Ковид-19 ба Хятад улс

2021-06-25

https://niss.gov.mn/wp-content/uploads/2021/06/vaccine-china1.jpeg

Хятад улсын цар тахлын нөхцөл байдал

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-ын Ухань хотын Жунши эмнэлэгээс үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин гарсан тухай тус хотын Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвд мэдэгдэв. Уг вирус Хятад улсад асар хурдтай тархан 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гэхэд батлагдсан тохиолдлын тоо 15152 хүрч, оргилдоо хүрсэн юм. 2020 оны 1 дүгээр сарын 1-нд Хятадын Эрүүл мэндийн яам Цар тахалтай тэмцэх удирдлагын бүлгийг яаралтай байгуулав. Ухань хотод 76 хоногийн турш хатуу хөл хорионы дэглэм тогтоож, хариу арга хэмжээ авснаар тархалтыг амжилттай хумьсан бөгөөд дийлэнх улс орнуудад гарсан дэгдэлтийн хоёр, гурав дахь давалгаа Хятад улсад өнөө хэр дэгдээгүй, цар тахлыг сайтар тогтоон барьж байна. Сүүлийн зургаан сарын байдлаар Хятадад батлагдсан тохиолдлын тоо өдөрт 10-20 дотор бүртгэгдэж буй. Вакцинжуулалт 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 1.071 тэрбум тун хийгээд байгаа ажээ. 

Ковид-19-тэй тэмцэж буй Хятадын арга барил, туршлага

Цар тахал дэгдсэнээс хойш хагас жилийн дараа буюу 2020 оны 6 дугаар сард “Хятад улс коронавирусын цар тахлын эсрэг авсан хариу арга хэмжээ” цагаан номыг[1] гаргасан ба уг цагаан номд бичсэнээс харахад Хятад улс дараах схемээр ажилласан. Үүнд:

Нэгдмэл удирдлага: Удирдлага, зохион байгуулалтын түвшиндээ нэгдмэл цогц удирдлагатай байв. Цар тахлын менежментийг хариуцаж буй байгууллагууд нь дээрээс доош шаталсан тодорхой бүтэцтэй. Уг бүтцийг нэгдсэн удирдлагаар хангах цар тахалтай тэмцэх удирдлагын багийг Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчян тэргүүлж ажиллажээ. 

Хатуу зарчим: Шат шатны байгууллагууд нэг ижил зарчим баримтлан ажилласан. Цар тахалтай тэмцэх бүтцийн дагуу “хуулийн дагуу, шинжлэх ухаанч хандлагатай байж, оновчтой урьдчилан сэргийлэх” зарчим болгожээ.

Хууль журам: Коронавирусын халдварт өвчнийг “БНХАУ-ын Эрүүл мэнд хорио цээрийн хууль”-ийн халдварт өвчний менежментийн заалтад нэмж оруулсан. Төрийн зөвлөлөөс “Коронавирусын халдварт уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх, хянах төлөвлөгөө” (найман удаа шинэчилсэн), “Коронавирусын халдварт уушгины хатгалгааны эмчилгээний удирдамж” (мөн найман удаа шинэчилсэн), “Тусгаарлан ажиглах төвлөрсөн цэгийг байгуулах стандарт, ажлын удирдамж” зэрэг шаардлагатай бүхий л журмыг гаргаж нөхцөл байдалд тааруулан шинэчилсээр байна.

Арга хэмжээ: Иргэдийг батлагдсан өвчтөн, сэжигтэй тохиолдол, шинж тэмдэгтэй иргэн, ойрын хавьтал гэж дөрөв ангилж, “эрт илрүүлэлт, эрт тусгаарлалт, эрт эмчилгээ”-ний арга хэмжээг авах замаар тархалтыг хумьсан байна.

Цагаан номд онцлосноор Хятад улс вирусыг мөшгихөөс илүү вирусыг тархаахгүй байхад илүү анхаарал хандуулсан, өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх тал дээр ажиллаж, вирусыг нэгээс нөгөөд дамжих замыг таслан зогсоох чиглэлд түлхүү анхаарснаар дэгдэлтийг амжилттай хумьсан гэжээ. Түүнчлэн нэгэнт дэгдсэн үед засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны бүтцэд голлон тулгуурласан нь тархалтыг амжилттай хумихад шууд нөлөөлжээ. Хорооны бүтцээр дамжуулан иргэн бүрт хүрч, эрт илрүүлэх, бүртгэх, тусгаарлах ажлыг гүйцэтгэн, ложистик, эрүүл мэнд, аюулгүй байдал болон бусад үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажилласан байна. 

БНХАУ цар тахалтай тэмцэж буй туршлагаасаа НҮБ-д танилцуулсан бөгөөд Хятад улс эхэндээ батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авч байсан боловч гэрт тусгаарлах нь хавьталгүй байлгах боломжгүй бөгөөд энэ арга буруу болохыг ойлгож, тактикаа өөрчлөн, зочид буудлуудад тусгаарлах арга хэмжээ авсан гэж Хятадын Өвчний хяталт, урьдчилан сэргийлэх төвийн Халдварт өвчинтэй тэмцэх ахлах мэргэжилтэн Ү Жюньёу онцложээ.  

Ухань хотод халдварын тоо эрс нэмэгдэх үед төвлөрүүлэн эмчлэх цэгүүдийг байгуулж ажилласан. Өвчтөнүүдийн 80 хувь нь хөнгөн байдаг тул биеийн тамирын заал, хурлын танхим зэрэг нийт 16 газрыг эмнэлгийн зориулалтаар өөрчлөн зохион байгуулж, нийт 14 мянган ор дэлгэж, хөнгөн өвчтөнийг хүлээн авч сайтар эмчлэн гаргаснаар тархалтыг хумьж, өвчнийг хүндрэхээс сэргийлж чаджээ. Уг 16 цэгт 12,000 өвтөнийг хүлээж авч, 8000-ыг нь эдгээн гаргасан, 3500-г нь эмнэлэг рүү шилжүүлсэн аж. Энэ арга эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын асар их ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. [2]

Өдгөө бусад хотуудад тусгаарлалтын төвлөрсөн цэгүүдийг шинээр барьж байгуулсан ба 2021 оны 2 сар гэхэд Бээжинд нийт 12 төвлөрсөн цэгийг байгуулаад бэлэн байдалд бэлтгэл хангаад буй. Уг тусгаарлалтын төвлөрсөн цэгт санал гомдлын тусгай утасны дугаар ажиллуулах, шинжилгээ авах, ариутгал хийх зэрэг үйлчилгээ үзүүлж, холбогдох аюулгүйн арга хэмжээг авдаг ажээ.[3] 

Коронавирусын судалгаа

БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны тандалт судалгааны мэргэжилтэн Жяо Яахуйгийн хэлж буйгаар PCR шинжилгээгээр “байнгын эерэг” гарах тохиолдол байна. Академич  Жан Боли зарим өвчтөний биед ороод “үхсэн” вирусны үлдэгдэл нь генийн хэсэгт орж үлдсэнээр эерэг гарсаар байх тохиолдол бий. Ийм “үхсэн” вирус цааш хувилах чадвар сул. Гэвч олон нийтийн дунд байгаа шинж тэмдэггүй халдвар тээгчдийг бусад хүмүүсээс ялгах боломжгүй, гагцхүү PCR шинжилгээгээр эерэг гарсныг нотолж байгаа учраас ямар ч тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авсаар байх шаардлагатай.[4]

Коронавирус дэгдсэнээс хойш жилийн дараа буюу 2021 оны 1 сард Шанхай хотод “байнгын эерэг” болон “давтан эерэг” бүртгэгдсэн 30 гаруй тохиолдол бүртгэгджээ. Тэрхүү 37 иргэн 2020 оны 1 дүгээр сард коронавирусын халдвар авсан. Халдварын дараах эхний 7 хоногт бие дэх вирусын тоо дээд хэмжээндээ хүрч 3 долоо хоногийн дараагаас буурч, халдвар тараах чадвар нь ч суларч байжээ. Эдгээр хүмүүсээс 15 нь давтан шинжилгээгээр эерэг гарч, эмнэлгээс гараагүй. 22 хүн давтан шинжилгээгээр сөрөг гарч эмнэлгээс гарсан боловч 13 нь эмнэлгээс гарсны дараа 14 хоногийн дотор дахин эерэг гарч буцаад эмнэлэгт хэвтсэн. 9 хүн нь 14 хоног ажиглалтад байсны дараа гэртээ харьсан бөгөөд эргэн тойронд нь огт халдваргүй орчинд 258 хоног байсны дараа эерэг гарсан, ойрын хавьтлуудаас нь огт илрээгүй. Хэдий тийм боловч Үндэсний эрүүл мэндийн хорооны Ковид-19-тэй тэмцэх мэргэжилтний багийн эрдэмтдийн зөвлөгөөгөөр эдгээр хүмүүсийг тусгаарлаж, ажиглалтад байлгах шаардлагатай гэжээ.

