ШХАБ-ын уламжлалт чиглэлүүд ба Афганистаны хүчин зүйл /эхлэл/

2021-09-17

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/09/central-asia-4.jpg

Энэ удаагийн дугаараар манай хүрээлэн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагаас “Гурван хорт хүчин” хэмээн томьёолсон терроризм, экстремизм, сепаратизм (гурван -изм) нь Төв Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал болсон шалтгаан хийгээд түүнд ШХАБ-ын зүгээс онцгойлон анхаарахад нөлөөлж буй нөхцөл байдлын талаар онцлон авч үзлээ.

Мөн ШХАБ-ын зүгээс 3 хорт хүчин зүйлтэй тэмцэхэд гаргаж буй хичээл зүтгэл, үр дүнгийн талаар товч дурьдах бөгөөд олон улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлт, Афганистаны тогтворгүй байдал нь ШХАБ-ын орнуудад хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийж танилцуулна.

Улмаар 3 хорт хүчин зүйлийн нөлөөлөл манай улсын аюулгүй байдалд ямар сөрөг үр дагавар авчирч болзошгүйг урьдчилан таамаглахад анхаарав.

Төв Азийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал

ШХАБ-ын гишүүн орнуудын аюулгүй байдлын асуудалд тулгараад буй Төв Азийн исламын терроризм нь өнөөдөр илрээд байгаа шинэ үзэгдэл биш юм. Энэ нь 1980-аад оны сүүлээр Зөвлөлтийн үзэл суртал Төв Азид өөрийн байр сууриа алдаж эхэлсэн үеэс улбаатай. 1970-1980 онуудад Исламын хэт даврагч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Арабын орнууд болон барууны зарим улсын далд санхүүжилтээр маш олон шашны урсгал бий болж, хаа сайгүй салбар бүлэглэлүүдээ байгуулж эхэлсэн. Яг энэ үйл явцад 1991 онд ЗХУ-ын задарч, түүний бүрэлдэхүүнд байсан Узбекистан, Киргиз, Казахстан, Туркменистан, Тажикистан гэсэн Төв Азийн орнуудад тусгаар тогтнолоо зарлан, төр улсаа эмхлэн байгуулах үйл явц эхэлсэн. Энэ явц нь нийгмийн аливаа үзэгдэлд тавих хараа хяналт суларсан үед олон тооны исламын хэт даврагч бүлэглэлүүд Төв Азид өөрсдийн нөлөөгөө бэхжүүлж эхэлсэн.

1989 оны сүүлээр Афганистанаас Зөвлөлтийн цэрэг гаргасны дараа тус улс Талибан хөдөлгөөний удирдлага дор исламын хэт даврагчдын гол түшиц газар болж үлдсэн юм. Тус улсад исламын хэт даврагчид болон террористуудыг олноор бэлтгэж байсан талаар тоо томшгүй их мэдээлэл авагдаж байлаа. Узбекистаны Исламын хөдөлгөөн, Хизбут-Тахрир (Чөлөөлөх нам) зэрэг олон тооны исламын хэт даврагч бүлэглэлүүд чухамхүү энэ үед байгуулагдсан байдаг.[1]

Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хэд хэдэн исламын хэт даврагч этгээд, террористууд мөн Афганистан дахь Аль-Каида байгууллага, Талибан хөдөлгөөнөөс санхүүгийн дэмжлэг авч, тэдний зааварчилгаан дор сургалт, бэлтгэлд хамрагдаж байсан баримт бий. Зөвхөн 1990-2001 оны хооронд Уйгарын хэт даврагчид болон террористууд Шинжаанд 200 гаруй удаа террорист халдлага үйлдсэний уршигаар 162 хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархадсан мэдээлэл бий.[2] Осама бин Ладен тэргүүтэй Аль-Каида байгууллага Хятадын Исламын хэт даврагчдыг сургах бааз Афганистанд байгуулж, талибуудын хяналтад байсан Афганистаны мужуудаас ШУӨЗО руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах болсон нь тус өөртөө засах орны нийгмийн тогтвортой байдал, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулах болсон. Уйгурын хэт даврагчид болон террористуудын зарим нь Төв Азийн орнууд болон ОХУ руу нэвтэрч орон нутгийн террорист бүлэглэлүүдэд нэгдэж эхэлсэн байдаг.[3]​        

