Аж үйлдвэрийн 4-р хувьсгал хүн төрөлхтний амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчилж байна. Технологийн шинэ эрин үеийн нөлөөгөөр виртуал бодит байдал, хиймэл оюун ухаан, роботын хөгжил хүний ажиллах, амьдрах дадал төдийгүй хүн хоорондын харилцааг сууриар нь өөрчилж байна гэж “Дэлхийн эдийн засгийн форум”-ыг үндэслэгч профессор Клаус Шваб тэмдэглэсэн байдаг. Үсрэнгүй хөгжиж буй шинжлэх ухааны инновац нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт ойртуулж, мэдээлэл хүлээн авах боломжийг нэмэгдүүлж, нийгмийн салбар бүрт чанарын өндөр өөрчлөлт гаргасан эерэг нөлөө байгаа хэдий ч нөгөөтээгүүр эдгээр технологийн хөгжлийн сөрөг нөлөө, үр дагавар болон авах хариу арга хэмжээ ямар байх вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарч буйг аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сүүлийн 10 гаруй жил хурдацтай хөгжиж, зах зээл нь хүлээлтээс илүү тэлж буй технологийн эрин үеийн нэг төлөөлөл бол зайнаас удирддаг агаарын хөлөг, нисгэгчгүй онгоцны систем (НОС) буюу дрон юм.
Дроны хэрэглээ ба зах зээл
1990-ээд оны үеэс цэрэг-тагнуулын зориулалтаар ашигладаг байсан нисгэгчгүй онгоцны систем нь 2000 оноос хойш техник технологийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр ХАА, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг аж үйлдвэр, эрэн сурвалжлах, аврах ажиллагаа зэрэг тусгай зориулалтаар төдийгүй чөлөөт цагаа өнгөрөөх арга хэрэгсэл болон өргөн хүрээнд тархаж байна.
Дэлхийн дроны зэх зээлийн судалгаа эрхэлдэг DRONII (Drone Industry Insights)-ийн дүгнэлтэд тулгуурлавал дэлхийн дроны зах зээлийн дүн 2020 онд 22.5 тэрбум ам.доллар байсан бөгөөд жилийн дундаж өсөлт 13.8% гэж тооцоход 2025 онд хоёр дахин буюу 42.8 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байна. Ялангуяа дрон ашигладаг хүргэлтийн үйлчилгээний салбар маш хурдацтай өргөжих бөгөөд Азийн бүс нутаг дэлхийн хамгийн том дроны зах зээл болно хэмээн таамаглаж байна. Өнөөдрийн байдлаар АНУ, БНХАУ дангаар дроны зах зээлийн 2/3 хувийг эзлэж байна. Үүний дараа Япон, Энэтхэг (2018 онд хуулиар зөвшөөрсөн)-ийн дроны зах зээл өсөн нэмэгдэх хандлагатай байна. Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг бүхэлдээ хямралд орсон ч дроны зах зээл эсрэгээрээ тэлсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд өндөр үр ашигтай ажилласан байна (DRONII.com, 2020).
Дроны халдлага
Энэхүү технологийн хөгжил нь нөгөө талаас дрон ашиглан хүний хувийн амьдралд халдахаас эхлээд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаа, терроризмын аюул занал өсөн нэмэгдэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болдог. Иймд дроны хөгжилтэй зэрэгцэн дроноос хамгаалах тогтолцоог хэрхэн шийдвэрлэх асуудал тусгай албадад томоохон сорилт учруулж байна.
Дрон ашиглан халдлага үйлдсэн олон арван жишээний заримыг дурдвал 2021 оны 6 дугаар сард Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудал руу дроноор халдлага үйлдсэн, 2019 оны 9 дүгээр сард Саудын Арабын газрын тос олборлогч компани Арамко-гийн дэлхийд хамгийн томд тооцогдох газрын тос боловсруулах үйлдвэр дээр дрон ашиглан тэсрэх бөмбөг хаясан бол 2018 оны 12-р сард Лондон хотын Гэтвик олон улсын нисэх буудал руу дрон нисэж ирснээс болж онгоцны буудлыг хаах хүртэл арга хэмжээ авч байжээ. БНСУ-д Умард Солонгосын талаас удаа дараа дрон нисэж ирснийг илрүүлсэн бөгөөд атомын цахилгаан станц зэрэг улсын онц чухал обьектын ойролцоо хууль бусаар нисгэгчгүй онгоцны систем нисэж байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлсэн байна.
Дээр дурдсанчлан дрон ашиглан үйлдэгдэж болзошгүй халдлага, террорист ажиллагаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор дроноос хамгаалах тогтолцоо /Anti-drone system/-г бүрдүүлэхээр улс орнууд ханцуй шамлан ажиллаж байна.
Дроноос хамгаалах тогтолцоог нэн тэргүүнд улсын онц чухал обьектууд, төрийн тусгай хамгаалалтын обьектууд болон олон нийтийг хамарсан хурал, үзвэр болон спорт арга хэмжээ зохион байгуулагддаг газруудад бүрдүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Дроны төрөл, аюул занал
Дроныг хэлбэр, хэмжээ, жин, хурд, нислэгийн өндөр, даац, хүчин чадал гэх зэрэг олон төрлөөр ангилж болох боловч аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдлээр нь гурван хэмжээст дроныг хамгийн аюултайд тооцдог байна. Үүнд:
1. Туулах чадварын хувьд холын зайд нисэх боломжтой. Энэ нь ихэвчлэн дунд ба том оврын дрон байх ба хэдэн арван километр зайг туулах хүчин чадалтай.
- Даацын хувьд хэдэн килограмм хүртэл ачааг зөөвөрлөх боломжтой тул тэсрэх бөмбөг, хар тамхи, мансууруулах бодис, зэвсэг тээвэрлэх эрсдэлтэй.
- Цаг агаарын хүнд нөхцөлд нислэг хийх буюу хүчтэй салхи эсэргүүцэж, нислэгийн чиглэлээ алдахгүй байхаар бүтээгдсэн байдаг.
Ийм төрлийн дроны аюул заналыг 4 ангилан үзэж болно. Үүнд:
- Халдлага (Attack)
Дрон нь тэсрэх бодис, хими, биологийн зэвсэг зөөвөрлөх боломжтой тул дроноор улсын онц чухал обьект, төрийн өндөр албан тушаалтан, олон нийтийг чиглэсэн халдлага хийх эрсдэл өндөр.
- Мөргөлдөөн (Collision)
Дрон нь агаарын тээврийн хөлөг болон хүмүүст их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй. Дроныг алсаас удирдаж, санаатай болон болгоомжгүйгээр нисэх онгоцны ойролцоо эсвэл нислэгийн зам руу илгээвэл энэ нь нисэх багийн гишүүд, зорчигчдыг эрсдэлд оруулна.
- Хувийн орон зайд халдах болон тагнан турших (Invasion of privacy or espionage)
Ихэнх дронууд өндөр хүчин чадалтай камераар тоноглогдсон байдаг тул хаалттай мэдээлэлд нэвтрэх боломжтой байдаг. Түүнчлэн дрон ашиглан хувь хүн, ААН, засгийн газрын байгууллагуудын эсрэг тагнан турших ажиллагаагд ашиглах боломжтой. Ийм төрлийн дронууд холын зайд нислэг үйлдэхээс гадна, дроныг хаанаас удирдаж байгааг олж тогтоох боломж нэн хязгаарлагдмал байдаг.
- Хууль бусаар хил давуулах (Smuggling)
Дрон ашиглан хар тамхи, мансууруулах бодис, зэвсэг болон бусад эд зүйлийг хилээр хууль бусаар нэвтрүүлэх тохиолдол нэмэгдэж байгаа нь хилийн хамгаалалтад тулгамдсан асуудлын нэг болж байна. Гадаадын зарим оронд дрон ашиглан хоригдлуудад бараа бүтээгдэхүүн нууцаар хүргүүлэх явдал ихээхэн гардаг тул харгалзагч нар энэ тал дээр анхаарал хандуулдаг аж.
Дроноос хамгаалах систем
Дроноос хамгаалах систем гэдэг нь гэмт хэрэг, терроризм зэрэг нийтийн аюулгүй байдал, дэг журамд заналхийлсэн үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хууль сахиулах байгууллагууд, холбогдох техник технологийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй эрх зүй, зохион байгуулалт, техникийн түвшинд хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаа гэж тодорхойлж болно (И Дунхег, Кан Уг, 2019).
