ОХУ-ын Холбооны статистикийн албаны мэдээлснээр тус улсын эдийн засаг 2022 онд ойролцоогоор 3 хувиар агшжээ. Энэ оны ОХУ-ын эдийн засгийн динамикийг авч үзвэл 2022 оны 1 дүгээр улиралд 3.5 хувиар нэмэгдсэн, харин 2 дугаар улиралд 4,1 хувиар буурч, 3 дугаар улирлад 4 хувиар унасан,[1] 4 дүгээр улиралд 3.7-4 хувиар буурах магадлалтай байна.[2]
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 9 дүгээр сард гаргасан тайланд 2022 онд ОХУ-ын ДНБ-ий уналт 5.5 хувьтай гарна гэж тооцсон.[3] Дэлхийн банкны 10 дугаар сард гаргасан тайланд 4.5 хувь хүртэл унана гэв.[4] ОХУ-ын ч, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын ч гаргасан тооцооноос харахад ОХУ-ын эдийн засаг юутай ч эхэн үед таамаглаж байсан шиг 20 хувь хүртэл огцом унаагүй, 3-5 хувь хүртэл уналттай гарлаа.
ОХУ дахь Инфляцын түвшин
ОХУ-ын инфляцын түвшин 2022 оны туршид ихээхэн хэлбэлзэж, 11 дүгээр сарын эцсийн байдлаар 12 хувьд хүрэв.[5] Украинд үүсээд буй нөхцөл байдал нь ОХУ-ын 2022 оны инфляцын түвшинд шууд нөлөө үзүүлсэн. Тухайлбал, 2022 оны 4 дүгээр сард тус улсын жилийн инфляцын түвшин сүүлийн хорин жилд буюу 2002 оноос хойш байгаагүй дээд хэмжээнд очсон 17.8 хувьд хүрсэн нь судлаач, эдийн засагчдын анхаарлын төвд байлаа. Харин 2022 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-ын инфляцын түвшин бага зэрэг буурч 15.9 хувьд хүрсэн.
ОХУ-д инфляцын түвшин нэмэгдэхийн хэрээр үнийн хөөрөгдөл гаарч савлагаа ихтэй байв. Дайн эхэлснээс хойш ОХУ дахь хэрэглээний үнийн индекс 2022 оны эхний хагас жилийн туршид 11 хувиар өсч, өнгөрсөн 2021 оны 7 дугаар сарын үзүүлэлтээс 15 хувиар өсчээ. Харин 2022 оны 12 дугаар сарын байдлаар тус улс дахь хэрэглээний үнийн индекс 100,58 хувийн үзүүлэлттэй байна.
Орос Украины дайн эхэлснээр дэлхийн улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан билээ. Үүнтэй холбогдуулан тус улсын Төв банк санхүү, бараа бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн хадгаламжид үүсэх эрсдлээс хамгаалах зорилгоор 2022 оны 2 дугаар сарын сүүлээр бодлогын хүүгээ 10.5 нэгж хувиар нэмэгдүүлж, жилийн 20 хувь болгосноор түүхэн дээд түвшинд хүрэв.[6]
ОХУ нь хатуу хориг арга хэмжээний улмаас бий болсон инфляц, үнийн хөөрөгдлийг бууруулж чадсан. Тус улсын Төв банкны 2022 оны 11 дүгээр сард гаргасан таамгаар ОХУ дахь инцляцын түвшин 2023 онд 7-5 хувь хүртэлх хэмжээнд буурна гэсэн тооцоотой байна.[7]
Түлш, эрчим хүчний салбар
ОХУ-ын 2022 оны газрын тосны олборлолт 488 сая тоннд хүрч, 2021 оны үзүүлэлтээс 2.2 хувиар өссөн байна.[8] Харин байгалийн хийн олборлолт нь 2022 оны эхний 11 сарын байдлаар 612.9 тэрбум шоо метрийн үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11 хувиар буурсан дүн ажээ.[9]
Украины дайны улмаас Барууны орнуудаас ОХУ-ын эсрэг олон талын хориг арга хэмжээ авсан нь тус улсын эдийн засаг, түүний дотор аж үйлдвэрийн салбарт тодорхой сорилт, бэрхшээлүүдийг бий болгосон. Үүний зэрэгцээ ОХУ-аас хий, шатахуун болон бусад ашигт малтмал импортолдог улс, орнуудын түлш, эрчим хүчний салбарт томоохон хүндрэл үүслээ. ОХУ-ын байгалийн хий болон газрын тос гэсэн хоёр үндсэн салбарыг доор дэлгэрүүлэн авч үзье.
Байгалийн хийн олборлолт, экспорт
ОХУ дахь байгалийн хийн салбарыг судлахад тус улс дахь хийн олборлолтын 70 орчим хувийг эзэлдэг “Газпром” компанийг онцлохгүй байх аргагүй. 2022 оны байдлаар ОХУ-ын “Газпром” компанийн хийн олборлолт өнгөрсөн 2021 оноос буурсан бөгөөд тус компани 2022 оны эхний найман сарын тайландаа 300.8 тэрбум шоо метр хий олборлосон талаар мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 15.9 хувиар буурсан үзүүлэлт юм.[10]
Байгалийн хийн олборлолтыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын ерөнхий сайд М.Мишустин шинэ цогцолборууд байгуулах, судалгаа-шинжилгээ, туршилтын ажил хийхэд зориулан 6 тэрбум рублийг төсөвлөх шийдвэрийг 2022 оны 9 дүгээр сард гаргав.
ОХУ-ын байгалийн хийн экспортын зарим тоон мэдээллийг дурдвал тус улс ТУХН-ийн бус орнууд руу нийлүүлж буй байгалийн хийн экспортоо 2022 оны эхний есөн сарын туршид 40.4 хүртэлх хувиар буюу 58.9 тэрбум шоо метрээр бууруулж 86.9 тэрбум шоо метрт хүргэв. Ингэснээр Европ дахь байгалийн хийн үнэ 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар урьд өмнө байгаагүй дээд түвшинд хүрсэн бөгөөд энэ нь ОХУ экспортоо бууруулсантай холбоотой юм.
ОХУ Европ руу нийлүүлж буй хийн урсгалаа бууруулж байгаатай холбогдуулан Олон улсын эрчим хүчний агентлагаас ЕХ-г байгалийн хийн хэрэглээгээ 9-13 хүртэлх хувиар бууруулах шаардлагатай талаар 2022 оны 10 дугаар сард гаргасан улирал бүрийн тайландаа дурдсан. ЕХ нь 2022 онд байгалийн хийн хэрэглээгээ бууруулах, энэ салбарт ОХУ-аас бага хамааралтай болох бодлогыг баримтлаж байна.
Газрын тосны олборлолт, экспорт
ОХУ дахь газрын тос болон нүүрсний олборлолт 2022 оны туршид хэвийн үргэлжлэв. Тус улсын 2022 оны эхний хагас жилийн байдлаарх газрын тосны олборлолтыг авч үзвэл 263 сая тоннд хүрсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувиар өссөн статистик болно. Харин 2022 оны бүтэн жилийн туршид ОХУ 488 сая тонн нефть олборлосон.
Европын холбооноос ОХУ-ын эсрэг авсан дөрөв дэх багц хориг арга хэмжээ нь тус улсын “Роснефть”, “Транснефть”, “Газпромнефть” компаниуд болон дизель хөдөлгүүртэй “КамАЗ” машин үйлдвэрлэгч компанийг хамрав.
Улмаар ОХУ-ын газрын тосны экспортын орлогын хэмжээ 2022 оны 9 дүгээр сард 3.2 тэрбум доллараар буюу 17.3 хувиар буурч, оны эхний есөн сарын байдлаар хамгийн доод түвшинд хүрсэн талаар Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлэв.[11] Гэсэн хэдий ч ОХУ нь экспортын алдагдлаа амжилттай нөхөж буйг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд нөлөөлж буй үндсэн хүчин зүйлүүд нь ОХУ-ын газрын тосны экспортын татварын үнэ болон газрын тосны үнийн өсөлт болно.[12]
2023 онд ОХУ-ын газрын тосны экспортын салбарт томоохон бэрхшээл тулгарах нь дамжиггүй болов. Тодруулбал ОХУ-аас Европ руу нийлүүлж буй газрын тосны далайн экспортыг 2022 оны 12 дугаар сараас, нийт газрын тосны экспортыг 2023 оны 2 дугаар сараас тус тус хориглох тухай шийдвэрийг ЕХ гаргаад байна. Чингэхдээ Болгар улс 2024 он хүртэл, Хорват 2023 он хүртэл тус тус Оросын газрын тосыг худалдан авах боломжтой байдлаар зохицуулсан байна.
Хөдөө аж ахуйн салбар
Эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас ОХУ дотоод дахь хүнсний нөөцөө хангах зорилгоор 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөрЕЭЗХ-ны гишүүн орнуудад үр тариа экспортлох, түүнчлэн ЕЭЗХ-ны бус гадаадын улс, орнууд руу элсэн чихэр экспортлохыг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргав.[13]
Тухайлбал ур тарианы экспортыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, элсэн чихрийн экспортыг 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус зогсоов. Үр тарианы хоригт улаан буудай, меслин, хөх тариа, арвай, эрдэнэ шиш зэрэг хамаарсан байна. ОХУ дээрх экспортын хоригоо сунгахгүй болохоо 2022 оны 6 дугаар сард мэдэгдэв.
Украин дахь дайны улмаас тус улсаас экспортлохоор төлөвлөж байсан 1,5 сая тонноос 22 сая тонн хүртэлх үр тарианы нийлүүлэлт зогсов. Украин улсын төмөр зам нь үндсэндээ цэрэг дайны зориулалтаар ашиглагдаж буй шалтгаанаар дээрх үр тариаг хуурай замаар экспортлох боломжгүй болсон.[14] Германы “Deutsche Welle” агентлагийн мэдээлснээр ОХУ нь Украины хилийн портуудыг бүслэлтэд авснаас болж дэлхий дахин хүнсний хямралд ороод буй бөгөөд Африк, Ойрх Дорнод, Азийн улс орнуудад хүнсний ноцтой аюул нүйрлэх магадлалтай буйг тэмдэглэв.
Үр тарианы экспортыг сэргээх зорилгоор Украин улсын хилийн портуудыг бүслэлтээс гаргах тухай хэлэлцээрт ОХУ болон Украин улсын төлөөлөгчид 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Туркийн Стамбул хотноо гарын үсэг зурав. Тус хэлэлцээрийн дагуу зогсонги байдалд ороод байсан Украины 20-25 сая тонн үр тариаг экспортлох боломжтой болж буй юм.
Үр тарианы салбарын зарим статистик тоон мэдээллийг хүргэвэл:
ОХУ 2022 онд үр тарианы үйлдвэрлэлийн түүхэн дээд түвшинд буюу 150 саяаас дээш хэмжээний тонныг хураан авах таамгийг шинжээчид дэвшүүлж байсан нь амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэх боломжтой байна. Мөн тус улс 2022 онд хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өнгөрсөн онтой харьцуулбал ихээхэн нэмэгдүүлж, үр дүнтэй ажиллав.
ОХУ-ын гадаад худалдаа
Экспорт
ОХУ-ын Холбооны гаалийн албаны өгсөн мэдээллээр тус улсын 2022 оны эхний есөн сарын байдлаар экспортын хэмжээ 431 тэрбум ам.долларын үзүүлэлттэй байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өссөн байна.
ОХУ-ын экспортын 50-аас илүү хувийг түлш, эрчим хүчний бүтээгдэхүүн, 10 гаруй хувийг металл, 7 хувийг химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, 7 хувийг хүнс, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, 6 хувийг машин механизм, 3 хувийг мод болон цаасан бүтээгдэхүүн, үлдсэн 17 орчим хувийг нь бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн тус тус эзэлдэг.
Импорт
ОХУ-ын импорт 2022 оны эхний есөн сарын байдлаар 180 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар буурсан үзүүлэлттэй байна. ОХУ-ын импортын дийлэнх хувийг машин, тоног төхөөрөмж эзэлдэг билээ.
ОХУ-ын хамгийн гол импортлогч улс нь БНХАУ бөгөөд хоёр улсын худалдааны нийт бараа эргэлт 2022 оны эхний арван сарын байдлаар 153,9 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээнд хүрэв. Энэ нь өнгөрсөн оны эхний арван сарын үзүүлэлтээс 33 хувиар өссөн үзүүлэлт юм.
ОХУ, БНХАУ-ын худалдаа
ОХУ болон БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт идэвхтэй өргөжин тэлж байна. Орос, Хятадын худалдааны эргэлт 2022 оны эхний найман сарын байдлаар 31.4 хувиар нэмэгдэж 117.2 тэрбум сая ам.долларт, эхний арван сарын байдлаар 153.9 тэрбум ам.долларт тус тус хүрсэн байна.[15]
ОХУ-ын “Газпром” компанийн мэдээлснээр ОХУ-ын “Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулан БНХАУ руу нийлүүлж буй байгалийн хийн экспортын хэмжээ 2022 оны эхний хагас жилийн байдлаар 60.9 хувиар өсч, нэг өдрийн экспортын хэмжээ гурван удаа түүхэн дээд түвшинд хүрсэн байна.[16]
2022 оны 8 дугаар сард хоёр орны худалдааны хэмжээ 19.21 тэрбум ам.долларт хүрч, ОХУ-аас БНХАУ-д 11.21 тэрбум ам.долларын бараа, БНХАУ-аас ОХУ-д 7.99 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.
ОХУ Европын холбооны худалдаа
ОХУ-ын Украинд эхлүүлсэн цэргийн ажиллагаатай холбогдуулан ЕХ-ны гишүүн орнууд тус улстай хөгжүүлж байсан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц сулруулж, харилцааныхаа түвшнийг бууруулсан бол 2022 оны 10 дугаар сарын байдлаар ЕХ-ны гишүүн орнуудын тал орчим нь ОХУ-тай худалдаагаа сэргээж, зарим улс орнууд Украин дахь тусгай ажиллагааны өмнөх түвшинд хүрсэн байна. Тухайлбал Словени Улс ОХУ-аас нийлүүлж байсан импортын барааны хэмжээгээ сэргээж, хоёр дахин нэмэгдүүлжээ. Улмаар Испани, Швед, Бельги, Польш улсууд ОХУ-аас авах импортын хэмжээг 19-69 хүртэлх хувиар сэргээсэн. Түүнчлэн Болгар, Дани, Латви, Мальта, Румын, Словак, Хорват болон Эстони улсууд ОХУ-аас авах импортоо сэргээв.
ЕХ-ны орнууд дотроос Герман Улс 2022 оны 6 дугаар сарын байдлаар ОХУ-аас хамгийн их буюу 3,5 тэрбум ам.долларын хэмжээгээр бараа, бүтээгдэхүүн имплотлосон бол Итали /2,6 тэрбум/, Нидерланд /1,7 тэрбум/, Бельги /1,3 тэрбум/, Франц /1,2 тэрбум/ улсууд удаах байрыг эзэлсэн байна.
ОХУ болон ЕХ-ны худалдааны хэмжээ 2022 оны эхний хагас жилийн байдлаар 171.4 тэрбум еврогийн үзүүлэлттэй байж, өнгөрсөн оны мөн үеэс 30.1 хувиар өссөн байна.[17]
ОХУ-ын эсрэг үйлчилж буй хориг арга хэмжээнүүд нь тус улсын худалдааны салбарт, тухайлбал ОХУ-ын уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн зэрэг салбарыг экспорт, импортод багагүй хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсэн.
ОХУ-ын Эдийн засгийн 2023 оны төлөв байдал
“Bloomberg” хэвлэл мэдээллийн агентлагийн таамаглаж буйгаар Украины дайны улмаас ОХУ-д үүссэн эдийн засгийн хямрал 2023 оны эхэн үед оргил цэгтээ хүрч, улсын эдийн засгийн хувь хэмжээ 8 хувиар унах (оны туршид эдийн засгийн уналт 2 хувьтай байна) төлөвтэй буйг мэдээлэв. Дэлхийн банкны таамгаар 2023 онд ОХУ-ын эдийн засаг 3.6 хувиар унаж, 2024 онд 1.6 хувиар өснө гэжээ.[18] Тэгвэл ОХУ-ын Төв банк тус улсын ДНБ-ийг 2023 онд 1-4 хувиар, харин Эдийн засгийн хөгжлийн яам нь 0.8 хувиар тус тус буурах таамгийг дэвшүүлэв.
ОХУ-ын Шинжлэх ухааны академи 2023 онд тус улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх үндсэн хүчин зүйлийг импортын хүндрэл ба экспортын орлогын бууралт хэмээн тодорхойлов. Евразийн хөгжлийн банкны гаргасан таамгаар ОХУ-ын эдийн засаг 2023 онд 2 хувиар буурах бөгөөд үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь ЕХ-оос ОХУ-ын эсрэг цаашид тавих газрын тосны хориг арга хэмжээ байна хэмээн үзэв. Тодруулбал ЕХ нь ОХУ-ын Европ руу экспортлож буй газрын тосны нийлүүлэлтэд хориг тавьж, цаашлаад ОХУ-ын газрын тосноос бүрэн татгалзах төлөвтэй буй аж.
ОХУ-ын томоохон хөрөнгө оруулалтын компани болох AFK Sistema-гийн үүсгэн байгуулагч В.Евтушенкогийн үзэж буйгаар ОХУ-ын эдийн засаг дөнгөж 2024 онд тодорхой хэмжээнд өсөх хандлагатай бөгөөд 2023 он тус улсын эдийн засгийн хувьд амаргүй жил байх болно гэв.
Дээр дурдсанд үндэслэн дүгнэхэд ОХУ-ын эдийн засаг 2023 онд 1-4 хүртэлх хувиар буурах төлөв ажиглагдаж байна. Түүнчлэн 2023 онд ОХУ эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангахад экспорт, импортын чиглэлээр амаргүй хүндрэл, бэрхшээлүүдтэй тулгарах төлөвтэй байна. Тухайлбал Барууны орнуудаас ОХУ-ын эсрэг тавьж буй эдийн засгийн хориг арга хэмжээ нь тус улсыг эдийн засгийн хувьд олон тулгуурт бодлого баримтлахад хүргэхийн зэрэгцээ 2023 онд ОХУ-ын Ази, Африкийн орнуудтай явуулж буй худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжих төлөвтэй хэмээн таамаглаж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] https://www.vedomosti.ru/economics/articles/2022/11/16/950688-rosstat-predvaritelno-otsenil
[2] https://tradingeconomics.com/russia/gdp-growth-annual
[3] https://www.oecd.org/economic-outlook/september-2022/
[4] https://interfax.com/newsroom/top-stories/83592/
[5] https://www.cbr.ru/key-indicators/
[6] https://tass.ru/ekonomika/13892399
[7] https://www.cbr.ru/press/pr/?file=16092022_133000Key.htm
[8] https://neftegaz.ru/news/finance/761661-a-novak-rossiya-rasschityvaet-sokhranit-prodazhu-nefti-v-dekabre-2022-g-na-urovne-noyabrya-nesmotrya/
[9] https://www.vedomosti.ru/business/articles/2022/12/05/953639-dobicha-gaza-v-rossii-snizilas
[10] http://government.ru/news/46672/
[11] https://www.forbes.ru/biznes/479713-mea-zaavilo-o-sokrasenii-dohodov-rossii-ot-nefti-do-minimuma-za-god
[12] https://tass.ru/ekonomika/16326715
[13] http://government.ru/news/44807/
[14] https://tass.ru/info/16355839
[15] https://ria.ru/20220907/tovarooborot-1815002832.html
[16] https://tass.ru/ekonomika/15360027
[17] https://seanews.ru/2022/09/30/ru-vneshnetorgovyj-oborot-rossija-es-7-mesjacev-2022/
[18] https://interfax.com/newsroom/top-stories/83592/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19