Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлаарх маргаан нэлээн дэгдлээ. Шийдвэр гаргахад дэмжсэн хийгээд эсэргүүцсэн үндэслэлүүдийг аль алийг нь шалгах ёстой, тиймээс дэлхий нийтийн чиг хандлагад ШХАБ-ын эзлэх байр суурь, энэ байгууллагын мөн чанар, шийдвэр гаргах журам, бүтэц, функц, бодлогын зорилт, тэр дундаа эдийн засгийн зорилт, хамгийн чухал нь Монгол Улс ШХАБ-д ажиглагч хэвээр байснаар юуг алдах, юу олох вэ гэдэг талаар эсрэгцсэн байр суурийг харьцуулан толилуулж байна.
Дэлхийн чиг хандлага ба ШХАБ
PRO …
XXI зууны эхнээс нэг туйлт (АНУ-ын жанжлал бүхий) тогтолцоо ганхаж эхэлснээр олон туйлт чиг хандлага бодитоор бүрэлдэх боломж бүрдсэн. Хүчний гол төвүүд – ОХУ, БНХАУ, АНУ дангаараа болон өөрсдийн нөлөөлөл бүхий олон улс, бүс нутгийн байгууллагуудаар дамжуулан хүчний хуваарилалтыг өөрийн талд ашигтайгаар эргүүлэх, хүрээгээ тэлэх бодлого баримталж байна. Гэвч холбоотны уламжлалт, хатуу тогтоосон харилцаа туйлын уян хатан болж, цэрэг-улс төрийн холбоотнууд олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар эсрэг тэсрэг байр суурь баримтлах нь түгээмэл болсоор ирлээ. Нөгөөтэйгүүр, олон улсын байгууллагуудын гишүүн, түнш, ажиглагчийн зааг ялгаа улам бүдгэрч, ad hoc холбоотон, де-факто түнш байх нь илүү манёврлах боломжийг бүрдүүлэх болсноор нэг улс хэд хэдэн олон улсын байгууллагад ямар нэг статусаар “данслагдсан” байх үзэгдэл бий болж байна. Иймд НАТО дотор ч, ШХАБ дотор ч байр суурийн ялгаа ба харилцан давхцал бий болсон, нөгөө талаас ОХУ, БНХАУ хоёр шууд холбоотон болж, нийлж нэг туйл болох тухай огт яригдаагүй тул ШХАБ-ыг ч ийм өнцгөөс харах үндэсгүй юм.
CONTRA …
Дэлхийд олон туйлт чиг хандлага лавширч буйн зэрэгцээ гол хүчний төвүүдийн (ОХУ, БНХАУ, АНУ) хооронд нөлөөллөө тэлэх оролдлого нэмэгдэж, ашиг сонирхлын зөрчил илэрхий болж байна. Тодруулбал, дэлхийн хүчнүүдийн хуваагдал ид явагдаж, шинэ тэнцвэрийн цэгт хараахан хүрээгүй байна. Их гүрнүүдийн хооронд “АНУ ба түүний холбоотон VS Орос+Хятад ба бусад хүч” гэсэн загвараар гол өрсөлдөөн болж буй шинж тэмдэг дэлхийн халуун цэгүүд дэх сөргөлдөөнөөс харагдах болов. Хүчний хуваагдлын ийм орчинд ШХАБ-ын гол ач холбогдол нь Евразийн бүс нутаг руу бүсээс гадна орших орнуудын нөлөөг оруулахгүй байхад оршино. ШХАБ-ын “Гишүүн орнуудын хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-ний 4.2-т зааснаар “Гэрээлэгч талууд бусдынхаа эсрэг холбоо, бүлэглэлд орохгүй, бусаддаа дайсагнасан үйл ажиллагааг дэмжихгүй” гэсэн заалттай. Товчхондоо ШХАБ бол ОХУ, Хятадын тэргүүлсэн бүс нутгийн аюулгүй байдлын эвслийн шинжтэй олон улсын байгууллага, ирээдүйд НАТО-г дорно зүгт тэнцвэржүүлэгч үүрэгтэй, АНУ-ын давамгайллын эсрэг байгууллага аж.
ШХАБ чухам ямар байгууллага вэ?
PRO …
Газар нутаг, хүн амын хувьд асар том орон зайг хамарсан тус байгууллага улс төрийн тогтолцоо, гадаад бодлогын чиглэл, аюулгүй байдлын талаарх ойлголт, алсын хараа, нийгэм-эдийн засгийн хөгжлийн түвшин асар ялгаатай улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн тул улс төрийн нэг үзэл санаа, төрийн нэг тогтолцоо, үнэт зүйлийн нэг чиг баримжааг тулган хүлээлгэх, гишүүнчлэлийн болзол болгон тавих ямар ч бололцоогүй юм. Үүгээрээ цагаач, дүрвэгчид, ижил хүйстний асуудал зэргээр хэт либерал, үндэсний эрх ашиг, уламжлалт үнэт зүйлд харш бодлогыг тулган хүлээлгэдэг ЕХ зэрэг байгууллагаас эрс ялгаатай бөгөөд улс орнуудын язгуур ашиг сонирхолд бүрэн нийцнэ.
CONTRA …
Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэлх Евразийн улс орнуудыг хамардаг. Тус байгууллагын гишүүн орнууд нь хөгжлийн түвшин асар их зөрүүтэй, олон янз соёл иргэншил, шашин холилдсон, газар нутгийн зөрчилтэй, одоо ба ирээдүйн геополитикийн өрсөлдөгчид байдаг гэх мэт уламжлалт ба уламжлалт бус аюул занал хамгийн их холилдсон бүс нутгийн олон улсын байгууллага. Дээрх нөхцөл байдлаас болоод уг байгууллага нэгдсэн зөвшилцөлд хүрэхэд бэрх, хамтын ашиг сонирхол сул, том жижиг орнуудын ашиг сонирхлыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй, ирээдүйд дотоод зөрчил нь хурцдах магадлалтай юм.
ШХАБ хэрхэн шийдвэр гаргадаг вэ?
PRO …
ШХАБ-ынгишүүдийн эгнээ өргөжсөнөөр шийдвэр гаргалтын процесс зөвшилцөлд тулгуурласан, гишүүн орнуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн, улс төр, аюулгүй байдлын хатуу байр суурийг тойрсон, уян хатан болж төлөвших магадлал илүү. Энэтхэг, Пакистаны хооронд төдийгүй бусад гишүүн болон гишүүнээр элсэх эрмэлзлээ илэрхийлээд буй улсуудын хооронд зөрчил дэвэргэхгүйн тулд санал зөрүүтэй асуудлыг хэлэлцэх хэргийн дараалалд оруулахгүй намжаадаг АСЕАН-ы туршлагыг ШХАБ өвлөн авах нь дамжиггүй. Энэ нь шийдвэр гаргах чадамжид тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх ч жижиг улсуудад аль нэг том улсын шахалтаас зайлсхийх боломжийг төдий хэмжээгээр нэмэгдүүлнэ. 2017 онд Энэтхэг, Пакистан хоёр гишүүнээр элссэнээс хойших хугацаанд эрх ашгийн ийм зөрчил илрээгүй төдийгүй, тэдгээрийн хоорондын маргаантай асуудал, аль алиных нь АНУ-тай тогтоосон харилцааг хөндөхөөс аль болох зайлсхийж ирсэн болно.
CONTRA …
ШХАБ-ын Дүрмийн 16-р зүйлд зааснаар тус байгууллагын шийдвэр санал өгөх биш зөвшилцлийн замаар гарна, хэрэв зөвшилцөх явцад нэг ч гишүүн эсэргүүцээгүй бол шийдвэр батлагдсанд тооцно гэж бий. Үүнийг хоёр талтай харж болно. Нэгд, гишүүн орны тоо нэмэгдэх хэрээр шийдвэр гаргах чадамж нь суларна. Ялангуяа эсрэг тэсрэг Энэтхэг, Пакистан хоёр гишүүнээр орсон нь ШХАБ-ын шийдвэр гаргах явцыг гацаанд оруулж болзошгүй байна. Иймд энэ хоёр улс 2017 онд орсны дараах ШХАБ-ын төлөвшлийг цаашид ажиглах шаардлага бий. Хоёрт, 16-р зүйлийн хоёрт шийдвэрийн талаар гишүүн орнууд саналаа хэлж болох боловч энэ нь шийдвэрт нөлөөлөхгүй гэсэн заалт буй. Үүнийг жижиг орнуудад зориулсан бухимдал тайлах арга зам гэж харж болно. Жижиг орнууд гарч буй шийдвэрт сэтгэл дундуур байгаад байр сууриа илэрхийлсэн ч шийдвэрт нөлөө үзүүлэхгүй юм. Гэтэл тухайн жижиг орон шийдвэрийг дэмжихдээ том гүрний шахалтад орсон байхыг практик дээр үгүйсгэх аргагүй.
