Терроризмын аюул занал ба Монгол Улс /төгсгөл/

2021-09-03

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/09/1-3.jpg

Эхлэл өмнөх дугаарт

Судалгаанд хамрагдагчдын хүн ам зүйн үзүүлэлтүүд

Судалгаанд оролцогчдын 198 буюу 61.87% нь Улаанбаатар, 37 буюу 11.56% нь Эрдэнэт, 39 буюу 12.18% нь Дархан, 21 буюу 6.56% нь Өлгий, 25 буюу 7.81% нь Баруун Урт хотоос хамрагдсан. Насны байдлын хувьд 21-50 буюу оролцогчдын насны дундаж 35.5 (N320), хүйсийн харьцаа 80.9 (эрэгтэй) vs 19.1 (эмэгтэй), 75.6% нь гэр бүлтэй байв. Оролцогчдын 33.7% нь 1-5, 30.74% нь 6-10, 36.19% нь 11 буюу түүнээс дээш жил үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий болон онцгой байдлын байгууллагад ажилласан ажлын туршлагатай алба хаагчид байсан. Судалгаанд оролцогчдыг байгууллагаар нь авч үзэхэд (Хүснэгт 1.3) 19.9% нь Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн багш нар байлаа.

Хүснэгт 3. Судалгаанд оролцогчдын эзлэх хувь байгууллагаар

N=320

Судалгааны дүн

1. Терроризмын талаарх ойлголт

Терроризмын талаарх ерөнхий ойлголтын талаар олж таних нь урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ, терроризмтэй тэмцэх ажиллагаа болон сургалт бэлтгэлийн чиглэл, цар хүрээг тогтоох, тооцоолоход чухал суурь өгөгдөл болдог. Та терроризмын талаар мэдлэгтэй юу? гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 16.9% (N54) нь терроризмын талаар сайн мэддэг, 46.2% (N148) нь мэддэг, 24.1% (N78) нь бага хэмжээний ойлголттой, 12.8% (N40) нь ямар нэг ойлголтгүй гэж хариулсан. Энэхүү үзүүлэлт нь терроризмын талаарх мэдлэгийн ерөнхий хувь хэмжээг үзүүлж байх тул илүү тодорхой ойлголт авах зорилгоор огтолцлын шинжилгээг байгууллага (Хүснэгт 2.1), ажилласан жилийн (Хүснэгт 2.2) хамаарлаар нарийвчлан (ρ<.05, and ρ<.1) авч үзлээ.

Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын 65.1%, Тагнуулын байгууллагын алба хаагчдын 58.8%, Цагдаагийн байгууллагын алба хаагчдын 68.4% нь терроризмын талаар маш сайн буюу сайн мэдлэгтэй (Хүснэгт 2.1) гэж мэдээлсэн бол нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын 65.1%, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын 48.2% нь терроризмын талаар маш сайн буюу сайн мэдлэгтэйг илэрхийлжээ. Харин ДХИС-ийн эрдэмтэн багш нарын 67.1% нь терроризмын талаар нилээд өндөр мэдлэг мэдээлэлтэй гэж үнэлэгдсэн. Судалгаанд оролцогчдын терроризмын талаарх мэдлэг нь албан ажлын онцлог, гүйцэтгэх үүрэг чиглэлээс хамааран харилцан адилгүй байгаа нь судалгаанаас ажиглагдаж байна.

<Хүснэгт 2.1> Терроризмын талаарх ойлголт*Байгууллага огтолцлын шинжилгээ

Χ2=24.961 D.F.=12 SIG=.015

Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын терроризмын талаарх мэдлэгийн түвшинг зөв олж танихад алба хаасан хугацаа, ажлын туршлагын мэдээлэл нь чухал илэрхийлэл болдог. Судалгаанд оролцогчдын ажилласан жилийн байдлаар тэдний терроризмын талаарх мэдлэгийн түвшинг тодорхойлон үзэхэд 11 жилээс дээш ажилласан алба хаагчид (75%) илүү мэдлэг, мэдээлэл, ур чадвартай болох нь ажиглагдсан. Харин 0-5 жил ажилласан алба хаагчдын 57.5%, 6-10 жил ажилласан алба хаагчдын 55.1% нь маш сайн буюу сайн мэдлэгтэй гэж мэдээлснээс үзвэл 5 дээш жил ажиллаж байгаа алба хаагдын дунд явуулах албаны сургалт, бэлтгэлийн ажлыг түлхүү анхаарах шаардлагатай байна гэж үзэхэд хүргэлээ.

<Хүснэгт 2.2> Терроризмын талаарх ойлголт*Ажилласан жил огтолцлын шинжилгээ

Χ2=21.456 D.F.=6 SIG=.002

2. Терроризмын аюул, заналын талаарх ойлголт

Терроризм нь үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхолд ноцтой аюул учруулдаг нийгмийн сөрөг хүчин зүйлийн нэг хэмээн олон улсын туршлага сургамжладаг.  Иймээс терроризм нь ямар ч төрөл хэлбэр, арга замаар илрэхээс үл хамааран хүн төрөлхтний эсрэг явуулж буй гэмт үйлдэл гэдэг нь тодорхой бөгөөд улс орон, үндэсний аюулгүй байдлын бүх түвшинд аюул учруулдаг нь онол, практикт тодорхой тэмдэглэгдээд байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид терроризмын аюул, заналын талаар ямар байр суурьтай байгааг тандан судлахад (Хүснэгт 2.3) судалгаанд оролцогчдын 89.4%, (N=286) нь терроризмын аюул, заналын түвшинг өндөр гэж мэдээлсэн бөгөөд 3.7% (N=12) маш бага буюу бага гэж үзсэн байна. Эндээс үзвэл алба хаагчдын дунд терроризмын аюул, занал, хор уршгийн талаар хангалттай ойлголтгүй хэсэг байгаа нь харагдаж байна.

<Хүснэгт 2.3> Терроризм аюул, заналын түвшин

Терроризмын аюул заналХариулт (тоо/хувь)
маш их172 (53.8)
их114 (35.6)
дундаж22 (6.9)
бага9 (2.8)
маш бага3 (0.9)
N=320

Терроризмын аюул, заналын түвшинг тодорхойлсон байдлыг нарийвчлан судлах зорилгоор огтолцлын шинжилгээг албанд орсон жилтэй уялдуулан хийв. (Хүснэгт 2.4). Нийт оролцогчид терроризмын аюул, заналын түвшинг өндөр гэж илэрхийлсэн байх боловч 2008-2015 онуудад төрийн тусгай албанд орсон алба хаагчид илүү итгэлтэйгээр 91.3% (N137) маш их буюу их гэж илэрхийлсэн. Түүнчлэн 2000-2007 онуудад ажлын гараагаа эхлэгчдийн дунд терроризмын аюул, заналын түвшинг бага буюу маш бага 13.2% (5) гэж үзэх хандлага ажиглагдсан. Иймээс судалгаанд хамрагдсан хүрээн дэх 2000-2007 онуудад ажлын гараагаа эхэлсэн төрийн тусгай алба хаагчдад терроризмтой тэмцэх чиглэлийн мэргэжлийн дадлага, бэлтгэл сургалт шаардлагатай байна гэж үзлээ.

<Хүснэгт 2.4> Терроризмын аюул, занал *Албанд орсон жил огтолцлын шинжилгээ

Χ2=15.736 D.F.=8 SIG=.046

3. Терроризмтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд баримтлах бодлого, чиглэлийн талаарх ойлголт

         Терроризмтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үүрэг биш бөгөөд энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг маш чухал юм. Терроризмтой тэмцэж буй олон улсын туршлагаас харахад аливаа улсын гадаад, дотоод харилцаа, нягт хамтын ажиллагааг илүүд чухалчлах болоод байна. Дэлхийн улс орнууд төрөл бүрийн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас Олон нийтэд түшиглэх бодлого (Community Oriented Policing), Мэдээлэл, гүйцэтгэх ажиллагаанд тулгуурлах бодлого (Intellegence Led Policing)-ыг түлхүү ашиглаж байна. Бодлого гэх ойлголт нь зорилго, чиглэл, арга хэрэгсэл, үзэл баримтлал бүхий цогц ажиллагааг хэлдэг. Ялангуяа иргэдийн хамтын ажиллагаа (Collective Efficacy), олон нийтийн албан болон албан бус хяналт (Community Formal and Informal Control)-ын онолд суурилсан Олон нийтэд түшиглэх бодлогыг хамгийн үр дүнтэйд үзэж амьдралд хэрэгжүүлэн ажиллах болсон. Олон нийтэд түшиглэх бодлого гэдэг нь “нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн гэмт хэргээс айх айдсыг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааны арга, стратегийн философи”-ийн тухай ойлголт юм. Терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах бодлого нь эрсдлийг бууруулахад хэр чухал гэж та үздэг вэ? гэсэн асуултад (Хүснэгт 2.5) судалгаанд оролцогчдын 289 буюу 90.3% нь чухал шаардлагатай гэж хариулсан байна.

<Хүснэгт 2.5> Терроризмын эрсдлийг бууруулахад баримтлах бодлого, чиглэлийн ач холбогдол

Бодлого, чиглэлийн ач холбогдолХариулт (тоо/хувь)
маш чухал126 (39.38)
чухал163 (50.94)
бага зэрэг чухал21 (6.56)
чухал биш2 (0.62)
мэдэхгүй8 (2.5)
N=320

Терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд баримтлах бодлого, чиглэлийн ач холбогдлыг (Хүснэгт 2.6) тодорхойлох хяналтын өгөгдөхүүнээс оролцогчдын насны байдал чухал илтгэгч болох тул огтолцлын шинжилгээнд насыг оролцуулан шинжилсэн. Энэхүү судалгаанд оролцогчдын насны байдал 21-50 байсан бөгөөд оролцогчдын насны дундаж 35.5 (N320) байв.

<Хүснэгт 2.6> Бодлого, чиглэлийн ач холбогдол*Нас огтолцлын шинжилгээ

Χ2=26.218 D.F.=12 SIG=.010

Хүснэгт 2.6-д харуулснаар 30 хүртэлх насны оролцогчдын 91.4%, 31-39 насны оролцогчдын 90.1%, 40-49 насны оролцогчдын  89.4% нь маш чухал буюу чухал ач холбогдолтой гэж мэдээлсэн байна. Харин 40-49 насны оролцогчдоос чухал биш, мэдэхгүй гэсэн сонголтыг хийгээгүй нь энэ насны алба хаагчдын ажлын туршлага, албанд хандах хандлага өндөр байгааг харуулж байна. Энэ талын мэдлэг, мэдээлэл төдийлөн хангалттай байхгүй талаар 30 хүртэлх (2.9%) болон 31-39 (2.3%) насны бүлгийн оролцогчид мэдээлсэн байх тул энэ насныханд илүү анхаарал хандуулан ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Харин 50 ба түүнээс дээш насны оролцогчдын тоо бага байх тул гарсан дүнг бодитой гэж үзэх нь учир дутагдалтай юм.

Цаашид терроризмын талаар судалгааг өргөжүүлж илүү чухал ач холбогдолтой, судлах шаардлагатай зарим асуудлуудад анхаарал хандуулах нь зүйтэй. Үүнд: 1) террорист  ажиллагаанд нийгмийн тодорхой бүлэг татагдах нөхцөл байдал; 2) ёс зүйтэй, хуулийг сайн дагаж мөрддөг хүмүүсийг аюултай үйлдэл хийхэд хүргэдэг ёс суртахуун, ухамсрын өөрчлөлтийн үйл явц; 3) террористууд өөрсдийн байгууллагынхаа нэгдлийг хэрхэн хангаж, ажиллаж байна; 4) нийгмээс терроризмын нөлөөг үгүй хийснээр террорист байгууллагыг зорилгогүй, үр дүнгүй болгож чадах уу зэрэг болно.

Эдгээр судалгаа яагаад чухал вэ? Учир нь аливаа аюул заналын эсрэг арга хэмжээ авна гэдэг нь тухайн аюул заналыг зөв тодорхойлохоос эхэлнэ. Харин аюул заналыг зөв тодорхойлсноор түүнээс урьдчилан сэргийлэх арга ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой юм.

Хил хязгааргүй занал бодитойгоор хаяанд ирсэн энэ цаг үед энэхүү судалгааг хүн амын өргөн давхрагын хүрээнд үргэлжлүүлэн явуулж, дүгнэлт хийн, зөвлөмж гаргах, болзошгүй аюул заналыг таньж мэдэх, террорист халдлагад өртсөн бусад орнуудын гашуун туршлагыг давтахгүй байх зорилго бүхий үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж гэр бүл, сургуулийн наснаас эхлэн өргөн хүрээнд соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулж, терроризмыг үл тэвчих үзлийг суулгах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх зохион байгуулалтын ажилтай хослон явуулах бодит шаардлага үүсч байна. Нөгөөтэйгүүр Олон улсын мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгуулага болох /FATF/-аас манай улсыг ийм төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй орны жагсаалтад 2017 онд оруулж, улмаар үүнтэй тэмцэх тухайд 40 гаруй зөвлөмжийг өгч байсан нь олон улсын хамтын нийгэмлэгээс өгсөн хатуу сануулга гэж хүлээж авах учиртай.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА