БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 08 сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлал “ажил хэрэгч” болсныг хэвлэлүүд онцолж байна. Учир нь талууд өмнөх олон удаагийн уулзалтаар хэлэлцэж ярилцаж ирсэн ажлуудыг энэ удаад шийдвэрлэж бодитоор эхлүүлсэн юм. Товчхондоо сүүлийн жилүүдэд ялангуяа 2016 онд Далай ламын айлчлалын дараагаас удаашраад байсан хоёр талын хамтын ажиллагааг эрс идэвхжүүлсэн нь энэ айлчлалын гол үр дүн гэж хэлж болно.
Айлчлалын явцыг товч дурдахад Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хэлэлцээ хийсэн ба уулзалт хэлэлцээнүүдийн гол агуулга нь хятадын “Бүс, зам”, монголын “Хөгжлийн зам”-ыг уялдуулж хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гурван улсын эдийн засгийн коридорын төслийг урагшлуулахад голлон чиглэсэн. Энэ хүрээнд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Увс аймагт зочилж баруун таван аймгийн удирдлагатай уулзалт хийсэн нь хятадын өндөр албан тушаалтан айлчлалынхаа үеэр орон нутагт ажилласан анхны тохиолдол болсон юм.
Уулзалт хэлэлцээний үеэр хоёр талын тавьсан саналуудаас угталцаж буй санал нь: хоёр улсын дэд бүтэц, эрчим хүч, ХАА, төмөр зам, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гурван улсын эдийн засгийн коридорын төслийг хэрэгжүүлэх явдал байв. Үүнээс гадна монголын талаас хятадад:
- ОХУ-БНХАУ-ыг холбосон дэд бүтцийг Монгол Улсын нутгаар дамжуулахад Хятад улс дэмжиж өгөхийг хүсэв,
- 2014 онд баталсан хоёр орны төмөр замын салбарын хамтын ажиллагааны ЗГ хоорондын хэлэлцээрийг БНХАУ-ын тал соёрхон батлах учиртай гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Хятадын талаас:
- Монголыг ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшингээ дээшлүүлэхийг дэмжинэ,
- ЧХХ байгуулах явцыг түргэвчилнэ гэж найдаж байна,
- Иргэд хоорондын ойлголцлыг нэмэгдүүлж, шинэ түвшинд гаргах сонирхолтой байна гэдгээ илэрхийлсэн юм.
Энэхүү “ажил хэрэгч” айлчлалын үеэр талууд Чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгааг албан ёсоор эхлүүлснээ зарласан, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийг нээсэн, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болсон, ирэх онд болох Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх тухай санамж бичиг байгуулсан, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын “Бүс, зам” шалган нэвтрүүлэх тусгай гарцтай танилцсан, Монгол Хятадын ГХЯ-ын 2019-2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэх мэт олон бодит ажлыг амжуулсан юм.
Айлчлалын тоон илэрхийлэл
Олон улсад аливаа айлчлалын үр дүнг тоон үзүүлэлтээр хэмжих нь түгээмэл. Энэ нь айлчлалыг илүү тодорхой, зорилттой, хэмжиж болохуйц харагдуулдаг ба “тунхаг”-ийн шинж чанартай биш гэдгийг илэрхийлдэг. Энэ удаагийн Ван И Гадаад хэргийн сайдын айлчлалаар талууд байр сууриа илэрхийлэхийн сацуу хэд хэдэн тодорхой тоон зорилт, мөнгөн дүн бүхий хамтын ажиллагааг тохиролцсоныг доор тодруулан сийрүүлье.
10 тэрбум ам.долларын худалдаа: 2020 он гэхэд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.доллар болгох зорилт тавив. Өдгөө манай орны гадаад худалдааны нийт эргэлт 10 тэрбум ам.доллар, үүнээс 2017 онд Хятадтай хийсэн худалдаа 6.6 тэрбум ам.доллар. Монголын гадаад худалдааны 60 эргэм хувийг Хятадтай явуулдаг. Худалдааны өсөлтийг харвал 2013 онд 6 хувиар өссөн (5.4 тэрбум), 2014 онд 24 хувиар өссөн (6.7 тэрбум) бол 2015 онд 22 хувиар буурсан (5.2 тэрбум), 2016 онд 6.4 хувиар буурсан (4.9 тэрбум), 2017 онд буцаад 36 хувиар өссөн байгаагаас харахад худалдааны хэмжээ тогтвортой биш байдаг. Ингэж өсөж уруудсан хандлагатай байгаагийн шалтгаан нь манайхаас экспортлодог уул уурхайн түүхий эд өөрөө зах зээлийн ханшид мэдрэг байдгаас голчлон шалтгаалдаг, манай экспортын хэт өрөөсгөл бүтэцтэй илүү холбоотой.
Хэрвээ Монгол, Хятадын худалдааны хэмжээг гурван жилийн дотор 10 тэрбум болгоё гэвэл жилд дунджаар 20 хувиар өсгөх шаардлагатай гэсэн үг. Хэрвээ худалдааг тогтвортой өсгөе гэвэл худалдааны бүтцийг аажим өөрчилж, уул уурхайн бүтээгдэхүүний зэрэгцээ ХАА-н гэх мэт бүтээгдэхүүний экспорт руу шилжүүлэх хэрэгтэй болно. Саяны айлчлалаар ХАА-н бүтээгдэхүүн, боловсруулах аж үйлдвэрийн талаар хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн нь алсдаа худалдааг ч тогтвортой болгох ач холбогдолтой. Гэхдээ энэ нь Монголын талын дотооддоо хийх олон ажлаас шууд хамаарна, тухайлбал, мах махан бүтээгдэхүүнийг малчны хотоос экспортод гаргах хүртэлх бүхэл бүтэн эмх цэгцтэй нарийн бүтэц дамжлагыг хэрхэн бий болгох вэ гэдэг манай улсын хэмжээний бодитой төлөвлөгөө хүлээгдэж байна гэх мэт. (Хэлэлцээний үеэр дурдагдсан Чөлөөт худалдааны хэлэлцээрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус хүрээлэнгийн мэдээлэл №16 /2018.04.13/ дугаараас уншина уу).
Худалдааны бүтцийг өөрчлөх явц олон жил шаардах учраас 2020 он хүртэл 3 жилийн дотор жил бүр 20 хувиар өсгөнө гэвэл уул уурхайн бүтээгдэхүүний экспортод л түшиглэнэ. Хятад улс худалдааны дайны нөлөөгөөр ялангуяа гангийн экспорт нь багасвал манай коксжих нүүрсний экспортод сайнгүй тусна. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь ойрын ирээдүйд тулгамдсан асуудал юм.
300 сая ам.долларын зээл: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг 300 сая долларын хөнгөлөлттэй зээлээр шинээр барьж 2020 онд ашиглалтад оруулахаар болсон билээ. Хятад улс “Бүс, зам” дагуу санхүүжүүлэх төслүүдээ сонгох нэг гол шалгуур нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн, тухайн ард түмний талархал хүлээхүйц бол давуу талтай болох юм. УБ-ын ТЦБ нь үүнд нийцэж буй.
Гэхдээ 300 сая ам.долларын зээлийн асуудал анхаарал татна. Монгол банкнаас зарласнаар манай улсын Засгийн газрын гадаад өр 2018 онд 7.3 тэрбум ам.доллар болсон. Үүнд Төв банк хоорондын своп хэлцлийн 15 тэрбум юанийг багтаан тооцвол 9.2 тэрбум ам.доллар болно. Хятадаас авсан зээл, своп нийт 4.2 тэрбум ам.доллар байгаа нь Засгийн газар, Төв банк хоёрын гадаад өрийн 40 гаруй хувь юм.
