Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш бүтэн жил хагасын дараа дэлхийн эдийн засаг сэргэж эхлээд байна. Энэ сэргэлт бодит эдийн засагт хэрхэн нөлөөлж буй, цаашид тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн чиг хандлагад өөрчлөлт орох эсэхийг энэхүү судалгаанд танилцуулах болно.
Вакцинжуулалт ба эдийн засаг
Дэлхийн эдийн засаг сэргэхэд цар тахлын эсрэг вакцинжуулалт чухал болоод байна. Улс орнуудын эрх баригчид эдийн засгаа сэргээхийн тулд өөрсдийн иргэдээ вакцинд хамруулахад голлон анхаарч ажиллаж байгаа. Нийт иргэдийнх нь 80 хувиас дээш хүн вакцины 2 тундаа хамрагдсан үед сүргийн дархлаа үүсэх боломжтой талаар Оксфордын их сургуулийн судалгаанд дурдагдсан.
[1] Тухайлбал: Их Британийн эрдэмтэд АстраЗенека вакциныг 70 хувийн үр дүнтэй гэж үзэж байгаа бөгөөд ийм вакцинаар хүн амынхаа дунд 88 хувийн дархлаа тогтоохын тулд хүн амынхаа 125 хувийг вакцинжуулах шаардлагатай гэсэн тооцооллыг гаргасан байна. Оксфордын судалгаа гарсны дараагаар дэлхийн санхүүгийн байгууллагууд вакцинжуулалтын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болсон юм.
ОУВС энэ оны сүүл гэхэд дэлхийн хүн амын 40 хувийг, 2022 оны 6 сар гэхэд 60 хувийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн. Энэ хүрээнд ОУВС-гаас хөгжиж буй улс орнуудын вакцинжуулалтын үйл явцыг түргэсгэхэд зориулан 50 тэрбум ам.доллар ын санхүүжилт босгохоо зарлаад байгаа. Уг санхүүжилт нь COVAX хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх арга хэмжээ бөгөөд 2021 оны 5 сарын эцсийн байдлаар дэлхийн хүн амын 10.7 хувь нь вакцины эхний тунд хамрагдаад байна. ОУВС-гийн вакцинд зориулсан санхүүжилт нь эм, эмнэлгийн байгууллагуудын хөгжлийг түргэсгэхэд түлхэц өгч байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт вакцинжуулалтаас шууд хамааралтай болоод байгаа бөгөөд Дэлхийн банкнаас гаргасан 2021 оны хагас жилийн Дэлхийн эдийн засгийн төлөв тайландаа “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх оны нэг дүгээр сарын төсөөллөөс 1.5 хувиар сайжруулж 5.6 хувь болгов. Тухайлбал: Тэргүүлэх эдийн засагтай улсын хувьд АНУ 6.8 хувь, БНХАУ 8.5 хувь, Европын холбоо 4.2 хувь, ОХУ 3.2 хувийн эдийн засгийн өсөлттэй байна. 2022 он гэхэд хөгжингүй улс орнууд цар тахлын өмнөх түвшинд хүрэхээр байгаа бол хөгжиж буй улс орнуудын дундаж өсөлтийн төсөөлөл 2.9 хувь байна. Түүнчлэн дэлхийн эдийн засаг бүрэн сэргэхэд вакцины тэгш хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй” гэв.
Дэлхийн эдийн засгийн төлөв
Фитч агентлагаас энэ оны 6 сард гаргасан эдийн засгийн төлөвд дурдсанаар 2021 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрэхээр байна. Үүнд АНУ 6.8 хувь, БНХАУ 8.4 хувь, Европын холбоо 5 хувь, Их Британи 6.6 хувиар тус тус эдийн засаг нь өсөхөөр байна. АНУ, Евро бүсэд үргэлжилж буй вакцинжуулалтын нөлөөгөөр хөл хорио суларч, шинээр бүртгэгдэх цар тахлын тохиолдол буурч буй, Засгийн газар, Төв банкнаас эдийн засгийг дэмжих бодлогуудын үр нөлөөгөөр үйлчилгээний салбар хүлээлтээс хурдтай сэргэж байгаа нь төсөөллийг нэмэгдүүлэхэд нөлөөллөө. АНУ-д удаан эдэлгээт бараа, бүтээгдэхүүний хэрэглээ цар тахлын өмнөх түвшнээс 30 хувиар өсч, түүнийг дагасан импорт мөн нэмэгдсэн нь эрчимжиж буй эдийн засагтай орнуудын экспортыг дэмжиж байна. Дэлхийн эдийн засгийн таамгаар эерэг хүлээлт үүссэн нь хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээл сэргэх тулгуур болж байна. Мөн уул уурхай, эрчим хүчний түүхий эдийн үнийн өсөлт дэлхийн эдийн засгийн талаарх эерэг таамаглалтай зэрэгцэн өссөж, нийлүүлэгч орнуудын орлого нэмэгдэж байна.