Тэгвэл “давтан эерэг”тохиолдол нь давтан халдварласан байх боломжтой юу гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд хятадын вирусологчдын багийн хийсэн вирусын бүтцийн шинжилгээгээр хоёр дахиа халдварласан тохиолдолд вирусын бүтэц нь өөрчлөгдсөн байдлаар нь ялгах боломжтой гэжээ.[5]

Хятад улсын хувьд “байнгын эерэг”, “давтан эерэг” аль ч тохиолдолд тусгаарлаж ажиглах арга хэмжээ авч байна.

Вакцин ба судалгаа хөгжүүлэлт

Вакцины төрөл: Хятад улс дотооддоо гаргаж авсан таван төрлийн вакциныг иргэддээ тарьж байгаа. Вакцин гаргаж авсан технологиор нь эдгээр таван вакциныг гурван ангилалд хуваана: 1) Идэвхгүйжүүлсэн вакцин, үүнд Синофарм Жуншэн Бээжин, Синофарм Жуншэн Ухань, Бээжингийн Синовак компанийн үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн гурван вакцин. 2) Аденовирус суулгасан вакцин, Тяньжин Кансино компанийн үйлдвэрлэсэн вакцин. 3) Рекомбинант уургийн вакцин (CHO эс) юм.[6]

Вакцин ба хүүхэд: 2021 оны 1 дүгээр сард Синофарм компанийн захирал Жан Юньтаогийн мэдэгдсэнээр тус компани хүүхдүүдийг 3-5 нас, 5-12 нас, 12-17 нас гэж ангилж, нийт 3-17 насны бүлэгт зориулсан эмнэлзүйн нэг, хоёрдугаар шатны судалгааг хийж дууссан байна. Судалгааны үр дүнд синофармын вакцин аюулгүй гэдэг нь бүрэн нотлогдсон гэжээ.[7] Дархлаа тогтоох чадварын талаарх судалгааны үр дүн 3 дугаар сард бүрэн гарч, Синофармын вакцин хүүхдүүдэд үр дүнтэй үйлчилж байгааг тус компанийн ТУЗ-ын дарга Үй Чинмин нотолсон юм.[8]

Синофарм компани 3-аас дээш насны бүх бүлгийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна. Цаашид 3-17 насны бүлэгт хийсэн эмнэлзүйн судалгаа, дархлаа тогтож буй үр дүн, эсрэгбиеийн үр дүнд үндэслэн, 18-аас дээш насны бүлгээ өргөтгөн 3-аас дээш бүх насны бүлгийг хамруулсан судалгааны тайлангаа илтгэж байх болно гэж мэдэгдсэн юм. Синофарм компани Хятадын засгийн газраас зохих зөвшөөрөл авсны дараа 3-17 насны бүлгийн вакцинжуулалтыг эхлүүлнэ, тус компани аль болох эрт эхлүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм. Одоогоор Хятад улсад хүүхдийн вакцинжуулалтыг эхлүүлээгүй байна. Энэ нь насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үйл явцтай холбоотой байж болох юм.

Хятадын вакцины дипломат ажиллагаа: Хятад улс коронавирусын вакцины экспортлогч улс болов. Энэ оны 5 дугаар сарын байдлаар Хятад улс 91 улсад коронавирусын голлох хоёр Синофарм, Синовак компанийн үйлдвэрлэсэн нийт 214 сая тун вакциныг экспортолж, 18 сая тунг тусламжаар өгчээ. Голлон импортлосон улс нь Бразил, Индонез, Турк, Чили, Пакистан аж. Үүнээс гадна хятадын вакцины үйлдвэрийг Бразил, Малайз, Египет зэрэг оронд байгуулахаар төлөвлөөд байна.[9]  

Вакцины үр нөлөө улс орнуудад: Синофарм вакцины хамгаалах чадварын талаарх Америкийн талын хийсэн судалгаагаар 72.8-78.1 хувьтай гарсан нь Хятадын талын судалгаатай тохирч байна.[10] БНХАУ-ын Синофармын вакцин Англи болон Өмнөд Африкийн мутацлагдсан вирусын эсрэг саармагжуулах үр нөлөөтэй гэдэг нь туршилт судалгаагаар батлагдсан гэж Синофарм компанийн ерөнхий захирал, эрдэмтэн Жан Юньтао мэдэгджээ.[11]    

