ХКН-ын Төв хорооны VI Бүгд хурал : Өнгөрсөн зууны дүгнэлт, шинэ зууны оршил
2021-11-12
2021 оны 11 дүгээр сарын 8-11-нд Хятадын Коммунист намын Төв хорооны VI Бүгд хурал хуралдаж, “Намын 100 жилийн тэмцлийн амжилт ба түүхэн туршлагын тухай тогтоол” болон “ХКН-ын ХХ их хурлыг хуралдуулах тухай тогтоол”-ыг хэлэлцэж баталсан билээ. Энэ Бүгд хурал нь 2022 оны 10 дугаар сард хуралдах ХКН-ын ХX их хурлаас өмнө хуралдах XIX их хурлын сүүлчийн дээд түвшний хурал бөгөөд ялангуяа намын түүхийг дүгнэж байгаа 3 дахь тохиолдол гэдгээрээ онцлог юм.
Бүгд хурлаар ХКН-ын түүхийг дүгнэсэн өмнөх туршлагууд
Өмнө нь 1945 онд Мао Зэдун, 1981 онд Дэн Сяопин нар намын түүхийг дүгнэх Бүгд хурлыг хийж байсан бөгөөд энэ удаа намын түүхийг дүгнэх 3 дахь мөчлөг болж байна.
ХКН-ын түүхийг дүгнэсэн анхны дүгнэлт
1945 онд Дэлхийн II дайн дуусч, Хятадын хувьд үндсэн заналхийлэх аюул болсон Японы түрэмгийлэл дууссанаар тус улс төдийгүй ХКН шинэ үед шилжсэн юм. Тиймээс Мао Зэдун дайны ялалт тодорхой болсон 1944 оноос Лю Шаоци, Жоу Эньлай, Кан Шэн, Жан Вэньтянь нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж, ХКН-ын түүхийн дүгнэлт боловсруулж эхэлжээ.
Тус дүгнэлтээр олон улсын коммунист ажилчны хөдөлгөөн, ЗХУ-ын дэмжлэгээр ХКН байгуулагдаж, Хятадын ажилчин тариачны давхаргыг манлайлсан боловч баруунтан, зүүнтэн, империалистуудын тагнуул зэрэг олон сорилтыг даван туулсан, ХКН өөрийн үндсэн үзэл суртал дээрээ тууштай зогсч, бүх дэлхийн фашизм, нацизм, империализмыг эсэргүүцсэн тэмцэлд амжилттай оролцсон, цаашид ажилчин тариачны давхаргыг манлайлах тэмцлийн шинэ үе шат ирээд байна гэж дүгнэжээ.
Улмаар Мао Зэдун 1945 оны 4 дүгээр сард ХКН-ын Төв Хорооны VII Бүгд хурлаар “Намын түүхийн дүгнэлтийн тогтоол”-ыг батлуулжээ.
ХКН-ын 60 жилийн түүхийг дүгнэсэн хоёрдахь дүгнэлт
1979 онд Мао Зэдун нас нөгчиж, Соёлын хувьсгал өндөрлөн, ХКН шинэ үед шилжин орж байсан болохоор намын түүхийг дүгнэх шаардлагатай байжээ. 1979 оны 10 дугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны 30 жилийн ойгоор БХАТИХ-ын дарга, маршал Е Зяньжин 30 жилийн түүхэн замналыг дүгнэх илтгэл тавьсан нь энэ ажлын эхлэл болсон юм. Энэ илтгэлийг Ху Чяому тэргүүтэй 20 хүн боловсруулсан бөгөөд 1949 оноос хойших түүхэнд нийтэд нь эерэг дүгнэлт өгч, мөн Хятадууд биечлэн туулсан Их үсрэлт, Соёлын хувьсгалын гэм бурууг анх удаа хүлээн зөвшөөрч, ХКН-ын удирдлагаар хэрэгжих ирээдүйн шинэ чиг шугамыг тодорхойлжээ.
Улмаар тухайн үед Хятадын удирдагчаар тодорч байсан Дэн Сяопин ХКН-ын түүхийг дүгнэх ажлын хэсгийг шинэчлэгч үзэлтэн Ху Яаобанаар ахлуулж, хуучинсаг үзэлтэн Дэн Лицунь, Ху Чяому хоёрыг орлогч болгосон юм. Тогтоолын төсөл боловсруулах нэг жил гаруй хугацаанд Дэн Сяопин 15 удаа биечлэн зааварчилгаа өгчээ.
ХКН-ын түүхийн дүгнэлтийн тогтоолын төслийн эцсийн эхийг Улс төрийн товчоо баталсны дараа нэгдсэн зөвшилцөл, хэлэлцүүлэгт хүргэхийн тулд 1980 оны 10 дугаар сарын 12-нд 4000 гаруй намын дээд түвшний албан тушаалтнуудад хүргүүлж, намын дээд шатны 5600 гишүүн, Намын дээд сургуулийн 1500 оюутныг оролцуулан хэлэлцүүлж, тэдний саналыг авчээ. Улмаар тэдний саналуудыг нэгтгэж, Улс төрийн товчооны үзэл баримтлалд нийцүүлэн, тогтоолын төсөлд тун товчхон тусгажээ. Учир нь Соёлын хувьсгалын дараа тэд өнгөрснийг үгүйсгэсэн, гомдсон зэрэг шүүмжлэлт бодол санаагаа радикал байдлаар илэрхийлж байв.
Энэхүү тогтоолын төсөлд Мао Зэдуныг намын зүгээс шүүмжилвэл туйлшрал, зөрчилт байдалд оруулж, ХКН-ын эрх баригч байр суурийг ганхуулах эрсдэлтэй хэмээн болгоомжилж байжээ. Тиймээс Дэн Сяопин тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийнхэнд “Мао Зэдуны алдааны тухай бичихдээ хэтрүүлж болохгүй. Хэрэв тэгвэл бид нөхөр Мао Зэдунг гутаах, улмаар нам, төрийнхөө нэр хүндийг гутаах болно… Мао Зэдуны үзэл санаа, түүний түүхэн үүргийг нааштай үнэлэх, практик бол үнэний шалгуур зарчимд үндэслэн Соёлын хувьсгалын үеийн Мао Зэдуны алдаа бурууг ил тод шүүмжлэх, ард түмэн нэгдэх, ирээдүйд тэмүүлэхэд нь дэм болохуйц ерөнхий дүгнэлт гаргах” чиглэл өгсөн байна.
1981 оны 5 дугаар сард Улс төрийн товчооны өргөтгөсөн хурлаар 70 гаруй албан тушаалтныг урьж, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд 1981 оны 6 дугаар сарын 27-нд Намын Төв хорооны VI Бүгд хурлаар батлагджээ. Улмаар 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс ХКН-ын түүхийн дүгнэлтийн тогтоолыг Хятад даяар сурталчилж эхэлсэн нь ХКН байгуулагдсаны 60 жилийн ойтой давхцсан билээ. Ийнхүү 1981 онд Дэн Сяопины удирдлагаар намын 60 жилийн түүхийг дүгнэж, 1949-1981 онд Мао Зэдуны засаглалын жилүүдэд өрнөсөн Их үсрэлт, Соёлын хувьсгал, Хүйтэн дайны гадаад бодлогын асуудалд шүүмжлэлтэй хандсан билээ. Тэгэхдээ Хятадын онцлогтой социализм байгуулах, социалист зах зээлийн эдийн засгийн бодлогыг үндсэн зорилт болгож дэвшүүлсэн байдаг.
ХКН-ын 100 жилийн түүхийг дүгнэх түүхэн шаардлага, бодит хэрэгцээ
2021 онд ХКН-ын 100 жилийн ой болон Иж бүрэн чинээлэг, хөгжингүй социалист нийгэм байгуулах хоёр 100 жилийн зорилтын эхний зорилтыг биелүүлсэн жил тохиож байна. Тиймээс НТХ-ны VI Бүгд хурлаар намын 1921-2021 он хүртэлх 100 жилийн түүхийг дүгнэх нь зохистой төдийгүй гарцаагүй шаардлагатай гэж үзжээ.
Энэ удаа намын 100 жилийн түүхийг дүгнэхэд, 1978 оноос хэрэгжсэн Өөрчлөлт шинэчлэлт нээлттэй хаалганы бодлого, 1989 оны Тяньаньмэний бослого, 2012 оноос эхлүүлсэн Авлигын эсрэг тэмцэл, 2017 оноос эхэлсэн Хятад-Америкийн сөргөлдөөн, 2013 оноос эхлүүлсэн глобал шинж чанартай “Бүс ба Зам” хөтөлбөр, 2019 оноос эрчимжсэн Хонконгийн асуудал, 2020 оноос эхэлсэн Ковид-19 цар тахал, ялангуяа 2021 оноос эрс хурцадсан Тайваний асуудал зэрэг намын дотоод хүрээнд хүртэл санал зөрөлдөөнтэй байдаг олон ээдрээ маргаантай асуудлыг дүгнэх сорилттой тулгарсан билээ.
1981 оны намын түүхийн дүгнэлт нь Мао Зэдун нас нөгчсөний дараа нийгмийн бухимдлыг намжаах, шинэ цаг үеийн зорилтод нийцүүлж байсан бол 2021 оны намын түүхийн дүгнэлт нь глобал даяаршлын нийгэмд мэдээллийн олон урсгалд дассан шинэ үеийнхэнд итгэл үнэмшил хангалттай төрүүлэхүйц байх шаардлагатай тулгарсан юм.
