Хятадын Өвөр Монголын Эрээнхотын боомт, хилийн бүс нь Нээлттэй хөгжүүлж буй туршилтын таван бүсийн нэг, мөн Хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны 17 бүсийн нэгд тооцогдож байна. Монгол, Хятадын хилийн боомтын хамтын ажиллагаанд өдгөө тулгарч буй бэрхшээл Хятадын бусад улстай хиллэдэг боомтуудад мөн адил тулгарч байсан ажээ. Энд Хятад улс хөрш улстайгаа хилийн бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлсэн харьцангуй эрт үеийн туршлага болох өмнөд хилийн боомтуудыг авч үзлээ.
Хятад, Мяньмарын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс
Хятад Мяньмарын Руйли-Мүзие хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс\ХЭЗХАБ\-ийн хөгжил харьцангуй эрт эхэлсэн. 1980-аад онд тус боомтыг нээлттэй бүс болгож, 1990 онд хилийн худалдааны бүс байгуулсан. 2000 оны 8 сарын 28-нд Хятадын талын Руйли боомтод гааль, хорио цээр, хилийн шалганыг хилийн гүн рүү оруулж, хамтын шалгалтын төвийг байгуулсан нь Хятадын анхны “хилийн доторх гааль” болжээ. Өөрөөр хэлбэл Хятадын дотоодоос ирж буй бараа бүтээгдэхүүн тус хилийн худалдааны бүсэд нэвтэрлээ бол гаалиар гарч экспортлогдсонд тооцогдож, дахин гаалиар хянагдахгүй, цаанаас орж ирж буй бараа ч тэрхүү бүс дотор орж ирсэн ч импортлогдсонд тооцогдохгүй, гаальд мэдүүлэхгүй.
2010 онд гаргасан холбогдох төлөвлөлтийн дагуу Хятадын талын Руйли хот бүхэлдээ 1020 км2 нутаг, Мяньмарын Мүзие хот, Зюгү хотын 300 км2 нутаг, нийт 300 мянган хүн амыг хамарсан хамтын ажиллагааны бүс байгуулжээ. Үүнээс “Гаалийн онцгой хяналтын загвар”-тай Зиегао ба Мүзие хотын бүсийг төв бүс болгож, бусад эргэн тойрны 600 км2 нутаг дэвсгэрийн өргөтгөсөн бүсийг гол үйл ажиллагааны бүс болгожээ. Тус бүсэд ус, цахилгаан, холбоо харилцаа, зам тээвэр, дэд бүтэц буюу төмөр зам, авто зам, хурдны зам байгуулагдсан байна.
Үүнээс гадна Хятад Мяньмарын газрын тосны хоолойн төсөл уг бүсэд шинэ боломж авчирсан байна. 2000 оноос хойш тус бүсэд Хятад Мяньмарын хилийн эдийн засаг худалдааны яармагийг олон жил зохион байгуулж механизм болгожээ. Мөн Хятад Мяньмарын хилийн худалдааны удирдах байгууллагын тогтмол уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизм байдаг.
Хятад, Лаосын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс
Тус боомт Хятадаас Зүүн өмнөд Ази руу гарах хамгийн дөт хуурай замын маршрут дайран өнгөрдөг. Могань боомтыг 1993 онд нээсэн ба 2001 онд албан ёсоор хилийн худалдааны бүс болгосон, 2006 онд Моганий эдийн засгийн нээлттэй бүс хэмээн нэрийг нь өөрчилжээ. Хятад АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаас хойш тус нээллтэй бүсийн ач холбогдол өсч, хөгжил нь түргэссэн байна.
2010 онд хоёр талын орон нутгийн захиргаа хоорондоо “Хятадын Могань-Лаосын Модиний хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулжээ. Уг хэлэлцээрийн дагуу тус бүсийг төв ба өргөтгөсөн бүс гэж хоёр ангилсан. Хамтын ажиллагааны бүс нь Аялал жуулчлал худалдааны, Агуулах бараа тээврийн, Татварын хамгаалалттай бүс, Боловсруулах үйлдвэрлэлийн, Цогц үйлчилгээний гэсэн таван хэсэг бүсээс бүрдэнэ. [i]
Хятад, Вьетнамын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс
2010 оны 6 сарын 8-ны өдөр Юньнань мужийн захиргаа, Вьетнамын Лаозие мужийн Ардын хороо хооронд “Хятад Вьетнамын Хөкоу-Лаозие хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу эхний ээлжинд 5 км2 талбайг бүсийн төв болгож, бараа тээвэр, олон улсын хурал, экспорт импортын татварын хамгаалалттай боловсруулах үйлдвэр, санхүүгийн даатгалын үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ гэх мэтийг төвлөрүүлжээ. Хоёр дахь шатанд бүсийг 129.8 км2 талбайгаар өргөтгөн тэлж, хоёр улсын эрчим хүч, уул уурхай, технологийн хамтын ажиллагаа, ХАА мод боловсруулалт, худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлж, экспорт импортын түшиц газар болгожээ.
Дэд бүтцийн хувьд авто замаар бараа шалган нэвтрүүлэх тоног төхөөрөмж, гүүрэн зам, хурдны зам, төмөр зам байгуулсан ба усан тээвэр, усан боомтын хамтарсан шалган зэрэг ажлыг мөн идэвхжүүлж байгаа ажээ.
Хамтын ажиллагааны механизмын тухайд Хөкоу гацаа, Лаозие хот хоёр талын хамтарсан тогтмол уулзалтын механизм бий. Мөн тус хоёр тал 2001 оноос хойш Хятад Вьетнамын хилийн эдийн засаг худалдааны хурал зохион байгуулж ирсэн нь хамтын ажиллагааны бас нэгэн талбар болоод байна.
Менежментийн тогтолцооны хувьд бүсийн төвд “хоёр улс нэг бүс, хаалттай үйл ажиллагаа, хилийн доторх гааль, чөлөөт худалдаа” гэсэн менежментийн загварыг хэрэглэж, чөлөөт худалдааны бүсийн холбогдох бодлогыг хэрэгжүүлжээ. Тухайлбал, хоёр талд хүчинтэй бичиг баримтаар орж гарах, машин бараа нэвтрэх, валют чөлөөтэй солих, хөрөнгө оруулалтыг дэмжих, орлогын татварт хөнгөлөлт үзүүлэх гэх мэт. Харин өргөтгөсөн бүсэд “төлөвлөгөө, төлөвлөлтийн зохицуулалт, хөдөлмөр хуваарилалт, харилцан ашигтай” менежментийн загвар хэрэгжүүлж, нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн зохицуулалт, харилцан нөхөх харьцангуй давуу талуудаа ашиглан хөдөлмөр хуваарилалт хийж, хамтдаа хожих юм.
Хилийн хамтын ажиллагааны бүсэд тулгардаг бэрхшээл
Бодлогын зөрүү: Улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХЭЗХАБ-ийн голлох үүргийг Хятад гартаа авах хандлага үүсдэг. Вьетнам, Мяньмар, Лаос гурван улсын хилийн бодлого, арга хэмжээ нь голдуу хятадын талд хөтлөгдсөн байдалтай гардаг ажээ. Түүнээс болоод Хятадын тал нэн идэвхтэй байхад нөгөө талын улс “хязгаарлах” хандлага аяндаа үүсдэг. Ийм байдал ялангуяа Мяньмар, Лаос улсаас гардаг аж. Тиймээс хоёр талын төлөвлөлт нийцэхгүй, төлөвлөгөө зохицуулалтгүй болж ХЭЗХАБ-ийн бүтээн байгуулалтыг ихээр хойш татдаг байна. ХЭЗХАБ-ийн үүрэг функцийг талууд өөр өөрөөр тодорхойлсноос гаргах төлөвлөгөө гэх мэт нь ондоо болдог ажээ. Тухайлбал Мяньмартай ХЭЗХАБ-ийг Хятадын тал экспорт импортын худалдаа, татварын хамгаалалттай агуулах, боловсруулах үйлдвэр зэрэг есөн зүйлийг нэгтгэн цогц ХЭЗХАБ гэж тодорхойлсон байхад Мяньмарын талын тодорхойлолт бүрхэг байдгаас угталцахгүй байх тал үүссэн байна.
ХЭЗХАБ-ийн оролцогч хоёр улсын хилийн бүсдээ хэрэгжүүлж буй бодлогын зөрүү, ялгаанаас болоод хөрөнгө мөнгө, хүний нөөц, технологи, аж ахуйн нэгжүүд нь илүү хөнгөлөлт үзүүлж байгаа тэр талдаа бөөгнөрөх, тэр тал руугаа урсах хандлагатай байдаг ажээ. Тиймээс бодлогын хоцрогдолтой талдаа ашиг багатай тусах тал бий.
Удирдлага менежментийн загварын зөрүү: ХЭЗХАБ-ийг хэрхэн үр дүнтэй удирдан зохицуулах вэ гэдэг асуудал үргэлж хүндрэлтэй тулгарч иржээ. Эдүгээ түгээмэл байгаа нь хоёр тал өөр өөрийн талаа удирдаж зохицуулах ба тогтмол хэлэлцдэг менежментийн загвар зонхилж байгаа. Дээрх гурван ХЭЗХАБ-ийн тухайд төв бүсдээ “хоёр улс нэг бүс, хаалттай үйл ажиллагаа, хилийн доторх гааль, чөлөөт худалдаа” гэсэн менежментийн загварыг хэрэгжүүлж, талууд тус бүр удирдах байгууллага байгуулан, өөрийн улсын хууль эрхзүйн дагуу харъяалж буй төв бүсээ удирдах ба хамтын ажиллагаанд тулгарсан асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэж буй. Өргөтгөсөн бүсэд “нэгдсэн төлөвлөлт, нэгдсэн зохицуулалт, хөдөлмөр хуваарилалт, харилцан ашигтай” байх үйл ажиллагааны менежментийн загварыг хэрэглэдэг. Өргөтгөсөн бүс хаалттай биш, тухайн тал төв бүстэйгээ хамтатган дангаараа удирддаг. Тухайлбал Вьетнамтай байгуулсан ХЭЗХАБ-д хоёр тал тус бүрдээ Менежментийн зөвлөл байгуулсан, харин хоёр талаасаа хамтраад тээвэр, гааль, хил хамгаалал, хорио цээр, боомт, худалдааны нэгжийг байгуулжээ. Хоёр талын Менежментийн зөвлөл тогтмол уулзаж, хоёр талын салбаруудын ажлыг зохицуулдаг. Хоёр талын орон нутаг тус бүрдээ менежментийн бүтцийг бий болгож, өргөтгөсөн бүс дэх өөрчлөлт шинэчлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн нөгөө талтайгаа тогтмол уулзалт зохион байгуулдаг. Энэ загвар талуудад өөр өөрсдийн хэсэгт эзэн мэдэх эрхтэй байлгадаг боловч үйл ажиллагаа чирэгдэх, нэг тал дангаар хариуцах, ололт амжилт буурах зэрэг бэрхшээл гардаг байна.
Үүнээс гадна хилийн бүсэд тулгарч буй бэрхшээл бол хягаар нутагт үйлдвэрлэл сайн хөгжөөгүй, сул байдаг тул зөвхөн хилийн худалдаанд түшиглэж орон нутгийн төсвөө бүрдүүлэх хандлагатай, тэднийгээ түлхүү дэмжих явдал бодит байдал дээр гардаг ажээ.
ХЭЗХАБ-ийн нийтлэг онцлог тал:
Нэгд, ХЭЗХАБ-ийг хил залгаа орнуудын Засгийн газрын удирдлага дор холбогдох орон нутгийн засаг захиргааныхан хариуцаж, хил дамнасан хамтын ажиллагааг өрнүүлдэг. Хамтын ажиллагааны субъект нь тухайн хилийн бүсийн орон нутгийн засаг захиргаа байх юм. Тиймээс холбогдох гэрээ, хэлэлцээрийг орон нутгийн засаг захиргаад хоорондоо байгуулж, гарын үсэг зуран хэрэгжүүлдэг.
Хоёрт, талуудын Засгийн газрын удирдах үүрэг бол 1) хоёр тал хамтарсан баримт бичгээр уг бүсийг байгуулахыг зөвшөөрсөн байна \хамтарсан мэдэгдэл, санамж бичиг гэх мэтээр\. 2) Бүсийн хөгжлийг дэмжсэн бодлого авч хэрэгжүүлэх, ялангуяа урамшуулал, хөнгөлөлтийн бодлого батлана. 3) Орон нутгийн засаг захиргаанаас тухайн бүсийг байгуулахаар гаргасан хүсэлт өргөдлийг хүлээн авч, шаардлагатай онцгой эрх мэдлийг орон нутагтаа олгоно. 4) Тухайн бүсийн үйл ажиллагааны явцад Засгийн газраас шийдвэрлэх шаардлагатай тулгарсан асуудлыг шийдэж өгнө.
Гуравт, хамтын ажиллагааны агуулга нь худалдаа ба хөрөнгө оруулалт бөгөөд шаардлагатай бол зам тээвэр, харилцаа холбоо, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг хамарна.
Дөрөвт, олон улсын байгууллагаас дэмжлэг авах боломжтой байдаг. Тухайлбал, Хятад, Мяньмар, Камбожи, Вьетнам, Лаос, Тайланд гэсэн 6 улсын Мекон голын дэд бүс нутгийн хамтын ажиллагааны төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмсэн ба энэ нь Мянганы хөгжлийн зорилтыг хангах хүрээнд хийгджээ.
ХЭЗХАБ-ийн хууль эрхзүй гурван түвшнээс бүрддэг. Үүнд: дээд, дунд, анхан хэмээх гурван шатлал буюу Засгийн газрын түвшинд байгуулсан гэрээнүүд, орон нутгийн засаг захиргаанаас баталсан дүрэм журам болон бүсийг удирдах менежментийн арга хэмжээнүүд багтана.
Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр олон улсын эрхзүйн хэв шинжтэй учраас дараа нь улс дотроо тухайн бүстэй холбоотой батлах дүрэм журам нь энэ гэрээ хэлэлцээртэй харшилдсан байх ёсгүй.
Дотооддоо баталж буй хууль журам, орон нутгийн засаг захиргаанаас гаргаж буй дүрэм журам бол ХЭЗХАБ-ийн хувьд гол цөм нь агаад тухайн бүсийн унах сэхэхийг шийдвэрлэх үүрэгтэй эрхзүйн баримт бичиг юм. Хоёр улсын тохирсон хэлэлцээрийг илүү нарийвчлан шат дараатай тодорхой болгож өгдөг. Урамшууллын бодлого, менежментийн зохицуулалтын арга хэмжээ бол тус тусын бүс дэх удирдлагын тогтолцоо, гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх, хил нэвтрэлтийг хялбарчлах, татвар… агуулах, тээвэр ложистикийн төв байгуулах, зам тээврийг саадгүй нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого, байгаль орчны хамгаалал гэх мэт багтана.
Тус бүсийг өөрийг нь шууд удирдан зохицуулах хууль журам хамгийн анхан шатны эрхзүйн баримт бичигт тооцогдоно.
ХЭЗХАБ-ийн үйл ажиллагааг механизмаар бататгах нь
ХЭЗХАБ-ийн үйл ажиллагааг дэс дараалалтай, хэвийн явуулахын тулд эрүүл тохиромжтой механизм бүрдүүлэх шаардлагатай. Энэ механизм мөн гурван шатлалаас бүрдэнэ.
Нэг. Холимог зөвлөл: ХЭЗХАБ-д Холимог зөвлөл байгуулж ажилладаг. Энэ бол шийдвэр гаргах хамгийн дээд бүтэц ба ХЭЗХАБ-ийн оролцогч талуудын орон нутгийн засаг захиргааны дээд түвшний төлөөлөгчдөөс бүрдэнэ. Холимог зөвлөл ерөнхийдөө хамтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг. Тодруулбал талуудын өндөр түвшний төлөөлөгчид хамтран Холимог зөвлөлийн хурлыг удирдана, эсвэл ээлжилж болно, өөрөөр хэлбэл талуудын тэргүүлэгчид ээлжлэн хурлыг удирддаг байх юм. Холимог зөвлөл жилд нэг удаа тогтмол хуралдана, аль нэг талаас хүсэлт тавьсан тохиолдолд онцгой хурлыг хуралдуулж болно. Холимог зөвлөл дараах асуудлуудыг шүүн шийдвэрлэж болно. Үүнд: ХЭЗХАБ байгуулах тухай гэрээний тайлбар, ХЭЗХАБ-ийн гэрээний хэрэгжилт дэх аливаа асуудал, ХЭЗХАБ-ийн цар хүрээ түүнийг тэлэх тухай, ХЭЗХАБ-ийн гэрээний хэрэгжилттэй холбоотой маргааныг шийдвэрлэх, ХЭЗХАБ-ийн Менежментийн зөвлөлөөс өргөн барьсан эдийн засгийн хамтын ажиллагааны үйл ажиллагааны болон ажлын тайланг хэлэлцэх зэрэг болно. Холимог зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлыг хамтарсан юмуу ээлжит удирдлагаас дэвшүүлэх, эсвэл нэг талаас санал болгосон сэдвийг нөгөө тал нь зөвшөөрснөөр тогтоно. Холимог зөвлөлийн шийдвэрийг хоёр тал хэлэлцэж санал нэгдэх замаар гаргах ба талуудад болон ХЭЗХАБ-д эрхзүйн чадамжтай байна.
