ДАНГААРШИН хүчирхэгжих нь их гүрнүүдийн орших, эс оршихуйн асуудал болоод байна. “Аль нэг нь л ялна” (win-lose) гэсэн дүрмээр нэг нь ганцаараа хожиж, эсхүл хожигдож, бүр мөсөн замхрах дангааршлын цаг үе ирж “аль аль нь хожно” (win-win) гэсэн дүрэм үйлчилдэг даяаршлын үеийг “эвдэж” байна. “Эвдэх”1 (disruption) гэдэг үйл үг өнөө цагт түгээмэл хэрэглэгдэх үг, илтгэгч болоод байна. Даяаршлыг эвдэгч нь протекционизмоор илэрхийлэгдэх дангааршил2 юм.
Бусдаас цэрэг стратеги, мэдээлэл, харилцаа холбоо, эдийн засаг, санхүүгийн давуу тал олж давамгайлахад шинэ технологийг өрсөж эзэмших шаардлагатай болдог. Өнөө цагт аж үйлдвэрийн дөрөвдэх шинэ хувьсгалын түлхүүр технологиудыг түрүүлэн эзэмшиж, дэлхийд тэргүүлэх гүрэн болж бусад улс орнуудыг өөртөө татаж, улмаар шинэ үеийн “Даяаршил 4.0”-ыг манлайлах өрсөлдөөн хэдийнээ эхэлжээ.
Гол хоёр өрсөлдөгч нь АНУ, БНХАУ. Тэд АНУ-ын өнөөг хүртэл манлайлж ирсэн “Даяаршил 3.0”-ын төлөө өрсөлдөж байгаа юм биш. АНУ даяаршлаас татгалзлаа хэмээн зарласан хэдий ч өөрийн шинэ хувилбар болох “Даяаршил 4.1”-ыг, БНХАУ ч мөн адил “хуучныг засахаар шинийг барьсан нь дээр” зарчмаар өөрийн “Даяаршил 4.2”-ыг бий болгоно. Харин дэлхийд АНУ эсхүл Хятад давамгайлсан нэг “Даяаршил 4.0” тогтох уу, АНУ-ын манлайлсан “Даяаршил 4.1” ба БНХАУ-ын манлайлсан “Даяаршил 4.2” хэмээх хоёр туйлт систем тогтох уу?
Даяаршлын “эвдрэл”, дангааршлаар солигдох нь
ДАНГААРШИЛ ба даяаршил хоёр бие биенээ дагаж, дагуулж солигдож байдаг. Дэлхийн түүхэнд олон удаа улиран солигдож, алийг нь “Дангааршил 1.0, …”, “Даяаршил 1.0, 2.0, …” гэж ангилах нь хэцүү, гэхдээ тогтсон нэршил байна.
Дангааршил нь даяаршлаа “бүтээлчээр эвдэж” (creative disruption)3 шинэ даяаршлыг бий болгодог. Харин “эвдэгч” хүчин зүйл нь тухайн үеийн шинэ технологи байлаа. Төмөр илд хийж сурсан ард түмэн хүрэл зэвсэгт ертөнцийг байлдан дагуулж шинэ гүрэн улсууд үүсч байлаа. Эх газрын торгон замын анхны “Даяаршил 1.0”-ийг “эвдэгч” нь далайн тээврийн навигацын ухаан, түүний ачаар тив алгасаж тээвэрлэх чадвартай болсон дарвуулт том хөлөг онгоцууд байв. Хятад, Энэтхэгт үйлдвэрлэсэн их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг эх газраар ердийн хөсгөөр тээвэрлэж байсныг дарвуулт онгоцоор далайгаар тээвэрлэх болж, энэ боломжийг дангаар эзэмшихийг эрмэлзэн Испани, Англи, Францын эзэнт гүрнүүд манлайллын төлөө тэмцэлдэж худалдааны дайныг өргөн хүрээнд хийж байлаа.
Лавлагаа. Аж үйлдвэрлэлийн анхдугаар хувьсгал 1784 оны үед гарч, Их Британи уурын хүчийг ашиглан үйлдвэрлэлийг механикжуулж чадсанаараа дэлхийн хамгийн хүчирхэг улс болсон. Цаашлаад эдийн засагч Адам Смитийн эдийн засгийн тулгуур онол болох “Үндэстнүүдийн баялаг” буюу “Үл үзэгдэгч гар зах зээлийг зохицуулж байдаг” гэсэн номлолд тулгуурлаж дэлхийг эдийн засгаараа тэргүүлж эхэлсэн. Тухайн үед Их Британи чөлөөт худалдааг дэмжиж, худалдааны татварыг бууруулж, гадаад худалдааг хөхиүлсэн явдал нь түүнийг “Даяаршил 1.0”-ыг манлайлагч улс болгосон юм.
