Геостратегийн боломж ба эрсдэл: бага оврын хиймэл дагуул

2018-08-23

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674-1.jpg

Сансрын уудам аюулгүй байдал, геополитикийн онцгой орон зай. Олон улсын харилцааны системийн нэг адил энд “том”, “жижиг” тоглогчид байна. “Жижиг” хэмээгдэх улс орнуудын хувьд өнөөг хүртэл, санхүү, техник, технологийн хувьд хүртээлгүй, хаалттай, хараат байсан орон зай. Сүүлийн үед бага оврын, ухаалаг хиймэл дагуулын технологийн шинэ эрин үе эхэлснээр энэ орон зайд их гүрнүүдийн стратегийн шинэ өрсөлдөөн эхэлж байна. Харин “жижиг” улсуудад сансрын орон зайг шууд ашиглах шинэ боломж нээгдэж байгаа боловч аюулгүй байдлын шинэ эрсдэл бий болж байна.

ӨРГӨН УУДАМ нутагтай, хүн ам сийрэг байршсан, хөгжиж буй, “жижиг” орнуудын хувьд сансрын орон зайг ашиглах, орчин үеийн хиймэл дагуулын мэдээлэл, харилцаа, холбооны технологиор хэрэгцээгээ хангах асуудал нэн төвөгтэй. Хөгжингүй орнуудын хиймэл дагуул, дэд бүтцийг ашиглах нь санхүүгийн хүндрэлээс гадна, тусгаар улсын аюулгүй байдалд ч эрсдэлтэй.

Зураг 1. Бага оврын хиймэл дагуул

Технологийн 4-х хувьсгалын цахимжсан шинэ эрин үе дэлхийн бүх улс оронд шинэ, ижил боломж олгож байна. Үүний нэг жишээ нь сүүлийн үед эрчимтэй дэлгэрч буй бага оврын, ухаалаг хиймэл дагуулын систем юм. Тэдгээрийг хямд үйлдвэрлэж, олноор нь ойрын тойрог замд байршуулж ашиглах боломж аль ч оронд нээлттэй болж байна.

Дэлхийд сансрын технологиор АНУ, ОХУ, Франц, Герман, Япон зэрэг хөгжингүй орнууд тэргүүлж байсан бол сүүлийн үед БНХАУ нэмэгдэж, түүнийгээ аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт эрчимтэй хөгжүүлж байна. Дээрх орнууд өнөөг хүртэл ашиглагдаж буй “том” хиймэл дагуулуудыг гео стационар алсын (GEO, 35000+ км өндөрт) болон дунд зайны (MEO) тойрог замд гаргаж харилцаа холбоо, тандан судалгаа, газар зүйн мэдээллийн болон байршлын систем, цаг уур, хүрээлэн буй орчны судалгаанд ашиглаж байна (Зураг 1).

Зураг 2. Тойрог замын ангилал

Тэдгээр нь хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухаан технологийн дэвшилд ашиглагдахаас гадна аюулгүй байдал, цэрэг дайны ажиллагааны гол суурь болж байна. Хөгжингүй улс орнуудын хиймэл дагуул гол төлөв өөрийн газар нутгийн харилцаа холбоо, тандан судалгаа, зураглалд зориулсан тойрог замтай байдаг тул алслагдмал, хөгжиж буй орнуудыг хамрахгүй, тэдгээрийн хэрэгцээ, шаардлагад төдийлөн нийцэхгүй, санхүүгийн боломж нь хүрэлцэхээргүй зардалтай байдаг. Цаг уур, байгаль орчны хяналт, газар хөдлөлт, түймрийн олон улсын хиймэл дагуулын үйлчилгээ байгаа боловч нарийвчлал, шуурхай байдал нь хангалтгүй, ялангуяа байгалийн гамшиг, онцгой байдлын нөхцөл үүссэн үед тухайн газар нутаг, цаг үеийн шаардлагатай хиймэл дагуулын шуурхай мэдээлэл авах, харилцаа холбоогоор хангах, арга хэмжээ авахад хүндрэлтэй байдаг.

