Төгсгөл
Тоталитар дэглэм ба цар тахлын менежмент
Улс төрийн дэглэмийн хувьд тоталитар дэглэмтэй бүрэн хаалттай улс болох БНАСАУ, бүрэн хаалттай бус ч хяналт өндөртэй Куба улсыг авч үзвэл:
БНАСАУ
2020 оны нэгдүгээр сарын 23-нд буюу ДЭМБ короновирусын дэгдэлтийг цар тахал хэмээн зарлахаас долоо хоногийн өмнө тус улс хилээ хаажээ.
Хойд Солонгосыг ажиглагчид тус улсын коммунист систем нуран унаж, цөмийн хөтөлбөр эцэс болоход олон улсын хоригоос цар тахал илүү хүчтэйгээр нөлөөлж болзошгүй гэж таамаглаж байлаа.
Өнөөдрийг хүртэл Хойд Солонгост ковид-19-ийн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Албан ёсны статистикийг үл харгалзан сансрын зургаас харахад нийтийг хамарсан үхэл болж байгаа гэх ямар ч шинж ажиглагдахгүй байгаа ажээ. Олон жилийн турш хаалттай байж ирсэн, эдийн засгийн болон бусад эрх чөлөө хязгаарлагдмал, хяналтанд байж “дассан” гэж хэлж болохоор улс тул нэгэнт цар тахлыг дотооддоо алдахгүй байж чадаж байгаа энэ нөхцөл байдалд ажрахгүй байгаа бололтой.
Гэхдээ байгалийн элдэв гамшигт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр эдийн засгийн таван жилийн төлөвлөгөө тасалдахад хүрсэн гэдгийг Их удирдагч Ким Жон Ын 2021 оны нэгдүгээр сард болсон Солонгосын Хөдөлмөрийн Намын VIII их хурлын үеэр хүлээн зөвшөөрсөн юм.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөрш орнуудтайгаа хийх худалдаагаа удаашруулах, хилийн хоригийг чангатгах арга хэмжээ авчээ. Тэд улсын хилийн хамгаалалтаа урьд өмнөхөөсөө илүү чангатган нэгээс хоёр метрийн өргөн буфер зоныг байгуулан түүнд ойртсон хэнийг ч “шууд буудах” тушаал өгчээ. Түүнчлэн дотооддоо төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ковид-19-ийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчилан, олон нийтийн газраар ариутгал хийж буй бичлэг цацагджээ.
Нөгөө талаас нь харвал цар тахал энэ улсын улс төрийн дэглэмийг улам бэхжүүлж байгаа байж болзошгүй юм.[i] Хууль тогтоох байгууллагын дэргэдэх Мэдээллийн хорооны мэдэгдсэнээр тус улс ковид-19-ийн оношлогоо хийх тоог нэмэгдүүлж зарим тохиолдолд Кэсон, Хисан, Нампо, Пёнян хотод хөл хорио тогтоосон байна. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ын өнгөрсөн нэг жилийн хугацаанд харьцангуй цөөн олон нийтийн өмнө гарсан зэргийг зарим ажиглагчид тус улсад халдварын тохиолдолд бүртгэгдсэн байж болзошгүй гэж таамагладаг ч нотлогдож байгаагүй юм.
Олон улсын болон хүмүүнлэгийн байгууллагууд үндсэндээ тус улсаас гарсан тул цар тахлын талаарх бодит мэдээлэл маш хомс байна. Ер нь энэхүү цар тахлын үед тус улс нилээд экстрим арга хэмжээ авч байна гэж олон улс үзэж байна. Тус улсын цар тахлыг зохицуулах гол арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх буюу дотооддоо халдвар оруулж ирэхгүй байхад бүх анхаарлаа хандуулж иргэдийг хяналттай, сахилга баттай байлгах арга хэмжээг авч байгаа ажээ. Дотооддоо халдвар хамгааллын дэглэм зөрчсөн нэг иргэнийг цаазаар авсан талаар Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг мэдэгджээ.
Цар тахлын үед энэ улсын хилийг нэвтэрч чадах ганц зүйл нь вакцин болж байх шиг байна. Хэдийгээр бусад төрлийн тусламжийг авахаас татгалзаж байгаа ч вакцины хувьд өөр байх бололтой.[ii]
БНКУ
Куба бол нийгмийн эрүүл мэндийн систем сайтай, хүн амыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулдаг учир эмзэг бүлгийн бүртгэл, хяналт, мэдээллийн сан сайн, урьдчилан сэргийлэх, анхан шатны тусламж үйлчилгээнд олон жилийн турш хөрөнгө оруулалт сайн хийж ирсэн, халдварт өвчнүүдийг устгасан туршлагатай улс юм. Мөн вакцин хөгжүүлэлтийн туршлагатай тул үүндээ тулгуурлан дөрвөн төрлийн вакциныг хөгжүүлж байна. Эдгээр туршлагадаа тулгуурлан цар тахалтай тэмцэх стратегийг харьцангуй сайн төлөвлөж хэрэгжүүлж байгаа гэж мэдэгдэж байгаа ч бүс нутгийн хэмжээнд тийм ч сайн үзүүлэлт ажиглагдахгүй байна.
Цар тахал анх дэгдэх үед буюу 2020 оны нэгдүгээр сард Куба улс “урьдчилан сэргийлэх, хянах” төлөвлөгөөг гарган ажилласан ба энэ төлөвлөгөөнд эмнэлгийн ажилтнуудыг сургах, тусгаарлах, эмчлэх байруудыг бэлтгэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх болон түүний шинж тэмдгийн талаар олон нийтэд анхааруулах зэрэг ажлууд багтжээ. Тиймээс 2020 оны гуравдугаар сарын 11-нд эхний тохиолдол батлагдахад уг төлөвлөгөөний дагуу шуурхай ажиллан хавьталуудыг олох, тусгаарлах, эмзэг бүлгийнхэнийг анхаарах, өрх бүрийг шинжилгээнд хамруулах зэрэг ажилд анагаахын чиглэлээр суралцдаг оюутнуудыг дайчлан ажиллуулжээ.[iii]
Гэсэн хэдий ч энэ үед тахлын аюулыг дутуу үнэлэн улс даяар хөл хориог тогтоогоогүй байна.
Тус улс чадварлаг, бүс нутагтаа халдварт өвчний чиглэлээр ажилласан туршлагатай эрүүл мэндийн ажилтнуудтай, нэгдсэн эрүүл мэндийн системтэй, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, хянаж байдаг, дотооддоо халдвар алдахаас өмнө бэлтгэл хийсэн зэрэг давуу талууд байна.
Цар тахал анх дэгдэхэд 2020 оны нэгдүгээр сард эрүүл мэндийн ажилтнуудаа Уханьд илгээж ажиллуулсан байна. Гэхдээ энэ нь эргээд нарийн мэргэжлийн эмчийн хомсдолыг үүсгэж өөр мэргэжлийн эмч нарыг цар тахлыг эмчлэхээр сургах шаардлага үүсч, үйлчилгээний хүртээмжийг бууруулсан гэж шүүмжлэгчид үзжээ.
Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ур чадвар сайн, сайтар бэлтгэгдсэн ч өнөөгийн нөхцөлд хүн амын орон байрны хүрэлцээ хангамж муугаас шалтгаалан хэт бөөгнөрөн амьдардгааас халдвар буурахгүй байх, хүнс тэжээлийн ихэнх хэсгийг гадаад орнуудаас авдагаас хүнсний аюулгүй байдал алдагдан чанаргүй хүнс хэрэглэх болсон, дэд бүтэц муу зэрэг нь бэрхшээл учруулж байна.[iv]
Түүнчлэн тус улс эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан алслагдсан нутгийн зарим эмнэлгийг хаасан нь бүсийн эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлжээ. Нөгөө талаас АНУ-ын хориг нь эрүүл мэндийн анхан шатны бараа материал импортлох засгийн газрын санхүүгийн чадавхийг сааруулжээ.
Мөн хөл хорионы дэглэмээр халхавчлан хараат бус сэтгүүлч, идэвхтэнүүдийг хорих, хянах нь газар авсанаас үүдэн халдварын тархалтын болон нас баралтын талаарх мэдээллийн бодит эсэхэд шүүмжлэгчид эргэлзэж байгаа ажээ.
Кубын засгийн газраас эдийн засгийн шинэчлэл хийхээр зорьж байгаагаа мэдэгдсэн байна. Кубын төвлөрсөн төрийн хяналттай эдийн засгийн тогтолцоо нь цар тахлын үед харилцан уялдаатай, түргэн шуурхай хариу арга хэмжээ авахад дөхөм байсан хэдий ч иргэд нь төрийн “гарыг харсан”, бие даан амьдрах, эрсдэлээс хамгаалах, хариу арга хэмжээ авах чадвар султай болжээ гэж зарим ажиглагчид дүгнэжээ.[v]
Цар тахлын онцлог менежмент хэрэгжүүлсэн улс
Цар тахлын эсрэг нилээд онцлог менежмент хэрэгжүүлж байгаа Швед улсыг ч анхаарч үзэх нь зүйтэй болов уу.
Швед
Швед улс хөл хорих арга хэмжээ огт аваагүй ч цар тахлын дэгдэлтийн хэмжээ нь хөл хорьсон орнуудынхтай ойролцоо, өөрөөр хэлбэл ижил үр дүнтэй байгаа нь сонирхол татаж буй юм. Иймээс цар тахлын эсрэг Швед улсын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дэлхий нийтэд маргаан дагуулсаар байгаа билээ. Тус улсын улс төрчид өөрсдийн стратегийг “ойрын зайн гүйлт бус холын зайн марафон юм” гэж тайлбарлаж байна.
Шведийн авч буй арга хэмжээг харахад төрийн бүх түвшний байгууллагууд, шашны болон сайн дурын байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нягтруулсан байна. Төрийн эрх барих дээд байгууллага парламентаас засгийн газарт гамшгийн үеийн нөхцөлд байдалд ажиллах онцгой эрх олгосон ба энэ дагуу засгийн газраас тодорхой салбаруудад нэмэлт санхүүжилт, дэмжлэг үзүүлж байна. Эрүүл мэндийн болон нийтийн тээврийн салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ба учир нь иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлэхээс татгалзахыг зөвлөсний улмаас орлого эрс багассан ажээ. Түүнчлэн цар тахлын үед хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, хүний нэр төрд халдахын эсрэг үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус сайн дурын байгууллагууд, нэн эмзэг бүлэг болон ахмад настнуудын асрамжийн газрыг онцлон дэмжиж ажиллаж байна. Ахмад настны асрамжийн газруудаар зорчих болон 50-иас дээш оролцогчтой арга хэмжээг хориглосон ба шаардлагатай тохиолдолд 50-иас цөөн оролцогчтой арга хэмжээг хориглох эрхийг орон нутгийн удирдлагад өгчээ.[vi]
Тус улсын гамшгийн тухай хуулиудаар улс орныг хамарсан онцгой нөхцөл байдлын үед төр, мужийн засаг захиргааны нэгж, байгууллагуудаас эхлээд иргэний нийгмийн байгууллагууд, өрх гэр, хувь хүн, улс төрийн нам эвсэл холбоод хүртэл ямар үүрэг хариуцлага хүлээж, эрх эдлэж ажиллах талаар тодорхой заасан байна.[vii] Энэ хүрээнд нийтийн эрх ашгийн төлөө иргэний хөдөлгөөн, улс төрийн намууд хуулиа мөрдөж ажиллаж байгаа бол нөгөө талаар эрх баригч нам үүсээд буй нөхцөл байдлын үед шийдвэр гаргахдаа парламентад суудалтай, суудалгүй гэлгүй улс төрийн намуудыг оролцуулсан үндэсний зөвшилцлийн хүрээнд тогтмол хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллаж байна. Энэ форматаар дамжуулан нийгэм, иргэддээ цар тахлын үеийн нөхцөл байдлын талаарх бүхий л мэдээлэл, бодит байдлыг цаг алдалгүй, ил тод мэдээлж байгаа нь төр засаг, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэхээс сэргийлж чадаж байна.
