Эхлэл
Дэлхийн түүхийн сүүлийн 100 жилд тохиож байгаагүй хамгийн их хохирол дагуулж байгаа цар тахлын хүнд үеийг улс орон бүр өөр өөрийнхөөрөө удирдан зохицуулж байна. Ингэхдээ харьцангуй сайн зохицуулж чадаж байгаа нэг хэсэг байхад чадахгүй байгаа нилээдгүй хэсэг ч бас байна. Цар тахал улс орнуудын манлайлал, засаглалын ялгаатай байдал, түүний давуу болон сул талыг илрүүлж байна. Тэгвэл гамшгийн энэ цаг үед ямар менежмент хэрэгжүүлсэн нь амжилт олж, ямар нь амжилт олохгүй байна вэ? Энэ нь тухайн улсын улс төрийн дэглэмтэй (засаглалын хэлбэр) харилцан хамааралтай юу гэдгийг ажиглахад засаглалын стандарт, манлайлал сайн, эв нэгдэлтэй байж, ойлголтоо нэгтгэж чадсан, мэдээллийг ил тодоор өгч оролцогч талууд ойлголцсон, хувь хүний эрх нь үүргээр хязгаарлагддаг гэдгийг иргэд нь ухамсарласан улс орнууд бусдаас илүү цар тахлыг амжилттай зохион байгуулж байгаа дүр зураг ажиглагдаж байна.
Энэхүү өгүүлэлд ардчилсан засаглалтай, авторитар болон тоталитар дэглэмтэй түүнчлэн онцлог арга хэмжээ хэрэгжүүлж байгаа улс орнуудын цар тахлын менежментийн кэйсийг харьцуулан харлаа.
Ардчилсан дэглэм ба цар тахлын менежмент
Ардчилсан засаглалтай орнуудын төлөөлөл болгон дэлхийн ардчиллын манлайлагч АНУ, хөгжиж буй жижиг улс Шинэ Зеланд хоёрыг авч үзлээ.
АНУ
АНУ-ын хэрэгжүүлж буй цар тахлын менежмент нь бусад хөгжингүй орнуудаас бүү хэл менежмент муутай бусад орныхоос ч дор байна гэж судлаачид үзэж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлжээ.
1. Аюулыг үл тоомсорлож мэргэжилтнүүдийн үгийг ойшоогоогүй. Тухайн үеийн ерөнхийлөгч Д.Трамп болон зарим нөлөө бүхий хүмүүс, улс төрчид цар тахлыг энгийн ханиад мэтээр хүлээн авч маск зүүхээс татгалзаж, удахгүй дуусна гэж мэдэгдэж байв. “Цар тахлын эхэн үед Д.Трампын засаг захиргааны зүгээс Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдлийг хянаж байсан” гэж Жоржтауны Их сургуулийн Анагаахын шинжлэх ухаан, аюулгүй байдлын төвийн вируслогч Ангела Расмуссен хэлжээ. Ийнхүү цар тахлын эхэн үед америкчууд бодит байдлыг доогуур үнэлснээс халдварыг хяналтаасаа алдсан ба нэгэнт алдсан тохиолдолд хүн ам ихтэй энэ улсад тархалтыг хумих нь маш хэцүү болжээ.
2. Ийнхүү халдвар хурдацтай тархаж байхад оношлох, шинжилгээ авах ажлын бэлтгэл сул, удаан байсан гэж ажиглагчид үзэж байна. Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нь бүрэн хангалттай ажиллаж чадаагүй ба өөрсдийн боловсруулсан тестээр шинжилгээ авах үед оношлуур алдаатай зааж байсан нь халдварыг хурдацтай тархахад нөлөөлжээ. Ийм асуудал байсаар байхад Хүнс эмийн хяналтын агентлаг хувийн компаниудад шинжилгээ хийх эрх олгоход удаан хойрго хандсаны зэрэгцээ өвчний эхний үед шинжилгээ авахад хатуу заалттай байсан буюу хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн, сүүлийн өдрүүдэд эрсдэлтэй бүс нутгаар зорчсон тохиолдолд эмнэлэгт хандан шинжилгээнд хамрагдаж байсан нь тархалтыг хурдасгахад нөлөөлсөн гэж Жонс Хопкинсийн их сургуулийн эрүүл мэндийн аюулгүй байдлын эпидемиологич Кайтлин Риверз үзэж байна. Салбарын эрдэмтэд шинжээчид санал дүгнэлтээ нэгтгэхдээ удаан, Хүнс эмийн агентлаг түүнийг батлаж мөрдүүлэхдээ ч мөн хөшүүн байна гэж судлаачид үзжээ.
3. Хавьтлыг тогтоох, тусгаарлах арга хэмжээ нь гоц халдварт өвчний үед чухал шаардлагатай ажил атал үүнийг хувийн эрх чөлөөгөөрөө бахархдаг, хувь хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг америкт хэрэгжүүлж чадаагүй нь хүндрэлтэй нөхцөл үүсэхэд түлхэц өгчээ.
4. Цар тахлын эхэн үед мэргэжлийн том байгууллагууд болох ДЭМБ, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн байр суурь зөрүүтэй байж, улс төрчид нөхцөл байдлыг улс төржүүлсэн нь олон нийтийг төөрөгдүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээний эрчийг сулруулжээ.
5. Гамшгийн үед хариу арга хэмжээ авах үндэсний хэмжээний нэгдсэн стратегигүй, муж улс бүр өөр өөрийн хууль журмын дагуу зохион байгуулж байгаа нь харилцан адилгүй үр дүнг үзүүлж тархалтыг хянахад сөргөөр нөлөөлж байгаа аж. [i]
Шинэ Зеланд
Цар тахлыг хамгийн амжилттай зохицуулж байгаа улсын нэгээр дэлхий нийт Шинэ Зеландыг нэрлэж байна. Тус улс 2002 онд боловсруулж 2017 онд шинэчилсэн Үндэсний цар тахлын стратеги төлөвлөгөөнийхөө дагуу хариу арга хэмжээг авч ажиллажээ. Уг төлөвлөгөөний дагуу холбогдох яамдын шийдвэр гаргах түвшний удирдлагын баг байдаг ба энэ баг тахлын үед өөрсдийн гүйцэтгэх чиг үүргийн дагуу ажлаа уялдуулан шуурхай ажилладаг байна. Уг багийг Эрүүл мэндийн яам тэргүүлэхээр томилогдсон бөгөөд Онцгой байдлын газар техникийн дэмжлэг үзүүлэх гэх мэтчилэн бусад яамд агентлагууд туслах, дэмжих чиг үүрэгтэй ажиллаж байна.
Шинэ Зеландын парламентаас хоёр шинэ институцийг зохион байгуулсан байна. Нэг нь ерөнхий сайд болон долоон сайдаас бүрдсэн тахлын эхэн үед засгийн газрын ковид-19-ийн үйл ажиллагааны шийдвэрийг үр дүнтэй зохион байгуулах, гүйцэтгэх чиг үүрэгтэй Сайд нарын бүлэг нөгөө нь хяналт тавих чиг үүрэгтэй Цар тахлын хариу арга хэмжээний хороо юм. Хороо нь сөрөг хүчин болох Үндэсний намаар удирдуулсан парламентийн янз бүрийн бүлгийн төлөөлөл 11 гишүүнээс бүрджээ. Хороо нь тахлын эхэн үед холбогдох албан тушаалтнуудтай цахим сонсголыг тогтмол явуулж байсан ба энэ сонсголыг иргэдэд нээлттэй шууд дамжуулж байсан нь үр дүнтэй байжээ. Хорооны үйл ажиллагаа парламентын хуралдааны чөлөөт цагаар явагдсан бөгөөд парламентын хуралдаан эхлэхэд зогссон байна.
Цар тахлын менежментийг хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн яам туршлагатай шилдэг вируслогч, эпидемиологч, эрдэмтдийн баг байгуулсан бөгөөд уг баг засгийн газрын цензургүй, ил тод, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байсан нь засгийн газрыг бодлого тодорхойлох, олон нийтийг бодит, сайн мэдээлэл авах боломжоор хангажээ. Үүний зэрэгцээ цар тахлын эрсдэлийг үнэлэх дөрвөн түвшинг тогтоосон бөгөөд халдварын тархалтаас шалтгаалан аль салбарууд ямар хугацаагаар ажиллах, хаах, ямар үйл ажиллагааг хориглох, халдварын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс шалтгаалан аль түвшинд шилжих зэрэг маш тодорхой ойлгомжтой мэдээллийг ард иргэддээ хүргэжээ. Түүнчлэн ерөнхий сайд нь орой бүр фэйсбүүк олон нийтийн сүлжээгээр нөхцөл байдал, гаргах шийдвэр зэргийн талаар иргэдтэй бүтэн цагийн турш шууд харилцаж бодит мэдээллийг өгч байжээ. Эрүүл мэндийн сайд нь ч мөн адил тулгарч байгаа бэрхшээл, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар нээлттэй ил тод мэдээллийг тогтмол хүргэж байсан нь иргэдэд ойлгомжтой байж, бухимдал, үл ойлголцол үүсэхээс сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн асуудлаарх улс төржилтийг багасгаж чаджээ.
Судлаачдын үзэж байгаагаар Шинэ Зеландын амжилт нь 1. Өмнө нь 2003, 2009, 2019 онуудад дэгдсэн хүнд хэлбэрийн томуу болон улаан бурхны дэгдэлтийн үеэр хуримтлуулсан туршлага болон ковидын халдвар дэгдэж байгаа бусад орнуудын туршлагад тулгуурлан шинжлэх ухааны нотолгоонд суурилсан хариу арга хэмжээг шуурхай авч хөл хориог үр дүнтэй тогтоосон 2. Цар тахлын эсрэг үндэсний стратегийг хэрэгжүүлэх “төр хувийн хэвшлийн бүх түвшин” хэмээх арга нь шуурхай арга хэмжээ авч уян хатан зохицуулалт хийх системийг бий болгожээ. Уг арга нь холбогдох салбаруудад тодорхой арга хэмжээ, үйл ажиллагааг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх, жижиг гүйцэтгэх багуудад уян хатан шийдвэр гаргах боломж олгодог арга юм. 3. Засгийн газар, улс төрчид, удирдлагуудын ойлголт нэгдмэл, ард иргэдэд өгөх мессеж тодорхой, мэдээлэл ил тод, ойлгомжтой, төөрөлдүүлхээргүй байв. 4. Цар тахал намжиж, тохиолдол бүртгэгдэхээ больсон үед ч оношлох, тархвар илрүүлэх хүчин чадлаа сайжруулж хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлсээр байсан нь хоёр дахь давалгааг газар авахуулалгүй хумьхад нөлөөлжээ. [ii]
Авторитар дэглэм ба цар тахлын менежмент
Авторитар дэглэмтэй улсын төлөөлөл болгон цар тахал анх дэгдсэн ч амжилттай хяналтад авч чадсан БНХАУ, тахал дэгдсэн хоёр дахь улс болсон, нилээд хохирол амсаж буй Иран улсыг авч үзье.
БНХАУ
Цар тахал анх үүсч дэгдэж, нилээд хэмжээний хохирол амссан ч энэ улс өдгөө байдлыг хяналтдаа авч, цар тахлын менежментийг сайн хэрэгжүүлж бусад улсад жишээ болж байна. Анх цар тахлыг таних гэж хугацаа алдсан мөн тэр үеэр үндэсний баяр Цагаан сар тохиосон нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн билээ. Харин нөхцөл байдлыг хурдан хяналтдаа авч чадсан шалтгаан нь өмнө нь SARS-г даван туулсан туршлага, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээний нэгдсэн систем, хатуу хяналт, арга хэмжээ, шуурхай оношлогоо, эдийн засгийн хүчин чадал, технологийн дэвшил юм.
Хятадуудын хувьд иргэний эрх чөлөөний тухай ойлголт өрнийн орнуудынхаас ялгаатай байдаг нь мөн нөлөөлсөн гэж судлаачид үзэж байна.[iii]
2003 оны SARS-ийн халдварын дараа “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа”-г яаралтай тодорхойлох эпидемиологийн тандалтын системийг бий болгон бэхжүүлжээ. Систем нь халдварын эх үүсвэр, дамжих замыг тодорхойлсноор улсын хэмжээнд дэгдэлтийг зогсоох стратегийг боловсруулахад дөхөм болжээ.[iv]
Хүнд өвчтнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, хөнгөн болон дунд зэрэг өвчтнүүдийг эмчлэх, тусгаарлах түр эмнэлэгүүдийг байгуулж, шинж тэмдэггүй болон сөрөг хариутай хавьталуудыг гэрт нь тусгаарлах арга хэмжээ авсан нь үр дүнтэй байжээ. Гэсэн хэдий ч хөл хөдөлгөөн ихтэй Бээжин, Шинжаан, Далянь, Хонгконг зэрэг томоохон хот, бүс нутгуудад зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас үүдэлтэй дэгдэлтийг зохицуулахад бэрхшээл учирч байгаа ажээ.
Халдварын тархалтыг таслан зогсоох, өвчний хүндрэлийг тооцох, цар тахлын болон түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа стратегийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, олон нийтийн дэмжлэг, төр засгийн чадавхи зэрэгтээ үндэслэн дэс дараатай гурван том стратеги төлөвлөгөөг гаргасан ба одоогоор эхний хоёр нь хэрэгжиж байна. Эдгээр нь:
- Хөл хорих – Халдвар илэрсэн бүсд хатуу хөл хорио тогтоож, хавьтлыг яаралтай мөшгин илрүүлж, тусгаарлах. Халдвар илэрсэн хот, тосгон бүрт 30-76 хоногийн хатуу хөл хориог тогтоож, энэ хугацаандаа хавьтал бүрийг мөшгин илрүүлж, шинжилгээ авч яаралтай хариуг мэдээлэн, тусгаарлан эмчлэх ажлыг хийж байв.
- Халдварыг хумих – Энэ стратеги нь энд тэнд янз бүрийн хэмжээний дэгдэлт үүсч тархсан газар зүйн хувьд өөр өөр, шууд хатуу хөл хорих шаардлага бага тохиолдолд хэрэгжүүлнэ. Арга хэмжээний хувьд таслан зогсоох стратегитай төстэй боловч арай сул. Эдгээр стратеги тус бүр нь нарийвчилсан үйл ажиллагааны заавар схемтэй бөгөөд хамгийн чухал болоод яаралтай үйл ажиллагаа нь сэжигтэй тохиолдол тус бүрийг шинжилгээнд хамруулж, хавьтал бүрийг илрүүлэх юм. Одоогоор тус улсын ихэнх нутагт эрсдэл бага байгаа тул энэ стратегид шилжин оржээ. Тиймээс өндөр настнууд, хүүхэд, жирэмсэн эхчүүд, эмнэлэгийн ажилтнууд зэрэг эмзэг бүлгийнхэн болон асрамжийн газар, хорих газар, эмнэлэг гэх мэт эрсдэлтэй газруудад гол анхаарлаа төвлөрүүлж байгаа ажээ.
- Дархлаа тогтоох – Энэ стратеги руу хараахан шилжээгүй байгаа ба халдварыг сайтар хумьж, тархалтыг хяналтдаа авч, эмзэг бүлгийн хүн амаа хамгаалж, эрүүл мэндийн системээ хүндрүүлэхгүй хэмжээнд хүрснийхээ дараа энэ стратеги руу аажим шилжихээр төлөвлөжээ. Уг стратегийн гол арга хэмжээ нь тохиолдол, ойрын хавьтал бүрийг мөшгихөөс илүү хүнд өвчтнийг эмчлэхэд анхаарах ба ингэснээрээ сүргийн дархлаа тогтоох юм байна.
Мөн вакцинжуулалтын үр нөлөөг дээшлүүлэхэд ч анхаарч байна.[v]
Исламын Бүгд Найрамдах Иран Улс
Иран улсад 2020 оны хоёрдугаар сарын 19-нд ковид-19-ийн халдвар бүртгэгдсэнээр энэ халдвар дэгдсэн дэлхийн хоёр дахь улс болсон юм. Цар тахлын нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй, хяналтад авч чадахгүй байгаагийн шалтгааныг зарим судлаачид дотоодын эсэргүүцэгчдээс болгоомжилсон удирдагчид хөл хориог оройтож тогтоож, эрт сулруулсан, хэдийгээр цэргийнхэн болон сайн дурынхан цар тахлын эсрэг ажиллаж байгаа ч үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадаагүй, хяналттайгаар бодит бус мэдээллийг өгч байгаатай холбон тайлбарлаж байна.
Мөн цар тахал дэгдсэн эхний үед парламентын сонгууль, Наурызын баяр гэх хоёр том арга хэмжээ болох үед ямар ч хязгаарлалт тогтоогоогүйн улмаас нэгэнт хяналтаас алджээ.
Засгийн газраас эрүүл мэндийн даатгал, татвар, төлбөрүүдийг 3 сараар хойшлуулах, бага хүүтэй зээл олгох, нэн ядуу иргэдэд бэлэн мөнгө тараах зэргээр тодорхой хэмжээний дэмжлэгийг иргэдэд үзүүлж байгаа боловч нөхцөл байдал хүнд байгаагийн бурууг АНУ-ын хориг арга хэмжээтэй холбон тайлбарлаж байгаа нь тийм ч үндэслэлтэй бус байна. Харин тус улс түүхэндээ хамгийн том хувьчлалыг эхлүүлж байгаа буюу 18 компанийн төрийн мэдлийн хувьцааг борлуулж орлого олохоор болсон ба мөн эрүүл мэндийн салбар болон ажилгүйдлийн даатгалын санд нэмэлт санхүүжилт олгохоо зарласан байна. Ираны хувийн хэвшлийн 200 гаруй компани нэгдэн хамгийн том хандивийн аян өрнүүлж нийгмийн чухал салбаруудад туслаж байна.
Иран улс анагаахын шинжлэх ухааны сургалт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүхий интеграцичлагдсан 65 сургууль/их сургуультай, бүх иргэдийнхээ эрүүл мэндийн байдлыг бүртгэж байдаг бүртгэлийн систем бүхий өвөрмөц эрүүл мэндийн тогтолцоотой улс бөгөөд хувийн хэвшлийн болон улсын эмнэлэгийн нийт 130 000 ортой ч халдварын огцом өсөлтөөс үүдэн орны хомсдолд оржээ. Түүнчлэн эпидемиологичдыг яаралтай томилж ажиллуулаагүй хугацаа алдсан, улсын хэмжээнд 50 лабораторид мэдрэг чанар өндөртэй, өвөрмөц оношлогооны иж бүрдлийг боловсруулж, хөгжүүлж байгаа боловч халдварын тохиолдлуудад хэрэглэх боломжгүй байсаар байна. Ковид-19-ийн хөнгөн хэлбэрээр өвдсөн болон эмчлэгдээд эдгэсэн өвчтнүүдийг байрлуулах сувилалын төвүүдийг байгуулсан хэдий ч тэдгээрийн үйл ажиллагааг цэргийнхэн зохион байгуулж эмч, сайн дурын ажилтнууд ажиллаж байна.
Иранд цар тахалтай холбоотой аливаа мэдээллийг хянаж байгаа ба үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн шийтгэл оногдуулахаар болсон тул албан ёсны статистик нь ч эргэлзээ төрүүлэхээр болжээ.
Хариу арга хэмжээг хугацаа алдаж авсан, бодит бус мэдээллийг түгээж байгаа, эпидемиологчидын оролцоо хязгаарлагдмал, нэгдсэн нэг төлөвлөгөөгүй нь иргэдийг төөрөгдүүлж хэрэгжилтийг удаашруулж байгаа зэрэг байдал нь тус улсыг цар тахлын нөхцөл байдлыг хяналтаасаа алдаж өнөөгийн нөхцөлд хүрэхэд нөлөөлж байна гэж судлаачид үзжээ.[vi]
[i] https://www.scientificamerican.com/article/how-the-u-s-pandemic-response-went-wrong-and-what-went-right-during-a-year-of-covid/
[ii] https://www.brookings.edu/wp-content/uploads/2021/01/MENA-COVID-19-Survey-New-Zealand-.pdf
[iii] https://www.thelancet.com/journals/laninf/article/PIIS1473-3099(20)30800-8/fulltext
[iv] https://www.sciencedirect.com/science/article/pii/S209580992030285X
[v] https://www.thelancet.com/journals/lancet/article/PIIS0140-6736(20)31278-2/fulltext
[vi] https://mideast.prio.org/utility/DownloadFile.ashx?id=38&type=publicationfile https://www.frontiersin.org/articles/10.3389/fpubh.2020.00510/full
Ангилал: Долоо хоногийн тойм, СУДАЛГАА
Өмнөх нийтлэл
Орчин үеийн мэдээллийн орон зай ба ТроллингДараах нийтлэл
Цар тахал ба ЗасаглалСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19