Өнгөрч буй 2022 он дэлхий нийтийг цочроосон, гайхшруулсан олон үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрлөө. Улс орнуудын дотоодод өрнөсөн жагсаал, цуглаанаас эхлээд улс хоорондын дайн, мөргөлдөөн, түүнчлэн хүмүүнлэгийн хямрал, дүрвэгсдийн урсгал, бүрэн арилаагүй цар тахлын аюул болон хэт халалт, үер ус зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг уурын гамшигт үзэгдлүүд ч хүн төрөлхтнийг тойрсонгүй. Эдгээрээс дэлхий дахины улс төрийн амьдралд өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Франц: Эммануэль Макроны ялалт
Дөрөвдүгээр сарын сүүлчээр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон гол өрсөлдөгч болох Үндэсний хөдөлгөөний намын дарга Марин Ле Пенийг ялж, дахин сонгогдсон. Э.Макроны бодлогыг “шар хантаазтангууд” гэгдэх нийгмийн радикал бүлгүүд эсэргүүцэж байсан[1] ч тэрээр ийнхүү эрх мэдлээ хадгалж үлдсэн ба Ангела Меркелийг явсны дараа ЕХ-ны хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, Европын улс төрд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болоод байна. Украин дахь Оросын дайн эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Э.Макрон ерөнхийлөгч В.Путинийг Киевтэй тохиролцоонд хүрэхийг ятгаж, мөргөлдөөнийг шийдвэрлэх янз бүрийн дипломат арга замыг санал болгож байсан билээ.
АНУ: Бүгд найрамдахчуудын “сулхан” ялалт
Энэ онд Америкийн улс төрд өрнөсөн гол үйл явдал бол Төлөөлөгчдийн танхим болон АНУ-ын Сенатын завсрын сонгууль байв. Бүгд найрамдахчуудын төсөөлж байсанчлан “улаан давалгаа’ өрнөсөнгүй. Энэ нэр томьёо нь Бүгд найрамдахчуудын бүрэн ялалт гэсэн үг боловч сөрөг хүчин зөвхөн парламентын доод танхимд хяналтаа тогтоож чадсан ба харин дээд танхимд олонх болоогүй. Энэ үр дүн БНН-д ерөнхийлөгч Ж.Байденыг бүрэн хянах боломжийг олгохгүй, харин хүү Хантер Байдены эсрэг парламентын мөрдөн байцаалтын үр дүнд үндэслэн импичментийн ажиллагааг эхлүүлэх боломж л олгох байх.
Сонгуулийн дараа Дональд Трамп ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэхдээ түүний санаа тийм ч хялбар шийдэгдэхгүй болов уу. Флорида мужийн амбан захирагч Рон Де Сантис түүний хүчтэй өрсөлдөгч. Трампын “ухаалаг хувилбар” гэж хэлж болох Де Сантис, мөн Ардчилсан намынханд урам хугарсан олон сонгогчдынх нь дэмжлэгийг хүлээсэн зэрэг олон давуу талтай.
Тэгээд ч Д.Трамп нэр дэвшихэд саад болох эсрэг талын баримтууд бий. Нэгдүгээр сарын 6-ны үйл явдлыг мөрдөн шалгаж байгаа Конгрессын комисс экс ерөнхийлөгчийг үймээн дэгдээсэн хэрэгт буруутган, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүсэлт гаргаж болзошгүй. Ингэвэл Д.Трампын нэр дэвших эрхийг хасч магадгүй[2] юм.
БНХАУ: Ши Жиньпинд учирч буй сорилт
АНУ-ын Конгрессийн доод танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсны улмаас Хятад, АНУ-ын харилцаа муудсан. Энэхүү үйл явдал Тайванийг тойрсон БНХАУ-ын цэргийн ажиллагааг идэвхжихэд хүргэв. Ирэх онд ч талуудын харилцаанд энэ асуудал чухал нөлөө үзүүлсээр байх болно.
Мөн өнгөрч буй он Хятадын Коммунист намын даргаар гурав дахь удаагаа сонгогдсон Хятадын удирдагч Ши Жиньпиний улс төрийн байр суурь бэхжсэн жил байлаа. Тэрээр 1982 оны үндсэн хуулиас хойш Хятадын төрийн эрхийг хоёроос дээш удаа барих болсон анхны удирдагч болов.
БНХАУ-ын дарга асан Ху Жиньтаог “эрүүл мэндийн шалтгаанаар’ их хурлын танхимаас гаргасан бол дараахан нь Хятадын өөр нэг удирдагч асан Зян Земинь таалал төгсөв.
Эрх мэдлээ бэхжүүлсэн Ши Жиньпинд шийдвэрлэвэл зохих олон асуудал тулгарч байгаа бөгөөд хамгийн гол нь эдийн засгийн өсөлтийн удаашрал болоод байна. Хэрвээ Хятадын эдийн засгийн өсөлт 3% хүртэл удааширвал дампууралд хүргэхгүй ч ийм өсөлт ажлын байрыг бүрэн хангах боломжгүй бөгөөд өсөлт бага байх нь иргэдийн цалин, нийгмийн зардлыг нэмэгдүүлэх боломжийг олгодоггүй[3] хэмээн шинжээчид тайлбарладаг.
Түүнчлэн оны эцэст Хятадад цар тахлын хөл хориог эсэргүүцсэн жагсаал цуглаан идэвхжсэн ба Ши Жиньпиний эсрэг улс төрийн уриа лоозонгууд дуулдаж эхэлсэн билээ.
Бразил: Хуучин ерөнхийлөгчийн эргэн ирэлт
Латин Америкийн нөлөө бүхий орнуудын нэг Бразил шинэ “хуучин” ерөнхийлөгчтэй болов. Зүүний үзэлтэй Луис Инасио Лула Да Силва ерөнхийлөгч асан, баруун жигүүрийн Жаир Болсонарог бага хувийн зөрүүгээр ялсан. Да Силва 2003-2010 онд төрийн тэргүүнээр ажиллаж байхдаа нийгмийн чиг баримжаатай бодлого явуулж, ядууралтай тэмцэж, амжилтанд хүрч байсанд нийгмээрээ талархалтай хандддаг. Түүнийг 2018 онд авлигын хэргээр баривчилж, 12 жилийн хорих ялаар шийтгэсэн. Нэг жил орчим шоронд суусан бөгөөд мөрдөн байцаалтын явцад шүүгч нэг талыг барин ажилласан нь илэрсэн тул ялыг нь хэрэгсэхгүй болгосон билээ. Энэ нь түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломж болсон. Да Силва Украин дахь цэргийн ажиллагааг дэмжихээс зайлсхийж байгаа ч Оростой харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлдэг тул Москвад түүний ялалт чухал юм.
Финлянд, Швед ба НАТО
Тавдугаар сард Финлянд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ албан ёсоор өгсөн. Олон жилийн турш төвийг сахисан байр сууриа хадгалсаар ирсэн Скандинавын хоёр улс ийнхүү НАТО-гийн шүхэрт хоргодохоор шийдвэрлэсэн нь Украины мөргөлдөөний шууд үр дагавар болж байна. Финлянд Оростой олон жилийн турш найрсаг харилцаатай байсан бөгөөд тус улсын цэрэг, батлан хамгаалахын төвийг сахисан бодлогын илэрхийлэл болсон “Финляндчилал’ гэсэн нэр томьёо түүхэнд орж ирсэн нь ч хоёр талын харилцаатай холбоотой билээ. Харин одоо Финляндын хүсэлт ёсоор болвол Орос өмнө нь байгаагүй урт буюу1340 км шугамаар НАТО-той шууд хиллэх болж байна.
Швед, Итали: Баруун жигүүрийнхний амжилт
Есдүгээр сард Европын Швед, Итали улсуудад парламентын сонгууль болсон. Хоёул Европын өөр хэсэгт оршдог, улс төрийн ялгаатай соёлтой ч сонгуулийн үр дүн ижил байлаа. Шведэд үндсэрхэг үзэлтэй хэт барууны ардчилсан нам бусад дунд зэргийн баруун жигүүрийн намуудтай анх удаа сонгуульд эвсэл болон оролцож, ялалт байгууллаа.
Үүнийг Италийн “La Stampa” сонинд “Хөгшин тив даяар барууны үзэлтнүүд сэргэж, улс төрийн хуучин домог төгслөө. Шведэд зөөлөн-неонацист ардчилагчид яллаа. Удахгүй Итали мөн постфашист хэт барууны үзэл баримтлалтай намаар удирдуулсан Европын холбооны анхны улс болж магадгүй”[4] хэмээн дүгнэжээ.
Энэ дүгнэлт биелж, Италид ерөнхийлөгч В.Путины найз Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн улс төрийн бүтэц гэгддэг баруун жигүүрийн гурван намын эвсэл парламентын сонгуульд амжилттай оролцлоо. Энэхүү эвсэл хэдийгээр НАТО-д тууштай байхаа дахин нотолсон ч Украин руу зэвсгийн тусламж үзүүлэхээ Итали зогсооно гэж мэдэгдэв. Гэхдээ Европын баруун жигүүрийн үндсэрхэг үзэлтнүүдийг үргэлж дэмжиж ирсэн Москва эдгээр сонгуулийн үр дүнгээс нааштай зүйл хүлээх хэрэггүйг шинжээчид анхааруулж байна. Өнөөгийн нөхцөлд Европын бүхий л улс төрийн хүчнүүд Украин дахь Оросын байлдааны үйл ажиллагаанд сөрөг хандлагатай байгаа билээ. Европт ажиглагдаж байгаа үзэл суртлын энэхүү шилжилтийг шинжээчид “Европт өнөө үүсээд буй нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал барууны үзэлтнүүдэд сонгуулийн сурталчилгаа хийх явцыг нь хялбар болгож байгаа ч үнэндээ улс орныг удирдахад улам бүр хэцүү байх болно”[5] хэмээн анхааруулжээ.
Их Британи: Ерөнхий сайд нар, шинэ Хаан
Улиран одож буй жилийн зун Их Британийн улс төрд чухал улирал байв. Долоо дугаар сарын эхээр Борис Жонсон 2019 оноос хойш хашиж буй Их Британийн ерөнхий сайдын суудлыг орхисон. Тэрээр Их Британийг Европын холбооноос гаргах журам болох Brexit-ийг амжилттай боловсруулж гүйцэтгэн, цар тахлыг даван туулж чадсан ч хөл хорионы хязгаарлалтын үеэр нууцаар зохион байгуулсан үдэшлэгээс болж сонгогчдын дунд нэр хүнд нь унаж, шүүмжлэлд өртөх болсон. Улмаар 9 дүгээр сард консерватив үзэлтэй Лиз Трасс Их Британийн шинэ ерөнхий сайдын суудалд суув. Түүний хийсэн анхны алхамууд Британийн улс төрийн тогтолцоо, эдийн засгийг мухардалд оруулсан билээ. Трасс хөрөнгө оруулалт татахын тулд татварыг бууруулах чиглэлд томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байсны зэрэгцээ нэмэгдэж буй цахилгааны тарифыг царцаах санал гаргасан. Үүнээс гарах зардлаа нөхөх хөрөнгийг хаанаас олох вэ гэж мэргэжилтнүүд гайхан, түүний бодлогыг шүүмжилж байв. Улмаар тэрээр сар гаруйн дараа суудлаасаа буун, Сангийн сайд асан Риши Сунакт боломж олгосон.
Есдүгээр сард хунтайж Чарльз Их Британийн шинэ Хаан болсон бөгөөд Британийн уламжлал ёсоор Чарльз III хэмээх нэрийг авлаа. Далан жил буюу 1952 оны 2 дугаар сараас хаан ширээнд суусан II Елизабетагийн орыг тэрээр ийнхүү залгамжиллаа.
Мөргөлдөөний ирмэгт дахин тулж ирсэн Серби, Косово хоёр
ОХУ-тай найрсаг харилцаатай Сербид 2022 он хүндхэн жил болж өнгөрч байна. Серби, Косовогийн хооронд үүссэн асуудал дахин томоохон хэмжээний мөргөлдөөнд хүргэх дөхөв. Орон нутгийн сербүүдийн эрхийг зөрчиж байгаатай холбогдуулан Косовогийн засаг захиргааг эсэргүүцэн, Сербийн ерөнхийлөгчийн Косовогийн хойд хэсэгт энхийг сахиулах хүчнийхнийг байршуулахыг зөвшөөрөх[6] талаар хийсэн мэдэгдэлтэй холбоотойгоор байдал хурцадсан байна. Хорь гаруй жилийн өмнө Югославын дайны оршил болж байсан Косово нь мөргөлдөөний хамгийн хурц төвүүдийн нэг хэвээр байгааг энэ үйл явдал харууллаа.
Серби, Косовогийн хооронд яриа хэлэлцээ үргэлжилж байгаа ч улс төрийн шийдэлд хүрэх төлөв ажиглагдахгүй байна. Сербийн тухайд Косово бол зөвхөн газар нутгийн нэг хэсэг биш, харин Османы эсрэг сербүүдийн хийсэн тэмцэлтэй холбоотой дурсгал, бунханууд байрладаг чухал газарт тооцогддог.
Ойрх Дорнод: Анхаарлын гадна үлдэхгүй
ОХУ Украины дайны улмаас Ойрх Дорнод төдийгүй нэгэн цагт сонин, сайтын эхний нүүрийг эзэлж байсан Сирийн талаарх мэдээ, баримтууд тайзны ар тал руу шилжсэн он байлаа. Тэнд тулаан үргэлжилсээр, бүс нутгийн олон улс саяхныг хүртэл дарангуйлагч гэж тооцогдож байсан ерөнхийлөгч Башар аль-Асадтай тодорхой түвшинд харилцаа тогтоогоод амжжээ. Исламын улс бүлэглэлийн талаарх мэдээ бараг л сонсогдсонгүй. Ганцхан АНУ энэ байгууллагын нөлөө бүхий хоёр удирдагчийг устгаж чадсан тухай мэдээ л цацагдсан гэхэд болно. Хоёрдугаар сарын эхээр Идлиб дэх АНУ-ын тусгай ажиллагааны үр дүнд Абу Ибрахим аль-Кураши амиа алдсан юм. Долдугаар сард АНУ Аль Каидагийн удирдагч, Осама бин Ладены дараа орох хоёр дахь хүн болох Айман аль-Завахирийг Афганистанд устгасан[7] юм.
Иран: Курд эмэгтэйн алчуур
Сирийн хөрш Ираны байдал эмзэг байна. Есдүгээр сарын дундуур толгойн алчуураа буруу зүүсний улмаас цагдаад саатуулагдан улмаар амиа алдсан курд охины хэргийн улмаас тус улсын олон хотод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Жагсагчид болон цагдаа, хувьсгалт гвардынхны хооронд мөргөлдөөн дэгдэж, үр дүнд нь хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг 300 гаруй энгийн иргэн, 50 цагдаа амиа алджээ.[8] Эрх баригчид жагсаалыг үймээн самуун болгосон хэмээн буруутган цөөнгүй жагсагчийг цаазалсан бол нөгөө талд буруутай цагдаагийн байгууллагыг татан буулгаж, Исламын хувцаслалтын дүрэмд өөрчлөлт оруулахаа мэдэгдэв. Жагсаал аажимдаа намжсан ч эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. “Эмэгтэйчүүд, залуучуудаар удирдуулсан эсэргүүцлийн үйл ажиллагаа нь 1989 оноос хойш дээд удирдагч Аятолла Али Хаменеигийн засаглалын тодорхойлж буй тэргүүлэх зорилт болох Исламын Бүгд Найрамдах Иран Улс болон түүний шашны институцийн ямар ч үнээр хамаагүй оршин тогтнох асуудалд ноцтой аюул учруулж байна’ хэмээн Ройтерс дүгнэжээ.
Израиль: Нетаньяху эргэн ирлээ
Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхугийн тэргүүлдэг баруун жигүүрийн Ликуд нам ялалт байгуулсан парламентын сонгуулиар Израиль 2022 оныг үдэж байна. Израилийн төдийгүй дэлхий дахины улс төрийн ахмад зүтгэлтэн Нетаньяху гурав дахь удаагаа ийнхүү засгийн эрхэнд эргэн ирлээ. Өмнө нь 1996-1999, дараа нь 2009-2021 онд ерөнхий сайдын албыг хашиж байсан[9] Нетаньяхугийн шинэ Засгийн газарт Шашны сионист нам зэрэг барууны консерватив блокийн төлөөлөгчид багтжээ. Энэ нь цаашдаа Израиль үзэл суртлын баруун тэнхлэг тийш хазайж, Палестины засаг захиргааны эсрэг илүү радикал бодлого баримтлахыг илтгэж байж болох юм.
Нетаньяху ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай найрсаг харилцаатай гэгддэг ч өнөөгийн нөхцөлд Израилийн талаас Оросын хүлээж болох цорын ганц зүйл бол Украины асуудалд төвийг сахих, Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзах явдал юм. Мөн Израилийн Ерөнхий сайд мөргөлдөөнийг зохицуулахад зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн найдвар сөргөлдөгч талуудад бий.
Шри Ланка: Улс төрийн хямрал
Тавдугаар сарын эхээр Баруун Азийн Шри Ланкад улс төрийн хямрал дэгдсэн. Ерөнхий сайд Махинда Ражапакса засгийн газрыг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөний улмаас огцорлоо. Гурав хоногийн дараа түүнийг улс төрийн нэрт зүтгэлтэн Ранил Викрамасингхээр сольсон. Тэрээр ерээд онд ерөнхий сайдын албыг хашиж байхдаа нутгийн босогчидтой эвлэрэх хэлэлцээ хийж байсан туршлагатай нэгэн аж.
Эдийн засгийн бодлогод сэтгэл дундуур байсан нутгийн иргэд ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн ордон руу дайран орж ирэхэд туршлагатай улс төрч улс орныг улс төрийн хямралаас хамгаалж чадсан юм. Ерөнхийлөгч улс орноосоо зугтсан бөгөөд Ранил Викрамасингхе ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм.
***
Дэлхий даяар 2022 онд ОХУ Украины дайнд анхаарал хандуулж байсан цаг үед дэлхийн бусад олон улс оронд ийнхүү томоохон өөрчлөлт, үйл явдлууд болж өнгөрлөө. Дээр дурдсанчлан ОХУ-ын нордикийн хөршүүд болох Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр шийдэж, Израиль, Бразил, Шри-Ланкад хуучин удирдагчид засгийн эрхэнд эргэн ирсэн бол АНУ-д экс ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сонгуульд дахин нэр дэвшихээ илэрхийллээ. Их Британи ердөө хоёр сарын дотор гурван ерөнхий сайдын нүүр үзэж, Иран улсад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний давалгаа бүхэлд нь хамарч, Серби, Косово хоёр мөргөлдөөний ирмэгт тулж ирлээ. Дэлхийн улс төр дэх тод дүрүүд болох Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Их Британийн хатан хаан II Элизабет нар мөнх бусыг үзүүлсэн юм. 2023 онд Орос Украины дайн сунжирч, АНУ Хятадын өрсөлдөөн ширүүсч, дэлхийн бусад улс оронд улс төрийн тогтворгүй байдал үргэлжлэх хандлагатай байна.
Ашигласан эх сурвалж:
[1] Violence erupts in Paris as thousands demonstrate against Macron in May Day protests”., https://uk.movies.yahoo.com/violence-erupts-paris-thousands-demonstrate-140541635.html?guccounter=1&guce_referrer=aHR0cHM6Ly93d3cuZ29vZ2xlLmNvbS8&guce_referrer_sig=AQAAAJuGGrLcFWcWsnN78GxOFGbWjl5aJW-3JGoyKXMWjDFzWqTAKAAkycmz9mrzYZCX2melECfqQ0lG3Z1i-8l4ZzQ4CakGbkdZK-LDW7eoRkA-diHteY5ELLl5Ov4HH2xYmkp4WIdtmJDTfua60z9OBTDgU0tiZsPsTSHA72PS7-lP
[2] “Jan. 6 Committee Refers Former President Trump for Criminal Prosecution”., https://www.nytimes.com/live/2022/12/19/us/jan-6-committee-trump
[3] “Working with China during Xi Jinping’s Third Term”., https://www.tokyofoundation.org/research/detail.php?id=924
[4] Election result: Sweden shifts to the right”., https://www.eurotopics.net/en/288207/election-result-sweden-shifts-to-the-right
[5] https://english.elpais.com/opinion/the-global-observer/2022-09-19/who-is-giorgia-meloni.html
[6] “Serbia puts troops on high alert as tensions with Kosovo rise”., https://www.theguardian.com/world/2022/dec/27/serbia-puts-troops-on-high-alert-as-tensions-with-kosovo-rise
[7] “The Jihadi Threat in 2022”., https://www.wilsoncenter.org/article/explainer-jihadi-threat-2022
[8] “Iran says more than 300 killed in protests over Mahsa Amini’s death”., https://www.france24.com/en/middle-east/20221129-iran-says-more-than-300-killed-in-protests-over-mahsa-amini-s-death
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ОХУ-ын эдийн засгийн байдал 2022 ондДараах нийтлэл
Түүхий эдийн зах зээлийн чиг хандлагаСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02