Харин Энэтхэгт гар аргаар үйлдвэрлэдэг нэхмэл бөс даавууг Англид олноор үйлдвэрлэх шинэ технологи гаргаснаар Аж үйлдвэрийн шинэ “хувьсгал 1.0” эхэлсэн.4 Уурын хөдөлгүүрт механизмууд бүтээмжийг эрс дээшлүүлж, бусад улс энэ технологийг нутагшуулж, 1720-1860 онд үйлдвэржилтийн давлагаа гарсан юм. Дэвшилтэт технологийг ганцаараа эзэмшиж, дангаараа ноёрхох өрсөлдөөн их гүрнүүдийн дунд гаарчээ. Үр дүнд нь, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүчирхэг «умард», түүнийг нь хэрэглэдэг, түүхий эд нийлүүлдэг буурай «өмнөд» хэмээн улс орнууд хоёр ангилагдав. Энэ өрсөлдөөнд Их Британи ялж, дэлхийн санхүү, эдийн засаг, цэрэг, улс төрийн хамгийн хүчтэй гүрэн болон улмаар шинэ “Даяаршил 2.0”-ыг манлайлав.
Дангааршил нь даяаршлаа “бүтээлчээр эвдэж” (creative disruption) шинэ даяаршлыг бий болгодог. Харин “эвдэгч” хүчин зүйл нь тухайн үеийн шинэ технологи байдаг.
Лавлагаа: Аж үйлдвэрийн анхдугаар хувьсгал гэж уурын хүчийг ашиглан үйлдвэрлэлийг механикжуулсан явдлыг хэлдэг. Харин Аж үйлдвэрийн II хувьсгал /1870 он/ гэж цахилгаан эрчим хүч ашиглан бүтээгдэхүүнийг бөөнөөр үйлдвэрлэдэг болсныг ойлгодог. Аж үйлдвэрийн I болон II хувьсгалыг Их Британи манлайлж байв. Аж үйлдвэрийн III хувьсгал гэж /1969 он/ цахим мэдээллийн технологи дэлгэрч үйлдвэрлэлийг автоматжуулсан явдлыг хэлнэ. Энэ үеэс АНУ манлайлах болжээ. Аж үйлдвэрийн IV хувьсгал хэдийн эхэлсэн гэдгийг 2016 онд болсон Давосын 46 дугаар чуулга уулзалтын үеэр анх удаа хэлэлцсэн. Энэ хувьсгалын гол хөдөлгөгч хүч нь Үүлэн технологи (Cloud), Үлэмж өгөгдөл (Big Data) зэрэг мэдээлэл цуглуулж боловсруулах систем, краудсорсинг (crowdsourcing) болон биотехнологи байх ажээ. Түүнчлэн интернетэд холбогдсон “ухаалаг” хувцас, жолоочгүй автомашин, 3D хэвлэлд суурилсан анагаах ухаан болон хиймэл оюун ухаан, робот юм.
Аж үйлдвэрийн хоёрдугаар хувьсгалыг цахилгаанжилт, дамжлагат үйлдвэрлэл, ган хайлуулах коксжих нүүсний технологи, газрын тос, химийн үйлдвэрлэл 1860 оноос эхлүүлжээ. Үүнийг дагаад дангааршсан ширүүн өрсөлдөөн Герман, Япон, АНУ зэрэг шинэ шинэ хүчирхэг гүрнийг бий болгож, улмаар “Даяаршил 2.0”-ийг эвдсэн.
Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгал нь автоматжуулалт, робот техник, хагас дамжуулагч, компьютер, интернет, хөдөлгөөнт холбоо зэрэг XX. XXI зууныг дамнасан өнөөгийн “Даяаршил 3.0”-ын дүр төрхийг тодорхойлж байна.
Ийнхүү дангааршил, даяаршил ээлжилдэг зүй тогтол ажиглагдаж байна. Аж үйлдвэрийн шинэ хувьсгалын гол гол технологийг өмчирхөх зорилгоор их гүрнүүд эхлээд дангааршиж, өмнөх даяаршлийг эвддэг байна. Тэр технологийн хүрээнд үйлдвэрлэл, худалдаа, санхүү, эдийн засаг, улстөр, нийгмийн харилцааны шинэ эрэмбэ, үүсч, аажимдаа шинэ даяаршлыг эхлүүлдэг ажээ.5
Харин өнөөгийн “Даяаршил 3.0”-ыг “эвдэж чадахуйц хувьсгалт технологи гарч ирсэн үү? Тэр технологи нь энгийн хувьсалд (эволюци) хөтлөх үү, “эвдэгч” хувьсгалд (революци) хүргэх үү, эсвэл “эвдэгч технологи”-ийн бүтээлч хүчээр шинэ “Даяаршил 4.0”-ийг бий болгох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.
Энэ асуудлыг саяхан Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумд үндсэн сэдэв болгон хэлэлцлээ. Давосын чуулга уулзалт өөрөө даяаршлын чухал механизм. Дэлхийн тэргүүлэх улс орнуудын удирдагчид, үндэстэн дамнасан томоохон компаниудын захирлууд, олон улсын байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүд цуглаж, даяар ертөнцийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг байсан, энэ жил энэ нь “эвдэрлээ” . АНУ, БНХАУ, ОХУ, Франц, Их Британийн удирдагчид ирсэнгүй. Даяаршил 3.0-ын гол механизмууд – Дэлхийн худалдааны байгууллага, ЮНЕСКО, НҮБ, ОУВС, Дэлхийн Банк, Давосын уулзалтын өнөөгийн байдал нь даяаршил нурж, дангааршлын цаг айсуйг илэрхийлж байна уу гэлтэй. АНУ даяаршлаас гарахаа мэдэгдээд, зогсохгүй ЮНЕСКО-с ч гарлаа. Европын холбоотой харилцаагаа муутган, Номхон Далайн түншлэлийн гэрээг цуцалж, БНХАУ-тай худалдааны дайн хийв. Мөн протекционизмыг гол бодлогоо болгон дэлхийн үйлдвэрлэл, худалдааны харилцаанд тарифын болон тарифын бус хязгаарлалт хийж, дотооддоо зах зээл, үйлдвэрлэлээ хамгаалах, дэмжих арга хэмжээг авч эхэллээ.
АНУ, БНХАУ-ын худалдааны дайны чанад зорилго – аж үйлдвэрийн шинэ хувьсгал, шинэ даяаршлыг өрсөж манлайлахад оршино.
Харин Бээжин даяаршлыг дэмжиж, манлайлахад бэлэн байна гэдгээ БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин мэдэгдсэн.6 НҮБ, Дэлхийн худалдааны байгууллага, ОУВС, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг даяаршлын механизмд зонхилох болж, цаашлаад «Бүс, зам» санаачилга, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк зэрэг даяаршлын шинэ механизмын суурийг тавив. Хятад дэлхийн хоёр дахь том эдийн засаг, хамгийн том экспортлогч, хөрөнгө оруулагч болов. 2018 онд анх удаа Импортлогчдын олон улсын үзэсгэлэнг7 зохион байгуулж, энэ нь даяаршил, дэлхийн худалдааны чухал механизм болох ЭКСПО-гийн шинэ хэлбэр болж байна. Дэлхийн эдийн засгийн форумын Annual Meeting of the New Champions8 буюу “Азийн Давос” гэх уулзалт БНХАУ-д жил бүр болдог бөгөөд 2018 оны 9 дүгээр сард Аж үйлдвэрийн дөрөвдэх хувьсгалын үр дүнд “Даяаршил 4.0-ыг” шинээр хэрхэн бий болгох вэ сэдвээр зохиогдсон. Урд жил нь 2017 онд Азийн Давос мөн л энэ асуудлыг хөндсөн нь анхаарал татаж байна.
БНХАУ инноваци, шинэ технологийн9 хөгжлөөр тэргүүлэх болж Huawei, ZTE зэрэг тэргүүлэх компаниуд нь харилцаа, холбоо, хиймэл оюун ухааны шинэ технологийг эзэмшин тэргүүлж байгаа нь дараагийн технологи, аж үйлдвэрийн хувьсгал, даяаршлын манлайллын суурь болж байна уу гэж бус улс орнууд болгоомжилж эхэлж байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайны чанад зорилго – аж үйлдвэрийн шинэ хувьсгал, шинэ даяаршлыг өрсөж манлайлахад оршино.
Давосын 2016 оны уулзалтаар өнөөгийн шинэ технологиуд Аж үйлдвэрийн IV хувьсгалыг бий болгох уу сэдвээр хэлэлцэн энэ асуудлыг тэргүүлэгч гүрнүүд онцлон сонирхож, АНУ, БНХАУ, ОХУ-ын удирдагчид идэвхтэй оролцсон, тэгсэн атлаа “Даяаршил 4.0” асуудлыг хэлэлцэх 2019 оны уулзалтад ирсэнгүй. Тэд шинэ технологи, инноваци болон аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг илүүтэй сонирхон дангааршлыг илүүд үзэж, одоогоор шинэ даяаршлыг хүлээзнэн харж байна уу?
Шинэ технологиуд аж үйлдвэржилтийн дөрөвдэх хувьсгалыг эхлүүлж, энэ технологийг дангаар эзэмшсэн улс дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж, улмаар “Даяаршил 4.0”-ыг манлайлах болно.
Аж үйлдвэрийн IV хувьсгал10 гарснаар өнөөгийн ертөнцийн дүр төрх (үйлдвэрлэл, эдийн засаг, улс төрийн харилцаа, хүчний хуваарилалт)-ийг эвдэж эхэлж байна. Хиймэл оюун ухаан AI (Artificial Intelligence), үйлдвэрлэлийн эд зүйлсийн интернет IIOT (Industrial Internet of Things), үлэмж өгөгдөл (Big Datа),төхөөрөмж-төхөөрөмж холбоо M2M (Machine-to-Machine, дэлхийн хиймэл дагуулын торон бүрхүүл (Global Constellation), дэлхийн аль ч өнцөгт ажиллах харилцаа холбоо, интернетийн 5G сүлжээ зэрэг “цахимжилтын” (Digitalization)11 шинэ технологиуд аж үйлдвэржилтийн дөрөвдэх хувьсгалыг эхлүүлж, энэ технологийг дангаар эзэмшсэн улс дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болж, улмаар “Даяаршил 4.0”-ыг манлайлах болно.
Дангааршил ба худалдааны дайны үе шатууд
ШИНЭ технологийг эзэмшин түүнд суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд даяаршлаас татгалзан бусадтай ширүүн өрсөлдөж, дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж дангаарших хэрэгтэй болдог.
Протекционизм (түүнд өгсөн Адам Смитийн нэршил нь “меркантилизм”12) буюу дангааршил нь өргөн утгаараа “глобалчлал” гэсэн нэршлийн эсрэг утгатай. Дангааршил заримдаа тухайн улсад эерэг тал, бүр давуу тал авчирдгийг түүх харуулна.
Д.Трамп АНУ-ын анхны дангааршигч биш. 1900 онд дангааршлын томоохон бодлогыг эхлүүлсэн хүн нь АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч, Бүгд найрамдах намын төлөөлөгч У.Мак-Кинли. Түүний бодлогын үр дүнд АНУ үйлдвэржсэн хүчирхэг гүрэн болсон бөгөөд энэ түүх давтагдаж магадгүй.
Дангааршлын эхний шат тарифын хязгаарлалтаас эхэлдэг. Аж үйлдвэрийн I хувьсгалын үед худалдааны өрсөлдөөн ширүүсч, “тарифын дайн”, “валютын дайн” хэмээх сөргөлдөөн гарч, бие биедээ тарифын болон тарифын бус хязгаарлалт хийж байсан нь үнэн хэрэгтээ худалдааны дайн байв. Дангааршил ийм хэлбэрээр эхэлж, худалдааны дайн болон даамжирч байсан, одоо ч энэ л хэлбэрээрээ илэрч байна.
Дангааршлын хоёрдугаар шатанд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах импортын хориг саад тавих, татварын болон бусад арга хэрэгслээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, үйлдвэрлэлийн түүхий эдийн нийлүүлэлтийг аюулгүй, баталгаатай байлгах, хяналтдаа авах явдлаар үргэлжилнэ.
Энэ үе шатанд геостратегийн гол зөрчил байгалийн баялаг, түүхий эдийн орд газар, экспортын зах зээл, тээврийн шугам хоолойн дагуу явагддаг нь ХХ зуунд Африк, Ойрх Дорнод, Персийн булан, Латин Америк, ХХI зуунд Иран, Сири, Венесуэлд болж буй үйл явдлаас харж болно.
АНУ, БНХАУ-ын худалдааны дайны гол бооцоо нь цахимжилтын дангааршил, Аж үйлдвэрийн IV хувьсгалд хэн ялах, улмаар “Даяаршил 4.0”-ыг хэн манлайлах тухай л юм.
Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалын суурь болсон технологийн өрсөлдөөнд технологи дамжуулах, нутагшуулах, патентлах, хөгжүүлэх зэрэгт хяналт тавьж байв. Харин өндөр технологи (цахимжилт)-ийн өнөө үед оюуны өмч, мэдээлэл, шинжлэх ухаан, технологийн хөгжүүлэлтэд (R&D) хяналт тавьж, онцгой анхаарч байна. Шинжлэх ухааны шинэ нээлтийг амьдралд нэвтрүүлсэн технологи, холбогдох мэдээлэл, мэдлэг, тэдгээрийн өмчлөл хамгийн үнэ цэнэтэй капитал болдог тул тэдгээрийг эзэмших, хянах, хамгаалах асуудал тулгамдаж байна.
Энэ үүднээс АНУ, БНХАУ-ын худалдааны дайны гол бооцоо нь цахимжилтын дангааршил, Аж үйлдвэрийн IV хувьсгалд хэн ялах, улмаар “Даяаршил 4.0”-ыг хэн манлайлах тухай л юм.
Аж үйлдвэрийн өмнөх хувьсгалуудыг ажиглавал эхлээд худалдаагаа хамгаалах, дараа нь үйлдвэрлэлийн нөөц, чадавхаа хамгаалах, эцэстээ технологио хамгаалах гэсэн шаттай өрнөж байжээ. Өнөө өрнөж буй Аж үйлдвэрийн IV хувьсгал ч эдгээр шатыг дамжих нь лавтай.
АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах зорилгоор нэг нэгийнхээ бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулж эхэлсэн. Үүнийг эхний шат гэж үзэж болох бөгөөд энэ шатанд асуудлыг харьцангуй амархан шийдвэрлэж болно, шийдвэрлэх хандлага ч ажиглагдаж байна. Аргентинд болсон “G20”-ын уулзалтын үеэр 90 хоногийн дотор хэлэлцээ хийхээр тохиролцож, эхний ээлжид БНХАУ-ын зүгээс АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, газрын тос, байгалийн хий авахаар болжээ.
АНУ-ын зүгээс дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах үүднээс хүнд үйлдвэрлэлийн суурь болсон ган, хөнгөн цагаан, автомашин сэлбэг, харилцаа холбооны бүтээгдэхүүн зэрэгт хориг тавьсан нь үйлдвэрлэлээ хамгаалахад чиглэсэн алхам болов. Энэ нь зөвхөн БНХАУ-ыг хамраагүй, бас Европ, Япон, БНСУ, ОХУ зэрэг бусад оронд хүнд тусаж байна. Хариу болгон тэдгээр орон ч үйлдвэрлэлээ хамгаалах арга хэмжээ авсан нь тэднийг бас дангааршил руу хөтлөв. Үүнийг хоёр дах шат гэж үзэж болох бөгөөд шийдвэрлэхэд бэрх олон асуудалтай тулгарч удаан үргэлжлэх болно.
Технологио хамгаалах шатанд байдал бүр хүндэрнэ. АНУ-аас өмнө нь гадаадад, тухайлан БНХАУ-д шилжүүлсэн үйлдвэрлэл, технологийн дамжлагуудыг эргүүлээд эх орондоо татах, үүний тулд тариф, татварын хөнгөлөлт олгох шаардлагатай болно. Харин БНХАУ тэдгээр технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад тавьсан дүрэм, журмаа өөрчлөх, тэдгээрийг шилжүүлэхэд тавьдаг АНУ-ын хязгаарлалтуудыг цуцлахыг шаардах нь лавтай. Түүнээс гадна, БНХАУ-д үйлдвэрлэсэн сэлбэг, төхөөрөмжийг АНУ-ын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт ашиглаж байгааг хязгаарлахыг шаардана. Иймээс гуравдах шат нэн бэрх, олон жил үргэлжилнэ.
АНУ, БНХАУ-ын улсын орших, эс оршихуйн асуудлыг хөндсөн өндөр технологи, цахимжилттай холбоотой үе шат буюу “Худалдааны дайн 4.0” харилцан буулт хийх орон зай багатай, шийдвэрлэх аргагүй асуудлууд ихтэй нэн ширүүн явагдах нь.
Цахимжилтын дангааршил нь хамгийн хүнд хэлбэрээр явагдаж, сөргөлдөөнд ч хүргэх эрсдэлтэй, “ирээдүй хаяанд ирлээ – шинэ хүйтэн дайн эхэллээ” гэж нэрт судлаач Роберт Каплан Foreign Policy13 сэтгүүлд бичжээ. Тус хоёр улсын орших, эс оршихуйн асуудлыг хөндсөн өндөр технологи, цахимжилттай холбоотой үе шат буюу “Худалдааны дайн 4.0” нь нэн ширүүн явагдах нь Huawei компанийн санхүүгийн захирлыг баривчилсан явдал, БНХАУ-ын зүгээс авч буй хариу арга хэмжээнүүдээс харагдаж байна. Энэ үе шат харилцан буулт хийх орон зай багатай, шийдвэрлэх аргагүй асуудлууд ихтэй тул нэн өрсөлдөөнтэй явагдах болно.
“Даяаршил 4.0” хэнийх вэ?
ДЭЛХИЙ нийт АНУ тэргүүтэй нэг туйлт “Даяаршил 3.0” системээс шилжиж байна, гэхдээ хаашаа шилжиж байгаа тодорхойгүй: хоёр туйлт эсвэл олон туйлт ертөнц дараа нь тогтоно гэдгийг өнөөдөр хэлшгүй. Өнөөг хүртэл манлайлж ирсэн “Даяаршил 3.0”-с АНУ өөрөө татгалзлаа хэмээн зарласан.
Ямартай ч, Аж үйлдвэрийн IV хувьсгалын технологид суурилсан дэлхийн бүх орныг нэгтгэсэн цогц систем болсны дараа “Даяаршил 4.0” бүрэлдэн тогтоно.
Гэхдээ “Даяаршил 4.0” хоёр туйлтай болж магадгүй, салаа зам (бифуркацийн цэг) дээр тулаад байна. АНУ хуучин даяаршлаасаа татгалзсан ч “Даяаршил 4.0”-ийн өөрийнхөө хувилбар “Даяаршил 4.1”-ыг бий болгохыг зорих болно. БНХАУ ч бас “хуучныг засахаар шинийг барьсан нь дээр” зарчмаар өөрийн “Даяаршил 4.2”-ыг бий болгоно. Энэ хоёр хувилбарын аль нь давамгайлах вэ гэдэг өрсөлдөөн өнөөдөр нэгэнт эхэлчихсэн, энэ манлайллын төлөөх АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн дөнгөж л эхнийхээ шатанд явж байна.
Ашигласан материал:
1. Geopolitical Power Shifts, World Economic Forum http://reports.weforum.org/global-risks-2018/geopolitical-powershift/
2. After Liberal World Order, Constance Duncombe and Tim Dunne
https://www.chathamhouse.org/
3. Creative Disruption: What you need to do to shake up your business in a digital world (Financial Times Series), Simon Waldman, Dec 6, 2010
4. The third industrial revolution, The Economist
https://www.economist.com/leaders/2012/04/21/the-third-industrial-revolution
5. Globalization and Synchronization of Innovative Cycles, Becker Friedman Institute, December 2014
https://bfi.uchicago.edu/research/working-paper/globalization-and-synchronization-innovative-cycles
6. Chinese President Xi Jinping stands up for globalization and free trade at Asia’s Davos, South China Morning Post
7. China International Import Expo
https://www.ciie.org/zbh/en/
8. 12th Annual Meeting of the New Champions – The Global Summit on Innovation, Science and Technology
http://www3.weforum.org/docs/WEF_AMNC18_Overview.pdf
9. How China is competing for digital innovation leadership by Paul Mah, May 12, 2018, CMO Innovation
https://www.enterpriseinnovation.net/article/how-china-competing-digital-innovation-leadership-116695638
10. New Trump order may officially ban Huawei and ZTE from 5G rollout, per report by Russell Brandom, The Verge https://www.theverge.com/2018/12/27/18157618/white-house-huawei-zte-5g-rollout-sanctions-china-trump-trade-war
11. “The Fourth Industrial Revolution: what it means and how to respond”. World Economic Forum
12. Меркантилизм (mercantilism) – ХVI-ХVII зууны үед гарч ирсэн капиталын анхны хуримтлалын үеийн эдийн засгийн ухаан
13. Robert Kaplan, A New Cold War Has Begun, Foreign Policy, January 7, 2019
Ангилал: Долоо хоногийн тойм
Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23