Аль ч улс орны үндэсний аюулгүй байдлын салбар шуурхай, нэгдмэл, аюулгүй байдлыг хангасан үндэсний хэмжээний тусгай харилцаа холбооны систем, газар зүйн мэдээллийн, тандан судалгааны болон байршил зүйн өөрийн системтэй байх шаардлагатай.

Бага оврын хиймэл дагуул гэдэгт “фемто, пико, нано, микро” хэмээх 100г–аас 1 тонн хүртэл жинтэй (Зураг 3.), зураглал, холбоо, тандан судлалын шаардлагатай хүчин чадлыг агуулсан “ухаалаг” технологи бүхий төхөөрөмжүүдийг хэлж байна. Тэдгээрийг хөөргөж нам тойрог (LEO, 300-1500 км)¹ замд багцаар нь байршуулан, хооронд нь “эдийн интернет” (Internet of Things-IOT) болон M2M (Machine to Machine) технологиор холбох боломжтой бөгөөд зарим хэрэглээгээр “том”, үнэтэй хиймэл дагуулыг орлох боломжтой. Бага оврын хиймэл дагуул зөвхөн үнэ өртгийн хувьд багасч байгаа бус сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай микропроцессор, микроэлектромеханик систем (MEMS), сенсор, цахилгаан хураагуурыг бага зайд байршуулах боломжтой болсон юм. Бага оврын нэг Cubesat дагуул дотор арван хоёр, сүүлийн үед 24 нэгж дагуулыг багтааж хүчин чадлыг нь нэмэгдүүлж байна (×3U, ×6U, ×12U, ×24U). Үүнийг зарим судлаачид харилцаа холбооны салбарт гарсан ухаалаг, үүрэн холбооны хувьсгалтай төстэй хэмээж байна. Big Data буюу Үлэмж мэдээлэл боловсруулах, дамжуулах, дүн шинжилгээ хийх шинэ эрин үе технологийн ийм боломжуудыг нээж байна.

АНУ-ын Газарзүйн тандан судлалын сангийн (USGIF) Бага оврын хиймэл дагуулын ажлын хэсгийн мэдээлснээр 2013 онд бага оврын хиймэл дагуул 100 ширхгийг хөөргөж байсан бол 2017 онд 320-ыг хөөргөсөн ба тэдгээрийн 300 гаруй нь нано ангиллын дагуул байна.

Зураг 3. Тойрог зам, хиймэл дагуулын хэмжээ, ангилал, үнийн харьцуулсан зураг

2023 он гэхэд 2400, цаашлаад 16000 бага оврын нано болон микро дагуул хөөргөх нь эрс нэмэгдэх аж. Тэдгээрийг алсын болон дунд тойргийн дагуулуудтай, мөн агаарын тандан судалгааны онгоц, нисгэгчгүй төхөөрөмжтэй хослуулж, нэгдмэл систем болгож ашиглана. Их гүрнүүд бага оврын хиймэл дагуулын техник, технологи, хөөргөх, хянах, удирдах дэд бүтэц, судалгаа шинжилгээг ашиглаж аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар дахь тэргүүлэх байр сууриа улам бэхжүүлж цаашид ч “эдийн интернет” (Internet of
Things-IOT), зохиомол оюун ухаан (Artificial Intelligence-AI), инноваци, шинэ технологи, хэрэглээг улам өргөн болгоно. Энэ нь АНУ-ын Үндэсний агаар-сансрын системийн (National Airspace System—NAS) шинэтгэлийн зорилтуудын нэг юм.

АНУ 1400, ОХУ 31, БНХАУ 60 нано дагуул хөөргөөд байна.  2020 он гэхэд дэлхийн 70 шахам “жижиг” улс орнууд өөрийн хэрэгцээнд нано дагуул өргөнөөр ашиглах болно 

Бага оврын хиймэл дагуулын дэлхийг бүрхсэн “мега эрхэс”-торлог сүлжээ (Mega Constellation) байгуулж агаар мандал, газар, сансар, далайн тээвэр, хөдөлгөөний нэгдсэн хяналт, навигацын систем, дэлхийн аль ч өнцөгт холбогдож болох өндөр хурдны 5G интернет, холбоог бий болгох үйл явц эхэлсэн. “Мега эрхсийн” дагуулуудын ихэнх нь харилцаа холбоо, M2M, зураглал, хөдөлгөөний хяналтын тоноглолтой байна (Зураг 3.). Airbus компани гэхэд өөрийн сүлжээг байгуулахын тулд эхний 10 дагуулыг байрлуулаад байна. Ийм системийг бий болгож чадсан улс орон цэрэг, улс төрийн стратегийн давуу байдал олж авах тул бага оврын хиймэл дагуулын салбарт ч гэсэн хөгжингүй орнуудын геостратегийн өрсөлдөөн эрчимжиж байна.

Бага оврын дагуул бизнесийн шинэ боломжуудыг нээж Мерилл Линч банкны шинжээчдийн үзэж буйгаар шинэ технологи, хэрэглээтэй холбоотой өссөн 339 тэрбум ам.долларын зах зээл цаашид 2045 он гэхэд 2.7 их наяд болж эрс өснө. Тесла, Амазон, Виржин компаниуд орж ирснээс гадна 2017 онд 400 гарааны компани байгуулагдаж 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татаад байна.

Зураг 4. Бага оврын хиймэл дагуулын технологийн зориулалт

Аль ч улс орны хувьд өөрийн нутаг дэвсгэрийн газар зүйн цэг, хэсэг тус бүрийн газрын хэвлийн тогтоц, нөөц баялаг, ус, ургамал, амьтан, хот, суурин, дэд бүтэц, хүн амын байршил, бүртгэл, хаяг, агаар мандал, нислэгийн орон зай гэх мэтийн талаарх аль болох бүрэн мэдээлэл, нутаг дэвсгэрээ бүрэн хамарсан харилцаа, интернет, телевиз, холбооны системтэй байх ёстой бөгөөд үүний тулд хиймэл дагуулын технологи ашиглах шаардлагатай. Хөгжингүй орнуудын болон хувийн компанийн хиймэл дагуул, бусад үйлчилгээг ашиглах, тэдгээрт захиалга өгөхөд цаг хугацаа, зөвшөөрөл, төлбөрийн хүндрэлтэй байдал үүсдэг.

Хөгжиж буй орнуудын хувьд жижиг хиймэл дагуул зохион бүтээх, угсрах, суурин дэд бүтэц, программ хангамж, ашиглах хөөргөх зохицуулалт нь харьцангуй нээлттэй, хүртээмжтэй, өртөг, зардал нь хямд болж байгаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Зорилтын 17-д заасан сансрын орчин “шууд хүртээмжтэй” байх шинэ боломжийг олгож байна. 2020 он гэхэд дэлхийн 70 шахам “жижиг” улс орнууд өөрийн хэрэгцээнд өргөнөөр ашиглах болно гэжээ. АНУ 1400 гаруй нано дагуул хөөргөөд байгаа бол, ОХУ 31, БНХАУ 60 нано дагуул хөөргөөд байна. Азийн Бангладеш, Казахстан, Энэтхэг, Пакистан улсууд өөрийн бага оврын хиймэл дагуултай болж эхэлсэн. Африкийн орнууд 20 дагуул, Төв ба Өмнөд Америкийн орнууд 40 дагуул ашиглагдаж байна. Монгол Улс 2017 онд Мазаалай бага оврын дагуулыг АНУ-ын Фэлкон-9 хөлгөөр 400 км тойрог замд гаргаж өөрийн дагуултай 51 дэх орон болсноор сансрын орон зайг шууд ашиглах анхны алхам хийгдэж байна.

Аль ч улс орны үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах салбарын хувьд шуурхай, нэгдмэл, аюулгүй байдлыг хангасан үндэсний хэмжээний тусгай харилцаа холбооны систем, газар зүйн мэдээллийн, тандан судалгааны болон байршил зүйн өөрийн системтэй байх шаардлагатай боловч хөгжиж буй орнуудын хувьд энэ нь санхүү, эдийн засаг, техник, технологийн бэрхшээлтэй асуудал юм.

Эрх зүйн зохицуулалт, хяналтгүйгээс сансрын уудмыг энхийн зориулалтаар ашиглахад эрсдэл учирч ойрын тойрог замд цэрэг, дайны зориулалттай лазер, цахилгаан соронзон, механик сарнилын зэвсэг, төхөөрөмж байршуулах, сэг хаягдал нэмэгдэнэ. Бага оврын дагуулын техникийн боломж, ашиглах хугацаа, эмзэг байдал зэрэг хязгаарлалтууд нь цаашид шинэ технологи, инновацийн үр дүнд багасах болно.

