Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтран ажилладаг түнш байгууллага болох БНХАУ-ын Орчин үеийн олон улс харилцааны академийн судлаачдын бичсэн өгүүүллийг орчуулан хүргэж байна.
БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны академийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Фань Шяожюй
COVID-19 тахал бол зуун жилд тохиох хамгийн ноцтой халдварт өвчин бөгөөд хүн төрөлхтний эрүүл мэнд, аюулгүй байдал, дэлхий дахины хөгжил цэцэглэлтэд ихээхэн хохирол учруулж байна. Хятад, Монгол хоёр улс халдварт өвчинд нэрвэгдсэн хэдий ч энэ сорилтыг даван туулж чадсан юм. Ялангуяа Хятад, Монголын харилцаа тахлын сорилтын үед улам хүчирхэгжин бэхжиж байна. Шинэ нөхцөл байдалд Хятад, Монгол хоёр улс өөрсдийн хөгжлийн хэрэгцээ шаардлагаа хэрхэн тодорхойлж, хамтын ажиллагааны боломжоо ашиглан, сорилтод хамтдаа хариу арга хэмжээ авч, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх вэ гэдэг нь хоёр орны өмнө тулгамдаж буй чухал асуудал юм.
Нэг. Цар тахлын үеийн Хятад, Монголын хамтын ажиллагааны шинэ боломжууд
- Цар тахлын үеийн Хятад, Монголын харилцан тусламж
Хятад, Монгол хоёр орон газар зүйн хөрш төдийгүй түүхийн онцгой холбоотой улсууд. Энэ нь Хятад, Монголын харилцааг хөгжлүүлэх эхлэл цэг юм. БНХАУ-ын хувьд Монгол Улстай түүхэн холбоотой байдгаас үүдэн ойр дотно санагддаг, тиймдээ ч хятадын ард түмэн Монголыг хамгийн ойрын хөршөө гэж үздэг. Чухам иймээс 2014 оны 8 дугаар сард Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалыг “хамаатан саднаараа зочлох” гэж нэрийдсэн. Мөн сүүлийн үеийн хамгийн тод жишээ бол Хятадад цар тахал ид дэгдэж байхад Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан нь цар тахлын үед Хятадад айлчилсан анхны гадаад улсын төрийн тэргүүн болж БНХАУ-д 30 мянган хонь хандивласан нь Хятад, Монголын харилцан туслалцааны сайхан түүх болсон байдаг. Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын эдийн засаг хөгжөөгүй ч хүнд хэцүү цаг үед сэтгэл гаран үнэтэй бэлэг бэлэглэж Хятад улсын цар тахлын эсрэг тэмцэлд дэмжлэг үзүүлж байгаа нь сэтгэл хөдөлгөм байгаа талаар мэдээлсэн. Монголын ард түмэн ч Хятад улсын цар тахлын эсрэг хийж буй тэмцлийг олон янзаар дэмжсэн нь Хятадын нийгэмд томоохон ярианы сэдэв болсон юм.
Цар тахлын үед хоёр тал халдварын эсрэг хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, Хятад улс Монгол Улстай урьдчилан сэргийлэх, өвчинтэй тэмцэх туршлага, мэдээллээ хуваалцан, олон удаагийн тусламж илгээж, Монголын цар тахалтай тэмцэх үйлсэд чухал дэмжлэг үзүүлсэн юм. Хоёр улсын холбогдох газрууд вакцин болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар нягт харилцаа холбоотой байна. БНХАУ вакциныг амжилттай боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлсний дараа вакциныг үнэ төлбөргүй олгосон анхны орнуудын эгнээнд Монгол Улс багтсан. Мөн хоёр улс цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг хамтран хэрэгжүүлж Хятад, Монголын эрүүл мэндийн цогцолборыг (community) бий болголоо. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг ярилцлага өгөхдөө, манай улсын вакцины дийлэнх хувийг манай найрсаг хөрш БНХАУ нийлүүлсэн. Энэ онцгой үед Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагаа, харилцан тусласан байдал нь олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон гэж үзэж болно хэмээсэн юм. Хятад, Монгол хоёр нэг завин дээр сууж, цар тахалтай хамтран тэмцэж байна гэж хэлж болно. Хятад, Монголын харилцаа цар тахлын сорилтыг даван туулж, цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны явцад харилцаа улам сайжирч байна.
2. Хамтын ажиллагааны ойлголцол, хэрэгцээ шаардлагыг улам тодруулж өгөв.
Цар тахал Хятад, Монгол хоёр тал хөрш улсын хувиар хувь заяаны цогц нэгдэлтэй /命运共同体意识, а community with a shared future/ гэх ойлголтыг улам бэхжүүлсэн нь Хятад, Монголын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чухал түлхэц өгөх болно. Талууд цар тахалтай тэмцэж, эдийн засгаа сэргээх давхар сорилттой тулгараад байгаа тул нэн даруй хамтран ажиллаж, хүндрэлийг даван туулах хэрэгтэй байна. Энэ нь хоёр улсад хамтын ажиллагаагаа сайжруулж нэгдсэн зөвшилцөлд хүрэх чухал боломжийг олгож байна. Үүний зэрэгцээ цар тахал нь хоёр орны хамтын ажиллагааны явцад тулгардаг бэрхшээл, саадыг тодруулж, асуудлыг яаралтай шийдвэрлэх ахиц дэвшилд хүргэх зайлшгүй шаардлагатайг харуулав, энэ нь мөн тулгамдсан асуудал, саад бэрхшээлийг шийдвэрлэх боломжийг олгож байна. Тухайлбал, Хятад-Монголын хил дамнасан ложистикийг хөнгөвчлөх асуудлаар, үүнд төмөр замын царигийн стандарт өөр, хил дамнасан ложистикийн дэд бүтэц цахимжаагүй зэрэг хүндрэлүүд гардаг үүн дээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд нэмэгдсэн учраас Хятад, Монголын хил дамнасан тээвэр ложистик улам их ачаалалтай тулгарч байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр монгол жолооч нар нүүрсээ тээвэрлэн хүргэхэд хүндрэлтэй байгаа учраас амьдралд нь хүндрэл учирч байгаа талаар мэдээлж байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээл, саад тотгорыг улам тодруулж, холбогдох асуудлуудыг шийдвэрлэх явцыг хурдасгахыг шаардаж байна.
Түүнчлэн, халдварт өвчний нөхцөл байдлын үед бий болсон шинэ туршлага, шинэ технологи, шинэ арга барил нь Хятад-Монголын хамтын ажиллагаа, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад шинэ итгэл найдвар, арга барилыг бий болгож өгч байна. Хятад улс тахал өвчинтэй тэмцэх арвин туршлага хуримтлуулж, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах хүчирхэг чадвараа харуулсан. Үүний зэрэгцээ Хятад улс тахалтай тэмцэхэд дижитал эдийн засгийн технологийг өргөнөөр ашиглаж, үйлдвэрлэлээ сэргээж, их өгөгдөлийг идэвхтэй хэрэглэж үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, онлайн сургалт, боловсрол, алсын зайны эмчилгээ зэргийг ашиглаж байгаа нь Монголын талын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Үүний зэрэгцээ тахлын нөхцөлд нүүрстөрөгчийн ялгарал багатай бохирдолгүй эдийн засаг, ногоон эдийн засаг гэх мэт ойлголтуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлсэн нь хоёр талын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг авчирч байна. Хятад, Монголын хооронд эдийн засаг худалдаа эрхэлдэг зарим хүмүүс Хятад, Монгол хоёр улс бизнесийн шинэлэг загварыг хөгжүүлж ‘онлайн’ интернетийн эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, боломжийг ашиглаж бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, уламжлалт анагаах ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг боломж байгааг дурдаж байна.
