ОХУ, БНХАУ-ыг холбосон газрын тос, байгалийн хийн хоолойг татах саналыг Монгол Улсын төр засгийн зүгээс сүүлийн гучаад жил тавьсаар ирсэн. Хөрш орнуудын харилцаа эрчимтэй хөгжиж, дэд бүтэц, газрын тос байгалийн хийн хоолойн томоохон төслүүдээ манай улсыг тойруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд манай саналд “судалж үзэх” түвшинд хандаж байв.
Харин сүүлийн гурван жилд худалдааны дайн, цар тахлын улмаас дэлхий нийтийн геополитикийн дүр зураг эрс өөрчлөгдөж, даяаршил улирч, улс орнуудын дангаарших үйл явц эрчимжлээ. АНУ занар олборлох, боловсруулах шинэ технологийг хөгжүүлж байгалийн хий, газрын тос их хэмжээгээр үйлдвэрлэж томоохон экспортлогч болж эхэлснээр байгалийн хий, газрын тосны уламжлалт геостратегийн тогтоц, эрэлт хэрэгцээ, хэрэглэгчдийн газарзүйн байршил, тээвэрлэх, дамжуулах шугамууд эрс өөрчлөгдөх геоэдийн засгийн хүчин зүйлс бий боллоо.
Байгалийн хийн геостратегийн шинэ тогтоц
ХХ зууныг дамнасан газрын тос, байгалийн хийн геостратегийн сөргөлдөөнт тогтоц солигдож байна.[1] Геостратегийн сөргөлдөөн аж үйлдвэрийн гол хэрэглэгдэхүүн болох байгалийн баялаг, түүхий эд, экспортын зах зээл, тээврийн шугам, дамжуулах хоолойн дагуу явагддагийг ХХ зуунд Африк, Ойрх Дорнод, Персийн булан, Латин Америк, ХХI зуунд Иран, Сири, Венесуэлд болж буй үйл явдлаас харж болно.
Дэлхий нийтийн улс төр, нийгэм, эдийн засгийн систем тогтворгүй, хэврэг болж, бага гэхээр хүчин зүйлд ч мэдрэг, эмзэг болж, гарах магадлал багатай “хар хун” гэх үйл явдал үлэмж үр дагаврыг бий болгож байна. Үүний нэг жишээбол занарын түүхий эдээс хий олборлох фракинг технологи гарснаар геостратегийн томоохон өөрчлөлт бий болгож буй явдал юм. Стратфор судалгааны төвийн шинжээч Роберт Д.Капланы 2012 онд хэлснээр “занарын хувьсгалын үр дүнд дэлхий нийтийн дүр төрх өөрчлөгдөнө” гэсэн нь өнөө тохиож байна.
Энэ байдал дэлхий нийтийн геополитик, аюулгүй байдал, геостратегийг эрс өөрчилж байна.[2] Австрали, Катар, ОХУ, Иран, Нигер, Алжир зэрэг байгалийн хий нийлүүлэгчид ба АНУ, Европ, Япон зэрэг гол хэрэглэгчид гэсэн тогтоц өөрчлөгдөв. Хамгийн том хэрэглэгч АНУ нийлүүлэгчдийн нэг болж, БНХАУ хамгийн том хэрэглэгч боллоо. ОХУ, БНХАУ-ын завсар орших Монгол Улс энэ шинэ тогтцын нэг зангилаа болохоор байна. АНУ их хэмжээний газрын тос, хийг занараас үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын сацуу их хэмжээний илүүдлээ экспортлон 2017-2018 онуудаас эхэлж газрын тосны дэлхийн хамгийн том нийлүүлэгч болж, улмаар БНХАУ, Зүүн хойд Ази, Европт их хэмжээгээр экспортлох сонирхолтой байна. Ийнхүү хамгийн том хэрэглэгч байсан АНУ байгалийн хийн нийлүүлэгч болж, БНХАУ хамгийн том хэрэглэгч болсноор худалдаа, эдийн засгийн харилцаа, олон улсын аюулгүй байдлын системд өөрчлөлт орж байна.
2018 оноос АНУ-ын шингэрүүлсэн хийн (LNG) экспорт дөрөв дахин нэмэгдэж, жилийн эцэст орлого нь 5 тэрбум ам.долларт хүрсэн бол 2019 онд 12 тэрбум ам.доллар болж оцом нэмэгджээ. 2020 онд цар тахлын улмаас доод цэгтээ хүрсэн боловч эргээд өсөж хэмжээ нь 61 тэрбум шоо метрт хүрсэн нь дэлхийд 3-р байрт бичигдэж байна. 2021 эхний хагас жилд 42 хувь өссөн[3].
Газрын тос, байгалийн хийн үнэ, экспортын хэмжээ зах зээл, эрэлт нийлүүлэлтээс гэхээсээ улс төр, геополитикийн хүчин зүйлээс илүүтэй хамаардаг. Гол нийлүүлэгч нь буурай улсууд байж ирсэн бол энэ удаад нийлүүлэгч нь “хүчтэй умард” АНУ болж, энэ салбарын өмнө нь тогтсон дүр төрхийг өөрчилж байна. Д.Трамп 2017 оны 6 дугаар сард “Америкийн эрчим хүчний давамгайллын” (American energy dominance) бодлогыг боловсруулж мөрдөхөө мэдэгдэж, улмаар 2018 оны 12 дугаар сард газрын тосны 75 жил үргэлжилсэн хараат байдлаас АНУ гарч импортлогч бус цэвэр экспортлогч улс болсныг зарласан байдаг[4].АНУ дэлхийн хийн нийлүүлэлтийн 5%-ийг экспортолж байсан бол 25%-д хүргэх зорилгодоо 2021 оны эхний хагаст хүрлээ.
Энэхүү шинэ тогтоц геополитик, геостратегийн шинэ эсгүүрийг тодорхойлж эхлэв. Геополитикийн ийм шинэ нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтэд аюулгүй байдлын шинэ эрсдэлүүд бий болж байна. Газрын тос, байгалийн хийн асуудал АНУ, БНХАУ-ын худалдааны дайны нэг хэсэг нь болсон. Улмаар хоёр улсын хүрээнээс даван Европын холбоонд “хоёрдугаар фронт” хэлбэрээр түгэж, ОХУ-ын эсрэг хоригоо чангатгах зэрэг сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудаас харагдаж байна.
Европ дахь байгалийн хийн сөргөлдөөн
Геостратегийн сөргөлдөөн Европын байгалийн хийн салбарт эрчимтэй явагдаж эхэллээ. Шинэ тогтоцод холбоотон болон дайсагнагч нь солигдож байдаг тул байгалийн хийн асуудалд АНУ Европын холбооны хамгаалагч байсан бол Европын байгалийн хийн зах зээл дээр ОХУ-тай өрсөлдөгч болж аль болох өндөр үнээр, ихийг Европ руу нийлүүлэх сонирхолтой болсон нь Европыг мөн хоёрдмол байдалд оруулжээ. АНУ өмнө нь Европын улс орнуудын эрчим хүч, түүний дотор байгалийн хийн зах зээлд ОХУ-ын нөлөөлөл, давамгайлал тогтохыг хязгаарлах,[5] Ойрх Дорнод, Умард Африкаас аль болох хямд, найдвартай, тогтвортой нийлүүлэлттэй байхыг цэрэг, улс төрийн хүчээр хангахыг зорьдог холбоотон байсан. Уламжлалт түншийн харилцаатай АНУ-Европын холбооны хооронд 2018 оноос үл ойлголцол, “худалдааны дайн”, харилцан хориг тавих явдал үүсч, АНУ-ОХУ, Европын холбоо-ОХУ гэсэн зөрчил, сөргөлдөөний түвшинд хүрсэн. 2019 оноос Европын хийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн хурцдаж, АНУ-ын байгалийн хийг Европт их хэмжээгээр нийлүүлэх, улс төрийн шахалт нэмэгдэж байна.
АНУ Европын орнуудад үлэмж хэмжээний шингэрүүлсэн хий нийлүүлж эхэлсэн бөгөөд цаашид тэргүүлэх байр суурь эзлэхийн төлөө ОХУ-тай өрсөлдөхийн тулд улс төр, эдийн засгийн арга хэмжээнүүдийг авч байна. Энэ арга хэмжээнүүд дотор ОХУ-ын хий нийлүүлэх “Умард урсгал-2”-ыг барьж буй компаниудыг худалдааны хориг арга хэмжээнд хамруулж, Европын улсуудад үйлдвэрлэсэн автомашинд тавих импортын татварыг 2.5 хувиас 25 хувь болгосон. Европын холбоо ч мөн АНУ-ын зарим бараа бүтээгдэхүүнд хориг арга хэмжээ авсан байдаг.
ОХУ-ын Европ дахь хийн экспортод нөлөөлөхийн тулд АНУ одоо ажиллаж буй хийн хоолойн дагуух Зүүн Европын Украйн, Польш, Болгар, Унгар улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна Украинаар ОХУ-ын хий дамжуулах 10 жилийн гэрээ 2020 онд дуусгавар болж, Украины зүгээс гэрээг сунгахгүй, дамжуулалтыг зогсооно, хязгаарлана гэсэн шаардлага тавьж шинээр Газпромд ашиггүй гэрээ байгуулагдаж, жилд 86 тэрбум шоо метр хий дамжуулж байсан 10 жилийн гэрээг 2019 оны 12-р сард шинэчилж чадаагүй. Үүний оронд дээрх хэмжээний хагасыг буюу жилд 45 тэрбум шоо метрийг нийлүүлэх 5 жилийн гэрээ байгуулсан нь ОХУ-д хүнд нөхцөл байдлыг бий болгосон.
Польшоор дамжуулах гэрээ 2021 онд дуусгавар болох бөгөөд Польшийн зүгээс сунгахгүй гэж мэдэгдэж, дамжуулах хэмжээг багасгах зэрэг үйл явц өрнөсөн. Ийнхүү Европын байгалийн хийн зах зээлийн төлөөх АНУ-ОХУ-ын өрсөлдөөн улс төрийн түвшинд хурц хэлбэртэй явагдаж байна.
Европын холбооны улсуудын хувьд байгалийн хийн асуудалд хоёрдмол байр суурьтай болоод байна. Хоолойгоор нийлүүлэгдэж байгаа ОХУ-ын хямд хийг хэрэглэхийн тулд, Орос-Герман-Францын хамтарсан “Умард урсгал-2”, Өмнөд болон Зүүн Европт нийлүүлэх “Өмнөд урсгал” (2016 оноос “Түрэг урсгал”)-ын төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа.[6]
Нэг талаас ОХУ-ын хямд хийг хэрэглээд сурчихсан, хийн хоолойн дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулчихсан байгаа тул ОХУ-тай ашиг сонирхлоо нэгтгэх стратеги баримталж байна. Нөгөө талаас ОХУ-аас хараат бус байхын тулд уламжлалт түнш болох АНУ-аас байгалийн хий авах гэхээр өндөр үнэтэй, шинэ дэд бүтэц барих өндөр өртөгтэй байдаг. АНУ-ын шахалтыг зөөлрүүлж, Умард урсгал-2 төслийг тууштай дэмжиж байгаа. ХБНГУ-ын удирдлагууд энэ тухай удаа дараа мэдэгдэж байсан.[7]
Ийнхүү Европын улсууд хийн асуудал дээр ОХУ-тай ашиг сонирхлоо нэгтгэж, АНУ-тай ил, далд сөргөлдөж эхэлсэн. АНУ-ын зүгээс Европыг ОХУ-ын эрчим хүчний хараат байдалд орж, тэдний улс төрийн нөлөөнд автах аюултай хэмээн үзэж 2019 оны 7 дугаар сарын 31-нд АНУ-ын Сенатын Гадаад харилцааны байнгын хороо хориг арга хэмжээг авах хуулийн төслийг хэлэлцэж баталсан.[8] АНУ-ын Стратфор судалгааны төвийн шинжээчид хориг арга хэмжээ авсан ч тус төсөл цаашид үргэлжилж хэрэгжих болно хэмээн үзэж байсан нь биелэж өдгөө төгсгөлийн шатанд хүрээд байна.[9]
АНУ-тай “Эрчим хүчний аюулгүй байдлын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгаа, цаашид ч авах хэмжээг нэмэгдүүлэх болно” гэж Европын холбооны Уур амьсгал, эрчим хүчний комиссар Мигэль Ариас Каньете АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перритэй 2020 оны 5 дугаар сарын 2-нд Брюссельд уулзахдаа хэлсэн. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-аас хараат байдлыг бууруулах, Америкаас ирж буй шингэрүүлсэн хийг импортлох боомтуудад терминал барих, тэдгээрт хүрэх хийн хоолойг татах дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм. Шингэрүүлсэн хийг усан онгоцноос буулгах 20 гаруй терминалыг АНУ 50 гаруй тэрбум ам.доллараар ЕХ-ны улсуудад, түүний дотор гол тоглогч болж буй Польш улсад барихаар төлөвлөж, эхнээсээ ашиглалтад орж байна.
Умард Урсгал-2 хоолойг барих нь Балтын тэнгис дэх ОХУ-ын цэргийн нөлөөллийг нэмэгдүүлж, бүс нутгийн орнуудын аюулгүй байдалд нөлөөлж байна гэж Швед улсын батлан хамгаалахын сайд асан М.Олдберг мэдэгдэж байсан. Мөн Швед, Литва улсын хооронд барьж байсан Nordbalt эрчим хүчний шугамын бүтээн байгуулалтад саад болсон гэж шүүмжилдэг.[10]
ОХУ-д тулгарсан хүндрэл
Европын байгалийн хийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн ширүүсч ОХУ-ын экспортын хэмжээ буурсан тул Ямал, Уренгой ордуудад хийн олборлолтын илүүдэл бий болж, их хэмжээний алдагдал үүссэн. Умард Урсгал-2, Украин, Польшоор жилд дамжуулах боломжтой 80 орчим тэрбум шоо метр хийн илүүдэл бий болсон байна. Мөн Умард урсгал-2 бүтээн байгуулалт гацаж, төлөвлөгдсөн орлого хойшилж санхүүгийн томоохон алдагдал үүссэн. Газпромын хувьд Ямал-Ненецийн өөртөө засах тойрогт жилд 150 тэрбум шоо метр хий нэмж олборлох хүчин чадлаа ашиглахгүй байгаа. Ялангуяа умард зүгт орших Бованенкогийн томоохон ордоос Умард урсгал-2–ыг хангах, Тазын дүүрэгт орших ордоос БНХАУ-ыг хангах бэлэн дэд бүтэцтэй нөөц ашиглагдахгүй байгаа.[11]
ОХУ Европт үндсэн дөрвөн сувгаар хий нийлүүлж, Умард урсгалыг өргөтгөж, “Түрэг урсгалыг” шинээр нэмж барьсан. Умард урсгал болон Польшоор дамжих хий Ямалын ордуудаас ирж байгаа бол Украин болон “түрэг урсгалаар” дамжих хий Ямалтай ойролцоох туйлын бүсийн Уренгойн ордуудаас ирж буй.
Европ руу нийлүүлж байсан Ямалын хийн илүүдлийг өөр чиглэлд экспортлохгүй бол төсвийн орлого тасрахаар байгаа. Үүнтэй холбоотойгоор ОХУ БНХАУ-д нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Ийм ч учраас ОХУ-ын байр суурь өөрчлөгдөж Монгол Улсын нутгаар тавих тухай асуудал бодитоор хөндөгдөж, тодорхой мэдэгдэлүүд хийгдэж эхэлсэн.
Дорно зүгт нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ, хэрэгжилт нь гацаад байсан Алтай төслийн оронд Монголоор дамжуулах шинэ төсөл хэрэгжүүлж эхэлнэ гэсэн ОХУ-ын мэдэгдлүүд нь стратегийн томоохон шийдвэр гэхийн зэрэгцээ тухайн үед ЕХ-той Умард урсгал-2 хоолойг барьж дуусгах, Украинтай хий дамжуулах хэлэлцээр хийхэд ОХУ-ын байр суурийг бэхжүүлэх тодорхой хэмжээний “хөзрийн” үүрэг гүйцэтгэсэн тактикийн алхам байсан байх магадлалтай.
[1] Ц.Даваадорж. Газрын тос, байгалийн хийн геостратегийн шинэ тогтоц. Аюулгүй байдал судлалын хүрээлэн 2019-05-16 https://niss.gov.mn/archives/1434
[2] Ц.Даваадорж.Геостратегийн шилжилт: даяаршлаас дангааршилд, өмнөдөөс умардад. Аюулгүй байдал судлалын хүрээлэн, 2018-10-25. https://niss.gov.mn/archives/936
[3] Leading countries by liquefied natural gas export volume worldwide in 2020 https://www.statista.com/statistics/274528/major-exporting-countries-of-lng/
[4] U.S. LNG grabs 10% market share as January-August exports equal 2018 volumes https://www.reuters.com/article/us-usa-lng/us-lng-grabs-10-market-share-as-january-august-exports-equal-2018-volumes-idUSKCN1VO13W
[5] Ч.Нарантуяа. Орос, Өрнөдийн харилцаан дахь зөрчил гүнзгийрсээр, Стратеги судлал, 75, 3/2016
[6] EU disunity on US’s anti-Nord Stream 2 push https://www.politico.eu/article/eu-disunity-hampers-efforts-to-block-us-pipeline-sanctions/
[7] “Северный поток – 2” обойдется Украине в 2 миллиарда долларов http://www.ng.ru/economics/2019-09-26/1_2_7687_nordstream.html
[8] U.S. Sanctions Against Nord Stream 2 Pipeline: Strategic Hit Or Miss? https://www.forbes.com/sites/thebakersinstitute/2019/08/15/us-sanctions-against-nord-stream-2-pipeline-strategic-hit-or-miss/?sh=49f61bc4e5a7
[9] Despite Looming U.S. Sanctions, the Nord Stream 2 Pipeline Will Likely Proceed https://worldview.stratfor.com/article/despite-looming-us-sanctions-nord-stream-2-pipeline-will-likely-proceed
[10] Россия добилась победы в проекте «Северный поток — 2» — National Interest https://regnum.ru/news/polit/3334668.html
[11] Китай и «Газпром» торгуются по цене на газ для будущих поставок по «Союзу Восток» https://jpgazeta.ru/kitaj-i-gazprom-torguyutsya-po-czene-na-gaz-dlya-budushhih-postavok-po-soyuzu-vostok/
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Цар тахлын үеийн Хятад, Монголын хамтын ажиллагааСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02