ОХУ Украины зэвсэгт мөргөлдөөн олон улсад хэд хэдэн томоохон нөлөө үзүүлж буйн дотор дэлхий дахиныг ихээр түгшээж буй нь үр тариа буюу хүнсний аюулгүй байдал, түүний хүртээмжийн асуудал болоод байна. Дэлхийн хэмжээнд хүн амын тоо огцом нэмэгдэж түүнийг дагасан хүнсний хүртээмж, аюулгүй байдлын асуудал улс гүрнүүдийн авч буй гол бодлогын нэг яалтачгүй мөн билээ. Энэ удаагийн дугаараар манай хүрээлэн ОХУ Украин хоёр улсын асуудал олон улс хүнсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй талаар мөн НҮБ-ын ХХААБ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй арга ажиллагааг онцлон авч үзлээ. Цаашлаад Монгол Улсад тус аюулгүй байдлын асуудал яаж нөлөөлөж болох талаар судлах шаардлага зайлшгүй тулгарав.
Хүнсний нийлүүлэлтэд ОХУ, Украины эзлэх байр суурь
ОХУ болон Украин нь дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгийн том экспортлогчид бөгөөд бордоо болон хүнсний бүтээгдэхүүний салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
2022 оны 2 дугаар сарын 24-нд эхэлсэн ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөн томоохон хот суурингуудад их хэмжээний хохирол учруулж, хүний амь нас олноор хохирч, иргэд хөдөө тосгон, ЕХ-ны орнууд руу дүрвэсэн. Албан тоогоор 3.6 сая гаруй хүн орон гэрээ орхиж, аюулгүй газар руу дүрвэхээс өөр аргагүйд хүрчээ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдал хүнд хэмжээнд ирэв. Украины хөдөө аж ахуйн салбарын хамгийн таатай үе буюу хаврын эхэн сард газар тариалангийн амьжиргааг тасалдуулж, дэлхийн хүнсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгааг НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага /ХХАБ/ тодорхойлж байна.
Украинд зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс өмнө олон улсын хүнсний боловсруулсан болон хагас боловсруулсан барааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Үүнд зах зээлийн нөхцөл байдал, мөн эрчим хүч, бордоо болон бусад бүх хөдөө аж ахуйн үйлчилгээний өндөр үнэ нөлөөлсөн хэмээн олон улсын байгууллагын шинжээчид үзэж буй. 2022 оны 3 дугаар сард НҮБ-ын ХХААБ-ын Хүнсний үнийн индекс түүхэн дээд хэмжээнд хүрснийг зарлаж, 2021 оны мөн үе буюу 2 дугаар сараас 12.6%, 3 дугаар сараас 33.6%, мөн 2011 оны 2 дугаар сарын түүхэн дээд үнийн өсөлтөөс 15.8%-иар өссөн байна.
ОХУ, Украин улсууд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн худалдааны тоглогчид. 2021 оны байдлаар ОХУ, Украины улаан буудайн экспорт дэлхийн зах зээлийн 30 орчим хувийг эзэлж байсан. ОХУ-ын дэлхийн эрдэнэ шишийн экспортын зах зээлд эзлэх хувь 2020/21 оны хооронд 3 хувьтай. Мөн хугацаанд Украины эрдэнэ шишийн экспортын эзлэх хувь илүү их байсан бөгөөд дунджаар 16 хувь буюу дэлхийн 4 дэх том эрдэнэ шишийн экспортлогч байжээ. Хоёр орны наранцэцгийн тосны экспорт нийлээд дэлхийн нийлүүлэлтийн 78 хувийг эзэлж байна. Мөн ОХУ нь бордооны гол экспортлогч орон юм. 2021 онд дэлхийн хэмжээнд азотын бордооны тэргүүлэгч экспортлогч, калийн хоёр дахь тэргүүлэгч нийлүүлэгч, фосфорын бордооны гурав дахь том экспортлогч болсон. Дэлхийн 50 шахам орон улаан буудайн импортын хэрэгцээнийхээ 30-аас доошгүй хувийг ОХУ, Украин улсаас хамааралтай байдаг. Үүнээс 26 улс улаан буудайн импортынхоо 50 гаруй хувийг энэ хоёр улсаас авдаг.
Ийм нөхцөлд энэхүү зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийн зах зээл, хүнсний хангамжид олон талын нөлөө үзүүлж, олон орны хүнсний аюулгүй байдал, ялангуяа хүнсний импортоос хамааралтай бага орлоготой улс орнууд болон хүн амын эмзэг бүлгийн хувьд хүнсний аюулгүй байдалд сорилт учруулж байна.
2021 оны байдлаар ОХУ болон Украин нь улаан буудай, эрдэнэ шиш, рапс, наранцэцгийн үр, наранцэцгийн тосны дэлхийн хамгийн том гурван экспортлогчийн тоонд багтсан бол ОХУ нь азотын бордоогоор дэлхийн тэргүүлэгч экспортлогч болж, калийн бордооны нийлүүлэлтээр хоёрдугаарт бичигдэж, фосфорын бордооны гурав дахь том экспортлогч болсон.
Украин ОХУ-ын хоорон дахь зэвсэгт мөргөлдөөн хүн амын хамгийн ихээр оршин суудаг бүсүүдэд ширүүн өрнөж байгаа нь хоол хүнс, ус, эрчим хүчний хангамжийг ихээхэн хомсдолд хүргэсэн. Тэр дундаа Украины газар тариаланд дараах асуудлууд нэн тэргүүнд хүндээр тулгарч байна.
- Намрын ургац хураалт, хаврын тариалалт тасалдсан.
- Хөдөө аж ахуйн салбар дахь ажиллах хүчний хомсдол үүссэн.
- Ургацын бордоо, түлшний нийлүүлэлт тасалдсан.
- Хаврын тариалалтын үед зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэн ургац ихээр гэмтсэн.
- Хөдөө аж ахуйн тариалалтын дэд бүтэц ерөнхийдөө устсан.
- Тариалангийн газрууд хоосорсон.
НҮБ-ын ХХААБ нь Украины Хөдөө аж ахуйн яам, орон нутгийн засаг захиргааны удирдлагуудтай өнөөгийн нөхцөл байдал дээр тулгуурлан үнэлгээ хийж үзсэний үндсэн дээр анхан шатны дүгнэлтэнд хүнсний аюулгүй байдал хэдийн хүнд байгаа хэд хэдэн бүс нутгуудын талаар дурдсан.
Дэлхийн хөдөө аж ахуйн зах зээл ба хүнсний аюулгүй байдал
ОХУ, Украин бол импортын хүнсний бүтээгдэхүүний бордооноос ихээхэн хамааралтай олон орны гол нийлүүлэгч юм. Тухайн улс орнуудын дийлэнх олонх нь нэн буурай орнуудын бүлэгт хамаардаг бол бусад нь бага орлоготой хүнсний хомсдолтой орнуудын бүлэгт багтдаг. Жишээлбэл Африкийн Эритрей улс 2021 онд улаан буудайн импортынхоо 53 хувийг ОХУ-аас харин 47 хувийг Украинаас бүрдүүлсэн байна. Хойд Африк, Баруун болон Төв Азийн олон орны улаан буудайн импорт нь ОХУ, Украины нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай.
Иймд НҮБ-ын ХХААБ-аас тус хоёр орноос хэрэгцээт хүнс, бордооны ихээхэн хамааралтай улс орнууд яаралтай байдлын үед хэрэгжүүлэх тусламжийн төлөвлөгөөг бэлтгэх, тэр дундаа бусад улсаас импортлох эх үүсвэрийг хангах шаардлагатай байна гэж дүгнэлт гаргасан байна.
Олон улсын худалдаанд үүсэх эрсдэл
Зэвсэгт мөргөлдөөний улмаас үүсч буй ОХУ болон Украины хүнсний экспортын тасалдал нь дэлхийн хүнсний зах зээлийг олдоц муудах, импортын тасалдал үүсэх, цаашлаад хүнсний үнийн өсөлт зэрэг эрсдэлд хүргэж байна.
НҮБ-ын ХХААБ-аас зэвсэгт мөргөлдөөний өмнө гаргасан 2021/22 оны улирлын чанартай худалдааны таамаглал болон 2 дугаар сар хүртэл бүртгэгдсэн экспортын нөхцөл байдал дээр үндэслэн Украин 2022 оны 3-6 дугаар сарын хооронд ойролцоогоор 6 сая тонн улаан буудай экспортлох төлөвтэй байсан. Энэ хугацаанд ОХУ дахин 8 сая тонныг тээвэрлэх төлөвтэй байсан. Гэсэн хэдий ч Украин дахь боомтуудыг хааж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан, санхүүгийн хориг арга хэмжээний улмаас ОХУ-д хүлээгдэж буй борлуулалтын хүндрэлүүд нь эдгээр экспортыг бодитоор хэрэгжүүлэх эсэх талаар эргэлзээ төрүүлж эхэлсэн байдаг. 3 дугаар сарын эхээр Украин мөн улаан буудай, эрдэнэ шиш зэрэг төрөл бүрийн түүхий эдийг экспортлох боломж, нөхцлүүдийг эрэлхийлж хэрэгжүүлнэ гэдгээ зарласан ч энэ арга нь боомтыг хаах зэрэг экспортыг хязгаарлах бусад хүчин зүйлээс шалтгаалж үр дүн яаж ч эргэж магадгүй юм.
Бусад экспортлогчдын нэг болох Аргентин улсын экспортын хэмжээ нь дотоодын инфляцийг хянах засгийн газрын бодлогоор гадаад худалдаа төдийлөн эрчимтэй бус хязгаарлагдмал байх магадлалтай бөгөөд өнөөдөр Аргентиний инфляцийн түвшин 64 хувьд хүрсэн байгаа. Харин Австрали ложистикийн хувьд хамгийн дээд хүчин чадлаараа ажиллаж байна. Зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш дэлхийн экспортын хувь хэмжээ мэдэгдэхүйц буурч, дэлхийн зах зээл хатуу байгаа ийм нөхцөлд бусад улс орнууд дотоодын нийлүүлэлтээ тогтвортой байлгах мөн дотоодын үнийн инфляцийг зохицуулахын тулд экспортыг удаашруулах, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж магадгүй гэж хэд хэдэн улс гүрнүүд хэдийн мэдэгдсэн.
Үүнээс үүдэн импортлогчдын улаан буудайн хэрэглээний хомсдол нь Ойрх Дорнод болон Хойд Африкийн улс орнуудад онцгой хүндрэл учруулах бөгөөд улаан буудай нь хүнсний гол бүтээгдэхүүн болохын ач холбогдлыг харгалзан зарим улс орнууд улаан буудайн хомсдлоос сэргийлж, импортоо баталгаажуулахын тулд худалдан авах хувь хэмжээгээ нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм. Энэхүү эрэлтийг хэт өсгөх нь зах зээл чангарч, үнэ улам өсөх нөхцөл бүрдүүлэх ба энэ нь дэлхийн зах зээлд дарамт учруулах болзошгүй байна.
Дэлхийн хамгийн том улаан буудай импортлогчид болох Египет, Турк, Бангладеш, Иран улсууд дунджаар (2016/17-2020/21) улаан буудайн импортын 60 ба түүнээс дээш хувийг Украин, ОХУ-аас авсан. 2021/22 онд Египет, Турк, Бангладеш, Иран тус тус 6.6, 4.0, 3.7, 1.7 сая тонн импортын үлдэгдэлтэй байна. Ливан, Тунис, Йемен, Ливи, Пакистан зэрэг улсууд Украин, ОХУ-аас гаралтай улаан буудайн бүтээгдэхүүнд ихээхэн түшиглэдэг бөгөөд дунджаар (2016-2021) улаан буудайн худалдан авалтынхаа тал орчим хувийг эдгээрээс авдаг.
Үнэ ханшид үүсэх эрсдэл
НҮБ-ын ХХААБ-ын Хүнсний үнийн индексийг хэмжсэнээр үндсэн хүнсний бүтээгдэхүүний олон улсын экспортын үнийн хэмжээ 2020 оны сүүлийн хагасаас хойш тасралтгүй өсөж, 2022 оны 3 дугаар сард нэрлэсэн болон бодит үзүүлэлтээрээ бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээнд хүрч өмнөх оны мөн үеэс 33.6 хувиар өссөн байна. 2021 оны байдлаар улаан буудай, арвайн олон улсын үнэ 2020 оныхтой харьцуулахад 31 хувиар өссөн байсан нь дэлхийн зах зээлд эрэлт нэмэгдсэн мөн улаан буудай, арвай экспортлогч орнуудын цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр үйлдвэрлэл, ургацын хэмжээ буурсантай холбоотойгоор экспортлох боломж хомс байв. Рапс болон наранцэцгийн тосны салбарт 2021 онд бүртгэгдсэн жилийн үнийн өсөлт 65, 63 хувьтай байна.
Бордооны олон улсын жишиг үнэ 2021 оны турш тогтмол хэмжээгээр өсч бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн. Хамгийн мэдэгдэхүйц өсөлт нь азотын бордоонд гарав. Гол азотын бордоо болох мочевины үнэ сүүлийн 12 сарын хугацаанд бараг гурав дахин өссөн ба фосфорын бордооны үнэ мөн хугацаанд адил өссөн бол калийн бордооны үнэ харьцангуй тогтвортой хэвээр байна. Бусад түүхий эдийн үнийн нэгэн адил бордооны үнийн динамик нь эрэлт нийлүүлэлтийн харилцан үйлчлэлээр тодорхойлогддог. Бордооны үнийн өсөлтөд нөлөөлсөн нэг үйл явдал нь ОХУ-ын эсрэг экспортын хязгаарлалт тавигдсаны дараа нийлүүлэлт тасалдсан, тээврийн зардал өндөр байсан, мөн Ковид-19 тахлын улмаас задгай болон чингэлэг тээвэрлэлтийн үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотой.
Вальютын ханш, өрийн эрсдэл
Украины гривен /үндэсний мөнгөн тэмдэгтийн нэр/ 2022 оны 3 дугаар сарын эхээр АНУ-ын доллартай харьцах хамгийн доод түвшинд хүрсэн нь Украины хөдөө аж ахуй, тэр дундаа экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нөгөө талаас импортлох чадварыг нь бууруулах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.
Украины үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцэд зэвсэгт мөргөлдөөний улмаас учирсан хохиролыг сэргээн босгоход маш өндөр зардал гаргах төлөвтэй байна.
ОХУ-ын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь мөн Оросын рублийн ханшийг мэдэгдэхүйц буурууласан. Энэ нь Оросын хөдөө аж ахуйн түүхий эдийн экспортыг илүү хямд болгох ёстой ч рублийн ханшийн уналт нь тус улсын хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрлэлийн өсөлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлнө.
Эдийн засгийн идэвхжил суларч, рублийн ханш унасан нь Төв Азийн орнуудад мөнгөн гуйвуулгын урсгалыг бууруулах эрсдэлтэй, учир нь рубль дотоодын нийт бүтээгдэхүүний ихээхэн хэсгийг бүрдүүлдэг тул мөнгөн гуйвуулгын урсгалыг бууруулснаар ноцтой нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
ОХУ Украины зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийн хэмжээнд нөлөөлж болзошгүй гэхдээ дэлхийн эдийн засагт үзүүлэх бүрэн нөлөө ямар байх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалана. Гэвч Ковид-19 тахлын улмаас үүссэн хямралаас бүрэн гарч амжаагүй байхад үүссэн мөнхүү нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах, инфляцийн огцом өсөлт зэрэгт хамгийн эмзэг бүлгийн улс орон, хүн ам хүндээр нэрвэгдэх төлөвтэй байна.
Хөдөө аж ахуйн салбар нь хөгжиж буй олон орны эдийн засгийн тулгуур салбар бөгөөд ихэнх үйл ажиллагаа нь АНУ-ын доллараас хамааралтай байдаг. Иймээс ам.долларын ханш бусад валюттай харьцах харьцаа ялангуяа АНУ-д бодлогын хүү нэмэгдэж байгаа нөхцөлд тогтвортой чангарах нь ойлгомжтой юм. Энэ нь яваандаа хөгжиж буй орнуудад тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт ихээхэн сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.
2022 оны 4 дүгээр сарын 19-нд Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайланг нийтэлсэн бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлт 2021 онд 6.1 хувь байсан бол дайны улмаас 2022, 2023 онд 3.6 хувь болж буурах төлөвтэй байна. Энэ нь өмнө гаргаж байсан 2022, 2023 оны таамглалаас 0.8 ба 0.2 пунктээр бага байна. ОУВС-аас Украины дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр оронтой тоогоор огцом буурч, ОХУ-д их хэмжээний агшилт гарч, түүхий эдийн зах зээл, худалдаа, санхүүгийн сувгаар дамжин дэлхий даяар тархах төлөвтэй байна. Дэлхийн хэд хэдэн хэсэгт ДНБ-ий өсөлт буурах нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн эрэлт хэрэгцээнд нөлөөлж, дэлхийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлд сөрөг үр дагавар авчрах болно гэж тооцолсон байна.
Олон улсын байгууллагуудаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
ОХУ Украины зэвсэгт мөргөлдөөн нь дотоодын болон олон улсын хөдөө аж ахуй болон хүнсний аюулгүй байдалд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ гэж НҮБ-ын ХХААБ-аас гаргасан дүгнэлт дээр үндэслээд тус байгууллага цаашид учирч болох томоохон эрсдлээс сэргийлэхийн тулд хэд хэдэн арга замыг санал болгосон байдаг.
- Худалдааг нээлттэй байлгах: дотоодын хүнсний хэрэгцээнээс гадна олон улсын хүнсний нийлүүлэлтийн хэлхээг хангахын тулд худалдааг нээлттэй үлдээх.
- Хүнсний импортлогч орнуудаа төрөлжүүлэх: ОХУ Украин хоёр улсаас үр тариа, бордооны хамаарал ихтэй хөгжиж буй орнууд олон байгаа тул хүнсний шинэ импортлогч олж авах шаардлагатай.
- Түр зуурын бодлого баримтлахгүй байх: богино болон урт хугацаандаа улс гүрнүүд гадаад худалдааны ямар нэг бодлого тэр тусмаа импортыг багасгаж экспортыг нэмэгдүүлэх зэрэг.
- Шинжлэх ухаан дээр тулгуурласан хөдөө аж ахуй болон загас агнуурыг хөгжүүлэх зэрэг арга замуудыг зөвлөсөн байдаг.
Хүнсний дипломат ажиллагаа ба үр тарианы хямралын өнөөгийн байдал
2022 оны 5 дугаар сарын байдлаар Украины тал 20 сая тонн үр тариаг бэлтгэж Африкийн орнууд тэргүүтэй хөгжиж буй, буурай орнууд руу экспортлох болсон. Үүний үр дүнд ОХУ-тай үр тариа тээвэрлэх хэлэлцээр байгуулахаар тохиролцоонд хүрчээ. Учир нь ОХУ-ын арми хар тэнгист цэргээ байрлуулсан бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын эсрэг тавьсан хоригоор зөрүүлэн дэлхийн үр тарианы экспортыг зогсоосон. Үүний дараа 7 дугаар сард хоёр тал НҮБ-ын тусламжтайгаар Туркд хэлэлцээр байгуулсан. Тус хэлэлцээрт “үр тариа тээвэрлэж буй аливаа тээврийн хэрэгсэл рүү гал нээхгүй байх” гэсэн заалт байсан боловч хэлэлцээрийн яаг маргааш нь Уркаины Хар тэнгисээр дамжих хүнсний экспортын гол боомт болох Оддеса боомтод ОХУ 2 пуужин унагаасан юм.
Хөдөө аж ахуйн салбарын Монголд нөлөөлөх нөлөөлөл
Манай улс хөдөө аж ахуйн салбар тэр дундаа газар тариалангийн салбарт үр тариа, улаан буудайг дотоодоосоо өөрийгөө хангах харьцангуй чадвартай. Гэхдээ газар тариалангийн салбарын гол түүхий эдийн нэг болох азотын бордоог гадаадаас их хэмжээгээр импортолж авдаг. 2021 оны сүүлийн таван сарын байдлаар 490 мянган тонн азотын бордоог 138 мянган ам.доллараар худалдан авсан. Харин улаанбуудайн хувьд 1130 мянган тонн улаанбуудайг импортолж 303 мянган ам.доллараар худалдаж авсан байна. 2022 онд манай улсын хүнсний хүрэлцээ, хөдөө аж ахуйн тогтвортой байдал цаашид хэрхэх нь олон улсын геополитикийн нөхцөл байдал, эдийн засгийн таагүй цаг үе мөн хөрш орнуудын харилцаанаас тодорхой хэмжээгээр хамаарна.
Дүгнэлт
2022 оны 2 дугаар сард эхэлсэн ОХУ Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас олон улсаас ОХУ-ын эсрэг маш их хориг арга хэмжээг авсан. Нэг талаас ОХУ-ын гадаад худалдаа зогсонги байдал руу аажмаар шилжих, нөгөө талаас Украины гадаад худалдааны гол зам болох Хар тэнгис Оросын мэдэлд орсон нь экспортыг нь хумисан. Харин олон улсад хүнсний салбарт тус хоёр улсаас хамааралтай орнууд нэн ялангуяа хөгжиж буй болон буурай орнууд их байгаа нь тэдгээр орнуудад хүнсний хомсдол үүсэх, өлсөглөнд нэрвэгдэх зэрэг томоохон эрсдэлүүд тулгарч байна. Үүнийг шийдэхийн тулд хоёр улс үр тариан экспортонд хэлэлцээрийг Туркд амжилттай хийсэн боловч хэзээ үр дүн гарах нь тодорхойгүй байна. НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага дээрх асуудалд эртнээс анхаарал тавьж байсан бөгөөд тодорхой тооны зөвлөмжийг улс гүрнүүдэд хүргэсэн.
Харин Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Улсын Их Хурал, Засгийн газар хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгойлон анхаарч “Хүнсний хувьсгал” эхлүүлсэн. Манай улс ирэх хоёр жилд үр тариа, тэр дундаа бордооны импортын асуудалд анхаарал тавих шаардлагатай.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
Дэлхийн эдийн засагт хямрал болох уу?Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19