Монгол Улс Ойрх Дорнодын бүс нутагтай ойр оршдоггүй боловч энэ бүс нутагт өрнөж буй их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнийг ажиглах, түүнээс манай гадаад бодлого, аюулгүй байдалд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг судлах шаардлагатай. Энэ зорилгод нийцүүлэн Цагаан Ордоны Ойрх Дорнодын бүс нутагт хийсэн анхны айлчлалд дүн шинжилгээ хийх замаар АНУ-ын зүгээс тус бүс нутагт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг авч үзэж байна.
Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан Жозеф Байден АНУ-ын ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа 2022 оны 7 дугаар сарын 13-наас 16-ны өдөр Ойрх Дорнодын бүс нутагт айлчиллаа. Дөрвөн өдрийн айлчлалынхаа хүрээнд тэрээр тус бүс нутаг дахь АНУ-ын хамгийн чухал холбоотнууд болох Израйль, Саудын Араб болон Баруун эрэгт зочилж, дээд түвшний уулзалт хийжээ.
Ж.Байдены айлчлалын эхний зогсоол нь Израйль улс байсан бөгөөд тэнд тус улсын ерөнхий сайд Яир Лапид болон ерөнхий сайд асан Биньямин Нетаньяху нартай уулзсан байна. Хорин жил үргэлжилсэн Афганистаны дайн дуусгаж Америкийн цэргүүд тус улсаас гарснаас нэг жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн хийсэн энэхүү айлчлалын үеэр Ойрх Дорнод бүс нутаг дахь Вашингтоны тэргүүлсэн холбоотны харилцааг бэхжүүлэх, эвсэл холбоо байгуулахад чиглэж, ингэхдээ “дипломат ажиллагаа”-нд тулгуурлана гэдгийг онцолсон.[1] 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш анх удаа тус бүс нутагт америк цэрэг байхгүй нөхцөлд энэхүү айлчлалыг хийснээс үзэхэд АНУ-ын гадаад бодлого “дипломат ажиллагаа”-нд тулгуурлан өөрчлөгдөж буйг бүрэн нотолсон хэрэг байлаа.
Ийнхүү Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгчийн гадаад бодлого “дипломат ажиллагаа”-нд тулгуурлах болсонд гайхах явдалгүй юм. Цагаан ордонд ардчилагчид давамгайлах үед АНУ-ын гадаад бодлого дипломат ажиллагаанд ач холбогдол өгч, хүчний бодлого тэр бүр явуулдаггүй бол Бүгд Найрамдах намын засаг тогтоход тус улсын гадаад бодлогод хүчинд тулгуурлах хандлага илэрч, дипломат ажиллагааг төдийлөн ойшоохгүй байх ерөнхий зүй тогтол ажиглагддаг.
Нөгөө талаар Ж.Байдены хэлсэн үг “холбоотны харилцааг бэхжүүлэх, эвсэл холбоо байгуулах” зэрэгт анхаарал хандуулсан нь цаад учир шалтгаантай. Ерөнхийлөгч Ж.Байденыг гадаад бодлогын хувьд либерал интернационалист үзэлтэй хэмээн үздэг. Түүнчлэн гадаад бодлогын багийнхныг авч үзвэл, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан, НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Грийнфилд, Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Тусгай элч Жон Керри нар бүгд ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргааны үед Ж.Байдентай хамтран ажиллаж байсан төдийгүй либерал интернационалист үзэлтнүүд юм.[2]
Энэ үзлийг баримтлагсад нь АНУ-ын ерөнхийлөгч Вүдро Вильсоны “дэлхий дахины тогтвортой байдалд ардчилал зайлшгүй чухал” гэсэн санааг дэмждэг боловч тэднээс ялгаатай нь ардчилсан энх тайвныг хүчээр бус, олон талт хамтын ажиллагааны байгууллагуудаар дамжуулан тогтооно гэж мэтгэдэг. Ийм үзэлтнүүд, XIX зууны Австрийн төрийн зүтгэлтэн, дипломатч Меттернихийн “реалполитик”-ийн үүднээс аливаа асуудалд ханддаг боловч “олон талт байдал үндэсний ашиг сонирхлын үндэс суурь” хэмээн хардаг билээ.
Албан ажилдаа орсноосоо хойш Ж.Байдены гадаад бодлого Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах, Украинд ОХУ-ын өдүүлсэн зэвсэгт мөргөлдөөнийг холбоотнуудынхаа дэмжлэгтэйгээр, эдийн засгийн хатуу хориг тавих замаар шийдвэрлэхэд анхаарч байснаас үүдэн Ойрх Дорнодын холбоотнууд нь Вашингтоны анхаарлын гадна үлдэх вий хэмээн түгшихэд хүрсэн билээ. Саудын Арабын Жеддах хотод болсон Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцохдоо АНУ-ын ерөнхийлөгч Ойрх Дорнодын орнууд Вашингтоны гадаад бодлогын чухал чиглэл хэвээр байгааг батлан илэрхийлэхийг зорьсон. Ж.Байден “АНУ нь Ойрх Дорнодын идэвхтэй, оролцоотой түнш хэвээр байна гэдгийг тодорхой хэлье… Бид [Ойрх Дорнод]-ыг орхихгүй, Хятад, Орос эсвэл Ираны дүүргэх вакуумыг үлдээхгүй… Идэвхтэй, зарчимд суурилсан Америкийн манлайлалд тулгуурлан энэхүү мөчийг бий болгохыг эрмэлзэх болно” хэмээн мэдэгдсэн.[3]
АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдсэнчлэн, Орос, Хятад нь Ойрх Дорнодын хэрэг явдалд оролцох гэсэн өөр, өөрийн ашиг сонирхолтой төдийгүй аль аль нь энэ бүс нутагт Америкийн давамгайлал эцэс болохыг хүлээж байгаа нь нууц биш юм. Өмнө нь АНУ Ойрх Дорнодын газрын тосноос ихээхэн хамааралтай байсан боловч “занарын хувьсгал”-ын ачаар энэ хамаарлаа бууруулж, дэлхийн газрын тосны хамгийн том үйлдвэрлэгч болсноор[4] энэ бүс нутаг Вашингтоны анхаарлыг төдийлөн татахаа больсон билээ. Үүнийг Ойрх Дорнод дахь АНУ-ын цэрэг, дипломатын нөлөө буурснаар тайлбарлаж болно. Ялангуяа, Сирийн хямралыг зохицуулахад АНУ-ын оролцоо Орос, Иранаас зарим талаар сул байсныг ч энд дурдах хэрэгтэй.
Хэдийгээр Вашингтоны зүгээс Ойрх Дорнодод өөрийн нөлөөлөл, манлайллаа хадгална хэмээн амлаж байгаа боловч энэ нь бодитой хэрэгжих эсэх нь эргэлзээтэй. Учир нь дээр дурдсанчлан АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг” буюу Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөг хязгаарлах явдал юм. Гэтэл ОХУ-ын Украинд явуулж буй үйл ажиллагаа Европыг өөрсдөд нь даатгаж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт бүрэн анхаарах завдлыг АНУ-д олгохгүй байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Вашингтон Ойрх Дорнод байтугай стратегийн тэргүүлэх чиглэл болгосон бүс нутагтаа анхаарах чөлөөгүй, Европын хэрэг явдалд хутгалдаад байна. Украины асуудал намжсан ч АНУ Ойрх Дорнод гэхээсээ илүү Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хүчээ хаях нь дамжиггүй юм. Иймд Ойрх Дорнод урьдын адил АНУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болох боломж хязгаарлагдмал хэмээн дүгнэж байна.
АНУ-ын анхаарал суларсан байгааг ашиглан Орос, Хятад бүс нутагт нөлөөгөө хэдийнэ бэхжүүлж эхэлсэн. ОХУ-ын тухайд Египет, Саудын Араб, Иран, Йемен, Ливи, Сири зэрэг улстай тогтоосон уламжлалт харилцаа (зэвсэг-техникийн экспорт, геополитикийн ашиг сонирхол)-даа тулгуурлан улс төрийн зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. Харин БНХАУ нь газрын тосны дотоодын томоохон нөөцгүй учраас эдийн засгийн хөгжлөө хадгалахын тулд Ойрх Дорнодын нөөцөд тулгуурлахаас өөр замгүй юм. Өөрөөр хэлбэл, Орос, Хятадын аль алинд нь Ойрх Дорнодын хэрэг явдалд оролцох зайлшгүй шалтаг, шалтгаан бий. Харин тэд Ойрх Дорнодын тогтвортой байдлыг хангахад зөрүүтэй байр суурьтай. Хятадын тухайд тус бүс нутаг тогтвортой байснаар худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжтой хэмээн үздэг бол ОХУ нь Ойрх Дорнодын тогтворгүй байдлыг ашиглан, геополитикийн амбицаа гүйцэлдүүлэхийг зорьдог нь Сирид цэргийн баазын үйл ажиллагаагаа сэргээж эхэлснээс харагдана.[5]
Баруун эргийн Бетлехем хотод Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзахдаа Ж.Байден “Палестины мандатыг еврей, араб хоёр улсад хуваасан” НҮБ-ын тогтоолыг дэмждэг АНУ-ын байр суурь хэвээр байгааг дахин давтан илэрхийлсэн. Израйлийн удирдлагуудтай уулзахдаа АНУ, Израйлийн холбоотны харилцаа гүн гүнзгий гэж мэдэгдсэн явдлаа Палестины талд тайлбарлахдаа “Израйльтай харилцаагаа сайжруулах нь Палестин болон Израйльчуудын хооронд энхийн үйл явцыг сэргээн бэхжүүлэхэд тустай” хэмээн мэдэгдсэн. Нөгөөтэйгүүр, Ж.Байден, М.Аббас нарын аль аль нь энхийн яриа хэлэлцээ өрнүүлэх улс төрийн цаг хугацаа хараахан болоогүй гэдэгт санал нэгдэж, Палестины тал АНУ-ын өмнөх засаг захиргааны гаргасан шийдвэрийг цуцлахыг уриалсан бол Вашингтон палестинчуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлнэ хэмээн хамтарсан мэдэгдэлдээ дурдсан юм. Өмнөх ерөнхийлөгчийн үед Палестинд үзүүлэх тусламжийг зогсоогоод байсныг Ж.Байден сэргээж, өнгөрсөн хугацаанд хагас тэрбум ам.долларын тусламж үзүүлснийг онцлон тэмдэглэхийн сацуу АНУ Палестины эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж 100 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож, НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагт 200 сая ам.долларын тусламж үзүүлнэ (2021 онд 400 сая ам.долларын тусламж үзүүлсэн) гэдгээ мэдэгдсэн.[6]
Хүний эрхийн асуудлыг эн тэргүүнд тавьдаг хэмээн өөрийгөө тодорхойлж ирсэн Ж.Байден Саудын Арабын Угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салмантай уулзсан нь дэлхий нийтийн анхаарлыг татав. Сэтгүүлч Жамал Хашоггийн амь насыг Туркийн Станбул дахь Саудын Арабын консулын газарт хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салман шууд оролцсон байж болзошгүйг тогтоосон АНУ-ын тагнуулын тайланг гарснаас хойш АНУ-ын төрийн тэргүүн түүнтэй анх удаа уулзаж байгаа нь энэ юм. Энэ аллагатай холбоотой хүмүүст эдийн засгийн болон бусад хориг тавьсан боловч Мухаммед Бин Салманыг ямар нэгэн хоригт хамруулаагүй байсан билээ[7]. Угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салмантай хийсэн яриа хэлэлцээний үеэр Жамал Хашоггигийн аллагын асуудлыг хамгийн түрүүнд ярилцсан хэмээн ерөнхийлөгч Ж.Байден мэдэгдсэн билээ.[8] Эндээс үзэхэд АНУ нь хүний эрх зэрэг үнэт зүйлийн шинжтэй асуудлуудыг хөсөр хаяж, үндэсний язгуур ашиг сонирхлоо хангах сонирхолтой байна хэмээн дүгнэж байна.
Гурван цаг үргэлжилсэн угсаа залгамжлах хунтайж Мухаммед Бин Салмантай хийсэн уулзалтын үеэр Улаан тэнгисээс Иран хүртэлх бүс нутгийн аюулгүй байдал, 5G болон 6G технологийн салбар дахь хамтын ажиллагааг онцолсон байна. Хоёр улсын удирдагчид Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг нь таслан тогтооно гэдгийг хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тодруулбал, “АНУ нь Саудын Арабын газар нутаг, аюулгүй байдлаа хангах, тус Хаант улсын гадаад аюул заналын эсрэг ард иргэд, газар нутгаа хамгаалахад шаардлагатай чадавхыг бий болгохын төлөө байна” гэдгийг Цагаан Ордны тэргүүн мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл Ираныг хүчирхэгжүүлэхгүй байхад АНУ, Саудын Араб ашиг сонирхол нэгдсэн гэсэн үг юм.
Иран, Саудын Арабын аль аль нь бүс нутагтаа манлайлагч болохоор өрсөлдсөөр ирсэн. Иран болон Пи 5+1 (НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн+ Европын холбоо) хооронд Ираны цөмийн асуудлаарх суурь гэрээг 2015 оны 4 дүгээр сард баталж, 7 дугаар сард Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөө (ҮАХИБТ)-г баталсан байна. Энэ тохиролцооны дагуу Иран цөмийн хөтөлбөрөө 10 жилийн хугацаанд зогсоож, Өрнөдийн орнууд тавьсан хоригоо зөөлрүүлж, Иранд бусад улсын адил “энгийн улс” болж хөгжих боломж олгосон юм. Ерөнхийлөгч Б.Обамагийн хувьд Үйл ажиллагааны хамтарсан иж бүрэн төлөвлөгөө нь АНУ-Ираны харилцаанд шинэ эрин үеийг эхлүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ илүү өргөн хүрээнд Ирантай ойртохгүйгээр АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах боломжтой хэмээн үзэж байсан юм. Гэтэл АНУ-д сонгуулийн үр дүнд шинэ засаг захиргаа бүрэлдснээр ерөнхийлөгч Д.Трамп 2015 онд байгуулсан ҮАХИБТ-нөөс АНУ-ыг гаргасан. Хэдийгээр Ж.Байдены засаг захиргаа зуучлагч орнуудаар дамжуулан Ирантай Австрийн Вена хотод яриа хэлэлцээ 2021 оны 4 дүгээр сараас хийж эхэлсэн боловч өнөөг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байна. Яриа хэлэлцээ амжилттай болсон тохиолдолд, 2015 онд байгуулсан ҮАХИБТ ахин хүчин төгөлдөр хэрэгжих юм. Ингэснээр, Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарласны хариуд АНУ нь Д.Трампын засаг захиргааны үед Иранд тавьсан хоригуудыг цуцлах боломжтой болно.
АНУ-ын ерөнхийлөгчийн Саудын Арабад хийсэн айлчлалын үр дүнд ойрын хугацаанд газрын тосны үнийг буулгах боломжтой хэмээн Цагаан Ордон үзэж байсан юм. Энэ оны 11 дүгээр сард АНУ-ын Конгрессын “завсрын сонгууль” болох бөгөөд сонгуулийн үр дүн Ж.Байдены засаг захиргааны сүүлийн 2 жилийн хугацаанд ихээхэн нөлөөтэй байх юм. Гэтэл Украинд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнтэй холбоотойгоор дэлхийн зах зээл дээр түүхий эд, нэн ялангуяа газрын тосны үнэ нэмэгдэж байна. Тодруулбал, Москвагийн “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэсэн Украинд явуулж буй үйл ажиллагаатай холбогдуулан АНУ болон Европын зүгээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсны дараа газрын тосны үнэ 2008 оноос хойших дээд цэгтээ хүрч, өнгөрсөн 3 дугаар сард 1 баррель нь 139 ам.доллараас давсан.[9] Газрын тосны үнэ нэмэгдсэн нь АНУ-д өргөн хэрэглээний барааны үнэ өсөхөд хамгийн гол нөлөө үзүүлж байна. Сонгуулийн өмнө газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалсан инфляцын асуудлыг амжилттай шийдвэрлэж чадах эсэхээс Ардчилсан нам “завсрын сонгууль”-д ялалт байгуулах шууд хамааралтай. Хэдийгээр АНУ нь дэлхийд газрын тосны үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг боловч дотоод нөөц бололцоондоо тулгуурлан, энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь Америкийн компаниуд эдийн засгийн үр ашгийн үүднээс газрын тосыг их хэмжээгээр үйлдвэрлэж, нөөцлөдөггүй учраас яаралтай тохиолдолд зах зээлд газрын тос ихээр нийлүүлэн үнийг тэнцвэржүүлэх арга хэмжээ авах боломж нь бага байдаг. Эсрэгээрээ, дэлхийд үйлдвэрлэлээ 2 дугаарт жагсдаг Саудын Арабад ийм боломж байдаг учраас АНУ-ын зүгээс тус улсыг үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг ятгасан тохиолдолд асуудлыг шийдвэрлэх боломж бүрэн бий.
Ж.Байден Саудын Араб улсад айлчлахдаа газрын тосны үнийг буулгах асуудлыг хэлэлцэхэд анхаарсан ч тус улстай үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх гэрээ хэлэлцээрийг байгуулж чадаагүй юм. Гэвч Ж.Байден энэ асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрээр “Бид дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, газрын тосны нийлүүлэлтийг хангалттай түвшинд байлгах талаар сайтар ярилцсан” хэмээн мэдэгдсэн юм. Хоёр улс хэд хэдэн гэрээ хэлэлцээр байгуулсны дотор эрчим хүчний аюулгүй байдлыг хангах асуудал багтсан болохыг айлчлалын дараа гаргасан Цагаан Ордны мэдэгдэлд дурдсан боловч гэрээ хэлэлцээрийн агуулгын талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдснээр Саудын Арабад хийсэн гэрээ хэлэлцээрийн үр дүнд ойрын хугацаанд газрын тосны үнэ буурна хэмээн таамаглаж болохоор байна.
Дүгнэлт
Монгол Улсын тухайд авч үзвэл, манай эдийн засагт газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл ихээхэн нөлөөтэй. Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх хандлага 2013 оноос өмнө манайд түгээмэл ажиглагдаж байсан. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн өсөлт махнаас бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн 30 хувийг дангаараа бүрдүүлж байсан тохиолдол ч бий. Шатахууны бүтээгдэхүүнийг орц болгон ашигладаг салбаруудын бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өсөлтийг оруулж тооцвол энэ дүн бүр ч өндөр байх болно.[10]
Хэдийгээр манай газрын тосны импорт ОХУ-ын зах зээлийн байдлаас бүрэн хамааралтай мэт боловч нөгөө талаар дэлхийн зах зээлд гол үүрэгтэй Ойрх Дорнодын орнуудын үйлдвэрлэл манай улсад шууд бусаар нөлөөлж байна. Ойрх Дорнод үйлдвэрлэлээ багасгасан тохиолдолд дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт тасалдах, үүнээс шалтгаалан үнэ өсөх эрсдэлтэй. Энэ нь ОХУ-ыг үнэ өсгөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, эргээд бидний хэрэглэж буй бензин шатахууны үнэ өсөхөд нөлөөлнө.
Эсрэгээрээ, АНУ болон Ойрх Дорнодын орнуудын харилцаа найрсаг, сайн байх тохиолдолд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурах боломжтой. Ялангуяа, Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Өрнөдийн орнууд ОХУ-д хориг тавиад байгаа энэ үед Саудын Араб зэрэг Булангийн орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх нь эдийн засгийн нөхцөл байдал нааштай эргэхэд чухал нөлөөтэй юм. Гэвч Оросын газрын тосыг бусад орнуудынхаар орлуулах гэсэн АНУ-ын оролдлого зохих хэмжээнд үр дүнтэй байж чадахгүй байгаа нь харагдлаа. Иймд газрын тосны зах зээл дээр үүсэж болзошгүй шокын сөрөг нөлөөг аль болохоор бага байлгах зорилгоор манай улс нефтийн үнийг урьдчилан таамаглах, болзошгүй эрсдэлд бэлтгэх, фьючерс гэх мэт үүсмэл хэрэгсэл ашиглан ирээдүйн үнийн тодорхой бус байдлыг бууруулах шаардлагатай байна.
Ашигласан эх сурвалж:
[1]CNN “Biden tries to ease worries over US commitment to the Middle East in meetings with key leaders” https://edition.cnn.com/2022/07/16/politics/biden-last-day-middle-east-trip/index.html
[2]Deccan Herald “Return of the liberal internationalists” (Nov 29, 2020) https://www.deccanherald.com/specials/sunday-spotlight/return-of-the-liberal-internationalists-921207.html (accessed July 25, 2022)
[3]The White House “Remarks by President Biden at the GCC + 3 Summit Meeting” (July 16, 2022) https://www.whitehouse.gov/briefing-room/speeches-remarks/2022/07/16/remarks-by-president-biden-at-the-gcc-3-summit-meeting/#:~:text=Let%20me%20state%20clearly%20that,successes%20of%20the%20Middle%20East.
[4]U.S. Energy Information Administration “What countries are the top producers and consumers of oil?” https://www.eia.gov/tools/faqs/faq.php?id=709
[5]VOA News “Russia Expands Military Facilities in Syria” https://www.voanews.com/a/middle-east_russia-expands-military-facilities-syria/6205742.html
[6]NPR “Biden says the U.S. will work to improve Palestinians’ lives” https://www.npr.org/2022/07/15/1111656472/biden-saudi-arabia-middle-east-visit-trip-israel-palestinians
[7]New York Times “Saudi Crown Prince Is Held Responsible for Khashoggi Killing in U.S. Report” https://www.nytimes.com/2021/02/26/us/politics/jamal-khashoggi-killing-cia-report.html
[8]DW “Saudi Arabia: Biden raises Khashoggi concerns during MBS meeting” https://www.dw.com/en/saudi-arabia-biden-raises-khashoggi-concerns-during-mbs-meeting/a-62492535
[9]Reuters “Top U.S. energy envoy expects further steps from OPEC producers on supplies” https://www.reuters.com/business/energy/top-us-energy-envoy-expects-us-gasoline-prices-fall-further-2022-07-17/
[10]Б.Мөнхзул, (Монголбанкны ОНБМТ-ийн эдийн засагч) “Газрын тосны үнийн хэлбэлзлийн 40 жилийн түүх: яагаад нефтийн үнэ одоо ч биднийг гайхшруулж болох вэ?” 2017/01/30 https://www.mongolbank.mn/news.aspx?id=1385&tid=2
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
НАТО-гийн стратегийн үзэл баримтлал–2030 (II)Дараах нийтлэл
Хятадын Коммунист намын XX их хурал ямар ач холбогдолтой вэ?Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23