2021 оны долдугаар сарын 1-нд ХКН-ын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Тяньаньмэний талбайд боллоо. Энэ нь намын 100 жилийн ойн арга хэмжээ гэхээсээ илүүтэйгээр Хятад үндэстнийг агуу ихээр сэргээн мандуулах Хятад мөрөөдлийн эхний стратегийн зорилтын мөчлөг биелснийг тунхаглан зарласнаараа онцлог ач холбогдолтой юм.
Хятад мөрөөдлийн эхний зорилт
2012 онд ХКН-ын XVIII их хурлын дараахан Ши Жиньпин “Хятад мөрөөдөл” хэмээн нэрлэгдсэн стратеги дэвшүүлэхдээ, ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болоход дундаж чинээлэг нийгэм байгуулж, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой болоход хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, орчин цагийн социалист гүрэн болох зорилт гаргасан. Түүнээс хойш 9 жилийн хугацаанд нам ба төрийн үндсэн зорилт нь дундаж чинээлэг нийгмийг бий болгоход чиглэж байлаа.
Дундаж чинээлэг нийгэм (小康社会) гэдэг нь Күнзийн уламжлалт сургааль ба орчин үеийн социалист онолтой хосолсон ухагдахуун юм. 3000 жилийн өмнөх “Шүлэглэлт ном”-д энэ үг хамгийн анх дурдагдаж, ард иргэд хөл хөсөр, гар газар амьдрах гэдэг утгатай байсан бол 1979 оноос Дэн Сяопин дундаж давхаргыг үндсэн нөхцөл болгож, Ху Жиньтао, Ши Жиньпин нарын үед ХКН-ын үндсэн зорилтууд болсон билээ.
Энэ дагуу Ши Жиньпин ядуурлыг бууруулах ажлыг үндэсний эн тэргүүний зорилт болгож, нийт 246 тэрбум ам.доллар зарцуулсан бөгөөд хөдөө тосгоны 832 хошуу, 128 мянган тосгоныг ядуурлаас ангижруулсан үзүүлэлттэй байна. Чингэхдээ маш олон төрөл, үйл ажиллагаагаар ядуурлыг бууруулах ажлыг хийж байгаа юм. Хятад ядуурлын босгыг өдөрт 1.7 ам.доллараар тогтоосон бол Дэлхийн Банкны үзэж буйгаар Хятад нь өндөр дунд орлоготой эдийн засагтай оронд багтдаг тул 5.5 ам.доллар байх ёстой. Тиймээс Хятадын хувьд ядуурлын босгын тухай асуудал нь нэлээд маргаантай.
2021 оны хоёрдугаар сард Ши Жиньпин ядууралтай хийсэн тэмцэлд ялалт байгуулснаа зарлаж, “ХКН ба Хятадын ард түмний хамтын хүчин чармайлтын ачаар манай улс ядуурлыг арилгах хэцүү даалгаврыг биелүүлж, ядуурлын асуудлыг бүрэн шийдвэрлэлээ” гэж мэдэгдсэн нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн өмнөх онцлог алхам байв.
Гэхдээ 2020 оны байдлаар 600 сая хүн сард 169 ам.долларын орлогоор амьдарч байгаа тул өргөн хүрээг хамарсан дундаж давхаргыг бий болгох хүртэл үгээгүй ядуурлыг ялсан гэж дүгнэхэд эртдэнэ гэж олон судлаачид, түүний дотор Хятадын эрх баригчид хүртэл ийн үзэж байна.
ХКН байгуулагдсаны 100 жилийн ой
Гуравдугаар сард Цэргийн төв зөвлөлийн Улс төрийн газрын даргын туслах генерал Ли Жүнь 100 жилийн ойн арга хэмжээнд цэргийн парад төлөвлөөгүй гэж мэдэгдсэн юм. Тиймээс энэ удаа цэргийн парад болоогүй бөгөөд харин ХАЧА-ийн Агаар цэргийн үзүүлбэр болж, Z-19, Z8L, Z-10, J-20, JL-8 онгоцууд агаарт 100, 71 гэдэг тоог дүрслэн ниссэн нь цэвэр бэлгэдлийн шинж чанартай алхам боллоо.
Ёслолын арга хэмжээнд 70 000 хүн оролцсон. Арга хэмжээний өмнө уламжлал ёсоор ХАЧА-ийн Хүндэт харуулын цэргүүд Ардын баатруудын хөшөөнөөс алхан, БНХАУ-ын төрийн далбааг мандуулж, 56 үндэстнийг төлөөлсөн 56 их буугаар Намын 100 жилийн ойг илэрхийлж, 100 удаа ёслолын буудлага хийсэн болно. Энэ үед Төрийн дуулал эгшиглэж, Коммунист Залуучуудын Эвлэл ба Пионерийн байгууллагын төлөөлөгчид баяр хүргэж үг хэлжээ.
Арга хэмжээний төгсгөлд коммунистуудын сүлд дуу болсон “Интернациональ”, Хятадын хоёрдахь төрийн дуулал гэгддэг, 2008 оны Бээжингийн Олипийн нээлтэд дуулагдсан “Эх орны магтуу” явсан.
Хүндэтгэлийн арга хэмжээн дээр ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ дараах хэдэн санааг онцолжээ:
- Хятад улс бүх талаараа чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоон бий болгох анхны 100 жилийн зоритдоо хүрлээ. Бид үгээгүй ядуурлыг үндсээр нь устгаж чадсан бөгөөд харин одоо орчин цагийн аугаа социалист гүрнийг бий болгох хоёрдахь 100 жилийн зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүйгээр, итгэл төгс урагш тэмүүлж байна.
- Хятадын ард түмний генд түрэмгий, дээрэнгүй зан чанар байхгүй. ХКН нь хүн төрөлхтний ирээдүйн төлөө санаа тавьж, дэлхийн бүх улс оронтой зэрэгцэн урагшлахыг эрмэлздэг. Хятад улс дэлхийн энх тайвныг сахин хамгаалж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж, олон улсын хэмжээнд хэв журмыг сахиулах чиглэлээр бусад улс оронтой ямагт хамтран ажилласаар ирсэн.
- Хятадын ард түмнийг харийн гүрнүүд дарлан дээрэлхэж, эрхшээлдээ оруулахыг оролдохыг хэзээ ч хүлцэн зөвшөөрөхгүй. Ингэхийг завдсан хэн ч Хятадын 1.4 тэрбум гаруй хүн амын босгосон бат бөх, аугаа хана хэрмийг мөргөх болно. Бид хэзээ ч бусад орны ард түмнийг дээрэлхэж, дарлаж, эрхшээлдээ оруулахгүй бөгөөд цаашид ч ийм зүйл болохгүй.
- Бид Хонконг, Макаогийн онцгой засаг захиргааг хэвээр хадгалж, нэг улс хоёр системийг тууштай хэрэгжүүлнэ. БНХАУ-ын бүрэн эрхт байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хангахын зэрэгцээ Хонконг, Макаогийн нийгмийн тогтвортой байдлыг хангаж, засаг захиргааны онцгой бүсүүдийн хөгжил цэцэглэлтийг дэмжинэ.
- Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэж, Хятад улсын бүрэн бүтэн байдал, эв нэгдлийг хангах нь ХКН-ын хувьд түүхэн бөгөөд ухарч болшгүй үүрэг даалгавар юм. “Тайванийг тусгаар тогтнуулах” аливаа оролдлогыг таслан зогсоохын тулд бид шийдэмгий арга хэмжээ авч, үндэсний сэргэн мандал, гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа зүтгэх ёстой. Үндэсний бүрэн эрхт байдал болоод нутаг дэвсгэрийн бүрэн байдлаа хамгаалахын төлөө Хятадын ард түмний эрс шийдэмгий байдал, хүчтэй хүсэл зориг болон ер бусын чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй.
- ХКН марксизмын үзэл баримтлалыг Хятадын хөрсөнд нутагшуулах ажлаа үргэлжлүүлэх ёстой. Энэ намын чадавх болон Хятадын онцлогтой социализмын сүр хүч нь үндсэндээ Марксизмын онолтой холбоотой.
- ХКН-ын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ямар ч вирусийг устгах хэрэгтэй. ХКН нь намын гишүүдийн ёс зүйг улам бүр сайжруулж, шударга ёсыг сахиулж, авлигатай хатуу тэмцсээр байх болно.
- Зөвхөн социализм Хятадыг аврана. Коммунист нам үгүй бол шинэ Хятад орон гэж үгүй.
Зарим үйл явдал
Синьхуа агентлагийн мэдээлснээр ХКН-ын 100 жилийн ойд баяр хүргэж, 150 орны төрийн тэргүүн, дэлхийн 200 гаруй улс төрийн голлох намуудаас баярын цахилгаан илгээжээ.
Ёслолын арга хэмжээний дараа Тайваний засаг захиргаа мэдэгдэл гаргаж, “Эх газрын Хятад эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрсэн ч хүний эрхийг ноцтой зөрчиж, дотооддоо авторитар дэглэм тогтоосон. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс нь Тайваний нийгмийн үндсэн зарчим мөн. Тиймээс бид “Нэг Хятад” бодлогыг эсэргүүцсэн өөрсдийнхөө байр сууринд бат зогсох болно” гэжээ.
Хятадын эрх баригчид уламжлал ёсоор аюулгүй байдлыг онцгой анхаарсан. Гэхдээ Хонконгт ХКН-ын 100 жил болон Хятадад эргэн нэгдсэний 24 жилийн ойг хамтатган тэмдэглэх үеэр оройн 22:10 цагт 50 настай нэгэн эр өөрийгөө зүрхэн тус газраа хутгалж, цагийн дараа нас барсан нь эсэргүүцлийн алхам болсон юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин зургадугаар сарын 28-нд Ши Жиньпинтэй уулзахдаа ХКН-ын тэгш ойд баяр хүргэхийн хамт Холбооны архивын газарт хадгалагдаж байсан 1928 онд Москва хотод болсон ХКН-ын VI их хурлын материалуудыг гардуулж өгчээ.
ХКН-ын ойн арга хэмжээний дараа долдугаар сарын 6-нд тус нам “Улс төрийн намуудын үүрэг хариуцлага” сэдэвт Дэлхийн улс төрийн намуудын уулзалтыг цахимаар зохион байгуулахад 160 орны 500 улс төрийн нам оролцсон ажээ.
ХКН байгуулагдсан түүх
Хятадад коммунист нам байгуулагдсан нь колоничлолын үр дагавар ба Коминтерны нөлөөтэй шууд холбоотой.
Коммунизмын тухай ойлголтууд анх үүссэнээсээ хойш хагас зууны дараа Японд суралцаж байсан хятадын хувьсгалч, анархистуудаар дамжин, ХX зууны эхээр Хятадад анх нэвтэрсэн юм. Их Британи, АНУ, Прусс, Япон, Орос зэрэг их гүрнүүд Манж Чин гүрний газар нутгийг хуваан колоничлож, тэгш бус гэрээнүүдийг хүчээр тулган хүлээлгэж, Хятад дэлхийн хөгжлөөс илт хоцрогдсон тэр цаг үед наанадаж Манжийн дарлалыг устгах, цаанадаж Хятадыг аврах, дахин хүчирхэгжүүлэх олон арван санааны нэг нь коммунизм байсан ч тухайн үедээ Хятадад дэлгэрэх нөхцөл бүрдээгүй байлаа.
1906 онд Японд боловсрол эзэмшсэн хувьсгалч Жу Жисинь (1885-1920) анх Маркс, Энгельсийн онолын тухай болон “Эв хамт намын тунхаг”, “Капитал” зэрэг зохиолуудын агуулгыг товчоор тайлбарлаж, нийтлүүлжээ. 1908 онд анархист хүүхэн Хэ Жэнь (1884-1920) “Эв хамт намын тунхаг”-ын эхний хэсгийг япон хэлнээс орчуулжээ. Эдгээр нь коммунизмын онолын үндсэн ойлголтуудыг хятадад түгээх анхны оролдлогууд байв.
1917 онд Орост Октябрийн хувьсгал ялж, В.И.Ленин, Л.Д.Троцкий тэргүүтэй большевикууд засгийн эрхийг булааж аваад өөрсдийн дэглэмийг найдвартай тогтоон барихын зэрэгцээ дэлхий даяар хувьсгал экспортлохыг оролдож байв. Тийнхүү тэд өрнө, дорно дахинд хувьсгалын түймэр асаахаар шийдэж, хоёр жилийн дараа Коминтерныг байгуулжээ. Гэвч коммунизм аж үйлдвэржсэн өрнөдөд бус, харин феодализмаас дөнгөж салсан дорнодод амжилттай тархсан юм.
Бээжингийн Их сургуулийн Номын сангийн эрхлэгч, Японд боловсрол эзэмшсэн Ли Дажао, тус сургуулийн профессор, мөн л Японд суралцаж асан Чэнь Дусюй нар өдөр ирэх тусам доройтох улс, үндэстнийхээ ирээдүйн хувь заяаг аврахыг амьдралынхаа зорилго болгосон олон зуун сэхээтнүүдийн төлөөлөл байв.
Тэд Күнзийн сурталд суурилсан догматик иргэншил нь Хятадыг хоцрогдол доройтолд хүргэсэн учраас гагцхүү орчин үеийн шинжлэх ухаан, өрнөдийн философид тулгуурласан ямар нэгэн “шинэ соёл” Хятадыг дэлхийн хөгжлийн түвшинд хүргэнэ гэдэгт итгэж байв.
Тэдний үзэл санааны эрэл олон жил үргэлжилж, нэгэн үе ажилчдын сайн дурын нийгэмлэгт суурилсан нийгмийг сурталчилдаг байсан оросын философич, социологич П.А.Кропоткины анарх-коммунизмын үзэл санаанд автаж байснаа 1919 оноос Зөвлөлтийн коммунист загварыг сонирхох болжээ. Тэд үндэсний үзэлтнүүд байсан бөгөөд анархизм зэрэг бусад онолууд амьдрал дээр хэрэгжээгүй байхад гагцхүү коммунизм Зөвлөлтөд ялсан учраас үзэл санаанд нь автсан бус, харин практик хэрэгцээ бололтой.
1919 онд Дэлхийн I дайны үр дүнг баталгаажуулсан “Версалийн гэрээ”-нд дайнд ялагдсан Германы колони болох Шаньдуны хойгийг Японд шилжүүлэн өгөх заалтыг тусгажээ. Энэ заалтыг эсэргүүцсэн Хятадын оюутнууд 5 дугаар сарын 9-нд Бээжин хотод жагсаал зохион байгуулсан нь улмаар төрийн доройтол, үндэстний хоцрогдлыг шүүмжлэх, Хятадын уламжлалт Күнзийн суртлыг халах, сонгодог бичгийн хэлийг өөрчлөх, “шинэ соёл” түгээхэд чиглэв. Энэ хөдөлгөөний хуучин соёлын эсрэг чиглэсэн уриаг Сүнь Ятсен, Чан Кайши нар шүүмжилж, залуу үеийн ёс суртахуун, үзэл санааг бохирдуулж байна гэж буруутгажээ.
Барууны загварын либерал ардчиллыг хятадын сэхээтнүүд маш сонирхож байсан ч барууны улс орнуудын Хятадыг дорд үзэх, Хятадын ашиг сонирхлыг үгүйсгэх, колоничлох, газар нутгийг нь хүчирхэг гүрнүүдэд арилжих бодлого нь эсрэгээрээ тэдний зэвүүцлийг төрүүлжээ. Чингээд хятадын олон сэхээтнүүд феодалын нийгмээс салаагүй, колоничлолын давалгаанд өртсөн Хятад орныг аврах цорын ганц арга зам нь большевик хувьсгал гэдэг үзэл бодолд улам бүр автах болсон юм.
