Моссад Ираны цөмийн архивын материалыг “хулгайлсан” байна. Моссад-ын тагнуул туршуулууд удаан хугацаанд Тегераны Шорабын хорооллын нэгэн байрыг ажиглалт хийсний үр дүнд ”Имад төсөл” гэгч цөмийн архивын материалыг хадгалж байсан халхавчийн байрыг тогтоож уг мэдээллийг олон нийтэд дэлгэжээ. Энэхүү байрны хаягаар иранчууд цөмийн хөтөлбөртэй холбогдсон баримт материалыг хадгалж байсан байв. Израилийн тал олон жилийн туршид Иран нууц цөмийн төсөлтэй байгаа гэсэн байр суурийг тулгаж ирсэн. Энэ удаад Моссад-ын явуулсан тагнуулын томоохон гэх ажиллагаанд ихээхэн төсөв зардал зарцуулан хүн хүчийг дайчилсан байна. Мөн Израилийн цөмийн эрдэмтэд болон электрон тагнуулыг ч уг ажиллагаанд оролцуулжээ. Моссад тал олзолсон архивын материалыг үндэслэн Ираны зорилгыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1. Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан.
2. Дээрх зорилгоор төслийг бэлтгэсэн.
3. Иран төслөө нууцлахын тулд бүхий л арга хэмжээг авч байсан.
4. Иран 2003 онд цэргийн агуулгатай төслөөс татгалзан энгийн хэлбэрт шилжүүлсэн гэсэн боловч үндсэндээ цэргийн агуулга нь хэвээр үлджээ.
Израилийн тагнуулын албаны олзолсон Ираны архивын материалаас үндсэн нотлох баримтуудыг Герман, Франц, Орос, Итали, Хятад болон МАГАТЭ-д танилцуулсан.
Иранчууд хориг арга хэмжээний үеэр нийгмийн сүлжээгүй хэрхэн амьдарч байна вэ?
Дэлхийд нүүрс ус нийлүүлэгч гол тоглогч орнуудын нэг нь Иран билээ. Иран олон жилийн туршид АНУ-тай сөргөлдөж, хориг арга хэмжээнд орж байгаа юм. Иран улс санхүүгийн гүйлгээгээ ам.доллараар хийхээ больж евро руу шилжсэн. Мөн тус улсад исламын шашны нөлөө ноёрхсон орон. Иргэд нь чөлөөтэй үг хэлэх, санал бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдмал, хэвлэл мэдээллийн хэрэгсэл улсын хяналтад байдаг. Мөн дэлхий даяар өргөн тархсан интернет, нийгмийн сүлжээ хаалттай. Гэхдээ иргэдийн олонх нь АНУ, Европ руу цагаачлахыг хүсэлтэй байдагтай холбоотойгоор Иранд хяналтын хүчтэй систем тогтсон юм. Гэвч барууны соёл, урлаг нэвтэрсэн билээ.
1950-иад оноос эхлэн АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг хориг арга хэмжээг авч ирсэн түүхтэй. Иранчууд “Англи-Ираны нефтийн” хамтарсан компанийг хувьчлан авч английн нэр хаягаас салах оролдлого хийсэн нь Их Британи, АНУ, Ираны нефтийг хязгаарлах бодлого явуулахад хүргэсэн. 1953 онд Мохаммед Реза Пехлевийг дахин Шаг-д өргөмжилснөөр нөхцөл байдал өөрчлөгдсөн. Ираны шинэ Засгийн газар 1954 онд Олон улсын нефтийн холбоотой хэлэлцээр байгуулсны үр дүнд холбооны гишүүн орнууд тус оронд нүүрс ус олборлох эрх олж авсан бөгөөд харин цэвэр орлогын тавин хувийг Ираны талд нийлүүлэхээр тохиролцсон. Үлдсэн хувь нь Их Британи, Голланд, АНУ, Францын компаниудад тус тус зохих хувь ноогджээ. Энэ хэлэлцээрийн хугацаа 1979 онд дуус ч тэр жилдээ Иранд явуулсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд Ираныг “Исламын Бүгд Найрамдах” улсаар тунхагласан түүхтэй.
