Алтны зах зээлийн чиг хандлага, дэлхийн валютын өөрчлөлт

2018-04-30

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/06/Fine_Gold.jpg

Дэлхийн санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлт орох хөдөлгөөн эхлээд байна. Дэлхийн эдийн засаг 2009 оны хямралаас хойш удаашралд орсон нь хөгжингүй орнуудын төв банкнуудад бодлогын хүүгээ бууруулж мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэн, эдийн засгаа тэлэхэд хүргэсэн билээ. Үүнээс гадна 2015 оноос эхлэлтэй валютын өрсөлдөөнийг бий болгож, улс орнуудын төв банкнууд хасах хүүгийн бодлогодоо өөрчилж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж байгаа нь aлтны нөөц болон зах зээлд өөрчлөлт авчирч, улс үндэстнүүдийн анхаарлыг татаж байна. Алтны зах зээлийг судлахад дэлхийн эдийн засгийн төлөв байдал, геополитикийн эрсдэл, улс орнуудын төв банкны баримталж буй стратеги, алтны нөөцийн шилжилт хөдөлгөөн, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, олборлолтын чиг хандлагад дүн шинжилгээ хийх замаар алтны зах зээлийн цаашдын чиг хандлагыг таамаглахыг оролдов.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглал, алтны зах зээлийн гол эрсдэл

2018 онд дэлхийн эдийн засаг 3.1 хувиар өснө гэсэн урьдчилсан таамгийг Дэлхийн банк дэвшүүлэхийн сацуу “Дэлхийн эдийн засгийн сэргэлт өргөн хүрээг хамрах болно” гэв. Тус банкнаас: “2018 он бол 2008 оны дэлхийн санхүүгийн их хямралаас хойш дэлхийн эдийн засаг бүрэн хүчин чадлаараа “ажиллаж эхлэх” гэж буй жил юм” гэжээ. 2016 онд дэлхийн эдийн засаг сэргэж эхлэн 2.4 хувиар өссөн юм. 2017 онд дэлхийн эдийн засаг 3 хувиар буюу 2011 оноос хойших хамгийн өндөр хувийн өсөлттэй гарна гэж тооцоолоод байгаа билээ. 2017 онд дэлхийн улс орнуудын талаас илүү хувийнх нь эдийн засгийн өсөлт нэмэгдсэн нь дэлхийн эдийн засаг мэдэгдэхүйц сэргэж буйн тод илрэл гэж Дэлхийн банкны мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Гэсэн хэдий ч тус банк дэлхийн эдийн засгийн өсөлт дахин саарч 2019 онд 3 хувь, 2020 онд 2.9 хувиар өсөх таамаглалтай гаргасан байна.

Харин Олон Улсын Валютын Сан 2018 болон 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.9 хувиар өснө гэж таамаглалаа. Мөн энэ он дэлхийн эдийн засгийн хувьд 2011 оноос хойших хамгийн таатай жил байна гэж дэлхийн эдийн засгийн төлөвийн тайландаа онцолсон байна. Бизнесийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, худалдааны цар хүрээ тэлж байгаа нь үүний гол хүчин зүйл болжээ. Хэдий тийм боловч худалдааны эрсдэлээс шалтгаалж 2020 оноос дэлхийн эдийн засгийн өсөлт саарах магадлалтай байгааг ОУВС анхааруулжээ. Улс орнууд импортын татвар болон худалдааны бусад хязгаарлалт хийж эхэлсэн байна. Улмаар “Худалдааны дайн дэгдэж болзошгүй нөхцөл үүсэж эхэлсэн” гэдгийг ОУВС-гийн ахлах эдийн засагч Морис Обстфельд онцолжээ. Түүнчлэн хүн амын дундаж наслалт нэмэгдэж, эдийн засгийн бүтээмж буурахаар байгаа нь дэлхийн эдийн засгийн эрсдэлд тооцогдож байгааг тус байгууллага тодотгосон.

Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт дэлхийн эдийн засгийн хямралын өмнөх үеэс доогуур түвшинд очиж магадгүй байгаа билээ. ОУВС, АНУ болон Европын Холбоо энэ оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 0.2 хувиар нэмэгдүүлээд байгаа юм. АНУ-ын хувьд татвар бууруулах бодлого эдийн засгийг дэмжих ч аажмаар төсвийн алдагдал нэмэгдэж энэ өсөлт саарахыг онцолжээ. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамгийг 6.6 хувьд хэвээр үлдээсэн байна. Харин Монгол Улс багтсан хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд 6.5 хувиар өсөх тооцоо гарчээ.