1920 оны дөрөвдүгээр сард Коминтерны Дорнод хэлтсийн Алс Дорнодын секторын эрхлэгч Г.Н.Войтинский Хятадын нөхцөл байдлыг судлах, болбол Хятад, Солонгост Коммунист нам байгуулах зорилготойгоор орчуулагч, Владивостокийн цагаач хятад, большевик Ян Минжайтай хамт Хятадад анх иржээ. Тэрээр Бээжинд олон жил эртний хятадын түүхээр судалгаа хийсэн Петербургийн Их сургуулийн профессор А.И.Ивановын зуучлалаар Бээжингийн Их сургуулийн Номын сангийн эрхлэгч Ли Дажаотай танилцсан юм. Коммунизмыг сонирхох болсон Ли Дажао Г.Н.Войтинскийд үзэл бодол нэгтэй Чэнь Дусюй зэрэг цөөнгүй танил хятадуудаа танилцуулжээ. Эдгээр уулзалтуудын дараа Г.Н.Войтинский “хятадад хувьсгалт хөдөлгөөнийг үүсгэх, идэвхжүүлэхийн тулд эдгээр салангид, бие даасан үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүсийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах нь чухал” гэж дүгнэлтэд хүрч, 1920 оны долдугаар сарын 19-нд тэднийг Шанхай хотод цуглуулж, хуралдав. Энэ хурлын дараа Г.Н.Войтинский марксизм, коммунизм, улс төрийн нам, нууц үйл ажиллагааны талаар ойлголт, туршлага бага мөнөөх хятадуудыг нэгтгэж, тогтмол үйл ажиллагаа явуулах Хувьсгалын товчоог байгуулаад түүний харьяанд Хэвлэлийн газар, Зохион байгуулалтын газар, Суртал ухуулгын газар байгуулж, Эв хамт намын тунхаг, В.И.Лениний Коммунист намын гишүүн гэж хэн бэ? зэрэг номуудыг орчуулж, тэднийг “гэгээрүүлж” өгчээ. Энэ бүхэн бол Хятадад Коммунист Нам байгуулах зохион байгуулалтын болон үзэл суртлын бэлтгэл байсан юм.
Чэнь Дусюй зэрэг үндэслэгчид нь удахгүй байгуулагдах намынхаа нэрийг “социалист нам” (社会党) гэж сэтгүүлдээ бичиж байсан ч намын анхдугаар их хурлаар Хятадын Коммунист Нам (中国共产党) гэж нэрлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь Коминтерны заавар бололтой юм. 1921 оны зургадугаар сарын 3-нд Коминтерны томилолтоор нидерландын коммунист Хенк Сневлит Хятадад иржээ. Түүний ирсэн зорилго нь нэгдүгээрт, зургадугаар сарын 22-нд Москвад хуралдах Коминтерны 3-р их хуралд Хятадаас очих хоёр төлөөлөгчийг сонгох, хоёрдугаарт, Хятадын Коммунист Намын анхдугаар их хурлыг зохион байгуулах байв.
Коминтерны төлөөлөгч нарын зөвлөгөөгөөр 1921 оны долдугаар сарын 23-нд Шанхайд долоон хотоос ирсэн 13 төлөөлөгч нууц байдалд хуралдаж, Хятадын Коммунист Нам байгуулах шийдэлд хүрч, энэ хуралдааныг тус намын анхдугаар их хурал гэж тооцсон билээ. Ийнхүү байгуулагдсан ХКН 28 жилийн дараа 1949 онд Мао Зедуны удирдлага дор засгийн эрхийг гартаа авч БНХАУ-ыг тунхагласан билээ.
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Ковид-19 ба Хятад улсДараах нийтлэл
Вакцинжуулалт ба дэлхийн эдийн засгийн таамагСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19