АНУ-ын санхүүгийн гол үзүүлэлт ба ХНС-ийн шинэ бодлого
АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.4 хувиар өссөн бөгөөд ОУВС-гийн дүрмийн 4-р заалтын дагуу АНУ-д хийсэн үнэлгээний тайланд дурдсанаар АНУ-д энэ оны эхний хагаст вакцинжуулалт амжилттай үргэлжилж, цар тахлын тархалтын тоо буурсны зэрэгцээ эдийн засгийг дэмжих томоохон төсөв, мөнгөний бодлогын үр нөлөөгөөр эдийн засаг хурдтай сэргэж, энэ онд 7 хувиар өсөх төлөвтэй байгааг зарлалаа.[2] Мөн АНУ-ын инфляц энэ оны 6-р сарын байдлаар 4.9 хувьд хүрэв. Инфляц өссөн нь бонд болон үнэт цаасны зах зээлд том алдагдлыг дагуулаад байна. Учир нь инфляц өсөх нь аж ахуй нэгжүүдийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх тул Холбооны нөөцийн сангаас мөнгөний бодлогоо чангаруулах арга хэмжээ авч болзошгүй гэж шинжээчид таамаглаж байв. Dow Jones Industrial Average 2 хувиар буурч, S&P 500 2.1 хувиар буурч, Nasdaq 2.7 хувиар буурсан нь 1 дүгээр сараас хойших огцом уналт болоод байна. Харин Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 1.61 хувьд хүрч нэмэгдсэн бол АНУ-ын мөнгөний нийлүүлэлт 2020 оны 2-р сараас хойш 26 хувиар өссөн байна. Холбооны нөөцийн сангийн дэд тэргүүн Ричард Кларида инфляц 2021 оны туршид өсөх хандлагатай байна гэж мэдэгдлээ.
АНУ-ын инфляцын түвшин 2009 оны эдийн засгийн хямралын өмнөх үедээ хүрсэн байна. ХНС инфляцын түвшин, эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурлаж мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулдаг. Гэвч хоёр дугаар улиралд болсон хурлын дараагаар мөнгөний бодлогоо өөрчилсөн мэдэгдэл хийсэн юм. Уг мэдэгдэлд “АНУ-ын ХНС бодлогын хүүг урт хугацаанд макро эдийн засгийг дэмжих үүднээс 2023 оны сүүлээр 0.6 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна” гэв. АНУ-ын эдийн засаг 2021 онд 7.0 хувиар өсөх, ажилгүйдлийн түвшин 4.5 хувьд хүрэх, суурь инфляцын түвшин 3 хувьд хүрэх төсөөлөлдөө үндэслэн АНУ-ын ХНС 2021 оны 6-р сард бодлогын хүүгээ 0.0-0.25 хувьд хэвээр хадгалах, сар тутам 120 тэрбум ам.долларын бонд худалдан авах хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Мөн 2022, 2023 онд эдийн засгийн өсөлт тогтворжиж, ажилгүйдлийн түвшин 3.5 хувь хүртэл буурах төлөвтэй тул 2022 оны төгсгөл хүртэл бодлогын хүүгээ тэг орчим хувьд, 2023 онд хоёр удаа өсгөх чиглэлтэй буюу өмнөх улирлын хүлээлттэй харьцуулахад хүү өсгөх хугацаагаа наашлуулаад байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл ХНС нь зах зээлд өмнө байгаагүй их хэмжээний санхүүжилтийг хийж байгаа нь хэт амбицтай мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа талаар санхүүгийн шинжээч нар дүгнэж байна. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден 2022 оноос эхлэн хэрэгжих 6 их наяд ам.долларын төсвийн багц хөтөлбөрийн төслийг танилцуулахаар боллоо. Уг багц хөтөлбөр нь дундаас доош орлоготой айл өрхийн амьжиргааг дээшлүүлж, дундаж давхаргад оруулах, АНУ-ын үйлдвэрлэлийн салбарыг сайжруулах зорилготой ажээ. Дээрх төсвийн дийлэнхийг боловсрол, эрүүл мэнд, дэлхийн дулаарлын эсрэг хөрөнгө оруулалт болон дэд бүтцийн салбарт зарцуулахаар байгаа нь Дэлхийн II дайнаас хойшхи томоохон зарцуулалтад тооцогдож байна. New York Times-ийн