Сүүлийн үед гадны хэвлэлээр “Бүс, зам” дагуух орнууд хятадаас авсан зээлийн өрөө төлж чадахгүй, хятадын тавьсан “өрийн урхи”-нд орж байгаа тухай Шри-Ланк, Пакистан, Малайзын жишээгээр тайлбарлан мэдээлэх болсон. Мэдээж Монгол Улс ч өрийн дарамтанд орох магадлалтай учраас ийм эрсдлээс сэргийлж буй бөгөөд энэ тухайд Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар зориуд цохон тэмдэглэж, “хэрвээ хятадаас авч буй зээл Монголыг өрийн дарамтад оруулахаар байвал уг зээлийг авахгүй, ийм зарчмыг өмнө нь хэзээ ч тохирч байгаагүй, Монгол Улсыг өрийн дарамтанд оруулахгүй загвараар хамтын ажиллагааг өрнүүлэх зарчим дээр ойлголцсон” гэдгийг жиргээ хаягаараа дамжуулан мэдэгдсэн юм. Гэхдээ ямар арга замаар “өрийн урхи”-аас сэргийлэх гэж байгаа нь тодорхойгүй байна.
3 сая иргэн: Жилд 3 сая иргэн харилцан зорчдог болгох зорилт тавив. Өдгөө жилд 1 сая гаруй монгол, хятад иргэд харилцан зорчдог. Энэ тоог гурав дахин нэмнэ гэвэл цаашид аялал жуулчлалыг ихээр дэмжих, визийн нөхцлийг хөнгөвчлөх эсвэл бүүр харилцан визгүй болгох асуудлыг ч дэвшүүлж магадгүй.
Эдгээрийг дагаад хилийн боомтуудын тоог нэмэх, нэвтрүүлэх чадавхийг шуурхай болгох, хилийн худалдааг өргөжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах гэх мэт ажлыг эрчимжүүлэх шаардлагатай болно.
5 сая юанийн тусламж: Баруун аймгуудад 5 сая юанийн тусламж амлав. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И 8 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн төв Улаангомд монголын баруун таван аймгийн (Увс, Ховд, Баян Өлгий, Завхан, Говь Алтай) засаг дарга нартай уулзаж, Монгол, Хятадын орон нутаг хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцахдаа 5 сая юанийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн юм. Хятадын ГХЯ-ны сайтад мэдээлснээр монголын баруун аймагтай хамтын ажиллагааг онцолсон нь “хятадын “Бүс, зам”-ын гол зангилаа болсон Шинжаан Уйгарын Өөртөө засах оронтой хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар “Бүс, зам”, “Хөгжлийн зам”-ыг уялдуулах бас нэгэн суваг бөгөөд хятадын ААН-үүдийг монголын баруун таван аймагт хөрөнгө оруулахыг дэмжих”-ээ мэдэгдсэн байна.
70 жилийн ой: 2019 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болох бөгөөд ирэх жил ойд зориулсан арга хэмжээнүүдийг энэ жил талууд тохиролцож тогтохоор болов.
Монгол, Хятадын харилцаа ба айлчлалын ач холбогдол
Одоогоос 15 жилийн өмнө 2003 онд Хятадын дарга асан Ху Жиньтао Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Хятадын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг уул уурхайн салбар байна хэмээн онцолсон бөгөөд тухайн үед худалдаа нийтийн хоолны салбарт дийлэнхдээ ногддог байсан хөрөнгө оруулалт 10 жилийн дараа гэхэд 70 хувь нь уул уурхайд ногдох болсон юм. 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монголд айлчлах үеэр хамтын ажиллагааны тэргүүлэх салбарыг “уул уурхай, дэд бүтэц, санхүү” гэсэн гурвалсан цогц байдлаар хөгжүүлье хэмээн илүү өргөжүүлсэн билээ. Үүнээс өмнөхөн Хятад улс 2013 онд Евразийг холбосон “Бүс, зам” санаачилга дэвшүүлж, улс орнуудтай “дэд бүтэц, худалдаа, санхүү, бодлого, иргэд” гэсэн таван чиглэлээр хэлхээ холбоо тогтоохоо зарласан байв. Ингээд Монгол, Хятад хоёр улс “гурвалсан цогц” хамтын ажиллагааны зэрэгцээ “Бүс, зам” дагуух орны хувиар “таван хэлхээ”-г сайжруулах чиглэлээр хэрхэн яаж хамтран ажиллах тухайгаа хэлэлцдэг болсон билээ.