Мөн тэр үед Ираны эрх баригч Хомейны талынхан Тегеран дахь АНУ-ын ЭСЯ-ыг барьцаалж тодорхой болзол тавьснаар Ираны эсрэг хамгийн харгис хориг арга хэмжээг удаан хугацаанд авах үндэслэл болсон. АНУ нь Ирантай 40 орчим жил бүх талын харилцаа холбоог таслан худалдаа хийхгүй байгаа билээ.
2015 онд Иран, АНУ, Франц,Их Британи, Герман, Хятад болон Оросын хооронд цөмийн тохиролцоонд хүрсэн нь Ираны нөхцөл байдлыг зөөлрүүлсэн хэлэлцээрт болсон. Уг хэлэлцээрийн дагуу Ираны тал цөмийн хөтөлбөрийг хязгаарлах, цөмийн объектод МАГАТЭ-ийн мэргэжилтнүүдийг оруулан шалгалт хийх болсон. Харин барууны орнууд юуны өмнө АНУ хориг арга хэмжээгээ цуцлахаар тохиролцсон. Гэвч 2017 оны 2-р сард Д.Трампын засаг захиргаа Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа зарласан.
Мөн энэ он гарсаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь 2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрийг АНУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй байна гэж үзэн батламжлахаас татгалзсан боловч уг хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах боломжийг Европын орнуудад санал болгоод байна. Гэхдээ шинээр оруулах нэмэлт өөрчлөлт нь тавьсан зорилтод хүрэхгүй бол АНУ нь хэлэлцээрээс гарахад хэзээд ч бэлэн гэж сүрдүүлж байснаа энэ сарын 7-нд Д.Трамп хэлэлцээрээс гарахаа мэдэгдэж ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурав. Израилийн армийн албан ёсны төлөөлөгч Жонатан Конрикус-ын мэдээлснээр: “Энэ сарын 9-нд Ялалтын баярт оролцох үедээ Ерөнхий сайд Баньямин Нетаньяху ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзахад Иранд цохилт өгөх гэж байгаагаа урьдчилж мэдэгдсэн” гэв. Гэтэл энэ сарын 10-ны өглөө Израиль улс Сири дэх Ираны тагнуулын албадын байршил, Ираны цэргийн “Аль-Кудс” хүчний штаб, тус хүчний цэргийн болон тээврийн цогцолборууд, Дамаскаас зүүн зүгт орших Ираны цэргийн хуарангууд, Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудал дахь “Аль-Кудс”-ын зэвсгийн агуулахууд зэрэг объектууд өргөн хэмжээний цохилтод өртсөн тухай ТАСС агентлаг мэдээлэв.
Цаашид Иран цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх вий гэсэн айдас бүс нутгийн орнуудад хэвээр байна. Бүс нутгийн байдал хурцадвал Иран, Сири, Саудын араб, Израилийн хооронд дайн үүсэх магадлалтай байна. Иран улс АНУ-ын шинэ хоригийн эсрэг хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулж цөмийн хэлэлцээрийг үгүй хийх АНУ-ын оролдлого бүтэлгүйтсэн гэж Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани мэдэгдэв.
Иранд авсан хориг арга хэмжээнээс гадна өнөөдөр татварын дарамт хүчтэй нөлөө үзүүлж байна. Иймд гадны тээврийн хэрэгсэл ялангуяа америк, английн авто машиныг импортлохгүй байгаа. Мөн орчин үеийн технологи үйлдвэрлэх, техникийн шинэчлэлт хийхэд бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч Ираныг “туйлдсан” орон гэж үзэхгүй байна. Америкийн хориг арга хэмжээний үед иранчууд буурай орон болж хувираагүй юм. Иранд дэд бүтэц болон хийн хоолой тавьснаар орон нутгийн алс гүний тосгонд хүртэл шатахуун хүрч байна. Иранд өнөөдөр тодорхой хэмжээнд ажилгүйдэл байгаа хэдий ч дундаж цалин нь 1000 ам.доллартай тэнцдэг. Иранчуудын худалдан авах чадвар ихэсч,худалдааны төвүүд нэмэгдэж байгаа нь америкийн хориг арга хэмжээ төдийлөн нөлөөлөхгүй байгааг харуулж байна. Зүүн өмнөд Азийн орнууд болон Хятад нь Иранд нийлүүлж буй өргөн хэрэглээний барааны гол түншүүд юм. Оросын компаниуд ч жил ирэх тусам Иранд нэмэгдэж байна.Жишээ нь “Аэрофлот”, “Росатом”,”Росвооружение”, “Газпром”, “Татнефть” зэрэг компани оржээ.
АНУ-ын хориг арга хэмжээний үед Ираны дотоод байдлын талаарх зарим зүйлс
2018 оны 1 дүгээр сараас эхлэн Ираны хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц нэлээд бий болсноор иргэдийн эсэргүүцлийг дэвэргэх шалтаг болсон гэдэг. Энэ үеэр гадаадын иргэдэд тавих хяналтыг ч чангатгав. Гадаадын иргэд Иран руу зорчих үед хилийн шалгалтын үед гар утасны дугаарыг бүртгүүлэх журамд шилжжээ. Хэрэв гар утас ба дугаараа бүртгүүлээгүй 1 хоногийн дараа утасны дугаарыг шууд хязгаарладаг ажээ. Ираны “FATA” хэмээх кибер цагдаагийн алба нь Оросын тусгай алба болон мэргэжлийн хяналтын газрын үүргийг гүйцэтгэдэг. Мөн мэдээллийн аюулгүй байдлын орон зайг хянах зорилготой юм. Тус алба нь Ираны харилцаа холбооны компаниудын баазын үйлчилгээнүүдийг зөвхөн эх орондоо явуулахыг шаардахын сацуу уг баазад чөлөөтэй нэвтрэх эрхтэй ажээ. Тегераны Харилцаа холбооны дэд бүтцийн компани нь улсын мэдлийнх бөгөөд Ираны харилцаа холбооны гол суваг нь юм. Ираны тусгай албад тус компанийг ашиглан улс даяар мэдээллийн урсгалыг хянах боломжтой.
Үүний зэрэгцээ Ираны тусгай албад гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ираны талаар гарч буй бүхий л мэдээ мэдээллийг судалж дүн шинжилгээ хийдэг. Юуны өмнө Ираны улс төрийн тогтолцоо, исламын шашны бодлогын талаарх мэдээллийг цуглуулдаг. Тусгай албад мэдээллийн орон зайг хянадаг тул Ираны иргэд чөлөөтэй ярих, санал бодлоо илэрхийлэхээс эмээдэг. Viber, Facebook, Vk, Twitter зэрэг сүлжээг Иранд ажиллуулахыг хориглосон, харин Telegram, Instagram нээлттэй. Гэхдээ Ираны эрх баригчид хаалттай дээрх сайтуудыг ашигладаг гэсэн мэдээллэл бий. Сүүлийн үед Ираны тал Viber-ийг дайсагнагч Израильтай, Facebook-ийг АНУ-тай зүйрлэдэг. Иранд Telegram-ийг 40 сая хүн ашигладаг боловч саяхнаас тус улсын эрх баригчид уг хэрэглээг хязгаарлах болсон. Ираны төрийн байгууллагууд болон албан хаагчидад гадаадын “messenger” ашиглахыг хориглодог. Ираны “Surush” хэмээх дотоод сүлжээг иргэд төдийлөн сайтар ашигладаггүй нь тусгай албадын хяналтад байдагтай холбоотой.
Ираны кибер цагдаа хуурамч аккаунт ашиглан мэдээллийн урсгалыг хянадаг. Иранчууд ислам шашны үг дуугүй дагадаг боловч өнгөн талдаа үзүүлж байгаа хэлбэр гэж иргэд ярих болжээ.
Үүнээс гадна сүүлийн үед Иранд төрөлт эрс багасч байгаа гэсэн мэдээлэл бий.Иргэдийн ихэнх нь 35 нас хүртлээ гэрлэдэггүй бөгөөд гэр бүлтэй болохын тулд эрэгтэйчүүд юуны өмнө орон сууцтай болохоос гадна эхнэрээ худалдан авах барьцааны зохих мөнгийг хуримтлуулсан байх шаардлагатай. Гэр бүлтэй болсон хэдий ч иргэд нь үр хүүхэдтэй болохыг чухалчилдаггүй бөгөөд хэсэг хугацаанд өөрсдийнхөө аз жаргалын төлөө амьдардаг. 1976 онд хувьсгал гараагүй бол өнөөдөр Иран өндөр оюун санааны хөгжилтэй орон болох байсан гэж Ираны зарим иргэд ярьдаг ажээ. Сүүлийн үед Ираны иргэд гэр бүл дотроо ёс заншлаа төдийлөн баримтлахгүй барууны хэв маягаар амьдардаг болсон. Эмэгтэйчүүд ч гэр орон дотроо тамхи татаж, үндэсний хувцас (жижаб) дотроо европ хувцас өмсдөг болжээ. Мөн айл болгон нэрмэл архи нэрэх төхөөрөмжтэй байдаг. Эрүүл ахуй, гоо сайхны салбарт ч бас нэлээд амжилт олсон ба эмэгтэйчүүдийн дунд гоо сайхны мэс засал хийлгэх явдал дэлгэрчээ.
Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гадаадын орнуудын байр суурь
Израилийн саяхан олсон тагнуулын мэдээлэл нь АНУ болон Европын орнуудын байр суурийг ганхуулж болзошгүй, харин Орос, Хятадын хувьд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх байр суурь нь одоогоор өөрчлөгдөхгүй төлөвтэй байна. Израилийн Ерөнхий сайд Баньямин Нетаньяху тагнуулын мэдээлэлд үндэслэн энэ сарын эхээр мэдэгдэл хийсэн нь дэлхий даяар цөмийн зэвсэгтэй болох Ираны бодлогын талаар шуугиан дэгдээв. Цагаан Ордон Израилийн тагнуулын мэдээллийг “Тегеран цөмийн зэвсэгтэй болох арга хэмжээ авч байгааг” нотолсон шинэлэг мэдээлэл гэж мэдэгдэв.
Израилийн ерөнхий сайд ч уг хэлэлцээрийг хүчингүй болгох эсвэл нэмэлт өөрчлөлт оруулахыг уриалж байгаа. Мөн Герман, Их Британийн эрх баригчид ч Израилийн тагнуулын мэдээлэлтэй холбогдуулан дахин дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол 2015 оны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах мөн уг хэлэлцээрийг биелүүлж буй эсэхийг шалгах зэрэг саналыг гаргаад байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн хүрээнд Иранд хүчтэй дарамт үзүүлэх гэсэн сонирхол сүүлийн үед улам нэмэгдсээр байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео “Израилийн олзолсон мэдээллээс харахад Ираны дэглэм үнэн бодит байдлыг нуун дарагдуулж байгаа нь ойлгомжтой юм” гэв. Израилийн тал ч гэсэн энэхүү шуугианыг ашиглан тус бүс нутагт өөрийн зорилгыг хэрэгжүүлэхийг санаархаж байгаа нь мэдээж.
Харин ОХУ-ын хувьд Ираныг цөмийн бөмбөгтэй болохыг хүсэхгүй байгаа хэдий ч Москва тус бүс нутаг дахь өөрийн сонирхлыг харгалзан Ирантай сөргөлдөх сонирхолгүй байгаа ажээ. 2015 оны хэлэлцээрээс гарахын тулд Израилийн тагнуулын мэдээлэл хангалттай биш гэж оросын зарим шинжээч үзэж байна.
Израилийн ерөнхий сайд Ираны талаар хийсэн хатуу мэдэгдэл нь Д. Трампын санаа бодлыг хэрэгжүүлэхэд түлхэц өгсөн дохио болов. Мөн Европын орнуудыг уг хэлэлцээрээс гаргах гэсэн алхам байж болно. Дэлхийн хамтын нийгэмлэг 2015 оны олон улсын хэлэлцээрийг анх удаа цөмийн зэвсэгтэй болох гэсэн Ираны байр суурьд нөлөөлж чадсан гэж үздэг. Уг хэлэлцээрийг байгуулахад оролцогч талууд нь тодорхой хэмжээнд буулт хийж тохиролцоонд хүрсэн. Иймд уг хэлэлцээрийг одоо оролдох шаардлагагүй, харин Ираны пуужингийн хөтөлбөрийн талаар дахин яриа хэлэлцээр хийхийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Дүгнэлт
Хэзээнээс ойр дотно харилцаатай, үнэнч холбоотон гэгддэг АНУ, Израилийн удирдлага энэ удаад ч байр сууриа дахин уялдуулж байгаа нь харагдаж байна. Д.Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч, ЭСЯ-аа тийш нь нүүлгэх шийдвэр гаргасан нь тус улсыг дэмжиж ирсэн Америкийн байр суурь улам хатуу болж буйг илтгэнэ. Нөгөөтээгүүр Д.Трампын энэ дэмжлэг нь зөвхөн Израиль улсад үзүүлж буй гадаад бодлогын дэмжлэг төдийгүй Б.Нетаньяхуд дотоодын улс төрийн тэмцэлд нь үзүүлж буй хувийн туслалцаа ч гэж үзэж болно. АНУ-ын Ираны талаарх хатуу байр суурь нь Израиль болон персийн булангийн орнуудын улам хөөргөж хатгасан үйлдэл болж байна.
Иран улс ОХУ, Турктэй хамтран Сирийн асуудлыг зохицуулахад голлох үүрэгтэй оролцож буй нь АНУ-ын ашиг сонирхлыг хөндөж байгаа тул Орост ч, Иранд ч үзүүлж буй дохио сануулга болж байна. Нөгөөтээгүүр, Европ дахь холбоотнуудаа ч “номхруулах” зорилго бүхий алхам гэж хэлж болохоор байна.
Гэхдээ Их Британи, Герман, Францын удирдагчид Д.Трампын цочирдом мэдэгдлийн дараа Ираны цөмийн хөтөлбөртэй холбогдсон хэлэлцээрээс одоогоор гарахгүй бөгөөд цаашид ч бүх талаар нь хэрэгжүүлэхээ мэдэгдээд байгаа нь АНУ-ын Европын орнуудын харилцаанд ч нөлөөлөх магадлалтай байна.
Барууны орнуудын Ираныг ганцаар дуулах гэсэн үндсэн бодлого чиг шугамд нөлөөлж чадахааргүй хэвээр байна. Ираны бүс нутаг дахь санаархал болон геополитикийн өрсөлдөгч болох гэсэн байр суурийг өөрчилж чадахааргүй байна. Арабын хавар хувьсгал Исламын Бүгд Найрамдах Иран улсад огцом өөрчлөлт гарахад нөлөөлж Ойрх Дорнод дахь Ираны гадаад бодлогод хүч өгч итгэл төрүүлсэн билээ. Газрын тосны үнэ буурсан, олон улсын арга хэмжээ авагдсан нөхцөлд Иран нь хэд хэдэн оронд зэрэг нөлөөлсөн бүс нутгийн гол тоглогч болж хувирсан. Тереган нь Ойрх Дорнодод бодлого явуулах даа шийтүүдийг бэхжүүлэх зарчмыг үндэслэн баримталсан. /Шийтүүд Ираны нийт хүн амын 98 хувийг, Бахрайнийн 54 хувь, Ирак, Ливаны 30 хувийг тус тус эзэлж байна./ Энэ зорилгоор Ираны дэглэмд шийтүүдийн нам, бүлгийн дэмжлэгийг хүрсэн юм. Цаашид бүс нутагт Саудын Арабын нөлөөг сулруулах замаар хязгаарлахын тулд Иранчууд /хүний гараар могой бариулах зарчмыг хэрэгжүүлж байна/ идэвхтэй ажиллаж байна.
Хойд Африк, Төв Ази дахь цөөн тооны шийтийн гаралтай ястнуудыг Иран төдийлөн дэмжихгүй байгаа боловч Азербайжан, Энэтхэг, Пакастанд суурьшин амьдарч буй Ираныг дэмжигч шийтийн нөлөөллийг дэмжих бодлого явуулж байна.
Д.Трампын Ираны цөмийн хөтөлбөрөөс гарахаар болсон нь Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-тай хамтарч тоглох шаардлагагүй гэсэн байр суурийг харуулсан үйлдэл болов. Энэ нь удахгүй болох АНУ, Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Ким Жон Ун-ны баримталж буй байр суурьд нөлөөлж болзошгүй байна.
Шигтгээ: Иран улсын тусгай албаны үйл ажиллагаа
Иран нь дэлхийн тэргүүлэгч орнуудын нэгэн адил тусгай албадын хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэжлийн өндөр түвшинд сургаж бэлтгэхэд ихээхэн анхаарах болсон байна. Үүний тулд тусгай албадын ажилтнуудыг сайтар бэлтгэн сургаж, мэргэшүүлэн, тогтвортой ажиллуулах шаардлагатай байна.