VI Бүгд хурлын дүгнэлт
2021 оны 10 дугаар сарын 18-нд Улс төрийн товчооны өргөтгөсөн хуралдаанаар “Намын 100 жилийн тэмцлийн амжилт ба түүхэн туршлагын тухай тогтоол”-ын төслийг хэлэлцэж, олон салбарын олон төлөөллийн саналыг тусгаж, эцсийн засвар өөрчлөлтүүдийг хийсэн юм.
VI Бүгд хурлаар баталсан энэхүү тогтоол нь ХКН-ын 100 жилийн түүхийг нарийвчлан хөндсөнгүй, харин Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализм болон Хятад үндэстнийг агуу ихээр сэргээн мандуулах Хятад мөрөөдөл гэдэг үндсэн 2 концепцид нийцүүлж, ирээдүйн зорилтод төвлөрчээ.
- Ши Жиньпин төвтэй Намын Төв хороо хүнд хэцүү нөхцөл байдал, ээдрээтэй асуудлуудтай тулгарсан ч Хятад үндэстний агуу их сэргэн мандлын стратегийг уялдуулан зохицуулах,
- Нэгэн зууны турш ард түмнээ манлайлж, агуу үйлсийн төлөө тэмцэн эрхэм нандин туршлага хуримтлуулсан ХКН-ын үзэл баримтлалыг дээдлэх,
- Ард түмэн төвтэй байж, онолын шинийг санаачлан, намын бие даасан байдал, Хятадын онцлогтой хөгжлийн замнал, инноавац, итгэл зориг, нэгдмэл фронт, өөрчлөлт шинэчлэл зэрэг олон талын туршлагыг үргэлжлүүлэх,
- Эдгээр ололтоо тууштай хадгалж, шинэ цаг эринд улам баяжуулан хөгжүүлэх,
- Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санааг төгөлдөржүүлэх зорилт зэрэг олон талт боловч нэг зорилтод төвлөрсөн үзэл санааг дэвшүүлжээ.
2021 оны 8 дугаар сарын 31-нд хуралдсан Улс төрийн товчооны хуралдаанаар VI Бүгд хурлын ач холбогдлыг тайлбарлахдаа, “…намын 100 жилийн тэмцлийн ололт амжилт, түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэх нь улс төр, олон нийтийн үндсэн ухамсар ойлголтыг дээшлүүлж, бидний сонгосон хөгжлийн зам, онол, тогтолцоо, соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлж, улмаар Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдсан Намын Төв хорооны манлайлал, нийт намын нийгмийг тэргүүлэх байр суурь, Намын Төв хорооны төвлөрсөн, нэгдмэл байр суурийг хамгаалж, нийт намын эв нэгдэл, урагшлах хөгжлийг хангах болно” гэж дүгнэжээ.
Барууны судлаачдын дүгнэлт
АНУ-ын Брүүкингс институтын судлаачдын дүгнэснээр, тус Бүгд хурал нь өнгөрсөн 100 жилийн түүхийг дүгнэхдээ хамгийн гол нь Ши Жиньпинийг 2022 онд нам, төрийн тэргүүнээр 3 дахь удаа сонгогдох түүхэн үндэслэл, шалтгааныг тодорхойлж, намын дээд байгууллагын хамтын шийдвэрээр баталгаажуулах нь тодорхой билээ.
Учир нь 2018 онд Ши Жиньпин нам, төрийн тэргүүнээр 2 удаа сонгогддог шийдвэрийг цуцалж, хугацаагүй болгосон. 2022 онд болох намын XX их хурал, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын чуулганаас өмнө түүнийг яагаад 3 дахь удаагаа сонгох ёстой болохыг итгэл үнэмшилтэйгээр тайлбарлах үндэслэл нэн шаардлагатай болно. Түүнийг хууль зүйн үүднээс тайлбарлах нь намын дээд удирдлага, цаашлаад нийт ард иргэдэд итгэл үнэмшил төрүүлэхгүй бөгөөд гагцхүү түүхийн үүднээс тайлбарлах гарц үлдсэн юм.
Түүхэнд үе үеийн их хурлаас сонгогдсон ХКН-ын Төв хорооны VI Бүгд хурлуудаас 1938 онд хуралдсан VI Бүгд хурал Мао Зэдуныг намын удирдагчаар сонгон, түүний засаглалыг эхлүүлсэн бол 1981 онд хуралдсан VI Бүгд хурлаар Дэн Сяопиний эрин үе эхэлсэн юм. Түүхийн энэ ой санамж нь 2021 оны VI Бүгд хурлын үндсэн зорилготой нийцэх төлөвтэй байна гэжээ.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ОХУ-ын эрчим хүчний бодлого ба Монгол Улс IIДараах нийтлэл
Хятад-Монгол-Оросын эрчим хүчний хамтын ажиллагааСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23