Сүүлийн жилүүдэд БНХАУ Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, хиймэл арлууд бүтээж, цэргийн байгууламж байгуулж, бүс нутаг дахь цэргийн сургууль дадлагын тоогоо нэмэгдүүлж, Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист байлдааны ажиллагааны бэлэн байдлаа өндөржүүлэхэд онцгой анхаарах болов. БНХАУ Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист цэргийн хүчээ зузаатгах болсныг судлаачид “Тайваний арлыг БНХАУ-ын мэдэлд оруулах, Өмнөд Хятадын тэнгисийн арлын маргааныг Хятадын талд ашигтайгаар шийдэх, Хятадын ашиг сонирхлыг эх газраас цааш хэмжээнд хамгаалах, цэрэг-улс төрийн нөлөөллийг өсгөх ба Хятадын нөлөөг дэлхийд харуулах явдал”[1] хэмээн тайлбарлаж байна.
Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанд а) Хятад-Японы хоорондох Дяоюй/Сэнкакү арал, б) Хятад, Вьетнам, Тайвань, Малайз, Бруней, Филиппиний хооронд Парасел, Спратли бүлэг арлууд, Скарбороу болон тэдгээрийг тойрсон эдийн засгийн онцгой бүс усан хилийн асуудлууд багтаж байна.
Зураг.1 Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан Эх сурвалж: NPR
Хятадын талын үзэж байгаагаар Зүүн Хятадын тэнгис дэх Хятад-Японы Дяоюй/Сэнкакү арлын маргаан нь 1894 оны Хятад-Японы дайны үеэс үүдэлтэй бөгөөд 1895 оны Шимоносекийн гэрээгээр Япон-Чин гүрний дайны дүнд Япон мэдэлдээ авсан боловч боловч Кайр болон Подстамын тунхагийн дагуу Япон булаан авсан газар нутгаасаа татгалзан Хятадад буцаан өгсөн ажээ. Японы талын мэдэгдэж байгаагаар 1885 оноос Японы засгийн газар Окинава мужийн захиргаагаар дамжуулан Сэнкакү арлыг судлан тус арал дээр хүн амьдарч байгаагүй нь тогтоогдсон хийгээд Хятадын мэдэлд байсан гэсэн ул мөр байгаагүй тул 1895 онд хилийн шон босгож Японы нутаг дэвсгэрт албан ёсоор нэгтгэх шийдвэр гаргажээ. Японы талаас Сэнкакү/Дяоюй арлууд нь Шимоносекийн гэрээнд тусгагдсан Чин гүрнээс шилжүүлэн авсан арлуудын бүрэлдэхүүнд багтахгүй тул Сан-Францискогийн гэрээгээр Японы хураалгасан газар нутагт орохгүй гэсэн.[2] Уг арлууд нь 1945 оноос АНУ-ын мэдэлд байсаар 1971 онд Японы улсын нутаг дэвсгэрт багтах Нэнсэй арлуудын хамт Япон улсад буцаан олгогдсон гэжээ.1969 онд НҮБ-ын Ази, Алс Дорнодын эдийн засгийн комиссоос Зүүн Хятадын тэнгисийн уг арлын бүс нутаг баялаг газрын тосны нөөцтэй гэдгийг мэдэгджээ. Уг арлууд нь газрын тосны нөөцөөс гадна загас, байгалийн хийн нөөц арвинтай төдийгүй дэлхийн худалдааны гол усан замуудын ойр оршдогоороо стратегийн ач холбогдол бүхий газрын тоонд зүй ёсоор ордог. АНУ-ын Эрчим хүчний Мэдээллийн Газраас Дяоюй/Сэнкакү арлын орчимд 60-100 сая баррель газрын тоосны нөөц байх боломжтой гэж мэдээлсэн.[3] Мөн Зүүн Хятадын тэнгист 1-2 их наяд шоо метр байгалийн хийн нөөц бий гэсэн тооцолол бий.[4]
Өмнөд Хятадын тэнгист БНХАУ Вьетнам, Тайвань, Малайз, Бруней, Филиппиний хооронд Парасел, Спратли бүлэг арлууд, Скарбороу болон тус бүс нутгийн эдийн засгийн онцгой бүс, усан хилийн асуудлаар маргаан өрнөсөөр нэлээд жилийн нүүрийг үзэж байна. Өмнөд Хятадын тэнгис 11 тэрбум баррель газрын тос, 5 их наяд 380 тэрбум гаруй шоо метр байгалийн хийн нөөцтэй гэж тогтоогдсон бөгөөд жил бүр 3 их наяд гаруй ам.долларын худалдаа, дэлхийн газрын тосны тээврийн 30 хувь нь Өмнөд Хятадын тэнгисээр дамжин өнгөрдөг геополитикийн чухал ач холбогдол бүхий газар юм.[5] 410,000 км хавтгай дөрвөлжин нутаг бүхий Спратли бүлэг арал нь 100 гаруй жижиг шүрэн арлаас бүрддэг бөгөөд БНХАУ, Тайвань, Вьетнам Спратлигийн бүлэг арлуудыг бүхэлд нь, Малайз, Филиппин улсууд Спратлигийн бүлэг арлуудын заримыг өөрийн эзэмшил гэж үздэг.[6]