Менежментийн зөвлөл: Менежментийн зөвлөл бол ХЭЗХАБ-ийн хэлэлцээрийг гүйцэтгэгч байгууллага ба бүсийн өдөр тутмын ажлыг хариуцана. Менежментийн зөвлөл нь хоёр талаас сонгон томилосон ижил тооны хүмүүсээс бүрдэнэ. Тус зөвлөлийн даргын албан үүргийг хоёр талаас хамтарсан байдлаар эсвэл ээлжлэн хариуцана. Байнгын ажиллагаат механизм гэдэг утгаараа бүсийн дотор байрлаж, цаг тухайд нь ажлыг ойлгож, шийдвэрлэж байх юм. Менежментийн зөвлөл долоо хоногт нэг удаа хуралдана, шаардлагатай үед ажлын хурал зарлаж болно. Тус зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэн санал нэгдэх зарчмаар гаргана, шийдвэр гарсан бол нийт бүсийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилнэ. Тус зөвлөлийн гол ажил нь ХЭЗХАБ-ийн дүрэм журам бүрийг хэрэгжүүлэх, Холимог зөвлөлийн гаргасан шийдвэр, даалгасан ажлыг тодорхой хэрэгжүүлэх, иргэн, хуулийн этгээдийн мэдүүлсэн зөвлөлийн хариуцдаг аливаа хэргийг шийдвэрлэх, ХЭЗХАБ-ийн иргэдийн экспорт импортын удирдлага, тогтмол хугацаанд Холимог зөвлөлд бүсийн үйл ажиллагаа, алжлын тайланг илтгэнэ \сарын тайлан, улирлын тайланг бичгээр, жилийн тайланг аман бичгэн хоёр хэлбэрээр\. Менежментийн зөвлөл ХЭЗХАБ-ийн хөгжлийн шаардлагад үндэслэн доороо хэд хэдэн салбар зөвлөлийг байгуулж болно. Тухайлбал, Гаалийн татвар, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах зөвлөл, Хөрөнгө оруулалт санхүүгийн зөвлөл, Агуулах, ложистикийн бүтээн байгуулалтын зөвлөл гэх мэт тодорхой чиглэл салбар хариуцсан байж болох юм.
Маргаан шийдвэрлэх байгууллага: ХЭЗХАБ-д гардаг маргааныг гол төлөв дөрөв ангилна. Нэгд, ХЭЗХАБ-ийн гэрээний тайлбар, хэрэгжилттэй шууд холбоотой маргаан. Хоёрт, бүсийн доторх бизнес эрхлэгч, хуулийн этгээд тус бүс дотор үйлдвэрлэл, боловсруулалт, үйл ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн үйл ажиллагааны явцад гарсан худалдааны маргаан. Гуравт, тус бүсийн иргэн ба Менежментийн зөвлөл хооронд гарсан маргаан. Дөрөвт, тус бүс дотор үүссэн иргэний маргаан, эрүүгийн хэрэг. [ii]
Дүгнэлт
Хятад улс хуурай газрын хилийн бүсийн хөгжилдөө анхаарч байна. Энэ нь хоёр гол шалтгаантай. Нэгд дотооддоо бүсчилсэн хөгжлийг тэнцвэртэй хангах буюу бүсүүд хоорондын хөгжлийн хэт зөрүүг арилгах, хоёрт Ази, Европ, Африк тивийг холбосон “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэхэд хуурай газрын хилийн бүсүүдээр дамжин нэвтрэх тул хуурай газрын хилийн бүсүүд чухал болоод байна.
Хятад улс хуурай газраар хиллэдэг хөрш улстайгаа харьцангуй бааз суурь сайтай боомтууд дээрээ хилийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн туршлагатай хэдий ч хоёр талын нөөц чадавх, менежментийн ур чадварын зөрүүтэй холбоотой хүндрэлүүд тулгардаг. Үүнийг шийдвэрлэх гол гарц нь хилийн бүсэд хоёр талын хамтын ажиллагааны механизмыг шат шатанд нь бүрдүүлж ажиллах явдал бөгөөд энэ механизмууд хилийн эдийн засагтай холбоотой гол шийдвэрийг гаргаж, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан, хамтын ажиллагааг хөгжүүлэх баталгаа болдог ажээ.
[1] 罗圣荣:“云南跨境经济合作区”,《地方商务》,国际经济合作2012年第6期,第81-87页。
[2] 曾彦、曾令良:“跨境经济合作区的特征与法律和机制保障”,《时代法学》,2012年10月,第10卷第5期,第12页。 http://www.docin.com/p-1452201060.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
БНХАУ-ын хилийн бүс ба хамтын ажиллагаа (I)Дараах нийтлэл
Дрон ба аюулгүй байдалСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23