Афганистаны дайн дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо

2021-07-23

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/08/аф.jpeg

Энэ оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатарын талбай дээр нэгэн цомхон цэргийн жагсаал болоод өнгөрсөн нь олон хүний анхааралд төдий л өртөөгүй. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад 2003 оноос хойш үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэнтэй холбогдуулан зохион байгуулсан энэхүү цэргийн жагсаалд тус улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцсон мянга мянган Монгол цэргийн алба хаагчдын төлөөлөл, анги, салбарууд оролцсон юм. Уг хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын зүгээс Афганистанд үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгаад цэргээ гаргаж дууслаа гэсэн дохиог дэлхий нийтэд өгсөн явдал байлаа.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийтдээ Монгол Улсын 6,000 орчим цэргийн алба хаагч Афганистанд энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ. Үүнээс 3,300 гаруй нь АНУ-тай хамтарсан ажиллагаанд оролцсон бол 2,600 гаруй нь ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэсэн байна. 2001 онд эхлээд 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусгахаар төлөвлөж буй Афганистаны дайны (War in Afghanistan) “Тогтвортой эрх чөлөө”, “Аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” зэрэг бүхий л ажиллагаануудад Монгол Улсын цэргийн баг эвслийн цэргийн хүчинтэй мөр зэрэгцэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн юм.

Нөгөөтэйгүүр Афганистанд манай цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байх хугацаанд судлаачид ажиллагааны аюулгүй байдлыг хангах үүднээс өөрсдийн болон эвслийн цэргийн хүчний талаар төдийлөн шүүмжлэлт байр сууриас бичдэггүй байв. 21-р зууны хамгийн урт үргэлжилсэн дайнд оролцсон нь Монгол Улсын зэвсэгт хүчний түүхийн шинэ үеийн эхлэлийг тавьсан. Энэ хугацаанд бид ойлгож авсан өөрсдийн давуу тал, сул тал, алдаа, оноонд нямбай, зөв үнэлэлт өгөх нь Монгол Улс энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаануудад үргэлжлүүлэн амжилттай оролцоход, цаашлаад батлан хамгаалах салбарын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол Улс өөрийн бүх цэргийн алба хаагчийг Афганистанаас албан ёсоор татан гаргаж нэгэнт дууссан тул уг сэдвээр судалгаа, хэлэлцүүлгийг өрнүүлж эхлэх цаг нь болсон болов уу.

Давуу тал, сул тал

Энэ оны эхээр Их Британид хэвлэгдсэн сэтгүүлч Саймон Акамын “Ээлж солигдолт” бүтээл ихээхэн шуугиан тарив. 2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагаас хойш Британийн арми хэрхэн өөрчлөгдсөн, мөн хэрхэн өөрчлөгдөж чадаагүйг энэ бүтээлд баримттайгаар хүүрнэжээ. Өөрсдийн чадвартаа хэт эрдсэн Британийн арми Ирак болон Афганистаны дайны эхний үед сэтгэлийн хөөрлөөр хандаж ихээхэн хохирол амссаныг Акам онцгойлон харуулжээ. Үр дүнд нь Британийн армийг 21-р зуунд хэрхэн шинэчлэх, өмнөх алдааг нь давтуулахгүй байх талаарх хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж байна.

Монгол Улс 2003 оноос эхлэн Ирак, Афганистанд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаа илгээж эхэлснээс хойш хилийн чанадад үүрэг гүйцэтгэсэн манай цэргийн алба хаачдыг нийтийн дунд шүүмжилсэн ямар нэг мэдээлэл гарч байсан удаагүй гэж хэлж болно. Хамт үүрэг гүйцэтгэсэн эвслийн цэргийн алба хаагчид дунд монгол цэргүүд бие бялдар болон цэргийн ур чадварын хувьд үргэлж тохой илүү байдаг гэсэн ойлголт нийгэмд түгсэн. Хэдийгээр үүрэг гүйцэтгэлт, дэг журам, тэсвэр хатуужлийн хувьд манай цэргийн алба хаагчид олон орны цэргүүдээс дутахгүй боловч бидэнд сул тал бас бий. Энэ талаарх ул суурьтай хэлэлцүүлэг одоог хүртэл манай зэвсэгт хүчин дотор хангалттай өрнөөгүй.


Монгол, Их Британи, Америкийн цэргийн алба хаагчид. Эх сурвалж: https://www.dvidshub.net/image/4362809/kabul-security-force-holds-inaugural-military-skills-competition

Хошууч генерал Б.Баярмагнай 2005 онд бичсэн судалгаандаа эвслийн цэргийн ажиллагаанд Монгол Улс оролцоход тулгарч буй бэрхшээлийг ерөнхийд нь гадаад хэлний дутмаг мэдлэг болон зэвсэг техникийн хүрэлцээгүй байдал хоёр гэж тодорхойлсон байдаг. Дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэх тал дээр өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар болон манай хоёр хөрш, цаашлаад гуравдагч хөршийн зүгээс идэвхтэй дэмжиж, мэдэгдэхүйц ахиц гаргасан боловч бэрхшээл байсан хэвээр л байна.

Нөгөөтэйгүүр дээрх хоёр бэрхшээл нь цаг хугацааны эрхээр болон нэмэлт хөрөнгө оруулалтаар шийдэгдэх бүрэн боломжтой. Харин үүнээс илүүтэйгээр өөрийн цэргийн уламжлалаас улбаалж бие дааж шийдвэр гаргах, нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгөх, тохирох шийдвэрүүдийг цаг тухайд нь гаргах чадварууд манай цэргийн алба хаагчдад дутагддаг хэвээр байна. Энэ нь Ирак, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн манай цэргийн багийнхан дунд ажиглагдсаныг эвслийн цэргийн хүчний нэг бус офицер дурдаж байв. Дэлхийн зэвсэгт хүчнүүд улам бүр комплекс, олон талын чадвар шаарддаг үүрэг гүйцэтгэх болсон энэ үед дээрх чадваруудыг хоцролгүй хөгжүүлэх шаардлага бидэнд гарч байна.

Шинэ ажиллагаа

Афганистаны дайнд эвслийн хүчинтэй хамтран 18 жилийн турш үүрэг гүйцэтгэсэн нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд дайн тулааны нөхцөлд ажиллагаа явуулах туршлагыг хуримтлуулах чухал боломжийг олгосон. Цаашдаа Монгол Улс олон улсын түвшинд энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаануудад оролцдог чадварлаг, найдвартай хүчин хэвээр байхын тулд аль болох олон нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэж, туршлага хуримтлуулах шаардлагатай.

ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг 2009 онд бичсэн судалгаандаа Монгол Улсын Зэвсэгт хүчин газар нутгаа хамгаалах чадвар хязгаарлагдмал боловч олон улсын энхийг сахиулах болон тогтвортой байдлыг хангах ажиллагаануудад оролцож олон талт, гуравдагч хөршийн бодлогоо хөгжүүлнэ гэж дурдсан байдаг. Энэ хүрээнд нь ч манай хоёр хөрш болон гуравдагч хөршийн орнууд Монгол Улсын Зэвсэгт хүчний бодлогыг хүлээн зөвшөөрсөөр ирсэн.

Цаашид энхийг сахиулах чадварлаг хүчин байх, олон төрлийн цагийн байдалд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай болохын тулд Монгол Улсын Зэвсэгт хүчинд шинэ газар оронд үүрэг гүйцэтгэх шаардлага гарч ирээд байна. Афганистанаас цэргийн алба хаагчдаа татаж дууссанаас хойш одоогоор манай зэвсэг хүчин хилийн чанадад зөвхөн Өмнөд Суданд л үүрэг гүйцэтгэж буй. 2011 оноос хойш 10 ээлжийн цэргийн багийг илгээгээд байгаа уг ажиллагаа нь Монгол Улсын энхийг сахиулагчдын чадвар, бололцоог дэлхийд таниулж өгсөн. НҮБ-ын мандат доор явагддаг Өмнөд Судан дахь энэхүү ажиллагаанд Монгол Улсын энхийг сахиулагчид нэгэнт гаршаад байна.

Афганистанд Монгол Улсын цэргийн хоёр рот Кабул болон Мазар-и-Шариф хотуудад үүрэг гүйцэтгэж байсан. Өөрөөр хэлбэл цаашид манай зэвсэгт хүчнээс хилийн чанадад энхийг дэмжих, энхийг сахиулах үүрэгтэй нэг батальоныг бүрдүүлэх бүрэн боломжтой нь үүнээс харагдаж байна. Дэлхийн халуун цэгүүдэд чадварлаг энхийг сахиулах, энхийг дэмжих цэргийн алба хаагчдын шаардлага улам ихээр гарч байгаа бөгөөд манай зэвсэгт хүчин шинэ ажиллагаанд оролцох нь манай улсын гуравдагч хөршийн бодлогод нэмэлт хөшүүрэг гаргаж өгөх нь дамжиггүй.


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА