Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтран ажилладаг түнш байгууллага болох БНХАУ-ын Орчин үеийн олон улс харилцааны академийн судлаачдын бичсэн өгүүүллийг орчуулан хүргэж байна.
БНХАУ-ын Орчин үеийн олон улс харилцааны академийн Еврази судлалын хүрээлэнгийн судлаач Хань Ичэнь
Сүүлийн үед эрчим хүчний асуудал халуун сэдэв болоод байгаа нь үндсэндээ хоёр хүчин зүйлээс шалтгаалж байна. Эхнийх нь энэ оны 9 дүгээр сараас хойш тахлын нөхцөл байдал тогтворжиж, эдийн засгийн сэргэлт хурдацтай явагдаж байгаа энэ үед Европ, Азийн зарим оронд хэрэглээ огцом нэмэгдэж эрчим хүчний хомсдол үүссэн. Ялангуяа Европт өвлийн хүйтэн, зуны халуун зэрэг цаг агаарын хэвийн бус нөхцлийн нөлөөгөөр цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэв. Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нийлүүлэлт хангалтгүй байснаас эрчим хүчний хомсдол нүүрлэжээ. Хоёр дахь нь НҮБ-ын Глазгоу дахь Уур амьсгалын асуудлаарх бага хурал болж өндөрлөлөө. Ширүүн маргаан тэмцлийн дараа улс орнууд хурлын эцсийн мөчид ‘Глазгоугийн уур амьсгалын конвенц’-ыг батлаж, цэвэр эрчим хүч рүү шилжих, нүүрсний хэрэглээ болон чулуужсан түлшний татаасыг аажмаар бууруулахаар тохиролцов. Эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалтай тулгарсан, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах өөрчлөлт явагдаж байгаа онцгой нөхцөлд Хятад, Монгол, Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой бөгөөд гүнзгийрүүлэн судлаж хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
1. Хятад, Монгол, Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа өөрийн гэсэн онцгой давуу талтай.
Гурван улс уул усаар холбогдсон, харилцан стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон хөршүүд бөгөөд талуудын улс төрийн итгэлцэл гүнзгийрч, түншлэлийн утга агуулга тасралтгүй баяжиж, Хятад-Орос, Монгол-Орос, Хятад-Монголын харилцаа бүгд түүхэн дэх хамгийн сайн үедээ байгаа юм. Эдийн засгийн хувьд 3 улс харилцан бие биеэ нөхсөн, хөгжлийн стратеги нь харилцан уялдсан байдаг учраас талуудын бодит хамтын ажиллагаа улам нэмэгдсээр байна. 2014 оны 9 дүгээр сард гурван улсын төрийн тэргүүн нар ‘Торгоны замын эдийн засгийн бүс’, ‘Талын зам’, ‘Евразийн эдийн засгийн холбоо’-г хооронд нь холбож, ‘Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор’-ыг бий болгох талаар нэгдсэн ойлголтод хүрсэн нь гурван улсын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шинэ түлхэц өгсөн юм.
Эрчим хүчний хамтын ажиллагаа бол гурван улсын бодит хамтын ажиллагааны хамгийн жин дарсан, хамгийн их үр дүнтэй, өргөн цар хүрээтэй, үр ашигтай салбар байсаар ирсэн. Монгол бол Хятадын эрчим хүчний импортын гол чухал эх үүсвэр болсон улс бөгөөд 2021 онд Австралийг орлож Хятадын хамгийн том коксжих нүүрсний импортлодог орон болоод байна. 10-р сарын 15-нд Хятад, Монголын ашигт малтмал, эрчим хүч, дэд бүтцийн хамтарсан зөвлөлийн гурав дахь хурал болж, талууд эрчим хүчний нөөцийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, дэд бүтцийн харилцан холболтыг урагшлуулахаар тохиролцов.
Хятад-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа бол Хятад, Оросын харилцааны тулгын чулуу юм. ОХУ Хятадын хоёр том нефтийн нийлүүлэгч улсын нэг байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд Yamal LNG төсөл болон Сибирийн хүч байгалийн хийн хоолойн төсөл ээлж дараалан хэрэгжиж, Хятадад шингэрүүлсэн байгалийн хий LNG болон байгалийн хийг албан ёсоор нийлүүлж эхэлсэн. 2021 оны 5 дугаар сард Хятад-Оросын Тяньвань (Tianwan Nuclear Power Plant) болон Шю Дабао-гийн (XDPNP) атомын цахилгаан станцын төслүүд хэрэгжиж эхлээд байна.
Товчхондоо, улс төр эдийн засгийн эрүүл харилцаа нь Хятад, Монгол, Оросын эрчим хүчний хамтын ажиллагааны бат бөх суурийг тавиад байна. Гурван улс өөр өөрсдийн давуу тал эдийн засгийн харилцан нөхөх боломжоо бүрэн ашиглаж, эрчим хүчний хамтын ажиллагааны нөөц бололцоог тасралтгүй нээж, бүс нутагт хамтын ажиллагааны үлгэр жишээ харилцааг бий болгосноор Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөх юм. Энэ нь хөрш орнуудын газарзүйн давуу тал дээр тулгуурласан төдийгүй, талуудын хөгжлийн стратегитай уялдаж байгаа бөгөөд бүс нутгийн интеграцын хөгжлийн шаардлагад нийцэж даяаршлын сорилтыг хамтдаа даван туулах, хамтын хөгжилд хүрэхэд тустай юм.
2. Хятад, Монгол, Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа нь бодитой бөгөөд зайлшгүй шинж чанартай юм.
Эрчим хүч бол улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн чухал баталгаа юм. Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орон, эрчим хүчний хамгийн том хэрэглэгч, импортлогч орон болохын хувьд эрчим хүчний тогтвортой хангамж нь үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжилтэй шууд холбогдож байдаг. Орос, Монгол улс бол эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орнууд, байгалийн баялаг нөөцөө ашиглахын тулд хөрөнгө мөнгө, дэвшилтэт технологи шаардлагатай, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлаа хангахын тулд байгалийн баялгаа борлуулах тогтвортой зах зээл хэрэгтэй. Тиймээс эрчим хүчний хамтын ажиллагаа гурван талдаа маш чухал ач холбогдолтой.
Эдүгээ олон улсад болж буй зуунд тохиох өөрчлөлт нь зуунд тохиодог тахал өвчинтэй давхцаж, дэлхийн хэв маяг, олон улсын дэг журмыг өөрчлөхөд хүргэж байгаагаас гадна уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь дэлхий нийтийн анхаарлын төвд байх халуун сэдэв болж байна. Дэлхийн эрчим хүчний шилжилт улам эрчимжиж, нүүрстөрөгч багатай хөгжил, шилжилт нь бүх улс орны нийтлэг үзэл санаа болоод байна. Дэлхийн эдийн засаг ‘бага нүүрстөрөгч’ ялгаруулалтаас ‘нүүрстөрөгчөөс ангижрах’ шилжилт рүү хурдтай чиглэж байна. Хятад, Орос зэрэг томоохон гүрнүүд нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй орон болох зорилтыг дэвшүүлээд байна. Энэ нь эрчим хүчний эрэлт нийлүүлэлтийн бүтцийг өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ байр суурийг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, чулуужсан түлш эрчим хүчний эзлэх хувийг бууруулах юм. Ингэснээр чулуужсан түлш эрчим хүч экспортлогч болон хэрэглэгч орнуудад хүчтэй цохилт нөлөө үзүүлнэ гэсэн үг. Ялангуяа чулуужсан түлш эрчим хүч экспортлогч орнуудын орлого огцом буурч, эдийн засагтаа бүтцийн өөрчлөлт хийх урт хугацааны сорилтуудтай тулгарана. Хятад, Монгол, Орос улсууд чулуужсан түлш эрчим хүчний хэрэглэгч, экспортлогч орон. Иймээс эрчим хүчний шилжилтийн асуудлаар гурван улс хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байна.
3. Хятад, Монгол, Орос улсууд нүүрстөрөгч багатай эрчим хүчний хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой.
Орос бол газрын тос, байгалийн хий, чулуужсан түлш эрчим хүчний том гүрэн. Нефть, байгалийн хийн салбар нь Оросын ДНБ-ий тавны нэгээс илүү хувийг бүрдүүлдэг. ОХУ-ын хувьд эрчим хүчний шилжилт буюу эрчим хүчний шилжилтэд зарцуулах өртөг зардлын хэмжээ нь эрчим хүчний асуудал төдийгүй эдийн засгийн хөгжлийн замыг сонгох асуудал юм. Орос улс эрчим хүчний салбараасаа хэт хараат эмзэг байдалтай байдгаа сайн мэдэж байгаа ч эдийн засгийн бүтцийн шинэчлэл өөрчлөлт хийхэд хэцүү байгаа. ОХУ-ын хувьд баялгийн экспортоо үргэлжлүүлэн хийхээс өөрөөр урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангах өөр арга зам байхгүй. Оросын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв нь байгалийн шинэ баялгийг боловсруулж, борлуулж чадах эсэхээс шууд хамаарна.
Тиймээс Орос улс нүүрстөрөгч багатай эрин үед оршин тогтнохын тулд эрчим хүчний салбараа хадгалж үлдэхийн зэрэгцээ газрын тос, байгалийн хийн аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлтийг хийж, дэлхийн нүүрстөрөгчийн ялгаралтыг тэглэх хандлагыг аль болох хойшлуулж, газрын тос, хийн гол экспортлогч их гүрний байр суурь ашиг сонирхлоо хадгална. Орос улс тогтвортой үнээр тасралтгүй нийлүүлэх гэрээг байгуулж, борлуулалтын зах зээлээ өргөжүүлэхийг хүсч байна. Үүнтэй зэрэгцэн Оросын эсрэг барууны хориг арга хэмжээ үргэлжилж, Оросын газрын тос, байгалийн хийн компаниуд технологи, хөрөнгө мөнгө авах эрх нь хязгаарлагдаж байна. Европын зах зээл аажмаар хумигдаж байгаа учраас Орос улс Европын зах зээлийг орлох өөр гарцыг хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд Хятад, Монголтой эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлснээр баруун чиглэлийн алдагдлаа нөхнө гэж үзэж байна.
Оросын стратегийн сонголт маш тодорхой.
1-рт байгалийн хийг цэвэр түлшний статустай байлгахыг зорино. Байгалийн хий нь харьцангуй цэвэр бөгөөд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийн үеийн түлш болгон ашиглаж болно. Гэсэн хэдий ч урт хугацаанд байгалийн хийн эрэлт ч мөн буурахаар байна. Ялангуяа ОХУ-ын экспортын хамгийн чухал зах зээл болох Европын улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдлыг хангах, нүүрстөрөгчийн хийг саармагжуулах чухал арга зам гэж үзэж байгаа бөгөөд ирээдүйд байгалийн хийн хэрэглээг аажмаар бууруулж, бүр бүрмөсөн хэрэглэхээ болихоор төлөвлөж байна.
2-рт, цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх. Цөмийн эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчнээс бага нүүрстөрөгч гаргадаг, сэргээгдэх эрчим хүчнээс илүү хямд, эрчим хүчний ханган нийлүүлэлт нь илүү тогтвортой байдаг. ОХУ цөмийн цахилгаан, цөмийн эрчим хүчний технологи, атомын цахилгаан станцыг экспортлогч улс болохыг зорьж байна. Гэхдээ цөмийн эрчим хүч нь нүүрстөрөгч багатай эрчим хүчний эх үүсвэр мөн эсэх нь маргаантай байдаг, Орос энэ талаарх улс орнуудын ойлголтыг өөрчлөхийг хичээж байна.
3-рт устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх. ОХУ байгалийн хий, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан устөрөгч үйлдвэрлэж, дэлхийн устөрөгчийн эрчим хүчний зах зээлийн 20 хувийг эзэлж, эрчим хүчний их гүрний байр сууриа бэхжүүлэхийг зорьж байна. Үүний зэрэгцээ өөрийн улсын эдийн засаг эрчим хүчний салбар дахь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахаар ажиллаж байна.
4-рт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх. ОХУ-д ус, салхи, нарны эрчим хүч, далайн түрлэгийн эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц боломжтой ч энэ чиглэлээр нөөц бололцоогоо ашиглах талаар хангалтгүй байгаа.
Монгол Улс нүүрс, газрын тосны арвин нөөцтэй, эрчим хүчний ашигт малтмал нь эдийн засгийн гол тулгуур багана болдог. Үүний зэрэгцээ Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа орны нэг юм. Цөлжилт нэмэгдэж, агаарын температурын өсөлт дэлхийн дунджаас хамаагүй өндөр байна. Элсэн шуурга, цасан шуурга зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүд ойр ойрхон болж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг арилгах, эрчим хүч, эдийн засгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
Хятад улс чулуужсан эрчим хүчний гол хэрэглэгч улс, Хятад улс эдийн засгийн өсөлтөө хадгалахын зэрэгцээ нүүрстөрөгч бага ялгаруулдаг шилжилтийг хэрэгжүүлж нүүрстөрөгчийн ялгаруулалтыг тэглэх түүхэн амлалтаа биелүүлэх хэрэгтэй.
Тиймээс Хятад, Монгол, Орос улс нүүрстөрөгчийн бага ялгаруулалттай хөгжил руу шилжих сорилтттой тулгарч байна. Үүний хариулт нь эрчим хүчний аюулгүй байдлаа хангахдаа давхар нүүрстөрөгчийн ялгаруулалтаа бууруулж, аюулгүйгээр нүүрстөрөгчийн ялгаралтыг тэглэхэд чиглэсэн нүүрстөрөгч багатай хөгжлийн прагматик стратегийг боловсруулах явдал гэж би бодож байна.
Хэдийгээр хүндхэн сорилттой тулгарч байгаа ч хүндрэл дунд үргэлж боломж байдаг. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж байгаа эрин үед Хятад, Монгол, Оросын эрчим хүчний салбарт хамтран ажиллах асар их боломж байна. Гурван улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах, ногоон хөгжил гэсэн зарчмын дор ногоон хөгжлийн шилжилтийг хамтран судлах хэрэгтэй. Би эрчим хүчний хамтын ажиллагааны талаар дөрвөн санал хэлмээр байна.
Нэгдүгээрт, эрчим хүчний аюулгүй байдлыг хамтран хамгаалж, эрчим хүчний тогтвортой нийлүүлэлтийг хангана. Сүүлийн үед Европт эрчим хүчний хомсдол үүсч байгаа нь эрс өөрчлөлтийг огцом хийж болохгүй дахин нотлон харуулж байна. Чулуужсан түлш эрчим хүчний хэрэглээг огцом зогсоох нь ард иргэдийн хэвийн амьдралд шууд нөлөөлнө, тиймээс чулуужсан түлшний хэрэглээг аажмаар багасгахын тулд шат дараалсан бодлого алхамуудыг хийх хэрэгтэй. Түүнчлэн одоогийн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх технологи төгс бус хэвээр байгаа бөгөөд бусад эрчим хүчний эх үүсвэрийн дэмжлэг шаардагдаж байна. Нүүрстөрөгч бага ялгаруулах эрин үед чулуужсан эрчим хүчийг цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэрээс найдвартай цахилгаанаар хангадаг яаралтай үед асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг нөөц хэрэглүүр болгон ашиглах бөгөөд цахилгаан эрчим хүчний бүтцийн шилжилтэнд сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт тогтворгүй байдаг, нөөцөлж хадгалахад хүндрэлтэй байдаг асуудлыг чулуужсан эрчим хүчийг ашиглаж шийдвэрлэнэ гэсэн үг юм.
Гурван улс хөрш зэргэлдээ оршдог нь эрчим хүчний найдвартай дэд бүтцийг бий болгоход дөхөм болгож байна. Гурван талын давуу тал, хэрэгцээг бүрэн гаргаж ашиглан, Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалтыг ахиулж, эрчим хүчний системийн аюулгүй байдал үр ашгийг хамтдаа дээшлүүлэн, хил дамнасан ложистик, тээврийн чадавхыг сайжруулж, эрчим хүчний хангамжийн жигд, аюулгүй сүлжээг ханган, үнийн хэлбэлзэлийг бууруулах, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлын нэгдсэн цогцолборыг бий болгон, хамтдаа эрчим хүчний тогтвортой байдлыг хангаж, аюул эрсдэлгүйгээр эрчим хүчний шилжилтийг хийснээр нүүрстөрөгчийн хийн ялгаралтыг бууруулна.
Ойрын хугацаанд зохих хэмжээгээр чанар сайтай нүүрсний худалдааг нэмэгдүүлэн, аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмаар хамтран ажиллахыг дэмжиж, хэтдээ боломжийн, тогтвортой үнээр жигд, аюулгүй эрчим хүчний хангамжийн сүлжээг хангах боломжтой. Үүний зэрэгцээ нүүрс, газрын тос зэрэг чулуужсан эрчим хүчийг цэвэр, үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг хянах зорилгоор цэвэр эрчим хүчний технологийг идэвхтэй хөгжүүлэх ёстой. Ногоон байгальд ээлтэй төслүүдийг түлхүү дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, экологийн орчныг хамгаалах, шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Монголоор дамжин Хятадад байгалийн хий нийлүүлэх Сибирийн хүч-2 хоолойг барих ажлыг түргэтгэх. Орос улс сүүлийн хоёр жилийн хугацаанд Арктик болон Алс Дорнод дахь газрын тос, байгалийн хий, LNG зэрэг нөөц баялгийнхаа бүтээн байгуулалтыг эрс нэмэгдүүлсэн бөгөөд нүүрстөрөгчийн хийг саармагжуулахаас өмнө нөөцөө борлуулахыг зорьж байна. Гэсэн хэдий ч Оросын уламжлалт түнш Европын холбоо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний хувьд хамгийн хурдан шилжиж байна. ОХУ-ын экспортын орлого буурахад Хятад, Монгол зэрэг азийн орнууд тэнцвэрийг хадгалах чухал зах зээл юм.
Хятад, Монгол хоёр орны хувьд байгалийн хий нь харьцангуй цэвэр, нүүрстөрөгч бага ялгаруулах тул шилжилтийн үеийн хамгийн тохиромжтой түлш бөгөөд нүүрстөрөгч багатай шилжилтийг хийж, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад тустай. Тиймээс гурван тал байгалийн хийн хамтын ажиллагааны талаар нэгдмэл ашиг сонирхолтой байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2020 оны 3 дугаар сард “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан баруун Хятад руу тээвэрлэх, жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх төлөвлөгөөг баталсан. Энэ хоолойны Монгол улсын хил доторх хэсэг нь “Союз Восток” юм. 2021 оны 1 дүгээр сард Монгол Улсад “шугам хоолойн ТЭЗҮ”-ийг гүйцэтгэх компани байгуулагдаж, 4 дүгээр сард хийн шугам барих төслийн ТЭЗҮ (ТЭЗҮ)-ийг баталсан. Саяхан Монгол Улсын Шадар сайд 2024 онд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хийн нийлүүлэх 960 км урт хийн хоолой Монголоор дамжин баригдаж эхэлнэ гэж мэдэгдсэн. Шугам хоолойн бүтээн байгуулалтын ажлыг улам хурдасгах ч боломжтой.
Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх. Хятад, Монгол, Орос улсууд бүгдээрээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх давуу талтай. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч юм. Ус, салхи, нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хуримтлуулах суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт ордог. Дэлхийн зах зээл дээрх нарны фотоэлектрик PV хавтангийн 70 гаруй хувийг нийлүүлдэг. Ногоон устөрөгчийн (сэргээгдэх эрчим хүчнээс устөрөгчийн үйлдвэрлэл) үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Үүний зэрэгцээ БНХАУ-ын шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадлын 20 шахам хувь нь ӨМӨЗО-д байрладаг бөгөөд 2018 оноос Монголд шингэрүүлсэн хий нийлүүлж эхэлсэн. Монгол Улсын эрчим хүчний үйлдвэрлэлд дулааны эрчим хүч давамгайлсан хэвээр байна, гэвч цаашдаа нар, салхины эрчим хүчний нөөц боломжоо хөгжүүлэх шаардлагатай байна. ОХУ-д усан цахилгаан станц, нар, салхины эрчим хүчний асар их нөөц байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд нь гол төлөв зүүн бүс нутагтаа байрладаг. ОХУ-ын зүүн хэсэг өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй, эрчим хүчний хэрэглээний гол төв бүс нутаг биш болохоор экспортлох боломжтой. Зүүн хэсэг нь Хятад, Монгол хоёртой ойрхон. Цаашид Ази Номхон далайн орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох усан цахилгаан станцыг хөгжүүлэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлснээр эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцийг бохирдолгүй ногоон болгох юм.
Дөрөвдүгээрт, хүчний хамтын ажиллагааг бэхжүүлэх. Хятад, Монгол, Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа дэд бүтэц дамжуулах хүчин чадлаараа хязгаарлагддаг. Цаашид Хятадын зүүн хойд бүс нутгууд Монгол, ОХУ-ын зэргэлдээ бүс нутагтай эрчим хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, ногоон эрчим хүчний хөгжлийг хамтдаа урагшлуулж, цахилгаан станц, цахилгаан сүлжээний байгууламж барихад хамтран ажиллах, цахилгаан дамжуулах хүчин чадлыг өргөтгөх, Хилийн болон бүс нутаг дамнасан нөөцийн хуваарилалтыг сайжруулах, хөрш зэргэлдээ бүс нутгуудын харилцаа уялдаа холбоог гүнзгийрүүлэх, Монгол, Оросын ногоон эрчим хүчийг Хятадын хэрэглээний төвүүдтэй холбох боломжтой.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23