АНУ-ын эрх чөлөө, аюулгүй байдлын баталгаа болсон Нью-Йорк, Вашингтон хотуудад 2001 оны 9 дүгээр сарын 11-нд террорист халдлага болж, терроризмын эсрэг дайн эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. Энэ нь мөн чанартаа дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй олон улсын терроризм дайн зарласан явдал байлаа. АНУ-ын эрх баригчдаас терроризмтой зарласан дайныг НАТО-ийн холбоотнууд, дэлхийн хамтын нийгэмлэг дэмжсэн билээ. Үүнтэй зэрэгцэн жихадын алан хядагчдын сүлжээ дэлхийгээр тархаж, заналхийлэл үргэлжилж, Европын томоохон орнууд болох ХБНГУ, Франц, Англи, Австри зэрэг орнууд террорист халдлагад өртөж сая сая хүний зүрх сэтгэлд айдас хурж, Ирак, Ливи, Сири зэрэг улс орнууд иргэний дайны байдалд шилжсэн. Алан хядагч Осама Бен Ладенийг орогнуулж байсан Афганистаны Талибанчуудын эсрэг зарласан дайн хүссэн үр дүнд хүрсэнгүй.
9-р сарын 11-ний террорист халдлага дэлхийн олон улс орон, олон улсын харилцаанд эрс өөрчлөлт оруулж, ирээдүйн дэлхийн дэг журмын загвар, онол, үзэл баримтлал, таамаглалыг мөн л үгүйсгэсэн билээ. Хэдийгээр түүнээс хойш олон үйл явдал болж өнгөрсөн ч олон улсын терроризмтой холбоотой үүсч буй шинэ нөхцөл байдал, түүний бүх илрэл, үр дагаварт улс орнууд дүн шинжилгээ хийх шаардлага тулгарч байна.
Хорин жилийн турш АНУ холбоотнуудынхаа хамтаар цэргийн ажиллагаа явуулсан ч үе үеийн алан хядагчдын бэлтгэх үүр болж байсан Талибан хөдөлгөөн Афганистаныг мэдэлдээ авсан нь дэлхийн хамтын нийгэмлэгийг цочирдууллаа. Талибанчууд ийнхүү өмнө ЗХУ-ыг Афганистанаас гарахад үлдсэн зэвсэг техник, хорин жилийн дараа гарахдаа АНУ, НАТО-гийн үлдээсэн зэвсэглэл, техникийг өвлөн авсан хамгийн орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн шашны улс болж хувирсан нь бодит байдал боллоо. Үүнээс гадна Афганистан дэлхийн хар тамхины зах зээлийн 90 хувийг эзэлдэг хойт талаараа Таджикистан, Туркменистан, Узбекистан зэрэг Төв Азийн ОХУ-ын холбоотон улсуудтай хил залгадаг гэдгийг санах хэрэгтэй.
Талибан хөдөлгөөн нүүр царайгаа өөрчилж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх идэвхтэй улс төр, дипломатын алхам хийж байгаа нь саяхан Москвад хийсэн Талибаны төлөөллийн айлчлал, Дохагийн уулзалт зэргээс харагдаж байна. АНУ, Европын холбоо ч дүрвэгсдээр дамжин ирж болзошгүй эрсдлийг бууруулах энхийн арга замыг эрэлхийлж талибанчуудтай хэрхэн харилцах, өөрийн нөлөөллөө Афганистанд буй болгох талаар хэлэлцэж байна. Дэлхийн хамтын нийгэмлэг тус улсад дүрвэгсдийн, хүмүүнлэгийн гамшиг буй болгохгүй тал дээр санал нэгдэж байна.
АНУ-ын удирдлага дор хорин жилийн хугацаанд Афганистанд явуулсан олон улсын энхийг сахиулах ажиллагааны дүнд энх амгалан байдал тогтоогүй ч зарим улс тухайлбал БНХАУ өөрийн улс төр, эдийн засгийн байр сууриа бэхжүүлээд авсныг тэмдэглэх ёстой. Терроризмтой тэмцэх олон талт хүчин чармайлтыг Бээжин өргөнөөр дэмжиж байгаа. Энэ нь Хятадын удирдлага ШУӨЗО-ны салан тусгаарлагчидтай тулгараад байгаа асуудалтай ч холбоотой юм.
Иймд Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож Талибаны хар жагсаалтад орсон улсуудын нэгэн адил Монгол Улс ч терроризмын эсрэг тогтолцооны эрэмбээ өндөржүүлэх, эрх зүй, зохион байгуулалтын хойшлуулашгүй арга хэмжээ авах, болзошгүй эрсдлийг багасгах, Төв Азийн бүсэд улс төр, дипломатын идэвхтэй гадаад бодлого явуулах шаардлагатай тулгарч байна.
Шинээр буй болсон энэхүү нөхцөл байдалд бид болзошгүй заналхийлэлд ямар бэлтгэлтэй байх вэ, манай улсад терроризмын талаарх ойлголт ямар түвшинд байна вэ гэдгийг юуны түрүүнд тодорхойлж, түүнд тулгуурлан терроризмтой тэмцэх үйл ажиллагааны талаарх үзэл баримтлалаа эргэн харах, соён гэгээрүүлэх ажлын далайцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг тодорхойлох зорилгоор манай хүрээлэнгийн судлаачдын 2020 онд хэрэгжүүлсэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчид дунд явуулсан терроризм, түүний аюул занал, эрсдлийн талаарх ойлголт ямар түвшинд байгааг тодорхойлох социологийн судалгааны дүнг хэсэгчлэн танилцуулж байна.
Судалгааны ажлын онцлог нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын терроризмтэй тэмцэх ажиллагааны талаарх ойлголт, үзэл бодлыг тандах, терроризмтэй тэмцэх ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид терроризмоос урьдчилан сэргийлэх оновчтой аргыг тодорхойлох, хэрэгжүүлэх бодлогын талаар санал, зөвлөмж боловсруулахад оршиж байгаа юм.
Терроризмын талаарх ойлголт ба онолууд
Терроризмтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай чухал хүчин зүйл нь терроризмыг тодорхойлогч хүчин зүйлийн нөлөөллийг олж таних явдал юм. Гэвч өнөөдрийн байдлаар терроризм гэж чухам юуг хэлэх вэ гэсэн асуултад нэгдсэн байдлаар хариулт болгон ойлгох томъёолол дэлхийн хэмжээнд хараахан гараагүй байна. Өөрөөр хэлбэл улс орон бүр улс төр, нийгэм эдийн засгийн хөгжил, үндэстэн, хүн ам, соёл, зан заншил, шашин шүтлэгийн онцлогоос хамаарч өөр өөрөөр тодорхойлон тайлбарлаж буй. Нийтлэг хэв шинжээс дурдвал хүчирхийллээр заналхийлэх; олон нийтийн дунд айдас бий болгох; дахин аюул нүүрлэнэ хэмээн итгүүлэх; улс төр, шашны үнэт зүйл, хувь хүний мөн чанарт нөлөөлөх; олон давхар сүлжээний өргөн бүтэцтэй ч террорист нь дүрэмт хувцас, ялгах тэмдэггүй, тиймээс энгийн иргэдээс үл ялгарах; хүчирхийллийн хэлбэр нь ерөнхий шинж чанартай; хаалттай, хязгаарлагдсан бүсэд биш дэлхийн аль ч хэсэгт үйл ажиллагаа явуулах магадлалтай зэрэг (Ш.Чулуунбат, 2018) ойлголтууд байдаг.
Эрдэмтэд терроризмын тодорхойлолтыг олон талаас нь судлан тайлбарласан байдаг бөгөөд тэдгээрийг нэгтгэн дүгнэсэн нэгэн сонирхолтой судалгааг эрдэмтэн Шмид, Жонгман нар (Schmid & Jongman, 2005) хийсэн байдаг. Тэд 109 академик тодорхойлолтыг харьцуулан судалж, хамгийн их давтамж бүхий 22 хүчин зүйлийг нэрлэсэн бөгөөд хүчирхийлэл, албадлага 83.5%, улс төрийн шалтгаан нөхцөл 65%, терроризмоос айх айдас 51%, заналхийлэл 47%, сэтгэл зүйн нөлөөлөл 41.5% (Хүснэгт 1) болохыг мэдээлсэн байдаг.
Хүснэгт 1. Терроризмын 109 тодорхойлолтод тусгагдсан хүчин зүйлсийн давтамжийн үзүүлэлт
Хүчин зүйлс | Хувь | |
1 | Хүчирхийлэл, хүч хэрэглэх | 83.5 |
2 | Улс төрийн шалтгаан нөхцөл | 65 |
3 | Терроризмоос айх айдас | 51 |
4 | Заналхийлэл | 47 |
5 | Сэтгэл зүй, үзэл суртлын нөлөөлөл, эмзэглэх байдал | 41.5 |
6 | Хохирогчийг сонгох ялгамжит байдал | 37.5 |
7 | Тусгай зорилготой, төлөвлөгөөтэй, дэс дараатай, зохион байгуулалттай үйлдэл | 32 |
8 | Тэмцлийн арга барил, стратеги, тактик | 30.5 |
9 | Тусгай хэм хэмжээ, хүмүүнлэг бус аргааг тогтсон хэм хэмжээг сүйтгэх оролдлого | 30 |
10 | Хүчээр үйлдүүлэх, сүр хүчээр далайлгах | 28 |
11 | Нийтийн үзэл бодол, төлөв байдалд нөлөөлөх | 21.5 |
12 | Харгислал, үл ялгаварлах харгис сонголт | 21 |
13 | Хохирогч нь иргэд, зэвсэггүй иргэд, дундыг баригчид, хөндлөнгийн этгээд байдаг | 17.5 |
14 | Айлгах, сүрдүүлэх | 17 |
15 | Гэм буруугүй хохирогчид | 15.5 |
16 | Гэмт хэргийн бүлэглэл, зохион байгуулалттай бүлэг, хөдөлгөөн | 14 |
17 | Бэлэгдлийн шинжтэй дүр төрх, харгис нөлөөг бусдад харуулах байдал | 13.5 |
18 | Урьдчилан тооцоолох, тааварлах боломжгүй, хүчирхийлэл | 9 |
19 | Хууль бус, далд ажиллагаа | 9 |
20 | Давтамж бүхий, цуврал хүчирхийлэл | 7 |
21 | Гэмт хэрэгтэн | 6 |
22 | Гуравдагч этгээдийн хэрэгцээг хангадаг | 4 |
Терроризм нь цаг хугацаа, газар орон, нийгмийн хөгжлийг даган хувьсан өөрчлөгдөж, арга хэлбэр нь улам нарийссаар байна. Терроризмыг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар гүнзгий ойлгохын тулд терроризмын онолын үндэслэлийг судлах хэрэгцээ шаардлага гардаг. Терроризмыг дан ганц онолоор тайлбарлах боломжгүй хэдий ч хэд хэдэн онолын нэгдлээр тайлбарлах боломжтой юм. Терроризм судлал нь маш өргөн цар хүрээг хамардаг салбар дундын ухаан бөгөөд эрдэмтдийн бүтээлээс үзэхэд дараах 5 багц онолоор тайлбарлагдаж байна. Үүнд:
1) Бүтцийн онол (Structural Theories): Террорист үйлдлийн нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлсийн нөлөөлөл, шалтгаан нөхцлийг судалдаг (Callaway & Harrelson-Stephens, 2006; Crenshaw, 1981; Krueger & Maleckova, 2003; Ross, 1993);
2) Байгуулалтын онол (Organizational Theories): Хувийн зан байдал, хэв шинжэд үзүүлэх байгууллагын нөлөөлөл, хүчин зүйлсийг судалдаг (Crenshaw, 1981; McAllister & Schmid; 2013; Yilmaz, 2009; Chuluunbat & James, 2018);
3) Сэтгэл судлал нийгмийн онол (Psychosocial): Терроризм, террорист, террорист үйлдлийн зорилго, ашиг сонирхол, шалтгаан нөхцөл, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөллийг (Ishrat, 2017) болон террорист, террорист этгээдийн оролцоо, хэв шинжийг судалдаг;
4) Радикал үзлийн онол (Theories of Radicalization): Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд нийгмийн үндэс суурийг өөрчлөх, олон нийтийг турхирах үзэл, үйл явцын шалтгаан нөхцөлийг судалдаг. (Moghadam, 2005; Silbner & Bhatt, 2007; Sprinzak, 1991);
5) Стратегийн онол (Strategic Theories): Дэнслэх (Rational Choice) болон Хэвшмэл үйлдлийн онол (Routine Activity)-ын үзэл баримтлалд тулгуурладаг бөгөөд терроририст үйлдэл, террорист этгээдийн ашиг сонирхол, эрсдлийн шалтгаан нөхцөлийг судалдаг (Crenshaw, 1988; Pape, 2003).
Судалгааны арга зүй
Терроризмтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд терроризмын шалтгаан нөхцөл, хэлбэр, арга хэрэгсэл болон нөлөөлөх бүхий л хүчин зүйлсийн талаар олон талаас нь нарийвчлан судлах, бодит аюул заналыг зөв танин мэдэх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл терроризмын мөн чанар, үүсэн гарч буй шалтгаан нөхцөл, аюулын хэлбэр, хувьсан өөрчлөгдөж буй үйл явц, бодит байдлыг танин мэдэхгүйгээр түүнээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, терроризмтэй тэмцэх бодлого, стратеги, тактик ажиллагааг тодорхойлох, явуулах боломжгүй гэж үзэж болох юм. Терроризм нь улс төр, шашин, эдийн засаг, нийгэм, харилцаанд шууд болон шууд бус хэлбэрээр хүчтэй нөлөөлж улмаар нийтийн аюулгүй байдлыг алдагдуулахуйц халдлага, хүчирхийлэл, заналхийллийг өдүүлдэг. Тиймээс энэхүү судалгааны ажлын түүврийн бүлэгт хүн амын суурьшлын нягтрал өндөр Улаанбаатар [1], Эрдэнэт [2], Дархан [3], Өлгий [4], Баруун-Урт [5] хотуудыг бүсчлэн сонгож, алба хааж, амьдарч буй үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Хил хамгаалах, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, байгууллага болон Онцгой байдлын алба, ХЗДХЯ-ны агентлаг болон Онцгой байдлын байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх үндсэн үүрэгтэй ДХИС-ийн алба хаагчдыг хамруулахаар сонгосон болно.
Хүснэгт 2. Дэлхийн терроризмын индекс: Монгол Улс /сүүлийн 10 жилээр/
Индекс | Эзлэх байр | 2010-2019 | 2019-2020 |
0.000 | 135 | 0.000 | 0.000 |
Судалгаанд тоон судалгааны арга зүйг баримтлан анхдагч болон хоёрдогч эх үүсвэр, өгөгдлийг ашигласан. Судалгааны асуулгыг дэвшүүлсэн зорилго, зорилт, судалгааны хамрах хүрээг харгалзан терроризм, криминологийн онолын үндэслэл, терроризмтэй тэмцэх үйл ажиллагааны бодлого, НҮБ, Интерпол, ЕАБХАБ, НАТО болон дэлхийн улс орнуудын терроризмын тодорхойлолт, Дэлхийн терроризмын индекс (GTI), Дэлхийн тайван байдлын индекс (GPI) болон энэ чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлын арга зүй, туршлагыг судалсны үндсэн дээр 5 бүлэг бүхий 30 бүлэг асуулгаар боловсруулсан.
Мэдээлэл цуглуулж дууссаны дараа асуулгын хуудсыг нэг бүрчлэн шалгаж шаардлага хангасан 320 асуулгын мэдээллийг тусгай программ (SPSS болон MSЕхсеl) ашиглан эцсийн боловсруулалтыг хийсэн бөгөөд огтолцлын анализаар (Chi-Squar Test) терроризмын хүчин зүйлс, аюулгүй байдлын түвшинг хүн ам зүйн хамаарах хувьсагчтай харьцуулан шинжилсэн болно.
Судалгааны асуулт бүрт хариулах хувилбарыг Ликертийн 5 хэмжүүрээр (1=маш их санал нийлж байна; 2=санал нийлж байна; 3=дундаж; 4=санал нийлэхгүй байна; 5=санал огт нийлэхгүй байна) боловсруулж, судалгааны ажлын чанарыг сайжруулах, тодорхой байлгах үүднээс чиглэлийн эрдэмтэдийн (Deepak & Neena, 2011) зөвлөмж болгосны дагуу ижил утгын нийлбэрээр буюу 1=санал нийлж байна (маш их санал нийлж байна+санал нийлж байна); 2=дундаж; 3=санал нийлэхгүй байна (санал огт нийлэхгүй байна+санал нийлэхгүй байна) гэсэн 3 хэмжүүрт шилжүүлэн дүнг гаргасан.
Үргэлжлэл дараагийн дугаарт
[1] хүн ам 1,539,810, ҮСХ, 2020
[2] хүн ам 104,031, ҮСХ, 2020
[3] хүн ам 102,171, ҮСХ, 2020
[4] хүн ам 38069, ҮСХ, 2020
[5] хүн ам 20100, ҮСХ, 2020
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Жижиг улсын аюулгүй байдал ба дипломат албаДараах нийтлэл
Терроризмын аюул занал ба Монгол Улс /төгсгөл/Сүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19