АНУ 2001 онд Афганистан руу цэргээ оруулсан үеэс гарах хүртэл тус улс дахь исламын хэт даврагч бүлэглэлүүд, түүний дотор Төв Азийн орнуудаас гаралтай олон тооны зэвсэгт этгээд талибуудын хамтаар Америк тэргүүтэй эвслийн хүчний эсрэг тулалдаж байсан. Тухайлбал, талибууд 2021 оны 08 дугаар сард Кабулыг эзлэн авахад Аль Каида байгууллагын 20 гаруй бүлэглэл тэдэнтэй хамтарсан.[4] Мөн Канадын терроризмын шинжээч Р.Рохозский Исламын улс бүлэглэлийн эгнээнд Төв Азийн орнуудаас гаралтай 4000 гаруй зэвсэгт этгээд бий хэмээн мэдэгдэж байсан[5] бол аюулгүй байдлын судалгааны The Soufan Center төвийн илтгэлд Сири болон Ирак дахь Төв Азийн орнуудаас гаралтай зэвсэгт этгээдүүдийн тоо 5000 хүрснээс Казахстаны 500, Киргизийн 500, Тажикистаны 1300, Туркменистаны 400, Узбекистаны 1500 орчим иргэн байна хэмээн дурджээ. Исламын улс бүлэглэл Сири, Иракаас шахагдсаны дараа тэдний хэд нь Афганистанд очиж оргоносныг тодорхой хэлэх боломжгүй юм.[6]

Арабын хавар эхэлснээс хойш буюу ялангуяа Сирийн иргэний дайн эхэлсний дараа Төв Ази, Хятадаас олон тооны исламын хэт даврагчид Сири, Иракт очиж Исламын улс болон бусад исламын хэт даврагч бүлэглэлд нэгдсэн. Тэдний зарим нь Исламын улс бүлэглэлийн удирдагч Абу Бакр аль-Багдадид үнэнч байхаа тангараглаж, Афганистан, Пакистанд тус бүлэглэлийн салбарыг байгуулсан.

Түүнчлэн Төв Ази болон Зүүн өмнөд Азийн исламын хэт даврагчдыг холбосон сүлжээ байгуулагдаж, Хонгконг дахь Исламын улс бүлэглэлийн гишүүд Индонезчүүд рүү ойртож, уйгарууд Малайзыг сонгон зэвсэгт этгээдүүдийг цуглуулах төв болгон ашиглаж байж болзошгүй; уйгарын террористуудыг Сири, Туркийн нутаг дахь зэвсэгт бүлгүүд сургаж бэлтгэн, дэмжлэг үзүүлж байна гэх мэдээллүүд авагдах болсон нь Бээжинг улам сэрэмжтэй байдалд оруулав. 

Уйгарын исламын террористууд 2015 оны 08 дугаар сард Тайландын Бангкок дахь Хинду Эраван сүмд халдлага үйлдэж, 20 шахам хүний ​​аминд хүрсэн нь уйгарын хэт даврагчдын заналхийлэл хаа сайгүй идэвхижснийг харуулсан үйл явдал болсон.[8]

Хятадын хувьд хамгийн их санаа зовж буй зүйл нь уйгарын исламын зэвсэгт этгээдүүд Төв Ази руу олноор эргэн ирж болзошгүй явдал юм.

Хэдийгээр Сири, Иракийн нутагт байлдааны ажиллагааны туршлага хуримтлуулсан зэвсэгт этгээдүүд Төв Азийн орнуудад бөөнөөрөө эргэн ирэх магадлал одоогоор бага боловч бүс нутагт өрнөж буй үйл явдал нь тэднийг шинэ гарц, боломж хайхад хүргэж болзошгүй байдал ажиглагдаж байна.

Исламын Улс бүлэглэлтэй нэгдсэн гадаадын зэвсэгт этгээдүүд цаашид Туркийн нутаг дэвсгэрээр дамжиж, үндсэн 3 чиглэлээр зугтан дүрвэх, террорист халдлага үйлдэх эрсдэл өндөр байна. Үүнд:

1 дүгээр чиглэл: Афганистан, Пакистан, Энэтхэг, Өмнөд Азиар дамнаж, улмаар Филиппин, Индонез зэрэг Зүүн өмнөд Ази, цаашилбал Хойд Ази хүрэх. Үүний дотор Афганистан, Пакистанд 60-65 мянган гадаадын зэвсэгт этгээд орогнох төлөвтэй;

2 дугаар чиглэл: ОХУ болон Төв Азиас гаралтай зэвсэгт этгээдүүд Төв Азийн орнуудад буцаж нэвтрэх, тэндээс гуравдагч орнууд руу нэвтрэх;

3 дугаар чиглэл: Өмнөд болон Төв Европ руу чиглэсэн урсгалаар нэвтрэх зэрэг болно.[9]

Талибан хөдөлгөөний зүгээс өгсөн амлалт, бүс нутгийн орнуудын санаа зовнил, Хятадын болгоомжлол зэрэг олон хүчин зүйл террористуудыг шинэ гарц хайхад хүргэж байна. Бүс нутагт тогтворгүй байдал үүсгэх хүсэл эрмэлзэлтэй субьектүүд ч тэднийг далдуур дэмжиж болзошгүй юм.[10]

Исламын террорист болон хэт даврагчдын тасралтгүй явуулж буй үйл ажиллагаа, түүний дотор “Жихад” гэсэн явцуу ойлголтоор хүмүүсийн тархийг угааж, энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл, террорист үйл ажиллагаанд оролцохыг өдөөн турхирах явдал, мөн террорист болон хэт даврагчдын бүс нутаг руу чиглэсэн урсгал нь Төв Азид ноцтой аюул заналхийлэл учруулсаар байна.

Энэ бүхэн нь исламын шашинтнуудын эсрэг олон нийтийн дургүйцэл, үзэн ядалтыг өдөөх, улмаар уг дургүйцэл, үзэн ядалт үндэстэн, шашин хоорондын зөрчилд хүргэх, терроризмын үндэс суурь болж хувирах сөрөг үр дагварыг эргэн бий болгож байна.[11]

Шашин шүтлэгт суурилсан терроризм нь БНХАУ, ОХУ болон Төв Азийн орнуудад нийтлэг аюул, заналхийлэл болж байгаас уг аюулын эсрэг хамтран тэмцэх зүй ёсны шаардлагыг бий болсон.

“Гурван хорт хүчин”-тэй хийж буй ШХАБ-ын тэмцэл

ШХАБ-ын гишүүн орнууд төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтойгоор нөлөөлж болзошгүй “гурван хорт хүчин”-ий тэлэлтийг хумих, болзошгүй эрсдэл, сорилтуудыг хамтын хүчээр даван туулах шаардлагын үүднээс ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар 2001 оны 06 дугаар сард “Терроризм, салан тусгаарлах үзэл, экстремизмтэй тэмцэх тухай” конвенцид гарын үсэг зурснаар тус байгууллагын аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл тодорхой болсон юм. Үүний гол ач холбогдол нь ШХАБ-ын гишүүн орнууд “терроризм”, “сепаратизм”, “экстремизм” гэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч, тэдгээрээс учирч болох аюул занал, сэргийлэх арга хэмжээний талаар санал нэгдсэн явдал болно.

ШХАБ-ын гишүүн орнууд гурван “гурван хорт хүчин”-ий эсрэг хамтарсан тунхаглал, мэдэгдэл, гэрээ хэлэлцээр, конвенц зэрэг олон тооны чухал баримт бичиг байгуулснаар тухайн чиглэлд эрх зүйн орчин бүрдүүлээд зогсохгүй “гурван хорт хүчин”-ий эсрэг хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, гишүүн орнуудын харилцан итгэлцэл, нээлттэй байдлыг бэхжүүлэх тэмцэлд багагүй амжилт олжээ. Тухайлбал, ШХАБ-ын Терроризмын эсрэг бүс нутгийн бүтцийн мэдээгээр, гишүүн орнуудын эрх бүхий байгууллагууд 2013-2017 оны хооронд 600 гаруй терроризмын шинжтэй гэмт үйлдлийг таслан зогсоож, зэвсэгт этгээдүүдийг бэлтгэдэг 500 гаруй хуаранг устган, олон улсын террорист байгууллагуудын 2000 илүү гишүүнийг баривчилсан байдаг.[12] Мөн Афганистаны нөхцөл байдалтай холбоотойгоор гишүүн орнуудын тусгай албад терроризмтой тэмцэх чиглэлээрх харилцан ажиллагаа холбоо, мэдээлэл солилцоогоо идэвхжүүлсэн.[13]

Хүснэгт 1. 2001 оноос хойш ШХАБ-ын гишүүн орнуудын терроризмын эсрэг хамтын ажиллагааны гол баримт бичгүүд

Түүнчлэн ШХАБ-ын гишүүн орнууд “гурван хорт хүчин”-тэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж, 2019-2021 онд террорист үйл ажиллагаанд, оролцсон этгээдүүдийн шилжилт хөдөлгөөний зам сувгийг илрүүлж хаахад санхүүжилт хүч зарцуулж байна. Мөн терроризм, экстремизм, сепаратизмтай холбоотой этгээдүүдийн ШХАБ-ын гишүүн орнуудын нутаг дэвсгэр рүү нэвтрэх зам сувгийг хаахад анхааран ажиллаж байна.

2021 оны 09 дүгээр сард Тажикистаны Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын 20 дугаар уулзалтын төгсгөлд Хамтарсан тунхаглал гарсан. Тунхаглалд терроризм, сепаратизмтай тэмцэх чиглэлээр 11 асуудал тусгаснаас дараах асуулдыг онцолж болно.[14] Үүнд:

  • Олон улсын терроризмтой тэмцэх тухай түгээмэл тунхаглалыг ойрын хугацаанд соёрхон батлахыг ШХАБ-ын гишүүн орнууд уриалж байна.
  • НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Ерөнхий ассамблейн терроризм болон хэт даврах үзэлтэй тэмцэх тухай тогтоол, мөн НҮБ-ын олон улсын терроризмын эсрэг стратегийг хэрэгжүүлэх, ингэхдээ улс орон бүрийн туршлага болон онцлогыг харгалзах нь чухал хэмээн үзэж байна.
  • ШХАБ-ын гишүүн орнууд, тэдгээрийн эрх бүхий байгууллагууд терроризмын эсрэг хамтарсан сургуулийг хийх болно.
  • Оролцогчид нь бүс нутагт сепаратизм болон экстремизм гаргахаас сэргийлэх, хар тамхи, зэвсэг болон галт хэрэгслийн хууль бус эргэлтийг таслан зогсоох болно.
  • Бүс нутгийн аюулгүй байдал болон тогтвортой байдлыг хангах хүрээний ШХАБ-ын тэргүүлэх чиглэл бол терроризмын бүх хэлбэр болон илрэлтэй тэмцэх явдал хэвээр байна.
  • Олон улсын террорист байгууллагуудын зэвсэгт бүлэглэлүүдтэй хийх тэмцэл болон терроризмтой тэмцэх арга ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд “Энхийн үүрэг” терроризмын эсрэг команд штабын хамтарсан хээрийн сургуулийг тогтмол явуулах нь чухал болохыг оролцогчид онцолж байна хэмээн дурдсан.

ШХАБ “гурван хорт хүчин”-ий эсрэг тэмцэх үүднээс жил тутам зохион байгуулдаг “Энхийн үүрэг” терроризмын эсрэг хамтарсан цэргийн хээрийн сургуулиас гадна “Солидарность-2019-2021” хилийн хамтарсан тусгай ажиллагаа, тусгай томилгоот хүчний “Сары-Арка-Антитеррор-2019” хамтарсан хээрийн сургууль зэргийг явуулав.

Түүнчлэн “гурван хорт хүчин”-ийг цахим орчинд дэлгэрэхээс сэргийлэн ажиллаж байгаа ажээ. Энэ хүрээнд интернетийг террорист болон сепаратист зорилгоор ашиглаж буй байдлыг илрүүлэх, таслан зогсоох “Сямынь-2019” хамтарсан сургуулийг хийсэн.[15] Гишүүн орнуудын зүгээс “гурван хорт хүчин”-ий үзэл санааг сурталчлан түгээхээр ажиллаж байна. Үүний дотор хууль бус контент бэлтгэж интернетийн сүлжээгээр түгээх, мөн мэдээлэл-харилцаа холбооны технологийг терроризмын зорилгоор ашиглах явдлаас сэргийлэх, таслан зогсоох арга ажиллагааг боловсруулах, тэргүүний туршлагаас хуваалцахад анхаарч байна. Тиймээс интернетийг террорист болон сепаратист зорилгоор ашиглаж буй бүхий л байдлыг илрүүлэх, таслан зогсоох арга ажиллагааны сэдвийг “Энхийн үүрэг” цэргийн хээрийн сургуулиар тогтмол боловсруулдаг.[16]

ШХАБ-ын гишүүн орнууд “гурван хорт хүчин”-ий эсрэг хийх тэмцэлд олон улсын хамтын нийгэмлэгийг ч мөн адил татан оролцуулахыг чухалчилж, уриалж байна. Тухайлбал, 2001 онд гарын үсэг зурсан Терроризм, экстремизм, салан тусгаарлах үзлийн эсрэг Шанхайн конвенц, 2009 онд байгуулсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг конвенцид, ШХАБ-ын гишүүн орнууд гурван изм нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж, улс орнуудын найрсаг харилцааг дэмжих, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангахад аюул учруулж байна хэмээн буй талаар онцолсон байдаг.[17] Мөн терроризмын санхүүгийн эх үүсвэрийг таслан зогсоох зорилгоор бусад салбаруудыг эрчимтэй хөгжүүлж эхэлсэн бөгөөд хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлэх нь Төв Азийн исламын хэт даврагчид, террористуудын санхүүгийн гол эх үүсвэр болдог хэмээн үзэж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг гаргаж авахад шаардагдах бусад бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хамтын ажиллагааны хэлэлцээрт 2004 онд гарын үсэг зурж, тус хэлэлцээрт нэгдэхийг дэлхийн бүх улс орнуудад уриалсан.[18]

НҮБ-аас бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоонд ШХАБ-ын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг өндөр үнэлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2009 онд баталсан “НҮБ болон ШХАБ-ын хамтын ажиллагааны тухай” тогтоолд энэ талаар тусган, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад маш чухал ач холбогдолтой болохыг онцолсон байдаг. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2019 онд баталсан тогтоолд “Энх тайван, тогтвортой хөгжлийг хангахад ШХАБ-ын бүтээлч үүрэг”-ийг онцлон тэмдэглэж, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, хөтөлбөр, сангуудыг ШХАБ-тай “гурван изм”-ын эсрэг хамтран ажиллахыг уриалсан.[19]

Үргэлжлэл бий


[1] https://www.tandfonline.com/doi/abs/10.1080/09546550600570168

[2] https://www.globaltimes.cn/page/202107/

[3]  https://www.refworld.org/docid/5485b8744.html

[4] https://www.cfr.org/timeline/us-war-afghanistan

5  Most Uygur Islamic extremists are concentrated in Idlib province of Syria. See “Turkey’s De-escalation Efforts around Idlib Come with Risks,” Al-Monitor, May 21, 2018,

[6] https://www.zaobao.com.sg/special/report/politic/cnpol/story20110508

[7] https://news.cgtn.com/news/2019-06-13/Story-of-SCO-Fighting-against-three-evils–Hu3myXJUti/index.html

[8] https://world.huanqiu.com/article

[9] ТТАЗ-ын 2016 оны ШХАБ-ын Терроризмтой тэмцэх бүсийн бүтцийн Эрдэм шинжилгээ, практикийн V бага хуралд оролцсон тухай илтгэл

[10] https://www.bbc.com/russian/features

[11] Chinese Islamic Extremists Might Return to China,” Zaobao News, May 8, 2011,

[12] http://rus.sectsco.org/media_SCO/20210917/779254.html

[13] https://www.gazeta.ru/army/news/2021/10/15/16693543.shtml?updated

[14] Shanghai Cooperation Organization, Shanghai Convention of Counter-Terrorism, Counter-Extremism and Counter-Secessionism

[15] http://rus.sectsco.org/media_SCO/20210917

[16] http://rus.sectsco.org/media

[17] Shanghai Cooperation Organization, Shanghai Convention of Counter-Terrorism, Counter-Extremism and Counter-Secessionism

[18] Shanghai Cooperation Organization, Agreement on Cooperation in Combating Illicit Traffic of Narcotic Drugs, Psychotropic Substances, and Precursors between the Member States of the Shanghai Cooperation Organization

[19] SCO website for details: http://chn.sectsco.org/documents/.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА