2001 онд Афганистан улсын төрийн эрхийг Талибан барьж байх үед Аль Кайда бүлэглэл АНУ-д есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг зохион байгуулсны улмаас АНУ Афганистанд дайн зарлан Талибаны дэглэмийг түлхэн унагаж, Америкийн дэмжлэгтэй Афганистаны засгийн газар байгуулагдан, АНУ тус улсад цэргээ байрлуулсан билээ. Харин “АНУ-ын үе үеийн Засгийн газар Ойрх Дорнод, исламын ертөнц дэх ардчилал, эрх чөлөө гэгчийн төлөө Америкийн татвар төлөгчдийн мөнгийг хэдэн их наядаар нь үрэн таран хийсэн” хэмээн шүүмжилдэг Д.Трампын үед Афганистаны дуусдаггүй дайнд цэг тавихаар 2020 онд Д.Трампын засаг захиргаа Катарын Доха хотод Афганистаны Талибантай энхийн хэлэлцээр байгуулав. Хэлэлцээрт хүчирхийллийг багасгах, гадаадын цэргийг гаргах, дотооддоо хэлэлцээ хийж эхлэх, террорист байгууллагыг дахин орогнуулахгүй байх талаар хоёр тал тохирч АНУ, НАТО-ын холбоотнууд 2021 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө цэргээ бүрэн эргүүлж татах үүрэгтэй гэж заажээ.
Энхийн хэлэлцээр хийх оролдлогууд өмнө ч болж байсан ба төдийлөн үр дүнд хүрч байсангүй. Талибан-Кабулын энхийн хэлэлцээр эхлүүлэх оролдлогууд 2011-2013 оны хооронд АНУ-ын ерөнхийлөгч Б.Обамагийн үед эхэлжээ. 2013 оны 6 дугаар сард Катарын нийслэл Доха хотод хийхээр төлөвлөж байсан хэлэлцээрт Талибан “Афганистаны Исламын Эмират” гэсэн далбаатай байсныг ерөнхийлөгч Хамид Карзай эсэргүүцэн хэлэлцээрийг орхин гарснаас хойш урагшлалгүй удсан юм. Түүнээс хойш гурван жил завсарласны дараа АНУ, Хятад, Пакистан тэргүүтэй улсын оролцоотойгоор 2016 онд дахин энхийн үйл явц эхэлсэн ч амжилт олсонгүй.
Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Афганистаны энхийн хэлэлцээг бодлогынхоо нэг чиглэл болгон Талибан-Кабулын энхийн үйл явцыг урагшлуулах чиглэлд тодорхой хүчин чармайлт гаргасан. Энэ чармайлтыг Кабулын засгийн газар дэмжиж ерөнхийлөгч Ашраф Гани өөрөө Талибантай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж “Талибаныг улс төрийн нам гэж хүлээн зөвшөөрөх, шоронд хоригдож буй зарим хоригдлыг суллах” гэх мэт асуудлыг хөнджээ. Гэвч эдгээрийг Талибан хүлээн аваагүй бөгөөд түүнийг “Америкийн тоглоомын засгийн газар” хэмээн нэрлэж, “зөвхөн АНУ-тай хэлэлцээ хийх болно” хэмээн Кабулаас дахин нүүр буруулав.
АНУ, Талибаны төлөөлөгчид Дохад 2019 оны 2 дугаар сард уулзав. Зургаан сар орчим үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд АНУ, Талибан тохиролцоонд хүрэхэд ойрхон болж Афганистаны эвлэрлийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Залмай Халилзад “талууд хоорондоо тохиролцоонд хүрсэн”-ийг мэдэгдсэн бөгөөд Энхийн гэрээний төслийг харилцан тохиролцжээ. Харамсалтай нь, мөн оны 9 дүгээр сард Кабулд болсон амиа золиослогчийн халдлагад АНУ-ын цэргүүд өртөж эрсэдсний улмаас Д.Трамп хэлэлцээрийг зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Улмаар 2019 оны 12 дугаар сараас АНУ, Талибаны хэлэлцээ дахин үргэлжилж, бодитой болж эхэлсэн. Харин Д.Трампын халааг авсан Жо Байден цэргээ эргүүлэн татах хугацааг ирэх 9 дүгээр сарын 11-нийг хүртэл сунгаж хойшлуулжээ.
Афганистаны засгийн газар ба Талибаны Дохад хийсэн хамгийн сүүлийн яриа хэлэлцээрийн үеэр Талибаны дээд удирдагч сөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахыг “тууштай дэмжиж байна” гэж мэдэгдсэний дараа ч мэдэгдэхүйц ахиц дэвшилгүйгээр өндөрлөв. Үнэхээр ч Дохад үргэлжилж буй энхийн хэлэлцээр ойрын хугацаанд бодит үр дүнд хүрээгүй байна. Учир нь энх тайвны эхний алхам бол гал зогсоох явдал боловч Талибанчууд үүнийг дагаж мөрдөхгүй хэвээр, өдөр бүр халдлага дайралт хийсээр буй. АНУ цэргээ эргүүлэн татах хугацаагаа хойшлуулсан нь халдлага дайралтаа зогсоохгүй байх бас нэгэн шалтаг болжээ.
Энхийн хэлэлцээнд Талибаны оролцоог ажиглаж байгаа шинжээчид Афганистанд иргэний дайн дахин дэгдэж болзошгүй байгааг анхааруулах болов. Америкийн тагнуулын албадын тооцоолсноор цэрэг гарч дууссанаас хойш зургаан сарын дотор Афганистаны засгийн газар сүйрч, Талибан засгийн эрхийг авах өндөр магадлалтай ажээ. Тэгвэл бүс нутагт ямар аюул занал үүсч, хэн ямар арга хэмжээ авах талаар шинжээчдийн байр суурийг тоймлон хүргэе.
Бүс нутагт үүсч болзошгүй аюул занал
Афганистанд үүсч болзошгүй тогтворгүй байдлаас хөрш болон бүс нутгийн орнууд бүгд эмээж байна. Жишээлбэл Тажикистан улс хилийн хяналтаа бэхжүүлэн хилийнхээ дагуу 20.000 цэрэг байрлуулаад байна. Түүнчлэн 2021 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ШХАБ-ын гишүүн орнууд болон Афганистаны гадаад хэргийн сайд нарын уулзалтаар ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.И.Норов: “…Гадаадын цэргийн хүчийг Афганистанаас бүрэн гаргахаас өмнө умард мужуудад нь байдал улам хурцдаж байгаа явдал энэ улсыг энх тайван хөгжлийн замд оруулах чиглэлд бүс нутгийн орнууд, олон улсын байгууллага хамтран ажиллахын чухлыг харуулж байна. Афганистаныг терроризм, дайн, мансууруулах бодисоос бүрэн ангижирсан улс болгож, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын тулд гишүүн орнууд хамтран ажиллах “замын зураг”-тай болох, ингэхдээ тус улсын хил орчмын нутаг дахь террорист, эктремист бүлэглэлээс ирэх шууд заналыг тогтоон барих, устгахад юун түрүүнд анхаарах хэрэгтэй” гэж мэдэгдэв.
Талибан засгийн эрхийг авах тохиолдолд одоогийн эрх баригчдад шашны тулгалт хийх, зарим бүлгийг өршөөж, заримыг нь устгах мэтээр ялгаварлах, америкчуудтай хамтарч, тусалж дэмжиж байсан олон афганчууд Талибаны харгислал, өшөө авалтын бай болж магадгүйг олон улсын байгууллагаас анхааруулсаар байна. Ингэвэл иргэний дайн дэгдэж, наанадаж 300,000-400,000 хүн үрэгдэж, хамгийн багадаа 2 сая хүн дүрвэнэ, үүнээс болж дүрвэгсдийн шинэ давалгаа үүсч магадгүй гэж судлаачид таамаглаж байна.
Кабулын зүгээс Рашид Достум, Доктор Абдулла, Хазарууд, Паштун болон бусад эсэргүүцэгчийг нэгтгэхгүй бол Афганистан улсыг “иргэний дайн”-д хүрч болзошгүй талаар шинжээчид бичсээр байна. Талибанд олон улсын зүгээс ихээхэн шахалт үзүүлэхгүй л бол эвлэрлийн тал болж чадахгүй нь тодорхой болоод байна гэж зарим ажиглагчид үзжээ.
Талуудын оролцоо
Афганистаны засгийн газар – Засгийн газар дотооддоо засаглах, иргэний дайнаас сэргийлэх чадвар маш хомс байна. Одоогийн байдлаар Афганистаны Зэвсэгт хүчинд 45,000-50,000 бие бүрэлдэхүүн бүхий тусгай командлалын анги, мөн ойролцоогоор 250,000-300,000 хүнтэй арми, тагнуулын ажилтнуудаас бүрдсэн хүний нөөц байдаг. Эдгээрийг сайн сургаж, удирдаж чадвал өөрийгөө хамгаалах чадвартай боловч үүнд 7-8 жилийн хугацаа шаардлагатай гэдэг. Мөн дотоодын бусад эсэргүүцэгчдийг нэгтгэхийг шинжээчид зөвлөж байна.
Талибан – Талибан Засгийн газартайгаа яриа хэлэлцээр хийхээс зайлсхийж байгаа нь дотооддоо эвлэрэхийг огт хичээхгүй байгааг харуулж байна. Хэлэлцээрийн үеэр энхийн гэрээний нөхцлийг байнга өөрчилж, АНУ-ын цэрэг бүрэн гарсны дараа хэлэлцээр хийнэ гэснээ 5000 хоригдол суллахыг шаардаж, удалгүй 7000 болгох гэх мэтээр аашилж байгаа нь хэлэлцээрийг гацаахад чиглэж байна. Тэдний зорилго бол Афганистаны засгийн газрыг бүхэлд нь гартаа оруулах явдал бөгөөд энхийн хэлэлцээ дахин хийхгүй байх магадлалтай өндөр.
Түүнээс гадна тэд гадаад улсын засгийн газаруудтай бие даан уулзаж элдэв амлалт өгөх болов. Тухайлбал БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж Афганистаны эдийн засгийг хөл дээр нь босгоход тус улсын хөрөнгө оруулалт чухал байгааг дурдаж аюулгүй байдлын баталгаа өгч, Шинжаан Уйгарын салан тусгаарлагч нар болон Аль Кайда зэрэг террорист байгууллагын үйл ажиллагааг бүрэн хориглохоо амлаад байна. Мөн тэдний төлөөлөгчид ОХУ-д айлчилж Афганистанд болж буй дайнд ОХУ болон Төв Азийн холбоотнуудад аюул заналхийхгүй хэмээн амлаж, Афганистан улсад суугаа димломатуудын аюулгүй байдалд халдахгүйгээ илэрхийлсэн. Афганистанаас АНУ-ын цэрэг гармагц гол үүрэг гүйцэтгэж болзошгүй гүрнүүдтэй тэд ийнхүү бие даан харилцаж байна. Эдгээрээс үзэхэд, Орос, Хятад гүрнийг өөртөө ашигтайгаар татсныхаа дараа дотооддоо иргэний дайн дэгдээж болзошгүй байна.
Бээжин – Америкийн цэргийн хүчин Афганистанаас гарсны дараа Төв Азиас Газар дундын тэнгис хүртэлх бүс нутагт Хятадаас өөр ямар ч хүч геополитикийн хувьд ч, санхүүгийн хувьд ч хангалттай нөлөөлж чадахгүй гэж шинжээчид үзэж байна. БНХАУ-ын зүгээс тус улсад уул уурхайн салбарт 400 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид хөрөнгө оруулалт хийх, тогтвортойгоор ашиг орлогоо нэмэгдүүлэх сонирхол өндөр байгаа нь мэдээж юм. Нэг талаас, хөрөнгө оруулалт, ирээдүйд олох ашгийнхаа үүднээс, нөгөө талаас Шинжаан Уйгарын салан тусгаарлагчаас болгоомжилсон Бээжин гол тоглогчийн үүрэг гүйцэтгэхээс өөр аргагүй харагдаж байна. Үүнийг ч угтаж харсан учраас Тажикстанд цэргийн бааз байгуулсан гэгдээд байгаа билээ.
Хятадын зарим шинжээчийн үзэж байгаагаар Афганистанаас цаашид үүдэж болох террорист, экстремист ажиллагааг хазаарлах, шаардлагатай бол устгахын тулд Бээжин бүс нутгийн орнуудтай хүчээ нэгтгэх магадлал өндөр. Ингэхдээ хүрвэл Орос, Пакистан, Ирантай нэгэнт тогтоосон стратегийн харилцаагаа ашиглан дөрвөл байгуулж болно. Эдгээрийн аль алинд нь АНУ тэргүүтэй Өрнөдийн зүгээс байнгын шахалт, дарамт үзүүлдэг, дөрвүүл Өрнөдийн стратегийг сайшаадаггүй учир Хятадтай эвсэхдээ ч дуртай байх болно. Түүнчилэн, энэ дөрвөл Афганистанд үйл ажиллагаа явуулж эхэлбэл АНУ-ынхаас ч илүү үр дүнтэй байж магадгүй.
Гэхдээ энэ дөрвөлийг байгуулахад хэд хэдэн нөхцөл бүрдэх ёстойг мөн тэмдэглэх хэрэгтэй. Юун түрүүнд, эдийн засаг, улстөрийн талаас зөвхөн Бээжинд ашигтай нөхцлөөр эвсэнэ. Цаашилбал, Пакистан дөрвөлд орно, харин Энэтхэг орохгүй. Улмаар, Пакистан – Ираны одоогийн харилцаа шууд нөлөөлөх бөгөөд одоогоор саадгүй болов уу гэж таамаглана. Ираны ерөнхийлөгч Хассан Роухани 4 дүгээр сарын 21-ний өдөр Пакистаны Гадаад хэргийн сайд Курешитэй уулзах үеэрээ “… Аюулгүй байдал бол Иран, Пакистаны анхаарч буй нийтлэг асуудал. Тус салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь маш чухал. Ялангуяа хоёр улсын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлэх шаардлагатай байна. Иран улс Афганистан дахь энхийн үйл явцыг дэмжихийн тулд Пакистантай хамтран ажиллахад бэлэн …” гэжээ.
ШХАБ – Хятадын хэрэглэж болох өөр нэг хөшүүрэг бол ШХАБ. Бүс нутгийн энэ байгууллагын үйл ажиллагаагаа бодитой явуулдаг цөөн механизмын нэг нь терроризм, сепаратизм, экстремизмийн эсрэг чиглэл бөгөөд энэ тэмцэлд гишүүн орнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх замаар татан оролцуулах боломжтой.
Афганистан доторх яриа хэлэлцээг ШХАБ улс төр, дипломат харилцааны чиглэлээр тасралтгүй дэмжиж, үндэсний мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх саналыг гаргаж байгаа нь тус байгууллагын үүрэг оролцоо өндөр байгааг илтгэж байна.
НҮБ – Олон улсын байгууллагуудаас анхааруулсаар байгаа америкчуудтай хамтран ажиллаж байсан, тэдэнд тусалж дэмжиж байсан олон афган хүмүүсийн эрх, эрх чөлөө зөрчигдөх, харгислал, өшөө авалтад өртөхийг болон иргэний дайн дэгдсэн тохиолдолд дайны хөлд нэрвэгдэгсэд болоод дүрвэгсэдийн зэрэг олон ноцтой асуудлаар НҮБ дуугүй өнгөрч, зүгээр ажиглаад суухгүй нь лавтай юм.
Дүгнэлт
Москва, Доха болон Истанбулын яриа хэлэлцээ үр дүнгүй болж Афганистан иргэний дайны хөлд дахин нэрвэгдэх магадлал нэмэгдэж байна. Талибан хөдөлгөөнийхөн Засгийн газартайгаа яриа хэлэлцээ хийхээс зайлсхийж байгаа нь дотооддоо эвлэрэхийг огт хичээхгүй байгааг харуулж байна. Тэд бусад гадаад улсын засгийн газартай бие даан уулзаж элдэв амлалт өгөх болсон нь гадаад орчноо өөртөө ашигтай бүрдүүлсний дараа дайн өдөөж магадгүй гэж таамаглахад хүргэжээ.
Дахин шинэ дайн дэгдвэл олон хүн үрэгдэж, сая сая хүн дүрвэж, бүс нутаг бүхэлдээ нэрвэгдэх тул бүс нутгийн орнууд үүнээс сэргийлж тодорхой арга хэмжээ аваад нэгэнт эхэлжээ. Тажикстан хилийн хамгаалалтаа улам бэхжүүлж, Хятад ч тус бүс нутагт цэргийн оролцоогоо эхлүүлж байгаа тухай яригдаж байна.
АНУ-ын цэрэг Афганистанаас гарсны дараа манлайлах үүргийг БНХАУ гүйцэтгэнэ гэж олон шинжээч үзэж байна. Бээжин ингэхдээ бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурлах нь гарцаагүй, үүнтэй холбоотой ШХАБ-ын үүрэг роль нэмэгдэх нь тодорхой болжээ.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Вакцинжуулалт ба дэлхийн эдийн засгийн таамагДараах нийтлэл
Афганистаны дайн дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцооСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23