Хятадын Коммунист намын XX их хурал ямар ач холбогдолтой вэ?
2022-08-12
Ши Жиньпиний эрүүл мэндэд асуудал гарахгүй бол Хятадын Коммунист намын XX их хурлаар дахин сонгогдох нь эргэлзээгүй гэж ихэнх ажиглагчид дуу нэгтэй санал нэгдэж байна. Түүнийг улиран сонгогдоход таагүй мэт санагдах зарим хүчин зүйлс, тухайлбал, Ковид-19 халдварыг тэглэх бодлого, эдийн засгийн сааралт зэрэг нөхцөл бий боловч Тайваний хоёр эргийн таарамжгүй байдал, АНУ-Хятадын хоорондын сөргөлдөөн нь Хятадын үндсэрхэг үзэл популизмийг өдөөж Ши Жиньпинийг дахин сонгогдоход түлхэц болж, түүний байр суурь улам бэхжихэд туслаж байна.
Хятадын эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагаст саарч 0.4 хувь хүрсэн амаргүй үед Хятадын Коммунист намын (ХКН) XX их хурал энэ намар эхлэх бөгөөд тус хурлаар Ши Жиньпинийг ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгох эсэх, ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх зэрэг хэд хэдэн томоохон шийдвэрүүдийг гаргана. Нам төрийн дээд албан тушаалд томилогдсон хүмүүс тус улсын ирэх таван жил болон цаашдын хөгжлийн замд асар их нөлөө үзүүлнэ.
Хятадын Коммунист намын XX их хурал энэ оны сүүлийн хагаст Ардын Их Хурлын Танхимд болно. XX их хурал нь Хятадын улс төрийн хамгийн чухал уулзалтуудын нэг бөгөөд намын дээд түвшний гишүүд, шийдвэр гаргагчид 2027 он хүртэл сонгогдон батламжигдах болно.
Ши Жиньпинийг гурав дахь удаагаа ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд улиран сонгох эсэх, Намын дүрэмд Ши Жиньпиний үзэл санааг батламжлах зэрэг түүхэн шийдвэрүүдийг тус хурлаар гаргах болно.
Их хурлын 2300 орчим төлөөлөгчийг Бүх Хятадын 38 сонгуулийн нэгж хороодоос сонгодог. ХКН-ын XX их хурлын суудлыг сонгуулийн нэгж тус бүрийн намын байгууллага, намын гишүүдийн тоонд үндэслэн хуваарилдаг. ХКН-ын өмнөх их хурлын төлөөлөгчдийн квотыг сонгуулийн өөр өөр нэгжүүдэд суудал хуваарилахдаа мөн харгалзан үздэг. Хуваарилалтын томьёогоор бол сонгуулийн нэгж тус бүрээр ХКН-ын XX их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо үндсэндээ XIX их хурлын төлөөлөгчдийн тоотой ижил байна. Их хурлаар намын тэтгэвэртээ гарсан зарим албан тушаалтнуудыг XX их хуралд урьж оролцуулна.
Одоогийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүд болох Ши Жиньпин (习近平) Гуаньси мужаас,[1] Ли Көчян (李克强) Ганьсү мужаас,[2] Ли Жаньшу (栗战书) Сычуань мужаас,[3] Ван Ян (汪洋) Төвдийн ӨЗО-оос,[4] Ван Хунин (王沪宁) Гүйжөу мужаас,[5] Жао Лөжи (赵乐际) Өвөрмонголын ӨЗО-оос,[6] Хань Жөн (韩正) Хайнань мужаас[7] тус тус намын XX их хуралд төлөөлөгчөөр оролцохоор болсон байна.
XX их хурал хэзээ болох вэ?
Албан ёсны мэдээллээр энэ оны сүүлийн хагаст хуралдах бөгөөд хугацааг тодорхойлоогүй. Архиваас харахад 2002 оны 11 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд ХКН-ын XVI их хурал, 2007 оны 10 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд XVII их хурал, XVIII их хурал 2012 оны 11 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд, XIX их хурал 2017 оны 10 дугаар сарын 18-24-ний хооронд тус тус хуралджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн удаагийн ХКН-ын их хурлын хоёр нь 10, хоёр нь 11 дүгээр сард, бүгд долоо хоног хуралдсан. Хятадын олон улсын импортын экспо 2022 оны 11 дүгээр сарын 5-нд Шанхайд нээгдэж,[8] 11 дүгээр сарын дундуур Тайландад АПЕК-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт болно.[9] Хятадын удирдагч болон дэлхийн олон удирдагчид оролцоно гэдэгт итгэж байна. Эндээс харахад ХКН-ын ХХ их хурал 10 дугаар сард болох магадлал өндөр байна. 2017 оны 8 дугаар сарын 31-нд буюу таван жилийн өмнө Улс төрийн товчооны хурлаас ХКН-ын XIX их хурлын товыг албан ёсоор зарлаж байсан[10] бөгөөд яг энэ зарчмаараа сар орчмын дараа XX их хурлын товыг албан ёсоор зарлах төлөвтэй байна.
Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдох талаар
Ши Жиньпин намын болон улсын албан тушаалаа бэхжүүлэхийн тулд хэд хэдэн алхам хийсэн тул олон жилийн турш түүнийг улиран сонгогдох нь тодорхой ойлгомжтой зүйл гэж ихэнх ажиглагч үзэж байна. 2018 онд БНХАУ-ын хууль тогтоох байгууллага Ши Жиньпинд хоёроос дээш удаа БНХАУ-ын даргаар ажиллах боломжтой Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж,[11] түүнийг дахин сонгогдох боломжийг нээсэн. Энэ жил тэрээр 69 нас хүрсэн бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргад 68 насны хязгаар түүнд хамаарахгүй.
Хятадын Синьхуа агентлаг 5 дугаар сарын 22-оос эхлэн Ши Жиньпиний тухай ‘Зам Мөр’ (足迹) гэх 50 ангит богино хэмжээний киног онлайнаар цацаж, 40 жилийн турш Ши Жиньпин хэрхэн амьдарсан талаар танилцуулж, намар эхлэх ХКН-ын ХХ их хуралд Ши Жиньпин улиран сонгогдох сурталчилгааг хагас жилийн өмнө эхлүүлсэн байна.[12] Мөн 6 дугаар сарын эхээр Хятадын төрийн хэвлэл мэдээллүүд Ерөнхий нарийн бичгийн даргын зам мөрөөр (沿着总书记的足迹) гэх Хятад орон даяар Ши Жиньпин даргын явсан ажлын айлчлалын цувралыг цацаж эхлэв.[13]
Эдгээр болон хэд хэдэн үйл явдал Ши Жиньпиний үзэл санааг намын доктрина дотор улам бататгаж, хамгийн сүүлд гэхэд Хятадын Хөгжил Шинэтгэлийн хороо Ши Жиньпиний ‘Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын эдийн засгийн үзэл санаа’-ы талаар сар тутмын сэтгүүлийг бий болгожээ.[14]
Төрийн зөвлөлийн шинэ Ерөнхий сайдыг томилох талаар
2013 оноос хойш Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Ли Көчян 2023 оны эхээр хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, албан тушаалаасаа буух болно гэж 2022 оны 3 дугаар сард мэдэгдсэн.[15] Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд бол Хятадын засгийн газарт эрэмбээрээ улсын дарга, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн даргын дараа орох хоёр дахь хүн бөгөөд төрийн захиргааны дээд түвшний албан тушаал юм. Мөн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр сонгогддог.
Ерөнхий сайдын гол үүрэг бол Хятадын Ардын Банк (PBOC), Үндэсний аудитын газар, 21 яам зэрэг төрийн өргөн хүрээний байгууллагуудыг хянадаг засгийн газрын гүйцэтгэх засаглалын Төрийн зөвлөлийн ажлыг хянах явдал юм. Ерөнхий сайд нь эдийн засаг, нийгмийн чухал бодлогыг хэлэлцдэг долоо хоног тутмын Төрийн зөвлөлийн гүйцэтгэх хурлыг даргалж, Төрийн зөвлөлийн томоохон асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрх мэдэлтэй.
Ли Көчяны халааг авах магадлалтай гол хүмүүс бол:
Ван Ян (汪洋), одоогийн улс төрийн гол зөвлөх байгууллага болох Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дарга. Тэрээр мөн 2013-2018 онд Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан.
Ху Чуньхуа (胡春华), ерөнхий сайдын орлогч, Намын төв хорооны гишүүн, Гуандун, Өвөрмонгол Намын хорооны нарийн бичгийн дарга асан.
Ли Чян (李强), Шанхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга. Ли Чян урьд нь ерөнхий сайдын орлогчийн албыг хашиж байгаагүй.
Ерөнхий сайдын албан тушаалыг БНХАУ-ын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) Улсын даргын санал болгосноор баталж, дараа нь нэр дэвшигчийг Улсын дарга томилдог.
Шинэ Ерөнхий сайдын орлогч нарын томилгооны талаар
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдад дөрвөн орлогч сайд байдаг бөгөөд тэд бүгд Төрийн зөвлөлийн үүргээ биелүүлэхэд Ерөнхий сайдад туслах үүрэгтэй. Одоогийн Ерөнхий сайдын орлогч нар болох өдгөө 70 настай Санхүү, эдийн засгийн хорооны дарга Лю Хө (刘鹤), 68 настай ахлах шадар сайд Хань Жөн (韩正), Ерөнхий сайдын орлогч Сун Чуньлань (孙春兰) нар тэтгэвэрт гарах насны хязгаарт хүрч тус тусын албан тушаалаасаа буух төлөвтэй байна. Ерөнхий сайдын орлогч Ху Чуньхуа (胡春华) албан тушаалаасаа буухгүй ч өөр албан тушаалд шилжиж магадгүй байна.
Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдын албан тушаал буюу ахлах шадар сайд нь одоогоор Хань Жөн юм. Энэ албан тушаалд нэр дэвших боломжтой хэд хэдэн нэр дэвшигч нь:
Хө Лифөн (何立峰), Хятадын Үндэсний Хөгжил шинэчлэлийн хорооны дарга, Хятадын макро эдийн засгийн шилдэг төлөвлөгчдийн нэг.
Гуо Шучин (郭树清), Хятадын Банк даатгалын зохицуулах хорооны (CBIRC) дарга, Хятадын банк санхүүгийн шилдэг шийдвэр гаргагчдын нэг.
Шяо Жие (肖捷), Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд асан.
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч нарыг Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд санал болгож, БХАТИХ-аар баталдаг. Дараа нь тэднийг Улсын дарга томилдог. Ерөнхий сайдын орлогчийн албан тушаал нь хоёр бүрэн эрхээр хязгаарлагддаг.
Өрсөлдөөнд тэргүүлсэн нэр дэвшигчийг тэдний ур чадварын дагуу томилох боловч зарим талаараа Ши Жиньпинд үнэнч байх, түүнтэй нягт хамтран ажиллаж байсан түүхийг нь харгалзан үзэх болов уу.
Улс төрийн товчооны Байнгын хорооны бүрэлдэхүүнд орох өөрчлөлт
УТТ-ны Байнгын хорооны гишүүдийн хурал нь Улс төрийн товчоо хуралдаагүй үед шийдвэр гаргах, хуралдуулах үүрэгтэй бөгөөд энэ нь сард нэг удаа болдог. Тиймээс УТТ-ны Байнгын хорооны гишүүдийг яаралтай хуралдуулж, улс оронд тулгамдсан асуудлыг шийдвэрлэдэг. Тухайлбал, 2022 оны 3 дугаар сард Байнгын хорооны гишүүд тус улсын хэд хэдэн бүс нутагт Ковид-19 дахин дэгдэж байгаа асуудлыг шийдвэрлэхээр хурлаа хийсэн.[16]
Ли Көчяны дараагаар Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын албыг хаших хүн автоматаар УТТ-ны Байнгын хорооны гишүүн болно. Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дарга, Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн дарга, Сахилга батыг шалгах төв комиссын нарийн бичгийн дарга (намын авлигатай тэмцэх дээд байгууллага), Тамгын газрын тэргүүн нарийн бичгийн дарга (Нийгэм аюулаас хамгаалах байгууллагат үйлчилдэг) г.м Байнгын хорооны гишүүдийн албан тушаалыг эзэлдэг бол үлдсэн албан тушаалууд нь хариуцах зүйлээс хамаарч өөр өөр байдаг.
Байнгын хороонд энэ удаа гурван сул орон тоо байх төлөвтэй байгаа бөгөөд эдгээр нь:
– Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян
– БХАТИХ-ын дарга Ли Жаньшү
– Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хань Жөн
Эдгээр гурван хүний оронд УТТ-ны Байнгын хорооны гишүүнд нэр дэвших боломжтой хүмүүст дараах нэрс яригдаж байна. Үүнд:
Дин Шюэшян (丁薛祥), ХКН-ын Төв хорооны Ажлын албаны дарга
Чэн Миньэр (陈敏尔), Чунцин хотын Намын хорооны дарга, Ши Жиньпин Жөжян мужийн намын хорооны даргаар ажиллаж байх үед орлогчоор ажиллаж байсан.
Ли Ши (李希), Гуандун мужийн Намын хорооны дарга
Ин Юн (应勇), БХАТИХ-ын Хуульзүйн хорооны орлогч дарга,Шанхай хотын намын хорооны орлогч дарга асан
Ли Чян (李强), Шанхай хотын намын хорооны дарга.
Улс төрийн товчооны бүрэлдэхүүний өөрчлөлт
Намын шийдвэр гаргах гол байгууллага болох Улс төрийн товчоо нь 25 гишүүнээс бүрддэг бөгөөд үүнээс долоо нь дээр дурдсан Байнгын хорооны гишүүд юм. Улс төрийн товчооны үндсэн чиг үүрэг бол нам, улс орны хөгжлийн томоохон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх явдал юм. Улс төрийн товчоо сард нэг удаа хуралддаг бөгөөд улирал бүр эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх нэг хуралтай. Мөн Намын төв хорооны гишүүдийг чөлөөлөх, чуулганы хуралдаанд ороогүй үед намын гишүүдийг хөөх, тэнсэн харгалзах, түүнчлэн боловсон хүчнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй.
Одоогийн УТТ-ны Байнгын хорооны дор хаяж гурван гишүүний албан тушаалыг дараагийн бүрэн эрхийн хугацаанд нөхөх шаардлагатай байгаа талаар дээр дурдсан. Тэгвэл Улс төрийн товчооны гишүүдийг Намын төв хорооны 200 гаруй гишүүний саналаар сонгодог. ХХ их хурлын Улс төрийн товчооны 25 гишүүнд орох боломжтой хүмүүс нь:
Чен Ичин (谌贻琴), Гүйжөу мужийн намын хорооны дарга, Хятадад цорын ганц эмэгтэй намын хорооны дарга,
Ван И (王毅), БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд
Мэн Шианфэн (孟祥锋), Намын төв хорооны Ажлын албаны дэд дарга
Ван Шяохун (王小洪), Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, тус яамны намын хорооны дарга
Ма Шинруй (马兴瑞), Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Намын хорооны дарга
Пан Юэ (潘岳), Үндэстний Хэрэг эрхлэх хорооны дарга.
Ийнхүү энэ жил Хятадын Коммунист намын XIX их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, ХХ их хурал шинэ бүрэлдэхүүнтэйгээр ирэх таван жил ажиллах болно. Өмнөх хоёр удирдагч Намын даргын албан тушаалийг хоёр удаа сонгогдон хашаад дуусгаж байсан жишиг энэ жил өөрчлөгдөж, Ши Жиньпин гурав дахь удаагаа улиран сонгогдох магадлалтай байгаараа энэ жилийн намын их хурал онцлог байна. Түүнчлэн УТТ-нд шинээр сонгогдон орж ирэх бүрэлдэхүүнд Ши Жиньпинийг залгамжлах дараагийн удирдагч энэ удаад сонгогдох учиртай. ХКН-ын ХХ их хурал, хурлаар сонгогдох УТТ-ны шинэ бүрэлдэхүүн нь Хятадын ирэх тав, арван жилийн улс төрийн амьдралын өнгийг тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Ашигласан эх сурвалж:
[1] 广西选举产生出席党的二十大代表 习近平全票当选–时政–人民网 (people.com.cn)
[2] 甘肃省选举产生出席中国共产党第二十次全国代表大会代表_共产党员网 (12371.cn)
[3] 四川省选举产生出席中国共产党第二十次全国代表大会代表- 四川省人民政府 (sc.gov.cn)
[4] 西藏自治区选举产生出席中国共产党第二十次全国代表大会代表_共产党员网 (12371.cn)
[5] 贵州省选举产生出席中国共产党第二十次全国代表大会代表 – 贵州省人民政府 (guizhou.gov.cn)
[6] 内蒙古自治区选举产生出席中国共产党第二十次全国代表大会代表–专题报道-中国共产党新闻网 (people.com.cn)
[7] 海南公布中共二十大代表名单完整版 韩正等当选-闽南网 (mnw.cn)
[8] 第五届中国国际进口博览会正式接受专业观众报名—中国国际进口博览会 (ciie.org)
[9] Thailand Announces Dates for APEC Economic Leaders’ Meeting | APEC
[10] 中共中央政治局会议建议 中国共产党第十九次全国代表大会10月18日在北京召开_滚动新闻_中国政府网 (www.gov.cn)
[11] 关于《中华人民共和国宪法修正案(草案)》的说明_中国人大网 (npc.gov.cn)
[12] 重磅预告:新华社系列报道,带你追寻习近平的足迹-新华网 (xinhuanet.com)
[14] 【《习近平经济思想研究》创刊号发布 暨期刊出版座谈会召开】-国家发展和改革委员会 (ndrc.gov.cn)
[15] Premier Li Keqiang Meets the Press: Full Transcript of Questions and Answers (www.gov.cn)
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлалДараах нийтлэл
ОХУ, Украинаас үүдсэн хүнсний аюулгүй байдалСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19