Дэлхийд тэргүүлэгч гэгддэг тусгай албадын үнэт зүйлүүдийн онцлог бол мэргэжлийн бэлтгэгдсэн хүний нөөц, тусгай мэргэжилтнүүд, гүйцэтгэх ажилтнууд, дүн шинжээчид гэж үздэг билээ.
Аливаа улс орны тусгай албадын үндсэн зорилт нь боловсон хүчний сонголтыг зөв зохион байгуулж, сургаж бэлтгэх явдал юм.
Орчин үед Ойрх Дорнодын өргөн уудам бүс нутагт нилээд идэвхтэй үр дүнтэй ажиллаж буй тусгай албадын дундаас Лалын Бүгд Найрамдах Иран Улсын тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг онцолдог болсон. Тэд тагнуулын уламжлалт аргыг хэрэглэдэг бөгөөд ялангуяа тухайн орны улс төрийн нөхцөл байдлыг тандах, засаг захиргаа, хүчний байгууллагуудын бүтцэд нэвтрэх мэдээллийн эх сурвалжийг элсүүлэх, улс төрийн дээд давхаргад нөлөөллийн туршуулуудыг бий болгоход анхаарч байна.
Ираны тагнуулын үйл ажиллагааг хилийн чанадад хэрэгжүүлэгч үндсэн албад:
1.Мэдээллийн яам (улс төрийн тагнуул)
2.Цэргийн тагнуул
3.Тагнуулын алба (КСИР, цэрэг-улс төрийн тагнуул)
Ираны шашин-улс төрийн удирдлага нь лалын дэг журмыг тогтвортой хадгалах, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад болон гадаад улс төрийн сонирхлоо амжилттай хэрэгжүүлэхэд байлдах чадвартай, сайтар зэвсэг, техникээр хангагдсан тусгай албадтай байхыг чухалчилдаг. 2013 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан америкийн Конгрессын Номын сангийн нийтлэлд Ираны Мэдээллийн яамны тагнуул туршуулуудын тоо нь 30,000 хүрсэн ба АНУ-ын Тагнуулын төв газрын туршуулуудаас хоёр дахин их болсон гэж гарсан юм.
Өнөөдрийн байдлаар Ираны Мэдээллийн яам дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бие бүрэлдэхүүн нь ойролцоогоор 4000 хүрчээ. Албан бус мэдээллээр Ираны тусгай албадын тоо бүртгэлд тус орны хүн амын ихэнх нь бүртгэгдсэн байдаг байна. Ираны Мэдээллийн яам нь гүйцэтгэх нууц ажиллагаа эрхлэхээс гадна бус нутагт харилцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаарсан хэвээр байна. Иймээс Ираны Мэдээллийн яам нь зөвхөн Ойрхи Дорнодод төдийгүй дэлхий даяар хүчирхэг бүтэцтэй албадын тоонд тооцогддог гэж шинжээчид үздэг юм.
Ираны тусгай албадын үйл ажиллагааны бодит үр дүн нь зөвхөн бие бүрэлдэхүүний тоо, санхүү, материал-техник технологийн хангамжаас шалтгаалахаас гадна боловсон хүчин, ажилтнуудын ажил хэрэгч, ёс суртахууны зан чанараас ихээхэн шалтгаална гэж үздэг байна. Иймд Ираны тусгай албадын боловсон хүчний үндсэн бодлого нь итгэл найдвартай, чадварлаг ажилтнуудыг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм.
Ираны тусгай албадын нийгэмлэгийн гишүүд нь тус тусдаа боловсон хүчний бодлого явуулж, шилэлт сонголт хийж, сургаж, мэргэшүүлэхээс гадна үзэл суртал-хүмүүжлийн ажилд давхар анхаардаг . Мөн тусгай албад шинэ хүмүүсийг ажилд сонгож авахдаа нийтлэг дараах зарчим баримталдаг. Үүнд:
1.Улс төрийн найдвар. 2.Ислам болон “исламын хувьсгал” –ын үйл хэрэгт чин үнэнч. 3.Дээд болон дунд боловсролтой байх. 4.Эрүүл мэндийн байдал. 5.Төрийн албанд ороход ямар нэгэн харшлах асуудалгүй байх зэрэг болно.
Мэдээллийн яам нь боловсон хүчнийг шилж сонгон авахад 2 хэлбэрээр сонголт хийж байна. Энэ нь засаг захиргааны ба протекционист хэлбэр юм. Жинхэнэ ажилтнуудыг эхний аргаар сонгож авахдаа шашны нөлөө бүхий хүрээнээс, офицерууд болон зэвсэгт хүчний ахлагчдаас (унтер-офицер) бүрдүүлж байна. Харин протекционист арга нь төрийн аппаратын өндөр албан тушаалтнууд, нөлөө бүхий шашны бүлэглэлийн толгойлогчдын нэр дэвшүүлсэн хүнийг сонгон авдаг.
Шинэ ажилтнуудыг судлах, шилж сонгох арга Үүнд:
1.Мэдээллийн яам, КСИР-/Корпус Стражей Исламской Революций/ Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус болон бусад хүчний байгууллагуудын тоо бүртгэл. 2.“Зүүн”, “барууны” талыг баримтлагчид, үндсэрхэг, сөрөг хүчний нам, бүлэглэлийн гишүүн эсэх. 3.Эрүүгийн элементүүдтэй холбоотой эсэх. 4.Төрөл садангийн холбоог шалгах. 5.Шинэ кандидат нь заавал Мэдээллийн Яам-ны нэгэн ажилтны батлан даалттай байна. 6.Шинээр сонгосон ажилтны мэдлэг боловсрол , олон талт авьяас чадвар, сэтгэл зүйн тогтвортой байдлыг онцгой анхаарна. Шинээр сонгосон кандидатыг албан тушаалд томилохоос нь өмнө Тегеранд тусгай дамжаа , сургалтын төвөөр дамжуулна бэлтгэдэг. Эдгээр дамжаа, төвд нь шинээр элсэгчдэд гүйцэтгэх ажил, техник хэрэгслийн талаар сургалт явуулдаг. Харин Мэдээллийн яамны ажилтнуудад гүнзгийрүүлсэн мэдлэг олгох, давтан сургалтыг Мэдээллийн яамны “М-Багера” –гийн нэрэмжит институтэд сургадаг.
Шинээр авах гүйцэтгэх ажилтнуудад дараах мэдлэг олгодог. Үүнд:
1.Тагнуул ба сөрөг тагнуулын онол, үндэс. 2.Идэвхтэй арга хэмжээ. 3.Мэдээ олох, дүн шинжилгээ хийх арга. 4.Гадаад хэл, орон судлал. 5.Цэргийн тактик, галын болон биеийн хүчний бэлтгэл.
Сургалтын явцад зөвхөн мэдээ мэдээлэл олох, дүгнэлт гаргахад чиглэгдсэн тусгай хичээл үзэхээс гадна дараах сэдвүүдэд анхаарал хандуулдаг. Үүнд:
1.Дэлхийн болон бус нутгийн эдийн засгийн байдал урсгал. 2.Санхүү, олон улсын болон хувийн секторын банкны ажиллагаа. 3.Олон улсын ба бүс нутгийн нефть бүтээгдэхүүний зах зээл. 4.Цөмийн ба пуужингийн технологи. 5.Цэргийн технологи ба зэвсэглэлийн шинэ төрлийн техник, хэрэгсэл.
Дэлхийд гарсан геополитикийн өөрчлөлттэй холбоотой Мэдээллийн яамны гадаад тагнуулын ерөнхий газарт орос, казах, кыргыз, чантуу хэлтэй ажилтнуудаар бэхжүүлсэн. Гүйцэтгэх ажилтнуудын гадаад хэлний сургалт бэлтгэлийг Тегераны их сургууль болон гадаад хэлний тусгай төв, дамжаагаар бэлтгэдэг.
Ираны тусгай албадын боловсон хүчний мэргэжлийн талаас сургаж бэлтгэхийн сацуу үзэл суртал-хүмүүжил, ёс суртахууны сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах нь сургалтын системийн салшгүй нэг хэсэг юм. Энэ нь Ираны нийгэмд ноёрхож буй улс төрийн индокринац ба ёс суртахуун, сэтгэл зүйн гэх үзэл суртлаар боловсон хүчнийг хүмүүжүүлэхтэй холбоотой.
Ираны өнөөгийн нийгмийн зорилго нь:
1.Бие бүрэлдэхүүнийг цэрэг-улс төрийн удирдлагын чиг шугамыг үг дуугүй дагах, биелүүлэх хүмүүжил олох. 2.Цэрэг-улс төрийн удирдлагын үүрэг, даалгаврыг үг дуугүй дагаж байх зарчмыг суулгах. 3.Лалын үзэл суртлын эсрэг шашны өөр урсгалын үзэн ядах үзэл бодолтой болгох.
Лалын хувьсгалын үйл хэрэгт үнэнч Ираны үнэт санааны төлөө тэмцэх, амь насаа зориулахад тусгай албадын ажилтнууд бэлэн байдаг нь сургалт, бэлтгэлийн онцлог.
Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын боловсон хүчнийг “Басиж” хэмээх ардын сайн дурын эгнээнээс сонгон авдаг. Ардын сайн дурынханд доорх шаардлагыг тавьдаг:
1. 16-40 насны эрэгтэй, эмэгтэйчүүд. 2.Лалын хувьсгалын үзэл санаанд үнэнч. 3.Бүрэн бус дунд боловсролоос доошгүй боловсролтой. 4.“Басиж”-тай 1-ээс доошгүй жил хамтран ажилласан. 5.Эрүүл мэндийн зохих шаардлагыг бүрэн хангасан.
Ираны тусгай албадын гүйцэтгэх ажлын үндсэн хэрэгсэл нь агентуудтай ажиллах явдал. Тэднийг тагнуулын мэдээ олох, засгийн газрын эсрэг бүлэглэл, сөрөг нам, хүчинтэй тэмцэх, гадаадын тагнуулчдын үйл ажиллагааг илрүүлэхэд өргөн ашиглаж байна.
Ираны иргэдийг лалын эх оронч үзэл санааны үндсээр элсүүлдэг. Эсвэл тусгай албадаас хараат байлгах аргыг ч хосолдог. Харин эд материаллаг сонирхлын үндсийг элсүүлэлт ашигладаггүй. Лалыхныг эд материаллаг болон хараат байдал үндсэн дээр элсүүлдэг. Шийт урсгал шүтэгчдийг үзэл суртал, эх оронч болон эд материалаг сонирхлын үндсийг ашигладаг.
Гадаадын иргэдийн хувьд тэдний улс төрийн үзэл бодол, үндэсний онцлог, дадал заншил, эрхэлж буй албан тушаал, санхүү материаллаг хангамж зэргийг харгалзан сонгомол аргаар элсүүлэлт явуулдаг.
Исламын хувьсгалын хамгаалагчдын корпус бие бүрэлдэхүүн нь Мэдээллийн яамны бүрэлдэхүүнээс ялгаатай байдаг. Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын бие бүрэлдэхүүн:
1.Орон тооны агент. 2.Нууц агент. 3.Мэдээлэгч гэж хуваадаг. Нууц агент нь Исламын хувьсгалын хамгаалагчдын корпусын бие бүрэлдэхүүний бүтцэд ордоггүй. Тэдний лалын дэглэмд дайснаас хүртэл бүлэг дотроос элсүүлэхэд эд материаллаг болон хараат байдал зэрэг үндсийг ашигладаг. Агентуудыг Ираны дэглэмийг бүхий л талаар дэмжигчдийн дундаас сонгодог. Нууц агент нь халхавчийн байгууллагад ажилладаг.
Нууц агентуудын үүрэг:
1.Ажиглалтын үйл ажиллагаа явуулах. 2.Сөрөг хүчний байгууллага, бүлэглэлд нэвтрүүлэх. 3.Лалын ёс суртахууны хэв журмыг зөрчигчдийг илрүүлэх. 4.Бусад тусгай даалгавар биелүүлэх.
Ираны эрх баригчид болон тусгай албадын удирдагчид боловсон хүчний асуудалд хэрхэн онцгой анхаарал тавьж байгаа нь ийнхүү харагдаж байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Энэтхэг, Хятад: өрсөлдөгч ба хамтрагчДараах нийтлэл
Сири: системийн нуралтын илрэлСүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23