Энэтхэгийн ерөнхий сайд Н.Моди 4 сарын 27-28-ны өдөр БНХАУ-д айлчлан Хубэй мужийн Ухань хотод Хятад улсын дарга Ши Жиньпинтэй албан бус уулзалт хийлээ. Ази тивийн хамгийн том хоёр улсын удирдагчдын уулзалтын зорилго, үр дүн юу байв, энэ хоёр улсын ашиг сонирхлын нийцэл ба давхцал юу болох талаар товчхон авч үзье.
2017 оны 6-8 сард Энэтхэг, Хятадын Докламын цэргийн тулгаралтын дараа 9 сард Хятадын Шямэнь хотод болсон БРИКС-ийн уулзалт дээр Ши Жиньпин, Н.Моди нарын тохиролцсон нэг зүйл бол “албан бус уулзалт зохион байгуулж, хоёр талын харилцаа, хилийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэний дагуу ийнхүү уулзалт болсон юм. Үүнийг Докламын цэргийн тулгаралтын дараа харилцаагаа сайжруулах тал руу эргүүлж буй томоохон үйл явдал гэдгийг харж болно. Энэтхэг, Хятад хоёул эртний соёл иргэншилт, өдгөө хамгийн том хөгжиж буй орон, дэлхийн хамгийн олон хүн амтай цэцэглэж буй томоохон эдийн засаг бөгөөд хоёул Ази тивийн бие даасан гадаад бодлоготой орон билээ.
Энэтхэг, Хятадын дээд хэмжээний албан бус уулзалт
Албан бус уулзалтын хоёр өдөрт зургаан арга хэмжээ зохион байгуулж, удирдагч нар музей үзэн, явган зугаалж, яриа хэлэлцээ хийсэн ба хоёр талын цаашдын харилцааны цогц, урт удаан, стратегийн асуудлаар санал солилцсон юм. Тэд дараах асуудлаар санал нэгдлээ:
– Олон улсын хүчний харьцаа улам бүр тэнцвэр рүү чиглэж байна, энх тайван хөгжил цэцэглэл эргэлт буцалтгүй ерөнхий хандлага мөн, яг зэрэгцээд дэлхийд тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлс төвийж гарсаар байна хэмээн гадаад орчинг дүгнэжээ.
– Энэтхэг, Хятад хоёул цэцэглэж томрох нь тодорхой хандлагатай тул бие биеэ чухал боломж гэж харцгаая, аль аль нь бие даасан гадаад бодлоготой, итгэлцлээ бэхжүүлэе. Олон хэлбэрээр стратегийн хэлхээ холбоотой байцгаая.
– Бүх талаар хамтарч ажиллая, улс төр аюулгүй байдлын яриа хэлэлцээг нэмэгдүүлье, худалдаа хөрөнгө оруулалтын нөөц боломжоо уудлая, өндөр түвшний хүмүүнлэгийн солилцооны механизм байгуулая.
– Хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчдийн уулзалтын механизмаар дамжуулан зөрчлийг ухаалгаар шийдвэрлэж байя, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлье.
– Олон улс, бүс нутагт хамтран ажиллаж, олон талт худалдааны систем, олон улсын харилцааны ардчиллыг урагшлуулан, цэцэглэж буй эдийн засгуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэе гэх мэт асуудлаар санал нэгдсэн байна.
Газар нутгийн маргаан ба үл итгэлцэл
Энэтхэг, Хятад хоёр талын харилцаа хурцаддаг гол шалтгаан нь газар нутгийн маргаан юм. Энэ хоёр улс баруун, зүүн, дунд гэсэн гурван тусдаа газраар хил залгадаг, хилийн шугамын урт нийлээд 2000 км, үүнээс 120 мянган км.кв газар нутагт маргаантай. 1947 онд Энэтхэг улс тусгаар тогтнолоо зарлаж, 1949 онд БНХАУ тунхагласны дараа 1950 оны 4 сард хоёр улс дипломат харилцаа тогтоосон боловч “бал сар” нь удаан үргэлжилж чадалгүй, 1951 онд газар нутгийн маргаан дэгдэж эхэлсэн байдаг.
1962 оны Энэтхэг, Хятадын дайн: Газар нутгийн маргаан даамжирсаар 1962 оны 10 сарын 20-оос 11 сарын 21-ний хооронд яг нэг сар Энэтхэг, Хятадын хилийн зүүн, баруун хоёр хэсэгт хилийн цэргүүд тулалдсан юм. Дайн дэгдэх шалтгаан болсон газар нутгийн маргаан ХХ зууны эхэн үеэс угшилтай. Манж Чин гүрэн унасны дараа Төвөдийн 13 дугаар Далай лам Төвөдийн тусгаар тогтнолыг зарласан боловч Хятадтай хилийн мөргөлдөөнд орж байсан нь түүхэнд Төвөд, Хятадын дайн гэж тэмдэглэгджээ. Төвөд тусгаар улс болж чадвал Их Британийн Энэтхэгт ашигтай, хойд талдаа Оросын нөлөөг, баруун талдаа Хятадыг тогтоон барихад чухал үүрэгтэй буфер үүсэх байлаа. Гэтэл Дундад иргэн улсын Засгийн газар Төвөдийн асуудлыг Дотоод яамандаа харьяалуулж, тусгаар тогтнолыг нь зөвшөөрсөнгүй. Энэ явдалд Их Британийн Энэтхэг эсэргүүцэл илэрхийлэв. Ингээд 1913 онд Энэтхэг, Хятад, Төвөд гурван улсын уулзалт Энэтхэгийн Симла хотод болж, хил, газар нутгийн асуудлыг хэлэлцжээ. Гэвч Хятадын Засгийн газар хэлэлцээрийг хаян гарч, Энэтхэг, Төвөд хоёр “Симлагийн хэлэлцээр” байгуулж, хилээ тогтоосон. Уг хилийг Хятад улс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хилийн маргаан өнөө хэр шийдэгдээгүй нь хоёр улсын үл итгэлцлийн үндэс болсоор байна.
1967 оны хилийн мөргөлдөөн: Төвөдтэй хиллэж байсан Сиккимийн Вант улсаас Энэтхэгийн нөлөөг (1642-1975 онд оршин тогтнож байсан) гаргахаар Хятадын цэрэг 1967 оны 10 сарын 1-нд Сикким рүү цэрэг оруулсан ба Энэтхэгийн цэргийн хариу цохилттой тулгаран 10-ны өдөр буцаж гарсан үйл явдал юм. Сиккимийн Вант улс 1975 онд Энэтхэгт нэгдэн орсныг Хятад бүр хожим 2003 онд л сая хүлээн зөвшөөрсөн байдаг.
“Албан бус уулзалтаар Н.Моди, Ши Жиньпин нар Энэтхэг, Хятад хоёул цэцэглэж хөгжих нь тодорхой тул бие биеэ чухал боломж гэж харцгаая, аль аль нь бие даасан гадаад бодлоготой, итгэлцлээ бэхжүүлэе, олон хэлбэрээр стратегийн хэлхээ холбоотой байцгаая хэмээн тохиролцсон юм”
1987 оны хилийн тулгаралт: Энэтхэг, Хятадын түүхэн дэх 3 дахь хилийн тулгаралт бөгөөд уг хэрэг явдлаар цэргийн шууд мөргөлдөөнд ороогүй ч харилцаа нэлээд хүйтэрсэн. 1962 оны хил дээрх дайн болсон газрын ойролцоо Даван бүсэд Хятадын цэргүүд хожим обьект барьсан байх бөгөөд Энэтхэгийн цэргүүд үүнийг илрүүлэн цэрэг илгээн хээрийн сургууль хийж, тус бүсийн Сулула хэмээх газар 1986 онд хоёр талаас цэргүүд тулгарч, хараахан мөргөлдөлгүй яриа хэлэлцээгээр төгссөн байдаг.
2017 оны Докламын цэргийн тулгаралт: 1987 оны цэргийн тулгаралтаас хойш 30 жилийн дараа буюу өнгөрсөн жил дахин цэргийн тулгаралт болж, харилцаа хүйтрэв. 2017 оны 6 сарын 16-нд Энэтхэг, Хятадын дунд орших Бутаны Вант улсын хилийн уулзвар дахь Докламын өндөрлөгт Хятад улс автозамын ажил эхлүүлсэн тул 18-ны өдөр Энэтхэгийн цэргүүд Докламд ирж, Хятадыг саатуулсан бөгөөд хоёр талын цэргийн тулгаралт 2017 оны 8 сарын 18 хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжилсний эцэст хятадын тал хүн хүч, тоног төхөөрөмжөө эргүүлэн татсанаар хурцадмал байдал намжсан аж.
Тухайн үед Энэтхэг, Хятад хоёр дайтах эсэх талаар шинжээчид Докламын цэргийн тулгаралтын ид дунд үеэр ч энэ хоёр улс байлдахгүй гэж итгэл төгс дүгнэж байсан билээ. Учир нь тэдний олон ашиг сонирхол давхцдаг, дайтвал төлөх золиос хэтэрхий их, хэн хэнд нь хохиролтой тусна гэж байлаа.
“Өрсөлдөөн ба хамтын ажиллагааг хэрхэн зохицуулж, хослуулж явах вэ гэдэг энэ хоёр орны удирдагчдын шийдвэрлэх асуудал юм”
Далай лам – Энэтхэг, Хятадын харилцааны “өргөс”: 1959 оны 3 сард Төвөдөд бослого дэгдэн, Хятадын ардын чөлөөлөх арми ба Төвөд цэргүүдийн хооронд маш хүчтэй зэвсэгт мөргөлдөөн болж ХАЧА бослогыг нухчин даржээ. Төвөдийн Засгийн газрын тэргүүн 14 дүгээр Далай лам өндөр албаны түшмэдийн хамт Энэтхэг рүү дүрвэн гарч, Төвөдийн цагаач Засгийн газрыг байгуулсан явдал одоо хэр Хятад, Энэтхэгийн харилцааны нэгэн “өргөс” болсоор буй талаар хятадын албаныхан мэдэгддэг. Хятадууд Далай ламыг Төвөдийн салан тусгаарлыг дэмжигч “улс төрч” лам гэж нэрлэдэг, тиймдээ ч Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой язгуур ашиг сонирхлыг хөнддөг асуудал хэмээн нэн эмзэг хандан, Далай ламыг хүлээж авч уулзаж буй улс болгонд шахалт үзүүлдэг. Гэтэл Энэтхэг улсад Далай лам айлчилж амьдрахаар барахгүй Төвөдийн цагаач Засгийн газар өнөө хэр үйл ажиллагаа явуулсаар буй.
***
Ази тивийн энэ хоёр том гүрэн газар нутгийн маргаантай, тэр нь үе үе сэдрэн харилцаа хүйтэрдэг, нэг нэгнийхээ язгуур эрх ашгийг хөнддөг, асар гүн үл итгэлцэл тээдэг гэдгийг дээрх баримтуудаас харлаа. Хэдийгээр Энэтхэг, Хятад хоёр сөргөлдөөнтэй боловч эрх ашгийн давхцал ч бас бий. Өрсөлдөөн ба хамтын ажиллагааг хэрхэн зохицуулж, хослуулж явах вэ гэдэг энэ хоёр орны удирдагчдын шийдвэрлэх асуудал юм.
Өрсөлдөгч үү, хамтрагч уу?
Энэтхэг, Хятад хоёул бүс нутгийн их гүрэн, хамтарч ажиллахын зэрэгцээ стратегийн өрсөлдөгч болдог. Энэ нөхцөл байдлын дэвсгэр дээр АНУ Энэтхэгийг ашиглан Хятадыг тогтоон барих санаа агуулдаг бол Энэтхэг ч мөн адил АНУ-ыг ашиглан Хятадтай өрсөлдөх бодолтой. Хэдий тийм боловч Энэтхэг улс АНУ, Хятад хоёрын дунд тэнцвэр барих бодлогыг илүүд үзэх, бие даасан гадаад бодлоготой улс юм. Харин Хятад улсын хувьд Энэтхэгийг шууд чиглэн тогтоон барих явдалд хөрөнгө хүч хаялаа гээд ч гадаад орчноо бүрэн сайжруулах боломжгүй, тиймээс Энэтхэгийг дарж авах, бүхлээр нь сөрөх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үздэг байна. Энэтхэг, Хятад хоёул стратегийн тэнцвэр барих нь хэн хэндээ ашигтай, өнгөрсөн жил болсон Докламын цэргийн тулгаралтын ид дунд үеэр ч дайн дэгдэхгүй гэж шинжээчид нэг дуугаар дүгнэж байсны гол шалтгаан үүнд оршино.
Хамтрагчид
Олон талт механизмыг ашиглаж буй нь: 2000 оноос хойш Энэтхэг, Хятад хоёр талын дээд хэмжээний уулзалт тогтмолжих хандлагатай болсон, 2013-2016 онд нэлээд идэвхжиж ирж байсан юм уг нь. Гэхдээ хоёр талын харилцаа муудах үед ч хоёр улсын удирдагчид олон тал механизмаар дамжин дээд хэмжээний уулзалтууд хийсээр байв. БРИКС, ШХАБ, 20-ийн бүлэг, Зүүн Азийн дээд хэмжээний чуулга гэх мэт олон улсын байгууллага, олон талт хамтын ажиллагааны цөөн бус механизм үр дүнтэй үйлчилж, яриа хэлэлцээний боломж олгож байлаа. 2014 оноос хойш гэхэд л Ши Жиньпин, Н.Моди нар арав гаруй удаа уулзаад буй. Түүнчлэн Энэтхэг, Орос, Хятад гурван улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын механизм 2009 оноос бүрэлдэж, 10 орчим жилийн хугацаанд 14 дэх уулзалтаа хийгээд байгаа билээ.
БРИКС, ШХАБ, Орос-Хятад-Энэтхэгийн гурван талт уулзалт гэх мэт механизмаас харахад эдгээр улс АНУ-тай хүчний тэнцвэр үүсгэх тал дээр ашиг сонирхол нэг байгааг илтгэж буй мэт. Ялангуяа Хятадын хувьд Орос, Энэтхэгтэй хамт АНУ-ын эсрэг хүчний тэнцвэр үүсгэх шууд зорилготой бол Энэтхэгийн хувьд АНУ, Хятадын дунд тэнцвэр барих стратегийнхаа дагуу үйлдэж буй зүйл билээ. Ши Жиньпин, Н.Моди нарын уулзалтын үеэр Энэтхэг, Хятад хоёр дэлхийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй улсууд хэмээж байсан нь ийм учиртай.
Дотоодын бодлого: Энэтхэг, Хятад хоёр сөрөлдөхгүй, хамтарч ажиллах шаардлага буй нь дотоодын бодлоготой мөн холбоотой, Хятад улс 2020 он гэхэд дундаж чинээлэг нийгэм байгуулах зорилтоо барианд оруулах чухал он цаг, Энэтхэг улс 2022 онд “Шинэ Энэтхэг” мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж буй, ийм цаг үед шаардлагагүй үл ойлголцлоос зайлсхийх нь аль алинд нь чухал.
