Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн стратеги, цэргийн ажиллагаа (II)
2024-06-07
Хятадын цэргийн стратегид зэргэлдээ далай тэнгисийн хамгаалалт (近海防御 ) гэдгийг Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, далай тэнгис дэх эрх, ашиг сонирхлыг хамгаалах бүс нутгийн чанартай хамгаалах стратеги гэж томьёолдог.[1] Зэргэлдээ далай тэнгисийн хамгаалалтын районд Шар тэнгис, Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Нэгдүгээр гинжин арлын эргэн тойрон дахь газар орон багтдаг. Нэгдүгээр гинжин арлын шугаманд Куриллын арлууд, Япон, Рюүкюү арлууд, Тайвань, Филиппин, Индонези (Борнеогоос Натунза хүртэл) багтдаг.[2]Хоёрдугаар арлын шугам Куриллын арлаас эхлэн Японоор дамжаад Бонин арлууд, Марианы арлууд, Каролиний арлууд болон Индонези хүрдэг.[3] Хоёр арлын шугам нь Хятадын эргээс 3333 км (1800 наутикал миль)-ийн зайд оршдог.[4]
Цэргийн номлол, стратегид гарсан өөрчлөлт, шинэчлэлээр ХАЧА-ийн Тэнгисийн цэрэг “Зэргэлдээ далай тэнгисийн хамгаалалт”-аас “Эргээс алслагдсан хамгаалалт”-ын стратегид шилжих болсон. 2015 оны Цэргийн стратегид ХАЧА-ийн Тэнгисийн цэргийн хүчин дан ганц эргийн хамгаалалт гүйцэтгэх чадавхтай цэргээс эргээс алслагдмал зайд, гадаад далайд үүрэг гүйцэтгэх чадавхтай болох хэрэгцээ шаардлага буйг онцолсон байдаг.
Зураг 5. Хятадын тэнгисийн цэргийн хүчин чадавх 2030. Эх сурвалж: Стратфор
ХАЧА нэгдүгээр арлын шугамын хүрээнд хүчин чадавх, стратегийн давуу байдал эзэмшиж хоёрдугаар арлын шугамд хүчирхэгжихийг эрмэлзэж буй. Цэрэг, зэвсгийн хувьд хүчирхэгжих тусам БНХАУ Өмнөд Хятадын тэнгист стратегийн тодорхойгүй байдлаас илүү шийдэмгий, тодорхой байр суурь баримтлах болов. Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааны талаар 2015 оны батлан хамгаалах цагаан номд “Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдал, далай тэнгис дэх эрх ашиг, ашиг сонирхлын тухай асуудлуудын хувьд эрэг орчмын зарим хөрш орнууд өдөөн хатгах үйл ажиллагаа явуулж мөн Хятадын шүрэн арлууд дээр болон өөрсдийн хууль бусаар эзэмшиж буй арлууд дээр цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байна”[5] гээд тэдгээр өдөөн хатгасан үйлдлүүдэд ямар хариу үзүүлэх талаар шууд тусгаагүй хэдий ч тухайн баримт бичгийн зарим хэсэгт “Хятад улс өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах болон тогтвортой байдлыг хадгалах хэмээх хоёр зорилгын тэнцвэрийг хадгалах болно”[6] мөн “хямралаас урьдчилан сэргийлнэ” гэх мэтээр тодорхой бус, хоёрдмол байдлаар тусгасан байдаг бол 2019 оны цагаан номд “Өмнөд Хятадын Тэнгисийн арлууд болон Дяоюй арлууд нь Хятадын газар нутгийн салшгүй хэсэг тул Өмнөд Хятадын тэнгисийн арал, хадан хясаанууд дээр дэд бүтэц байгуулж шаардлагатай хамгаалах цэргийг илгээх, мөн Зүүн Хятадын тэнгисийн Дяоюй арлуудын усан зам эргүүл хийж үндэсний бүрэн эрхээ хэрэгжүүлнэ”[7] мөн “Хятад улсад үндэсний бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын тулд хүч хэрэглэхээс цааргална гэж амлалт өгч чадахгүй” хэмээн шаардлагатай тохиолдолд Өмнөд Хятадын тэнгис дэх ашиг сонирхлоо хамгаалахын тулд цэргийн хүч хэрэглэхийг үгүйсгэхгүй гэдгээ илэрхийлсэн. ХАЧА Өмнөд Хятадын тэнгист явагдах цэргийн сургууль, дадлагын тоо нэмэгдсэн тус бүс нутагт байлдааны бэлэн байдлаа дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж буйг илтгэж байна.
ХАЧА Тайваний хоолойн хурцадмал байдал, Өмнөд Хятадын тэнгист газар нутгийн маргаанаас улмаас үүсэж болзошгүй зөрчил мөргөлдөөнд бэлтгэх үүднээс байлдааны бэлэн байдлаа өндөржүүлэхэд онцгой анхаарах болов. ХАЧА цэргийн шинэчлэлээр тэнгисийн цэргийн зэвсэг техникээ шинэчилж, хүчин чадавхаа сайжруулсан. Тэнгисийн цэргийн гол хүч Зүүн болон Өмнөд байлдааны командлалд байрлаж, Зүүн Хятадын тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойд гол анхаарлаа хандуулж байна. Тус командлалуудын зэвсэг техник, хүчин чадавхын тухайд:
- Зүүн бүсийн Командлал дахь Тэнгисийн цэрэг Ляньюньганы өмнөд хилээс Дуншан хүртэлх (ойролцоогоор умардын 35°10 ́ өргөргөөс умардын 23°30 ́өргөрөг хүртэл) эргийн хамгаалалт, далай тэнгисийн хамгаалалтыг хариуцдаг. Байлдааны Зүүн Командлал дахь Тэнгисийн цэргийн хүчинд шумбагч сөнөөгч дайралтын шумбагч 17, залуурт пуужин сөнөөгч 11, хоёр төрлийн залуурт пуужин сөнөөгч харуулын хөлөг онгоц 23, залуурт пуужин сөнөөгч корвет 19, залуурт пуужинтай эргүүлийн жижиг онгоц 30, мина илрүүлэн устгагч хөлөг онгоц 22, нислэг, тээврийн тавцантай хөлөг онгоц 2, танк газардуулагч тавцантай хөлөг онгоц 22 нэгж тус тус бий.[8]
- Өмнөд бүсийн Командлал дахь Тэнгисийн цэрэг Дуншанаас Вьетнамын хил хүртэлх эргийн хамгаалалт, Парасел, Спратли арлыг оролцуулан ойролцоох далай, тэнгисийн хамгаалалтыг хариуцдаг. Өмнөдийн Байлдааны Командлал дахь Тэнгисийн цэргийн хүчинд цөмийн хөдөлгүүрт баллистик пуужингийн шумбагч 4, цөмийн хөдөлгүүрт дайралтын шумбагч 2, шумбагч сөнөөгч дайралтын шумбагч 16, залуурт пуужин сөнөөгч 10, гурван төрлийн залуурт пуужин сөнөөгч харуулын хөлөг онгоц 18, залуурт пуужин сөнөөгч корвет 15, залуурт пуужинтай эргүүлийн жижиг онгоц 38, мина илрүүлэн устгагч хөлөг онгоц 16, нислэг, тээврийн тавцантай хөлөг онгоц 4, танк газардуулагч тавцантай хөлөг онгоц 21 нэгж тус тус бий.[9]
Түүнчлэн Зүүн болон Өмнөд Хятадын тэнгист байлдааны бэлэн байдлаа дээшлүүлэх хүрээнд далай тэнгист явуулах цэргийн сургууль, дадлагаа эрчимжүүлж, тэнгисийн цэргийн болон төрлийн цэргүүдийн нэгдсэн ажиллагааны чадавхыг сайжруулах тал дээр анхаарал хандуулж буй. Сүүлийн жилүүдэд тус бүс нутаг дахь байлдааны буудлагатай сургууль, дадлагын тоо эрс нэмэгдсэн.
Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад Филиппиний зөрчил
Сүүлийн хоёр жил Хятад-Филиппиний Өмнөд Хятадын тэнгис дэх зөрчилдөөн ширүүсэж, харилцан нэг нэгнээ усан их буугаар буудаж, анхааруулах арга хэмжээ авах нь тогтмол үзэгдэл болов. 2023 оны 10 дугаар сард Өмнөд Хятадын тэнгист Хятад, Филиппиний усан онгоц мөргөлдөж, хоёр орны нэг нэгнээ харилцан буруутгаж ширүүн маргаан өрнүүлэв. 10 дугаар сарын 22-нд Спратли арлын ойролцоо Хятадын эргийн харуулын хөлөг онгоц, Филиппиний зэвсэгт хүчинтэй гэрээтэй шатахууны хөлөг онгоцтой шүргэлцжээ. Мөн тус өдөр эхний ослоос хэдэн цагийн дараа Филиппиний шатахууны хөлөг онгоцыг дагалдан явсан эргийн харуулын хөлөг онгоцтой Хятадын усан онгоц мөргөлджээ. Хоёр улс нэг нь нөгөөгөө зориудаар өдөөн хатгасан үйлдэл хийлээ хэмээн харилцан буруутгав.[10]
2023 оны 12 дугаар сард Өмнөд Хятадын тэнгис дэх Спратли арлын ойролцоо хоёр орны дунд дахин зөрчил үүсэв. 12 дугаар сарын 9-нд Филиппиний зүгээс Хятадын эргийн харуул Скарбороу дахь филиппиний загасчдын завийг усан их буугаар шүрсэн гэж буруутгав. Үүнээс нэг өдрийн дараа, Филиппиний завь Хятадын эргүүлийн онгоцны урдуур осолтой маневр хийж зориудаар мөргөж өдөөн хатгасан гэж Хятадын талаас буруутгав.[11]
Зураг 7. 2023 оны Хятад-Филлиппиний зөрчил. Эх сурвалж: (хэд хэдэн мэдээллийн сайтуудын мэдээн дээр үндэслэв)
