БНХАУ 2013 онд “Бүс, Зам” санаачилгыг дэвшүүлэн, энэ хүрээнд эдийн засгийн зургаан коридор байгуулахаа зарласан бөгөөд үүний нэг коридор нь Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор билээ. Тэгвэл бусад эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт ямаршуу хэрэгжиж буй талаар энэ удаагийн дугаарт Хятад Пакистаны эдийн засгийн коридор, хамтын ажиллагаа, тулгарч буй асуудлыг авч үзлээ.
Эдийн засгийн зургаан коридор дотор Хятад, Пакистаны коридор хамгийн идэвхтэй өргөн цар хүрээтэй томоохон төслүүд хэрэгжиж буй, Хятадын хувьд стратегийн чухал ач холбогдолтой гол чиглэл нь юм. Уг коридор 2015 нээлтээ хийсэн бөгөөд тухайн үедээ 46 тэрбум ам.долларын эрчим хүч дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлэхээр зорилт тавьжээ. Гэвч 2020 онд 62 тэрбум, 2022 он 65 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай төсөл болсон байна.
Хятад, Пакистаны харилцаа
1951 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус хоёр улс албан ёсоор дипломат харилцаа тогтоосон. Дипломат харилцаа тогтоосон эхний 10 орчим жилд онцын идэвхтэй харилцаа өрнүүлээгүй байж байгаад 1961 оноос эхлэн Пакистаны засгийн газар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр НҮБ дахь БНХАУ-ын статусыг дэмжиж, улмаар хоёр улс 1963 онд хилийн хэлэлцээр байгуулснаас эхлэн харилцааны түвшин өөрчлөгдсөн байна. БНХАУ 1971 онд НҮБ-ийн Байнгын гишүүн орон болсноор хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан айлчлалын тоо ихсэж, засгийн газар хоорондын гэрээ, санамж бичиг нэмэгджээ.
2001 онд Хятад, Пакистаны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор Хятадын ерөнхий сайд Жу Рунжи Пакистаны ерөнхийлөгч Мушараф нар харилцан дээд хэмжээний айлчлал хийж хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлсэн байна. Уг айлчлалуудын хүрээнд 2002 онд Пакистаны Гвадар боомтын бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2007 онд анхны ачаа тээврийн үйлчилгээг нэвтрүүлж байжээ.[1] 2022 оны байдлаар Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь 60 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын төслүүдтэй болтлоо өргөжсөн байна.
Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын ач холбогдол
Малаккагийн хоолой нь Хятадын хувьд Европ, Африк, Ойрх Дорнод руу холбогдох далайн замын гол зангилаа цэг юм. Ойрх Дорнодын орнуудын газрын тосны бүтээгдэхүүний экспортын 80 орчим хувь Малаккагийн хоолойгоор тээвэрлэгддэг бөгөөд дэлхийн хамгийн том нефтийн бүтээгдэхүүн импортлогч Хятад улсын хувьд эрчим хүчний нийлүүлэлт Малаккагийн хоолойгоос хамааралтай эмзэг байдаг нь гол санаа зовоосон асуудал болдог юм.[2], [3] Хятадын хувьд эрчим хүч түүний нөөцийн аюулгүй байдал нь:
- Газрын тос, байгалийн хийн олборлолт
- Газрын тос, байгалийн хийн нөөц
- Шинэ сэргээгдэх эрчим хүчний найдвартай хувилбар
- Эрчим хүчний бүтээгдэхүүний импортын төрөлжилт
- Эрчим хүчний тээвэрлэлтийн найдвартай суваг
- Эрчим хүчний эрсдэлийн татвар гэсэн зургаан том бэрхшээлтэй тулгардаг.
Уламжлалт эрчим хүчний аюулгүй байдлаас гадна эрчим хүчний нөөцийг “улстөржүүлэх”, “санхүүжүүлэх” тал дээр анхаарал хандуулах, эрчим хүчний шинэ салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай стратегийн ашигт малтмал нь их гүрнүүдийн тоглоомын шинэ талбар болж байна.[4]
Хятад, Пакистаны коридор нь Хятадын хувьд эдийн засгийн ч, стратегийн ч үр өгөөж өндөр юм. Хятад улс тус коридороор буюу хуурай газраар эрчим хүчний түүхий эдийг тээвэрлэн авснаар Малаккагийн хоолойгоос хэт хамааралтай байдлаа саармагжуулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл “Малаккагийн хамаарал”-аас ангижрах боломжийг Хятадад олгож байна. Газрын тосны бүтээгдэхүүнээ Малаккагийн хоолойгоор дайруулалгүй тээвэрлэх чухал ач холбогдолтойн сацуу тээврийн зардлыг хэмнэж, цаг хугацааг багасгах давхар ач холбогдолтой юм. Одоогийн 12 мянган км далайн замыг 3500 км болгон бараг дөрөв дахин товчилж, өдөрт олон сая ам.долларыг хэмнэх, Ормузын хоолойноос 400 км-ын зайд Гвадар боомт байрлаж байгаа зэрэг олон давуу талыг Хятадад буй болгож байна. Ийнхүү Хятадын хувьд эрчим хүчний импортын аюулгүй, хэмнэлттэй, найдвартай тээврийн зам болж буйгаараа Хятад, Пакистаны эдийн засгийн коридор чухал ач холбогдолтой юм.[5], [6]
Зураг 1. Хятад, Пакистаны эдийн засгийн коридорт хэрэгжиж буй цахилгаан эрчим хүчний төслүүд[7], [8]
Эдийн засгийн харилцаа
Хятад, Пакистан хоёр улс 1950-иад оноос худалдааны харилцаанд орж эхэлсэн бөгөөд 1963 онд албан ёсоор анхны худалдааны гэрээ хийгджээ. 2022 оны байдлаар Пакистан улс Хятад руу 2,1 тэрбум ам.долларын экспорт хийсэн бөгөөд гол бүтээгдэхүүн нь зэс, хөвөн, цагаан будаа байв. Харин Хятад улс Пакистан руу 21 тэрбум ам.долларын экспорт хийсэн ба бензин шатах тослох материал, цахилгаан болон хагас дамжуулагч материал экспортолжээ. Хятад, Пакистаны худалдаанд Пакистаны тал ихээхэн алдагдалтай байдаг аж.
Хятад, Пакистаны эрчим хүчний хамтын ажиллагаа
Хятад, Пакистаны эдийн засгийн коридорт эрчим хүч, зам тээврийн дэд бүтэц, аж үйлдвэрийн паркийн хамтын ажиллагаа, Гвадар боомтын бүтээн байгуулалтыг гол чиглэл болгон хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа аж.
Эрчим хүчний төслүүд нь Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын нэн тэргүүний зорилт бөгөөд хамгийн ахицтай, хамгийн үр дүнтэй салбар болон үргэлжилж байна. Пакистан улс дотооддоо эрчим хүчний хомсдолтой байдаг нь түүний эдийн засаг, нийгмийн хөгжлийг хязгаарлах чухал хүчин зүйл болж байсан бөгөөд бусад дэд бүтцийн төслүүд нь эрчим хүчгүйгээр ахих боломжгүй юм.
2013 оны 12 дугаар сард Хятад, Пакистаны засгийн газар Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын дагуух эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.[9] Улмаар эрчим хүчний төслүүдийг зохицуулах, дэмжих зорилгоор Хятадын Үндэсний эрчим хүчний газар (中国国家能源局), Пакистаны Усны нөөц, эрчим хүчний яамнаас (Ministry of Water Resources, Ministry of Energy) Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын Эрчим хүчний ажлын хэсгийг байгуулж, механизм бүрдүүлжээ. 2014 оны эхээр хоёр талын эрчим хүчний мэргэжилтнүүд эрчим хүчний хэрэгцээ, нөөцийн үндсэн дээр Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын эрчим хүчний төлөвлөлтийг томьёолсон байна.
Энэ төлөвлөгөөнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх 14 төсөл багтсан бөгөөд нийт суурилагдсан хүчин чадал нь ойролцоогоор 17000 МВт, нийт хөрөнгө оруулалт нь ойролцоогоор 30.5 тэрбум ам.доллар байхаар тусгасан аж.[10] 2020 оны 2 дугаар сарын байдлаар уг коридорын дагууд 7240 МВт суурилагдсан хүчин чадалтай, нийт 12.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 12 эрчим хүчний төсөл ашиглалтад орсон бөгөөд үүнээс 9 төсөл нь арилжааны зориулалтаар ашиглагдаж байна.
2018-2019 оны санхүүгийн жилд коридорын эрчим хүчний төслүүдийн цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ 17.728 тэрбум кВт/ц болсон нь Пакистаны үндэсний сүлжээний (National Transmission & Despatch Company of Pakistan) нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 14.5 хувийг эзэлж байна. 2018-2019 оны санхүүгийн жилийн байдлаар арилжааны зориулалтаар ашиглаж байсан коридорын төсөл нь барилгын ажлын явцад 250 орчим сая ам.долларын татвар төлж, 10 мянга гаруй хүнийг ажлын байраар хангасан бол ашиглалтад орсныхоо дараа 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.
2021-2022 оны байдлаар тус коридорын төслүүдийн цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ 28,5 тэрбум кВт/ц болж өссөн бөгөөд энэ нь Пакистаны нийт хэрэглээний 22 хувийг эзэлж байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэх зардлын тухайд 2021 оны 10 дугаар сард импортын нүүрсэнд суурилсан төслүүд 0.02 ам.доллар кВт/цаг цахилгаан үйлдвэрлэжээ. Харин Пакистаны дотоодын төслүүдийн өртөг нь коридорын төслийнхөөс үнэтэй буюу 0.07 ам.доллар кВт/цаг байсан байна.[11]
Тулгарч буй хүндрэл: өрийн дарамт
Хятад, Пакистаны эдийн засгийн коридор нь ихээхэн хүндрэлүүдтэй тулгарч олон төсөл зогссон байна. Эдийн засгийн гүнзгий хямрал нь эрчим хүчний салбарын төслүүдэд бэрхшээл учруулж Пакистан улс төлбөрийн чадваргүй болж өрийн дарамтад оржээ. Пакистан улс их хэмжээний өрийн дарамтад орсон тул Олон улсын валютын сан тусламжийн багц хөтөлбөрийг санал болгож байгаа боловч Хятад үүнд таатай хандахгүй байна. Пакистаны нийт гадаад өр 126 орчим тэрбум ам.доллар байгаа ба үүний 30 тэрбумыг Хятад улс эзэмшиж байна.[12] Америкийн төрийн департамент Хятад улс Пакистанд хяналтаас гадуур их хэмжээний зээл өгч өрийн дарамтад оруулж байгааг эсэргүүцэж мэдэгдэл гаргасаар байна.[13], [14], [15]
Хятад улс хилийн чанадад хуурай газрын болон далайн боомтуудад их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж өөрсдийн хяналтад байлгахаар зорьж байна хэмээх шүүмжлэлд өртдөг. Хятад улс одоогийн байдлаар 100 гаруй далайн боомтод хөрөнгө оруулалт хийх хэлбэрээр хяналтдаа авахаар эрмэлзэж байгаа бөгөөд заримыг нь цэргийн зориулалтаар ашиглаж байна[16] гэж АНУ-ын The Council on Foreign Relations судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Үүний нэг жишээнд Пакистаны Гвадар боомт дурдагддаг юм.
Гвадар боомтын бүтээн байгуулалтын ажил 10 гаран жил өнгөрсөн ч бүрэн ашиглалтад ороогүй, хятад иргэд тус бүсэд олноор ирж суурьшиж байгааг эсэргүүцсэн нутгийн иргэдийн жагсаал цуглаан хүчирхийлэл ихэссэн байна. Пакистаны хүнд суртал, авлига, улс төржилт, зарим мужуудын зэвсэгт мөргөлдөөн зэрэг нь эдийн засгийн коридорын төслүүдийг мөн удаашруулж байна.
Дүгнэлт
“Бүс, Зам” санаачилгын хүрээн дэх Хятад Пакистаны эдийн засгийн коридор, тэр дундаа эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт нь Хятадын хувьд Малаккагийн хоолойн далайн тээврээс хэт хамааралтай эмзэг байдлаа бууруулах стратегийн өндөр ач холбогдолтой юм. Иймд Хятад улс Пакистан улсын эрчим хүчний салбар, боомтын сэргэлтэд ихээхэн хөрөнгө оруулж ажиллаж байна. Пакистаны хувьд эрчим хүчний дутагдалтай байдал нь эдийн засгийн хөгжлийг боомилогч гол хүчин зүйл болдог тул энэ байдлаас гарахад Хятадын хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй байгаа юм. Энэхүү угталцсан эрх ашиг нь хоёр орны хамтын ажиллагааг эрчимтэй урагшлуулах гол хөшүүрэг болж байна.
Гэвч төслийн бодит үр дүн, буцаан төлөх эдийн засгийн боломж, засаглалын чадамж зэргээс үүдэн Хятадын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын төслүүд нь тухайн орны гадаад өрийн дарамтыг ихэсгэж нийгэмд сөрөг хандлагыг дэврээж байна гэх шүүмжлэл мөн дагуулж байна. Зарим улс Хятадын хөрөнгө оруулалттай төслүүдийг цуцлах, түдгэлзүүлэх болсон бөгөөд шалтгаан нь байгаль орчны асуудал, улс төрийн харилцаа хурцадсан, санхүүгийн асуудал, дотоод болон олон улсын хэмжээнд гарч буй аюулгүй байдлын асуудал юм.
Ашигласан эх сурвалж:
[1] The Economic Dimension of Sino-Pakistani Relations: an overview: Journal of Contemporary China: Vol 20, No 71 (tandfonline.com)
[2] WORLD OIL TRANSIT CHOKEPOINTS
[3] China-Pakistan Economic Corridor: Road to Riches? – Jamestown
[4] 大能源视角下中国能源安全形势及中央企业作用研究 (chinaminingmagazine.com)
[5] China-Pakistan Economic Corridor: Opportunities and Challenges Opportunities and Challenges on JSTOR
[6] Zhong, Yu. “The importance of the Malacca Dilemma in the Belt and Road Initiative.” Journal of policy science 10 (2016): 85-109.
[7] China-Pakistan Economic Corridor; Prospects and Challenges for Balochistan, Pakistan. – IOPscience
[8] China’s super link to Gwadar Port (scmp.com)
[9] 能源合作“照亮”中巴经济走廊 – 中国一带一路网 (yidaiyilu.gov.cn)
[10] Energy Projects Under CPEC | China-Pakistan Economic Corridor (CPEC) Secretariat Official Website
[11] CPEC energy projects offer low-cost electricity for Pakistan (app.com.pk)
[12] How much debt is too much debt? Curious case of Pakistan’s $69 billion Chinese debt trap (theprint.in)
[13] “At all costs”: How Pakistan and China control the narrative on the China-Pakistan Economic Corridor | Brookings
[14] The China Pakistan economic corridor facing serious difficulties – Geopolitica.info
[15] Хятадыг аз жаргалтай байлгахыг хичээж буй Пакистан | News.MN
[16] Tracking China’s Control of Overseas Ports | Council on Foreign Relations (cfr.org)
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хөрөнгийн зах зээл ба геополитикийн эрсдэлДараах нийтлэл
Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын цэргийн стратеги (I)Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19