Худалдааны дайны өрнөл…

2018-08-22

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/08/1200x674-2.jpg

АНУ, Хятадын хооронд ид өрнөөд буй худалдааны дайн одоогоор хир удаан үргэлжлэхийг онож хэлэхэд хэцүүхэн байна. Энэ удаагийн судалгаагаар худалдааны дайн эхэлснээс хойш ямар төрлийн үйл явдал өрнөж, санхүүгийн салбарт ямар өөрчлөлт гарч, худалдааны дайнд ямар улс орнууд өртөж, оролцож байгаа талаар дүн шинжилгээ хийхийг зорилоо. Улмаар Монголын эдийн засагт худалдааны дайн хэрхэн нөлөөлж болзошгүй талаар таамаглав.

АНУ, Японы худалдааны дайны тухай

АНУ хамгийн сүүлд Рейганыг Ерөнхийлөгч байх үед “худалдааны дайн”-д татагдан орж байжээ. Тухайн үед Америктай сөргөлдөгч нь түүний хамгийн ойрын холбоотон болох Япон улс байсан бөгөөд тус улсын эдийн засгийн багтаамж нь Америкийнхантай харьцуулахад нэлээд бага байсан. Гэтэл одоо Хятадын эдийн засаг зарим үзүүлэлтээр АНУ-ынхаас давж гараад байгаа билээ.

1980-аад оны “худалдааны дайн”-ы явцад япончууд буулт хийж, экспортоо багасган, автомашины зарим үйлдвэрээ АНУ-д шилжүүлэн байрлуулснаар америкчуудад ашигтай тусч, ажлын байрны тоо нэмэгдэн, хурцадмал байдал намжсан юм. Харин одоогийн нөхцөлд ийм маягаар хятадуудыг сүрдүүлнэ гэдэг бол бараг боломжгүй зүйл.

АНУ, Хятадын худалдааны дайн хэрхэн эхэлсэн бэ?

АНУ Хятадтай хийж буй гадаад худалдааны алдагдлаа 500 тэрбум ам.долларт хүрсэн тул их хэмжээний алдагдлаа бууруулж ам.долларыг чангаруулах зорилготойгоор худалдааны дайныг анх эхлүүлсэн юм.
АНУ, Хятадын худалдааны дайны явцыг цаг хугацаагаар үечилбэл:

  • 3 сарын 1. Доналд Трамп импортын бүх ган, хөнгөн цагаан материалд татвар оноох болсноо зарлахад Хятад улс үүнд нь багтаж байв;
  • 3 сарын 22. Д.Трамп хятадын 50 тэрбум ам.доллар бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөг зарлав. Хятадын тал адил хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ;
  • 4 сарын 3. АНУ-ын худалдааны төлөөлөгч татвар оноох хятадын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулжээ. Ингэснээр үүнд хамаатай салбаруудаас санал авах 60 хоногийн хугацаа эхэлсэн юм;
  • 4 сарын 4. Хятадын засгийн газар хариу татвар оноох АНУ-ын 50 тэрбум ам.долларын дүнтэй 100 гаруй нэр төрлийн барааны жагсаалтыг гаргажээ;
  • 5 сарын 19. Талууд зөвшилцсөний дараа худалдааны дайнаас зайлсхийх тохиролцоонд хүрснээ зарлав;
  • 5 сарын 29. Цагаан ордон татвар оноох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болсноо зарласан нь хэлэлцээр үр дүнд хүрээгүйг харуулжээ;
  • 6 сарын 15. Д.Трамп татвар оноох барааны жагсаалтыг сүүлийн байдлаар зарлав. Тэр долдугаар сарын 6-нд 34 тэрбум ам.долларын бараанд 25 хувийн импортын татвар оноож эхлэх ба үлдсэн 16 тэрбум ам.долларын бараанд дараа нь нэмж татвар ногдуулахаа мэдэгджээ. Хятад улс ижил дүнтэй хариу арга хэмжээ авав;
  • 6 сарын 18. Д.Трамп дахин нэмж 200 тэрбум ам.долларын бараанд 10 хувийн татвар онооно гэж Хятадыг сүрдүүлэв;
  • 7 сарын 6. 34 тэрбум ам.долларын бараанд татвар оноох эхний ээлжийн арга хэмжээ хэрэгжиж эхлэв. Хятадын хариу арга хэмжээ ч хэрэгжиж эхэлжээ;
  • 7 сарын 10. АНУ-ын тал татвар оноох 200 тэрбум ам.долларын барааны жагсаалтын эхний хувилбарыг танилцуулав;
  • 8 сарын 1. Вашингтон 200 тэрбум ам.долларын барааны импортын татварыг 10 биш, 25 хувь болгож өсгөхөө зарлалаа;
  • 8 сарын 3. Хятадын засгийн газар хариуд нь 60 тэрбум ам.долларын Америк бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөгөө зарлав;
  • 8 сарын 7. Эхний ээлжийн 50 тэрбум ам.доллараас үлдсэн 16 тэрбум ам.долларын дүнтэй барааны импортын татварыг наймдугаар сарын 23-аас эхлэхээр болсныг зарлажээ.

Худалдааны дайны хоёр дахь шат

Худалдааны дайны хоёр дахь шат АНУ, Хятадын сөргөлдөөнөөс хальж, Хятадын түншүүд АНУ-ын эсрэг хариу арга хэмжээ авснаар эхэлсэн юм. Худалдааны дайн улам тэлж эхэлсний тод жишээ бол Орос, Турк, Энэтхэг болж байна. Удахгүй Европын холбоо, Канад, Мексик зэргээс гадна бусад улс орон оролцох хандлагатай байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн гаргасан тогтоолын дагуу 8 сарын 5-аас эхэлж Орос Америкаас оруулж буй импортын хэсэг бүтээгдэхүүнд 25-40 хувийн гаалийн татвар нэмж, Америкийн тал ган болон хөнгөн цагааны бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмсний хариу арга хэмжээ болгосон билээ. Уг тогтоолд ДХБ-ын холбогдох тогтоолын дагуу Орос ийм хариу арга хэмжээ авах эрхтэй юм гэж ерөнхий сайд мэдэгдэж байсан юм. Ингээд Америкаас импортоор авдаг зам засварын тоног төхөөрөмж, нефть байгалийн хийн тоног төхөөрөмж, төмөрлөг бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж зэрэгт 25-40 хувийн гаалийн татвар нэмсэн. Худалдааны дайн эхэлснээс хойш одоог хүртэл рублийн ханш ам.долларын эсрэг 17 хувиар суларсан. Иймээс үндэсний валютаа хамгаалахын тулд Орос шат дараатайгаар Америкаас оруулж байгаа импортын бүтээгдэхүүнд гаалийн татварыг нэмэгдүүлээд байгаа билээ. Цаашид ч ОХУ худалдааны дайнд идэвхтэй оролцогч байх магадлалтай байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 8 сарын 10-нд Турк улсын эсрэг хориг тогтоож, энэ улсаас импортолдог хөнгөн цагаан, төмрийн гаалийн татварыг 20-50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Вашингтоны энэ шийдвэрийн дараагаар Туркийн үндэсний мөнгөн тэмдэгт болох лирийн ханш огцом унав. Хариу арга хэмжээ болгож Туркийн ерөнхийлөгч Эрдоан 8 сарын 14-нд АНУ-ын электрон бараануудыг хэрэглэхгүй байх санал гаргасан юм. Улмаар АНУ-ын бараанд нэмэлт татвар ногдуулах тогтоолд 8 сарын 15-нд гарын үсэг зуржээ. Үүнд АНУ-аас орж ирэх автомашинд 120 хувийн татвар, архи согтууруулах ундаанд 140 хувь, навчин тамхинд 60 хувийн татвар ногдуулахаар болсон байна. Түүнчлэн АНУ-аас орж ирэх гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд тодорхой хувийн татвар ногдуулахаар болжээ. “Энэ шинэ татварыг АНУ-ын эсрэг авч байгаа. Тэд бидний эдийн засагт санаатайгаар халдаж байна” гэж Турк улсын дэд ерөнхийлөгч Фуат Октая мэдэгджээ.

Турк улс худалдааны дайнд татагдан орсноос хойш тус улсын үндэсний валют болох лирийн ханш ам.долларын ханш 22 орчим хувиар унаж байснаа хариу арга хэмжээ авснаас хойш 21 орчим хувиар өссөн нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм.

Энэтхэг улс л гэхэд АНУ-ын 30 нэрийн барааны хөнгөлөлттэй тарифыг цуцалжээ. Ган, хөнгөн цагаанаас авах татвараа АНУ нэмсний хариуд Шинэ-Дели ийм алхам хийв. Хариу арга хэмжээ авсан тухайгаа Энэтхэгийн тал ДХБ-д мэдэгдсэнийг In­dian express сонин уламжилсан юм.

Тус хэвлэлд мэдээлснээр 800 шоо см-ээс дээш эзлэхүүн бүхий хөдөлгүүртэй мотоциклын импортын татварыг 50 хувиар, борын хүчил, зарим төмөр эдлэл зэрэг барааны татварыг харилцан адилгүй хэмжээгээр нэмсэн байна. Энэ арга хэмжээнээсээ Энэтхэг улс 239 сая долларын орлого олно хэмээн найдаж буй гэнэ. Харин АНУ татвараа нэмээд Энэтхэгээс 241 сая долларын орлоготой ажиллах аж.

Хятадын 16 тэрбум ам.долларын дүнтэй бараанд 8 сарын 23-наас эхлэн 25 хувийн импортын татвар оноох шийдвэр гаргаснаа АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтайзер мэдэгдсэн. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын өнгөрсөн 3 дугаар сараас ярьж эхэлсэн Хятадын эсрэг худалдааны дайны хоёр дахь бодитой арга хэмжээ юм.

Худалдааны дайны хоёрдугаар үе шат эхэлсэн хэдий ч валютын сөргөлдөөн 3 сараас хэдийн эхэлчихсэн. Энэ цагаас эхэлж юанийн ханш ам.долларын эсрэг 12.5 орчим хувиар буурсан бол худалдааны дайн албан ёсоор 7 сарын 6-аас эхэлснээс хойш юань 6.67 хувиар огцом унаад байна.

Д.Трамп худалдааны дайнаас ямар үр дүнд юу хүсэж байна вэ?

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Д.Трамп дотоодын дэд бүтцийн салбарт 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мэдэгдэж байсан. Тус мэдэгдлээс хойш 2 жилийн дараагаар ган, хөнгөн цагааны гаалийн татварыг зарим улс орнуудад 25 хувь хүртэл нэмэгдүүлсэн. Ингэснээр хүнд үйлдвэрлэлийн салбар хөгжих таатай орчин бүрдэж байна.

Мөн худалдааны сөргөлдөөнийг эхлүүлснээр дотооддоо хөрөнгө оруулалт татах, ам.долларыг бусад валютын эсрэг чангаруулах, түүхий эд, таваарын үнийн өсөлтийг хазаарлаж өгсөн юм. Энэ худалдааны сөргөлдөөнийг олон улсын эдийн засаг, санхүүгийн салбар дахь дахин тэнцвэржилтийн бодлого гэж хэлж болно.

Үүгээр дамжуулан тэрбээр дотоодын улс төрд өөрийн байр сууриа бэхжүүлж, конгресст тодорхой хэмжээний байр сууриа олсон байгаагаас үзэхэд түүний популист үзэл суртал уугуул америкчуудад тааламжтай байгаа нэг илрэл юм. АНУ-ын завсрын сонгууль ойрын хугацаанд явагдах гэж байгаа энэ үед Д.Трампын шийдэмгий үйлдэл сонгуульд нөлөөлж магадгүй байгаа билээ.

Д.Трампын зарлаагүй ч шууд хэрэгжүүлж буй дахин тэнцвэржилтийн бодлогын ачаар АНУ-д ажилгүйдэл буурч, эдийн засаг нь Трампын засаг захиргааны хугацаанд тааламжтай сэргэх юм. Энэ сэргэлтийг Хятадын судалгааны байгууллагууд түр зуурынх бөгөөд аажимдаа Хятад улс худалдааны сөргөлдөөнөөс үр дүнтэй өгөөжийг хүртэх болно гэж дүгнэж байна.

Худалдааны дайн эхэлснээс хойш Д.Трампын хүсэж буй үр дүнгүүд эхнээсээ ажиглагдаад байна. Статистик тоо баримтаас дурдахад АНУ-ын эдийн засаг II улиралд 4.2 хувиар өсөж 2015 оноос хойших өндөр өсөлт болсон юм. Үүнээс гадна ажилгүйдэл 3.8 хувь болтлоо буурсан бол ам.доллар юанийн эсрэг 4 орчим хувиар чангарсан зэрэг эерэг үзүүлэлттэй байна. Гэхдээ АНУ-ын худалдааны алдагдал 6 сард 7.3 хувиар, Хятадтай хийсэн худалдааны алдагдал өмнөх сарынхаасаа 0.9 хувиар тус тус өссөн байна.

Д.Трампын хүсэж буй үр дүн: 1. “Хятадад үйлдвэрлэв 2025” стратеги, “Бүс, Зам” санаачилгыг дахин тэнцвэржилтийн бодлогоор нухчин дарах, 2.АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 3.Ам.долларыг бусад валютын эсрэг тогтвортой чангаруулах, 4.Дотоодын хөрөнгө, санхүүгийн зах зээлийг тулгуур сайтай сэргээх, 5.ҮАБ-д заналхийлэх хэмжээний хөрөнгө оруулалт, технологийн хулгайг таслан зогсоох, 6.Алдагдалтай худалдааны хэлэлцээрийг шинэчлэх зэрэг үр дүнг бий болгохыг хүсэж байна.

Худалдааны дайны уршгийн талаарх сэрэмжлүүлэг

АНУ-ын Wall Street-ийн шинжээчид худалдааны дайнаас үүдэлтэй валют, санхүүгийн салбарт өөрчлөлт орж байгаа нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлж, тогтворгүй болгож байна. Мөн Америкийн Хятадаас сэлбэг хэрэгслээ авдаг, эсвэл тус улсад бүтээгдэхүүнээ угсардаг компаниудад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж сэрэмжлүүлж байна. Түүгээр ч зогсохгүй Америкийн үйлдвэрлэл эрхлэгч, фермер, ажилчин болон хэрэглэгчид сөргөөр нөлөөлнө. АНУ-ын ДНБ-ий өсөлт оны эцэст таамаглаж байгаагаас 0.5 хувиар буурна. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өөрөөр хэлбэл, инфляц өсөж, эдийн засгийн зарим салбар ажлын байраа алдахад хүргэх гэнэ. Тухайлбал, Америкийн автомашин үйлдвэрлэгчдийн холбоо татвар нэмсэн асуудлыг компаниудад цохилт болж, ажилгүйчүүдийн тоог нэмж, хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлөхөд хүргэнэ гэжээ.

“Гаалийн татвар нэмэх нь гадаад худалдааг зохицуулах буруу алхам” гэж тус улсын Худалдааны танхим үзэж байна. Мөн Д.Трампын засаг захиргааны худалдааны бодлого юуны түрүүнд Америкийн эдийн засагт хохирол учруулж, олон улсын худалдааны системд сөргөөр нөлөөлнө гэдгийг Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард анхааруулжээ. Худалдааны дайн хоёр талыг алдагдалд ороход хүргэж, улмаар ноцтой уршиг дагуулж мэдэх юм гэж тэрбээр хэлсэн байна.

Eurasia Group судалгааны байгууллагын тайланд дурдсанаар, протекционизм нь 2018 онд учирч болох геополитикийн хамгийн том эрсдэл болоод байна. Хөгжингүй орнууд худалдаагаа хамгаалахын тулд олон төрлийн арга хэмжээ авч чадах бол хөгжиж буй орнууд “худалдааны дайн”-ы улмаас хамгийн ихээр хохирол амсах магадлалтай болоод байна.

Дэлхийн худалдааны байгууллагын байр суурь

АНУ өөрийнхөө санаачилсан худалдааны дайнаасаа болж бусад улс орноос их хохирол амсана гэж ДХБ Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв тайландаа анхааруулжээ. Уг тайланд дэлхийн бүх улс орон АНУ-ын өдөөсөн худалдааны маргаанаас болж хохирол амсана. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэвэл Америкийн эдийн засаг онцгой эмзэг байна гэдгийг тэмдэглэсэн байна.

АНУ зарим улс орны бараа бүтээгдэхүүнд импортын гаалийн татварыг нэмж, шинээр тогтоосны дараа тухайн орнууд хариу арга хэмжээ авна. Үүний хажуугаар тэдгээр орон бусад улс, бүс нутгийнхантай нэмэлт татваргүйгээр худалдаа хийж АНУ-тай хийж байгаа худалдаанаас амсах алдагдлаа нөхөх боломжтой. Тиймээс АНУ илүү хохирол амсахаар байна гэж Дэлхийн худалдааны байгууллагын шинжээчид тайлбарласан байна.

Тус байгууллагын ерөнхий эдийн засагч Морис Обстфельд, АНУ худалдааны алдагдлаа импортын гаалийн татвараа нэмэх замаар бууруулахыг чармайж байгаа нь хүссэн үр дүнд хүргэхгүй алдаатай бодлого гэдгийг мэдэгдсэн. Тэрээр Ерөнхийлөгч Трампын засаг захиргааныхны худалдааны алдагдлын талаарх буруу ойлголт чөлөөт худалдаанд саад болох олон арга хэмжээг авахад хүргэж, дэлхийн худалдааны тэнцвэрт бус байдлыг шийдвэрлэхэд тус болохгүй, харин ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэдэгт сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн юм.

Худалдааны дайн дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах нь ойлгомжтой. Хэрвээ энэ сөргөлдөөн зөвхөн ган, хөнгөн цагаанаар хязгаарлагдаж байгаа бол нэг хэрэг, харин хэдэн зуу, хэдэн мянган нэр төрлийн бараанд татвар ногдуулах тухай ярьж байгаа бол огт өөр хэрэг юм.

Хятадыг дуурайн Европын Холбоо, Турк, Орос, Энэтхэг болон бусад орон хариу арга хэмжээ авж байгаа нь “худалдааны дайн” улам даамжирч, дэлхий дахиныг хамрах нь ойлгомжтой болгоод байна. Цагаан ордны зүгээс гаалийн тарифыг өөрчилж байгаа нь нэгэнт тогтон төлөвшөөд буй дэлхийн чөлөөт худалдааны тогтолцоог нурааж, ДХБ оршин тогтнож буйн утга учрыг үгүй хийж байгаа юм.

Индексүүдийн уналт

2009 оны эдийн засгийн хямралаас хойш дэлхий хямралын шатаа даван туулах гэж оролдож байтал худалдааны дайнаас болж санхүүгийн зах зээл эрсдэлтэй болоод байна. Ямар ч сенсаац мэдээлэл хөрөнгө оруулагчдад айдас дагуулдаг. Индексүүд унаж буйн улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлгүй санхүүжилтийг эрэлхийлж эхлээд байна.

Standard & Poor’s 500 ба Dow Jones Industrial Average дүнгээ дөрвөн улирлын туршид унагаж байна. Шинжээчдийн харж буйгаар, АНУ-ын индексүүд одоогоор тогтвортой байгаа ч энэ нь активын тогтвортой, найдвартай байдлын баталгаа болж чадахгүй. Хөрөнгийн зах зээл дээрх уналт нь Туркийн хямралтай холбоотой бөгөөд энэ нь бусад хөрөнгийн зах зээлд нөлөөлөх вий гэдэг айдас хөрөнгө оруулагчдын дунд үүсээд байгаа билээ.

Хэдийгээр, АНУ-ын Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлого 2019 онд байнга эерэг үзүүлэлт амлаж, ам.долларт хөрөнгө оруулахад ил тод, ойлгомжтой, таатай байх болно гэж байгаа ч дэлхий дахинд улс төрийн хямрал хурцадмал байдал орж байгаагаас АНУ-ын валютын эрэлтийг бууруулах магадлалтай гэж судлаачид таамаглажээ. Энэ нөхцөлд индекс унасаар л байх болно. Dow Jones Index ойрын хугацаанд уналттай байх бөгөөд одоогийн үнэ цэнээсээ 2.3 хувиар буюу 24713 хүртлээ унана. Харин S&P500 4.2 хувиар буюу 2715 хүртлээ унана гэж шинжээчид дүгнэж байна.

Хөрөнгө оруулагчдын хөрөнгөө татаж буй энэ алхмаас үүдэлтэйгээр криптовалютын зах зээл сэргэж байна. Энэ сэргэлтийн дунд Биткойн гэхэд 8 сарын 15-аас хойш 4 гаруй хувиар өссөн бол шидкойн буюу жижиг криптовалютууд 50-аас дээш хувиар өссөн үр дүнгүүд ажиглагдаж байна. Хөрөнгө оруулагчид криптовалютыг эргэн сонирхож байгаа нь эрсдэлгүй зүйлсийг эрэлхийлсэн алхам юм.

АНУ-ын дараагийн үйлдэл юу вэ?