Харин 2016 оны 11 сард Далай лам Монгол Улсад айлчилснаар харилцаа 3 сар орчмын хугацаанд царцанги байдалд орсон юм. Энэ бол Монгол, Хятад хоёр улс 2014 онд “Иж бүрэн стратегийн түншлэл” тогтоосноос хойш харилцаанд тулгарсан анхны томхон сорилт байв. Гэхдээ талууд асуудлыг эв зүйгээр хэлэлцэн харьцангуй богино хугацаанд ойлголцолд хүрсэн явдал стратегийн түнш хэмээх агуулга хоосон утга биш гэдгийг нотолсон хэрэг.
Гэсэн ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятадын талаас өндөр түвшний айлчлал ховордож, 2011 оноос хойш Хятадаас жил бүр Улс төрийн товчооны байнгын гишүүний түвшний төлөөлөгч айлчилдаг байсан нь больсон юм. Энэ хооронд харин Монголын талаас Ерөнхий сайд хоёр удаа Хятадад айлчилж, Ерөнхийлөгч нэг удаа ШХАБ-ын дээд хэмжээний хуралд оролцохдоо Хятад улсын дарга Ши Жиньпинтэй уулзалт хийсэн байдаг. Гэхдээ хятадын талын өндөр түвшний айлчлалаас бусдаар бүх түвшинд ажил аажим боловч ахицтай явж, хоёр талын хийгээд эдийн засгийн коридор байгуулах гурван талын хамтын ажиллагаа урагшилсаар байсан юм.
Ийм уур амьсгал, нөхцөл байдлын дараа Хятадын гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилсан, айлчлахдаа олон бодит ажлыг тохиролцож, хамтын ажиллагааг эрс идэвхжүүлсэн нь хоёр талын харилцаанд гарч буй чухал ач холбогдолтой үйл явдал гэж энэ удаагийн айлчлалыг үнэлж болно.
Хятадын талын ашиг сонирхол
Хятад улс “Бүс, зам” санаачилгын хүрээнд эдийн засгийн 6 коридор байгуулахаар зарласны хойд коридорын нэг маршрут нь Монгол, Хятад, Орос гурван улсыг холбож буй юм. Коридорын дагуу дээр дурдсанчлан зөвхөн дэд бүтцээр холбогдох бус, худалдаа, санхүү, бодлого, иргэд хоорондын 5 чиглэлээр хэлхээ холбоо бий болгох нүсэр ажил бий.
Хятад улс өнгөрсөн 5 жилийн хугацаанд “Бүс, зам” дагуух орнуудад 70 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн агаад хятадууд Пакистантай байгуулж буй эдийн засгийн коридор, Лаос, Тайландад байгуулж буй төмөр замын төслүүдээ амжилттай жишээ болгон дурддаг юм. “Бүс, зам”-ын төслүүдийг санхүүжүүлэх Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 4 тэрбум гаруй ам.долларын төслийг санхүүжүүлээд байна.
Хятад улс “Бүс, зам”-ын дагуух төслүүдийг хоёр талд хоёуланд нь үр ашигтай байлгах талаар чухалчилж, тэр нь зөвхөн эдийн засгийн үр ашиг төдийгүй иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн төсөл байвал давуу талтай байхаар хандаж ажиллаж буй. Товчхондоо “хамтдаа хожих” (win-win) нь “Бүс, зам”-ын нэг зарчим юм. Гэвч нөгөө талаар зээл авсан жижиг орнуудын гадаад өр, эргүүлэн төлөх чадавхийг нь тооцолгүй санхүүжилт хийснээс болж өрийн дарамтыг нь хүндрүүлж, улмаар хяналт тавих эрх олж авч байна гэж Хятадыг барууны орнууд шүүмжилдэг. Үнэхээр ч Шри-Ланк улс өрнийхөө оронд боомтоо 99 жилээр Хятадад түрээслэхээр болсон, Малайз улс үүнээс сургамж авч, өрөнд орохгүйн тулд Хятадтай байгуулсан 1 тэрбум ам.долларын төслөө саяхан цуцласан.
