ОЛОН улсын тогтолцоонд гарч буй өөрчлөлт, их гүрнүүдийн харилцаанд үүсээд буй зөрчилтэй асуудлуудын талаар өгүүлэхэд гол тоглогчдын бие биесийн талаарх харилцан төсөөлөл, баримталж буй стратегийн тухай зайлшгүй өгүүлэх хэрэгтэй. Аюулгүй байдал судлалын хүрээлэн ОХУ, АНУ, БНХАУ болон нөлөө бүхий бусад улсын шинжээчид, бодлого боловсруулагчид нөгөө талынхаа бодлого, стратегийг хэрхэн ойлгож, түүнд тохирсон ямар арга хэмжээг өөрийн төр, засгийн удирдлагад санал болгож байгааг цаашид мэдээллийнхээ зарим дугаараар тоймлон хүргэх болно. Чингэхдээ манай талаас ямар нэгэн дүгнэлт, тайлбар хийхийг урьтал болголгүй, аль нэг талын байр суурийг нэмэлт, хачиргүйгээр хүргэхийг зорино. Эхний ээлжид ОХУ-ын цэргийн номлол дахь шинэ үзэл баримтлал болсон “Герасимовын номлол” хэмээгдэгч үзэл санаа, түүний хэрэгжилтийн талаар АНУ-ын баруун жигүүрийн, консерватив (БНН-ыг дэмжигч) тинк-танк болох “Хэритэйж” сангийн олон улсын аюулгүй байдал, цэргийн шинжээч Мартин Мөрфигийн бичсэн “Европыг чиглэсэн Оросын “бүх нийтийн дайн” өгүүллийн хураангуйлсан орчуулгыг толилуулж байна. Зохиогчийн хэл, найруулгын онцлог, ашигласан нэр томъёог ямар нэг өөрчлөлтгүйгээр шууд буулгасан ба монгол хэлээр илүү ойлгомжтой, тодорхой болгох үүднээс нэмж оруулсан үгийг дөрвөлжин хаалтад хийв. Уг нийтлэл дэх аливаа дүгнэлт, дэвшүүлсэн үзэл санаа нь зөвхөн зохиогчийнх бөгөөд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн байр суурь биш болно.
Европыг чиглэсэн Оросын бүх нийтийн дайн
2014 ОНЫ 2 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө зэвсэглэсэн жижиг бүлэглэлүүд Крымийн нутагт үзэгдэж эхэлсэн бөгөөд удалгүй тэднийг “бяцхан ногоон хүмүүс”, “эелдэг ногоон хүмүүс” гэж нэрлэх болов. Украины зэвсэгт хүчний анги, нэгтгэлийг бүслэн хөл хорио тогтоож, радио телевизийн станцыг эзлэн ард иргэдийг тусгай бэлтгэсэн мэдээ мэдээллээр хангаж, төрийн байгууллагуудыг эзлэн, үйл ажиллагааг нь удирдан, шийдвэр гаргасан явдал нь Крымийн ард иргэдийн 93 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн санал асуулгын дүнг Крымийн хууль тогтоох хурал хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүргэсэн юм. В.Путин энэ явдалд ОХУ оролцсоныг үгүйсгэж байсан хэдий ч удалгүй Оросын зэвсэгт хүчнээс зохион байгуулан, хэрэгжүүлсэн арга хэмжээ болох нь тогтоогдсон.
Крымийн хойг Хаант Оросын харьяанд байсан, 1954 оноос хойш Зөвлөлт Украины бүрэлдэхүүнд оршиж иржээ. ЗХУ задарснаар Украин тусгаар тогтнож, энэ нутгийг өөртөө үлдээж, 2003 оны гэрээгээр баталгаажуулсан. ОХУ Крымийг өөртөө хүчээр нэгтгэсэн явдал нь олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг зөрчиж буй үйлдэл бөгөөд Европт 1945 оноос хойш аливаа улсын газар нутгийг хүчээр нэгтгэж буй анхны тохиолдол болоод байна. Түлхэн унагаагдсан ерөнхийлөгч асан В.Янукович, нутгийн ард иргэдийн дийлэнх болох орос хэлт иргэдийн зүгээс хийсэн үйлдлүүд нь бүгд хууль, эрх зүйн дагуу хийгдсэн зүйл хэмээн Оросын тал үзэж байв.
В.Путин ОХУ оролцсоныг үгүйсгэж байсан ч Оросын зэвсэгт хүчнээс зохион байгуулан хэрэгжүүлсэн арга хэмжээ болох нь тогтоогдсон
Зүүн Украиныг булаан эзэлсэн Оросын хууль бус үйлдэл нь олон улсын нөхцөл байдалд тодорхой хэмжээнд нөлөөлөв. Барууны орнуудаас авсан зарчмын шинж чанартай арга хэмжээ нь хэдхэн тодорхой нэр төрөлд эдийн засгийн хориг арга хэмжээ авч компани, корпорацийн үйл ажиллагаанд нөлөөлж улмаар Оросын эдийн засгийн чадамжийг бууруулах бодлогын хувилбар байсан болохоос ОХУ -ын удирдлага өөрийн авч хэрэгжүүлж буй хууль бус үйл ажиллагааг эргэн харахад нөлөөлж чадаагүй юм. Оросын дэмжлэгтэй босогчдыг газар нутгаасаа хөөн зайлуулах Украины бодлого, үйл ажиллагааг зэвсэг нийлүүлэх замаар дэмжих ямар ч оролдлого гараагүй. АНУ-ын зүгээс далайцтай хариу арга хэмжээ авч чадахгүй байгаа нь Оросын цэрэг-улс төрийн шинэ номлолын мөн чанарыг ойлгоход дөхөм болж байна.
ОХУ барууны ертөнцийг хэрхэн харж байна вэ?
ОРОС улс эргэн тойрондоо дайснаар хүрээлэгдсэн гэх үзэл түүхийн аль ч үед тасраагүй юм. Стратегийн түшиц эрэлхийлэн баруун зүгт Төв Европ, өмнө зүгт Хар тэнгис, Кавказ, зүүн зүгт Номхон далай хүртэл газар нутгаа тэлсэн явдлыг зөвхөн дээрх үзэлтэй холбон тайлбарлана. Энэхүү үзэл нь эзэнт гүрний үеэс эхлэлтэй бөгөөд улаан хувьсгал гарснаар түр зогсонги байдалд орсон ч И.Сталины засаглалын үед буюу 1945 оноос дахин сэргэв. ЗХУ задарснаар [Орос] Европ дахь стратегийн чухал түшицээ алдсан.
Оросууд соёл иргэншил, цэргийн хүчин чадлаа газар нутагтай [уяж] хамаатуулдаг ба ийм хэлбэрийн үндэсний ухамсар нь гаднынханд ойлгомжгүй санагддаг. Оросын [хувьд] түүхийнх нь эхлэл болсон “Русь” хэмээх зүрхэн газрын ихэнх нь [одоогийн] Украины нутагт оршдог тул үүнээс илүү [ач холбогдолтой] нутаг үгүй бөгөөд социалист системийн үед тухайн үеийн удирдагч Н.Хрущев Крымийг Украинд шилжүүлсэн байдаг. Оросууд хувь хүний, улс төрийн эрх, эрх чөлөө, ардчилал, эрх зүйн хэм хэмжээ зэргийг Өрнө дахин, Хойд Америкийн ард иргэдийн адилаар хүлээн авдаггүй нь илт байдаг бөгөөд зөвлөлтийн үеэс үлдсэн иймэрхүү үзэл нь Төв Азийн бүс нутагт ч хэвээрээ байгаа нь ажиглагддаг.
Үл түрэмгийлэх үзэл санааг мөрдөж байгаагийн илрэл болгож Зөвлөлтийн удирдагч М.Горбачевын дэвшүүлсэн “Европ дахь хамтын орон зай”-н үзлийг 2003 онд шинэчлэн найруулсан “Оросын батлан хамгаалахын цагаан ном”-д тусгаагүй орхисон. ЕХ, НАТО нь Берлиний хана нурсны дараах гэрээ хэлэлцээрээ цуцалж магадгүй эрсдэл, барууны ертөнцийн үзүүлж буй сайн санааны үйлдлийг сэжиглэх явдал нь Оросын өөрийгөө бусдаас тусгаарлах бодлогын үндэст суурилсан байгаа. НАТОг хуучин Варшавын гэрээний орнууд руу тэлж буй явдлыг буруушаадаг ч 1993 онд шинэ Оросын ерөнхийлөгч Б.Ельцин хуучин Варшавын гэрээний орнууд НАТО болон ЕХ-нд элсэх нь тэдний бүрэн эрхийн асуудал бөгөөд Оросын ашиг сонирхолд нөлөөлөхгүй хэмээн Прага болон Варшавт тавьсан илтгэлдээ дурдаж байв. Ингэснээр АНУ болон НАТО Төв Европын бүс нутагт чөлөөтэй ажиллах [боломж бүрдэнэ] хэмээн тухайн үеийн [Оросын өндөр] албан тушаалтнууд Б.Ельцинийг эсэргүүцэж байв. Орос улс хуучны зөвлөлт засгийн үе шигээ хүчирхэг байхаа больсон бөгөөд НАТО хүчтэй байсан учир тэлсэн байдаг. Үүний дараа Оросын хүчин чадал улам буурч байсан учир барууны улс гүрнүүд батлан хамгаалах төсвөө танаж, АНУ цэргийн хүчээ эх нутагт нь буцаан татаж эхлэв. В.Путин гарч ирснээр дайсагнасан өнгө аяс илт мэдэгдэж, эрчим хүчний өндөр үнийг тогтоон батлан хамгаалахад чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн ч барууны зүгээс тодорхой хариу бариагүй. Учир нь НАТО цэргийн хүчин чадлын хувьд ч, улс төрийн хүрээнд ч үйл ажиллагаа нь буурч, хамтран ажиллахаа больсон байдаг. Одоо Орос улс хүчтэй байгаа тул түрэмгий байна.
Ингэж сөрөн зогсох нь хүчиндээ [эрдсэнээс] бус, харин барууны ертөнц суларч буйг анзаарч, хоосон зайг нөхөх [оролдлогоос үүдэлтэй] байв
Украиныг НАТО-д элсэхээс сэргийлж Крымийг нэгтгэсэн болохыг В.Путин мэдэгдсэн. Учир нь Украин ЕХ-нд хүлээн зөвшөөрөгдөж цаашлаад НАТО -д элсэх бүрэн боломжтой ирээдүй байсан бөгөөд энэ тохиолдолд тус байгууллагын 5-р зүйлд [заасан] хамтын батлан хамгаалах баталгаа үгүй болох эрсдэлтэй байв. В.Путины мэдэгдэл нь Оросын ард иргэдэд түүний удирдлага дор Орос улс дахин хүчирхэгжиж, улам хөгжих ба НАТО болон барууны удирдагч нарт Украин руу НАТО-г нэвтрүүлэхгүйгээр зогсохгүй алдагдсан бүх зүйлээ эргэн сэргээх зорилго илэрхийлсэн улс төрийн чанартай байв.
Ингэж сөрөн зогсох нь хүчиндээ [эрдсэнээс] бус, харин барууны ертөнц суларч буйг анзаарч, хоосон зайг нөхөх [оролдлогоос үүдэлтэй] байв. 1994 онд Оросын батлан хамгаалахын сайд [асан] И.Родионов “Орост НАТО ямар ч аюул учруулахгүй гэж хэлэхэд аюул гэж итгэсээр байгаа хэдэн сая орос иргэдийг яаж сэнхрүүлэх вэ” гэж бичиж байв.
