Хятадын хуурай газрын хилийн бүсийн байдал
Хятад улс 1978 оноос хойш далайн эрэг дагуух зүүн бүсийн хотуудаа нээлттэй хөгжүүлснээр зүүн бүс нь аж үйлдвэржин хөгжиж, харин эх газрын гүн рүү баруун, хойд, зүүн бүсэд хөгжлийн хоцрогдол үүсэн, дотоодод нь бүсийн хөгжлийн ялгаа ихтэй болсон юм. 2000 онд хөгжингүй зүүн бүс нь ДНБ-ий 53.4 хувийг бүрдүүлж байсан бол хоцрогдсон төвийн болон баруун бүс нь 19.1 хувь, 17.5 хувийг бүрдүүлж, зүүн хойд бүс нь дөнгөж 9.9 хувийг бүрдүүлж байв. 2019 онд ч энэ байдал бараг өөрчлөгдөөгүй, зүүн, төв, баруун бүсүүдийн эзлэх хувь 1-2 хувиар нэмэгдсэн бол зүүн хойд бүсийнх бүүр 5.1 хувь болж буурч, хөгжлийн зөрүү ихтэй хэвээр байна.[1]
Бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг Хятад улс таван жилийн төлөвлөгөөнд тусгадаг. Дотоодын бүс хоорондын хөгжлийн зөрүүг арилгахаар өмнөх XIII таван жилийн төлөвлөгөөнд хуурай газрын хилийн бүсийг илүү хурдтай нээлттэй болгож, далайн эргийн бүсийн нээлттэй байдлыг ч нэмэгдүүлж, хуурай газар ба далайн эрэг, дотоод ба гадаадыг хослуулан, зүүн баруун хос чиглэлтэй нээлттэй цогц хөгжлийг урагшлуулна гэсэн бол энэ жил батлагдсан XIV таван жилийн төлөвлөгөөнд дээрх агуулгаас гадна хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт багтаж буй.
Хятад улс хуурай газраар 14 улстай хиллэдэг. Зүүн хойд гурван муж болон Өвөр Монгол бол Зүүн хойд Ази руу гарах чухал уулзвар газар, Шинжаан Уйгар, Ганьсү муж бол баруун руу гарах түшиц газар, Юньнань, Төвөд бол баруун өмнөд тийш харилцах гол гүүр, өмнөд нутгийн Гуанси муж бол АСЕАН-тай хамтран ажиллах гол газар юм. Гэвч хуурай газрын эдгээр нээлттэй хилийн боомтын дийлэнх нь нөөц, дэд бүтэц сул дорой, бараа тээврийн өртөг өндөр байгаа нь хуурай газрын хилийн бүсийн нээлттэй хөгжлийг боомжилж буй гол саад ажээ.
Хуурай газрын хил ба Эдийн засгийн зургаан коридор
Хуурай газрын хилийн бүсийн хоцрогдлыг арилгаж, цааш хуурай газраар дамжин Ази, Европ, Африк гурван тивийг холбох “Нэг бүс, нэг зам” санаачилгыг Хятадын дарга Ши Жиньпин 2013 онд дэвшүүлсэн билээ. Тиймээс хуурай газрын хилийн бүсийг хөгжүүлэх нь Хятадын томоохон стратегийн салшгүй нэгэн хэсэг болж байна. Уг санаачилгыг баримт бичгийн түвшинд 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хөгжил шинэчлэлийн хороо, Гадаад хэргийн яам, Худалдааны яам хамтран “Торгоны замын эдийн засгийн бүс ба XXI зууны далайн торгоны замыг хөгжүүлэх эрмэлзэл, үйл ажиллагаа”-г баталж гаргасан ба хуурай газраарх олон улсын томоохон гарцад тулгуурлаж, зам дагуух том хотууддаа түшиглэн, худалдаа эдийн засаг үйлдвэрлэлийн бүсийг хамтын ажиллагааны талбар болгон, Ази Европын гүүрийг хамтран байгуулах тухай заажээ. Уг баримт бичигт эх газрын чиглэлд зургаан том эдийн засгийн коридор байгуулахаар тусгасан. Үүнд:
- Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор
- Евразийн хоёр дахь гүүр: Жянсу мужийн Леньюнь боомтоос Голланд хүртэлх төмөр зам, нийт 10900 км урт, 30 гаруй улс бүсийг дайран өнгөрнө.
- Төв ба Баруун Азийн эдийн засгийн коридор: Хятадын Шинжаанаас Арабын хойг хүрнэ, Төв Азийн 5 улсыг дайран Иран, Турк хүрнэ.
- Төв, Өмнөд хойгийн эдийн засгийн коридор: Хятадын зүүн бүсээс өмнөд тийш Ханой, Сингапур хүрнэ.
- Хятад-Пакистаны эдийн засгийн коридор: Хятадын Шинжаанаас Пакистаны Гуадар боомт хүрнэ, нийт 3000 км урт, авто зам, төмөр зам, газрын тос хийн хоолой, кабелийн шугам бүхий худалдааны коридор.
- Бангладеш-Хятад-Энэтхэг-Мяньмарын эдийн засгийн коридор: 2013 оны 12 сард Куньминд 4 улсын хамтарсан ажлын анхны хурал болж, тус эдийн засгийн коридорын төлөвлөгөөг хамтран судлахаар гарын үсэг зурж, 4 улсын засгийн газрын хамтын ажиллагааны механизм албан ёсоор байгуулагдсан.[2]
Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор: Хятадын Хөгжил шинэчлэлийн хороо Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг хоёр маршрутаар төлөвлөсөн. Нэг нь Бээжин-Хөххот-Монгол-Орос чиглэл, хоёр дахь нь Далень-Мүгдэн-Чанчунь-Харбин-Манжуур-Оросын Чита гэсэн чиглэлтэй.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх чиглэлээр гурван улс 2016 онд “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” баталж, 32 төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ. Гурван талын шинжээчдийн түвшний уулзалтаар 32 төслөөс нэн тэргүүнд 3 төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. 1) Төмөр замын төв коридор байгуулах, 2) Азийн авто замын сүлжээний АН-3 байгуулах, 3) Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах тус тус болно.[3] 2020 оны байдлаар 32 төслөөс 18 нь хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төслүүд болно. Харин 14 төсөл нь хэрэгжээгүй, эсвэл хоцрогдолтой явж байна.[4] Одоогийн байдлаар гурван талын хамтын ажиллагааны 10 эргэм механизм бүрдээд буй. Эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэх үйл явц эхлээд таван жил болж буй боловч Монгол Улсын эдийн засагт үзүүлэх шууд үр нөлөө хараахан гараагүй байгаа нь механизм бүрдүүлэх, яриа хэлэлцээ хийх, улмаар төслүүдээ эхлүүлэх эхний үе шатанд явж байгаатай холбоотой.
Чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх бодлого, үйл явц
Хятад улс сүүлийн дөч гаруй жил далайн эргийн хот, бүсээ нээлттэй хөгжүүлсэн бол сүүлийн хорь гаруй жил хуурай газрын хилийн бүсийн хөгжлийг тусгай бодлогоор дэмжиж, аажим хөгжүүлж суурийг нь тавьсан. “Нэг бүс нэг зам” стратеги дэвшүүлснээс хойш хуурай газрын хилийн бүс нутаг, хилийн хот, хилийн боомтоо хөгжүүлэх арга хэмжээг дээрх суурин дээр эрс идэвхжүүлж байна.
2000 онд Төрийн зөвлөлөөс “Баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх бодлого” баталж, баруун хойноос баруун өмнөд бүс хүртэл буюу Өвөр Монгол, Шинжаанаас эхлээд өмнөд талын Гуанси муж хүртэлх нутгийг хамруулан дэд бүтэц, үйлдвэрлэл, байгаль хамгаалал зэрэг олон салбарыг хамруулсан цогц бодлого хэрэгжүүлж ирсэн. 2010 оны 4 сард “Төрийн зөвлөлөөс баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх стратегийг сайтар хэрэгжүүлэх тухай зарим санал” баталж, “Өвөр Монголын Манжуур, Гуанси мужийн Дунсинь, Юньнань мужийн Руйли зэрэг боомтыг нээлттэй хөгжүүлэх туршилтыг идэвхжүүлэх”-ээр тусгасан ба нөхцөл хангасан бүсийг хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болгохоор тогтож байжээ.
2016 оны 1 дүгээр сарын 7-нд нийтэд зарласан “Хилийн гол бүс нутгийн нээлттэй хөгжлийг дэмжих тухай зарим бодлого, арга хэмжээний санал”-д авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан бөгөөд тус баримт бичигт хилийн бүсээ дараах таван янзаар ангилан хувааж, хөгжүүлж байгаа ажээ.[5] (Баруун ба хойд хилийн хэсгийг доор оруулав):
- Нэг. Нээлттэй хөгжүүлж буй туршилтын чухал бүс (5 бүс)
Гуанси Дунсиний бүс, Юньнаньий Моганий бүс, Руйлийн бүс, Өвөр Монголын Эрээнхотын бүс, Манжуурын бүс.
- Хоёр. Улсын зэрэглэлтэй хилийн боомт (72 боомт)
Төмөр замын боомт (11): … … Өвөр Монголын Эрээнхот, Манжуур, Аршаан …
Авто замын боомт (61): … Шинжааны Улаан уулын ам, Такашикен, Улиастай, Лаое сүм боомт, Ганьсү мужийн Мазун шань боомт, Өвөр Монголын Ганцмод, Мандал (2015 оны 4 сарын 17-нд Төрийн зөвлөл Мандал боомтыг байнгын нээлттэй боомт болгож баталсан), Эрээнхот, Зүүн хатавч, Аршаан, Өвдөг, Ар хашаат, Манжуурын боомт …
- Гурав. Хилийн хот (28 хот)
… Шинжааны Алтай хот, Хами хот, Өвөр Монголын Эрээнхот, Аршаан хот, Манжуур хот, Эргүнэ хот …
- Дөрөв. Хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс (17 бүс)
… Өвөр Монголын Эрээнхот хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, Манжуурын хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс…
- Тав. Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс (1 бүс)
Хятад-Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв.
Хилийн хамтын ажиллагааны бүсийг хэрхэн тогтоодог вэ
Хятад улс хуурай газрын хилийн бүсээ хөгжүүлэх чиглэлээр нэлээд туршлагатай. Вьетнам, Лаос зэрэг улстай хуурай газрын хилийн бүсэд 1990-ээд оноос хилийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг \ХЭЗХАБ\ хөгжүүлж иржээ. Хятадын тал ХЭЗХАБ-ийг сонгохдоо гурван зарчим баримтладаг аж. Үүнд:
- Нэгд, хил залгаа хоёр улс улс төрийн сайн харилцаатай байх агаад хил дамнасан бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чин хүсэлтэй байх,
- Хоёрт, сонгосон боомт нь түүхийн турш удаан харилцаж ирсэн туршлагатай байх агаад орчин үед хилийн худалдаа, эдийн засаг техникийн хамтын ажиллагаа зэрэг олон төрлийн хил дамнасан эдийн засгийн үйл ажиллагаа явуулдаг байх,
- Гуравт, боомтын орчмын бүсийн эдийн засаг харьцангуй хөгжсөн, хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэхүйц бодитой тулгууртай байх.
ХЭЗХАБ-ийг байгуулах улс төрийн тохиролцоонд хүрсний дараа тогтолцоо, зохион байгуулалтыг бий болгож тогтолцооны талаас баталгаажуулдаг. Үүнд тулгарах гол бэрхшээл бол хоёр талын улс төрийн дэглэм адилгүй, хууль эрх зүй ондоо, эдийн засгийн хөгжлийн түвшин, бүтэц өөр, валютын тогтолцоо адилгүй байдаг нь хүндрэл үүсгэдэг. Энэхүү харилцан адилгүй байдлыг зохицуулах тогтолцоог бий болгох шаардлага үүсдэг гэсэн үг юм. Улмаар хөрөнгө мөнгөний талаас асар их дэмжлэг шаардагддаг. Хязгаар нутаг учраас дэд бүтэц сул гэх мэт үндсэн бүтээн байгуулалтаас эхлээд шаардагдах хөрөнгө их юм.
Хятад-Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв
Хятадын баруун хойд хил дээрх Хоргос боомт өдгөө хилийн хамтын ажиллагааны амжилттай жишээ болж явдаг. Хятад-Казахстаны Хоргос олон улсын хилийн хамтын ажиллагааны төв бол тус хоёр улсын харилцан тохирч байгуулсан хилийн бүсийг хөгжүүлэх төсөл юм. Хил дамнан оршдог, нийт 5.28 км2 талбай газрыг хамардгаас Хятадын талын 3.43 км2 нутаг, Казахстаны талын 1.85 км2 нутаг багтана. 2007 оноос бэлтгэл ажлыг эхэлж, 2012 оны 4 сард нээж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Гол үйл ажиллагаа нь худалдааны яриа хэлэлцээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг, агуулах тээвэр, зочид буудлын үйлчилгээ, бизнес, санхүүгийн үйлчилгээ, төрөл бүрийн худалдаа эдийн засгийн хурал зохион байгуулах зэрэг болно. Тус бүс дотор бараа, иргэд, машин чөлөөтэй урсах ба худалдааг либералчилсан байдаг. Мөн энгийн худалдаа, хилийн худалдаа, аялал жуулчлал зэрэг худалдааны олон хэлбэр зэрэгцэн оршино. Бараа бүтээгдэхүүнийг тус төв рүү оруулмагц хилээс гарч экспортлогдсон гэж үзнэ. Хятадаас тус төв рүү бараа бүтээгдэхүүн оруулбал НӨАТ-ыг буцаан олгох тухай журмыг Сангийн яам 2015 оны 1 сард гаргасан. Тус төвөөр дамжин Хятад руу бараа оруулахад худалдааны татвар ердийн журмаар зохицуулагдана, харин нэг иргэн өдөрт нэг удаа Хятад руу 8000 юань хүртэлх бараа бүтээгдэхүүн авч ороход татвараас чөлөөлөгддөг. 2015 онд давхардсан тоогоор 3.6 сая иргэн тус төвөөр орж гарсан нь 120 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Казахстаны талын хэсэг эдүгээ дөнгөж албан ёсоор нээгдэж байгаа.[6]
Үүнээс гадна тус төвөөс өмнө тийш 1 км газарт Хятадын талын өргөтгөсөн бүсийг байгуулж, тус төвийн хөгжлийг дэмжих үйлдвэрлэлийн бааз газар байгуулжээ. Нийт 9.73 км2 талбайтай, голлон экспортын боловсруулах үйлдвэрлэл, татварын хамгаалалттай бараа эргэлт, барааны агуулах ачаа тээвэр зэрэг үйл ажиллагаа явагдах ажээ. Өргөтгөсөн бүсэд авч хэрэгжүүлсэн бодлогыг Жу-Маккаогийн хил дамнасан аж үйлдвэрийн бүсийн татвар, гадаад валютын зэрэг холбогдох бодлого, менежментийн загвар зэргийг авч хэрэгжүүлсэн байна. [7]
(үргэлжлэл бий)
[1] 张可云:区域发展不平衡不充分与“十四五”时期区域治理创新 https://www.chinathinktanks.org.cn/content/detail?id=cypxnd83
[2] http://baike.baidu.com/item/六大经济走廊
[3] “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний II уулзалт http://www.mfa.gov.mn/?p=41629
[4] “МОНГОЛ-ОРОС-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН СУДАЛГАА”, Монголын Хятадын судлалын хөгжлийн хүрээлэн ТББ-ын хийсэн мониторинг судалгааны тайлан, Улаанбаатар хот, 2020 он
5] Төрийн зөвлөл 2015 оны 12 сарын 24-ний өдөр баталж, 1 сард зарласан “Хилийн гол бүс нутгийн нээлттэй хөгжлийг дэмжих тухай зарим бодлого, арга хэмжээний санал”-д ийнхүү ангилан тусгасан байна. http://www.mof.gov.cn/zhengwuxinxi/zhengcefabu/201601/t20160108_1645841.htm
[6] 經貿研究/新疆霍爾果斯:中哈國際邊境合作的重要口岸http://hkmb.hktdc.com/tc/1X0A5JIX/經貿研究/新疆霍爾果斯:中哈國際邊境合作的重要口岸
[7] 中哈霍尔果斯国际边境合作中心简介http://leaders.people.com.cn/n/2013/0220/c355955-20540135.html
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Дараах нийтлэл
БНХАУ-ын хилийн бүс ба хамтын ажиллагаа (II)Сүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02