ШХАБ-ын бүтэц, функц юунд чиглэдэг вэ?
PRO …
Евразийн өргөн уудам нутгийг хамарсан эл байгууллага анхлан аюулгүй байдлын хамтын ажиллагааг эн тэргүүнд чухалчилж ирсэн боловч хөгжил, хувьслынхаа 17 жилийн туршид эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, иргэд хоорондын харилцааг тэнцүү хөгжүүлэх чиглэлд анхаарч ирэв. Энэ нь бүс нутгийн болон бүс нутагт орших улс орнуудын аюулгүй байдалд шууд заналхийлж болох терроризм, салан тусгаарлах, хэт даврах үзэлтэй хамтран тэмцэх зорилгоос ухарсан гэсэн үг биш бөгөөд зүйрлэвээс ЕАБХАБ-тай төстэй, улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм-соёлын харилцаа гэсэн хэд хэдэн “сагс”-ны хүрээнд гишүүн орнуудын хамтын ажиллагаа, солилцоог жигд хөгжүүлэх чиглэлд өрнөж байна. Ажиглагчийн статус улс төрийн дээд хэмжээний арга хэмжээнд оролцоход бүрэн хангалттай ч бусад “сагс”-ны хүрээнд үр ашигтай оролцоогоо хангахад статусыг шат ахиулах зайлшгүй шаардлагатай.
CONTRA …
ШХАБ-ын байнгын механизмд Төрийн тэргүүн нарын уулзалт, Засгийн газрын тэргүүн нарын уулзалт, Гадаад хэргийн сайд нарын уулзалт, Салбарын сайд нарын уулзалт, Зохицуулах зөвлөл, Бүс нутгийн терроризмтой тэмцэх байгууллага, Нарийн бичгийн дарга нарын газар гэсэн байгууллагууд багтдаг. Ажиглагч орнууд 2009 оноос хойш Төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт буюу хамгийн дээд түвшний арга хэмжээнд оролцдог болсон нь ажиглагч орны оролцоо хангалттай өргөн хүрээнд гэсэн үг.
Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагааны чиглэлийн тэргүүнд аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх, терроризм, салан тусгаарлах үзэл, шашны хэт даврах үзэлтэй тэмцэх хэмээн дүрмэнд (ШХАБ-ын Дүрмийн Гуравдугаар зүйл Хамтын ажиллагааны чиглэл хэсэг) заасан байдаг. Тус байгууллагын бүтэц, үйл ажиллагааны чиглэлээс харахад аюулгүй байдлын асуудлыг голчилсон олон улсын байгууллага болох нь тод харагдана.
Терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмтэй тэмцэх нь бидэнд яаж нөлөөлж болзошгүй вэ?
PRO …
Монгол Улс олон улсын терроризмтой тэмцэх үйл хэрэгт идэвхтэй оролцож, дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөөд буй. Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох хоёр хөршийн аюулгүй байдалд заналхийлж буй, тэдний зүгээс террорист, салан тусгаарлагч, хэт даврагч хэмээн тодорхойлж буй аливаа хүчнийг ил, далд дэмжиж буй мэт сэтгэгдэл төрүүлэх ямар ч үйлдлийг Монгол Улс гаргах ёсгүй бөгөөд чингэх нь олон улсын тавцанд “хоёр нүүр гаргасан” үзэгдэл болно. Оршин тогтнохын аюулгүй байдлын тулгуур асуудлыг шашин шүтэх эрх чөлөө, угсаатны нийтлэг гэх зэрэг аливаа үндэслэлээр зөвтгөхийг оролдох нь туйлын болчимгүй хэрэг болно.
CONTRA …
ШХАБ терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмтэй тэмцэж, аюулгүй байдлыг хангах гол зорилготойн хувиар гишүүн орнууд хооронд энэ чиглэлээр хамтран ажиллах зохицуулалтууд бий. Тухайлбал, “Гишүүн орнуудын хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-ний 8.2-т “гэрээнд нэгдэгч талууд … террорист, салан тусгаарлагч, экстремистүүдийн тухай мэдээлэх, саатуулах, шилжүүлэн өгөх чиглэлээр хамтран ажиллана” гэсэн заалт байгаа нь монголын сүсэгтнүүд Далай ламтай шашин номын талаар харилцахад нөлөөлөх төдийгүй Монгол Улс Өвөр Монголын тэрс үзэлтнүүдийн эсрэг ажиллах шаардлагыг бий болгож болзошгүй юм.
ШХАБ-ын эдийн засгийн интеграци бодитой юу?
PRO …
ШХАБ-ын хүрээнд олон талт эдийн засгийн хамтын ажиллагаа удаашралтай, бодит үр дүн тааруу хэрэгжиж ирсэн ч хоёр талт, түүгээр зогсохгүй гурван талт хамтын ажиллагааг хэрэгжүүлэх урьдач нөхцөл нь ШХАБ-ын олон талт механизмд нэгдэн орох явдал болоод байна. Өөрөөр хэлбэл, ШХАБ дахь статусаа шат ахиулаагүй тохиолдолд хоёр талт, гурван талт аливаа механизм хөдөлгөөнд ороход бэрхшээлтэй болно. ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулагдах эсэх нь гол бус, тэр нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай өрсөлдөх, орлох, эсхүл зэрэгцэн орших зорилго агуулахгүй нь тодорхой. ШХАБ гишүүн орнуудын ойртон нягтрах, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар бодлогын шийдвэр гаргаж, санхүү, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх үүргийг бүс нутгийн интеграцийн өөр механизмууд хүлээх ажил үүргийн хуваарь ч бий болох боломжтой. Гишүүн орнуудын байр суурийн зөрүүтэй эсэх нь тулгамдсан асуудал биш бөгөөд (байгууллагын эгнээ тэлэх хэрээр улам л ялгаатай болно) харин шийдвэр гаргалтын явцад бүрэн оролцоотой байх нь төслүүдэд хамрагдах гол угтвар нөхцөл болно.
CONTRA …
ШХАБ-ын хүрээнд олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулдаг боловч хэрэгждэггүй. Орос, Хятадын Төв Азийн орнуудтай хийж буй эдийн засгийн хамтын ажиллагааны гол төслүүд цөм хоёр талын шугамаар тохиролцож хэрэгжүүлсэн байдаг. ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах саналыг 2010 онд гаргасан боловч өнөө хэр байгуулагдаагүй. Гэтэл Хятад улс 2014-2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хэмээх олон талт санхүүгийн механизмыг санаачлан байгуулаад үйл ажиллагаагаа нэгэнт эхлээд байгаа. ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулагдахгүй удаж буйн шалтгаан юу вэ? Банк байгуулах нөөц боломж бүх гишүүн оронд бий юу, Хятад хөрөнгийг гаргаж дийлэнх хувь эзэмшихийг ОХУ зөвшөөрөхгүй байна уу, банк байгууллаа гэхэд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай өрсөлдөх үү, Төв Азид хэрэгжүүлэх төслүүдийг хөнгөлттэй санхүүжүүлэх үү, тэгснээр эргээд хөрөнгөө нөхөж чадахгүй эрсдэлд орох уу гэх мэт олон асуулт бүрхэг байна. Энэ бүхэн нь санхүүгийн салбарт хамтын ажиллагаа урагшгүй байгааг илтгэж буй.
ШХАБ юунаас болгоомжилдог вэ?
PRO …
ШХАБ бол НАТО шиг аливаа маргаанаа шийдвэрлээгүй улсыг гишүүнээр элсүүлэхгүй гэсэн хатуу болзолгүй, ЕХ шиг улс төрийн тогтолцоо, эдийн засгийн хэв шинж, нийгмийн үнэт зүйлийн нэг хэлбэрийг тулган хүлээлгэдэггүй, үүгээрээ АСЕАН, ЕАБХАБ-тай төстэй зачмаар төлөвшин тогтох шатандаа явж буй байгууллага юм. Тиймээс хоорондоо маргаан, зөрчил бүхий гишүүн орнуудыг эгнээндээ нэгтгэхээс болгоомжилдоггүй, харин тэдгээр асуудлыг байгууллагын доторх яриа хэлэлцээний сувгаас гадуур, хүч хэрэглэн шийдвэрлэх аливаа оролдлого гарахаас сэрэмжилдэг. Мөн яг өнөөдрийн байдлаар ОХУ-ыг эс тооцвол бүх гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнууд АНУ-тай хэвийн харилцаатай байхыг эрмэлздэг, НАТО-д гишүүн (Турк нь мөн ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш орон мөн), түнш (Төв Азийн орнууд НАТО-ийн Энхийн төлөө түншлэлд хамрагддаг) орнуудыг хамарч буй тул байгууллага хоорондын сөргөлдөөнд ч сонирхолгүй юм.
CONTRA …
Олон улсын байгууллагын хувьд хараахан бүрэн төлөвшөөгүй учраас гишүүд дотор зөрчил үүсэх, их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил хурцдах зэргээс болгоомжилдог. ШХАБ-ын дүрэмд гишүүн орнууд хоорондын зөрчлийг энх тайвнаар шийдвэрлэнэ хэмээн заасан. Хоорондоо газар нутгийн ширүүн маргаантай Энэтхэг, Пакистан хоёр улс гишүүнээр элссэн. Тэдний зөрчлийг хэрхэх талаар тодорхойгүй байна. ШХАБ-ыг Энэтхэг, Пакистаны маргааныг хэлэлцдэг талбар болох вий гэсэн зовнил бий. Үүнээс гадна ШХАБ-ын ажиглагч Иран улс ШХАБ-д элсэх замаар АНУ-ын Төв Ази, Баруун өмнөд Ази дахь цэргийн тэлэлтийг хазаарлахыг оролдож байна. Иран ШХАБ-аар дамжуулан АНУ-д шахалт үзүүлэх сонирхолтой байгаа учраас Ираныг ажиглагч орноос гишүүн орон болгох асуудлыг хойшлуулдаг юм. ШХАБ эдгээр болгоомжлолоо хэрхэн даван туулах, шийдвэрлэх вэ гэдгийг цаашид ажиглах шаардлага бий.
Монгол ШХАБ-д ажиглагч хэвээр байснаар юунаас хоцрох вэ?
PRO …
МАНАЙ улс ШХАБ-ын анхны ажиглагч хэдий ч энэ статустайгаараа 14 жил болсон, хожуу ажиглагч болсон орнууд гишүүнчлэлээ жинхлээд байгаа нь тус байгууллагад, түүгээр дамжин хоёр хөршдөө итгэх итгэл сул байгаа мэт дохио болно. Ажиглагч хэвээр байснаар эдийн засгийн интеграцид чиглэсэн бодлогын шийдвэрээс хоцорч, гурван талт хамтын ажиллагааны механизм лоозон төдий үлдэх эрсдэлтэй. Аюулгүй байдлын хувьд өнөөгийн хүрсэн түвшин дордохгүй нь үнэн боловч хэтдээ хөршүүдтэйгээ улс төрийн итгэлцэл саарах, “гуравдагч хөрш”-ийн томоохон төлөөлөлтэй ШХАБ-ын талбарыг ашиглан идэвхтэй харилцах боломж хомсдохыг ч бодолцох учиртай.
CONTRA …
ШХАБ-д гишүүн орноор элсэхгүй байгаа нь хоёр хөршдөө үл итгэсэн хандлага биш. ШХАБ-д ажиглагчийн статустай олон жил явсныг хөрш орнууд маань ч ойлгож буй. Хятадын эрдэмтэн Ван Жянгуо “ШХАБ-ын авторитар хэм хэмжээ нь Монголын ардчиллын айдэнтити болон “гуравдагч хөрш”-ийн бодлого, олон тулгуурт гадаад бодлоготой тохирдоггүй” хэмээн оновчтой дүгнэсэн бий. ШХАБ-д гишүүнээр элсвэл эдийн засгийн том төсөл сая хөдөлж эхэлнэ гэх мэт нөхцөл тулгаж байвал ШХАБ өөрөө блок байгууллага гэсэн үг үү. Бид ажиглагч хэвээр байснаар лавтай эдийн засгийн интеграциас хоцрохгүй, бүс нутгийн орнуудаасаа гадуурхагдахгүй, аюулгүй байдал маань дордохгүй.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
“Ажил хэрэгч” айлчлалДараах нийтлэл
Монгол ШХАБ-д элсэх тухай асуудалд: Гай ч, гавьяа ч гарахгүйСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23