В.Путины удирдлага дор дээрх үзлийг зүгшрүүлэх ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд нөгөө талаас аливаа авторитар засаглал гадны дайсангүй оршин тогтнодоггүй. Иймд Украины ардчилал, хэвлэлийн
эрх чөлөө, эрх зүйн хэм хэмжээ, дэлхийн эдийн засаг болон Европ дахь харилцаа холбоог хааж буй явдлыг барууны орнууд үг дуугүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж байна. Оросууд хил дагуу ойр улс, үндэстнүүдийг өөрийн мэдлийн хүрээнд байлгаж, чөлөөлөх хүсэлгүй байна. В.Путин хил залгаа улсуудад Оросын засаглал хийгээд дотоод нөхцөл байдалд аюул хүргэх улс төрийн аюултай үзэл, санаачилга гарч болзошгүй тул Орост барууны улс гүрнүүдээс тусгаарлах цэргийн “буфер бүс” хэрэгтэй болохыг мэдэгдэв. Тус улсын нөлөөллөөс гарч, чөлөөт сонгууль явуулж, авлигыг үгүй хийж, чөлөөт эдийн засгийг бүрдүүлсэн Украин, Беларусь зэрэг улс эргээд Оросын авлигажсан, эрчим хүчний нөөцөд дулдуйдсан, хуурамч ардчилсан өнөөгийн нөхцөл байдлыг буруушаан, нэр хүндийг нь унагаах өндөр боломжтой. Олон улсын нөхцөл байдлыг хурцатгахгүйн тулд барууны ихэнх улс Оростой харилцаагаа муутгах хүсэлгүй байгаа ба тэдний нэг нь АНУ юм.
Оросын тактик, хүчин чадал, дайсагнасан үйл ажиллагаа
БАРУУНЫ орнууд руу чиглэж буй Оросын дайсагнасан үйл ажиллагаа, хүчин чадал хийгээд тактик нь барууны олон судлаачдыг гайхшруулж байгаа бөгөөд барууны эсрэг үндэсний үзлийг сэргээх бодлоготой уялдуулан ашиглаж байна.
Оросын хувьд зөвлөлт засгийн үеийн түүхэн сургамжаа харгалзан үзэж, сул талаа давуу тал болгон ашиглах талаар нэлээд судалсан болох нь анзаарагддаг.
Учир нь Крым болон Украины зүүн бүс нутагт болсон үйл явдлын үндэс нь Лениний онол болон большевикуудын цэрэг дайны туршлага юм. Лениний онол бол Клаузевицийн [онол дахь] улс төрийн зорилгоор цэргийн үйл ажиллагаа явуулах, цэрэг, иргэний хооронд зааг ялгаагүй байх [хэмээх] үзэл дээр суурилсан хэдий ч суртал нэвтрүүлгийн үүрэг оролцоог тодотгож, дайны үед террорист үйлдэл хууль ёсны болохыг номлосон нь цэргийн онолд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. 1924 онд Эстони улсад халдсан үйл ажиллагаа нь ерөнхий төлөвөөрөө 2014 онд Крымд болсон үйл явдалтай төстэй. Болзошгүй цэргийн аюулаас сэргийлэх зорилгоор дотоодын иргэд хийгэд үл танигдах (зөвлөлтийн) цэргийн хүчээр стратегийн чухал газрууд, засгийн газрын байгууламж, харилцаа холбооны төвүүдийг эзлэн авсан хэдий ч Эстонийн хууль ёсны засгийн газрыг түлхэн унагааж чадаагүй байна. 1939 онд Зөвлөлтийн арми үнэмлэхүй хүчээр Финляндад халдсан нь түүхэнд “Өвлийн дайн” гэж тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед Зөвлөлтийн арми Финляндын хилийг давмагц тоглоомын засгийн газрыг байгуулсан нь Крымийн “бяцхан ногоон хүмүүс”-ийн үйл ажиллагааг санагдуулж байна.
Хүйтэн дайны үед барууны орнуудад тагнуулын үйл ажиллагаа явуулах, хорлон сүйтгэх, террор зохион байгуулах, улс төрийн аллага хийх зорилгоор Зөвлөлтийн арми, цэргийн тагнуулын газрын тусгай хүчнийг цомхон бүлгээр илгээх төлөвлөгөө боловсруулсан байдаг. Тус бүлэг нь томилогдсон улсдаа энгийн иргэдийн дүрээр анхаарал таталгүй амьдарч тухайн улс дахь тагнуулын сүлжээтэй холбоо тогтоон зэвсэг техникээр хангагддаг байв. 1979 онд Зөвлөлтийн арми Афганистаныг эзэлсэн ажиллагааг афган хувцастай 700 гаруй цэргийн тагнуулын тусгай бүлгийн ажилтнууд эхлүүлсэн байдаг. Өнөө үед цэргийн номлол нэг хэлбэрээр удаан оршин тогтнодоггүй ч Зөвлөлтийн үед ч, Зөвлөлтийн дараах Оросын цэргийн үзэлд ч хадгалагдан үлдсэн зүйл бол үр дүнтэй инновацийн хөгжлийн урт хугацааны түүх юм. Сүүлийн хориод жилд АНУ-д хөгжиж байгаа “цэргийн хэрэг дэх хувьсгал” хэмээгчийг аль Зөвлөлтийнхэн аль 1980 оноос “цэрэг, техникийн хувьсгал”-ын номлол хэлбэрээр хөгжүүлж иржээ. Сүүлийн үед оросын судлаач нар зөвлөлтийн үеийн цэргийн ажиллагаануудыг орчин үед барууны орнуудын явуулж буй болон өөрсдийнхөө Чеченьд явуулсан байлдааны ажиллагаатай харьцуулан судалж байна.
ОХУ-ын [ЗХЖШ-ын дарга] генерал В.Герасимов “Арабын хавар” хэмээгдсэн хувьсгалын өрнөлтийг судалж, орчин үеийн дайны дүрэм, ажиллагааны хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд нээлттэй [фронтын] дайн явуулах нь утгагүй бөгөөд үр дүнгүй болохыг [харуулсан өгүүллээ] 2013 онд “Военно-промышленный курьер” сэтгүүлд нийтлүүлжээ. Зөвхөн байлдааны [ажиллагааг] шууд явуулснаар хүрдэг [байсан] зорилгод эдийн засаг, улс төр, дипломат ажиллагааг цэргийн ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэхийг “шинэ үеийн дайн”-ы онол гэх ба барууны судлаач нар үүнийг “Герасимовын номлол” гэж нэрийдэв.
Герасимовын номлолоор цэргийн бус арга хэмжээ нь улс төр, стратегийн зорилгод хүрэх байлдааны ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлнэ. В.Герасимов мэдээллийн орчныг удирдах, цэргийн ажиллагаатай уялдуулах, дайсны нутгийн гүнд цохилт өгөх, цэргийн байгууламжийг устгах нь чухал болохыг цохон тэмдэглэсэн байдаг. Хагас цэрэгжсэн ард иргэд болон үймээн дэгдээгч нарыг удирдан зохион байгуулж, дрон зэрэг шинэ технологийн зэвсэг бүхий цэргийн тагнуулын тусгай хүчнээр дэмжүүлэх, харин хуурай замын цэргийн хүчийг далд байлгах нь гол юм. Цэргийн үндсэн хүчийг мөргөлдөөний дараа энхийг сахиулах эсвэл хямрал зохицуулах зорилгоор ашиглана.
В.Герасимов мэдээллийн орчныг удирдан цэргийн ажиллагаатай уялдуулах, дайсны нутгийн гүнд цохилт өгөх, цэргийн байгууламжийг устгах нь чухал болохыг цохон тэмдэглэсэн
Одоогоор “шинэ үеийн дайн”ы онол нь оросын стратеги судлаач нарын дунд яригдаж буй гол сэдэв юм. С.Чехинов, С.Богданов зэрэг судлаач В.Герасимовын судалгааг баяжуулжээ. Тэдний үзэж буйгаар Персийн булангийн дайны үед улс төр, эдийн засаг, технологи, экологи, мэдээллийн нэгдсэн арга хэмжээгээр дайсны цэргийн хүчийг удирдлагагүй болгосон явдлыг түүхэнд “шинэ үеийн дайн”-ы [онолыг] ашигласан анхны тохиолдол аж.
Оросын эсрэг АНУ “шинэ үеийн дайн” явуулах нь эрсдэлтэй гэх В.Герасимовын үзлийг С.Чехинов, С.Богданов нар хүлээн зөвшөөрч байна. ОХУ аливаа мөргөлдөөний үед цэргийн бус арга хэмжээг зохион байгуулах боломж, чадавхаа хөгжүүлэх шаардлагатай. Тэдний үзэж буйгаар Орост хэвлэл мэдээлэл, шашны, соёлын болон төрийн бус байгууллага, ардчиллын төлөө хөдөлгөөнүүдийг гадныхан санхүүгээр дэмждэг ба АНУ фэйсбүүк, твиттерээр дамжуулан мэдээллийн салбарт халдлага үйлдэж байна. Үүнийг 2012 онд Москва дахь АНУ-ын олон улсын хөгжлийн төв болон олон улсын зарим хандивлагч байгууллагыг хаасантай холбон тайлбарлаж болно.
Мөн судлаачдын үзэж буйгаар “шинэ үеийн дайн”-д дайтагч цэргийн хүч болон энгийн иргэдийн зоригийг мохоох, эсэргүүцэх чадварыг сулруулах зорилго бүхий сэтгэл зүйн болон мэдээллийн дайн удахгүй зонхилж эхлэх аж.
“Шинэ үеийн дайн” ба бодит байдал
АНДРАШ РАЧ 2013 онд С.Чехинов, С.Богданов нарын дэвшүүлсэн “шинэ үеийн дайн”ы онол, 2014 онд Крымийг авсан Оросын үйл ажиллагааг харьцуулан эдгээрийн шууд хамаарал, төстэй талуудыг дүгнэжээ.
Нэгдүгээр үе шат: Хүчийг нь сулруулж байлдааны талбарыг бэлдэх. Түрэмгий дайн нь улс төрийн зорилгын сул талыг ил болгодог бол “шинэ үеийн дайн”-ы хувьд зохион байгуулалттайгаар ард иргэд, суртал ухуулагч, иргэний халхавчтай цэргийн тусгай хүчнийг ашиглах өнөө үеийн аюул юм.
Нэгдүгээр үе шатанд Орос бүхий л хүчин чадлаа ашиглан, тухайн онилж буй улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, батлан хамгаалах чадавх, цагдаагийн байгууллага, төрийн байгууламжуудын сул талыг олж илрүүлдэг.
- Онилсон улсын засгийн газрыг эсэргүүцэж буй тэмцэгч нарын үйл ажиллагааг [идэвхжүүлэх], Оросын бодлогыг шууд болон шууд бусаар дэмжих, сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл худалдан авах эсвэл бий болгох, төрийн бус байгууллагуудыг шинээр байгуулж ажиллуулах [зэрэг ажиллагааг явуулна]. Энэ нь зөвлөлт засгийн үед авч хэрэгжүүлж байсан нөлөөллийн арга хэмжээтэй төстэй.
- Мэдээллийн нөлөөллийн арга хэмжээний дараа төр засагтаа сэтгэл хангалуун бус байдлыг [өөгшүүлэх], дотоодын салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжих, үндэстэн хоорондын, шашны, соёлын ялгаатай байдлыг хурцатгах, улс төрийн зүтгэлтэн, цэргийн болон бусад салбарын тодорхой албан тушаалтныг урвуулах, гэмт бүлэглэлүүдийг бий болгох, эдийн засгийн нягт хамтын ажиллагаа бий болгож, оросын зах зээлээс хараат болгох зэрэг улс төр, дипломат, хэвлэл мэдээлэл болон далд аргыг ашиглана. Цаг нь болоход бий болгосон сүлжээг ажиллагаанд оруулж, дараагийн шатны арга хэмжээг авах ба энэ үеэр Оросын зэвсэгт хүчин цэргийн сургууль хийх нэрээр дор хил орчим бөөгнөрнө.
“Шинэ үеийн дайн”-д дайтагч цэргийн хүч болон энгийн иргэдийн зоригийг мохоох, эсэргүүцэх чадварыг сулруулах зорилго бүхий сэтгэл зүйн болон мэдээллийн дайн удахгүй зонхилж эхлэх аж.
Дээрх үйл ажиллагаанууд нь эрх зүйн аливаа хэм хэмжээг зөрчөөгүй, хүнс, эрчим хүчний хангамжийг хаагаагүй, ямар нэгэн байдлаар түрэмгийлэл үйлдээгүй тул хэвлэл мэдээллээр буруушаах үндэслэлгүй бөгөөд тухайн улс эсэргүүцэх боломжгүй байдаг. Хэрвээ тус улсын засгийн газар эсэргүүцсэн тохиолдолд Оросын талд ашигтай, давуу талыг үүсгэнэ.
Хоёрдугаар үе шат. Дайралт. Энэ үе шатанд үүсгэсэн нөхцөл байдал нь хууль ёсны засгийн газрыг татан буулгаж, Оросын дэглэмийг бий болгоход [аяндаа хүргэнэ].
- Тус үе шатанд авах анхны арга хэмжээ нь олон нийт цуглардаг төв талбайд бослого зохион байгуулж эмх замбараагүй байдал үүсгэх, энгийн иргэдийн халхавчаар цэргийн тусгай хүчнийхэн дэд бүтцийг нь сүйтгэж засгийн байгууламжийг эзлэх, хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулж ард иргэдийг айдаст автуулах ба засгийн газар удирдлагагүй болсон мэт төсөөллийг бий болгоно. Тухайн улс цэрэг, цагдаагийн хүчийг ашиглахаар оролдсон тохиолдолд Оросын талаас хил дагуу бөөгнөрсөн цэргийн хүчээр далайлган сүрдүүлэх аль эсвэл удирдах албан тушаалтнуудыг хахуульдах, харилцаа холбоог таслах, хуурамч мэдээлэл дамжуулан, [ард иргэдийн] хүсэл зоригийг мохоох, [цэргийн анги, нэгтгэлүүдийг] байнгын байрлалаас нь гаргахгүй саатуулах зэрэг арга хэмжээ авдаг.
- Олон улсын хамтын нийгэмлэгийн оролцоог хэвлэл мэдээлэл болон дипломат ажиллагаагаар саармагжуулах
замаар тухайн улсыг бусдаас бүрэн тусгаарлахыг зорино. Мөн Оросын талаас ямар ч оролцоо байхгүй талаарх мэдээлэл зогсолтгүй гарч, тодорхойгүй байдлыг үүсгэнэ.
Орос хүмүүс энгийн иргэдийн дүрээр оросын тээврийн хэрэгсэл, оросын зэвсэг ашиглан зүүн Украин болон Крым дэх ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Тэд Украины зэвсэгт хүчин, цагдаагийн байгууламжийн ойролцоо саад, шалган нэвтрүүлэх төв байгуулсан бөгөөд эсэргүүцэл үзүүлж, нэвтрэхийг завдсан тохиолдолд хүч хэрэглэхээ мэдэгдсэн байдаг.
Крымийн парламентын байрыг 2014 оны 2 дугаар сарын 27-нд эзэлснээр шийдвэр гаргах эрх мэдэл шилжсэн байдаг. Яг үүнтэй адилаар Донецкийн захиргааны газар 2014 оны 4 дүгээр сард үйл явдал өрнөхөд хамгийн түрүүнд эзлэгдэж, өөрийгөө зарлан тунхагласан “Донецкийн ардын бүгд найрамдах улс”-ын удирдах төв байгууллага болсон. Тухайн үед бүрэн зэвсэглэсэн, энгийн хувцастай хүмүүсээр төрийн, хэвлэл мэдээллийн, дэд бүтцийн байгууламжуудыг дүүргэсэн байв.
Оросын албан ёсны хэвлэл мэдээллийн төлөөлөгч, мэдээллийн хэрэгслүүд дээрх хүмүүс бол эсэргүүцэх хөдөлгөөний гишүүд болохоос Оросын иргэд оролцоогүй хэмээн баталж байв. Гэтэл В.Путин 2014 оны 4 дүгээр сарын 27-нд үйл явдалд Оросын цэрэг байлцсан болохыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч 2015 оны 3 дугаар сарын 15-нд олон нийтэд цацсан телевизийн баримтат кинонд бүгдийг үгүйсгэсэн байдаг. Энэхүү үгүйсгэх бодлого нь амжилттай хэрэгжсэн.
Гуравдугаар үе шат: Хүч төвлөрүүлэх. “Шинэ үеийн дайн”-ыг баримтлагчдын хувьд [нутаг дэвсгэр] эзэлснээр [зорилго] бүрэн биелж дуусахад хангалттай бус, харин зохиомол ч бай хууль ёсны шинж агуулсан засгийн газар байгуулах ёстойг ойлгоно.
- Орос улсын дэмжлэг болон хэвлэл мэдээллийн хүчээр тусгаар тогтнолоо зарлан тунхаглах эсвэл салан тусгаарлах нь бүх нийтийн асуулгаар хууль ёсны болох юм. Энхийг сахиулах эсвэл хямрал зохицуулах халхавчаар илт дайран орох боломж гарч болохыг А.Рач онцолсон.
- Дээрх үйл явдлаас улбаалж газар нутгаа алдсанаар эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсэх, татварын орлого буурах, валют үнэгүйдэх, олон улсад өөрийн байр сууриа алдах, ард иргэд дайжих зэрэг олон асуудал тус улсад нүүрлэх аюултай.
- Крымийн оршин суугчид 80 хувийн ирцтэй [оролцсон санал асуулгад] 97 хувь нь салан тусгаарлахыг [дэмжиж] саналаа өгсөн гэж мэдээлсэн бөгөөд В.Путин 2015 оны 3 дугаар сард тус санал асуулгын дүнг ашиглан өөрийн улсын оролцоог зөвтгөсөн байдаг. Оросын хүний эрхийн комисс тус санал хураалтын ирц ард иргэдийн 30 хувийг хамарч байсан ба түүний тал хувь нь тусгаар тогтнолын эсрэг санал өгсөн болохыг хожим хүлээн зөвшөөрсөн. Тиймээс яг үнэндээ Оросын тал 15 хувийн дэмжлэг авсан болж байна.
Газар нутгаа алдсанаар эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсэх, татварын орлого буурах, валют үнэгүйдэх, олон улсад өөрийн байр сууриа алдах, ард иргэд дайжих зэрэг олон асуудал тус улсад нүүрлэх аюултай
Зүүн Украинд Донецк болон Луганскийн нутгийн удирдлагыг санаатайгаар түлхэн унагаасан байдаг. Эмх замбараагүй байдал үүсгэгчид тус хоёр мужийг цэргийн болон улс төрийн зорилгоор ашиглаж байсан бөгөөд Украины засгийн газар 2014 оны 4 дүгээр сарын 15-нд үүнийг сөрөх зорилгоор “терроризмтой тэмцэх ажиллагааг” эхлүүлсэн боловч тодорхой амжилтад хүрээгүй. Салан тусгаарлагчид Оросын дэмжлэгтэйгээр 5 дугаар сард нийтийн санал асуулга явуулсан ба үр дүн нь Крымд гарсантай адил байв. 2014 оны 5 дугаар сарын 25-нд В.Порошенко Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал нь “Терроризмтой тэмцэх ажиллагаа”-г үргэлжлүүлэх гол хөшүүрэг болов.
Тухайн үед оросууд дэмжлэгээ зогсоох боломжтой байсан боловч дайралт эхлүүлэх тушаал өгч уламжлалт, улс хоорондын дайныг эхлүүлэв. Ингэснээр 1994 онд Украины бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдлыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан Будапештийн санамж бичгийг Оросын тал хоёр жилийн дотор хоёронтаа зөрчив. Санамж бичигт гарын үсэг зурсан нөгөө хоёр тал болох АНУ, Их Британи ч хэдийгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй боловч Украинд [үзүүлж болох байсан] улс төр, эдийн засаг, цэргийн тусламжаас мөн л хоёр жилийн дотор хоёронтаа хойш суусан байдаг.
Ямар дайнд бид дайтаж байна вэ?
КЛАУЗЕВИЦ улс төр болон цэргийн удирдлага нь тулалдаж буй дайн, өрсөлдөж буй дайснаа сайтар судлах ёстойг номлосон байдаг. Өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд ОХУын “шинэ үеийн дайн”-ыг ирээдүйд хэрэгжүүлэх боломж, чадавхыг дутуугаар болон хэтрүүлэн үнэлэх эргэлзээг бусдад төрүүлж байна. Барууны орнууд “шинэ үеийн дайн”-ыг “тодорхойгүй дайн”, “саарал бүсийн сорилт”, “шугаман бус дайн” зэрэг олон нэр томъёогоор нэрлэдэг ч НАТО “хосолмол дайн” гэж тодорхойлдог. Тэнгисийн цэргийн төгсөлтийн дараах шатны сургуулийн Уильям Немет Чечений дайны талаарх судалгааны ажилдаа Чечений дайчид байлдааны талбараас гадна ч амжилттай байсан талаар нотолж, “хосолмол дайн” хэмээх нэр томъёог гаргасан. Цэргийн хүчний хувьд уламжлалт болон уламжлалт бус олон аргыг уян хатан хэрэглэсэн байдаг. Чечений дайчид “хосолмол дайн”-ы аргыг хэрэглэхээс гадна дайсныхаа өмнө давуу байдал олох үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг ч ашигласан.
Үүнийг үргэлжлүүлэн судалсан америкийн эрдэмтэн Майкл Маккюн, Франк Хоффман нар “хосолмол дайн”-ыг “нийгэмд тусгайлан чиглэсэн” гэх үзлийг үгүйсгэсэн бөгөөд хамрах хүрээ нь зөвхөн бодит байдал болон үзэл баримтлалаар хязгаарлагдана хэмээн үзсэн. Тэд судалгааныхаа явцад хоёр [төрлийн] сургамж илрүүлсэн байдаг. Нэгдүгээрт, уламжлалт дайны тогтсон үйл ажиллагаанаас илүүтэйгээр бүх талбарт “хосолмол дайн”-ыг ашиглах, хоёрдугаарт, [байлдааны ажиллагаа дууссаны дараа үүсэх] хоосон орон зайд эсрэг тал нэвтрэх боломж олгохгүйн үүднээс аливаа ялалтын дараа нийгмийн [өөрчлөлт], сэргээн босголтын ажлыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй аж.
Ф.Хоффман Израилийн эсрэг Хезболлагийн зохион байгуулсан 1992 оны дайн дээр түшиглэн “хосолмол дайн”-ыг судалж, дараах дүгнэлтийг гаргасан. Уламжлалт аргаас ялгаатай нь цэргийн олон төрийн ажиллагааны нэгдэл, тодорхой бус тактик, дайн бүхий орчинд сэтгэл зүйн давуу байдлыг олох зорилго бүхий террор үйл ажиллагаа юм.
У.Немет, М.Маккюн нар “хосолмол дайн”-ыг улс бус тоглогч өдөөдөг гэж үзсэн бол Ф.Хоффман улс орнууд ч үүнийг хэрэгжүүлж байсныг тогтоосон байдаг. ЗХУ бол “хосолмол дайн”-ыг хэрэгжүүлсэн анхны улс ба нацист Герман ч Австри, Чехословакийг эзлэхдээ энэ аргыг хэрэглэсэн. Ф.Хоффман “хосолмол дайн” нь уламжлалт дайныг халж байгаа хэрэг бус, [харин] түрэмгийлэгч улс ялалт байгуулахын тулд авах нэмэлт арга хэмжээ болдог гэж үзсэн.
“Хосолмол дайн” нь уламжлалт аргаас ялгаатай нь цэргийн олон төрийн ажиллагааны нэгдэл, тодорхой бус тактик, дайн бүхий орчинд сэтгэл зүйн давуу байдлыг олох зорилго бүхий террор үйл ажиллагаа юм
“Хосолмол дайн”-ы хамрах хүрээ, тодорхойлолтын талаар судалгааг үргэлжлүүлэн хийсэн америкийн гуравдахь судлаач бол Рассел Гленн байв. “Хосолмол дайн”-ыг үндсэн оролцогч [буюу улс], улс бус тоглогч аль аль нь явуулах боломжтой ба хамрах хүрээг дараах байдлаар хуваан томъёолсон байна. Нэгд, улс төр, цэрэг, эдийн засаг, нийгэм, мэдээллийн ажиллагаа, хоёрт, уламжлалт ба уламжлалт бус дайн, гамшгийн, террорист болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзнэ. Судлаачдын гаргасан тодорхойлолтууд Оросын Крым болон зүүн Украиныг булаан эзэлсэн үйл явдлаас ажиглагдаж байна.
Р.Гленны тодорхойлж буйгаар ОХУ-ын хандлага, “Герасимовын номлол” нь 2008 оны Орос-Гүржийн дайны үеэс эхэлж Крым, зүүн Украиныг эзлэх үеэр улам хөгжсөн ба үндэс суурь нь хувьсгалт дайны тухай Лениний онол болон большевикуудын туршлага юм. “Шинэ үеийн дайн”-ы үзэл Хятадын удирдагч Мао [Зэдуны] сэтгэл зүй, хууль эрх зүй, хэвлэл мэдээллийн салбарт байлдааны ажиллагаа явуулах тухай “гурван дайн”-ы номлолд ч тусгалаа олсон байдаг ба [үүнийг] 2002 онд ХАЧА-ийн хоёр хурандаа үргэлжлүүлэн судалж “хязгаарлагдмал бус дайн”-ы онолыг дэвшүүлжээ. [Үүний] үр дүнд дээр дурдсан [төрлийн] дайн Азид ч дэгдэж болзошгүй юм.
У.Немет “хосолмол дайн”-ыг үндсэн чанараараа бүхий л зүйлийг хамарсан бөгөөд дайтагч субьект, дайтагч бус субьект хоёрыг зааглах ялгааг үгүй хийдэг гэж үздэг. Чечений тэмцэгч нарын хувьд террор үйл ажиллагаа зохион байгуулах, хоморголон устгах, гэмт хэрэг үйлдэх, олзлогсодтой зүй бус харьцах зэрэг нь энгийн үзэгдэл байв.
Өнөөгийн Оросын стратегид байр сууриа олсон “шинэ үеийн дайн”-ы үзэл баримтлал нь дайны тухай Лениний онолоос эхтэй ба дайныг бүрэн боломжгүй болох хүртэл үргэлжлүүлэхээр номлосон байдаг. Орос орон дотоод болон эдийн засгийн бодлогодоо марксизмленинизмийг баримтлахаа больсон хэдий ч оронд нь үүссэн хоосон орон зайг В.Путин болон дээд түвшний удирдлага “аугаа Орос орон” гэх эх оронч үзлээр дүүргэсэн. ОХУ хими, биологийн зэвсэг, хөнөөл багатай цөмийн зэвсэг зохион бүтээх, боловсруулах судалгааны ажлыг эрчимтэйгээр үргэлжлүүлж байгаа нь ирээдүйд “шинэ үеийн дайн”-ы нэг хэсэг байх боломжтой юм.
[Энэ бүхний] зорилго нь томоохон хэмжээний давшилт хийлгүйгээр айдас, түгшүүр бий болгоход оршино. [Ийнхүү] ОХУ зарлаагүй, далд, тодорхойгүй төрлийн дайныг Европт дахин авчирлаа.
“Шинэ үеийн дайн”-ыг сөрөх нь
ОРОСЫН хүчин чадал, боломж, бололцоог дутуу болон хэтрүүлэн үнэлж болох хэдий ч Крым, зүүн Украинд амжилтад хүргэсэн дотоод нөхцөл байдлыг судлан илрүүлэх шаардлагатай:
- Орос стратегийн болон тактикийн түвшинд гэнэтийн амжилтад хүрсэн
- Дайтагчдыг энгийн иргэдийн халхавчаар зохион байгуулах замаар хууран мэхэлсэн явдал нь гэнэтийн байв
- Мэдээллийн дайныг амжилттай зохион байгуулж, тус улсын хүчнийг хууран төөрөгдүүлж тусгаарлав. Барууны орнууд Оросыг эдийн засаг, улс төрийн түнш, “Их найм”-ын гишүүн улс учир олон улсын дэг журмыг зөрчихгүй гэсэн итгэл үнэмшлээсээ [салж чадахгүй байдлыг] ашигласан.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэх Оросын эзэмшил өндөр хувийг эзэлж байснаас үүдэн зөвхөн Оросын талын мэдээллийг цацаж эхэлсэн ба Украины хувьд мэдээллийн ийм их урсгалыг тогтоох хүч байгаагүй. [Үүний үр дүнд] цэрэг, цагдаагийн сэтгэл зүй унаж, ихэнх тохиолдолд зэвсгээ хураалган Оросын талд орсон.
- ОХУ нөхцөл байдлыг өөрт таатайгаар эргүүлэх үүднээс тухайн бүс нутаг дахь орос хэлт, цөөнхийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хамгаалах шаардлагатай гэж тайлбарласан ч үнэндээ Оросыг дэмжигч нар цөөхөн байв. Зөвлөлтийн систем задран унаснаас хойш хил дагуу цөөнхийг хамгаалах санаачилга нь Оросын бодлогын нэг хэсэг байсаар ирсэн.
- Хил дагуу их хэмжээний цэргийн хүч байршуулсан явдал нь Украин болон барууны орнуудад томоохон мөргөлдөөн үүсэхээс айх болгоомжлолыг төрүүлсэн ба энэ нь Крымийн жишээн дээр тодхон харагдана. Оросын цэргийн хүч хил дотроо байрлаж байсан хэдий ч босогчдыг далдуур зэвсэг, техникээр хангаж байв.
- Украин олон жилийн эдийн засгийн буруу бодлого, авлигаас үүдэн дотроо зөрчил, тэмцэлтэй сул дорой улс болж [хувирсан] ба зүүн мужууд болон Крымд амьдардаг иргэдийн төр засагтаа үл итгэх нөхцөлийг ОХУ ашигласан юм. “Шинэ үеийн дайн”-ыг дараах арга хэмжээгээр зогсоох боломжтой.
- Төр засгийн үйл ажиллагааг ил тод, ардчилсан зарчмаар, эдийн засгийг өрсөлдөөнт загвараар зохион байгуулж, авлигатай тэмцэж, нийтийн эрх ашгийг хөндөлгүйгээр цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлд хандуулах. Оросын хувьд идэвхтэй дэмжлэг төдийлөн байгаагүй ч цөөнхийн сэтгэл дундуур байдлыг ашигласан байдаг.
- Европын улсуудын хувьд АНУ-аас газрын тос, хий нийлүүлэх замаар Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаас гарах
- “Шинэ үеийн дайн”-ыг амжилтад хүргэж буй Оросын зэвсэг, техникийн дэмжлэгийг зогсоох
- Аюулгүй байдлын салбарын дүн шинжилгээ, мониторингийг хөгжүүлж, хорлон сүйтгэх ажиллагааг илрүүлэх цагдаагийн бие бүрэлдэхүүн болон нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох тусгай бүлгийн байнгын бэлэн байдлыг дээшлүүлэх
- Иргэд, аюулгүй байдлын салбарын хоорондын харилцааг бэхжүүлэх
- Улс даяар болон олон улсад нээлттэй байх үүднээс тодорхой мэдээллийн сувгийг нээлттэй байлгаж тогтмол мэдээллээр хангах
- Кибер орон зайд дайрах болон хамгаалах чиглэлийн боломж, бололцоог нэмэгдүүлэх
- Төв Европ болон Балтийн тэнгис орчмын улсуудыг Оросын шууд аюулаас хамгаалах тал дээр НАТО хүчтэй байр суурь эзэлдэг ба Польш, Чехийн нутаг дэвсгэрт АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системээ суурилуулсан. Гэвч дээрх арга хэмжээний аль нь ч тухайн улсыг мэдээллийн дайнаас хамгаалж чадахгүй.
Эдгээр нь АНУ-д ямар хамаатай вэ
ОХУ Крымийг өөртөө нэгтгэснээр 1945 оноос хойш анх удаа Европын геополитикт өөрчлөлт орсон ба тус үйл явдалд ерөнхийлөгч Б.Обама яаралтай хариу арга хэмжээ авсангүй. ОХУ хөрш зэргэлдээ орнуудаа хүч түрэмгийлж буй явдал нь бүс нутгийн гүрэн болохоос хэтрэхгүй, үр дүн багатай ба аливаа бодит аюул АНУ-д нүүрлээгүй болохыг ерөнхийлөгч Б.Обама 2014 оны 3 дугаар сарын 24 буюу сар шахамын дараа албан ёсоор мэдэгдсэн. 4 дүгээр сарын 7-ноос эхлэн таван сарын турш энгийн иргэд Донецк, Луганск, Харьковын засаг захиргааг эзлэн авсан ба [улмаар] ОХУ дайран орж, хөрш орныхоо газар нутгийг булаан авсан явдал нь АНУ-ын хувьд цэргийн шууд аюул байсангүй.
Дэлхий дахин бүс нутгуудад хуваагддаг ба Оросын үйлдэл, АНУ-ын эс үйлдэл эргээд бүс нутаг, цаашлаад дэлхийд аюулд учруулав. Өнөөгийн дэлхийн дэг журам АНУ-аас үүсэлтэй бөгөөд АНУ-ын манлайлал аливаа асуудлыг шийдвэрлэх ёстой.
Аливаа дайсагнасан үйл ажиллагаа, боломжит аюулыг АНУ улс төр, дипломат, эдийн засаг, санхүү, кибер, далд болон бусад бүхий л сувгаар сөрөх арга хэмжээгээ өргөжүүлэх хэрэгтэй
ОХУ АНУ-тай шууд тэмцэлдэх хүчгүй учир хөрш зэргэлдээ орнуудаа эзлэн түрэмгийлж буй дайны ажиллагаа нь АНУ болон түүний холбоотнуудад шууд аюул учруулаагүй боловч АНУын хүчтэй бус, сул талд нь цохилт өгч [байгаа хэрэг юм]. “Шинэ үеийн дайн” нь Берлиний хана нурснаас хойших хугацаанд АНУ олон улсын дэг журмыг стратегийн түвшинд тодорхойлох, болзошгүй аюулаас сэргийлэх чадваргүй болсныг бусад улсад илчэх зорилго агуулж байна.
АНУ-ын шийдэмгий бус байдлыг боломж хэмээн харж байгаа тул ОХУ итгэл үнэмшил өндөртэй байна. ОХУ бол маш хашир өрсөлдөгч бөгөөд өнгөрсөн дайны туршлага, барууны ертөнцийн хариу үйлдэл, амжилт, бүтэлгүйтлээсээ суралцаж, “шинэ үеийн дайн”-ыг хөгжүүлэн ашиглах нь дамжиггүй. ОХУ-ыг амжилтад хүрэхэд нөлөөлөөд байгаа дайны үйл ажиллагаанд хандах үзлийг АНУ бүх түвшинд судлах хэрэгтэй. АНУ болон бусад улс цэргийн хүч ашиглан хариу үйлдэл үзүүлэхгүй байх нөхцөлийг [бүрдүүлэх нь] Оросын хандлага болоод байна. Аливаа дайсагнасан үйл ажиллагаа, боломжит аюулыг АНУ улс төр, дипломат, эдийн засаг, санхүү, кибер, далд болон бусад бүхий л сувгаар сөрөх арга хэмжээгээ өргөжүүлэх хэрэгтэй. 1947 онд батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн хагас зуунд үүргээ амжилттай гүйцэтгэсэн ба өнөө үед тохируулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Дэлхийн дэг журмыг тодорхойлогч, их гүрэн АНУ-ын байр суурьд тулгарах аюул нь ганц Европ биш ба Хятад, Иран болон улс бус тоглогч болох Хезболла, “Исламын улс” бүлэглэл юм. Өмнөд Хятадын тэнгист явуулж буй БНХАУ-ын үйл ажиллагаа Оросын Крымд явуулсантай олон талаар төстэй. Зарлаагүй, далд хэлбэрийн дайныг эрт үед нь илрүүлж аюулгүй байдлаа бүхий л аргаар хангаагүй тохиолдолд АНУ олон улс дахь нэр хүндээ алдаж, байр суурийг нь эзлэн түрэмгийлэгч [авиртай] бүс нутгийн [хэмжээний] ямар нэг гүрэн эзлэх аюултай.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Дэлхийн эдийн засгийн сорилтын жил-2019 онДараах нийтлэл
Геостратегийн “эвдрэл”: дангааршил ба даяаршил 4.0Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23