Хөрөнгийн зах зээл бол набор мэт макрогоос микро хүртэл том жижиг, янз бүрийн эрсдэлүүдийн цуглуулга бүхий салбар билээ. Иймээс ч хөрөнгө оруулалтын салбарын оролцогч талууд болох зохицуулах байгууллагууд[1], хөрөнгө оруулалтын мэргэжлийн институтүүд[2], зэрэглэл тогтоох байгууллагууд, хөндлөнгийн аудитын байгууллагууд, хуулийн фирмүүд, хөрөнгө оруулагчид бүгд эрсдэлийн тусгай нэгжтэйгээр ажиллан үүсэж болзошгүй эрсдэлүүдийг судлах, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлдог. Хөрөнгө оруулалтын салбар өөрөө бүхий л салбарыг хамардаг, хил хязгааргүй мэт мөнгөний урсгалтай учраас эрсдэлүүд нь тухайн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болон салбарын онцлогоос хамаарч өөр өөр байх нь бий.
Хөгжингүй орнуудад олон нийтэд нээлттэй томоохон компаниудын хувьцаа л гэхэд тухайн компанийн дотоод үйл ажиллагаа болон үйл ажиллагаа явуулж буй орны улс төр, нийгэм эдийн засгийн үйл явдлуудаас шалтгаалсан эрсдэлтэй тулгардаг бол хөгжиж буй жижиг улсуудад компаниудын хувьцаа хөрвөх чадваргүй болох, үнийн хэлбэлзэлд өртөх, өрсөлдөөний зэрэг нийтлэг эрсдэлүүдтэй тулгардаг. Харин бонд, өрийн хэрэгслүүд нь үнэт цаас гаргагч дампуурах, төлбөрийн чадамжаа алдах, инфляц, хүүгийн өөрчлөлтөөс үүдэлтэй өгөөж буурах, ханшийн хэлбэлзэлд өртөх зэрэг эрсдэлтэй нүүр тулдаг. Товчхондоо хөрөнгийн зах зээлийн эрсдэлүүдийг ерөнхийлөн нэрлэвэл зах зээлийн хэлбэлзэл, зохицуулалтын өөрчлөлт, суурь өгөөжийн өөрчлөлт, макро нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс бүрдэнэ.
Чингэхдээ сүүлийн үед технологийн ачаар дэлхийн өнцөг булан бүрээс хил дамнасан хөрөнгө оруулалт хийх явдал энгийн зүйл болохтой зэрэгцэн геополитикийн эрсдэл хүч түрэн чухалд тооцогддог болов. Өмнө хөрөнгө оруулалтын салбарт геополитикийн эрсдэл болбоос магадлал, нөлөө төдийлөн ихгүй, дунд түвшний эрсдэлд тооцогддог байсан бол өдгөө оролцогч талуудын ашиг сонирхлыг хөндсөн хамгийн чухал эрсдэлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байна.
Геополитикийн индекс сүүлийн 20 жилд байгаагүйгээр өсөв
Хөрөнгийн зах зээл дээр геополитик заавал судлагдах ёстой эрсдэлийн хүчин зүйл болсныг Геополитикийн эрсдэлийн индексээр тайлбарлах боломжтой. Уг индекс[3] нь дэлхийн томоохон хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл, нийтлэлүүдэд автоматаар хайлт хийх замаар дайны аюул (1-р ангилал), энх тайванд учрах заналхийлэл (2-р ангилал), цэргийн зэвсгийн бүтээн байгуулалт (3-р ангилал), цөмийн аюул (4-р ангилал), терроризмын аюул (5-р ангилал), дайн өдөөх (6-р ангилал), дайнаас улбаатай хурцадмал байдал үүсэх (7-р ангилал), терроризмын нөхцөл байдал (8-р ангилал) гэсэн сэдвүүдээр шүүж, дэлхий даяарх геополитикийн хурцадмал байдлын өсөлт, бууралтыг тогтоодог. Хөрөнгийн зах зээл нь мэдээлэлд хамгийн хурдан хариу урвал үзүүлдэг салбар учраас өдгөө хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд уг индексийг эрсдэлийг гол үзүүлэлт хэлбэрээр зах зээлийг тольдох цонх болгожээ. Уг индекс нь түүхэн цаг хугацаанд Дэлхийн II дайн, Солонгосын дайн, Кубын хямрал зэрэг томоохон асуудлуудад хамгийн өндөр үзүүлэлттэй гарч байсан бол 2001 оны 9 сарын 11-ний үйл явдлын үед 498.65 нэгжид хүрч 21-р зууны оргил үедээ хүрч байсан. 2003 оны Иракийн дайнаар өндрөө дахин авсан индекс аажмаар намжиж, 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал хойш харьцангуй тогтвортой байсаар 2010 оноос 2021 оныг дуустал дунджаар 91.66 нэгж байжээ.
Харин 2022 он гарснаас хойш уг индекс огцом өсөх хөдөлгөөнд орсон ба Украины хямралын дараагаас буюу 3 дугаар сард 318.85 нэгжид хүрч өссөн. Үүн дээр нэмэгдэж Зүүн Азийн аюулгүй байдлын асуудлууд тэр дундаа Тайваний асуудал, Хойд Солонгосын цөмийн асуудал, Ойрх Дорнодод Газын зурвасын асуудал, Ираны асуудал тэргүүтэй бүс нутгийн гүрнүүдийн ашиг сонирхлыг хөндсөн том цочроонууд ар араасаа урган гарсны үр дүнд хөрөнгийн зах зээл дээрх ГЕОПОЛИТИК-ийн эрсдэл өмнө хожид байгаагүйгээр өссөн. Улмаар Украинд дайн эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл (2024 оны 3 дугаар сар хүртэл) сард дунджаар 139.8 нэгжээр хэмжигдэх болов.
График-1. Геополитикийн эрсдэлийн индекс. Эх сурвалж: https://www.matteoiacoviello.com/gpr.htm
Геополитикийн эрсдэлийн индекс өсөх нь хөрөнгийн зах зээлд шууд утгаараа сөргөөр нөлөөлдөг
Бүс нутгийг хамарсан аливаа геополитикийн асуудлууд үндэстэн дамнасан компаниудын хөрөнгө оруулалтын шийдвэрт чухал нөлөө үзүүлдэг.[4] Том эдийн засгуудад эрсдэлийн индекс 100 хувиар өсөхөд хөрөнгийн зах зээл дээрх хөрөнгө оруулалтын түвшин дунджаар 5.3 хувиар буурдаг болох нь регрессийн дүн шинжилгээгээр нотлогдсон.[5]
Салбараар нь ангилж авч үзвэл эрчим хүчний салбар геополитикийн эрсдэлд хамгийн мэдрэг байдаг. Энэ нь аливаа бүс нутгийн хямрал болсон нөхцөлд хамгийн түрүүнд эрчим хүчний дэд бүтэц бай болдог, улмаар газрын тос, байгалийн хийн салбар дахь хөрөнгө оруулалт буурдагтай шууд холбоотой ажээ. Дараагаар нь харилцаа холбоо, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл (компьютер, программ хангамж, электрон тоног төхөөрөмж), хүнд үйлдвэрлэл (машин, ачааны машин, онгоц) зэрэг хөрөнгө оруулалт их шаарддаг томоохон салбарууд геополитикт мэдрэг салбаруудаар нэрлэгддэг.[6]
Мэргэжлийн институтүүдийн геополитикийн эрсдэлийн цар хүрээг хүлээн зөвшөөрөх болов
Хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулагч нарт мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг институтүүд эл чиглэлээр судалгааг тогтмол хийж байгаа нь геополитикийн эрсдэл улам ихсэх хандлагатай буйг харуулж байна. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн компани болох BlackRock[7] л гэхэд тусгай геополитикийн эрсдэлийг тооцоолдог аргачлал хөгжүүлсэн бөгөөд 2024 оны тайландаа өнөөдрийн олон улсын нөхцөл байдал сүүлийн 18 сарын дээд түвшинд очсон болохыг тогтоосон байна. Эрсдэлийн шинжээч нар дэлхий даяар сүүлийн үед өрнөж буй зэвсэгт мөргөлдөөний тоо сүүлийн 80 жилийн хамгийн дээд түвшинд хүрсэн, тогтворгүй, урьдчилан таамаглах боломжгүй үзэгдэл давамгайлж байгаа болохыг тогтоож цаашид эрсдэл нэмэгдэх хандлагатай буйг сануулж байна.[8] 10 их наяд ам.долларын хөрөнгийг удирддаг мэргэжлийн байгууллагын энэ мэт дүгнэлтүүд хөрөнгийн зах зээл дээрх шийдвэр гаргалтад нөлөөлдөг.
Үүнээс гадна олон улсын зээлжих зэрэглэлийн S&P глобал тэргүүтэй байгууллагууд хөрөнгө оруулагч нарт зориулан эрсдэлийн судалгааг хүргэх болсон ба 2024 онд анхаарах ёстой геополитикийн гол эрсдэлүүдээр Орос, НАТО-гийн хоорондын мөргөлдөөн, кибер халдлага, АНУ-БНХАУ хоорондын харилцааны хурцадмал байдал, даяаршил саарах, байгаль цаг уурын эрсдэл, эрчим хүчний аюулгүй байдал, цар тахлын эрсдэлүүдийг нэрлэсэн байна.[9] Үүнээс АНУ-БНХАУ хоорондын харилцааны хурцадмал байдал хамгийн их үр нөлөөтэй, тохиолдох магадлал өндрөөр тодорхойлогдоод буй.
Матрикс-1. 2024 оны геополитикийн эрсдэл. Эх сурвалж: S&P глобал
Хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээл илүү өртөмтгий байдаг
Онолын хувьд геополитикийн эрсдэл хөгжиж буй орнуудад хамгийн их түвшинд сөрөг нөлөө үзүүлдэг. Учир нь хөгжиж буй орнуудад хөгжингүй орнуудаас илүү капиталын дутагдалтай, биет болон биет бус хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага өндөр байдаг. Өөрөөр хэлбэл геополитикийн эрсдэл тэнхлүүн яваа хөгжингүй оронд тэмээ шиг тэвдэж яваа хөгжиж буй орнуудад тэвнэ шиг мэт.
Тодруулбал бүс нутгийн хурцадмал байдал үүсэхэд нэн түрүүнд хөгжиж буй орнуудад тодорхойгүй байдал үүсдэг. Ингэснээр хөрөнгө оруулагч нь шийдвэрээ хойшлуулах, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа зогсоох зэргээр оролцогч талуудын оролцоо шийдвэр гаргалт удааширдаг. Ингэснээр тодорхой бус цаг үеийг дуустал АЗНАХ-ХҮЛЭЭХ стратегид шилждэг.
Эл нөхцөл байдал хөгжиж буй эдийн засагтай Турк улсын хамгийн том хөрөнгийн бирж болох Станбулын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 164 аж үйлдвэрийн компаниуд дээр хийсэн судалгаагаар нотлогдсон.[10] Туркийн томоохон нээлттэй компаниудын хөрөнгө оруулалт татах болон хөрөнгө оруулалт хийх нь улсын геополитикийн эрсдэлийн индекстэй хамааралтай ба статистикийн 5%-ийн ач холбогдолтой гарчээ.[11] Хөрөнгө оруулалт багасна гэдэг нь санхүүгийн хувьд компанийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгө оруулалтууд зогсох, бизнес төлөвлөгөө хэрэгжихгүй байх, ирээдүйн мөнгөн урсгал тасалдах, багасах, улмаар зээлийн өртгийг нэмэгдүүлэх байдлаар илэрдэг тул эл хөгжиж буй орнуудад илүүтэйгээр хортой тусдаг.
Харин хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн том эдийн засагтай орнуудад Геополитикийн эрсдэл нь бодлого тодорхойлогч нарыг гэнэтийн шийдвэр гаргахад хүргэж гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтууд дайжихад хүрдэг. Тодруулбал геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан их гүрнүүдийн бодлого тодорхойлогч нар эдийн засгийн хүсээгүй шийдвэрүүдийг гаргах нөхцөлд тухайн улсын хөрөнгийн зах зээлийн оролцогч талууд илүү найдвартай зах зээл, санхүүгийн хэрэгслийг хайж эхэлдэг. Энэ нь эргээд хөрөнгийн зах зээл дэх тогтворгүй байдлыг бий болгодог.
Олон улсын валютын сан БНСУ-ын 1.9 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй, 40 хувийг олон улсын хөрөнгө оруулагчид эзэмшдэг Хөрөнгийн бирж[12] дээр судалгаа хийж эл үзэгдлийг нотолсон. Ингэхдээ Хөрөнгийн биржийн индексийг Солонгосын хойгийн асуудлуудаас үүдэлтэй геополитикийн индекстэй харьцуулсан. 2017 онд Хойд Солонгосын цөмийн пуужингийн хямралын үеэр Солонгосын хойгийн геополитикийн хурцадмал байдал дээд цэгтээ хүрч удаах жилүүдэд үргэлжилсэн цөмийн туршилт, пуужин хөөргөх зэрэг геополитикийн эрсдэлийн индекс өссөн жилүүдэд эрсдэлийн индекс нэг нэгжээр өсөхөд хувьцааны өгөөжийг дунджаар 0.0068%-иар буурдаг болох нь тогтоогдсон.[13] Энэ нь геополитикийн эрсдэлээс үүдэлтэй цэргийн дадлага сургууль хийх, эвслийн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, пуужингийн шинэ туршилт хийх гэх улс төрийн шийдвэрүүдийн хариу урвал юм.
Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудад ч геополитикийн эрсдэл нэмэгдэх нь хөрөнгө оруулагч нар дайжих, улмаар хөрөнгө оруулалтын өгөөж буурах шалтгаан болдог ажээ.
Дүгнэлт
Геополитикийн эрсдэлээс үүдэн хөгжиж буй орнуудын эрчим хүч, уул уурхайн салбарууд хөрөнгийн зах зээл дээрээс илүү өндөр өртөгтэй санхүүжилт татахад хүрнэ
2024 оны 3 дугаар сарын байдлаар 124 нэгжээр хэмжигдэж буй дэлхийн геополитикийн эрсдэлийн индекс нь сүүлийн 3 жилийн турш өндөр түвшинд хадгалагдсаар байна. Дэлхийн зээлжих зэрэглэл тогтоодог томоохон байгууллагууд болон хөрөнгө оруулалтын хамгийн том удирдлагын компаниудын эрсдэлийн судалгаануудыг ажиглахад цаашид эрсдэлийн индекс улам өсөх хандлагатай байна. Уг индекс бол цэвэр мэдээлэл дээр тулгуурладаг учраас хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын шийдвэр гаргалтад тусгалаа олдог статистикийн ач холбогдолтой үзүүлэлт гэдгийг цохууштай.
Геополитикийн эрсдэл нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудад харьцангуй өөр хэлбэрээр нөлөөлдөг. Хор хохирлын хувьд хөгжиж буй орнуудад илүү хүнд нөлөөлөх хандлагатай байна. Учир нь аливаа хөгжиж буй орнуудад эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд тогтмол хөрөнгө оруулалт татах, засгийн газраас эхлээд компаниуд өрийн хэрэгслээр санхүүжилт татах, компаниуд олон нийтийн болох замаар урт хугацааны өртөг багатай санхүүжилт татах зэрэг хөрөнгийн зах зээлийн хэрэгцээ их байдаг.
Геополитикийн эрсдэл нэмэгдсэнээр хөрөнгө оруулагч нар хөгжиж буй орнуудад оруулах хөрөнгө оруулалтын шийдвэрээ АЗНАХ-ХҮЛЭЭХ стратегид шилжүүлдэг. Чухамхүү энэ нөхцөл дунд хөрөнгө оруулагч нар илүү өндөр өгөөж шаардах тул хөгжиж буй орнуудад санхүүжилтийн зардал, өртөг өсөх суурь бүрддэг.
Дээрх дүгнэлт дээр уул уурхай, эрчим хүчний салбарууд геополитикийн эрсдэлд хамгийн эмзэг байдаг баримтыг шигтгэх аваас “Хөгжиж буй орнууд геополитикийн эрсдэл улам өсөх хандлагатай ойрын болон дунд хугацаанд уул уурхай болон эрчим хүчний салбартаа хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах нөхцөлд илүү өндөр өртгийг төлөх болно” хэмээн дүгнэх боломжтой.
Ашигласан эх сурвалж:
[1] Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, биржүүд
[2] Хөрөнгө оруулалтын банкнууд, Хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд, Даатгалын компаниуд
[3] Дарио Калдара, Маттео Яковиелло боловсруулсан индекс гэж заримдаа нэрлэгддэг.
[4] Судлаачаад энэ урвалыг хэд хэдэн империк судалгаануудаар баталсан.
[5] https://www.matteoiacoviello.com/gpr.htm
[6] Dissanayake, Ruchith and Mehrotra, Vikas and Wu, Yanhui, Geopolitical Risk, Financial Slack and Capital Investments, 2018, http://dx.doi.org/10.2139/ssrn.3222198
[7] BlackRock нь 10 их наяд ам.долларын хөрөнгөтэй, Америкийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын компани юм. Дэлхийн томоохон компаниудын хувьцаа, төслүүдийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргадаг тус хөрөнгө оруулалтын менежментийн компани дэлхийн 38 улсад 78 оффистойгоор үйл ажиллагаа явуулдаг.
[8] Geopolitical risk dashboard, BlackRock, 2024, https://www.blackrock.com/corporate/literature/whitepaper/geopolitical-risk-dashboard-february-2024.pdf
[9] https://www.spglobal.com/en/enterprise/geopolitical-risk/
[10] Татсан хөрөнгө оруулалтын үзүүлэлтийг 2005-2019 оны хооронд Геополитикийн эрсдэлийн индекстэй харьцуулах байдлаар судалсан.
[11] The Impact of Geopolitical Risk on Corporate Investment: Evidence from Turkish Firms, Marmar a University, Omer Faruk Tan, Hakan Cavlak, Ardahan University, Necati Güneş, The Indonesian Capital Mark et Review: Vol. 14:, 2002, https://scholarhub.ui.ac.id/cgi/viewcontent.cgi?article=1138&context=icmr
[12] https://www.ceicdata.com/en/indicator/korea/market-capitalization#:~:text=in%20Feb%202024%3F-,South%20Korea%20Market%20Capitalization%20accounted%20for%201%2C917.573%20USD%20bn%20in,table%20below%20for%20more%20data.
[13] The Impact of Geopolitical Risk on Stock Returns: Evidence from Inter-Korea Geopolitics, Seungho Jung, Jongmin Lee, Seohyun Lee, International Monetary Fund, Working Paper, 2021
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Хятад, Пакистаны эдийн засгийн коридор: Эрчим хүчСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19