Дэлхийн эдийн засаг өсөж байгаа ч алтны ханш нэг унц нь 1200 ам.доллараас доош буурахгүй байна. Энэ нь дэлхийн геополитикийн эрсдэлийн индекс 15 жилийн дээд түвшиндээ хүрсэнтэй холбоотой юм.

“Saxo” банкнаас дэлхийн геополитикийн эрсдэлийн индекс 15 жилийн дээд түвшиндээ хүрсэн нь алтны зах зээлийн “тайван” байдлыг улам эвдэх өндөр магадлалтай гэв. Алтны ханш хувиар бол 2012 оноос хойших, харин ам.доллараар 2007 оноос хойших хамгийн савлагаа багатай үедээ байгаа юм. Гэхдээ олон улсын улс төр, геополитикийн эрсдэлүүд болон эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн өөрчлөлтүүд нь санхүүгийн зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Алтны ханш өнгөрсөн 3 дугаар сард 2018 оны хамгийн доод цэгтээ хүрсэн ч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 80 ам.доллараар өндөр байна.

Харин БНХАУ-ын Нийгмийн ШУА -ийн ахлах судлаач Яо Жыжун: “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн хөөс үүсэх, улс орнуудын өрийн хэмжээ нэмэгдэх, геополитикийн зөрчилдөөн зэрэг эрсдэлүүд нь 2018 онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарахад хүргэж болзошгүй. Мөн шинжээчдийн анхаарлын төвд хэд хэдэн таамаглал байна” гэв.

Эдгээр таамаглалын нэг нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Тодруулбал, барууны орнууд, Ойрх Дорнодын улс орнууд хоорондын урт удаан тэмцэл энэ онд бүр гүнзгийрч, улмаар дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ хэлбэлзэхэд хүргэж болзошгүй. Үүнээс үүдэлтэй алтны зах зээл сэргэж, валютын эсрэг чангарах магадлал байна.

Мөн Италийн парламентын сонгууль хэд хэдэн таамаглалыг бий болгож болзошгүй гэнэ. Бүх нийтийн сонгууль нь Италийг Еврогийн бүсээс гарах эсвэл урт хугацаагаар гаргасан бондуудынхаа улмаас дампуурлаа зарлахад хүргэж, улмаар Европын эдийн засгийн сэргэлтийг зогсоож болзошгүй. Даяаршлын эсрэг чиг хандлага нь 2017 онд томоохон эдийн засгуудад төдийлөн сөргөөр нөлөөлөөгүй. Тэгвэл энэ онд Д.Трампын засаг захиргаа худалдааны бодлогодоо ямар нэгэн өөрчлөлт оруулснаар дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш татаж болзошгүй байна. Геополитик болон худалдааны зөрчилдөөн зэрэг бусад асуудал нь хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлж, хөгжиж буй эдийн засгуудын төлбөрийн тэнцлийг алдагдуулж болзошгүй байна.

Дээрх үүсэж болзошгүй эрсдэлүүдээс хамаарч алтны зах зээлийн чиг хандлагыг судлаачид тодорхойлох гэж оролдож байгаагийн зэрэгцээ хөгжиж буй орнуудын төв банкнууд алтны нөөцөө нэмэгдүүлэх стратеги баримталж байна.

Хөгжиж буй орнуудын төв банкнуудын алт дээр баримталж буй стратеги

Төв банкнуудын алтны нийт нөөцийн хэмжээ 2017 онд 371.4 тонноор нэмэгдсэн ч 2016 оны цэвэр худалдан авалтаас 5 хувиар буурсан. Гэвч алтны эрэлт 2017 оны эцсийн байдлаар 1095.8 тонноор буюу өнгөрсөн жилээс 6 хувиар өссөн байна.

ОХУ, БНХАУ, Энэтхэг тэргүүтэй хөгжиж буй орнууд гадаад валютын нөөцөө ам.доллар бус алтаар баталгаажуулах замаар ам.долларын ноёрхлыг бууруулах, цаашлаад үндэсний валютын дархлааг сэргээх алхам хийж байна. Дэлхий дээр жил бүр алтан гулдмайн эрэлт дунджаар 10-15 орчим хувиар өсөж байна.

