Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеландын төрийн тэргүүд хүрэлцэн ирж NATO-ийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон нь Энэтхэг-Номхон далайн театр Умард Атлантын эвслийн ашиг сонирхлын бүс бөгөөд БНХАУ-ын зүгээс учруулах аюул заналыг тогтооно барихад тус бүс нутагт шинэ түнш-холбоотнуудаар[1] (гишүүнчлэл биш) эгнээгээ тэлэх эрмэлзлээ харуулсан явдал болов. Цаашид NATO-ийн гишүүд болон Энэтхэг-Номхон далай дахь холбоотнууд нь аюулгүй байдлын нэгдсэн формат руу шат дараатай ойртож бодлогын асуудлаар зөвлөлдөж, үйл ажиллагаагаа уялдуулж, технологио хуваалцаж, тагнуулын мэдээллээ харилцан солилцож, зэвсэглэл, батлан хамгаалахын болон дэд бүтцийн төслүүд хамтран хэрэгжүүлэх чиг төлөв яригдаж эхэллээ. Мөн яг энэ цаг үед NATO-ийн Энэтхэг-Номхон далай дахь бодлогын тухай БНХАУ-ын ГХЯ хатуу шүүмжилж “АНУ-ын шинэ өнгөлзлөг Азийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулна. NATO Энэтхэг-Номхон далайн бүс нутагт сөргөлдөөний шинэ сүүдэр тусгаж байна.” гэсэн агуулгатай мэдэгдэл гаргаад байна[2].
2022 онд ОХУ-ын Украинд үйлдсэн түрэмгийлэл Европ тивийн өмнөх 70 жилийн аюулгүй байдлын архитектурыг бүрэн өөрчиллөө. 200 жил төвийг сахисан Швед, 70 жил эвсэлд үл нэгдэж явсан Финланд улсуудад олон нийтийн санаа бодол эрс эргэж NATO-д элсэж байна. NATO-д элсэх хүсэлтэй Гүрж, Босни-Герцеговин улсуудын асуудлаар тус эвслийн удирдлагууд байр сууриа дахин тодруулж шаардлага хангасан нөхцөлд гишүүнчлэлийн нээлттэй хаалганы бодлого ижил үйлчлэхийг мэдэгдэв. NATO-ийн ажиллагааны орон зай нь: Агаар мандал, Далай тэнгис, Хуурай газар, Кибер орон зай, Сансрын орон зай, Мэдээллийн орон зай, Когнитив түвшнүүд гэсэн үндсэн чиглэлүүдээс гадна Дүрвэгчдийн асуудал, Цаг уурын өөрчлөлт, Эрчим хүчний аюулгүй байдал, Ногоон шилжилт гэсэн шууд цэрэг дайны бус асуудлуудаар өргөжин тэлж байна.
NATO өөрийн онцгой бөгөөд хамгийн чухал түншээр Европын Холбоог нэрлэж байна. Евро-Атлантын орон зай төдийгүй глобал түвшинд NATO цаашид бодлого, үйл ажиллагаагаа заавал Европын Холбоотой зөвшилцөж уялдуулж явуулснаар Евро-Атлантын блок үүсгэж[3] илүү хүчтэй, илүү нөлөөтэй эвсэл болох тухай шинэ стратегийн баримт бичгийн 43-р зүйлд тодорхой дурьджээ. Мөн үүний хамт Европын Холбооны аюулгүй байдлын асуудалд тус холбооны гишүүн бус NATO-ийн гишүүд (АНУ, Их Британи, Канад, Норвеги, Турк, Исланд, Албани, Монтенегро, Умард Македони улсууд) заавал оролцож байж Евро-Атлантын блокийн аюулгүй байдал хангагдахыг заажээ.
Мадридын уулзалт ба АНУ
Өрнөдийн ертөнцийн тэргүүлэх гүрэн болох АНУ-ын хувьд NATO-ийн Мадридын уулзалт онцгой ач холбогдолтой болж өнгөрлөө. АНУ нь XXI-р зуунд:
- Евро-Атлантын орон зайд АНУ-NATO, АНУ-Европын Холбоо гэсэн холбоотны түншлэл үүсгэж ОХУ-тай стратегийн өрсөлдөөн өрнүүлж байна.
- Энэтхэг-Номхон далайн орон зайд АНУ нь QUAD, AUKUS, PBP[4] гэсэн эвсэл, түншлэлүүддээ (Үүний дээр АНУ энэ бүс нутагт 2 талт харилцаатай олон холбоотонтой) тулгуурлан БНХАУ-тай стратегийн өрсөлдөөн эхлүүлээд байна[5].
NATO-ийн уулзалтанд Япон, БНСУ, Австрали, Шинэ-Зеландыг урихын хамт “NATO–2030” баримт бичигт БНХАУ-ыг ирээдүйн аюул занал, гол өрсөлдөгч гэж тусгуулж чадсанаар 2022-2030 он, 2030-2040 оны хоёр аравны хугацаанд АНУ геостратегийн хоёр үндсэн театраа нэгтгэж холбоотнуудаа нэг форматад оруулах урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлж буй дүр зураг тодорч байна. Украины хямралын дараа Тайваний асуудал хөндөгдөх үед АНУ-ын хувьд дангаараа биш, эвсэл холбоотнуудаараа БНХАУ-ын эсрэг сөрөн зогсох суурь бэлтгэл ажил NATO-ийн форматаар дамжуулан хийгдэж байгааг Мадридад болсон уулзалт, хэлэлцэн баталсан баримт бичгүүд нь харуулж байна.
Геостратегийн хоёр үндсэн театрын салангид холбоотнууд нь аажмаар нэг формат руу шилжсэнээр АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг цогцолбор цаашид их хэмжээний зэвсгийн захиалга авах (Тухайлбал: Олон үүрэгт F-35 сөнөөгч онгоцны хамтарсан төсөл)[6], тогтвортой урт хугацаанд зэвсэг хэрэгсэл нийлүүлэх гэрээ байгуулах, логистикийн зардлаа холбоотнуудтайгаа хуваалцах, онцгой хэрэгцээт таваар, түүхий эдийнхээ хэрэгцээг (өндөр технологийн чип, газрын ховор элемент г.м) нэг нийлүүлэлтийн сувагт оруулах, эрчим хүчний эх үүсвэрүүдэд хяналт тавих, худалдааны ашигтай хэлцэл байгуулах зэрэг асар олон давуу тал өөртөө үүсгэх юм. ОХУ-ын Украинд өрнүүлж буй дайн болон БНХАУ-ын учруулах аюул заналын тухай сэдэв нь АНУ-ын хувьд геополитик, геостратеги, гео-эдийн засгийн олон зорилтоо хангаж биелүүлэх таатай суурь нөхцөлт-шалтгаан болж буйг онцлон дурьдах нь зүйтэй.
ОХУ-Украины дайн нь олон жилийн турш NATO-д яригдаж байсан төсвийн суурь асуудлыг нэг талд нь чиглүүлж өгөв. ОХУ-Украины мөргөлдөөн 2014 онд эхэлсний дараа 2015 аас 2021 оны хугацаанд NATO-ийн орнуудын батлан хамгаалахын төсөв $294.2 тэрбумаар нэмэгдэж $1.189 их наяд[7] хүрээд байна. Эвслийн хүрээнд гишүүн орнууд батлан хамгаалахын төсвөө ДНБ дор хаяж 2% д хүргэх тухай зарчмын үүрэг амлалт биелэгдээгүй явсаар ирсэн бөгөөд Мадридын уулзалтаар 2024-2030 он гэхэд бүх гишүүд 2% босгод хүрэх амлалтаа биелүүлэхээр тогтож “NATO–2030” баримт бичигтээ тусгалаа. Эвслийн гишүүд дундаас олон жил энх тайванч чиглэл барьж ирсэн ХБНГУ батлан хамгаалах төсвөө ирэх 4 жилд нэмэлт 100 тэрбум еврогоор нэмж 2% руу ойртсон[8], Их Британи улс 2030 онд батлан хамгаалах төсвөө 2.5% д хүргэхээр зарласан[9] зэрэг улс төрийн мэдэгдлүүд гарч яваандаа улс орнууд дахин зэвсэглэлээр хөөцөлдөх, Өрнөдийн батлан хамгаалах аж үйлдвэрүүд их хэмжээний захиалга авах төлөв ажиглагдаж байна. АНУ-ын хувьд батлан хамгаалахын төсөв нь ДНБ 3.47%[10] хүрдэг тул бусад гишүүн орнууд 2% босго дээрээ ирснээр эвслийн хүрээнд батлан хамгаалах зардлаа хуваалцаж АНУ-д ноогддог ачаалал үлэмж хэмжээгээр хөнгөрөх болно.
“NATO-2030” ба Монгол улс
Монгол улс–NATO ийн түншлэл 17 жилийн баялаг уламжлалтай. 2009 оноос эхлэн Монголын цэрэг дайчид Афганистанд NATO-ийн тэргүүлсэн эвслийн цэргийн ажиллагаанд 12 жил үүрэг гүйцэтгээд 2021 онд үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгасан[11]. NATO Монгол улсыг итгэлтэй, чадамжтай түнш гэж өндрөөр үнэлдэг тул урт хугацаанд батлан хамгаалах чадавхийг нь бэхжүүлэх, цэрэг дайчдыг нь сургах олон ажил, төсөл хэрэгжүүлдэг ба 2017-2021 онд[12] Монголд Кибер аюулгүй байдлын төв байгуулахад иж бүрэн тусламж үзүүлсэн[13]. Шинэ гаргасан “NATO–2030” стратегийн үзэл баримтлалынхаа талаар 2022-оны 1-р сарын 31-нд NATO глобал түншүүддээ мэдээлэл өгч зөвлөгөөн зохион байгуулахдаа Монгол улсыг урьж оролцуулсан[14]. Шинэ зуунд үүсэх аюулгүй байдлын орчин, уламжлалт ба шинэ аюул заналын эсрэг NATO стратегийн чиглэлээ шинэчлэн батлахдаа Монгол улсыг глобал түншээ гэж харж хамтын ажиллагааны хэв шинжээ тодорхойлж, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, цаашдын түншлэлийн бодлогын хүрээгээ тодорхойлох зорилготой мессэж өгсөөр байна.
NATO-ийн хувьд ОХУ-тай өрнүүлж буй шууд бус стратегийн тэмцлийнхээ зэрэгцээ ОХУ-БНХАУ ын болзошгүй ойртолтоос ихээхэн сэрэмжилж анхаарал хандуулж буйгаа шинэ стратегийн баримт бичигтээ[15] (13-р зүйл) илэрхийлсэн. Монголын стратегийн түншүүд болох Япон, БНСУ ил тодоор NATO-той ойртон түншилж эхэллээ. Монголын ойрын түншүүд Австрали, Шинэ-Зеланд улсууд мөн л NATO-ийн стратегийн чиглэлтэй бодлого, үйл ажиллагаагаа уялдуулахаар боллоо. Монголын гадаад бодлогын тэргүүлэх хоёр чиглэл болох хөрш ОХУ, БНХАУ нь NATO-той шууд бус дайн, стратегийн өрсөлдөөн явуулж байна. Энэ нөхцөлд ОХУ, БНХАУ-ын яг дунд тусгаарлан орших геостратегийн түлхүүр байрлалтай Монгол улсыг сонирхох талуудын сонирхол, эрх ашиг, тоглолт идэвхтэй өрнөж эхлэж байна. (Хавсралт-4)
Олон улсын харилцаа, глобал аюулгүй байдлын орчин эрс өөрчлөгдөж буй нөхцөлд Монгол улс гадаад аюулгүй байдлын орчны нарийвчилсан судалгаа хийж цаашид Умард Атлантын Гэрээний Байгууллагатай түншлэх замын зургаа тодорхойлж өөрийн бодлого, үзэл баримтлал, хариу арга хэмжээг уялдуулж үндэсний эрх ашигтаа тохируулан шинэчлэх шаардлага үүсээд байна. Уламжлалт бус шинэ аюул занал, сөргөлдөөний орон зай болох Кибер дайн, Гибрид дайн, Когнитив дайн, Квантын тооцооллын хөгжил, Нано-биотехнологийн хөгжил, Сансрын аюулгүй байдлын[16] чиглэлүүдэд Монгол улсын чадавхийг бэхжүүлэх тал дээр NATO хамгийн том тусламж үзүүлэх бололцоотойг онцлон дурьдах нь зүйтэй. Монголын хувьд 2 талт харилцаа, бүс нутаг, глобал түвшинд гээд олон талбарт тоглолт хийх том боломж нээгдэж буйг NATO-ийн Мадридын уулзалт бүрэн нээн харууллаа.
[1] https://www.csis.org/podcasts/natos-road-madrid
[2]ttps://www.fmprc.gov.cn/mfa_eng/xwfw_665399/s2510_665401/202206/t20220629_10712209.html
[3] https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2022/6/pdf/290622-strategic-concept.pdf
[4] https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2022/06/24/statement-by-australia-japan-new-zealand-the-united-kingdom-and-the-united-states-on-the-establishment-of-the-partners-in-the-blue-pacific-pbp/
[5] https://www.gmfus.org/event/natos-new-strategy-and-rise-china
[6] https://www.f35.com/f35/global-enterprise.html
[7] https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2022/6/pdf/220627-def-exp-2022-en.pdf
[8] https://www.politico.eu/article/germany-government-opposition-agree-100bn-defense-spending-bill/
[9] https://www.bbc.com/news/uk-61999145
[10] https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2022/6/pdf/220627-def-exp-2022-en.pdf
[11] https://www.nato.int/cps/en/natohq/topics_85297.htm
[12] https://www.nato.int/cps/en/natohq/news_180697.htm
[13] https://www.nato.int/cps/en/natohq/photos_181122.htm?selectedLocale=en
[14] https://www.nato.int/cps/en/natohq/news_191348.htm?selectedLocale=en
[15] https://www.nato.int/nato_static_fl2014/assets/pdf/2022/6/pdf/290622-strategic-concept.pdf
[16] https://www.act.nato.int/articles/nato-space-policy-launches-activity-act
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
НАТО-гийн стратегийн үзэл баримтлал–2030 (I)Дараах нийтлэл
Ж.Байдены Ойрх Дорнодын орнуудаар хийсэн айлчлалСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23