Хятадын “Бүс, Зам”-ын хүрээний улс болж чадаагүй АНУ дахин тэнцвэржилтийн бодлогыг худалдааны дайнаар дамжуулан эхлүүлээд байгаа билээ. АНУ-ын судлаачдын үзэж байгаар “Бүс, Зам” санаачилгын гол зорилго бол Хятад дотоодын илүүдэл үйлдвэрлэлээ “Бүс, Зам” дагуух улс орнуудад шингээх явдал бөгөөд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээс хараат болгох гэсэн ядарсан оролдлого тайлбарлаж байгаа билээ.

Хэдийгээр АНУ-ын судлаачид үл ойшоосон дүгнэлт гаргаж байгаа ч ерөнхийлөгч Д.Трамп “Бүс, Зам” санаачилгыг зогсоох, Хятадын худалдааны ноёрхлыг цэгцлэх гэж худалдааны дайныг Хятадтай зарласан билээ.

Тэгвэл худалдааны дайн үргэлжилсээр байх уу? АНУ-ын дараагийн үйлдэл юу болох вэ гэсэн асуулттай тулгарч байгаа юм. Судлаач миний үзэж буйгаар АНУ гаалийн тарифын томоохон хана хэрэм барьж чадаж байгаа ч удалгүй энэ хананд хаалга гаргах шаардлага тулгарах нь ойлгомжтой. Тиймээс АНУ-ын дараагийн алхам бол Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээр (TPP) байх болно. Мөн Транс-Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн хэлэлцээр (TTIP) байгуулах санаачилга гаргаж Европын холбоо, Африк тивийн орнуудтай харилцаагаа сэргээж магадгүй.

Д.Трамп сонгогдсоныхоо дараахан ТPР-ээс гарах шийдвэр гаргаж байсан. Энэ хэлэлцээрээр дэлхийн эдийн засгийн 40 орчим хувийг бүрдүүлдэг улс орнууд хоорондоо гаалийн хөнгөлөлттэй гадаад худалдаагаа явуулах байсан юм. Д.Трамп 4 сард ТPР-д нэгдэх асуудлыг дахин авч үзэх болно гэж мэдэгдсэн. Тус мэдэгдлээс сарын өмнө Д.Трамп “Хятадын 50 тэрбум ам.доллар бараанд 25 хувийн татвар оноох төлөвлөгөөг зарлав. Хятадын тал адил хариу арга хэмжээ авна” гэж байсан билээ.

4 сараас хойш Д.Трамп ТPР-ийн талаар ямар нэг мэдэгдэл, хэвлэлд өгсөн ярилцлага байхгүй байгаагаас үзэхэд түүний нууц хөзрүүдийн нэг болоод байна. Худалдааны дайн даамжрах үед тэрбээр уг хөзрөө дэлгэх нь баараггүй.

 

Худалдааны дайн Монгол Улсад хэрхэн нөлөөлж байна вэ?

Монгол Улсад худалдааны дайн эерэг, сөрөг аль аль нөлөөтэй ч одоогоор төдийлөн мэдрэгдэх болоогүй байна. Худалдааны дайн түүхий эдийн зах зээлд ойрын үед огцом уналт дагуулж байгаа ч худалдааны салбар алсдаа цэгцэрсний дараа өсөх нь тодорхой юм. Гэхдээ энэ тэмцлээс Хятадын эдийн засаг алдагдал хүлээж эхэлбэл энэ нь харин таваарын зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Citigroup-ийн тооцоогоор ойрын хугацаанд таваарын ханшид халтай ч алсдаа ханшийг дэмжихээр байна. Эхэн үедээ алт, газрын тосны ханшид дарамт болох хэдий ч хэтдээ үйлдвэрлэлийн металлын үнэ өсөх суурь болохоор байна.

Худалдааны дайны үеэр юанийн ханш ам.долларын эсрэг суларсан бол төгрөгийн эсрэг мөн адил суларсан байна. Энэ оны II улирлын эхнээс хойш юанийн ханш ам.долларын эсрэг 7 орчим хувиар суларч Монгол банкны ханшаар 357 төгрөг болсон нь манай улсын хувьд эерэг үзүүлэлт юм. Цаашид энэ байдал үргэлжлэх боломжтой.

Гэвч Монгол Улсын нийт импортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг ам.доллараар хийдэг тул ам.доллар төгрөгийн эсрэг чангарах нь эерэг үр дүн бас биш. II улирлаас хойш ам.доллар төгрөгийн эсрэг 3 орчим хувиар чангарсан байна.


Ангилал: Долоо хоногийн тойм