Өнгөрсөн жилийн байдлаар ОХУ-ын Төв банк алтны нөөцөө 223 тонноор буюу 17 хувиар нэмэгдүүлсэн нь бусад улсын төв банкнуудаас хамгийн их хэмжээ болсон. Удаах байранд Туркийн Төв банк 187.7 тонноор буюу 2016 оныхоос 21.8 хувиар нөөцөө нэмэгдүүлэв. Харин 2015 оноос БНХАУ-ын Ардын банк алтны нөөцөө 788.5 тонноор нэмэгдүүлж 2017 оны эцсийн байдлаар 1842.6 тонн болгосон байна. Энэтхэгийн Төв банк алтны нөөцөө өнгөрсөн жил 5.6 хувиар нэмж 558.1 тонн болгосон байна.

Хөгжиж буй орнуудын төв банкнууд алтны нөөцөө нэмэгдүүлж уламжлалт болон уламжлалт бус санхүүгийн эрсдэл үүсэхээс сэргийлэх стратеги баримталж байгаа нь цааш валютын нөөцөө алтаар баталгаажуулах алхмуудаа үргэлжлүүлэн явуулсан хэвээр байх хандлага ажиглагдаж байна.

Харин дэлхийн хамгийн их хэмжээний ам.долларын валютын нөөцтэй БНХАУ-ын Ардын банкнаас 2015-2016 оны хооронд валютын нөөцөөрөө алт худалдан авах бодлогыг хэрэгжүүлсэн. Цаашид Төрийн зөвлөл, Ардын банкнаас дэлхийн хамгийн том алт олборлогч болох, алтны үнийг тогтоох, нөлөөлөх боломжийн хүрээнд амбицтай алхам хэрэгжүүлж байна. БНХАУ-ын эрх баригчид алтны шинэ стандартыг нэвтрүүлэх гэж 2016 оны тавдугаар сараас хойш Шанхай хотын алтны бирж дээр хөрөнгийн чөлөөт урсгалыг хангах, Шанхай хотын худалдааны чөлөөт бүсэд худалдааны олон улсын танхим байгуулах замаар Лондонгийн алтны зах зээлтэй том өрсөлдөгч болсон юм.

ОХУ-ын Төв банк 2015 оноос эдийн засгийн хямралын үед бодлогын хүүгээ огцом өсгөж 17 хувьд хүргэв. Энэ нь мөнгөний хатуу бодлого бөгөөд рублийг тогтвортой байлгах зорилго юм. Хэдийгээр мөнгөний хатуу бодлогын үеэр алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх хүндрэлтэй байдаг ч богино хугацаанд үр дүнгээ өгсөн. ОХУ-ын Төв банк 2016 оноос бодлогын хүүгээ бууруулж, зах зээлээ тэлж эхэлсэн ч алтны худалдан авалтыг бууруулахгүй байна. Энэ нь рублийн ханшийг тогтворжуулж, эдийн засгаа богино хугацаанд хямралаас гарахад нөлөөлсөн юм. Үүнээс гадна газрын тосны үнээс хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчилж, дотоодын үнэт металлын олборлолт, экспортыг нэмэгдүүлсэн юм.

Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай АНУ-ын Холбооны нөөцийн сан 2008 оны эдийн засгийн хямралаас хойш мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж, бодлогын хүүгээ 0.25 хувь хүртэл буулгаж санхүүгийн зах зээл дээр ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ тэлэх стратегийг 2016 он хүртэл хэрэгжүүлсэн билээ. Үүнээс үүдэж эдийн засаг нь огцом уруудах хандлагаас гарсан бол 2015 оноос хөгжиж буй орнууд гадаад валютын нөөцөө ам.доллараар байлгахаас татгалзаж, АНУ-ын Засгийн газрын бондын худалдаагаа бууруулж, өөрт байгаа бондуудыг зарах замаар ам.долларын нийлүүлэлтийг багасгах алхмыг хэрэгжүүлэв. Мөн алтны нөөцөө нэмэгдүүлж, валютын нөөцөө алтаар баталгаажуулж болсон юм. Харин дэлхийн хамгийн их алтны нөөцтэй АНУ-ын Холбооны нөөцийн сан алтны худалдан авалт хийх сонирхолгүй байгаа бөгөөд ам.долларыг дэмжих бодлого цаашид ч хэрэгжүүлж байна.

АНУ-ын их хямралын дараагаар 40 жил эдийн засаг нь тэлж байсан бол 2008 оны эдийн засгийн хямралын дараах үед дахин зах зээлийг урт хугацаанд тэлэх сонирхолгүй байв. 2016 оноос АНУ -ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ аажим нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлж жилд 2-3 удаа бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж эхэлсэн. Ингэснээр алтны ханш суларч ам.долларын индекс өсөх хандлагатай байх байсан болов ч АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн геополитикт томоохон өөрчлөлт орох магадлалтай болгож, өмнө нь байгаагүй уламжлалт бус эрсдэл үүснэ гэсэн санхүүгийн шинжээчдийн таамаглал гарсан. Үүнээс үүдэлтэй эрсдэлээс зайлсхийх зорилгоор хөрөнгө оруулагчид алтны худалдан авалтаа нэмэгдүүлж, санхүүгийн зах зээл дээрх бонд, компаниудын хувьцаа худалдан авалт буурч байна.

Харин одоо хүртэл Европын холбоо тэг хүүгийн бодлого баримталж, зах зээлийг тэлэх гэж оролдсон үйлдлээ хэрэгжүүлж байна. Их Британи Европын холбооноос гарах шийдвэр нь алтны зах зээлд нөлөөлж байгаа билээ. Санхүүгийн эрсдэл багатай Японы Төв банк хасах хүүгийн бодлогыг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол 2008 оны хямралын дараагаар хүүгүй болгосон юм. Хэдийгээр зах зээлээ тэлэх зорилгоор мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж эдийн засгаа өсөлттэй байлгаж байгаа ч өрийн хүндрэлд оруулж байна.

Алт АНУ-аас зугтаж байна уу?

Турк улсын Төв банк АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн санд хадгалагдаж байсан алтны нөөцөө 2017 оны туршид буцаан татсан тухай Hürriyet сонинд мэдээлсэн. Бүс нутгийн болон хоёр орны харилцааны зарим асуудлаар хоёр талын харилцаа муудаж буй энэ үед АНУ-д хадгалуулж буй алтны нөөцөө Турк улс багасгав. 2016 оны байдлаар Туркийн 28 мянга 689 кг алт АНУ-ын Холбооны нөөцийн санд хадгалагдаж байсан бол 2017 оны сүүлчийн байдлаар зөөж дуусгасан. Одоогоор Турк улсын алтны нийт нөөц 564,6 тн байгаа бөгөөд энэ нь 20 тэрбум ам.доллартой тэнцэх юм. АНУ-аас татсан алтны зарим хэсгийг Туркт аваачихаас гадна Их Британийн Төв банк болон Швейцарын Улс хоорондын тооцооны банканд хадгалуулахаар болсон байна.

Харин Германы Төв банкнаас 2013 онд гуравдугаар сард алт хадгалах шинэ журам, зарчмыг гаргасны дагуу 2016 оноос гадаадад хадгалж байсан алтны нөөцөө эргүүлэн татаж эхэлсэн байна. 2020 он хүртэл нийт алтны нөөцийнхөө 41.5 хувь буюу 1400 тонн алтыг Нью-Йоркийн Холбооны нөөцийн сан, Парисын банкнаас Франкфурт дэх алт хадгалах төв рүүгээ эргүүлэн татахаар болсон юм. Учир нь Германы эрх баригчид 2012 онд гадаадад байгаа алтны батлагдсан нөөцөд аудит хийхээр шийдвэрлэсэн. Үүний дараагаар алт хадгалах журамдаа шинэчлэл хийсэн байна. Харин 2017 онд Германы Төв банк зөвхөн АНУ-ын Нью-Йоркийн холбооны нөөцийн санд хадгалуулж байсан 330 тонн буюу 54 орчим алтан гулдмайг Франкфуртэд буцаан авчирч дууссан. Гэвч Германы анх хадгалуулж байсан жагсаалт дахь португалийн сери дугаартай алтнаас зөрсөн дугаарын алтыг нийлүүлсэн талаар нь Бундесбанк анхааралдаа авч төдийлөн ил болгоогүй ч энэ талаар албан ёсоор тайлбар нэхсэн ч одоогоор мэдээлэл өгөөгүй байгаа нь АНУ-д алтаа хадгалуулж байгаа улс орнуудын хувьд итгэх итгэл нь суларсан.

ХБНГУ-ын алтны нөөц 3.4 мянган тонн бөгөөд дэлхийд АНУын дараа хоёр дугаарт ордог юм. Герман улс алтны нөөцөө өөрийн улсдаа төвлөрүүлэх шинэ журам хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан улс орнууд гадаадад хадгалуулж буй өөрсдийн алтны нөөцийн талаарх мэдээллийг сонирхох болсон юм. Үүнтэй зэрэгцэн 2016 оноос алтны ханшинд өөрчлөлт орж, алтны худалдан авалт нэмэгдсэн юм.

Хэрэв АНУ Германы алт, эх оронд нь буцаах шаардлагыг биелүүлэх боломжгүй байх юм бол, гол валют болох ам.доллар, еврод аль алинд аюул учирч магадгүй юм. Ингэвэл дэлхийн санхүүгийн зах зээл болон бүхэл бүтэн эдийн засаг савлаж унах хүртэл эрсдэл үүсэх юм.

Шигтгээ. Алтны химийн шинж

Алтыг Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Aurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) болон бусад мөнгө, зэс металлуудтай зэрэгцэн орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм.

Алт уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алтны хамгийн онцгой чанар нь ус болоод агаарын нөлөөнд автдаггүй явдал юм.

Алт олборлолтоор тэргүүлэгч 10 улсын тухай /2017 оны дүнгээр/

2017 онд шар металлын үнэ 13.6 хувиар өссөн бол үйлдвэрлэл 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сард АНУ, Умард Солонгосын хурцадмал байдлын үед хамгийн өндөр үнийн өсөлтийг үзүүлсэн юм. Энэ үед Умард Солонгосоос хар зах зээл дээрх алтны худалдаанд хамгийн идэвхтэй оролцсон байх магадлалтай байгаа бөгөөд гол худалдан авагч нь Энэтхэг улс байсан байх магадлалтай талаар алтны олборлогч компаниудын тайланд дурдагдсан байна.

Дэлхийн алтны зөвлөлөөс 2017 онд дэлхийн алтны эрэлт 7 хувиар буурсан ч АНУ, Канад, Австрали улсуудын алтны олборлолт өсөлт өндөр байсан бол БНХАУ-ын олборлолт буурах хандлага ажиглагдсан байна. Ерөнхийдөө дэлхийн алтны нийт олборлолт 2017 онд 3150 тоннд хүрсэн байна.

БНХАУ: Алтны уул уурхайн олборлолт 440 тонн хүрсэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн туршид тэргүүлжээ. Олборлолтын хэмжээ өнгөрсөн жилийнхээс 13 тонноор буурсан. Байгаль хамгаалах зорилготой хуульд хийсэн хуулийн хязгаарлалтуудаас шалтгаалж олборлолт буурахад нөлөөлсөн. Харин өнгөрсөн жилээсээ Хятад, Энэтхэгийн алтны үнэт эдлэл худалдан авалт эрэлт хэрэгцээ 4 хувиар өссөн байна.

Австрали: Алтны олборлолт 300 тоннд хүрсэн бөгөөд 2016 онд 290 тонныг олборлож байснаас өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь Австралийн хамгийн том алт үйлдвэрлэгч Newcrest Mining ийн алт олборлолт өссөнтэй холбоотой юм. ОХУ: Алтны олборлолт 255 тонн хүрсэн бөгөөд харьцангуй тогтвортой олборлож, дараагийн 10 жилд олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхэд голлон анхаарах төлөвлөгөөтэй байгаа. ОХУ 2030 он гэхэд жилийн алтны үйлдвэрлэлээ 400 тоннд хүргэх амбицтай төлөвлөгөө гаргасан билээ. АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээллээр ОХУ-ын алтны нөөц 5500 тонн бол Өмнөд Африк улсынх 6000 тонн, Австрали улсынх 9800 тонн байдаг.

АНУ: Алтны олборлолт 245 тоннд хүрч өнгөрсөн жилээс харьцангуй өндөр үзүүлэлттэй байна. АНУ-ын ихэнх алтаа 40 орчим уурхайгаас гаргаж авдаг бөгөөд Аляскад том уурхайнууд, баруун хэсгээр жижиг уурхайнуудаас олборлолтоо явуулдаг билээ

Канад: Алтны олборлолт 180 тонн хүрч өнгөрсөн жилээс 15 тонноор илүү алт олборлосон байна. Энэ өсөлт цаашид ч хадгалагдах төлөв байна.

Перу: Алтны олборлолт 155 тоннд хүрч өнгөрсөн жилийнхээс 5 тонноор нэмэгдсэн байна. Перугийн алтны олборлолт, экспорт 2014 онд хамгийн доод түвшинд хүрч байсан бол сүүлийн 2 жил огцом сэргээх бодлого баримталж байна. Гэвч тус улсад хууль бус алт олборлолт асуудал болсон хэвээр байна.

Өмнөд Африк: Алтны олборлолт 145 тонн. Өмнөд Африкийн алт олборлолт сүүлийн жилүүдэд буурч байгаа бөгөөд 2016 онтой харьцуулахад 5 тонноор буурсан байна. 1980 оноос хойш тус улсын алт олборлолт 85 хувиар огцом буурсан бөгөөд энэ нь эдийн засагт нь хүчтэй нөлөөлсөн. Өмнөд Африкийн алтны нөөц багасч, хөдөлмөрийн зардал өссөнтэй холбоотойгоор үе үе алтны уурхай сул зогсолт хийдэг байна.

Мексик: Алтны олборлолт 110 тонн хүрч өнгөрсөн жилээс 15 тонноор буурсан байна. Сүүлийн гурван жил дунджаар 10-15 тонноор буурч байгаа билээ. Гэвч өнгөрсөн жилээс хэдэн орд нээгдэж байгаа нь цаашид алтны салбарын томоохон олборлогч хэвээр байх магадлалтай байна.

Узбекистан: Алтны олборлолт 100 тонн хүрч өнгөрсөн жилээс 2 тонноор буурсан байна. Узбекистан алтны хуучны ордуудаасаа олборлолт хийж байгаа бөгөөд хайгуулын салбарт төдийлөн өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгүй байна.

Индонез: Алтны олборлолт 80 тонн. Grasberg-ийн уурхай нь тус улсын хамгийн том алтны орд бөгөөд 25.8 сая унц алт, 26.9 сая фунт зэсийн нөөцтэй. Бреттон Вудсын систем үйлчлэхгүй байгаа ч дэлхийн алтны нөөцөөр тэргүүлэгч АНУ-ын эрх баригчид болон ХНСгаас алтны ханшинд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.

Алтны түүхэн тренд ба нөлөөлөл:

Алтан стандартын уналтаас хойш алтны үнэ хэрхэн өөрчлөгдсөн, түүнд ямар үйл явдлууд нөлөөлсөн талаарх мэдээлэл нь алтны үнийн хэлбэлзлийг тайлбарлахад чухал юм.

Үнэд нөлөөлсөн гол үйл явдлууд ба тайлбар:

БНХАУ-ын алтны хэмжээгээ нэмэгдүүлсэн шалтгаан юу байв

2015 онд БНХАУ-ын Ардын банк бодлогын хүүгээ зургаан удаагийн үйлдлээр 6 хувиас 4.35 хувь хүртэл бууруулж, юанийн ханшийг огцом унагаж дэлхийн валютын дайныг эхлүүлсэн. БНХАУ 2016 онд 1.27 их наяд ам.долларын АНУ-ын Засгийн газрын бонд эзэмшдэг. Мөн Хятад 3 их наяд гаруй ам.долларын нөөцтэй байгаа, иймд юань, ам.доллар бие биетэйгээ шууд хамааралтай. Тус улс эдийн засгаа тэлэх үүднээс экспортыг дэмжиж байгаа билээ. Мөн мөнгөний зөөлөн бодлого нь алтны худалдан авалтыг гүнзгийрүүлсэн аж.

2015 онд юанийн ханш буурч байгаа болон бүс нутагт эдийн засаг, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Хятад Төрийн зөвлөлөөс алтны эрэлт огцом нэмэгдүүлсэн юм. Харин 2016 оны эхний хагаст гэхэд Хонконгоор дамжуулан эх газрын Хятад руу нийлүүлж буй алтны хэмжээ 2015 онтой харьцуулахад 5.5 дахин өссөн тухай “South China Post Morning” онцолж байв.

Ардын банкнаас мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэхтэй зэрэгцэн алтны олборлолтын асуудалд онцгойлон анхаарах болсон. 2017 онд Хятад улсын Шаньдун мужид тус улсын түүхэнд урьд өмнө нь олдож байгаагүй хамгийн том алтны ордыг илрүүлсэн. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, энэ ордын нөөц нь 382,5 тонн бөгөөд үүнийг мөнгөөр үнэлбэл 22 тэрбум ам.доллар болох ажээ.

Энэ бүхэн нь “Бүс ба Зам” санаачилгатай шууд бусаар холбоотой. Энэ санаачилгыг дэмжихэд дэд бүтэц шаардлагатай билээ. Дэд бүтцэд зориулж их хэмжээний санхүүжилтийг бий болгох тал дээр хэд хэдэн стратегийг баримталж байна. Үүний хүрээнд ОХУ-тай хамтарч Алс-Дорнодод алт олборлохоор болсон. Олборлолтыг 2016 оноос хойш эрчимтэй нэмэгдүүлж байна.

Учир нь Хятадын эрх баригчид юанийн ханшийг аажим чангаруулахад алтны нөөцийг нэмэгдүүлэх, ам.долларын хөрөнгө оруулалтыг дэмжих, валютын нөөцийн хэмжээг тогтвортой барьж, гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж санхүү, хөрөнгө оруулалтын зах зээлээ нээлттэй болгох зэрэг алхмыг хэрэгжүүлж байна.

Ингэснээр Хятадын эрх баригчид дэлхийн мөнгөний массийн хөдөлгөөнийг Ази тивд байлгах сонирхолтой байгааг тодорхой илэрхийлж байна. ОХУын Евразийн холбоог “Бүс ба Зам” санаачилгатай холбох замаар дамжуулан дэмжиж байгаа.

Цаашид Хятадын эрх баригчид юаниар алт худалдан авах амбицтай үйл ажиллагааны хүрээнд алтны дотоодын үнэт эдлэлийн худалдааг нэмэгдүүлэх, оффшор бүсэд буй юанийг дэлхийн зах зээлд эргэлтэд оруулах үүднээс алтны худалдааг дэмжих, олон улсад юаниар алт худалдан авах стандартыг нэвтрүүлэх, улмаар уг амбицтай төлөвлөгөө нь дэлхийн валютын зах зээлд аажим өөрчлөлт авчрах магадлалтай байна.

Дүгнэлт

2008 оны эдийн засгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг тогтворжих үе рүүгээ орж байгааг дэлхийн банк, ОУВС тэргүүтэй эдийн засгийн бодлогыг чиглүүлэгчид тодорхойлсон ч геополитикийн эрсдэлийн индекс сүүлийн 15 жилийн дээд түвшиндээ хүрсэн нь уламжлалт бус эрсдэл үүсэх магадлалтайг илтгэж байна. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийг хумьж, хөрөнгө оруулагчид алтны худалдан авалт сүүлийн 3 жилд нэмэгдэж байгаагийн гол шалтгаан юм.

Геополитикоос үүдэлтэй уламжлалт бус эрсдэл үүсэх магадлалтай байгаа нь алтны үнийг өсгөж байна. Тиймээс улс орон болгон алтны нөөц, аж үйлдвэрлэлийг дэмжиж буй. Энэ нь олон улсын эдийн засгийн даяаршлыг хумих магадлалтай болгож байгаа нь алтны зах зээлд шууд нөлөөлж байна.

Улс орнууд алтны олборлолтыг, Төв банкнууд алтны худалдан авалтыг дэмжиж буй үйлдэл нь валютын зах зээлд томоохон өөрчлөлт орох асуудалд бэлдэж байгааг илэрхийлж байна.

Иймээс Монгол Улс алт боловсруулах үйлдвэрийг яаралтай байгуулах, алтны нөөцийг нэмэгдүүлэх, алтан үнэт эдлэлийн зах зээлийг дэмжих нь зүйтэй юм.


Ангилал: Долоо хоногийн тойм