Өрсөлдөгчид
Бүс ба Зам: Хятад улс 2013 онд “Бүс ба Зам” санаачилга гаргаж буйгаа зарлан, Ази, Европ, Африк гурван тивийн хэлхээ холбоог бий болгох том амбицтай төсөл дэвшүүлсэн билээ. “Бүс ба Зам” санаачилгын дагуу эдийн засгийн зургаан коридор байгуулах ажлыг эхлүүлсний дотор хамгийн амжилттай яваа төсөлд Пакистан-Хятадын коридор багтаж, хятадууд асар их хөрөнгө оруулж буй нь Энэтхэгт таалагдсангүй. Энэтхэг, Пакистаны маргаантай Кашмирын нутгаар уг эдийн засгийн коридор дайран өнгөрч буйг Энэтхэг эрс эсэргүүцлээ. Тийм учраас эдийн засгийн коридорын өөр нэг маршрут болох Бангладеш-Энэтхэг-Мьянмар-Хятадын коридорын ажил урагш муутай байгаа. Үүнээс гадна Энэтхэгийн нөлөөний Шри-Ланк улс Хятадад төлөх өрнийхөө оронд стратегийн ач холбогдолтой Хамбонтота боомтоо 99 жилээр Хятадад түрээслэхээр болсон билээ. Энэ мэтчилэн “Бүс ба Зам” санаачилга Энэтхэгийн ашиг сонирхлыг илт хөндөж эхэлсэн юм. Энэтхэг улс дургүйцлээ илэрхийлэн 2017 оны 5 сард Бээжинд болсон “Бүс ба Зам”-ын дээд хэмжээний уулзалтад өндөр түвшний төлөөлөгчөө илгээгээгүй. Улмаар 6 сард Докламын цэргийн тулгаралт болсон ба шалтгаан нь мөн л Хятад зам тавихаар Бутаны хил рүү орсон явдал.
Хэдий нөхцөл байдал ийм байгаа ч Хятад улс 4 сарын 25-нд Непалын Гадаад хэргийн сайд Хятадад айлчлах үеэр Хятад-Непал-Энэтхэгийн эдийн засгийн коридор байгуулах саналыг тавьсан нь магадгүй цагаа олоогүй хэрэг. Энэтхэгийн шинжээч “уг саналыг Энэтхэг улс хүлээж авахгүй, учир нь Хятад-Пакистаны коридорыг эсэргүүцэж буй хэрнээ зүүн талдаа шинэ коридор хүлээж авах нь өөртэйгөө зөрчилдсөн хэрэг болно” гэж дүгнэсэн юм.
Энэтхэг-Номхон далайн стратеги: Хятадын “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалт Энэтхэгийн ашиг сонирхлыг хөндөж, зөрчил ил гарч эхэлсэн үед АНУ-ын зүгээс стратегийн хувилбар дэвшүүлсэн юм. 2017 оны 11 сард Д.Трамп Зүүн Азид хийсэн айлчлалынхаа үеэр “Энэтхэг-Номхон далайн стратеги”-аа зарлав. Уг стратеги Ази Номхон далайн орнуудтай улс төр, гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагаагаа бататгаж, Хятадыг тогтоон барих явдал билээ. АНУ-ын “Энэтхэг-Номхон далайн стратеги” Н.Модигийн дэвшүүлсэн “Дорно тийш нэвтрэх” стратегитай угталцаж буй.
Тоймловол
Энэтхэг, Хятад хэмээх Ази тивийн хамгийн том хоёр улс цаашид олон улсын харилцаанд хүчний тэнцвэрийг бий болгох чиглэлд ашиг сонирхол ижил (нэгдмэл гэсэн үг биш) байна. Гэвч бүс нутгийн түвшинд нөлөөгөө тэлэх өрсөлдөөн улам гүнзгийрэх хандлагатай. Гол төлөв Хятадын тэлэлтээс үүдсэн нөлөөллийн бүс дэх зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь энэ хоёр улсын удирдагчдын ойрх үеийн гол асуудал байх болно. Зөрчилдөөнийг даамжруулахгүй байхын тулд хоёр талын үл итгэлцэл, үл ойлголцлыг арилгах нэг алхам нь хоёр талын хэлхээ холбоо, механизмыг сайжруулах явдал бөгөөд энэ удаагийн Уханий албан бус уулзалтын гол зорилго үүнд оршиж, зарим үр дүнд хүрсэн юм.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Алтны зах зээлийн чиг хандлага, дэлхийн валютын өөрчлөлтДараах нийтлэл
Моссад Ираны цөмийн архивын мэдээллийг олзловСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19