Зүүн болон Өмнөд Хятадын тэнгисийн маргааны тухайд талууд 1982 оны НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцыг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байр сууриа хамгаалж буй. Арбитрын байнгын шүүхээс Филиппин улсын 2013 онд гаргасан заргыг хянан хэлэлцэж БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист эзэмшил гэж нэхэмжилж буй 9 тасархай шугамаар хуваасан гэгдэх газар нутаг (Зураг.2) НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцод нийцэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн 2016 онд Арбитрын байнгын шүүхээс газрын зураг дээр заасан (Зураг2) 9 тасархай шугамаар заагласан газар нутгийг Өмнөд Хятадын тэнгист эзэмших түүхэн өвлөгдсөн эрх БНХАУ-д байхгүй гэдгийг мэдэгдсэн.[7]
Зураг 2. БНХАУ-ын 2009 онд НҮБ-д өргөн барьсан газрын зураг Эх сурвалж: un.org
1982 оны НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцын дагуу аливаа улсын эх газрын эргээс 370км (200 наутикал миль) зай дахь далай, тэнгисийн орон зайг тус улсын эдийн засгийн онцгой бүс гэж заан тухайн улс тус орон зай дахь байгалийн нөөцийг хайгуул хийх, ашиглах, ус, салхины эрчим хүчийг ашиглах, хиймэл арал, байгууламж байгуулах,загасчлах зэрэг зарим эдийн засгийн онцгой эрхийг эдэлдэг.[8]
БНХАУ Өмнөд Хятадын тэнгист 9 тасархай шугамаар заагласан “U” хэлбэрийн орон зайг өөрийн эзэмшил гэж зарласнаар хэд хэдэн улсын НҮБ-ын конвенцод заасан эдийн засгийн онцгой бүсийг зөрчиж буй гэж маргалдагч улсууд үздэг ажээ. Өмнөд Хятадын тэнгис дэх маргааныг өөрийн талд ашигтай шийдсэнээр маргалдагч талууд тус бүс нутгийн зарим гол худалдааны усан замуудад хяналтаа тогтоох, байгалийн хий, газрын тосны нөөцийг ашиглах, загасчлах эрхийг эзэмших, зарим стратегийн ач холбогдол бүхий байршилтай арлууд, түүний ойролцоох усан замыг мэдэлдээ авснаар цэрэг, стратегийн давуу талыг бий болгох зэрэг ашиг сонирхлоо хэрэгжүүлэх юм.
Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн бааз, байгууламж
ХАЧА Өмнөд Хятадын тэнгисийн Спратли арлуудад нийт 7 цэргийн пост буюу цэргийн бааз бүхий байгууламжтай. 2016 онд 4 жижиг цэргийн пост байгуулж улмаар Спратлигийн Фиери Крос (Ёоншу Жиао), Суби(Жуби Жиао), Мисчиеф (Мэйжи жиао) шүрэн арлууд дээрх 3 том цэргийн постдоо түшиглэн байлдааны ажиллагааны бэлэн байдал, хүчин чадавхаа нэмэгдүүлэх тал дээр голчлон анхаарал хандуулж байна.[9] Спратлид 1295 га талбай хиймэл арал байгуулж шүрэн арлын томоохон цэргийн постууд дээрээ 3000 орчим метр урт нисэх зурвас бүхий нислэгийн талбай, усан боомтын байгууламжууд, цэргийн холбооны саатуулгын төхөөрөмж, сөнөөгч онгоцны ангар, пуужингийн системүүд, ус, түлшний нөөцлүүр зэргийг барьж байгуулсан.[10]
Зураг 3. Фиери Крос хадан арал дээрх Хятадын цэргийн байгууламж. Эх сурвалж: CSIS AMTI
Спратлигийн 3 том шүрэн арлын нэг болох Фиери Крос (Ёоншу Жиао) дээр 20 байлдааны нисэх онгоц агуулах багтаамж бүхий ангар, бөмбөгдөгч шатахууны том оврын ачаа тээврийн нисэх онгоцнууд байрлуулах 4 том ангарыг барьж дуусгасан.[11] Өндөр давтамж бүхий холбооны төхөөрөмж байршуулах цамхгууд, артиллерийн зэвсэглэл бүхий эргийн хамгаалалтын байгууламж зэргийг барьжээ.[12]
Спратлигийн Суби (Зуби Жиао) шүрэн аралд газар доорх ус, түлш, хүнс хадгалах зоориний зориулалттай байгууламж, холбооны байгууламж, артиллерийн зэвсэглэл бүхий эргийн хамгаалалтын байгууламж (Спратлигийн арлууд дээр 4 эргийн хамгаалалтын байгууламж баригдсан), гэрэлт цамхаг, 3,000 м орчмын урттай нисэх зурвас, 20 гаруй байлдааны нисэх онгоцны ангар, газар доорх туннел, “зааны төмөр тор” нэртэй өндөр давтамжтай радарын антен, хөдөлгөөнт пуужин харвагчийг хадгалах байр баригдсан.[13]
Зураг 4. Суби хадан арал дээрх Хятадын цэргийн байгууламж. Эх сурвалж: CSIS AMTI
Мисчиеф (Мэйжи жиао) шүрэн арал дээр мөн адил холбооны байгууламж, артиллерын зэвсэглэл бүхий эргий хамгаалалтын байгууламж, нисэх зурвас, 16 том жижиг ангар, газар дорх туннель, агаарын хөлгийг чиглүүлэгч радио цамхаг зэрэг баригдсан.[14] ХАЧА Спратлигийн 3 том, 4 жижиг арлууд дээр 7 цэргийн пост буюу цэргийн баазын зориулалттай байгууламжтай ажээ.
Параселийн арлуудад ХАЧА-ийн 20 цэргийн бааз, байгууламж байгаа бөгөөд Вүүди шүрэн арлын цэргийн бааз дээр Параселийн арлуудын гол цэргийн хүч байрлаж байна. Вүүди шүрэн арал дээр 16 байлдааны сөнөөгч онгоцны ангар барьсан бөгөөд HQ-9 газар-агаар ангиллын пуужин байршуулсан төдийгүй хөлөг онгоц сөнөөгч пуужин харваж туршилт хийжээ.[15]2020 онд БНХАУ Спратли болон Параселийн арлууд дээр 2 судалгааны станц байгуулж, арлууд дээр радар, холбооны тагнуулын хүчин чадавхаа сайжруулахад хөрөнгө оруулалт хийсэн. Шүрэн арлууд дээр цэргийн байгууламж барьснаар арлыг болон тэдгээрийн эргэн тойрон дахь усан орон зайг эзэмших де-факто эрхтэй болж байгаа бөгөөд ирээдүйд Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг эзэмших эрхээ хуульчлахын тулд олон улсын эрх зүйн заалтууд дээр тулгуурлан маргааныг өөрийн талд шийдвэрлэх гарц эрэлхийлж буй.
Ашигласан эх сурвалж:
[1] “Бээжин далайд хүчирхэгжихийг эрмэлзэж байна” , Аюулгүй байдал судлалын хүрээлэн 7 хоногийн тойм, 2019-08-16, https://niss.gov.mn/archives/1476
[2] Япон улсын гадаад хэргийн яам “Сэнкакү арлуудын талаар Япон улсын баримтлах байр суурь” https://www.mn.emb-japan.go.jp/mn/policy/1210factsheetmn.pdf
[3] International institute for Strategic studies “Regional security assessment” https://www.iiss.org/publications/strategic-dossiers/regional-security-assessment-2014/rsa-06-chapter-4
[4] Мөн тэнд
[5]“ Territorial Disputes in the South China Sea” https://www.cfr.org/global-conflict-tracker/conflict/territorial-disputes-south-china-sea
[6] CIA World factbook https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/pg.html
[7] “PCA Press Release: The South China Sea Arbitration (The Republic of the Philippines v. The People’s Republic of China)” https://pca-cpa.org/en/news/pca-press-release-the-south-china-sea-arbitration-the-republic-of-the-philippines-v-the-peoples-republic-of-china/
[8] “Exclusive Economic Zone” https://www.un.org/depts/los/convention_agreements/texts/unclos/part5.htm
[9] The United States Department of Defense “Assessment on U.S. Defense Implications of China’s Expanding Global Access”, December 2018, https://media.defense.gov/2019/Jan/14/2002079292/-1/-1/1/EXPANDING-GLOBAL-ACCESS-REPORT-FINAL.PDF
[10] Мөн тэнд
[11] CSIS Asia Maritime Transparency Initiative “Comparing Aerial and Satellite Images Of China’s Spratly Outposts” https://amti.csis.org/comparing-aerial-satellite-images-chinas-spratly-outposts/
[12] Мөн тэнд
[13] Мөн тэнд
[14] CSIS Asia Maritime Transparency Initiative “Comparing Aerial and Satellite Images Of China’s Spratly Outposts” https://amti.csis.org/comparing-aerial-satellite-images-chinas-spratly-outposts/
[15] CSIS Asia Maritime Transparency Initiative “China’s Continuing Reclamation in the Paracels” https://amti.csis.org/paracels-beijings-other-buildup/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19