Хятадын хиймэл оюун ухааны хөгжүүлэлт ба “ухаалагжсан” дайнд бэлтгэж буй нь
2022-12-16
БНХАУ-ын 2017 оны “Шинэ үеийн хиймэл оюун ухааны хөгжлийн төлөвлөгөө”-нд Хятад улс 2030 он гэхэд хиймэл оюун ухаанаар “дэлхийд тэргүүлэгч” болно гэж заасан байдаг.[1] Жорж Тауны Их Сургуулийн Аюулгүй байдал, шинэ технологийн төвийн судлаач Риан Федасиук БНХАУ-ын хиймэл оюун ухааны технологийн худалдан авалтын гэрээнд дата анализ хийж, ХАЧА хиймэл оюун ухааны чадавхиа сайжруулахын тулд олон тооны хиймэл оюун ухааны систем, төхөөрөмж худалдан авч буйг онцолсон.[2] Улмаар Хятад улс дараах 7 чиглэлээр ашиглах хиймэл оюуны технологийн худалдан авалтанд хөрөнгө оруулж буй хэмээсэн юм. Үүнд:
- Ухаалагжсан автомат машин техник,
- Тагнуул, туршуул, ажиглалтын програм хангамж хөгжүүлэх,
- Урьдчилан таамаглах засвар үйлчилгээ болон логистикийн систем (хиймэл оюун ухаан ашиглан гэмтлийг урьдчилан таамаглаж зэвсэг, техник хэр удаан ашиглагдах, хэзээ засвар үйлчилгээ хийх шаардлагатайг тогтоох болон хиймэл оюун ухааны тусламжтай урьдчилан тооцоолсон логистикийн систем буюу хэзээ, хаашаа сум, хүнс зэрэг хангалтыг нийлүүлэхийг урьдчилан тооцоолох ухаалаг агуулахын систем),
- Мэдээлэл, электроникийн дайн,
- Симуляци болон цэргийн сургууль, дадлага,
- Байлдааны ажиллагааны удирдлага, хяналт,
- Байг таних автоматжуулсан систем[3] тус тус болно.
Хятад улс ирээдүйн дайнд хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан илүү “мэдээлэлжсэн” цэрэг, “ухаалагжсан” зэвсэг, техниктэйгээр оролцохоор эрмэлзэж буй.Хятадын цэргийн шинэчлэлийн хүрээнд хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, зэвсэг, техникийн шинэчлэл илүү хурдтай үргэлжлэх төлөвтэй байна. Зэвсгийн системийн хөгжүүлэлт, судалгаа, боловсруулалт, туршилт, захиалга, үйлдвэрлэлийн явц тасралтгүй үргэлжилж, энэ зорилгоор иргэн-цэргийн хамтын ажиллагааг сайжруулах төлөвтэй байна.
Америкийн эрдэмтэн Элса Каниагийн үзэж буйгаар Хятад улс 2030 он гэхэд дэлхийн Хиймэл оюун ухааны инновацын төв болох ажээ.[4] Хиймэл оюун ухааныг хөгжүүлэх чиглэлд ач холбогдол өгч, жолоочгүй танк, хуягт техник зэрэг робот технологийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талтай. 2021 оны 12 сард БНХАУ нь НҮБ-ын “Зарим ердийн зэвсгийг хориглох, хязгаарлах тухай конвенц”-ийг хэлэлцэх 6 дугаар хурлаар хиймэл оюун ухааныг цэргийн зориулалтаар ашиглахад хяналт зохицуулалт тавих санал өргөн барьсан.[5] Энэ нь Хятадын хиймэл оюун ухааныг цэргийн зэвсэглэлд нэвтрүүлэх ажил эрчимтэй урагшилж буйтай уялдан олон улсын эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгоход анхаарч буй хэрэг юм.
Иргэн-цэргийн хамтрал
Сүүлийн жилүүдэд Хятад улс Америкийн эсрэг “Ухаалагжсан дайн”-д бэлтгэж байгаа бөгөөд үүний илрэл нь “иргэн-цэргийн хамтрал”-ыг[6] сайжруулах чиглэлээр эрчимтэй ажиллаж буй. Иргэн-цэргийн хамтын ажиллааг сайжруулах гэдгийн цаад учир нь иргэний салбар дахь шинжлэх ухаан, технологийн нээлтэд Зэвсэгт хүчин чөлөөтэй нэвтрэх, ашиглах, болон шинэ технологи, инновацын чиглэлээр хамтран ажиллах замаар цаг тутам өөрчлөгдөн буй шинжлэх ухаан, технологийн хөгжлөөс хоцрохгүй байх бодлого баримтлах хандлагатай байна. Барууны зарим орон Хятадын “иргэн-цэргийн хамтрал” гэдгийг иргэний судалгаа, арилжааны салбар болон цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарын хоорондын зааг хязгаарыг арилгаж, иргэний байгууллагуудыг цэргийн технологийн хөгжүүлэлтийн зорилтод дайчлах стратеги гэж харж буй.[7]
Иргэн-цэргийн хамтрал”-ын хүрээнд хиймэл оюун ухааны талбар дахь Америкийн эсрэг өрсөлдөөнд Байду, Алибаба, Тенсент (“БАТ”-ын гурвал) зэрэг корпорациуд гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Америк болон барууны орнууд “БАТ”-ын гэсэн гурвалаас ихээхэн сэрэмжилж байна. 2017 онд Байду “Хиймэл оюун ухааны үндэсний лаборатори”-ийг удирдахаар сонгогдсон ба үндэсний судалгааны төслийн тэргүүлэх чиглэлд автоматжуулсан технологи багтаж байна.[8]
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Цэргийн төв Зөвлөлийн Иргэн цэргийн хамтралын хөгжлийн хороог даргалдаг ба тус хороо нь ухаалагжсан автомат систем, биотехнологи, шинжлэх ухааны салбар хоорондын технологи, квантын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгодог.
“Ухаалагжсан дайн”-д бэлтгэж буй нь
ХАЧА-ийн одоогийн мөрдөгдөж буй “Мэдээлэлжсэн хязгаарлагдмал дайнд ялалт байгуулахуй” нэртэй номлол 2014 онд батлагдсан.[9] Уг номлолоор Хятадын Зэвсэгт хүчин удирдлага, хяналт, холбоо, комьпютер, тагнуул, тандалт, туршуул (C4ISR)-ын технологид хөрөнгө оруулалт хийж, энэ чиглэлд чадавхыг сайжруулахад анхаарал хандуулахыг чухалчилсан. Сүүлийн жилүүдэд Хятадын цэргийн номлол “мэдээлэлжсэн” дайнаас “ухаалагжсан” дайнд аажимдаа шилжих төлөв ажиглагдаж байна. Одоогийн байдлаар цэргийн номлол албан ёсоор өөрчлөгдөөгүй ч бодлогын баримт бичгүүдэд “ухаалагжсан дайн”-д бэлтгэхийг чиглэлээ болгож буй. 2019 оны Батлан хамгаалах цагаан номонд “мэдээлэлжих, механикжих чиглэлээр дэвшил гаргахын сацуу “ухаалагжсан” цэргийн хүчнийг байгуулах ажлыг урагшлуулах”[10] чиглэлээр анхаарч ажиллахыг тусгасан.
“Ухаалагжсан дайн”-ы талаар нэгдсэн тодорхойлолт байхгүй хэдий ч Хятадын Үндэсний Батлан Хамгаалах Сургуулийн судлаачид “Ухаалаг зэвсэг, тоног төхөөрөмж болон түүнтэй холбоотой байлдааны ажиллагааны аргыг ашиглан газар, ус, агаар, сансар, электрон-соронзон, кибер, мэдээллийн орон зайд ‘зүйлсийн интернет (IoT)-’ ийн мэдээллийн системд тулгуурлан явагдах нэгдсэн байлдааны ажиллагаа”-г хэлнэ гэж тодорхойлжээ.[11] ХАЧА хиймэл оюун ухааныг цэргийн технологийн салбарт нэвтрүүлэхэд анхаарал хандуулж буй нь “ухаалагжсан дайн”-д бэлтгэж буйг илтгэж байна.
Ашигласан эх сурвалж:
[1] 国务院印发《新一代人工智能发展规划》_滚动新闻_中国政府网 (www.gov.cn)
[2] CSIS China Power “Artificial intelligence and the People Liberation Army,” November 10, 2021, https://podcasts.apple.com/us/podcast/chinapower/id1144663360?i=1000541255427
[3] Мөн тэнд
[4]“Mad Scientist Bio Convergence: 2.04 PLA Human-Machine Integrarion, ” March 20, 2018 https://www.youtube.com/watch?v=gfq21nmG90k
[5]中国关于规范人工智能军事应用的立场文件 — 中华人民共和国外交部 (fmprc.gov.cn) http://eng.chinamil.com.cn/view/2021-12/14/content_10114880.htm
[6] Англиар “Civil -military fusion”, хятадаар “军民融合”
[7] “The Civili-Military Fusion and People`s Republic of China,” https://www.state.gov/wp-content/uploads/2020/05/What-is-MCF-One-Pager.pdf
[8] “AI gaining more ground in China,” November 15, 2022, http://en.people.cn/n3/2022/1115/c90000-10171612.html
[9] M. Taylor Fravel, Active Defense: China’s Military Strategy since 1949 (Princeton, NJ: Princeton University Press, 2019).
[10] 新时代的中国国防。白皮书 http://www.gov.cn/zhengce/2019-07/24/content_5414325.htm
[11] Yatsuzuka Masaak “PLA’s Intelligentized Warfare: The Politics on China’s Military Strategy,” Security & Strategy, Volume 2, January 2022.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Дэлхийн эдийн засгийн хямрал-3: дайны үеийн эдийн засагДараах нийтлэл
ОХУ-ын эдийн засгийн байдал 2022 ондСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23