Дроноос хамгаалах технологийн хувьд гадаад орнуудын туршлагаас үзвэл илрүүлэх, таних, хаах буюу аюулгүй болгох (Detection-Identification-Blocking) гэсэн гурван түвшинт системийг өргөн ашиглаж байна. Дроны онцлогоос хамаарч түвшин бүрт ашиглах технологийн шийдэл ялгаатай. Илрүүлэх шатанд акустик буюу дуугаар илрүүлэх, цахилгаан долгион ашиглан илрүүлэх (өдөр, шөнө), радио долгион ашиглан илрүүлэх (өдөр, шөнө), камер ашиглан илрүүлэх гэсэн 4 үндсэн аргыг ашигладаг. Аль нэг аргыг дангаар ашиглах нь найдвартай биш тул сүүлийн үед энэ 4 аргыг хослуулан ашиглахыг илүүд үзэж байна.
Дуу, чимээгээр илрүүлэх арга нь дроны мотор, эргэлтийн чимээгээр байршлыг тогтоох боловч орчны дуу чимээ, цаг агаарын хүнд нөхцлөөр хязгаарлагддаг бол цахилгаан долгион нь орчны бусад цахилгаан долгионд дарагдах сул талтай. Радио долгион нь холын зайд хяналт хийх боломжтой ч зардал маш өндөр. Камерын илрүүлэлт нь цахилгаан оптик болон хэт улаан туяа ашиглан хүний нүдэнд харагдахгүй биетийг холын зайнаас таних боломжтой хэдий ч бүх талбайг нэг дор хянах бололцоогүй юм. Дроныг таних ажиллагаа илрүүлэлттэй залгаад маш богино хугацаанд хийгдэх ёстой бөгөөд хугацаа алдах тусам хариу арга хэмжээ авах боломж багасна. Хариу арга хэмжээ авах аргыг шууд устгах хатуу (Hard kill) арга болон хүчээр зогсоох зөөлөн (Soft kill) арга гэж ангилж үздэг. Зөөлөн аргад дараах 3 төрлийг өргөн ашиглаж байна. Үүнд:
- Цахилгаан долгионы тасалдал үүсгэх (Jamming) арга нь дроны радио холбоо болон байршил заагчийн ажиллагааг тасалдуулахад чиглэдэг бөгөөд ингэснээр дрон анхны байрлал руугаа буцаж очих эсвэл холбоо сэргэх хүртэл нислэг үйлдэж буй байрлалаа хадгалах, тэндээ газардах зэргээр тохиргоо хийгдсэн байдаг. Энэ арга нь хамгийн хямд бөгөөд үр дүнтэй аргад тооцогддог хэдий ч дронтой ижил давтамж ашиглаж буй бусад төхөөрөмжүүдийн ажиллагааг тасалдуулах сул талтай.
- Програм хангамжид нэвтрэхээс урьдчилан сэргийлэх (Geo-fencing) арга нь дрон нисэхийг хязгаарласан байршлын тохиргоог урьдчилан програмчилсан байдаг ч програм хангамж нь халдлагад өртөх эрсдэл хэзээд байдаг.
- Удирдлагыг авах (Spoofing) арга нь дрон нисгэгчийн удирдлагын дохиог замаас нь олзолж, байршил заагчид нэвтэрснээр өөр газарт дроныг буулгах үр дүнтэй арга юм.
Зөөлөн аргын хувьд зарим бэрхшээл гардаг тул хатуу аргыг боловсруулах шаардлага тулгардаг. Иймд гадны орнууд лазер, цахилгаан соронзон импульс ашиглан дрон унагах зэвсгийг цэргийн байгууллагууддаа тулгуурлан хөгжүүлж байна.
Дроноос хамгаалах системийг гадаадын улс орнууд олон улсын томоохон арга хэмжээний үеэр болон нисэх онгоцны буудал зэрэг улсын онц чухал обьектууд дээр суурилуулан өргөн ашиглаж байна. Тухайлбал Япон улс 2021 оны Токиогийн олимпын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд дроноос хамгаалах систем бүтээхийн тулд үндэсний чадвараа дайчлан ажилласан бөгөөд дроны холбогдох эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, олимпын тоглолт зохион байгуулагдсан 24 байршил болон үндэсний цэнгэлдэх хүрээлэнг дрон нисэхийг хориглосон газрын жагсаалтад нэмж оруулсан байна. Тоглолтуудын үеэр Японы цагдаагийн алба хаагчид сэжигтэй дроныг илрүүлэх, цагдаагийн дрон ашиглан тороор барих болон холбоо харилцааг нь таслах аргуудыг ашигласан байна.
Дроны хэрэглээ манай улсад
Дэлхий нийтийн нэг адил манай улсын хувьд ч дроны асуудал хурцаар тавигдаж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд дроны хэрэглээ хурдацтай тэлж, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах хэрэгцээ өсөн нэмэгдэж байна. Монгол Улсад дроны эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй бөгөөд энэхүү харилцааг иргэний нисэхийн багц дүрмийн дагуу зохицуулж байна.
Иргэний нисэхийн багц дүрэмд зайнаас удирддаг агаарын хөлгийн системийн талаар дараах 2 үндсэн хэсэгт тусгасан байна. Үүнд:
- Иргэний нисэхийн дүрэм 101 “Жироглайдер ба парасейл, хүнгүй агаарын хөлөг, бөмбөлөг, цаасан шувуу, пуужингийн үйл ажиллагааны дүрэм”, ба
- Иргэний нисэхийн дүрэм 102 “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгч, гэрчилгээжүүлэлт”
Түүнчлэн Зайнаас удирддаг агаарын хөлгийн системийн үйл ажиллагаа эрхлэгч нь Иргэний нисэхийн дүрэм 91, 71 зэргийг үйл ажиллагаандаа харгалзан үзэх шаардлагатай хэмээн заасан байна.
Монгол улсад дрон оруулж ирж, ашиглаж байгаа хүн бүр Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамжийн зөвшөөрөл авах шаардлагатай байдаг ч энэ талаар иргэд мэдээлэл хомс байдгаас тэр бүр хэрэгждэггүй.
Дүгнэлт
Технологийн дэвшлээр шинэ тутам хөгжиж буй дроныг ахуй амьдралд хэрэглэхээс гадна түүнийг ашиглан халдлага үйлдэх, нийтийн аюулгүй байдалд заналхийлэх явдал гарч буй тул дроны хэрэглээг зохистой дэмжихийн хажуугаар аюулгүй байдлын цогц арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Дрон ашиглан үйлдэж буй гэмт үйлдлийн онцлог нь хотын их хөдөлгөөн, цахилгаан долгионы торон сүлжээн дунд дроныг удирдаж буй байршлыг илрүүлэх болон дрон ашиглан үйлдсэн гэмт хэргийн захиалагч, операторыг хэрэгт холбоотой эсэхийг тогтоох боломж нэн хомс байдагт оршино. Иймд манай орны хувьд дроноос хамгаалах системийг бий болгох үүднээс хууль, эрх зүй, зохион байгуулалт, технологийн шийдлийг хослуулах шаардлага тулгарч байна. Түүнчлэн аюултай дроныг хянах, бүртгэлжүүлэх, хилээр нэвтрүүлэхэд олон улсын баталгаажуулалтын гэрчилгээ шаардах болон тодорхой хязгаарлалт тавих механизмыг бүрдүүлэх нь зүйтэй.
Монгол улсын хувьд өргөн уудам газар нутагтай тул үндэсний хэмжээний дроноос хамгаалах системийг байгуулах нь цаг хугацаа, хөрөнгө их зарцуулах тул нэн тэргүүнд хилийн хамгаалалт, улсын онц чухал обьект, дэд бүтэц, төрийн тусгай хамгаалалтын обьект, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явагдаж буй газруудад дроноос хамгаалах тогтолцоог бүрдүүлэх нь цаашид гарч болзошгүй эрсдэл, түүнээс гарах хохирлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой гэж үзнэ.
Эх сурвалж:
- 국가중요시설의 Anti-drone 시스템구축에 관한 실증연구, 박사학위논문, 곽해용 2021년 2월
- https://www.ifsecglobal.com/drones/counter-drone-tactics-which-drones-are-a-real-threat-and-which-arent/
- https://www.secuteck.ru/articles/drony-v-gorode-novye-vozmozhnosti-ili-novye-ugrozy
- https://asia.nikkei.com/Spotlight/Tokyo-2020-Olympics/Japan-plans-defenses-against-drones-at-Olympic-venues
- https://droneii.com/
- www.kommersant.ru/doc/4109237
- https://ria.ru/20190924/1559083020.html
- http://lib.secuteck.ru/imag/ss-5-2019
- https://www.mcaa.gov.mn/?p=1294
- https://mcaa.gov.mn/wp-content/uploads/2016/02/AC-101-1.pdf
- https://www.dedrone.com/resources/incidents/all?bd17d27c_page=2
- https://crc.gov.mn/contents/raw/2/8/381/UAV.pdf
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНХАУ-ын хилийн бүс ба хамтын ажиллагаа (II)Дараах нийтлэл
Жижиг улсын аюулгүй байдал ба дипломат албаСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19