Энэ бодлогын хүрээнд хөгжиж буй улс орнуудын хувьд өөрийн эдийн засаг, нийгэм, аюулгүй байдлын хэрэгцээ, санхүү, техник, технологийн боломжид нийцсэн, хиймэл дагуул, агаар, нисгэгчгүй техник, технологийг хосолсон харилцаа холбоо, тандан судалгаа, газар зүйн системийг бий болгож, олон улсын харилцааг хөгжүүлэх, ялангуяа ижил төстэй улс орнуудтай хамтарч ажиллах, санхүү, техник, технологи, дэд бүтцээ нэгтгэж, жижиг хиймэл дагуулын хамтын ажиллагааг хөгжүүлэх хандлага ажиглагдаж эхэлж байна. Мазаалай хиймэл дагуулыг сансарт гарцгүй улсуудыг дэмжин хиймэл дагуул бүтээх, тойрог замд оруулахад нь туслах олон улсын “BIRDS” (Joint Global Multi-Nation Birds) төслийн хүрээнд бүтээсэн юм.

Монгол Улс 2017 онд Мазаалай бага оврын дагуулыг АНУ-ын Фэлкон-9 хөлгөөр 400 км тойрог замд гаргаж өөрийн дагуултай 51 дэх орон болсон

Олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлж, НҮБ (UNOOSA), сансрын олон улсын эрх зүй, зохицуулалт, стандарт, хяналт, зөвшөөрөл, зохицуулалтыг бий болгох шаардлагатай тулгарч байна.

Манай улсын хувьд өөрийн хиймэл дагуулыг хөөргөх энэ бэрхшээл байгаа бөгөөд өнөө хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Монгол Улсын үндэсний хиймэл дагуул хөтөлбөрийг Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчимд сансрын технологийг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг дээдлэн, олон улсад өөрийн орны байр суурийг бэхжүүлэн сансрын уудмыг энхийн зорилгоор ашиглах (3.1.1) гэж онцолсон юм. Хөтөлбөрийг харилцаа холбоо, тандан судалгааны хиймэл дагуулыг өөрийн харьяаллын геостационар тойрог замд гаргахад чиглүүлж байсан бөгөөд бага оврын судалгаа шинжилгээний хиймэл дагуулыг хөгжүүлэхэд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад дэмжлэг үзүүлнэ гэж 4.6.5-д тэмдэглэсэн байна. Хөтөлбөр баталж байх үед бага оврын дагуулууд гол төлөв судалгаа, шинжилгээнд зохицуулагдаж байсан бол өдгөө шинэ хандлагад зориулж хөтөлбөрт нэмэлт оруулах, шинэчлэх шаардлага тулгарч байна.

Бага оврын хиймэл дагуултай болсноор үндэсний аюулгүй байдлаа хангах, өөрийн газар нутаг, хил хязгаарыг хянах, байгаль орчны доройтол, агаар, хөрс, усны бохирдол, химийн хорт бодис, цацраг идэвхт бодис, халдварт өвчин тархах, хууль бус уул уурхай, хар тамхины ургамал түүх, тариалах, тээвэрлэх, түүх дурсгалын эд зүйлсийг тонох гэх мэт зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, гамшиг, онцгой байдлын үед тухайн орон нутгийн өдөр тутмын, шаардлагатай үед нарийвчилсан зургийг цаг тухайд нь “шууд” авах, харилцаа холбоог бий болгох боломжийг олгоно. Үүний нэг жишээ нь АНУ-ын Planet компанийн бага оврын хиймэл дагуулаас авсан Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Чулуу ууланд 2018 оны 4-р сарын 14-16 өдрүүдэд гарсан түймрийн зураг юм. Тус хиймэл дагуулаас Монголын “Монмап ХХК”-д ирүүлсэн сансрын зурагт түймэр гарахаас өмнөх, гарч байх болон дараах үе, хамарсан талбай, хохирлын хэмжээг тодорхой харуулсан байна.

Зураг 5. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Чулуу уланд 2018 оны 4-р сарын 14-24 өдрүүдэд гарсан түймрийн зураг. “Монмап ХХК”

Жижиг хиймэл дагуул ашиглах боломж нээгдэж байгаа боловч Монгол Улсын хувьд бусад хөгжиж буй орнуудын адил хууль эрх зүйн орчин бүрдээгүй, төр, засгийн газруудын бодлого тодорхойгүй, агентлаг, орон нутгийн чадавх, хамтын ажиллагаа сул, зохих стандарт, журам дутмаг, шинжлэх ухаан, боловсролын салбар нь хөгжөөгүй, хүний нөөц бэлтгэгдээгүй түгээмэл сорилт тулгамдаж байна. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд юуны өмнө үндэсний хэмжээний агаар-сансрын бодлого буюу “Төрөөс агаар, сансрын салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулан баталж, түүний дагуу Үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг шинэчлэн, геостационар тойрог замын болон бага оврын хиймэл дагуул, агаарын тээвэр, навигац, дэд бүтэц, нисгэгчгүй төхөөрөмж зэргийг хосолсон, харилцаа холбоо, тандан судалгааны нэгдмэл системийг бий болгох шаардлага гарч байна. Мөн эрх зүй, зохион байгуулалтын шинэтгэл хийж засгийн газар, түүний хяналт тавих, хэрэгжүүлэх агентлагийн эрх, үүргийг тодорхой болгох, улс орны хэмжээнд харилцаа холбоо, тандан судалгааны нэгдмэл системийг хамтад нь удирдан зохицуулах бүтцийг шинэчлэх цаг нь болсон байна.

Мөн шинэ технологийн ололттой талуудаас гадна тэдгээр нь улам нарийсаж хөгжингүй орнуудаас технологи, цэрэг, улс төрийн хараат байдал нэмэгдэх, шинэ эрсдэлүүд тулгарахаар байна.

Ийнхүү хөгжингүй орнууд голлосон сансрын уудам геополитикийн орон зайд их гүрнүүдийн стратегийн шинэ өрсөлдөөн өрнөж, энэ орон зайд олон улсын харилцаа, аюулгүй байдлын шинэ хандлага, боломж ба эрсдэл бий болж буйг харгалзан, төрийн бодлого, хөтөлбөрийг шинэчилж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

¹ Геостационар тойрог зам-т.з. (GEO – Geostationary Earth Orbit Satellites), (өндөр эллипс т.з. (HEO – High Elliptic Orbit Satellites), дунд өндрийн т.з. (MEO эсхүл ICO – Medium Earth Orbit, Intermediate Circular Orbit Satellites) и бага өндрийн т.з.(LEO – Low Earth Orbit Satellites)


Ангилал: Долоо хоногийн тойм


Сүүлд нэмэгдсэн

ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ТЭМЦЭЖ ИРСЭН МОНГОЛЧУУДЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ

2020-06-26

АНУ-АВСТРАЛИЙН ХОЛБООТНЫ ХАРИЛЦАА БА НОМХОН ДАЛАЙ ДАХЬ ХЯТАДЫГ “ТОГТООН БАРИХ” СТРАТЕГИ

2020-06-19

Агаарын нээлттэй орон зайн тухай гэрээнээс гарах АНУ-ын санаархал: төсөөлөгдөн буй болон бодит үр дагавар

2020-06-11

ХОНКОНГ ДАХЬ ХЯТАДЫН БОДЛОГО ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ?

2020-06-04

“COVID-19” БА ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

2020-05-28

“COVID-19” БА “FAKE NEWS”: “МЭДЭЭЛЛИЙН ЦАР ТАХАЛ”-ЫН ЭРСДЭЛ

2020-05-22

Мэдээллийн дайн буюу сэтгэцэд нөлөөт үйлчлэл (Гадаадын цэрэг, тусгай албадын зарим үйл ажиллагаа ба аюулгүй байдлын тулгамдсан асуудал)

2020-05-15

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /төгсгөл/

2020-05-08

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /эхлэл/

2020-05-01

ОРОС, ХЯТАДЫГ ХОЛБОСОН БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БА МОНГОЛ УЛС

2020-04-24