“Хизмет” хөдөлгөөний мөн чанар, Ф.Гюлений үзэл суртал

2018-08-27

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/h_513.jpg

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар-Эмпати” дунд сургуулийн захирал Туркийн иргэн Вейсел Акчай (Veysel Akçay)-г тойрсон шуугиан Монгол-Туркийн найрсаг харилцаанд сэв суулгах хэмжээнд дөхөж очсон ч хоёр тал улс төрийн уужуу байр суурь барьснаар эмзэг сэдэв болтол дэвэргээгүй нь олзуурхууштай. Хэдий тийм боловч В.Акчайг цаашид хэрхэх асуудал болон уг сургуулийн статусыг хэрхэн харилцан таатай нөхцөлөөр шийдвэрлэх асуудлууд нээлттэй хэвээр үлдэв. Иймээс Монгол дахь “Туркийн” гэгдэх дунд сургуулийг хэн ямар зорилготой байгуулсан, Туркийн төр, засаг уг сургуулиудыг байгуулсан гэх “Хизмет” (“Hizmet”) хөдөлгөөнийг ямар учраас террорист байгууллага хэмээн нэрлэж байгааг анхаарах ёстой юм.

Ф.Гюлен: үзэл санаа, номлол, хувь хүний онцлог

ИСЛАМЫН номлогч Фетхулла Гюлен (Fethullah Gülen) “Хизмет” хэмээх суннит хөдөлгөөнийг (албан бус статустай) үүсгэн байгуулжээ. Энэ хөдөлгөөн нарийн шат дараалсан зохион байгуулалттай бөгөөд удирдлага нь зөвлөлдөх байгууллагын төлөөлөл болсон 7 хүний бүрэлдэхүүнтэй. Хөдөлгөөнийг Ф.Гюлен биечлэн удирддаг бөгөөд тэрээр өөрийн үзэл бодол, санаагаа шийдвэр хэлбэрээр илэрхийлдэг аж. Түүний хэлсэн үгийг зөвлөлдөх байгууллага нь бүс нутаг, муж, хот, хороолол болон дунд сургуулийн сурагч нарт хүргэдэг байна. “Хизмет” хөдөлгөөн нь Ф.Гюлений үзэл санаагаар зэвсэглэсэн олон улсын олон нийтийн хөдөлгөөн юм. Түүний сургаальд “хүмүүсийн төлөө сэтгэл гарган зүтгэх, үйлчлэх” гэх номлол байдаг нь Турк, Төв Азийн болон бусад оронд олон дэмжигчтэй болоход түлхэц болжээ.

Лавлагаа. Фетхулла Гюлен нь 1941 оны 4 дүгээр сарын 27-нд Туркт төрсөн, “Хожа-эфенди” өргөмжит цолтой, исламын олон нийтийн зүтгэлтэн, номлогч. “Хизмет” олон нийтийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, ислам шашны суннит урсгалын ханафит чиглэлийг баримталдаг, зохиолч (60 гаруй ном зохиол туурвисан) ба Сэтгүүлчдийн сангийн хүндэт ерөнхийлөгч хүн юм. 90-ээд онд Ф.Гюлен Туркт сүм хийд олон байгаа нь ард иргэдэд төдийлөн шаардлагагүй тул дунд сургуулиудын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн уг шийдвэрээ стратеги болгон хэрэгжүүлсэн. Энэ шийдвэрийн дагуу Туркт төдийгүй олон оронд дунд сургуулиудын сүлжээ байгуулагдаж, “Хизмет” хөдөлгөөнийг санхүүжүүлэх гол эх үүсвэр болжээ.

Ф.Гюлен 1999 оноос хойш АНУ-ын Пенсильвани мужийн Сэйлорсбург хотод амьдарч байгаа. Тэрээр чихрийн шижин өвчтэй бөгөөд түүнийгээ эмчлүүлэх зорилгоор АНУ-д очсон гэдэг. Prospect and Foreign Policy сэтгүүлийн 2010 оны олон нийтийн санал асуулгын дүнгээр Ф.Гюленийг дэлхийн нөлөө бүхий мусульман шүтлэгт 500 хүний жагсаалтад багтаасан байдаг. Харин Time сэтгүүлийн 2013 онд гаргасан рейтингээр дэлхийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулжээ.

 

Ф.Гюлен хэзээ ч аливаа хүнд хандаж шууд үүрэг даалгавар өгдөггүй онцлогтой гэгддэг. Харин өөрийнхөө үүргийг хүмүүсийн сэтгэл санаад тохируулан итгэн үнэмшүүлэх, “зөөлөн” хэлбэрээр, жишээ нь “үүнийг хийсэн бол сайн болох байж” гэсэн хэлбэрээр ярьдаг аж. Түүний хэлсэн үгийг гишүүд, дэмжигчид нь үүрэг хэмээн хүлээн авч цааш нь өөрсдөө баяжуулан дэлгэрүүлж заавал биелүүлэх зарчим гэж мөрдлөг болгодог байна.

Ф.Гюлен нь залуу үеийн ёс суртахууны хүмүүжлийн асуудалд гол анхаарлаа чиглүүлэн ажилладгаараа нэр хүнд олсон. Тэрээр олон үндэстэн ястны хооронд яриа хэлэлцээний замын гол суурийг Туркт бий болгон түүнийгээ олон улсын хэмжээнд дэлгэрүүлэх ёстой гэж үздэг. Ф.Гюлен өөрийн номлол болон зохиолдоо шинэ үзэл хандлага дэвшүүлэхийг оролддоггүй бөгөөд харин өмнөх үеийн исламын сонгодог сэтгэлгээний төлөөлөл болсон мэргэдийн сургаалыг түшиглэн хөгжүүлдэг байна. Исламын тухай хуучинсаг, бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт, зарчмыг баримталдаг. Ф.Гюленийг ислам дахь дотоод бясалгалын урсгал болох суфист чиглэлтэй ч холбоотой гэж үзэх нь бий.

Ф.Гюлений сургаал нь исламын бусад урсгалаас нэгд, мусульман шүтлэгтнүүд улс түмнүүдийн нийтлэг сайн сайхны төлөө үйлчлэх ёстой гэж номлодог, хоёрт, мусульманчууд христийн, иудейн зэрэг бусад шашинтай яриа хэлэлцээ хийх замыг сонгохыг чухалчилдгаараа онцлог ялгаатай. Ф.Гюленд 2000 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч 2008 онд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

“Хизмет” хөдөлгөөн: зорилго, бүтэц, үйл ажиллагаа

Ф.Гюлений хөдөлгөөний гишүүд, дэмжигчдийн тоо дэлхий даяар 5 саяд хүрсэн гэж үздэг. Гэхдээ Туркт энэ хөдөлгөөний талаар ямар нэгэн тоо баримт байдаггүй ажээ. Тэр байтугай хөдөлгөөн нь албан ёсны гишүүнчлэлгүй гэж үздэг. Хэдий ийм боловч уг хөдөлгөөн туркийн бизнесменүүд, сэтгүүлчид, багш нар, хуульчид, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн дунд дэмжигч олонтой. Ф.Гюлений талынхан арилжааны банк, зуучлагч компаниудыг үүсгэн байгуулж, татварын орлогоос санхүүжилт гарган авч сүлжээгээ дэлгэрүүлдэг онцлогтой. Ялангуа бусад улсын засгийн газар, хувийн хэвшилтэй хамтран дунд сургууль байгуулж, сургалтын төлбөр болон хичээлийн хөтөлбөр, сурах бичиг зохиох төслөөс орлогынхоо үлэмж хэсгийг босгодог ажээ. Иймэрхүү замаар тус хөдөлгөөн нь дэлхийн 140 гаруй оронд дунд сургуулиудын сүлжээтэй болсон гэдэг ба хамгийн олон дунд сургууль нь АНУ-д төвлөрдөг байна.

Тус хөдөлгөөний гишүүд нь боловсрол, зэвсэгт хүчин, тагнуулын алба, шүүх засаглалд чухал байр суурь эзлэн эрх мэдлээ нэмэгдүүлэхийг зорьдог. Ф.Гюлен болон түүний хөдөлгөөний гишүүдэд туркийн сонгуулийн үед сонгогчдын санал авах боломж хязгаарлагдмал байдаг. Ф.Гюлен нь Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоантай харилцаагаа хурцатгахаас зайлсхийдгийг түүний яриа өгүүлэл, хэлсэн үгнээс шинжээчид дүгнэлт хийжээ. Тухайлбал, “Хизмет” хөдөлгөөн ардчилал, хуулийн засаглалыг дэмждэг, сонгогчдод ээлтэй хүний төлөө саналаа өгөх хэрэгтэй гэж номлодог ба аль нэгэн намын төлөө санал өгөхийг тулгах нь сонгогчдын оюун ухааныг үл хүндэтгэж буй хэрэг үздэг хэмээн BBC агентлагийн сурвалжлагч, судлаач Р.Амстердам үзэж байна.

Харин Туркийн төр, засгийн зүгээс “Хизмет” хөдөлгөөнийг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, соёл, боловсролын хөтөлбөрөөр халхавчилсан террорист байгууллага гэж үздэг ба “Фетхулланист террорист байгууллага” (Fethullahçı Terör Örgütü буюу FETÖ) хэмээн албан ёсоор нэрлэдгийг анхаарах ёстой юм.

Ф.Гюлен Туркийн засгийн газрын эсрэг хийх тэмцэлдээ үндэсний цөөнх – курдуудыг турхирахыг оролддог байж болох ч курдын хөдөлгөөн нь шашны үзэл сурталтай хамааралгүй шахам, салан тусгаарлах зорилготой тул нийлэх өнцөг байхгүй бололтой. Тухайлбал, Туркийн гадаад хэргийн сайд асан Я.Якиш “Ф.Гюлен курдын салан тусгаарлагчдыг Р.Т.Эрдоаны эсрэг босгох хүч хомс. Курдын дунд өөр үзэл суртал тархсан тул тэд холбоо тогтоохоор оролдохгүй” гэж дүгнэж байжээ.

“Хизмет” хөдөлгөөн гадаадын, ялангуяа Өрнөдийн орнуудын тусгай албадтай холбоотой гэх үзэл ч түгээмэл байдгийг бас анхаарвал зохино. ОХУ-ын Дагестаны дорно дахин судлаач Р.Курбашов “Ф.Гюленийг америкчууд дэмждэг, түүний шашны номлолыг Төв Ази болон Оросын Ижил мөрөн хавийн ислам шашинт ард иргэд дэмждэг юм. Түүний лицейн 50 сая төгсөгчид бол АНУ-ын тагнуулын сүлжээний үүр юм. Ф.Гюлен бол ганцаараа юу ч хийж чадахгүй хүн ба зөвхөн барууны орнуудын дэмжлэгийг авснаар боловсролын сүлжээг байгуулсан. Иймээс Ф.Гюлений талынхныг илчилж байх хэрэгтэй” гэж дүгнэжээ.

Энх тайвны төлөө Карнегийн сангийн Москва дахь төвийн шинжээч А.Малашенко “Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан гюленчүүдээс салах бодлогыг тууштай, зорилготой явуулж байна. Цэргийн эргэлт гаргах оролдлогыг Ф.Гюленд тулгаж байгаа хэдий ч түүний дэмжигчдийг дэлхий даяар тархсаныг устгаж чадахгүй” гэсэн дүгнэлт хийсэн. Харин Маржаны сангийн ислам судлалын төвийн шинжээчдийн үзэж байгаагаар Ф.Гюлений хөдөлгөөнийг туркийн боловсролын салбарынхан голдуу дэмждэг гэх боловч бодит байдлаар нийт багш нарын зөвхөн 10 хувь нь дагадаг байна гэжээ.

Р.Эрдоан ба Ф.Гюлен: “холбоотон”-оос “өстөн”

Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоан, Ф.Гюлен нар анд нөхөд, хамтран зүтгэгчид гэгдэж явсан үе бий. Харин 2013 оноос хойш эдний нөхөрлөлд ан цав үүсэж сөргөлдөж эхэлсэн бололтой. Тухайлбал, 2013 онд Истанбул хотод гарсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг тухайн үед ерөнхий сайд байсан Р.Т.Эрдоан хүчээр дарсан явдлыг Ф.Гюлен эсэргүүцсэнээр үл эвлэрэх зөрчил ил гарсан гэж үздэг. Дараахан нь буюу мөн оныхоо 12 дугаар сард ерөнхий сайдын ойр дотны хүмүүс нь хээл хахуулийн хэрэгт холбоотой гэсэн мэдээллийг Ф.Гюлений талыг баримтлагч шүүгчид тараасан хэмээн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам (Adalet ve KalkInma Partisi, AKP) бол Туркийн шүүх засаглалын систем нь эрх баригчдаас хараат гэдгийг баримтаар нотлогдсон зүйл гэж Ф.Гюлен шүүмжилдэг.

Р.Т.Эрдоан, Ф.Гюлен нар зөрчилдөж эхлэхээсээ өмнө ислам шашны аядуу урсгалыг дэмжиж, төр, шашны хэргийг хэт хатуу заагласан тогтолцоог аажмаар өөрчлөх зорилго агуулж байсан гэдэг. Харин шашны урсгал, чиглэлийн тухайд анхнаасаа зөрүүтэй байсан нь Р.Т.Эрдоан исламын уламжлалт урсгал, Ф.Гюлен бясалгалын чиглэлийн суфист урсгалыг түлхүү барьдаг байсан гэх мэдээлэл байдаг. Аль аль нь  Туркийн төрийн албанд он удаан жил ажилласан хуучинсаг элементүүдийг өөрсдийн талын боловсон хүчнээр солих хэрэгтэй гэх үзэл дээр нэгддэг байсан бололтой.

Р.Т.Эрдоан, Ф.Гюлен нарын зөрчил хурцадсаар эцэстээ 2016 оны 7 дугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогоор дээд цэгтээ хүрчээ. Туркийн зэвсэгт хүчний дээд тушаалын зарим офицеруудын хуйвалдаан, удирдлагаар цэргийн эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлогын гол буруутан нь Ф.Гюлен болон FETÖ хөдөлгөөн гэж Туркийн засгийн газар үздэг. Ф.Гюлен өнөөгийн Туркийн төр, засгийн эсрэг “зэрэгцээ улс орон” байгуулах санаа агуулдаг гэж үзэх нь олонтаа. Улмаар Ф.Гюленийг АНУ-аас албадан гаргах шаардлагыг 3 удаа тавьсан гэх боловч өнөөдрийг хүртэл америкийн талаас асуудалд тодорхой хариулт өгөөгүй байна. Ф.Гюлен бол зөвхөн ил гарч буй дүр бөгөөд харин гэмт байгууллагын жинхэнэ толгойлогчид нь өөр хүмүүс байгаа гэж Р.Т.Эрдоан үзэж байна. Р.Т.Эрдоан 2017 оны 10 дугаар сард Истанбулд болсон TRT World Forum” чуулга уулзалт дээр үг хэлэхдээ “АНУ нь Анкаратай тогтоосон түншлэлийн харилцаанд үнэнч байхаа бодитой илэрхийлэх хэрэгтэй” гэжээ. Ер нь Р.Т.Эрдоан АНУ Ф.Гюленийг хамгаалаад байгаа гэсэн байр суурин дээр хатуу зогсдог хүн юм.

Дүгнэлт

Монгол дахь “Туркийн хөрөнгө оруулалттай” гэгдэх дунд сургуулиудын статусын асуудал цаашид ч сөхөгдсөөр, хоёр улсын түншлэлийн харилцаанд хүндрэл учруулсаар байх нь ойлгомжтой. Уг сургуулиудыг Ф.Гюлений үндэслэсэн “Хизмет” буюу Туркийн засгийн газраас “Фетхулланист террорист байгууллага” хэмээн нэрлэдэг исламист хөдөлгөөн санхүүжүүлдэг гэх байр суурийг БНТУ тууштай баримталдаг. БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Язал “Монгол эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ төлөө зориулж буй сургалтын төлбөрийг террорист байгууллага өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа нь Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс мэт харагдахад хүргэж байна” гэж хэлсэн нь тус улсын төр, засгийн албан ёсны байр суурь гэж үзэх хэрэгтэй. Олон улсын терроризмын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд зогсож, үүргээ нэр төртэй биелүүлж буй Монгол Улсын нэр хүндэд ийм төрлийн сэв суух ёсгүй ба нөгөө талаас, найрамдалт харилцаатай улсын төр, засгийн байр суурийг хүндэтгэн үзэх ёстой. Орчин үед терроризмын аюултай хийх дэлхий нийтийн тэмцлийн эрчийг сааруулах зорилгоор хүний эрх, хүнлэг ёс, ардчиллын үнэт зүйлээр дулдуйдан төрийн хүчин чадлыг доройтуулах зорилго бүхий ажиллагааг дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн сургамжаас ч суралцах ёстой юм.

 

 


Ангилал: Долоо хоногийн тойм


Сүүлд нэмэгдсэн

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭЖ ИРСЭН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

2020-06-26

АНУ-АВСТРАЛИЙН ХОЛБООТНЫ ХАРИЛЦАА БА НОМХОН ДАЛАЙ ДАХЬ ХЯТАДЫГ “ТОГТООН БАРИХ” СТРАТЕГИ

2020-06-19

Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах АНУ-ын санаархал: төсөөлөгдөн буй болон бодит үр дагавар

2020-06-11

ХОНКОНГ ДАХЬ ХЯТАДЫН БОДЛОГО ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

2020-06-04

“COVID-19” БА ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2020-05-28

“COVID-19” БА “FAKE NEWS”: “МЭДЭЭЛЛИЙН ЦАР ТАХАЛ”-ЫН ЭРСДЭЛ

2020-05-22

Мэдээллийн дайн буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл (Гадаадын цэрэг, тусгай албадын зарим үйл ажиллагаа ба аюулгүй байдлын тулгамдсан асуудал)

2020-05-15

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /төгсгөл/

2020-05-08

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /эхлэл/

2020-05-01

ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БА МОНГОЛ УЛС

2020-04-24