Жижиг улсын аюулгүй байдал ба дипломат алба

2021-08-20

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/09/8_20.png

1648 онд Вестфалийн энхийн гэрээг байгуулснаар европын улс орнууд хоорондын харилцаагаа зохицуулах арга хэлбэр, зарчимуудаа тохирчээ. Улмаар Вестфалийн систем дэлхий даяар тэлэн хөгжиж дипломат ажиллагаа олон улсын харилцааны үндсэн бүрэлдэхүүн хэсгийн нэг болжээ. Гадаад улсад дипломат ажиллагаа эрхлэхээр томилогдсон эрхэмсэг элчин сайд, ноёд нь эх орондоо үнэнчээ нотлон харуулахын тулд тус улсын гадаад бодлого, дотоод үйл явдал төдийгүй ордны аливаа асуудлуудыг ч мэдээлэх болсон ба аажимдаа энэ үйлдлүүд нь нууцаар болон хууль бусаар аливаа мэдээллийг олж авах улайрсан тэмцэл болж эхэлжээ. Үүнийг гадаад тагнуулын ажиллагааны эхлэл гэж хэлж болох юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа гадаад тагнуулын албыг дипломат албанаас салгах үйл явц эхэлсэн ба энэ нь цэргийн эвсэл, холбоод байгуулагдаж эхэлсэнтэй холбоотой ажээ. Венийн конвенцоор зааглагдсан ч үндсэндээ дипломат алба, гадаад тагнуул хоёр нэг ойлголт бөгөөд тухайн улс орны том, жижиг, цэргийн хүчин чадал, эдийн засгийн хөгжил зэргээс үл хамааран гадаад бодлогын зорилгоо биелүүлэх, үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгсэл юм. Харин мэдээллийг албан ёсны ил эх сурвалжаас авч байна уу, нууц эх сурвалжаас авч байна уу гэдгээрээ л үндсэндээ ялгарна.

Олон улсын харилцаанд дипломат алба ба гадаад тагнуулын хоорондын харилцаа нь маргаантай, ихэнхдээ өрсөлдөгчид гэж үзэх хандлагатай байдаг. Харин энэ өрсөлдөөн нь үзэл баримтлал, зарчмын гэхээсээ илүү бүтцийн асуудал байдаг гэж зарим судлаач үзжээ.

Хоёр албаны үүрэг, зорилго

Дипломат алба нь олон улсын хууль эрх зүйн хүрээнд ил, нээлттэй эх сурвалжаас мэдээлэл цуглуулан, гадаад бодлого боловсруулж, хэрэгжүүлэх институт. Гадаад тагнуулын албыг Абрам Шульски тодорхойлохдоо “Гадаад бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд туслах зорилгоор гадаад улс орнуудын талаарх мэдээллийг хуулийн дагуу болон нууцаар цуглуулах, боловсруулах үйл ажиллагаа” гэжээ. Хууль эрх зүйн хувьд өөр салбарт хамаарах нь уг хоёр албыг салгаж ойлгоход хүргэдэг. Гэвч бодит амьдрал дээр энэ хоёр алба нэгэн зорилгын төлөө бие биеэ нөхдөг хүйн холбоотой гэдгийг дараах жишээгээр тайлбарлаж болно. Дэлхийн II дайны дараа АНУ, Их Британи хоёрын хооронд тогтсон “Онцгой харилцаа”-г урьд өмнө байгаагүй өндөр түвшинд тагнуулын мэдээлэл солилцсоны үр дүн гэж үзжээ. Дайны дараах ихэнх богино хугацааны бодлого, барууны орнуудын талаарх урт хугацааны стратегийн шийдвэрүүдэд тэрхүү мэдээллүүд чухал нөлөө үзүүлсэн. Энэ нь тагнуулын байгууллагын эрх үүрэг нь зөвхөн мэдээлэл цуглуулахаас гадна бодлого боловсруулах, хэрэгжүүлэх дипломат харилцааны хүрээнд ч багтана гэдгийг харуулж байна.  

Нэг үгээр хэлэхэд дипломат алба гадаад тагнуултай биесээ нөхөн нягт хамтран ажиллах нь улс орны аюулгүй байдлыг хангах нэг арга. Энэ нь гадаад талдаа улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дотоодын төрийн байгууллага, агентлагуудын нэгдмэл байдлыг хангах, дотооддоо тэдгээр байгууллага хоорондын нарийн төвөгтэй өрсөлдөөн, ашиг сонирхолын аливаа зөрчил зэргээс үүдэх засаглалын бэрхшээлийг багасгахад эерэг нөлөөтэй байна.    

Тэд өрсөлдөгчид үү?

Тус хоёр албаны зорилго ижил, үүрэг ерөнхийдөө адил байх нь тэднийг өрсөлдөгч мэт ойлгогдоход хүргэдэг. Зорилгоо биелүүлэхийн тулд хэн илүү ажиллах талаар үнэхээр ч заримдаа өрсөлдөөн ажиглагдана. Түүнээс гадна дипломатчидын хувьд өөрт нь мэдэгдэлгүй гүйцэтгэх ажиллагаа явуулдаг тагнуулын мэргэжлийн үйл ажиллагаанд таагүй ханддаг. Жишээлбэл АНУ-ын тагнуулын төв газар 1970 онд Сантъягод суух АНУ-ын элчин сайд Эдуард Корригийн дипломат тээшийг өөрт нь мэдэгдэлгүй гүйцэтгэх ажиллагаанд ашигласан асуудал зэрэг нь хоёр байгууллагын хооронд үл ойлголцол үүсгэж байжээ. Мөн тагнуул хийсэн нь илэрвэл ЭСЯ-ны дипломат ажилтнуудыг хөөн гаргадаг нь хуулийн дагуу ажлаа хийх боломжийг нь таслан зогсоодог тул таатай байхгүй нь бас л ойлгомжтой. Энэ мэт хоорондын таагүй харилцаанаас үүдэн ажлын уялдаа холбоо суларч, хоорондоо зөрүүтэй мэдээлэл төв рүүгээ илгээх эрсдэлтэй байдаг. 9 сарын 11-ны гэгдэх үйл явдлыг зарим судлаач дипломат алба болон тусгай албаны ажилтны ажлын уялдаа муу, мэдээлэл зөрүүтэй, тусгай ажлын шугамаар авсан мэдээллээ бүрэн боловсруулаагүй, шийдвэр гаргагчидын таашаалд нийцсэн мэдээллийг хүргэсэн нь уг үйл явдлаас сэргийлэх боломжийг үгүй хийсэн гэж үзжээ.  

Нэгдмэл байдлын үр өгөөж

Дипломат-тагнуул судлаач Майкл Херман дипломат алба нь 1961 оны Венийн конвенцын дагуу олон улсын эрх зүйн хүрээнд олон улсад ажиллах нээлттэй алба бол тагнуул нь хүлээн зөвшөөрөгдсөнөөс цаашгүй алба гэжээ. Харин энэ байдал 9 сарын 11-ны халдлагын дараа өөрчлөгдөн тагнуулын албаны эрх зүйн байдлыг сайжруулсан гэж үзэх судлаачид байна. АНУ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2001 оны 1373 тоот тогтоол нь бүх улсыг “оператив мэдээлэл солилцоог эрчимжүүлэх, хурдасгах арга замыг эрэлхийлэхийг” уриалсан юм. Энэхүү уриалга нь тагнуулын байгууллагын эрх зүйн байдлыг олон улсын системд нэмэгдүүлэхийн зэрэгцээ тагнуулын мэдээлэл цуглуулах чадавхийг сайжруулахад зарцуулах төсвийг нэмэгдүүлэх үндэслэл болжээ. Жишээлбэл 2014 онд Их Британи болон АНУ-ын тагнуулын албаны төсөв нь дипломат албаныхаас өндөр байв.

Хүйтэн дайны үед дипломат алба болон тагнуулын албаны уялдаа холбоо цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан маш сайн байсан ба түүнээс хойш суларсан гэж үзэх судлаачид байдаг. 1962 оны Кубын пуужингийн асуудлаарх хямралыг дипломат-тагнуулын том жишээ болгон авч үздэг. Тухайн үед Вашингтонд сууж байсан КГБ (Улсыг аюулаас хамгаалах хороо, энэ байгууллага албан ёсны нэрийнхээ КГБ гэх товчлолоор алдаршсан) ажилтан-дипломат Александр Феклисов Америкийн сэтгүүлч Жон Скалитай ярилцжээ. Уулзалтын дараанаас Төрийн департаментын зүгээс Зөвлөлтийн пуужинг Кубаас гаргах асуудлаар хэлэлцээр хийх асуудал яригдаж эхэлсэн бөгөөд улмаар хямралыг намжаахад нөлөөлсөн гэж судлаачид үзжээ. Энэ бол тагнуулын мэдээллийг дипломат аргаар аюулгүй байдлаа хангахад ашигласан жишээ юм. Түүнчлэн өнөөгийн олон улсын системд улс бус этгээд гэх оролцогчид чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Эдгээртэй харилцахад дипломат албаны хязгаарлагдмал байдлыг гадаад тагнуул нөхөж байна. Жишээлбэл Осама Бин Ладеныг устгахад тагнуулын ажиллагаа голлосон ба дипломат албаны оролцоо хязгаарлагдмал байлаа. Энэ бол дипломат алба болоод гадаад тагнуул өрсөлдөгчид гэхээсээ илүү хамтрагчид байж үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд бие биеэ нөхөх нь илүү үр өгөөжтэй болохыг харуулсан жишээнүүд юм.

Ажлын уялдаа, ойлголцол чухал болох нь

Улс орнуудын олон улсын харилцаанд өөрийн байр суурийг бат эзлэх, ашиг сонирхолынхоо үүднээс олон улсын хууль эрх зүйн хүрээнд мэдээлэл цуглуулах, аюулгүй байдлаа хангах хэрэгцээ нь дипломат албаны ажил үүргийн хүрээг улам тэлж байна. Дипломат ажилтан ялангуяа элчин сайд бол хүлээн авагч улсынхаа өндөр дээд албан тушаалтнуудтай тогтмол харилцах боломжтой байдаг нь мэдээллийн эх сурвалжтай хамгийн ойр байж хуулийн хүрээнд мэдээлэл цуглуулж болох боломж юм. Дипломатууд өдөр тутмын үйл ажиллагааныхаа явцад тусгай албанд хэрэгцээтэй мэдээллийн 80 орчим хувийг хуулийн хүрээнд цуглуулдаг гэж үздэг. Тиймээс дипломатч нь энэ мэдээллийг бодитоор олж авах чадвартай, түүнийг боловсруулж, дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагад илгээж, мэдээллийн эх сурвалжуудаа тордож, харилцаагаа хадгалах, ирсэн чиг үүргийг биелүүлж хариу арга хэмжээ авах өндөр чадвартай этгээд байх нь зүй ёсны шаардлага. Кабулд ажиллаж байсан америкийн дипломатч Шоун Кобб нэгэн ярилцлагадаа түүнийг дипломатч биш тагнуулч, эсвэл тагнуулын ажилтан гэж ойлгон Кабул шиг аюултай газар томилох нь эрсдэлтэй байдаг талаар дурьджээ. Үүнээс үзэхэд дипломатч нь тусгай ур чадваруудыг өндөр түвшинд давхар эзэмших нь чухал болох нь харагдана.

Түүнээс гадна байгууллага хоорондын мэдээлэл хуваалцах механизмыг боловсронгуй болгох, ажлын уялдаа холбоог сайжруулж, өрсөлдөх бус ойлголцож хамтран ажиллах, зарим талаар интеграцчилах хэрэгцээ ч үүсч байна гэж зарим мэргэжилтэн үзжээ. Жишээлбэл Израиль улсад Гадаад хэргийн яамны дүн шинжилгээ болон тагнуулын мэдээллийг нэгтгэн зангидах байгууллага байх нь зүйтэй гэж Израилийн цэргийн тагнуулын газрын дүн шинжилгээний газрын дарга, Гадаад хэргийн яамны бодлого зохицуулалтын газрын дарга асан Итзак Орен үзээд тэрхүү газар нь Улс төрийн судалгааны төв байх боломжтой юм гэжээ. Ийм байгууллага байх нь дипломат албаны чадавхийг бүрэн ашиглан улсынхаа стратегийн зорилтыг хэрэгжүүлэн аюулгүй байдлаа хангах ирээдүйн боломж гэж тэрээр тайлбарласан байна. Израилийн Гадаад хэргийн яамны дэргэдэх Улс төрийн судалгааны төв нь гадаад, дотоодын эх сурвалжуудаас тусгай албаны зориулалттай мэдээллийг цуглуулж судлан бодлогын зөвлөмжтэй интеграцчилах ажлыг хийдэг байна. Тус төвийн хийсэн сайн судалгааны нэг нь Башар аль Асадын үед Газын зурваст нөхцөл байдал муудаж болзошгүйг сануулсан судалгаа юм. 

Харин хүлээн авсан мэдээллээ хэрхэн, ямар хэлбэрээр, хэр үр дүнтэй ашигладаг вэ гэдэг нь тухайн улсын аюулаас хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын анхааралаа хандуулах асуудал юм. Зарим жижиг улсын хувьд төрийн байгууллага, албадын хөгжил хангалтгүй, хүний нөөцийн чадамж сул, төрийн захиргааны байгууллага хоорондын үл ойлголцол, өрсөлдөөнч байдлаас шалтгаалан аюулгүй байдал алдагдах эрсдэл үүсдэг ажээ. 

Дүгнэлт

Улс орнуудын олон улсын тавцанд таатай байр суурь эзлэх, харилцаандаа ашигтай байдал үүсгэх, ашиг сонирхолын бүхий л чиглэлээр аль болох их мэдээлэл цуглуулах оролдлого нь дипломат харилцааны хүрээг улам өргөжүүлж байна. Өдөр тутмын үйл ажиллагаа, чиг үүргээрээ ялгаатай ч түүхэн нэг үүсэл гаралтай, зорилго чиглэл нэгтэй дипломат алба, тагнуулын алба хоёр нь харилцан бие биеэ нөхөн, үйл ажиллагаагаа уялдуулж өргөжүүлж байх нь улс үндэстний аюулгүй байдал, гадаад бодлогоо хэрэгжүүлэх баталгаа юм. Ялангуяа өнөөгийн ертөнцөд улс бус этгээдтэй харилцахад дипломат албаны хязгаарлагдмал байдлыг тусгай алба нөхөх боломжтой нь аюулгүй байдалд чухал үүрэгтэй. Гадаад тагнуул бол дипломат албаны өрсөлдөгч бус түүнийг дэмжих нэгэн бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ бүхнээс харахад дипломат алба нь улс орны гадаад бодлогыг хэрэгжүүлж, аюулгүй байдлыг хангахын тулд тусгай албатай ойр ажиллах хэрэгцээ өссөөр байна. Энэ бүхэн нь эцсийн дүндээ улс үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах гадаад бодлогын зорилгоо биелүүлэхийн тулд нэгэн зорилгын дор нэгдэн ажиллаж байгаа хэрэг юм.

https://www.europeanperspectives.org/storage/105/03-International-Scientific-Journal-on-European-Perspectives-December-2020-DIPLOMACY.pdf

https://strategicassessment.inss.org.il/en/articles/between-intelligence-and-diplomacy-the-information-revolution-as-a-platform-for-upgrading-diplomacy/

https://oxfordre.com/internationalstudies/view/10.1093/acrefore/9780190846626.001.0001/acrefore-9780190846626-e-151#acrefore-9780190846626-e-151-bibItem-36

https://www.strifejournal.org/wp-content/uploads/2020/05/STRIFE_10_01_RAJE_1_13.pdf


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА