“Даяаршил 3.0”: Хятадын амбиц

2018-11-22

https://niss.gov.mn/wp-content/uploads/2018/11/1200x674-3.jpg

Хүйтэн дайны дараа эрчимжсэн даяаршлын давалгаа өдгөө саарах тийш хандаж, даяаршлыг түүчээлж байсан АНУ дангааршлын бодлого явуулж эхэлсэн энэ үед БНХАУ даяаршлыг манлайлах алхмаа эрчимжүүлж байна. Ялангуяа Хятад-АНУ-ын худалдааны дайны дараагаас эдийн засгийн даяаршлыг нээлттэй, хүртээмжтэй, өгөөжтэй байлгах тухай Хятад илүү их уриалж, бүхий л гадаад арга хэмжээн дээрээ улс орнуудтай дэлхийн худалдааг нээлттэй болгох талаар тохиролцож, хэлэлцээ хийж, дэмжлэг авахыг оролдож байна. Өдгөө Хятад улс даяаршлыг хэрхэн харж буй, даяаршлын талаар хятадын төлөвлөгөө юу байгаа талаар цухасхан авч үзлээ.

Өнөөг хүртэл дэлхий дахинд даяаршлын үйл явц хэд хэдэн үе шаттай явагдсан гэж үздэг. XV зуунд гарсан газарзүйн их нээлтүүдээр дэлхийд анх даяаршлын үйл явцын үр соёолсон гэх ба үүнийг “Даяаршил 1.0” хэмээжээ. Үүний дараа аж үйлдвэрийн хувьсгалаар гараагаа тавьж улмаар АНУ-Европын Атлантын далай дамнасан даяаршлын үйл явц өрнөсөн ба үүнийг “Даяаршил 2.0” хэмээнэ.

Хүйтэн дайны дараа улс орнууд хооронд цоо шинэ нээлттэй эдийн засгийн харилцаа өрнөж эхэлсээр 30 гаруй жил өнгөрч буй, үүнийг “Даяаршил 3.0” хэмээн нэрлэх агаад Хятад улс Даяаршил 3.0-ыг манлайлна хэмээж байна.

Ялангуяа 2008 оны санхүүгийн хямралаас хойш даяаршлыг манлайлах юм байна гэдэгтээ хятадууд улам өөртөө итгэлтэй болсон агаад үүнийг Хятад-Номхон далайн хамтын ажиллагааны даяаршлын эрин үе ирж байна гэж тэд үзэж байна.[1]

Өнөөгийн даяаршил Хятадын нүдээр

Өнөөг хүртэл даяаршлын үйл явц доголдолтой байсан гэж хятадууд шүүмжилж байгаа юм. Үүнд:

  • Даяаршлыг цөөн хэдэн хөгжингүй орон удирдсан. Өөрөөр хэлбэл хэрэглээ өндөртэй хөгжингүй орнууд л зүтгүүлсэн “даяаршил”. Ингээд дэлхийн эдийн засаг үндсэндээ хоёр хуваагдсан: нэг талд хөгжингүй орнууд голлосон хөрөнгө оруулагч субьект, тэд мэдлэг, капиталыг удирддаг хэсэг, нөгөө талд хөгжиж буй орнууд байх ба хямд ажиллах хүч, нөөц баялаг, асар том зэх зээл бүхий хэсэг. Энэ хоёр нэг нь нөгөөгийнхөө хэрэглээг хангах, хангуулах замаар “энх тайвнаар зэрэгцэн оршиж” буй мэт боловч “санхүүгийн хямрал” дагуулах зэрэг уршиг дагавар нь ноцтой байдаг.
  • Даяаршил тэгш бус явагдсан аж. Даяаршил тэгш бус хөгжил, нөөц баялгийн тэгш бус хэрэглээ, тэгш бус тогтолцоо дүрэм журмыг үүсгэсэн гэж шүүмжилж байна.[2]

Тэгвэл Хятад улс “Даяаршил 3.0”-ыг манлайлахдаа дээрх догодлуудыг арилгах уу, хэрхэн засварлах вэ? Хятадын дэвшүүлж буй хувилбар нь:

  • Даяаршлыг цөөн хэдэн хөгжингүй орон удирдах биш, хөгжиж буй орнууд ч идэвхтэй түүчээлэх ёстой гэж үзэж байна. Хятад улс ганцаараа даяаршлыг чирж явах гэхээсээ илүү Хятадыг багтаасан БРИКС, ШХАБ, Их 20-ийн бүлэг зэрэг бүтцүүдийг түлхүү ашиглаж, даяаршлыг манлайлахад хамтрахыг уриалах боллоо. Ялангуяа энэ үүрэгтээ БРИКС-ийг онцолж, “даяаршлын хувьсгал”-ыг “БРИКС+” гэсэн загвараар урагшлуулах нь зүйтэй гэж үзэж байна.[3] Ши Жиньпин энэ оны 7 дугаар сард болсон БРИКС-ийн уулзалт дээр хэлсэн үгэндээ “Ирэх 10 жилд олон улсад хүчний харьцаа улам өөрчлөгдөнө, глобал засаглалын систем шинэчлэгдэх болно… тиймээс БРИКС-ийн орнууд хамтдаа даяаршлыг улам нээлттэй болгохоор чиглүүлцгээе, даяаршлаас хөгжиж буй ба буурай орнууд бүгдээрээ ашиг хүртэцгээе” хэмээн уриалсан юм.[4]
  • Өнөөг хүртэл даяаршил дэлхийд тэгш бус байдлыг авчирсан, тэгвэл үүнийг өөрчлөх хятадуудын хувилбар юу вэ? Ши Жиньпин “даяаршлыг нээлттэй, өгөөжтэй, хүртээмжтэй, тэгш, хамтдаа хожсон чиглэл рүү хөгжүүлэхээр манлайлъя хэмээж буй. Хятадуудын дэвшүүлж буй “шинэ даяаршил”-ын гол үзэл санаа нь улс орнууд хоорондоо “нээлттэй хүртээмжтэй” байж “хэлхээ холбоо”-г бий болгосноор хөгжиж буй орнуудын дэд бүтэц, бараа эргэлт, хөрөнгө санхүүгийн эргэлт нэмэгдэж, нөгөө талаар хөгжингүй орнуудад ч эдийн засгийн шинэ эрч, хэрэглээний хувьсгалыг авчирна, эцэстээ эндээс баян буурай улсууд бүгд “хамтдаа хожих” аж. Энэ бол хятадуудын дэлхий дахинд дэвшүүлэн тавьж буй, тэгш бус байдлыг арилгах цоо шинэ даяаршлын загвар юмсанж. Хэрэгжүүлэх алхам буюу оролдлого нь “Бүс, зам” санаачилга болой. Өөрөөр хэлбэл “Бүс, зам” бол хятад маягийн даяаршлыг биелүүлэх их стратегийн нэг оролдлого, бодит хэрэгжилт, бодлогын илрэл байх нь.

Хятад ба даяаршлын загвар

“Даяаршил 1.0” “технологи” буюу шинэ нээлтүүд дээр тулгуурлаж явагдсан бол “Даяаршил 2.0” “технологи + капитал” тулгууртай байв. Тэгвэл “Даяаршил 3.0” цаашид “технологи + капитал + дүрэм журам” гэсэн тулгууртай хөгжих болно гэж хятадууд үзэж байна.[5] Эндээс харахад Хятад даяаршлыг манлайлахын тулд технологиор тэргүүлсэн байх ёстой, капиталыг эзэмшсэн байх ёстой, дүрэм журмыг тогтоодог байх ёстой болж байна. “Технологи + капитал + дүрэм журам” загварыг Хятад улс өдгөө хэрхэн бүрдүүлээд байгаа талаар тус бүрд нь авч үзэхэд Хятад хэдийнээ гараанаас хөдөлсөн байх агаад хэтийн төлөвөө тодорхойлсон гэдгийг харж болохоор байна.

Технологи:

Дэлхий дахин өргөн хэрэглээний барааны шошгон дээрээс “Хятадад үйлдвэрлэв” гэх бичгийг хардаг байсан бол өдгөө ухаалаг гар утас, хавтгай дэлгэц, цахилгаан бараа, компьютер гэх мэтээс “Хятадад угсрав” эсвэл “Хятадад үйлдвэрлэв” хэмээх бичгийг харах нь түгээмэл болсон. 2017 оны байдлаар дэлхийн нийт гар утасны 75 хувь, компьютерийн 95 хувь, гэр ахуйн цахилгаан барааны 85 хувийг Хятадад үйлдвэрлэжээ.