“Бүс, зам” байгуулахад тулгарч буй эдгээр сорилтын эсрэг Хятад улс төсөл хэрэгжиж буй улсыг өрийн дарамтад оруулахгүй байхын сацуу тухайн улсын хөгжил хийгээд иргэдийн амьдралд бодит хувь нэмэр оруулсан байх амжилттай төслийн сайн жишээг олноор бий болгож, сурталчилах шаардлагатай тулгарч буй юм. Чухам энэ сайн жишээ болохуйц орны нэг нь магадгүй Монгол бололтой. Тийм учраас Ван И сайдын айлчлалын үеэр Хятад улс монголын 1.5 сая иргэний тулгамдсан асуудлыг шийдэх Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийг барихаар болж, зөвхөн уул уурхай гэхгүй монголын бусад боловсруулах аж үйлдвэрийг дэмжихээ илэрхийлж, Монголоос авах ХАА-н бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэхээр болж, байгальд ээлтэй ногоон торгоны зам байгуулах тухай ярьсан ба тохиролцсон эдгээр олон ажил монголын ирээдүйн хөгжилд үнэхээр л дэм болохоор байгаа юм.
Өргөн дэвсгэр дээр харвал улс төрийн сайн харилцааны суурин дээр эдийн засаг, батлан хамгаалах, хүмүүнлэгийн гээд бүх салбарын хамтын ажиллагаа зүйл бүрээр идэвхжиснээр Хятадын улс төр эдийн засаг соёлын нөлөө Монголд тэлэх нь гарцаагүй. Хятадын ашиг сонирхол бол хөрш орнууд дахь нөлөөгөө тэлэх замаар өөрийнхөө эргэн тойронд гадаад аюулгүй орчин бүрдүүлэх явдал. Гэтэл геополитикийн өрсөлдөгчийн хувиар АНУ зэрэг их гүрнүүд өндийн цэцэглэж буй их гүрэн Хятадыг тогтоон барих оролдого хийх бөгөөд Хятадын хөрш орнуудыг үүндээ татан оролцуулах нь түгээмэл.
Монгол Улс олон талт тэнцвэртэй гадаад бодлого явуулдаг бөгөөд Хятадын нөлөөг ч, Оросын нөлөөг ч, аль эсвэл “гуравдагч хөрш”-ийн нөлөөг ч аль алийг нь тэнцвэртэй хангах замаар аюулгүй байдлаа баталгаажуулах тухай л асуудал ярихаас бус аль нэг улсын нөлөөнд хэт автах эсвэл ор тас үгүйсгэх нь манай бодлого биш билээ.
Дүгнэлт
Хятадын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал ажил хэрэгч болсон ба хамтын ажиллагааг идэвжүүлсэн үр дүнтэй байв. Манай улс Хятадтай харилцахдаа хөгжлийн боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын өндөр сэрэмжтэй байдаг нь их гүрний дэргэдэх жижиг улсын зүй ёсны зовнил билээ. Хятад улс “Бүс, зам”, ШХАБ, Чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг ирээдүйд манай улсын хөгжил хийгээд аюулгүй байдалд ихээхэн нөлөөтэй саналуудыг дэвшүүлдэг. Манай улс бүс нутгийн хөдөлмөр хуваарилалтад өөрийн гэсэн байр суурьтай болоход “Бүс, зам” санаачилга томоохон боломж олгож буй юм.
Гагцхүү хамтын ажиллагаанд зайлшгүй харгалзах ёстой хүчин зүйл бол хоёр улсын хоорондох хэт тэнцвэргүй нөхцөл байдал юм. Тухайлбал хэтэрхий том, жижиг харьцангуй багтаамжтай, аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй болон аж үйлдвэржээгүй жижиг буурай хоёр хөгжлийн зөрүүтэй байдал зэргээс шалтгаалан үүсч болзошгүй тэнцвэргүй хамтын ажиллагааг харгалзах шаардлагатай.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
“Хизмет” хөдөлгөөний мөн чанар, Ф.Гюлений үзэл сурталДараах нийтлэл
ШХАБ дахь Монгол Улсын статус: PRO ET CONTRAСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23