Гэвч JP Morgan компанийн хийсэн судалгаанд дурдсанаар мутацлагдсан вирусууд бүх төрлийн вакцины үйлчлэлийг бууруулахад нөлөөлж байгааг онцлосон байна. Тус тайланд вакцин хийлгэсэн орнуудаас Мальт, Канад, Израйл, Унгар улсын өвчлөлийн тоо буурсан бол Бахрейн, Чили, Уругвай, Молдав, Сейшелийн арлууд дахь өвчлөл буураагүй байна.[12]

Харин Хятадын хийсэн сүүлийн үеийн судалгаагаар эсрэгбие нь вирусыг уушги руу орохоос “сэргийлж” чадах ч хамрын хөндийд орохоос “сэргийлж чадахгүй”, тиймээс вакцинаар эсрэгбие үүссэн хүмүүс шинж тэмдэггүй халдвар тараагч болох магадлалтай байна гэжээ.[13] Тиймээс дотор орчинд бүх хүн маскаа зүүх шаардлагатайг Хятадын Өвчиний хяналт урьдчилан сэргийлэх төвийн дэд дарга Фөн Зыжень зөвлөж байна.

Хятад улс өдгөө өдөрт батлагдсан тохиолдлын тоо 20 эргэм гарч байгаа ба өнгөрсөн оны 4 сарын 30-ны өдрөөс хойш үхлийн тохиолдолгүй байгаа юм. Тиймээс Хятадын Синофарм, Синовак компанийн вакциныг тарьсан бусад улсын кэйсийг авч үзэх шаардлагатай. 

Жонс Хопкинсийн их сургуулийн бүртгэсэн датанаас вакцинжуулалт өндөр хийгдсэн орнуудын үхлийн хувийг авч үзэхэд дараах байдалтай байна.[14] Үүнд:

УлсБатлагдсан тохиолдолҮхэлБатлагдсан тохиолдлын үхлийн хувьХийлгэсэн вакцины төрөл[15]
1.Канад1,411,65225,9431.8%Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson
2.Израйл839,7016,4280.8%Pfizer, Moderna  
3.Их Британи4,596,994128,1812.8%Pfizer, Moderna, AstraZeneca, Johnson & Johnson
4.Чили1,487,23930,8652.1%93% Sinovac, 7% Pfizer  
5.Бахрeйн260,3341,2460.5%Pfizer, Johnson & Johnson, Covishield, Sinopharm (Beijing), Sputnik V
6.Монгол83,1283890.5%Pfizer, AstraZeneca, Sinopharm, Sputnik V
7.Унгар807,10229,9353.7%Pfizer, Johnson & Johnson, Covishield, Sinopharm (Beijing), Sputnik V, CanSino
8.АНУ33,486,038600,2851.8%Pfizer, Moderna, Johnson & Johnson

Жич: Дээрх 8 улс вакцинжуулалтаар хамгийн өндөр яваа орнууд

Дээрх орнуудаас вакцинжуулалт идэвхжсэний дараа тархалт хумигдаагүй, улам нэмэгдсэн улс нь Чили, Бахрейн, Монгол гэсэн гурван улс байна. Эдгээр улсын нийтлэг тал нь Хятад вакцин байгаа юм. Бахрейн улс вакцинжуулалтынхаа 60-аас дээш хувьд Хятадын Синофарм үйлдвэрийн вакциныг хэрэглэсэн. Чили улс вакцинжуулалтынхаа 93 хувийг Синовак компанийн вакциныг хэрэглэсэн. Гэхдээ эдгээр улсад Хятадын вакцинаас гадна өөр нийтлэг тал байгаа эсэхийг харж байж дүгнэлт хийх шаардлагатай болов уу. Тухайлбал вакциныг гарган авсан зорилт нь үхлийг бууруулахад чиглэсэн үү, эсвэл тархалтыг хумихад чиглэсэн үү гэдгээрээ ялгаатай байсан уу? Эдгээр гурван улсын хотын нягтшил, иргэдийн дадал хэвшил, гэр бүлийн гишүүдийн харилцаа ойролцоо юу? Менежментийн ур чадвар ижил түвшнийх үү? гэх зэрэг асуултад хариулах шаардлагатай болно.

Дээрх улсууд дундаа Бахрейн, Монгол хоёр улсын нөхцөл байдал тун ойролцоо байна. Бахрейн улсын батлагдсан тохиолдол 5 дугаар сарын 28-ны өдөр оргилдоо хүрч 2882 тохиолдол болсон. Үүгээрээ вакцинжуулалтын дараа тархалт нэмэгдсэн Монгол Улстай адил байна. Өдгөө тус улсын халдвар 6 дугаар 16-ны өдрийн байдлаар 862 болж буураад байна. Бахрейны батлагдсан тохиолдлын үхэл 0.5 хувьтай буюу харьцангуй бага байгаа нь мөн адил Монгол Улстай ижил түвшинд байна. Энэ нь бусад улсууд дотроос үхлийн хувиар доогуур байгаа үзүүлэлт болж байна. Өдгөө Бахрейн улс Синофармын вакцин 2 тун хийлгэсэн 50-аас дээш настай суурь өвчтэй иргэдээ 6 сарын дараа дахин Пфайзер вакцинд хамруулахаар шийдвэрлээд байна.[16] 

Дүгнэлт

Хятад улс дотооддоо цар тахлын дэгдэлтийг хумьж, дахин давалгаа гаргаагүй амжилттай менежмент хийж буй орны нэг болж байна. Хятадын баримтласан гол тактик нь вирус тархах замыг таслан зогсооход чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, тархсан тохиолдолд хорооны бүтцэд тулгуурлан иргэн бүрт хүрч буйн дээр нэгдсэн удирдлагаар хангасан дээрээс доош шаталсан тогтолцоот бүтцээр ажиллаж буйд оршиж байна.

Хятад улс дотооддоо вирус судлал, вакцины судалгаа хөгжүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гадаадад вакцины дипломат ажиллагааг идэвхтэй явуулж байна. Хятадын вакциныг олонх хүн амдаа тариулсан орнуудад тархалт буурахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж, хятад вакцинд үл итгэх хандлагыг олон улсад төрүүлж буй юм. Гэхдээ хятад вакцин тариулсан орнуудад үхлийн хувь бусад орнуудынхаас бага байгааг мөн онцлууштай. Энэ үзэгдэл нь судалгааны шатанд явж байна.

[1] 抗击新冠肺炎疫情的中国行动 http://www.gov.cn/zhengce/2020-06/07/content_5517737.htm

[2] 抗击新冠肺炎疫情的中国行动 http://www.gov.cn/zhengce/2020-06/07/content_5517737.htm

[3]北京共建12个大兴区跨区集中隔离医学观察点  https://news.163.com/21/0202/11/G1R082F200019K82.html

[4] 核酸检测“常阳患者”会传染吗 专家表示,“死病毒”无法复制,未发现被传染者http://www.xinhuanet.com/2020-04/28/c_1125916197.htm

[5] 核酸检测“常阳”“复阳”究竟为啥?听听感染相关领域专家的解释 https://www.sohu.com/a/447463288_377345

[6]我国已有五款新冠病毒疫苗获批使用 安全性有效性都有一定数据支撑http://www.xinhuanet.com/politics/2021-04/05/c_1127294826.htm

[7] 新冠疫苗3-17岁人群能打吗?79.34%有效率意味着什么?https://www.yangtse.com/zncontent/1102506.html

[8] 老人孩子何时能接种新冠疫苗?权威解答来了 http://www.shiyan.gov.cn/ywdt/msgz/202103/t20210311_3262995.shtml

[9]余虹:健康丝绸之路与中国疫苗外交 https://beltandroad.zaobao.com/beltandroad/analysis/story20210602-1144154

[10] 研究:国药两款疫苗保护力超过70%  https://www.dw.com/zh/研究国药两款疫苗保护力超过70 /a-57704740

[11] Chinese COVID-19 vaccines have neutralizing effect on mutant strains found in South Africa, UK  https://www.globaltimes.cn/page/202103/1219664.shtml

[12] 摩根大通报告:贝塔变种最危险 中西方疫苗区别大 https://www.dw.com/zh/摩根大通报告贝塔变种最危险-中西方疫苗区别大/a-57887819

[13] 接种新冠疫苗后为何仍会感染?权威解答在此 http://www.xinhuanet.com/politics/2021-03/24/c_1127247260.htm

[14] MORTALITY ANALYSES https://coronavirus.jhu.edu/data/mortality

[15] https://covid19.trackvaccines.org/country/mongolia/

[16] Bahrain, Facing a Covid Surge, Starts Giving Pfizer Boosters to Recipients of Chinese Vaccine  https://www.wsj.com/articles/bahrain-facing-a-covid-surge-starts-giving-pfizer-boosters-to-recipients-of-chinese-vaccine-11622648737


Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА