АРГЕНТИНЫ нийслэл Буэнос-Айрес хотноо “Их 20” бүлгийн удирдагчдын 13 дугаар дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрөв. Тус уулзалт зарим улс орон дангааршлын бодлого хэрэгжүүлсэн худалдааны дайн, эдийн засгийн хоригийн дарамт шахалтын нөхцөлд, бодит эрсдэлийн тоо нэмэгдэж буй энэхүү “эгзэгтэй” үед болсноор онцлог бөгөөд үр дүн нь өндөр ач холбогдолтой байв.
Ази, Номхон далайн бүсийн орнууд дэлхийн эдийн засагт жин дарах болсноор АНУ тэргүүтэй барууны орнууд дангаар ноёрхсон дэлхийн дэг журмын үе нэгэнт ард хоцрон, эдгээр улсын орон зайд даяаршлаар түүчээлсэн “Их 20”-ийн бусад оролцогчид (БРИКС, РИК-ийн орнууд) хөгжлийн амжилтаа бататган хүч түрэн орж ирэх болсныг Аргентины дээд хэмжээний уулзалт тодхоноо харууллаа.
Хөгжлийн асуудал, эдийн засгийн мега чиг хандлагаарх нэгдсэн ойлголцол
2008 оны санхүүгийн хямралаас хойш харьцангуй тогтворжих хандлагатай байсан олон улсын санхүү-эдийн засаг, дэлхийн худалдааны хамтын ажиллагаа өдгөө дахин том сорилттой тулгарах боллоо. Үүнийг их гүрнүүдийн геополитикийн зөрчил гүнзгийрэн АНУ тэргүүтэй зарим улс нэг талын санаачилгаар зах зээлээ хамгаалах протекционист бодлого явуулах болсонтой холбон тайлбарлаж байна.
АНУ болон БНХАУ-ын худалдааны маргааны улмаас өнгөрсөн сарын АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт анх удаа удирдагчдын хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөсөн. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг ч мөн ялгаагүй олон талт хамтын ажиллагааны хэлбэрийн хувьд үр дүн багатай болж, талууд нэгдсэн шийдвэрт хүрч чадна гэдэгт шинжээчид эргэлзэж байв.
“Шударга, тогтвортой хөгжлийг бий болгох нь” уриан дор хоёр хоног үргэлжилсэн Буэнос-Айресын уулзалтаар эдгээр зөрчил хямралыг давж туулах, эдийн засгийн өсөлт, хөгжлийн суурь нь болсон ирээдүйн ажлын байр, дэд бүтэц, санхүүгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлт болон олон улсын худалдааны асуудлаар голчлон хэлэлцлээ. Дээд хэмжээний уулзалт өмнөх уулзалтуудаас “хамгийн хүнд” нь буюу харилцан зөвшилцөлд хүрэхэд “нэн амаргүй” байсныг оролцогчид онцлон тэмдэглэж байв. Аргентины уулзалтаар Буэнос-Айресын хамтарсан тунхгийг гаргах гэж талууд 6 хоногийн турш зөвлөлдөж, зарим асуудлаар төрийн удирдагчид биечлэн оролцож байж зөвшилцөлд хүрсэн байна.
Дээд хэмжээний уулзалт өмнөх уулзалтуудаас “хамгийн хүнд” нь буюу харилцан зөвшилцөлд хүрэхэд “нэн амаргүй” байсныг оролцогчид онцлон тэмдэглэж байв.
“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол үр дүн нь голлох эдийн засгууд дэлхийн дэг журмын тогтолцоо, түүний тогтвортой байдлыг хангах нэгдсэн дүрэм, гарцыг хайхад хамтрах, банк санхүү, олон улсын худалдааны тулгуур байгууллагуудыг бэхжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэнд оршиж байв. Түүгээр зогсохгүуй дэлхийн худалдааны механизмын хэвийн үйл ажиллагаа хангах шийдвэрүүдээ хоёр талын уулзалт, хэлэлцээрүүдээр баталгаажуулж, харилцан зөвшилцөл, хамтын хүчин чармайлтаар зохицуулахаар шийдвэрлэжээ.
“Их 20” бүлэг 1999 оноос хойш Сангийн сайд нарын түвшинд 1997-1998 оны Ази, ОХУ дахь санхүүгийн хямралыг давж туулах зорилгоор гарч ирсэн түүхтэй. Эхний 10 жилд эдгээр уулзалтыг илүү өндөр түвшинд гаргах асуудлыг тавьж байсан бөгөөд “Их 8” нь санхүү, эдийн засгийн системийн тогтвортой байдлыг хангах голлох улс орнууд байхаа болиод байсан үе юм. Ази, Латин Америк, Африкийн эдийн засгуудын огцом өсөлт, эдгээр орны макро эдийн засаг, санхүүгийн асуудлаар “алтан тэрбум”-ын улс орнууд цаашид далдуур шийдвэр гаргах боломжгүй болсон бөгөөд 2008 оны санхүү, эдийн засгийн хямрал гартал “Их 20” формат туслах үүрэг, хоёрдагч ач холбогдол бүхий явж ирсэн. Харин 2008 оны хямралтай зэрэгцэн Вашингтонд “Их 20” бүлгийн анхны дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн. Тэгэхэд л хямралыг давж туулах хувилбарууд, дэлхийн санхүүгийн байгууллагуудыг шинэчлэх зарчмуудыг хэлэлцэж байсан нь ирээдүйд уг төрлийн хямрал гарахаас сэргийлж байжээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт мөн ялгаагүй үүсээд буй зөрчил, тулгамдсан олон асуудлыг бүтээлчээр хэлэлцэж, төгс төгөлдөр биш ч гэсэн харилцан уялдаатай шийдэлд хүрэх үлдсэн ганц талбар нь “Их 20”-ийн формат байж болох юм. “Их 20” бүлгийн удирдагчдын хүрээнд гаргадаг хамтарсан тунхаг, шийдвэрүүд хэт ерөнхий бөгөөд хэрэгжээгүй нь олонтаа байх сул талтай боловч эдгээр уулзалтууд нь харилцан итгэлцлийн түвшинг хадгалж, дэлхийн эдийн засаг, зах зээлүүдийг хямралд хүргэлгүй, түүнээс үүсэх эрсдэлийг бууруулах чухал үүрэгтэй талбар гэдгийг энд онцлох нь зүйтэй.
Дэлхий дахины хямралыг хойшлуулсан хоёр талын хэлэлцээрүүд
ХАМТАРСАН тунхгийн агуулгыг эс тооцвол энэ жилийн “Их 20” бүлгийн удирдагчид хоорондын харилцааны уур амьсгал, дээд хэмжээний уулзалтын үеэрх уулзалт хэлэлцээрүүдээс дүгнэхэд гол эдийн засгуудын АНУ-БНХАУ, АНУ-ОХУ, АНУ тэргүүтэй орнууд-БРИКС, Орос-Энэтхэг-Хятадын гурван талт, ОХУ-Хятадын хоёр талын яриа хэлэлцээ гэх зэргээр өнөөдөр үүссэн зөрчлийн дагуу хуваагдсан мэт байдал ажиглагдав. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хомс байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болсон үйл явдлыг өөрсдийн өнцгөөс тайлбарлахыг хичээж байв.
Худалдааны маргааны түр эвлэрэл. Аргентины дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, АНУ бараа бүтээгдэхүүнд ногдуулах шинэ татварыг 90 хоногоор хойшлуулах (уг хугацаа дуусмагц нөхцөлийг дахин хэлэлцэх)-аар тохиролцов. Энэ хугацаанд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд 10 хувийн нэмэлт татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэх аж. Хятадын тал нэгдүгээр сарын 1-нээс хойш худалдааны аливаа шинэ татвар ногдуулахгүйгээр зогсохгүй 90 хоногийн хугацаанд хятадын хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний импорт нэмэгдсэнээр АНУ-ын худалдааны алдагдал буурах юм. АНУ БНХАУ-тай худалдааны алдагдлаа бууруулснаар экспортолж буй ам.долларын хэмжээгээ багасгаж, дотоодын санхүүгийн зах зээл дарамтад оруулснаар Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүг нэмэгдүүлж, ам.долларыг илүү үнэтэй болгох юм. Ингэснээр АНУ дэлхийн хөрөнгийг татаж, түүнийг бий болгох өрсөлдөх чадварыг дордуулан Д.Трампыг дотоод зах зээлээ илүү их хамгаалах протекционист бодлого явуулахад хүргэх юм.
Трампономик (Trumpnomics) нь протекционист бодлого аажмаар чангарах үндсэн шинжтэй тул хэдий энэ удаад хятадын тал буулт хийж байгаа ч цаашид АНУ-ын зүгээс 90 хоногийн хугацаа дуусмагц худалдааны шинэ шинэ шаардлага тавигдах үндсийг тавьж байна. Өөрөөр хэлбэл даяаршилд суурилсан Хятадын эдийн засаг барууны протекционист арга хэмжээтэй тулгарснаар тус улсын дотоод нийгэм, улс төрийн дарамт огцом нэмэгдэх эрсдэлтэй тулгарна. Үүнийг дотоод өөрчлөлт, гадагш тэлэх бодлогоо эрчимжүүлэх замаар нөхөх шаардлагатай болох тул цаг хожих үүднээс Буэнос-Айрест буулт хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн байх талтай юм.
Д.Трамп, В.Путин хоёрын “цуцлагдсан” уулзалтын цаана. Вашингтон, Бээжин хоорондох хурцадмал байдал хэсэг намжих хэрээр ОХУ-ыг чиглэсэн өрнөдийнхний дарамт шахалт эрчээ авч байна.
Бүрэн хэмжээний уулзалтыг талууд өнгөрсөн сарын 11-ний өдөр Парис хотноо Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жил ойн арга хэмжээн хүрээнд хийхээр төлөвлөсөн ч тухайн олон улсын арга хэмжээний ач холбогдлыг бууруулахгүй байх Францын ерөнхийлөгч Э.Макроны хүсэлтийн дагуу Буэнос-Айрэст болгон хойшлуулаад байсан юм. ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай хоёр талын уулзалт хийх “маш тохиромжтой цаг нь” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Twitter хуудсаараа жиргээд төдөлгүй Буэнос-Айрест хийх уулзалтаа “Керчийн хоолойд болсон үйл явдлын улмаас” цуцлав.
“АНУ-ын эрх баригчидын байр суурь өдөр болгон өөрчлөгдөж байгаа нь америкийн гадаад улс төрийн бүх голлох шийдвэрүүдэд нөлөөлж байгаа төдийгүй тус улсын дотоод улс төрийн зөрчлийн тод илрэл”
Цаг хүрэхгүй хугацаанд байр сууриа өөрчилснийг түүний өмгөөлөгч Майкл Коэн Москвад “Trump Tower” цамхаг барих талаар оросуудтай хийсэн хэлэлцээгээ сонгуулийн кампанит ажлаас өмнө төдийгүй түүний дараа ч үргэлжүүлсэн талаар шинэ хэрэг ил болсонтой холбон тайлбарлаж байна. Ерөнхийлөгчөөс огцрох аюул заналын өмнө АНУ-ын гадаад бодлогоор дотоод улс төрийн зөрчлөө шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд Д.Трамп дахин орсон гэлтэй. Энэ талаар оросын хэвлэлүүд: “АНУ-ын төрийн эрх баригчдын байр суурь бараг өдөр болгон өөрчлөгдөж байгаа нь америкийн гадаад улс төрийн бүх голлох шийдвэрүүдэд нөлөөлж байгаа тус улсын дотоод улс төрийн зөрчлийн тод илрэл, түүнээс улбаатай ерөнхийлөгч нь бие даасан бодлого явуулж чадахгүй байгаагийн илрэл” хэмээн онцолж байна. Энэ талаар хийсэн тайлбартаа В.Путин: “Ойрын болон дунд зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээ, Сири, Афганистан, Умард Солонгосын халуун цэгүүд зэрэг олон улс, бүс нутгийн стратегийн тогтвортой байдлын асуудлаарх чухал сэдвүүдээр хийх уулзалтаа цуцалсанд явдалд харамсаж байна” гэв. Үнэхээр ч хоёр талын хэвлэлийн төлөөлөгчид “богино хугацаанд үг солилцсон” хэмээн цухас дурдаад өнгөрсөн. Уг гэрээнээс АНУ гарах нь тус улс болон ОХУ хоорондын харилцааг муутгах нэгэн шалтгаан болоод байгаа.
“Украины Тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоц Хар тэнгисээс Керчийн хоолойн зүг хөдлөн (ОХУ-ын хилийг хууль зөрчсөн, Оросын хилчдийн хууль ёсны шаардлагад хариу өгөөгүй, аюултай маневр хийсэн гэх зэрэг шалтгаанаар) саатуулагдсан хэрэг “Их 20”-ийн уулзалтын өмнөх өдрүүдэд гарсан. Эл үйл явдалтай холбогдуулан Украйны ерөнхийлөгч Петр Порошенко тухайн улсад 60 хоногийн хугацаатай дайны байдал тогтоохоор төлөвлөж, удахгүй тус улсад эхлэх ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Украины ОХУ-тай хил залгаа бүс нутгуудад 30 хоногийн хугацаатай дайны байдал зарлах тухай түүний зарлигийг Дээд Радагаар дэмжүүлэн батлуулсан нь ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтыг таслах зорилоготой хийсэн, Д.Трамп товлосон уулзалтаасаа татгалзах бас нэгэн шалтгаан болсон ч гэж бичиж байна.
В.Путин, Ши Жиньпин нарын уулзалт. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр талт уулзалт хийж, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэхээ мэдэгдсэн. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан олон арга хэмжээг хамтран зохион байгуулахаар төлөвлөж, ялангуяа “Бүс, зам” болон Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд шинэ гэрээ хэлэлцээр байгуулах, стратегийн ойлголцолд хүрэх магадлалтай байна.
Хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, аж үйлдвэр, өндөр технологи болон хөдөө аж ахуй зэрэг олон салбарт өргөжин тэлсээр байна. Хоёр улсын гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 11 сарын байдлаар 15 хувиар өсөж 2017 оны үзүүлэлтийг даваад байгаа бөгөөд цаашид олон улс, бүс нутгийн хүрээнд гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарын дэд бүтцээ уялдуулах, даяаршил бүхий нээлттэй эдийн засгийг бий болгоход чиглэсэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх төлөвтэй байна.
ОХУ, БНХАУ, Энэтхэг гурвал. “Их 20″-ийн бүлгийн уулзалтын хүрээнд БНХАУ, ОХУ болон Энэтхэгийн удирдагч нарын гурван талт уулзалт болов. Гурван улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, зөвшилцлийг бий болгох талаар санал бодлоо солилцсон нь 2006 онд Петербург хотноо болсон өмнөх уулзалтаас хойш 12 жилийн дараа болж буйгаар онцлог юм. Худалдааны маргаан, эдийн засгийн хоригийн нөхцөлд Орос, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин олон улс хийгээд бүс нутгийн хэмжээн дэх нөлөөлөл нь нэмэгдэх болсон тул Энэтхэг улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтран цогцлоох асуудлаар РИК гурвал, БРИКС болон ШХАБ-ын хүрээнд байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж байна.
Дүгнэлт
ХҮН төрөлхтөн томоохон өөрчлөлтийн зааг дээр ирээд байна. “Их 20” бүлгийн удирдагчид өнөөгийн геополитикийн зөрчил, ээдрээтэй үед олон улсын эдийн засаг, хүн амын ирээдүйг тодорхойлох дэлхийн эдийн засгийн мега чиг хандлагууд, нүүрлээд буй гол сорилтуудыг хэрхэн давж туулах талаар “хүнд” асуудлуудаар хийсэн “амаргүй” хэлэлцээний үр дүнд зөвшилцөлд хүрч, хамтарсан Буэнос-Айресийн тунхгийг баталж, улмаар дэлхийн худалдаа, санхүүгийн удирдлагын суурь байгууллагууд болох ДХБ, ОУВС-ийн хүрээнд нэгдсэн дүрэм, хандлагыг урьтал болгон олон талаар хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
ОУВС, ДХБ зэрэг институционал байгууллагуудад итгэх итгэл суларч, хямралын шинж тэмдгүүд нэмэгдсээр байгаа ч олон улсын эдгээр байгууллагын голлох үүргийг талууд хүлээн зөвшөөрч эдгээр байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн ажиллах тал дээр санал нэгдэж чадсан байна. АНУ, БНХАУ-ын худалдааны маргааны хурц үе дуусан, “Их 20” бүлгийн БРИКС-ийн орнууд олон талт хамтын ажиллагаагаар дэлхийн худалдааны зохицуулах байгууллага, дүрмийн шинэчлэлийг эхлүүлэх, дараагийн удаа ДХБ-ын талбар дээр шинэчлэлийн асуудлыг хөндөх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн тохиролцсон нь Буэнос-Айресын хамтарсан тунхагт тусгалаа олсон байна.
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
Япон, БНАСАУ-ын харилцаа: Хулгайлагдсан иргэдийн асуудалДараах нийтлэл
Худалдааны дайны хоёрдугаар үе эхэлсэн үү?Сүүлд нэмэгдсэн
Эрчим хүчний системийн сөрөн тэсвэрлэх чадавх
2024-10-18
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (II)
2024-10-11
Холимог дайны концепц – мэдээлэл сэтгэл зүйн талбар дахь холимог дайн (I)
2024-10-04
Хятад, Оросын цэргийн хамтын ажиллагаа
2024-09-27
Астанагийн олон улсын санхүүгийн төв – хүчний тэнцвэрийг хадгалах арга
2024-09-20
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23