Шведийн цар тахлын нөхцөл байдлын ерөнхий менежментийг тус улсын эпидемиологич Андрес Тегнелл хариуцаж байгаа бөгөөд түүний хэлснээр “Швед улс бусдаас эрс өөр арга хэмжээ авч байгаа бус бусдын адил арга хэмжээг арай өөр хэлбэрээр хэрэгжүүлж байгаа” ажээ. Тэд олон нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлах, бар рестораны үйл ажиллагааг оройн 8 цагт зогсоох, албан байгууллагуудыг зайнаас ажиллахыг дэмжих, их сургуулиудын сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, хүн хоорондын зай баримтлах, гараа тогтмол угаахыг зөвлөж байгаа зэрэг нь бусад оронтой адил байгаа ч ихэнх арга хэмжээ нь хууль, журмаар бус зөвлөмжөөр зохицуулагдаж байгаагаараа арай өөр байна. А.Тегнелийн үзэж байгаагаар маск зүүх нь төдийлөн үр дүнтэй биш бөгөөд түүнээс илүү гараа тогтмол угааж, агааржуулалтыг сайтар хийх нь үр дүнтэй ба иргэд өөрсдөө хариуцлагатай байж, амьдралын хэв маяг, хандлагаа өөрчилж, цаг үеийн шаардлагыг сайн дураараа хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд улс орныг бүхэлд нь хаах бус тодорхой шаардлагатай хэсгийг хязгаарлах нь илүү үр дүнтэй ажээ. Түүнчлэн Шведийн Нийгмийн эрүүл мэндийн агентлаг урьдчилан сэргийлэх арга замуудыг илүү анхааран судлаж байна. Харин засгийн газрын зүгээс улс оронд хөл хорио тогтоох эрх зүйн чадвартай атлаа ийм алхам хийсэнгүй.[viii]
Энэ стратегийг эсэргүүцэгчид эдийн засгийг хүний амьнаас дээгүүрт үзсэн хэмээн шүүмжилж байхад дэмжигчид үүнийг нийтийг хамарсан ажилгүйдэл үүсгэхгүй, ковид-19-тэй холбоогүй бусад өвчтний эмчилгээ, үйлчилгээнд хүндрэл учруулахгүй, эрх ашгийг хөндөхгүй, боловсролыг завсардуулахгүй ирээдүйд үүсэх томхон хэмжээний сөрөг үр дагавараас сэргийлсэн, урт хугацааны бодит стратеги гэж үзэж байна. Тегнелийн үзэж байгаагаар энэ бол эдийн засгийг эн тэргүүнд үзсэн стратеги биш юм. 2020 оны хоёрдугаар хагаст тус улсын ДНБ 11,9%-иар буурна гэж тооцож байснаас багаар буюу 8,6%-иар буурчээ. Тус улсын стратеги нь эдийн засгийг харьцангуй “зөөлөн газардуулж”, жижиг бизнес эрхлэгчидэд үзүүлэх эдийн засгийн цохилтыг зөөлрүүлж, ЕХ-ны бусад оронд тулгараад байгаа ажилгүйдлээс зайлсхийх боломжийг олгосон бололтой.[ix]
Харин цар тахлын хувьд бусад Нордикийн орнуудтай харьцуулвал халдвар болон нас баралт төдийлөн буурахгүй байгааг А.Тегнел тайлбарлахдаа Швед улс тэдгээр орнуудтай харьцуулвал томоохон хотуудын хүн амын төвлөрөл ихтэй, нийгэм-эдийн засгийн суурь чадамж султай эмзэг бүлгийн хүмүүсийн хувь өндөр мөн илүү аялах хандлагатай, хөл хөдөлгөөн ихтэй учраас Австри, Бельгитэй илүү төстэй юм гэжээ. Ковид-19-өөс шалтгаалсан үхлийн тоог тодорхойлох хамгийн найдвартай аргуудын нэг болох хэтэрсэн үхлийн тоо нь хамгийн бага байгаа ЕХ-ны 10 улсын 5-д Швед улс орж байгааг А.Тегнел онцолжээ.
Ерөнхийдөө Швед улс урьдчилан сэргийлэх, яг тодорхой чиглэсэн зорилтот, эмзэг бүлэгтээ онцгой анхаарал хандуулах, төрийн болон төрийн бус, олон нийт сайн дурын байгууллага, агентлагууд үйл ажиллагаагаа уялдуулан нягтруулах, иргэддээ итгэн тэдний ухамсар хандлага, хариуцлагад найдах, хязгаарлалт хоригийг аажмаар авч хэрэгжүүлснээрээ эдийн засгийн уналтыг зөөллөж ирээдүйд үүсэх эрсдэл, хүндрэлийг багасгахад чиглэсэн стратеги баримтлаж байна.
Дүгнэлт
Цар тахлын энэ үед засаглалын ямар хэлбэр байхаас үл хамааран сайн засаглал чухал болох нь харагдаж байна. Засаглалын хэлбэр бус, харин шийдэл нь асуудал юм гэж Рональд Рейган хэлсэн байдаг.
Улс төрийн ямар дэглэмтэй байхаас үл хамааран аливаа давагдашгүй хүчин зүйлийг харьцангуй амжилттай тэсч гарахад улс орнуудын хувьд дараах хэдэн хүчин зүйлс чухал болох нь ажиглагдана. Үүнд 1. Нэгдмэл ойлголттой байж, нягт хамтран ажиллах. Эрх баригч нам, сөрөг хүчин, засгийн газар, ард иргэд, эрдэмтэн судлаачид, олон нийтийн байгууллагууд бүгд хамтран ажиллаж, ойлголтоо нэгтгэн нэгдсэн төлөвлөгөөний дагуу харилцан бие биеэ дэмжин нягт хамтран ажиллах. 2. Засгийн газраас гаргаж буй аливаа шийдвэр мэргэжлийн эрдэмтэдийн судалгаанд үндэслэсэн, шинжлэх ухаанч, ойлгомжтой байх, иргэд үүргээ ухамсарладаг, хариуцлагатай байх. 3. Мэдээллийг ямарваа цензур хяналтгүй, ил тод нээлттэй, иргэд олон нийтийг төөрөгдүүлээргүй, ойлгомжтой, тодорхой өгч байх. 4. Эрүүл мэндийн систем сайн хөгжсөн, иргэдэд хүртээмжтэй, ухаалаг зохицуулалттай байх, цар тахал өнгөрсөн ч энэ салбарт үр өгөөжийг тооцсон ухаалаг хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийх нь дараагийн тааварлашгүй нөхцөл байдлын бэлтгэл болох юм.
[i] https://www.policyforum.net/covid-19-in-north-korea/
[ii] https://www.wired.co.uk/article/north-korea-covid-news
[iii] https://theconversation.com/coronavirus-response-why-cuba-is-such-an-interesting-case-135749
[iv] https://www.emerald.com/insight/content/doi/10.1108/JTF-10-2020-0187/full/html
[v] https://www.clovekvtisni.cz/media/publications/1614/file/covid-19-on-cuba-2020-to-publish.pdf
[vi] https://www.coe.int/en/web/good-governance/cddg-and-covid#{%2264787140%22:[23]}
[vii] https://www.riksdagen.se/sv/dokument-lagar/dokument/svensk-forfattningssamling/smittskyddslag-2004168_sfs-2004-168
[viii] https://www.dw.com/en/do-swedens-covid-liberties-cost-lives/a-57268022
[ix] https://www.worldfinance.com/strategy/the-swedish-experiment-forward-thinking-or-foolhardy
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Цар тахал ба ЗасаглалДараах нийтлэл
Ковид-19 ба Хятад улсСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19