Хоёр. Хятад, Монголын хамтын ажиллагаанд цар тахлын учруулсан сорилт
1. Цар тахал өндөр түвшний айлчлалд нөлөөлөв.
Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцааны хөгжлийг эргэн харахад хоёр орны харилцаанд улс төрийн өндөр түвшний удирдлага чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр Хятад, Монгол хоёр тал “БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал” гаргасан нь хоёр орны харилцааг албан ёсоор ‘иж бүрэн стратегийн түншлэл’-ийн түвшинд хүргэж ахиулсан юм. Өөр нэг жишээ бол 2019 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож, БНХАУ-тай хөгжлийн бодлогоо уялдуулж хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, “Хөгжлийн зам” санаачилгыг “Бүс ба зам” стратегитай холбон, Монгол-Хятад-Оросын Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулахад хамтран ажиллахаа мэдэгдсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, олон салбарын хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, Хятад, Монголын харилцаа эрчимтэй хөгжиж байна. Гэсэн хэдий ч тахлын нөлөөгөөр хоёр орны өндөр түвшний харилцан айлчлал хязгаарлагдмал болж, удирдагчдын шууд уулзалт хийхэд хүндрэлтэй болсон. Тэд зөвхөн утсаар болон видео уулзалтаар харилцаж байгаа нь дээд түвшний харилцааны үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
2. Цар тахал худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлөв.
Халдвар гарахаас өмнө Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байв. Хятадын Худалдааны яамны 2019 оны мэдээгээр, Хятад Монголын худалдааны хэмжээ сүүлийн 10 жилд 4.5 дахин нэмэгдэж, 8.16 тэрбум ам.долларт хүрчээ. Монгол Улсын статистикийн мэдээгээр 2019 онд Монгол Улс нийт гадаад худалдааныхаа 64 хувийг БНХАУ-тай хийсэн бөгөөд үүний 93.8 хувийг БНХАУ руу хийсэн экспорт эзэлж байна. Хөрөнгө оруулалтын тухайд, 2019 онд Хятад улс Монголд 270 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 132%-иар өссөн бол БНХАУ-аас Монгол Улсад шинээр байгуулсан төслийн гэрээний үнийн дүн 4.06 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 56.4%-иар өссөн байна. Гэвч тахлын нөлөөгөөр бүх салбарын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа буурсан. Хятадын Худалдааны яамны статистик мэдээгээр 2020 онд Хятад Монголын худалдааны хэмжээ 6.36 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 18.8%-иар буурчээ. Үүний дотор Хятадаас Монгол руу хийсэн экспорт 1.62 тэрбум ам.доллар болж 11.5%-иар, Монгол Улсаас импортолсон хэмжээ 5.01 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 20.9%-иар тус тус буурч, Хятадын компаниудын Монголын нийт аж үйлдвэрт оруулсан шууд хөрөнгө оруулалт 150 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 42.7%-иар буурсан байна. Компаниудын Монгол Улсад шинээр байгуулсан төслийн гэрээ 2.39 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 41.0%-иар буурч, гүйцэтгэсэн бараа эргэлт 630 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 6.1%-иар буурсан байна. Хоёр талын худалдааны хэмжээ 2021 оны эхний хагас жилд сэргэсэн ч хөрөнгө оруулалт буурсан хэвээр байна. Түүнчлэн халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнүүд нь хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг улам хурцатгаж байна. Хэдийгээр тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага нэмэгдэж байгаа хэдий ч халдварын тархалтыг үр дүнтэй хянахгүй бол асуудлыг шийдвэрлэхэд илүү хэцүү байх болно.
Гурав. Хятад, Монгол хоёр орны хамтдаа хөгжих замыг эрэлхийлэх нь
Хятад, Монголын харилцааны хөгжил нь өдгөө хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болоод буй, түүхийн хамгийн сайн үе шатандаа байгаа бөгөөд Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх асар их нөөц боломж, орон зай байсаар байна. Цаашид олон чиглэлээр ажиллах шаардлагатай. Бид геополитикийн хязгаарлалтыг даван туулж, хамтын ажиллагааг хамтдаа эрэлхийлэх ёстой.
- Хамтын ажиллагаагаа бэхжүүлэх замаар улс орны хөгжлөө ахиулж, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх
Улсыг хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэх чиглэлээр Хятад, Монголд хамтран ажиллах орон зай их байна.
Юун түрүүнд стратегиа сайтар уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг төлөвлөх хэрэгтэй. Хятад, Монголын удирдагчид “Бүс ба зам” болон “Хөгжлийн зам” стратегиа уялдуулахаа удаа дараа нотолж, Хятад, Монгол, Орос гурван орон “Хятад улсыг бүтээн байгуулах төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Монгол-Оросын эдийн засгийн коридор” 2016 онд албан ёсоор эхлүүлж, коридор байгуулахаар болсон. Сүүлийн жилүүдэд холбогдох төлөвлөлт, бүтээн байгуулалтад ихээхэн ахиц дэвшил гарч, ялангуяа худалдааг саадгүй явуулах тал дээр “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор”-ын худалдааг хөнгөвчлөх зэрэглэл эрс дээшилсэн. Хятадын Хармөрөн, Ляонин, Жилин, Шинжаан, ӨМӨЗО зэрэг холбогдох муж орон нутгууд төлөвлөгөөний хөтөлбөрөө тус бүр гаргасан нь ихээхэн идэвхтэй байгааг харуулж байна. Цаашид Хятад, Монгол хоёр тал давуу талаа ашиглан харилцан нөхөж, ‘Бүс ба зам’ санаачилга болон Монгол Улсын ‘Хөгжлийн зам’ хөгжлийн стратегийн уялдаа холбоог улам бэхжүүлэн, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх юм. Түүнчлэн Хятад, Монгол хоёр орон одоо байгаа бүс нутгийн хамтын ажиллагааны платформыг ашиглан цаашид хамтран ажиллах боломжтой. Тухайлбал, 2019 онд Чендү хотноо болсон Хятад, Япон, Солонгосын удирдагчдын уулзалтын үеэр ‘Хятад, Япон, Солонгосын ойрын арван жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв’ тайланг танилцуулахын сацуу ‘Хятад, Япон, Өмнөд Солонгос + X улс’ хамтын ажиллагааг дэвшүүлэн, хамтарсан төлөвлөгөө гаргаж, хамтарсан арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бусад улстай хамтран ажиллах замаар бүс нутгийн хөгжлийн зөрүүг багасган, хамтдаа амжилтад хүрэх юм. Хурлаар ‘Хятад, Япон, Өмнөд Солонгос + Х улс’-ын хүрээнд эн тэргүүнд хэрэгжих боломжтой хөтөлбөрийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтад шороон шуургатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсын хамтын ажиллагааны санал болон тусгагджээ.
Хоёр дахь нь, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан уялдаа холбоог нэмэгдүүлэх явдал юм. Хятад, Монголын тээвэрлэлтийн өнөөгийн байдлаас харахад хоёр тал авто зам, агаарын тээвэр, тэр дундаа төмөр замын бүтээн байгуулалтын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх ёстой. Хятадын тал туслахад бэлэн байгаа ч хамтын ажиллагаа нь хоёр талын, тэр дундаа Монгол Улсын хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Хятадын компаниудын Монголд оруулсан хөрөнгө оруулалт болон Монголын ард түмэнд түгшүүр төрүүлсэн бусад нөхцөл байдлыг харгалзан хоёр тал хамтран ажиллаж, харилцаа холбоогоо бэхжүүлэн, Монголын тал холбогдох санал санаачилга гаргаж, хоёр тал хамтран хэлэлцээ хийх учиртай.
Гурав дахь нь, цар тахлыг үр дүнтэй хянасны үндсэн дээр боловсон хүчний солилцоо, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг ахиулж, хүмүүнлэгийн солилцооны түвшинг дээшлүүлэн, иргэдийн сэтгэгдлийг сайжруулах явдал юм. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад энэ тал дээр хамтран ажиллах боломж их байна. Хоёр тал зөвшилцөх замаар дээрээс доош ахиулах тогтсон тогтолцоог бий болгож, хоёр орны боловсон хүчний солилцоо, шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааг механизмыг байгуулж, хоёр талын хамтын ажиллагааны чин эрмэлзлийг бодитоор хэрэгжүүлэн, бодитой үр дүнд хүрэх боломжтой. Үр дүн нь хоёр орны ард түмэнд ашигтай. Үүний зэрэгцээ, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн солилцооны түвшинг дээшлүүлж, хоёр талын иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, ‘иргэд хоорондын харилцаа ойлголцол’ чиглэл рүү үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргах болно.
2. Байгаль орчныг хамгаалах хамтын ажиллагааг бэхжүүлж тогтвортой хөгжлийг дэмжих
Монгол орны экологийн орчин харьцангуй эмзэг. Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, газар нутгийн цөлжилт болон байгалийн бусад хүчин зүйлсээс гадна бэлчээрийн даац хэтэрсэн, эмх замбараагүй хөгжил зэрэг хүний хүчин зүйлээс шалтгаалж Монгол орны тэгш өндөрлөгийн экологийн орчин тодорхой хэмжээгээр сүйдэж байна. Энэ нь Зүүн хойд Азийн орнуудад янз бүрийн хэмжээгээр нөлөөлсөн. Одоогийн байдлаар Хятад, Монголын Засгийн газар байгаль орчныг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлж, холбогдох хууль тогтоомжийг баталж, шинэчлэн найруулж, хэд хэдэн үндсэн чиглэл, бодлогыг хэрэгжүүлээд байна. Хятад улс Монголын хөрш орны хувьд байгаль орчны бүтээн байгуулалтаа бэхжүүлэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалах тал дээр анхаарч, ялангуяа ашигт малтмалын олборлолт, тээвэрлэлтийн явцад Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг мөрдөж, идэвхтэй хамтран ажиллах ёстой. Монгол Улс ч мөн Хятадын туршлага, сургамжаас бүрэн суралцаж, экологийн орчныг хамгаалах хууль тогтоомж, бодлогыг идэвхтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой.
Хятадын Коммунист намын XVIII их хурлаас хойш Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг чухалчлан үзэж, олон шинэ үзэл баримтлал, шинэ санаа, шинэ стратеги дэвшүүлж, экологийн соёл иргэншлийн байгуулалтыг эрчимтэй ахиулсаар ирсэн. Экологийн соёл иргэншилтэй холбоотой тогтолцоо, механизмын бүтээн байгуулалтыг боловсронгуй болгов. Тухайлбал, 2018 онд Экологи, байгаль орчны яамыг байгуулж, экологийн болон хот, хөдөөгийн бохирдолд хяналт тавих, захиргааны хууль сахиулах, УУХҮЯ-ны чиг үүргийг жигд хэрэгжүүлэх газар , сансар огторгуйн ашиглалтын хяналт , экологийг хамгаалал, нөхөн сэргээх бүхий л үүргийг жигд гүйцэтгэх зорилготой. Мөн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор экологийн байгаль орчныг хамгаалах хяналт шалгалтыг зохион байгууллаа. Сүүлийн жилүүдэд Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын чиглэлээр асар их амжилт гаргаж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан. Хятад, Монгол хоёр хөрш хөгжиж буй орны хувьд тогтвортой хөгжилд хүрэх нэг зорилготой бөгөөд холбогдох хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Хятад-Монгол-Оросын эрчим хүчний хамтын ажиллагааДараах нийтлэл
Байгалийн хийн салбарын өрсөлдөөнСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19