Хятад, Филиппиний зөрчил 2023 оны эхэн үе буюу 2 дугаар сард Манила АНУ 4 цэргийн бааз шинээр байгуулахыг зөвшөөрснөө зарласан үеэс хурцдаж эхэлсэн юм. АНУ-Филиппиний 2014 оны гэрээний хүрээнд АНУ Филиппинд байрлаж буй 5 цэргийн бааз дээрээ нэмэлтээр 4 цэргийн бааз байгуулахаар болсон.[12] Филиппиний хойд нутагт шинээр байгуулах Америкийн цэргийн бааз нь Тайваниас ердөө 200 орчим км-ын зайтай гэдгээрээ анхаарал татаж буй. Мөн АНУ-Филиппин Өмнөд Хятадын тэнгист 17,000 гаруй бие бүрэлдэхүүнийг хамруулсан томоохон цэргийн сургууль дадлага явуулсан[13] нь Бээжингийн эгдүүцлийг төрүүлэв. Манила дахь Хятадын элчин сайдын яам эсэргүүцэл илэрхийлж, Филиппинд цэргийн бааз байгуулж буй нь Хятадыг хайрцаглаж, тогтоон барих гэсэн АНУ-ын стратегийн зорилгыг илтгэж байна гэв.[14]
Зураг 8. Хятад 2023 оны 8 дугаар сарын 5-нд Филиппиний шатахууны хөлөг онгоцруу нь усан буугаар шүршив.
Ийнхүү Хятадын цэргийн хүчин чадавх нэмэгдэхийн хэрээр Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудлаар давшингуй байр суурь баримтлах төлөв ажиглагдаж буй. Нөгөө талаасаа АНУ нь Филиппинд олон тооны цэргийн бааз байгуулах зэргээр Хятадыг тойруулан цэргийн хүчээ зузаатгаж буй нь Өмнөд Хятадын тэнгист сөргөлдөөнийг хурцатгах сөрөг нөлөөтэй гэж бас үзэж болно. Өмнөд Хятадын тэнгист Хятад-Филиппиний газар нутгийн маргаан, зөрчил нэмэгдсэн, Тайваний хоолой дахь нөхцөл байдал хурцдаж буй зэрэг нь АНУ-Хятадын стратегийн өрсөлдөөнөөс сөргөлдөөн рүү шилжих төлөвтэйг илтгэж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] China Aerospace Studies Institute, “In Their Own Words: Science of Military Strategy 2013,” February, 2021, https://www.airuniversity.af.edu/Portals/10/CASI/documents/Translations/2021-02-08%20Chinese%20Military%20Thoughts-%20In%20their%20own%20words%20Science%20of%20Military%20Strategy%202013.pdf
[2] “People’s Liberation Navy – Offshore Defense” https://www.globalsecurity.org/military/world/china/plan-doctrine-offshore.htm
[3] Мөн тэнд
[4] Мөн тэнд
[5] The State Council Information Office of the People’s Republic of China, China Military Strategy,May 2015, Beijing,http://eng.mod.gov.cn/Press/2015-05/26/content_4586805.htm
[6] Мөн тэнд
[7] The full official English translation of the 2019 Chinese Defense White Paper, China’s National Defense in a New Era, http://www.xinhuanet.com/english/download/whitepaperonnationaldefenseinnewera.doc.
[8] International Institute for Strategic studies, The Military Balance-2020, 1st ed., vol. 120 (Taylor & Francis Ltd, 2020), 266.
[9] International Institute for Strategic studies, The Military Balance-2020, 1st ed., vol. 120 (Taylor & Francis Ltd, 2020), 266.
[10] “Philippines, China trade blame over collisions in disputed sea,” October 23, 2023, https://www.france24.com/en/live-news/20231022-philippines-china-trade-blame-over-collisions-in-disputed-sea
[11] “Philippines and China accuse each other of South China Sea collisions,” Al Jazeera, December 10, 2023, https://www.aljazeera.com/news/2023/12/10/philippines-and-china-accuse-each-other-of-south-china-sea-collisions
[12] “Philippines, U.S. Announce Locations of Four New EDCA Sites,” https://www.defense.gov/News/Releases/Release/Article/3349257/philippines-us-announce-locations-of-four-new-edca-sites/#:~:text=The%20United%20States%20stands%20steadfastly,and%20Lal%2Dlo%20Airport%20in
[13] “Philippine, U.S. Troops To Hold Largest Ever Balikatan Exercise from April 11 To 28,” https://ph.usembassy.gov/philippine-u-s-troops-to-hold-largest-ever-balikatan-exercise-from-april-11-to-28/
[14] “Philippines should not let Washington set terms of their military cooperation: China Daily editorial,” China Daily, April 11, 2023, https://global.chinadaily.com.cn/a/202304/11/WS64355874a31057c47ebb98ea.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн стратеги (I)Дараах нийтлэл
Сонгууль ба кибер аюулгүй байдлын зарим эрсдэлүүдСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19