тооцооллоор 2031 оныг хүртэл төсвийн зарцуулалт 8.2 их наяд ам.долларт хүрч, төсвийн алдагдал 1.3 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Төсвийн зарцуулалтыг ийнхүү нэмэгдүүлэхийн тулд Жое Байден корпорацуудын болон 400 мянган ам.доллараас дээш орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлэх санал дэвшүүлээд байгаа аж.[3]
Мөн АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн эрэлт өсч, нийлүүлэлт буурав. АНУ-ын ерөнхийлөгч Жое Байдэн 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг үл хөдлөх салбарыг дэмжихэд зарцуулахаар болсон билээ.[4] Түрээсийн төлбөр болон моргежийн чанаргүй зээлдэгчдэд зориулсан нэмэлт 50 орчим тэрбум ам.долларыг АНУ-ын Конгресс батлаад байна. Дээрх арга хэмжээнүүд нь сайн түүхтэй зээлдэгчдэд илүүтэй нөлөөлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дахин санхүүжилт нэмэгдэх, иргэд хоёр дахь үл хөдлөх хөрөнгөө худалдан авах хандлага нэмэгдэж байна. Түүнчлэн, Холбооны нөөцийн банкны мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр моргежийн хүү 2.59-2.95 хувийн хооронд хэлбэлзэж байна. Харин ган, төмрийн хүдэр, мондны нийлүүлэлт буурсан нь барилгын салбарын нийлүүлэлт буурч үнэ өсөхөд голлон нөлөөлж эхлээд байгаа юм.
АНУ-ын хувьд улс төрийн эдийн засгийн бодлогыг ухаалгаар ашиглаж дотоодын эдийн засагт өмнө нь байгаагүй их хэмжээний мөнгөний нийлүүлүүлэлтийг хийж байна. Вакцинжуулалт, мөнгөний нийлүүлэлтийн үр дүнд эдийн засаг нь хагас жилийн дотор хурдтай өсч чадлаа. Зах зээлд их хэмжээний доллар нийлүүлсэн нь алт, үнэнт меттал болон эрчим хүчний түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлжээ. Мөн АНУ-ын улс төрийн эдийн засгийн бодлогын хүрээнд Европын холбоо, Их Британи, Зүүн өмнөд Азийн орнуудтай эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг түргэсгэхэд анхаарах нь тодорхой байна. Евро бүсийн орнууд нь гол худалдан авагч бол Зүүн өмнөд Азийн орнууд үйлдвэрлэлийн хамгийн хямд ажиллах хүчинтэй бүс нутаг болоод байна. АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын засаг захиргааны үед Зүүн өмнөд Азийг онилж үндэстэн дамнасан үйлдвэрлэлүүдээ нүүлгэж байсан билээ. Тус улсын Ерөнхийлөгч Ж.Байден одоогоор гадаад улс төрийн эдийн засгийн бодлогоо бүрэн тодорхойлж гаргаж ирээгүй байгаа ч дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх эсвэл Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг урагшлуулна гэж эдийн засагчид таамаглаж байна.
БНАХУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд юуг илэрхийлж байна вэ?
Цар тахлыг дотоодоо хамгийн богино хугацаанд дарж, эдийн засгаа хурдан сэргээж байгаа улс бол Хятад юм. Тус улс иргэддээ 1.4 тэрбум тун вакцин тариад байгаа билээ. Дотоодын халдварын тархалтыг дарахтай зэрэгцэж, дахин халдвараас сэргийлэх эрүүл мэндийн салбарын цогц бодлогыг хэрэгжүүлж байгаа. 2021 оноос эдийн засгийн өсөлт нь шинжээчдийн таамаглалыг давсан бөгөөд эхний хагас жилийн байдлаар 12.7 хувиар өссөн байна. Хятадын эдийн засаг 2021 оны нэгдүгээр улиралд 18.3 хувь, хоёрдугаар улиралд 7.9 хувь тус тус өссөн.[5] Эхний хагас жилд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс өндөр байсан шалтгаан нь дотоодын үйлдвэрлэл, экспортын хэмжээ нэмэгдэж, дотоодын худалдан авалтыг тодорхойлдог хэрэглээ, үйлчилгээний эдийн засаг өмнө байгаагүй огцом өсөлтийг үзүүлсэнтэй холбоотой юм. Уг өсөлт үзүүлэхэд нөлөөлсөн хятадын гол индекүүдийн талаар доор дурдая.
БНХАУ-ын ДНБ-ий өсөлтийн 61.7 хувийг бүрдүүлдэг хэрэглээ ба үйлчилгээний эдийн засгийн өсөлт эхний хагас жилд 23 хувиар өссөн байна. Өрхийн хэрэглээний зардлыг тодорхойлдог хэрэглээ ба үйлчилгээний эдийн засаг 2019 онд 9 хувийн өсөлттэй байсан. 2021 оны эхний 6 сарын байдлаар онлайн худалдааны борлуулалт 23.2 хувь, жижиглэн худалдаа 12.1 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч хятадын эдийн засгийн огцом өсөлт нь түүхий эдийн үнийн огцом өссөлттэй холбоотой юм.
БНХАУ-ын экспортод суурилсан боловсруулах үйлдвэрлэлийн Caixin PMI индекс энэ оны 5-р сард 52.0 байсан бол 6-р сард хүлээлтээс доогуур 51.3-д хүрэв. Үүнд эрэлт болон үйлдвэрлэл удааширсан, экспортын шинэ захиалгын хэмжээ 2 сар дараалан буурсан нь голлон нөлөөлжээ.[6] Дэлхийн хэмжээнд улс орнууд 2020 оны 4 дүгээр улиралд цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх зорилтот санхүүжилтийг олгож эхэлсэн. Үүний нөлөөлөл Хятадын Caixin PMI индекс 2020 оны 12 сард 54.9, 2021 оны нэгдүгээр сард 53.1 тус тус хүртэл огцом өсөлт үзүүлэхэд нөлөөлсөн. Caixin PMI индекс 50-аас дээш өсөлт үзүүлэх үед зэс, ган зэрэг бүтээн байгуулалтын түүхий эдийн үнэ өсдөг адил хамааралтай билээ. Хятад Caixin PMI индекс 6-8 саруудад 52-оос дээш байх таамаглалтай байгаа. Учир нь улс орнууд дотоодын дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэржилтийг сайжруулах хөрөнгө оруулалт хийгдэх хүлээлттэй байгаа юм. Энэ таамаглал нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлөх юм.
БНХАУ-ын албан ёсны боловсруулах үйлдвэрлэлийн PMI индекс энэ оны 5-р сард 51.0 байсан бол 6-р сард хүлээлтээс бага буюу 50.9-д хүрэв. Мөн албан ёсны боловсруулах үйлдвэрлэлийн бус PMI индекс 5-р сард 55.2 байсан бол 6-р сард хүлээлтээс бага 53.5-д хүрэв. Үйлдвэрлэлийн PMI индекс ийнхүү хүлээлтээс бага гарахад түүхий эд материалын үйлдвэрлэл, шинэ экспортын захиалгын хэмжээ буурсан. Мөн Хятадын зарим орон нутагт Ковид-19-ийн тохиолдол нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээ хүндрэлтэй байгаа нь голлон нөлөөлжээ.[7]
Үйлдвэрлэлийн дэд бүлгийн индекс (sub-index) өмнөх сард 52.7 хүрч өссөн бол 6-р сард 51.9 хүрч өмнөх сараас буурав. Харин дотоод эрэлт сайжирсан нөлөөгөөр дотоодын захиалгыг хэмждэг индекс өмнөх сард 51.3-аас энэ сард 51.5 хүрч нэмэгджээ. Нийт үйлдвэрлэлийн орц, гарцын бүрэлдэхүүн хэсгүүдийн үнэ буурсан (input-output price components) нь нийт үйлдвэрлэлийн үнийн өсөлт саарсныг илтгэж байна. БНХАУ-ын үйлдвэрлэлийн бус PMI индекс хүлээлтээс багаар нэмэгдэхэд Гуандун муж дахь Ковид-19-ийн тохиолдлууд огцом нэмэгдэж, агаарын тээвэрлэлт, нийтийн хоолны болон аялал жуулчлалын үйлчилгээний идэвхжил буурч, салбарын PMI индекс 50-аас доош гарсан нь голлон нөлөөлжээ. Харин цахим худалдаа эрчимжсэний зэрэгцээ барилгын салбарын идэвхжил хадгалагдаж салбарын PMI индекс 60-аас дээш гарав. Энэ нь дэд бүтцийн салбар дахь төсвийн хөрөнгө оруулалтын нөлөө эерэг байгааг харуулж байна.
БНХАУ-ын үйлдвэрлэлийн үнийн PPI индекс энэ оны 5-р сард өмнөх оны мөн үеэс 9 хувиар нэмэгдэж сүүлийн 13 сарын хамгийн өндөр түвшинд хүрч өссөн бол 6-р сард уг түвшин өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Өсөлт өмнөх сарын түвшнээс саарах тооцоололд бараа материалын үнэ 3-р сарын түвшинд хүрч тогтворжсон, дотоод эрэлт удааширсан зэрэг нь голлон нөлөөлөв.[8]
- Бараа материал, түүхий эдийн үнийг дотор нь дэлгэрүүлж харвал 6-р сард ган, зэсийн үнэ 3-р сарын түвшинд хүрч тогтворжив. Харин шатахууны үнэ 6-р сард өмнөх оны мөн үеэс 25 хувиар нэмэгдсэн байна.
- Гангийн салбарын хувьд, БНХАУ-ын боомтууд дээрх төмрийн хүдрийн нөөц бага зэрэг буурсан бол ган бүтээгдэхүүний нөөц өмнөх оны мөн үеэс өсч, 3-р сараас хойшхи хамгийн өндөр түвшинд хүрэв. Түүнчлэн, дэлхийн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэ 6-р сарын эхнээс алгуур нэмэгдэж байгааг Блүүмбергийн шинжээчид онцолж байна.[9]
Хэрэглээний үнийн CPI индекс 5-р сард өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн бол 6-р сард өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар өсөх төлөвтэй байна.
- Хүнсний үнийн хувьд гахайн махны үнэ 6-р сард өмнөх оны мөн үеэс буурч, хүнсний ногооны дефляц нэмэгдсэн бол жимсний инфляц өсөв (хүнсний үнэ зорилтот 2 хувиас доогуур хадгалагдаж байна).
- Хүнсний-бус бүрэлдэхүүний хувьд, газрын тосны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээний сагсан дахь тээвэр, харилцаа холбооны бүлгийн үнэ жилийн 5.5 хувиар өсч, хүнсний бус үнэ жилийн 1.6 хувиар нэмэгдэхэд голлон нөлөөлөв.
- Өмнөх сарын түвшинтэй харьцуулахад боловсролын секторийн зарим үйлчилгээний үнэ нэмэгдэв.
БНХАУ-ын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 2021 оны эхний хагас жилд 25.6 их наяд юаниар буюу жилийн 12.6 хувиар өсчээ.[10]
- Эдийн засгийн идэвхжлийг даган хувийн сектор дэх хөрөнгө оруулалт оны эхний 5 сард 11.25 их наяд юаниар буюу жилийн 18.1 хувиар өсөв.
- Боловсруулах үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт оны эхний 5 сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар өсөв.
БНХАУ-ын эрх баригчид нэгдүгээр улиралд өмнөх оныхоос 31.6 хувийн өсөлттэй санхүүжилт хийж, зах зээлд 2020 онд нийлүүлэгдсэн мөнгөн дүнгийн М2 буюу нийт бэлэн мөнгөний 1/3 нэгтэй дүйцэх хэмжээний мөнгө нийлүүлсэн байна. Энэ нийлүүлэлт бодит эдийн засагт үр дүнгээ өгч эдийн засаг нь огцом буюу нэгдүгээр улиралд 18.3 хувиар өссөхөд хүргэсэн байна. Цаашид ч хятадын эрх баригчид эдийн засгаа тэлэхээр үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх таамаглалтай байна.
БНХАУ-ын дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулалт 2021 оны эхний 5 сард 5.43 их наяд юань хүрч жилийн 18.3 хувиар өссөнөөс орон сууцны хөрөнгө оруулалтын тэлэлт үргэлжилж, жилийн 20.7 хувиар өсч, 4.08 их наяд юаньд хүрлээ.
Автомашины үйлдвэрлэл, худалдаа буурч эхэллээ. Автомашины худалдаа 2021 оны эхний 5 сард 10.9 саяд хүрч, жилийн 36.6 хувиар нэмэгдсэн бол автомашины үйлдвэрлэл эхний 5 сард 10.8 саяд хүрч жилийн 38.4 хувиар нэмэгдэв. Хэдийгээр жилийн дүнгээр өсч байгаа ч зөвхөн 5-р сарыг авч үзвэл 2.1 сая автомашин үйлдвэрлэсэн нь өмнөх сараас 7.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 4.0 хувиар тус тус буурсан үзүүлэлт болжээ. Мөн 5-р сард 2.1 сая автомашин борлуулагдсан нь өмнөх сараас 5.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар буурсан дүн юм.
БНХАУ-ын Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ 2021 оны эхний 5 сард 7.5 сая тонн буюу өмнөх оны мөн үеэс 44.4 хувиар өссөн үзүүлэлт байна. Мөн хугацаанд БНХАУ-ын Канадаас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 39.0 хувиар өсч 3.14 сая тоннд, ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний хэмжээ 41.2 хувиар өсч, 3.25 сая тоннд хүрсэн бол Австралиас коксжих нүүрс импортлоогүй хэвээр байна.
Гангийн идэвхжил 2021 оны 5-р сарын турш хадгалагдсан нөлөөгөөр БНХАУ-ын түүхий ган үйлдвэрлэл 99.5 сая тоннд хүрч жилийн 6.6 хувиар өссөнөөс Шаньдун мужийн үйлдвэрлэл 8.0 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 14 хувь, Жиансу мужийн үйлдвэрлэл 10.9 сая тоннд хүрч жилийн 9.1 хувь, Ляонин мужийн үйлдвэрлэл 7.2 сая тоннд хүрч жилийн 14 хувиар тус тус нэмэгдсэн бол Хэбэй мужийн үйлдвэрлэл 20.7 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурав. Харин оны эхний 5 сард түүхий гангийн дотоодын үйлдвэрлэл 473.1 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар нэмэгдлээ.
Дүгнэлт
Дэлхийн хэмжээнд вакцинжуулалтын үр дүн нь дунджаар 3-6 сарын дараа бодит эдийн засагт нөлөөлж өсөлт үзүүлж байна. Эдийн засгийн өсөлтийн нөлөө түүхий эдийн үнийг өсгөж нийлүүлэлтийн зах зээлд эрэлтийг нэмэгдүүлж байна. Уул уурхай, дэд бүтэц рүү чиглэх хөрөнгө оруулалт 2021 онд өсөх магадлалтай байна.
[1] Хөл хориогүй үед халдвартай нэг хүн дунджаар 5 хүнд халдварлуулдаг бол тэдгээр 5 хүний 4 буюу 80 хувь нь дархлаатай бол халдварын тархалт хумигдаж* тохиолдлын тоо буурдаг. Хэрэв вирус халдварлах чадвар өндөртэй, нэг хүн 10 хүнийг халдварлуулдаг бол хүн амын 90 хувь нь дархлаатай байж халдварын тоо буурдаг.
[2] https://www.imf.org/en/News/Articles/2021/07/01/mcs070121-united-states-of-america-concluding-statement-of-the-2021-article-iv-mission
[3] https://www.nytimes.com/2021/05/27/business/economy/biden-plan.html
[4] https://www.bloomberg.com/news/articles/2021-05-26/housing-market-biden-wants-to-fix-eviction-crisis-spiraling-home-prices?sref=as84SQDS
[5] https://www.china-briefing.com/news/chinas-gdp-grows-by-12-7-percent-in-h1-2021/
[6] https://tradingeconomics.com/china/manufacturing-pmi
[7] https://tradingeconomics.com/china/business-confidence
[8] http://www.xinhuanet.com/english/2021-07/09/c_1310051609.htm
[9]https://mongolbank.mn/documents/news/communication/%D0%93%D0%BB%D0%BE%D0%B1%D0%B0%D0%BB%20%D1%82%D0%BE%D0%B9%D0%BC/10-Global_toim-2021-07-02.pdf
[10] https://tradingeconomics.com/china/fixed-asset-investment
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
ХКН ба намын 100 жилийн ойн арга хэмжээДараах нийтлэл
Афганистаны шинэ нөхцөл байдалСүүлд нэмэгдсэн
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02