БНАСАУ-ын тусгай албад Японы 17 иргэнийг 1970 оноос хойш хулгайлсан гэдэг өдгөө хулгайлагдсан байж болзошгүй иргэдийн тоо 883 хүрсэн гэж Японы тал үздэг. Пёньян уг асуудлыг үгүйсгэж ирсэн ч 2002 оны Япон-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтаар анх удаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүсэн, мөн ондоо 5 иргэнийг Япон руу буцаасан. 2004 онд Пёньянд болсон дээд хэмжээний хоёр дахь уулзалтын дараа дахин 5 хүнийг буцаасан.
Гэвч үүнээс хойш яриа хэлэлцээ үргэлжилсээр буй боловч амжилт муутай байна. 2003 оноос хойш өнөөг хүртэл Япон-БНАСАУ хоёр талын уулзалт хэлэлцээг Пёньян, Бээжин, Ханой, Улаанбаатар, Мүгдэн, Стокгольм, Токио зэрэг хотод нийт 20 гаруй удаа зохион байгуулсан. Гэсэн ч үр дүн өнөөг хэр олигтой гараагүй байгаа бөгөөд гагцхүү уулзалт хэлэлцээ тасалдалгүй үргэлжилж буй гэдэг нь өөрөө нэг үзүүлэлт болоод байна.
Японы чармайлт, бусад улсын байр суурь
Японы чармайлт:
2018 оны эхээс хойш Солонгосын хойгийн уур амьсгал зөөлөрсөн нь хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэх ховор боломжийг олгож байна гэж Японы тал үзэж байна. Үнэхээр ч энэ онд уг асуудлаарх уулзалт идэвхжиж, Японы ерөнхий сайд Шинзо Абэ АНУ, БНХАУ, БНСУ, Монгол Улсын удирдагчидтай хийсэн уулзалтуудын үеэр хулгайлагдсан иргэдийн асуудлаар дэмжлэг үзүүлэх хүсэлтийг тавьж байв.
АНУ-ын байр суурь:
2017 оны 11 сард АНУ-ын Ерөнхийлөгч Японд айлчлах үеэрээ хулгайлагдсан иргэдийн ар гэрийхэнтэй уулзаж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн. 2018 оны 4 сард Японы Гадаад хэргийн сайд Таро Коно АНУ-ын БХ-ын сайд Жеймс Мэттис, Төрийн НБД-ын орлогч Жон Салливантай хийсэн уулзалтаар Умард Солонгостой хийх уулзалтынхаа үеэр хулгайлагдсан иргэдийн асуудлыг хөндөхийг хүссэн байдаг. Энэ оны 6 сарын 8-нд Шинзо Абэ Цагаан ордонд Д.Трамптай уулзах үеэрээ АНУ, БНАСАУ-ын удирдагчдын 2018 оны 6-р сарын 12-нд Сингапурт болох уулзалтын үеэр хулгайлагдсан иргэдийн асуудлыг албан ёсоор хөндөж, ярианы тусгай сэдэв болгохыг АНУ-ын удирдлагаас мөн хүсч байсан. Гэвч Д.Трамп, Ким Жон Ун нарын уулзалтаар уг асуудлыг хөндөөгүй буюу Японы хүлээлт биелэгдээгүй юм. Гэхдээ Зүүн хойд Азийн хурцадмал байдал намжих нь цаашид дээрх асуудал шийдвэрлэгдэх боломжийг үлдээж байна.
БНХАУ-ын байр суурь: 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар хэлэлцээ хийсэн бөгөөд Киодо агентлагийн мэдээлснээр Японы тал Умард Солонгост ихээхэн нөлөөтэй Хятад улстай цөмийн хөтөлбөр, хулгайлагдсан иргэдийн асуудлаар харилцах хүсэлтэй байгаа талаар дурджээ. Үнэхээр утсаар хийсэн хэлэлцээний гол агуулгын нэг нь Умард Солонгосын асуудал байсан бөгөөд Шинзо Абэ “Умард Солонгосын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд Хятад улс үүрэг гүйцэтгэж, Ши Жиньпин дарга идэвхтэй байгаад талархаж байна” хэмээжээ.
2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Токиод болсон (Япон-Хятад-Өмнөд Солонгос) гурван талын дээд хэмжээний уулзалтын үеэр Японы тал гурван талын хамтын ажиллагаагаар дамжуулан Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөр, японы хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн.
Японы зүгээс хоёр талын харилцааг сайжруулах болсон нэг шалтгаан нь Солонгосын хойг, хулгайлагдсан иргэдийн асуудлаар Хятадаас дэмжлэг хүсэж буй явдал юм.
2018 оны 10 дугаар сарын 25-аас 27-ны өдөр Японы ерөнхий сайд Шинзо Абэ анх удаа БНХАУ-д айлчлал хийсэн (Японы ерөнхий сайдын 7 жилийн дараах айлчлал юм). Японы зүгээс хоёр талын харилцааг сайжруулах болсон нэг шалтгаан нь Солонгосын хойг, хулгайлагдсан иргэдийн асуудлаар Хятадаас дэмжлэг хүсэж буй явдал юм хэмээн Шанхайн олон улс судлалын академийн зөвлөлийн дэд дарга, Япон судлаач Ү Жинань дүгнэсэн байна.
БНСУ-ын байр суурь: 2018 оны 4 сарын 11-нд Японы Гадаад хэргийн сайд Таро Коно БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэр хоёр Солонгосын уулзалтын үеэр хулгайлагдсан иргэдийн асуудлыг хөндөж өгөхийг хүссэн. Панмунжонд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Японы хулгайлагдсан иргэдийн талаар асуудал дэвшүүлсэн ба БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Японтой хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байгаагаа мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын байр суурь: Пёньян хулгайлагдсан иргэдийн асуудлыг аль хэдийн шийдвэрлэгдчихсэн гэж үзэж байгаа бөгөөд Японы Засгийн газар дахин дахин хөндөн Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцыг саатуулахыг оролдож байгаа гэсэн байр суурь баримтласаар ирсэн. Гэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ оны 4 дүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ “Манай улс Японы талтай хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн байна” гэж хэлсэн талаар Умард Солонгосын мэдээллийн агентлаг мэдээлсэн. Үнэхээр ч БНАСАУ энэ жилээс АНУ, БНСУ, БНХАУ-тай харилцаагаа ээлж дарааллан сайжруулж байгаа ба 4 дүгээр сард Хөдөлмөрийн намын төв хорооны бүгд хурал дээр “хөрш орнуудтайгаа идэвхтэй хэлэлцээ хийх” чиглэл гаргасан ба энэ хүрээнд “Японтой хэлэлцээ хийх ажлын хэсэг” байгуулсан тухай мэдээ бий. Гэхдээ БНАСАУ хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх тухайд 1910-1945 онд Япон улс Солонгосын хойгийг түрэмгийлэн эзэлсэн явдалдаа албан ёсны уучлалт гуйж, хохирлыг барагдуулах асуудлаар байр сууриа илэрхийлсний дараа дээд хэмжээний уулзалт хийх боломж бүрдэнэ гэсэн байр суурьтай байна.
Ажиглалт
Япон улс ийнхүү хулгайлагдсан иргэдийн асуудлаар маш идэвхтэй дипломат ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд 10 сарын 24-ний өдөр Шинзо Абэ Умард Солонгосын тэргүүн Ким Жон Унтай биечлэн уулзахаар төлөвлөж, Пёньянтай харилцаа сайжруулахад чармайлт гаргахаа мэдэгдээд буй бөгөөд тэрээр “…Нэг ч өдөр алдалгүй японы хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямарч боломжийг би алдах ёсгүй…” хэмээсэн байна.
Монгол Улсын тухайд Японы «хэвийн улс» болох гэсэн хүчин чармайлт манай ашиг сонирхлыг шууд хөндөхгүй учраас дэмжих эсвэл татгалүах шалтгаан үгүй.
Хулгайлагдсан иргэдийн асуудал бол Японы дотоод улс төрийн нэг бэрхшээл. Шинзо Абэ үүнийг шийдэж чадвал дотооддоо өндөр дэмжлэг хүлээж, улмаар Японы Үндсэн хуулийг өөрчлөн зэвсэгт хүчнээ байгуулж “хэвийн улс” болгох зам шулуудана. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг шийдэх замаар Япон улс Үндсэн хуулиа өөрчилж бие даасан зэвсэгт хүчинтэй болох нь бусад их гүрний зүгээс харахад таатай зүйл биш юм. АНУ-ын тухайд Япон улс Америкийн “цөмийн шүхэр”-ээс хараат байдал багасана гэсэн үг. Хятад улс, Өмнөд Солонгос ч мөн Японыг цэргийн хүчирхэг гүрэн болгох сонирхол огт байхгүй.
Их гүрнүүд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоох талаар нэгдмэл байр суурь баримтладаг. Япон улс цөмийн асуудалтай зэрэгцүүлэн хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг хойгийн асуудал дотор хавсруулан тавьдаг. Энэ нь бусад улс уг асуудлыг ч бас дэмжиж буй мэт харагдуулдаг юм. Гэвч их гүрнүүд яг тухайлан японы иргэдийн хулгайлагдсан асуудал дээр Японд дэмжлэг үзүүлэх бодит сонирхол тун бага байх магадлалтай, тийм байх учир шалтгааныг дээд дурдсан билээ.
Монгол Улсын тухайд Японы “хэвийн улс” болох гэсэн хүчин чармайлт манай ашиг сонирхлыг шууд хөндөхгүй учраас дэмжих эсвэл татгалзах шалтгаан үгүй. Энэ нь Япон-БНАСАУ хоёр тал хулгайлагдсан иргэдийн асуудлыг хэлэлцэхэд манай улсын гүйцэтгэх зуучлагчийн үүрэг нь бусад улстай харьцуулахад аливаа давхар ашиг сонирхол багатай байх давуу талтай.
Хулгайлагдсан иргэдийн асуудлаарх яриа хэлэлцээ, үйл явц
ОН, САР |
ҮЙЛ ЯВДАЛ |
1970 – 1980 | Японы иргэдийг хулгайлсан хэргүүд гарсан. |
1997 | Хулгайлагдсан 10 иргэдтэй холбоотой асуудлаар Японы засгийн газраас БНАСАУ-ыг буруушаасан анхны мэдэгдлийг хийсэн боловч БНАСАУ-ын тал үүнийг хүчтэй эсэргцүүсэн. |
1997 оны 3 сар | Японы нийслэл Токио хот. “Японы хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхний нийгэмлэг” байгуулагдсан |
2002 оны 9 сар | БНАСАУ-ын нийслэл Пёньян хот. Японы Ерөнхий сайд Жүничиро Коизүми БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж БНАСАУ-Японы анхны дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтын үеэр Японы зүгээс “хулгайлагдсан иргэд”-ийн асуудлыг тавьсан ба Ким Чен Ир анх удаа дээрх гэмт хэргүүдийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч уучлалт хүссэн. |
2002 оны 10 сар | Дээд хэмжээний уулзалтын үр дүнд хулгайлагдсан 5 иргэнийг эх оронд нь буцаасан. |
2004 оны 5 сар | БНАСАУ-ын нийслэл Пёньян хот . Японы Ерөнхий сайд Жүничиро Коизүми дахин БНАСАУ-д албан ёсны айлчлал хийж БНАСАУ-Японы хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулав.
Дээд хэмжээний уулзалтын үр дүнд 2002 онд эх орондоо буцаад байсан иргэдийн үр хүүхдүүд болох 5 иргэнийг сулласан. Мөн хулгайлагдсан иргэдтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгах ажил эхлүүлэхээ амласан. |
2004 оны 11 сар | БНАСАУ-ын нийслэл Пёньян хот. Япон – БНАСАУ-ын дунд шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан ба тус уулзалтын үеэр хулгайлагдсан байж болзошгүй зарим иргэдийн нас барсан болохыг баталсан баримт бичгүүд болон тэдгээрийн эдлэж хэрэглэж байсан зүйлсийг Хойд Солонгосын талаас хүлээлгэж өгсөн.
Японы талаас хүлээлгэн өгсөн баримт, эд зүйлсэд ДНК шинжилгээ хийж хулгайлагдсан иргэдтэй холбоогүй болохыг тогтоосноор хоёр улсын харилцаа хурцадсан. |
2006 оны 2 сар | БНХАУ-ын нийслэл Бээжин хот . Япон-БНАСАУ-ын иж бүрэн яриа хэлэлцээ зохион байгуулагдсан, тус яриа хэлэлцээний үеэр амьд байгаа хулгайлагдсан иргэдийг эх оронд нь буцаах, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг ил болгож, шилжүүлэхийг шаардсан боловч тодорхой амжилтанд хүрээгүй. |
2007 оны 3 сар | БНВУ-ын нийслэл Ханой хот . Япон-БНАСАУ-ын харилцааг тогтворжуулах ажлын хэсгийн уулзалт болсон ба тодорхой үр дүнд хүрээгүй. Хоёр талын баримталж ирсэн байр суурь өөрчлөгдөөгүй. |
2007 оны 9 сар | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот . Япон-БНАСАУ-ын харилцааг тогтворжуулах ажлын хэсгийн хоёрдугаар уулзалт болсон ба тодорхой үр дүнд хүрээгүй. |
2008 оны 8 сар | БНХАУ-ын Шэньян /Мүгдэн/ хот. Япон-БНАСАУ-ын дунд шатны зөвлөлдөх хоёрдугаар уулзалтыг зохион байгуулсан ба үр дүнд нь Хойд Солонгосын тал хулгайлагдсан иргэдийн асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээ амлав.
Удалгүй мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулж байгаагаа Хойд Солонгосын талаас мэдэгдсэн. |
2012 оны 11 сар | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот . Япон-БНАСАУ-ын засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдсан ба тус уулзалтын үеэр хулгайлагдсан иргэдийн асуудлыг Хойд Солонгосын тал нухацтай авч үзэхээ амласан.
Гэвч удалгүй Хойд Солонгосын пуужин туршиж буй үйлдлийг эсэргүүцэж Японы тал засгийн газар хоорондын хоёрдахь уулзалтыг цуцалсан. |
2014 оны 3 сар | БНХАУ-ын нийслэл Бээжин хот. Япон-БНАСАУ-ын засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтыг албан бус түвшинд хийж хоёр улсын хооронд яриа хэлэлцээг үр дүнтэй зохион байгуулахаар тохиролцов. |
2014 оны 5 сар | Шведийн нийслэл Стокгольм хот. Япон-БНАСАУ-ын засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Тус хурлын үеэр БНАСАУ-ын зүгээс хулгайлагдсан иргэдтэй холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хамтарсан хэлбэрээр хийхээ амласан ба үр дүнд нь мөрдөн шалгах хороо байгуулсан болохоо Японы талд мэдэгдсэн. |
2014 оны 7 сар | БНХАУ-ын нийслэл Бээжин хот . Япон-БНАСАУ-ын засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан ба тус хурлын үеэр мөрдөн шалгах хорооны албан ёсны бүтэц, бүрэлдэхүүнийг Японы талд танилцуулсан. |
2014 оны 9 сар | БНХАУ-ын Шэньян /Мүгдэн/ хот. Япон-БНАСАУ-ын дипломат албаны удирдлага хоорондын уулзалт зохион байгуулагдсан ба мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч буй асуудлын талаар танилцуулав. Мөн Японы төлөөлөгчдийг БНАСАУ-д ирж мөрдөн шалгах хорооны үйл ажиллагаатай танилцах хүсэлт тавив. |
2014 оны 10 сар | БНАСАУ-ын нийслэл Пёньян хот. Японы төлөөлөгчид БНАСАУ-д айлчилж мөрдөн шалгах хорооны үйл ажиллагаатай танилцсан ба тодорхой үр дүн гараагүй. |
2016 оны 2 сар | БНАСАУ-ын талаас хулгайлагдсан иргэдтэй холбогдох мөрдөн шалгах ажиллагааг зогсоож буйгаа мэдэгдсэн. |
2018 оны 7 сар | БНВУ-ын Ханой хот. Хоёр улсын тусгай албаны удирдлагууд уулзалт хийсэн боловч энэ уулзалттай холбоотой тодорхой мэдээлэл байхгүй. |
2018 оны 10 сар | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Хоёр улсын удирдагчийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Японы Засгийн газрын дэргэдэх Тагнуулын асуудал хариуцсан захирал болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Нэгдсэн фронтын дарга нар хулгайлагдсан иргэдтэй холбогдох асуудлаар уулзалт хийсэн. |
2018 оны 11-р сар | Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Хоёр улсын удирдагчийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Японы Засгийн газрын дэргэдэх Тагнуулын асуудал хариуцсан захирал болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын өмнөд бүсийн дарга нар уулзалт хийв. |
Ангилал: Долоо хоногийн тойм
Өмнөх нийтлэл
“Даяаршил 3.0”: Хятадын амбицДараах нийтлэл
Найдвар төрүүлсэн “Их 20”-ийн уулзалтСүүлд нэмэгдсэн
“Blue Sky” олон улсын форумыг санаачлан, зохион байгуулж байна
2024-09-18
Дайны эдийн засаг: онол ба практик
2024-09-13
Кыргызийн улс төрийн хямралын “уурхай” Кумторын алт
2024-09-06
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-30
БНХАУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-23
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (II)
2024-08-16
ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлийн явц (I)
2024-08-09
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (II)
2024-08-02
NATO – 75: Анхаарал татсан асуудлууд (I)
2024-07-26
Европын улсуудын сонгууль – 2024 (II)
2024-07-19