Дэлхийн эдийн засгийн сорилтын жил-2019 он

2019-01-21

https://niss.gov.mn/wp-content/uploads/2019/01/maxresdefault.jpg

Дэлхийн эдийн засаг 2018 оны эхэнд зугуухан тэлж, сэргэлтийн мөчлөгт орсон. Сэргэлтийн мөчлөг нь 3.2-3.5 хувиар өсөх эерэг таамаглалтай байлаа. Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн томоохон байгууллагууд уг таамаглалыг хүлээн зөвшөөрч 2009 оны хямралаас хойших хамгийн таатай нөхцөл бүрдсэн талаар ч мэдээлж байв. Гэвч 2018 онд дэлхийн эдийн засагт ГЕОПОЛИТИКИЙН тааварлашгүй эрсдэлүүд ээлж дараалан бий болж, өрнөдийн орнууд протекционист  бодлого баримталж, даяаршлаас дангааршил руу шилжих болсон.

Энэ шилжилт өрнөдийн олон жил баримталж ирсэн эдийн засгийн тулгуур онолыг үгүйсгэх болсон юм. Өөрөөр хэлбэл их гүрнүүд тогтсон системд дахин хуваарилалт хийх гэсэн оролдлого юм. Үүний нэг жишээ бол тэргүүлэх эдийн засагтай АНУ түүхий эд, бараа, бүтээгдэхүүн импортлогч улсын бодлогоос татгалзаж дотоодын үйлдвэрлэлийг сэргээж, эдийн засгаа хамгаалах протекционист алхам хийж улмаар томоохон үйлдвэрлэгч,  экспортлогч их хүрэн болох бодлого байримталж эхэллээ. Тэгвэл Их Британи үүнийг зүгээр харж суусангүй. 1998 оноос хойш чөлөөт худалдааг дэмжиж ирсэн Европын холбооноосоо гарахаа илэрхийлж, энэ жил тус холбооноос гарах дорвитой алхам хийх гэж байна.

Өрнөдийн орнууд дэлхийн эдийн засгийг сорилттой тулгаруулж буй шалтгаан юунд оршиж байгааг олон талаас дүгнэж, энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх тухай асуудалд хариулт олохыг оролдов.

Дэлхийн эдийн засаг энэ жил хэрхэх вэ?

2019 он гараад төдийлөн удаагүй байхад дэлхийн эдийн засгийн тодорхойлж байдаг их гүрнүүдийн хооронд үүссэн худалдааны дайнд эерэг хандлага ажиглагдах болсон гэж зарим судлаачид дүгнэж буй.  Гэсэн хэдий ч эерэг зүйл  байхгүй байгааг Дэлхийн банкнаас энэ сарын 8-нд гаргасан Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлангаараа илэрхийлсэн. Уг тайланд дэлхийн эдийн засагт тулгарах эрсдэл нэмэгдэж, өсөлт саарах төлөвтэй байна. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3 хувь байсан бол энэхүү үзүүлэлт нь 2019 онд 2.7-2.9, 2020 2.6-2.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа гэж дурсан байна.

Өнгөрсөн оны зургадугаар сарын урьдчилсан таамаглалд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2019 онд 4.2 хувь байна гэснийг  0.5 хувиар бууруулсан бол 2018 оны дүнгээр  2.2 хувьтай гарлаа. 2019 онд 2 хувьд хүрэх төлөвтэй байгаа талаар дээрх тайланд  дурдсан байна.

Эдийн засгийн өсөлт удаашрах үзэгдэл нь АНУ, Евро бүсийн улсууд болон Япон зэрэг оронд хүчтэй ажиглагдах ажээ. АНУ-ын эдийн засгийн өсөлт 2018 онд 2.9 хувь байсан бол 2021 он гэхэд уг үзүүлэлт ойролцоогоор хоёр дахин буурч, 1.6 хувьд хүрч магадгүй байна. 2021 онд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6 хувь байх төлөвтэй байгаа нь өндөр үзүүлэлт хэдий ч 1980-2010 оны үед тус улсын эдийн засгийн өсөлтийн дундаж хувь 10 байсантай харьцуулж үзэхэд өсөлтийн хурдад мэдэгдэхүйц өөрчлөлт орсон  нь харагдаж байгаа талаар тайланд мөн дурдсан.

Дэлхийн эдийн засаг тэлж худалдааны эргэлт өсөж байсан хямралын дараах үе ард хоцорсон байна. Одоо АНУ, Их Британи, Япон тэргүүтэй орнууд дотоодын эдийн засгийг дэмжиж, импортоос татгалзаж эхэллээ. Өөрөөр хэлбэл тэргүүлэх эдийн засагтай орнууд дотоодын нөөц бололцоонд суурилж үйлдвэрлэлээ хөгжүүлж, импортын бараа, бүтээгдэхүүний  татварын хэмжээг огцом нэмэгдүүлж, эдийн засгаа хамгаалах гэсэн алхам хийж эхэллээ. Яг энэ аргыг 2017 оноос хойш Д.Трамп эдийн засгийн стратегидаа хэрэгжүүлж байна.

Өрнөдийн орнуудын хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогоос болж дэлхийн эдийн засгийн тэлэлтийн хурд удаашраад байна. Дэлхийн банкны эдийн засагч Франциска Онсорге: “Дэлхийн эдийн засагт тулгамдаж буй хэд хэдэн томоохон эрсдэлүүд байгаа бөгөөд үүний нэг нь АНУ, Хятадын худалдааны маргаан юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны худалдааны маргаан дэлхийн худалдааг 2.5 хувиар буурахад нөлөө үзүүлсэн байна. Түүнчлэн талууд нэмэлт татвар дахин ногдуулахгүй байх талаар зөвшилцөлд хүрч чадахгүй тохиолдолд энэ үзүүлэлт цаашид 5 гаруй хувь болж буурах төлөв ажиглагдаж байна” гэв.

Хятадын эдийн засгийн өсөлт удаашрах нь аж үйлдвэрийн түүхий эд экспортлогч, хөгжиж буй орнуудын эдийн засагт  хүнд цохилт болох юм. АНУ, Хятадын худалдаа нь дэлхийн худалдааны 20 хувь, дэлхийн ДНБ-ний 40 хувьтай тэнцдэг тул тус хоёр улсын эдийн засгийн өөрчлөлт нь дэлхий даяар нөлөөлөх юм.

Иймээс дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд өмнөх орныхоос удаашрах нь тодорхой байна. Дэлхийн эдийн засагт тулгамдаж буй хэд хэдэн томоохон эрсдэлүүд байгаа нь 2019 оныг сорилтын жил болгож байна.

1974-1975 оны хямрал бол дайны дараах анхны эдийн засгийн уналт юм. ОПЕК-ийн гишүүдийн өдөөснөөр эрчим хүчний хямрал эхэлсэн бөгөөд эрчим хүчний хямрал нь эдийн засгийн хямрал болж хурдан хувирсан билээ. Хэдэн арван сая хүн ажилгүй болж, хүн амын бодит орлого буурсан юм.
Хямрал нь маш хурдан дэлхийн өнцөг булан бүрт тархсан юм. ЗСБНХУ-ын хувьд энэ хямрал шинэ боломжийг нээсэн бөгөөд энэ үед тус улс газрын тосоо Баруун руу экспортолж эхэлсэн байна.

Дэлхийн эдийн засагт тулгамдаж буй томоохон эрсдэлүүд юу вэ?

Геополитикийн нөхцөл байдал 2019 онд сүүлийн арван жилийн хамгийн цөвүүн түвшинд байна гэж Евразиа группийн “Глобал эрсдэлийн тайлан-2019”-д дүгнэжээ. Судалгааны байгууллагуудын мэдээлэл, тайланд онцолсон 2019 онд тохиох дараах эрсдэлүүдийг товч хүргэж байна. Үүнд:

1. Хуримтлагдсан асуудлуудын зангилаа үүснэ.

Дэлхий нийт манлайлагчгүй болсноос үүдэж шийдвэр гаргагчид нь тулгамдаж буй цаг үеийн асуудлуудыг шийдэж чадахгүйгээс тэдгээр нь хуримтлагдан ноцтой үр дагавар дагуулсан олон эрсдэлүүдийн зангилаа, цуврал болон хувирч байна.  Европын Холбоо, Дэлхийн худалдааны байгууллага, АНУ-Хятад, ОХУ-хөрш орнуудын харилцаа зэрэгт хуримтлагдсан зөрчил, асуудлууд шийдэгдэлгүй хуримтлагдаж, улмаар  сөрөг хандлагатай болж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт үүний улмаас саарч 2019 онд саарч 2 хувь орчимд хэлбэлзэнэ.

2. АНУ-БНХАУ худалдааны дайны хоёр дахь үе шат.

АНУ,  БНХАУ бусад улс орнууд хоорондын сөргөлдөөнөө зохицуулах зохистой арга зам нь харилцаагаа аль болох урт хугацаанд боломжийн хэрээр эв зүйтэй байлгах явдал хэмээн үздэг байлаа. Энэ байдал ч өөрчлөгдлөө. Ялангуяа дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд 2018 онд, хэдэн сараар үргэлжилсэн худалдааны дайн илэрхий сөргөлдөх хандлагад шилжлээ. G20-ын уулзалтаас хойш түр намжиж, 2019 онд хэлэлцээрээр зохицуулагдах, харилцан буулт хийх, БНХАУ-ын зүгээс АНУ-ын ХАА-н бүтээгдэхүүн, байгалийн хий, газрын тос, зарим түүхий эд, бараа бүтээгдэхүүн  авах боловч оюуны өмч, технологи шилжүүлэх асуудлууд дээр гацаж, сөргөлдөөн цаашид үргэлжилж, худалдааны дайны хоёр дахь үе шат болно. Энэ нь 2019 оны нөхцөл байдлыг тодорхойлж технологи, эдийн засаг, аюулгүй байдлын салбарт ихээхэн сөрөг үр дагавар бий болгоно. 

3. Худалдааны хориг, саад нэмэгдэнэ.

2019 онд улс орнуудын зах зээлээ хамгаалах, үндэсний ашиг сонирхлоо илүүд үзэх үзэл улам газар авч хориг арга хэмжээ, тарифын болон тарифын бус саад тотгор нэмэгдэж  дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө.  АНУ зүгээс автомашин, ган, хөнгөн цагааны импортод тавьсан хязгаарлалт ЕХ, Япон, БНСУ, БНХАУ-ын томоохон үйлдвэрлэгчдэд хүндээр тусаж, төмрийн хүдэр, нүүрс, өнгөт металл, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлнө. Үүнд үндэстэн дамнасан томоохон компаниуд өргөнөөр нэрвэгдэж, шинэ нөхцөл байдалд тохируулж ажиллах шаардлагад зохицож чадахгүйд хүрч үйл ажиллагаа нь саатаж, хохирол амсана. Иранд тавьсан хориг, Венесуэлийн хүндрэлээс үүдэлтэй нийлүүлэлт сайжрахгүй тул байгалийн хий, газрын тосны үнэ хэсэг зуур нэмэгдэж,   ОРЕК-ийн орнууд, АНУ, ОХУ байгалийн хий, газрын тосны экспортоо нэмэгдүүлэх боловч хэт нийлүүлэлтийн хэмжээг харилцан зохицуулахад бэрхшээлтэй байх тул илүүдэл үүсч үнэ буурах хандлага бий болно.

4.АНУ-ын дотоод байдал хүндэрнэ.

АНУ-ын улс төрийн дотоод нөхцөл байдал ээдрээтэй болно. 2019 он бол 2020 оны сонгуулийн өмнөх жил, Д.Трампын хувьд амлалтаа хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргах шийдвэрлэх жил. 2018 оны дунд хугацааны сонгуулийн үр дүн түүнд улс төрийн хүнд сорилтыг бий болгосон нь энэ оны эхэн дэх төсвийн асуудал дээр харгадаж байна. Хэдийгээр 2019 онд Трампад итгэл үзүүлэх эсэх, түүнийг огцруулах асуудал нэг их газар авахгүй ч улс төрийн тогтворгүй байдал улам хурцадна. Парламентын доод танхимд Ардчилсан намын олонх Трампын бодлогыг эсэргүүцэж, Сенат нь АН-ын гаргасан хуулиудыг гацааж, тус улсын шийдвэр гаргах чадамж алдагдах нь дотоод улс төр, нийгэм, эдийн засаг эрсдэлтэй болж улмаар бусад улс орнуудад ч сөргөөр нөлөөлнө.

5. Дахин хуваарилалт гүнзгийрнэ.

АНУ тэргүүтэй дэлхийн хэв журам  суларч, тус системийг үгүй хийх, хүчний дахин хуваарилалтыг бий болгох, олон улсын эрх зүй, харилцан хариуцлага, үүрэг амлалтаа биелүүлэхгүй улс орнуудын бодлого үйл ажиллагаа 2019 онд улам даамжирна. АНУ НАТО-гийн түнш орнуудтай харилцаагаа цаашид муутгаж, тэдгээрийг аюулгүй байдлаа хангах зардлаа өөрсдөө гаргахыг шаардах болно. Олон улсын хэв журмыг эвдэх эрмэлзэл бүхий үйл ажиллагаа явуулж, зарим тохиолдолд сөргөлдөөн нь мөргөлдөөнд хүргэхүйц сөрөг нөлөөлөлтэй байна. АНУ, БНХАУ-ын эдийн засгийн сөргөлдөөн шийдвэрлэгдэхгүй бол цэрэг, улс төр, аюулгүй байдлын сөргөлдөөн болж өргөжих хандлагатай болно. АНУ, БНАСАУ –ын яриа хэлэлцээ Д.Трампын хувьд зорилгод нь нийцсэн үр дүн гарах боловч цөмийн зэвсгийг хязгаарлах асуудал энэ жилдээ шийдвэрлэгдэхгүй бөгөөд яриа, хэлэлцээг сааруулах, гацаах, шахалт үзүүлэх алхмуудыг хийх тохиолдол энэ онд гарна.     

6.Европын популизм.

Тавдугаар сард болох Европын парламентын сонгуульд Европын нэгдлийг эсэргүүцэгч зүүний болон барууны хүчнүүд өмөхөөсөө илүү их суудал авахаар байна. Тэдгээр нь Европын холбоог дотоод асуудлуудаар шүүмжилдэг байсан бол одоо ЕХ-ны нэгдлийг шүүмжилж, дүрэм, журмыг үл ойшоох, үндсэрхэг үзэл, популист амлалтаар хожил авахыг эрмэлзэж байна. ЕХ-оос Итали, Зүүн Европын зарим орнууд гарах асуудлыг хөндөх, шийдвэрийг нь дагаж мөрдөхгүй байх, Франц, Белги, ХБНГУ-д барууны болон зүүний хүчнүүдийн зүгээс дүрвэгсэд, нийгэм, эдийн засгийн бодлого, шийдвэрүүдийн эсрэг  жагсаал цуглаан олон удаа хийж, мөргөлдөөнд хүрч даамжрах эрсдэлтэй байна.

7.Brexit

Брекситийн гэрээний асуудал энэ онд шийдвэрлэхэд нэн төвөгтэй байдалд орж, Их Британийн удирдлагын нэр хүнд унах, эсэргүүцлийн жагсаал, цуглаан болж, дахин санал хураалт явуулахад хүргэж болзошгүй байна.   Их Британи Европын Холбооноос гарах нь эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулж байна. Харин хэлэлцээр хийхгүйгээр Европын Холбооноос гарвал эдийн засаг нь 9.3 хувиар агших тооцоо гарсан байна. Энэ нь хэлэлцээр хийж Европын Холбооноос гарснаас илүү тааруу үзүүлэлт болох юм. Үүнээс гадна Их Британид орон сууцны үнэ 30 хувиар унаж, ажилгүйдлийн түвшин одоогийн 4.1 хувиас 7.5 хувь хүртэл өсөх таамагтай байгаа ажээ. Мөн 750 мянган хүн ажлын байраа алдаж, фунт стерлингийн ханш унаж, улмаар инфляцийн түвшин 2019 онд 2.9 хувь хүрч өснө. Энэ нь Лондонг хүнд цохилтод оруулж, хамааралтай эдийн засагтай орнуудад шууд болон шууд бусаар мэдрэгдэх нь тодорхой байна.

8. “Инновацийн өвөл айсуй”

АНУ-ын худалдаа, тарифын хязгаарлалтад харилцаа холбоо, автомашин зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн хамрагдаж байгаа тул 2019 онд дэлхий нийтийн технологийн салбар дахь хөрөнгө оруулалт багасч, шинэ санаа, инновацийн солилцоо, урсгал хумигдаж, эрэлт багатай болж “инновацийн өвөл” эхэлнэ. Үүнд нөлөөлөх дараах гурван хүчин зүйл гарна: аюулгүй байдлын үүднээс  технологийн тэргүүлэгч гүрнүүдийн хувьд гадаадын нийлүүлэгчдээс хараат байдлаа багасгах гэсэн эрмэлзэл, иргэдийн хувийн мэдээлэл ашиглагдахыг хамгаалах зохицуулалтыг сайжруулах шаардлага, технологийн тэргүүлэгч дотоодынхоо компаниудын ашиг орлого, аюулгүй байдлыг хангах эрмэлзэл зэрэг болно.    

9. Мэдээллийн сөргөлдөөн.

Дэлхий нийтийн мэдээллийн урсгалыг зохицуулах, нөлөөндөө байлгах гэсэн ашиг сонирхол, эрмэлзэл нь сөргөлдөөнд хүргэнэ. БНХАУ-ын хувьд мэдээлэл нь хатуу хяналтад байх ёстой гэж үздэг бол Европын улс орнуудын хувьд мэдээлэл нь хамгаалагдсан байх ёстой, харин АНУ-ын хувьд мэдээлэл нь ашиг орлого, арилжааны эх үүсвэр байх ёстой гэж үздэг зөрүүтэй үзэл баримтлал нь зөрчилд хүргэхээр байна. Дэлхий нийтийн улс дамнасан мэдээллийн урсгал, солилцоог өөрийн хяналтад байлгах гэсэн их гүрнүүдийн сонирхол нь  2019 онд зөрчилд хүргэх, БНХАУ-ын Хуавэй мэт технологийн том компаниуд, АНУ-ын Эппл компанийг  харилцан хязгаарлах зэрэг үйл явц үргэлжилж,  хурцдах хандлагатай болно.  Мэдээлэл, харилцаа холбооны шинэ үеийн хиймэл дагуулуудын торон сүлжээ бүхий шинэ системийг бий болгох өрсөлдөөн нь аюулгүй байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавартай байна

1982 оны хямрал гадаад өрөө төлж чадахгүй болсон Мексикийн дефолтоос эхэлсэн бөгөөд дараагаар нь арав гаруй орон түүний замаар орсон юм. Энэ байдал нь АНУ-ын ХНС хатуу мөнгөний бодлого явуулахад хүргэв.
АНУ далимд нь аврагчийн үүрэг гүйцэтгэж, наяад оны сүүлээр өрийн бүтцийн өөрчлөлт хийх “Брэдийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зуржээ. Үүгээр хямрал дууссан бөгөөд энэ орнууд Вашингтоноос илүү хамааралтай болсон байна.

Дэлхийн эдийн засгийн сорилтын жил мөн үү?

Сорилтын жилийг дэлхийн их гүрнүүд давж гарахгүй бол шинэ хямрал болох нь ойлгомжтой байна. Дэлхийн эдийн засгийн шинэ хямрал  болох  магадлалыг бий болгох гол сорилтууд:

-Түүхэн мөчлөгийг харах юм бол 10 жил тутамд тохиолддог эдийн засгийн хямралын мөчлөг дахин тохиосон байх магадлалтай. Хамгийн сүүлд эдийн засгийн хямрал 2008-2009 онд болсон бөгөөд шинээр ирэх хугацаа нь болжээ. Түүхээс үзвэл 1975 онд, 1982 онд, 1991 онд  1998 онд хямрал болж байсан. Мөчлөгөө үзвэл 2019-2020 байх магадлал өндөр байна.

-Өрийн хөөс задрах үе улс орнуудын хуримтлуулсан өрийн хэмжээ дэлхийн ДНБ-ний 225 хувь буюу 162 их наяд ам.доллар хүрсэн. Энэ нь хэзээ ч байгаагүй үлэмж хэмжээний өрийн асуудал юм. Өртэй орнуудын тоонд өр нь 20 их наяд доллар хүрэх гэж байгаа АНУ, бараг 18 их наяд долларын өртэй ЕХ, 11.5 гаруй их наяд долларын өр бүхий Япон, 7.5 гаруй их наяд долларын өртэй Их Британи, 5.2 гаруй их наяд долларын өртэй Хятад зэрэг улсууд байгаа юм.

-АНУ мөнгөний бодлогоо чангатгах юм бол хөгжиж буй зах зээлтэй орнууд болон дундаж орлоготой орнуудаас хөрөнгө гадагшаа урсахад хүрэх болно. ХНС  үүнийг ч хийж байгаа бөгөөд бодлогын хүүг өсгөж байгаа юм. 2019 онд ХНС-гийн тэргүүн 3 удаа бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

-АНУ энэ удаагийн хямралын үр дүнд хожигдох биш, хожих болно хэмээн найдаж байгаа билээ. АНУ нь өөрийн зах зээлээ хамгаалахыг оролдож ЕХ, ОХУ,  Хятад, Энэтхэгийн зах зээлийг өрсөлдөгчөө хэмээн хандаж шинэ сөргөлдөөнийг өдөөх магадлалтай

-Олон арван жил баримталж ирсэн дэлхийн худалдааны харилцааг зохицуулж байгаа  тогтолцоонд өөрчлөлт оруулж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдлыг  улам дордуулж байна.

-Европын Холбооноос Их Британи гарах нь тодорхой болж байгаа үед Лондонд төвтэй санхүүгийн системд эрсдэл үүсэж улмаар санхүүгийн хямралын угшил болох магадлалтай юм.

1991 онд ЗХУ-д валютын хямрал болж, валютын нөөц дуусаж, долларын зээл өгөхгүй болж, газрын тосны үйлдвэрлэл буурч, өрөө төлөх боломжгй болсон юм. Үүний үр дүнд импорт буурч, эдийн засгийг бүхэлд нь уналтад оруулж, ЗХУ задарсан.
1998 онд үүссэн Ази тивийн хөгжиж буй орнуудын валютын хярал болсон бөгөөд нэг талаараа АНУ, Японы хоорондох худалдааны сөргөлдөөнөөс үүдсэн хямрал.

Дүгнэлт

2019 он дэлхийн эдийн засагт хүндхэн жил болох нь магадлалтай байна. Геополитикийн эрсдэл, сорилтууд нь эдийн засгийн шинэ хямралд хүргэж болох дохиог илэрхийлж байна. Хэрэв дээр дурьдсан эрсдэлүүдийг шийдвэрлэж чадахгүй болбол энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт саарч 2-оос доош хувьтай байх магадлалтай байна. Үүнээс үүдэж түүхий эдийн эрэлт багасах, үнэ унах эрсдэлтэй байх бөгөөд олборлох салбарт суурилсан эдийн засагтай хөгжиж буй Монгол улс зэрэг орнуудад хүндээр тусахаар байна.   Иймээс манай улс энэ сорилтод бэлэн байх, төсвийн алдагдлыг бууруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.


Ангилал: Долоо хоногийн тойм