Думын сонгуулийн өмнөх Орос орон

2021-09-10

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/09/state-duma1.jpg

Хойд хөршийн дотоод улс төрийн байдал тогтвортой байх нь манай улсын эрх ашигт нэн чухал бөгөөд Монголын хувь заяанд олон талаар хамаатай. Иймээс манай хүрээлэн ОХУ-д өрнөж буй гол чухал үйл явдлуудыг тоймлон жил тутам хүргэдэг уламжлалтай. 2020 онд ОХУ-ын орон нутгийн сонгууль, Үндсэн хуулийн өөрчлөлт, цар тахалтай тэмцэж буй Засгийн газрын арга хэмжээ зэргийг онцлон авч үзэж байсан бол энэ удаад 2021 оны 09 сарын 19-нд болох ОХУ-ын Думын VIII  дахь удаагийн сонгуулийн нөхцөл байдлыг онцлон авч үзлээ. ОХУ-ын Төрийн Дум буюу парламентийн доод танхимын сонгууль хийгээд түүний өмнөх нийгэм, улс төрийн дотоод байдал, гадаад хүчин зүйл нь зүй ёсны анхаарал татаж байна.

ЗХУ-ын задралын дараа ОХУ улс төр, эдийн засаг, цэргийн хүчээ бүрэн сэргээснээр үл барам барууны орнуудын тавьсан хоригийг даван туулж чамлахааргүй амжилт олсон бөгөөд олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлж байна. Мөн хугацаанд Монгол улс ОХУ-ын хооронд стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа баталгаажсан, нийгэм эдийн засгийн олон арван жил гацсан  /хий дамжуулах хоолой г.м./ асуудлууд хөдөлгөөнд орж эхэлсэн цаг үе болсныг тэмдэглэх учиртай.

VIII  дахь удаагийн сонгуулийн онцлог

2021 оны парламентын сонгууль нь ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, шинэ парламент Засгийн газрыг байгуулах зэрэг хэд хэдэн чиглэлээр илүү эрх мэдэл авсан үед болж буйгаар онцлог юм. Энэ удаагийн сонгуулиар 5 жилийн эрхтэй шинэ парламент бүрэлдэнэ. Уг парламент 2024 онд өнөөгийн ерөнхийлөгч В.Путины нэр дэвшиж дахин хоёр сонгуульт хугацаанд (12 жил) ажиллах эрхтэй сонгуулийн эрх зүйн бэлтгэлийг хангах учиртай хэмээн үзэх үндэслэлтэй. Судлаачид 2020 онд ОХУ Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан явдлыг одоо болох гэж буй Төрийн думын сонгууль, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх зорилготой гэж дүгнэж байсан билээ. Өөрөөр хэлбэл энэ удаагийн Думын сонгууль өнгөрсөн оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дэвсгэр дээр, цаашид болох ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоотой улс төрийн цогц өрнөлийн нэг хэсэг болж буйгаараа онцлог юм.

Төрийн Думын өмнөх сонгууль хэдийгээр хамгийн бага ирцтэй (47.88%) байсан ч эрх баригч Нэгдсэн Орос нам парламентийн 450 суудлаас 343 буюу үнэмлэхүй олонх болж тус нам түүхэн дээд амжилт тогтоосон байдаг. Сонгуулийн үр дүнд эерэгээр нөлөөлсөн гол хүчин зүйлүүдэд Крымийг ОХУ-д нэгтгэсэн асуудлын нөлөө буураагүй, Ерөнхийлөгч В.Путины нэр хүнд харьцангүй өндөр байсан зэргийг шинжээчид нэрлэдэг.

Төрийн Думын VIII сонгуулийн хугацааг зарлах үед Оросын парламентад 3-аас 6 нам орох боломжтой бөгөөд гол өрсөлдөөн нь нэг мандаттай тойрогт өрнөх төлөвтэй байгааг улс төр судлаачид онцолж байлаа. Сүүлийн таван жилийн хугацаанд орон нутгийн сонгуульд сөрөг хүчин эрх баригч намыг нэг мандаттай зарим тойрогт ялж байсан удаатай.

Энэ удаагийн сонгууль харьцангуй өөр уур амьсгалд болохоор ажиглагдаж байна.  Үүнд:

1. Олон нийтийн санал бодлын хүрээнд тухайлбал ард олны дэмжлэгийг аваагүй 2018 онд хийсэн тэтгэврийн шинэчлэл, коронавирусын цар тахал болон эдийн засгийн хямрал сонгогчдын сэтгэлзүйд зохих ёсоор нөлөө үзүүлнэ.

2. Нөгөө талаас сөрөг хүчний удирдагч болон тодорсон “Авлигатай тэмцэх сан”-ийн тэргүүн А.Навальный-г байлдааны “Новичок” хэмээх химийн хорт бодисоор хордуулсан нь олон улсын байгууллагуудаар тогтоогдож, түүнийг эх орондоо буцаж ирэхэд нь “тэнсэх ял эдэлж байх хугацаандаа бүртгүүлэх дэглэмийг зөрчсөн” гэх үндэслэлээр  хорьж шийтгэсэн  явдал нь улс орны дотор төдийгүй гадаад орнуудад ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч эрх баригчдыг буруутгаж барууны орнууд оросын хууль, хүчний байгууллагын удирдах ажилтан, төрийн өмчит корпораци, батлан хамгаалах судалгааны төвүүдийн эсрэг хориг тавьж барууны удирдагчид А.Навальный-г суллахыг шаардаж буй цаг үе.

3. “Гадаадын төлөөлөл /тагнуул/”-ын тухай хуулийн үндэслэлээр олон нийтийн чөлөөт дуу хоолой болж байсан олон нийтийн байгууллага, мэдээллийн гол /Авлигатай тэмцэх сан ФБК, “Дождь” ТВ г.м./ хэрэгслүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, заримыг нь татан буулгасан явдал.

4. Дээд түвшинд авлига хээл хахуулийн баримт сэлт дэлгэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зөрчигдөж байгаа зэрэг нь  эрх баригч намын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа.

5. Дээрх үйл явдлуудын эргэн тойронд “оросоос жийрхэх” /русофобия/ үзэл дэлхийн зарим улсад түүхийг гуйвуулах, барууны орнууд ОХУ-ыг дэлхийн тавцанд ганцаардуулах оролдлого хийх хэлбэрээр газар авах төлөв ажиглагдаж байгаа зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж болохоор байна.

2021 оны эхэн үеийн  байдлаар Олон нийтийн санал бодлыг судлах Оросын төв /ВЦИОМ/ -ийн мэдээлснээр Нэгдсэн Орос намыг дэмжих түвшин ердөө 31.1% байгаа нь таван жилийн өмнөх сонгуулийн дүнгээс бараг хоёр дахин бага байна гэж үнэлсэн байна. Эрх баригч намыг өмнө дэмжиж байсан олон сонгогч парламентын гол сөрөг хүчин болох Оросын коммунист нам болон улс төрийн бусад хүчинд саналаа өгөх магадлалтай байгаа нь эрх баригчдын сэтгэлийг түгшээж байна.

Думын сонгуульд улс төрийн 15 нам оролцохоор өргөдлөө өгч, зохих босгоо даваад байгаа ч парламентад суудалтай хэдхэн намын хувьд л суудал хуваарилагдах магадлал өндөр байна.

Эрх баригч намын “тактик”

Шинжээчдийн үзэж байгаагаар хүн амын дийлэнх хэсгийн амьдралын индекс буурсан, ирээдүйд итгэх итгэл алдарч хууль, захиргаадалтын дарамтад орж айдас хурсан үеийн сэтгэл зүй сонгуулийн дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй юм. Эрх баригч намын хувьд өмнөх амжилтаа давтаж, үнэмлэхүй олонхийн санал авах нь гол зорилт болж байгаа. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд эрх баригч нам ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эрс шийдэмгий алхмуудыг хийж байгааг дараах үйл явдлуудаас дүгнэж болно. Үүнд:

  1. Өрсөлдөгч хүчний удирдагч нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулах буюу хуулийн зарим үндэслэлд хамааруулж сонгуульд оролцох эрхийг нь хязгаарлах. Ийм байдлаар А.Навальный түүний ойрын хүрээллийн хүмүүсийг сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж эрүүгийн хэрэг үүсгэж түүний санаачилсан “Авлигатай тэмцэх сан”-г “гадаадын төлөөний, улмаар террорист байгууллага” хэмээн зарласан. “Шинэ социализм” намын удирдагч Н.Платошкинд эрүүгийн хэрэг үүсгэж сонгуульд оролцох эрхийг нь хязгаарласан.
  2. Парламентын сөрөг хүчин болох Оросын Коммунист намаас /ОКН/ нэр дэвшигч, өмнө тус намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч П.Грудининийг гадаадын компанид хувьцаатай гэх үндэслэлээр нэрсийн жагсаалтаас хассан. Нийт нэг мандаттай тойргоос нэр дэвшсэн сонгогдох магадлал бүхий 23 хүнийг нэрсийн жагсаалтаас ямар нэгэн үндэслэлээр хассан.
  3. Ардчилсан либерал чиглэлийн улс төр, хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг “Гадаадын төлөөлөгчдийн /тагнуул/”-ын тухай хуулийн заалтаар хязгаарлах өргөн хүрээтэй ажиллагаа явагдаж байгааг харж болохоор байна.
  4. Ерөнхийлөгч В.Путины оролцоотой эрх баригч намын лидерууд, мужийн амбан захирагч нарын эгнээнд шинэчлэл хийж шинэ хүмүүсийн нэрсийг дэвшүүлж өөрчлөлт хийсэн зэрэг нь анхаарал татаж байна.

Ийнхүү эрхбаригч намаас өрсөлдөгч намуудын эсрэг шийдэмгий арга хэмжээ авч байгаа нь 2020 оны орон нутгийн сонгуульд эрх баригч намын дэмжлэг буурсантай (хэдийгээр ялалт байгуулсан ч) холбоотой. 2020 оны орон нутгийн парламентийн сонгуульд эрх баригч намын авсан нийт саналын тоо өмнөх орон нутгийн сонгуулийн дүнтэй харьцуулахад ойролцоогоор 12 хувь, хотын зөвлөлийн сонгуульд 14 хувиар тус тус буурсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн энэ дүнгээс үүдээд шинжээчид 2021 оны Төрийн думын сонгуулийг маш өрсөлдөөнтэй болно гэж таамаглаж байв.

Сонгуульд нөлөө үзүүлэх бас нэг чухал хүчин зүйл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болоод байна. Нийгмийн уур амьсгалд сүүлийн 2,5 жилийн турш сэтгэл дундуур байдал нэмэгдэж яваа хандлагатай байгаа. Өнгөрсөн онд ФОМ-ын хийсэн судалгааны дүнгээр эсэргүүцлийн жагсаалд оролцохоо илэрхийлсэн хувь дунджаар 25 байгаа нь энэ хувь хамгийн бага байсан үе болох 2014 оны 8 хувьтай харьцуулахад тун өндөр үзүүлэлт юм. Ийнхүү 2018 оноос эхэлсэн нийгмийн дургүйцэл, сэтгэл хангалуун бус байдлын өсөлт 2020 онд коронавирусын цар тахлын улмаас улам бүр даамжруулан, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг 2021 онд ч доош нь татах хүчин зүйл хэвээр байгаа нь иргэдийн өгөх саналд нөлөөлж болзошгүй байгаа юм.

Дүгнэлт

Удахгүй болох Төрийн Думын сонгуулийн үр дүнг 2020 оны бүс нутгийн болон орон нутгийн сонгуулийн дүнгээс баримжаалан харвал эрх баригч Нэгдсэн Орос намын иргэдээс авах саналын хувь буурах боловч нийт дүнгээрээ ялах магадлал өндөр байна. Төрийн Думын сонгууль нэлээд өрсөлдөөнтэй болно гэж үзэх нөхцлүүд мөн харагдаж байсан боловч, эрх баригч намын дээр дурдсан шийдэмгий арга хэмжээнүүд нөхцөл байдлыг өөрийн талд давуу байдлаар эргүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл сонгуулийн кампанит ажил эхэлж байх үед Нэгдсэн орос намыг 30 хувиас дээш санал авахааргүй байна гэсэн таамаглал “өрсөлдөгчдийг замаас холдуулах” ажиллагааны дүнд өөрчлөгдөх хандлага ажиглагдаж буй. Ялангуяа төрийн хүч хэрэгсэл боломжийг давуутай ашиглаж, Нэгдсэн орос намыг ерөнхийлөгч В.Путин шууд дэмжиж эхэлсэн нь хүчний харьцааг өөрчилж эхэллээ. Шинэ сонгуулийн үр дүнгээр эрх баригч нам олонх болох нь тодорхой учир хоёр улсын харилцаанд ямар нэгэн огцом өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна.

Олон улсын түвшинд ОХУ-ыг ганцаардуулах бодлого баримталж, АНУ болон барууны орнууд хоригоо чангалж буй өнөөгийн нөхцөлд манай улсын хувьд мөнхийн хөршийн утгаар найрсаг харилцаагаа зузаатгаж, улс төр, эдийн засгийн зохих дивидент олж авахыг хичээх ёстой. Ялангуяа сүүлийн үед БНХАУ-ын санаачилсан “Бүс ба Зам” мега төслийн хүрээнд хоёр хөрш олон хэлэлцээ хийж байгааг анхааралтай ажиглаж төслийн үр шимээс хүртэх боломжийг судлах шаардлага гарч байна. Монголд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга, ОХУ-ын Засгийн газраас “Евразийн эдийн засгийн холбоо”-ны хүрээнд хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдтэй уялдуулах нь манай улсын хувьд бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэх чухал ач холбогдолтой.

Түүнчлэн энэ өдрүүдэд Владивосток хотноо болж буй “Алс Дорнодын эдийн засгийн форум” зэрэг олон улсын арга хэмжээнүүдэд манай улс идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлж байх нь нэн чухал юм.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА