нь анхаарал татаж байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл (аюул занал, эрсдэл)-ийн үнэлгээг хийхдээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд, түүнд заасан аюулгүй байдлын зургаан бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр тодорхойлохоос гадна 1994 оны үзэл баримтлалын үндсэн загварыг ч хэрэглэж болох юм. Учир нь 2010 оны үзэл баримтлал нь үндэсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэх стратегийн шинжийг илүү агуулсан баримт бичиг бол 1994 оны үзэл баримтлалд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсийг нэрлэсэн, тэдгээрийн магадлал, цаг хугацааны хүчин зүйл, дотоод, гадаад эх үүсвэрээр нь зааглах анхны оролдлого гэж үзэх үндэстэй.
Тухайлбал, 1994 оны үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлж болох хүчин зүйлийг шинж чанарын үүднээс объектив, субъектив; учруулах аюулын магадлалаар нь бодит болон болзошгүй гэж тус тус ангилна. Үндэсний аюулгүй байдлыг хангах, бэхжүүлэх бодлого нь аливаа аюулыг “болзошгүй” үед нь тодруулан тогтоож арилгах, субъектив аюулыг цаг тухайд нь арилгах замаар объектив аюулыг багасгах, урьдчилан сэргийлэхэд чиглэнэ” гэж заасан нь дэлхийн улсуудын үнэлгээний нийтлэг аргачлалд ойртож очсон байна.
Жишиг болгон авсан улсуудад болон бусад улсад ч аюул занал, эрсдэлийн үнэлгээг хийх аргачлал, ялангуяа үнэлгээний үе шат, дарааллыг дор дурдсан арван шатлалтай байдлаар дундчилж болохоор байна. Үүнд:
- Эрсдэл (аюул занал)-ийг тодорхойлох. Үүнд бодит болон болзошгүй бүх хэлбэрийн аюул, занал, эрсдэлийг тоочно. Дэлхийн болон бүс нутгийн хэмжээний дайн дэгдэх, гадны зэвсэгт түрэмгийлэлд өртөх, зэвсэг хэрэглэхээр заналхийлэх, газар нутгийн маргаан үүсэх, түүнээс үүдсэн хилийн будлиан гарах, улсын бүрэн эрх алдагдах, бусад улсын хоорондын зэвсэгт мөргөлдөөний талбар болох, олон улсын террорист халдлагад өртөх, дотоодын үймээн самуун гарах, угсаатны болон шашны бүлгүүдийн хооронд хямралт байдал үүсэх зэрэг олон хувилбарыг тоочдог байна.
- Гадаад, дотоод хүчин зүйлсийг ялгах. Дээр дурдсан болон бусад эрсдэлийн гадаад, дотоод аль хүчин зүйлээс илүү үүдэлтэй, хэрэв хосолмол шинжтэй бол аль нь анхдагч болохыг тодорхойлох нь үнэлгээний дараа дараачийн үе шатанд тохирох стратегийг зөв сонгоход тусална.
- Учирч болох магадлалаар ангилах. Үүнд 1994 оны үзэл баримтлалд заасан “бодитой ба болзошгүй” гэсэн ерөнхий шалгуур, эсхүл өмнө дурдсан Их Британийн “гурван хүрээ”-ний аргачлал хоорондоо үндсэндээ адил. Ихэнх улсад үүнийг арай илүү нарийвчлан “туйлын магадлалтай”, “өндөр магадлалтай”, “магадлалтай”, “магадлал багатай”, “туйлын магадлалгүй” гэж ангилах нь түгээмэл.
- Эрсдэлийн динамик (цаг хугацааны хүчин зүйл)-ийг тодорхойлох. Манай 1994 оны үзэл баримтлалд “үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлийг … цаг хугацааны хувьд гэнэтийн, тодорхой хугацааны, түүхэн нэгэн үеийн, мөнхийн” гэж заасантай төстэй байдлаар тухайн аюул, эрсдэлийн өрнөл, өөрчлөлтийн давтамж, далайц, хурдаар ангилах, тухайн эрсдэлийн хүчин зүйл цаашид өсөн нэмэгдэх, эсхүл намжих чиг хандлагыг үнэлэх нийтлэг жишиг бий.
- Харилцан шууд болон дам нөлөөлөх магадлалыг тодорхойлох. Харилцан хамаарал, уялдаа бүхий олон талт, цогц аюулгүй байдлын үзэл баримтлал бүхий улсуудад үндэсний аюулгүй байдлын аль нэг бүрэлдэхүүн хэсэгт учирч болох сөрөг нөлөөлөл, эрсдэлийг дангаар нь биш, бусад хүрээнд хэрхэн нөлөөлж, болзошгүй “гинжин урвал”-д хүргэх магадлалыг харгалзан үзэх шаардлагатай. Аливаа эрсдэл тухайн хүрээндээ аюулын “дунд” буюу “магадлалтай” түвшинд байж болох ч бусад хүрээнд шууд болон дам нөлөөлөхдөө магадлалын түвшинг өндөрсгөх тохиолдол ямагт гардаг ажээ. Олон салбар, хүрээ хамарсан “гинжин урвал” бүхий эрсдэлүүд учруулж болох хөнөөл, хохирлын хэмжээгээр хамгийн ноцтой байх болно гэж үзнэ. Энэ шатанд өмнө тодорхойлсон бүх хэлбэрийн эрсдэл хоорондын харилцан хамаарал, корреляцыг гаргах тул хамгийн багтаамж ихтэй ажил байдаг.
- Эсрэг талын хүч, хэрэгслийг тооцох. Хэдийгээр дайн, зэвсэгт мөргөлдөөний үед дайсагнагч талын хүч, хэрэгслийг шууд тодорхойлох шаардлагатай ч олон талт эрсдэлийн хувьд өмнөх үнэлгээнүүдийн дараа, хэрэв гадаад эх үүсвэртэй бөгөөд объектив зорилго, чиглэлтэй бол ямар хэмжээний хүч, хэрэгслийг тухайн улсын эсрэг ашиглаж байгааг, мөн өөрчлөлтийн динамикийн хамт үнэлдэг байна.
- Өөрийн талын хүч, хэрэгслийг тооцох. Эрсдэлийн эх үүсвэр дотоод, гадаад аль нь байхаас болон шинж чанарын хувьд ямар байхаас үл хамааран эдийн засаг, хүн хүч, бодлого, үйл ажиллагааны бүхий л нөөцийг хамаатуулах ба тэдгээрийн хүрэлцээ, бодит боломжийг эн тэргүүнд бодитоор үнэлэх шаардлагатай байна. Энэ нь үнэлгээний дараачийн гурван шат буюу тухайн аюул, эрсдэлийн эсрэг тэмцэх стратегиа боловсруулахад нэн шаардлагатай өгөгдөл болно.
- Таслан зогсоох боломжийг тодорхойлох. Тухайн эрсдэл хэр бодитой (өндөр ба туйлын магадлалтай), хэр ноцтой хөнөөл, хохирол учруулах, цаг хугацааны хувьд хэр хурдан өрнөх магадлалтай, харилцан нөлөөлөл, “урвал”-ын хурд ямар хэмжээнд байх, эсрэг болон өөрийн талын хүч, хэрэгслийн харьцаа зэргээс хамааран шууд таслан зогсоох, саармагжуулах, тэнцвэржүүлэх гэсэн гурван стратегийн нэгийг сонгох ба стратеги тус бүрт авах арга хэмжээ, дайчлах хүч, хэрэгслийн жагсаалтыг гаргадаг практик байна. Тухайлбал, террорист халдлага, дотоодын үймээн самуун зэрэг аюул заналд шууд таслан зогсоох хувилбараас өөр шийдэл байж болохгүй гэх мэт.
- Сарниулах (саармагжуулах) боломжийг тодорхойлох. Шууд таслан зогсоох боломжгүй буюу цаг хугацааны хувьд хохирол багатайгаар сарниулж (саармагжуулж) болохуйц эрсдэл үүссэн нөхцөлд тохирох боломжуудыг мөн тодорхойлно.
- Урьдчилан сэргийлэх, тэнцвэржүүлэх боломжийг тодорхойлох. Үнэлгээний шалгуур үзүүлэлт төдийлөн нарийвчлалтай гарах боломжгүй зарим хүрээнд, эсвэл хүч, хэрэгслийн харьцаа хэт давуу байдлаар эсрэг гарч байгаа, таслан зогсоох, сарниулах бодит боломжгүй гэж тооцсон тохиолдолд тэнцвэржүүлэх стратегийг боловсруулах нь түгээмэл байна. Энэ хоёр стратегийн зорилт өөр өөр боловч арга хэмжээ, ажиллагааны дараалал адил буюу төстэй байдаг үүднээс үнэлгээний нэг үе шатанд тооцож болох ажээ.
Аюул занал, эрсдэлийн үнэлгээг дээрх загвар, дарааллын дагуу боловсруулах нь “үнэлгээ+стратеги” гэсэн нэгдмэл байдлыг хангаж, тухайн баримт бичгийн анхдагч ба хоёрдагч шинж чанарын эн тэнцүү хангах ба уян хатан байх, тогтмол хяналт-шинжилгээ хийх, тодотгон шинэчлэх боломжийг бүрдүүлдэг юм.
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19