Хятад анх 1986 онд “Өндөр технологийн судалгаа, боловсруулалтын төлөвлөгөө” (“863” төлөвлөгөө)-г баталж өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж эхэлснээс хойш 30 жилийн дараа гэхэд 2015 онд өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртгөөрөө дэлхийн 29.08 хувийг эзлэх болж АНУ-ыг (28.9) гүйцэж түрүүлсэн байна. 2015 онд өндөр технолгийн үйлдвэрлэл ДНБ-ийх нь 8 хувийг эзэлж байсан ба 2020 он гэхэд энэ хувийг 15 болгон нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. 2017 онд хятадын ДНБ-ий өсөлт 6.6 хувь байхад өндөр технолгийн үйлдвэрлэлийн өсөлт 13.4 хувьтай байх жишээтэй.[6]

Өндөр технологийн салбар ихээхэн хөрөнгө хүч хаядаг бөгөөд өдгөө Хятад улс судалгаа, боловсруулалтын (R&D) зардлаараа дэлхийд 2 дугаарт ордог болсон. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргадаг дэлхийн инновацийн индексийн жагсаалтад 2018 онд Хятад улс шилдэг 20 руу орж ирж 17-д жагсчээ.[7] Энэ нь өмнөх жилийнхээсээ 5 байраар ахисан хурдтай дээшилж буй үзүүлэлт юм. Өндөр технологид суурилсан сансарын технологи, хагас дамжуулагч, полимерийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. Интернэт харилцаа холбооны технологийн салбарт хятадын Хуавэй (Huawei), ZTE, TCL, Шяоми (XiaoMi), Тенсент, Алибаба гэх мэт компаниуд дэлхийн шилдгүүдийн эгнээнд явдаг болов.

Хятад улс цаашид дэлхийн технологийн хүчирхэг улс болох зорилт тавин “Хятадад үйлдвэрлэв-2025” хэмээх стратегийг 2015 онд дэвшүүлсэн юм.

Уг стратегид 3 үе шаттай зорилт тавьсан: Эхний шатанд 2025 он гэхэд үйлдвэрлэгч “том улс”-аас үйлдвэрлэгч “хүчирхэг улс” болох, хоёрдахь шатанд 2035 он гэхэд хятадын үйлдвэрлэлийн салбар Герман, Японыг гүйцэн хөгжингүй аж үйлдвэржсэн улсын түвшинд очих, гуравдахь шатанд 2049 он гэхэд дэлхийн хамгийн хүчирхэг үйлдвэрлэгч улс болох ажээ.

Гэвч Хятадын технологийн гүрэн болох гэсэн амбиц АНУ-ын эсэргүүцэлтэй тулгарч буй бөгөөд АНУ технологийн тэргүүлэгч байр сууриа Хятадад алдахгүйн тулд хазаарлах олон арга хэмжээ авсаар ирэв. АНУ, Хятадын оюуны өмчийн маргаан, кибер халдлагууд, хятадын мэдээллийн технологийн ZTE компанийн хэрэг, худалдааны дайн зэрэг нь цөм их бага хэмжээгээр технологийн өрсөлдөөнтэй холбоотой, цаашид улам ширүүсэх үйл явц гэж харагдаж байна.

АНУ-Хятадын оюуны өмчийн маргаан тэртээ 1990-ээд оноос эхэлсэн. АНУ Хятадыг оюуны өмчийн “дээрэм” хийдэг гэж үзэн маргаан дэгдээж, 2007, 2009 онуудад ДХБ-д зарга мэдүүлж байсан ба хамгийн сүүлд 2017 онд оюуны өмчийн “301 шалгалт”-ыг хийсэн юм.[8] 2001 оны 5 сард АНУ-Хятадын анхны “кибер дайн” болсон гэж үздэг. Кибер халдлагад хамгийн түрүүнд мэдээллийн технологи, хиймэл дагуул, сансар судлал, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарын мэдээллийн хулгай өртдөг аж.

Одоо АНУ, Хятадын худалдааны дайнд технологийн салбарын бүтээгдэхүүн ихээр өртөж байгаа бөгөөд гаалийн татвар ногдуулах барааны жагсаалтад дээгүүрт багтсан байна. “Хятадад үйлдвэрлэв-2025” стратегийг Д.Трамп нэн аюулгтай гэж энэ сарын 6-ны өдөр мэдэгдэж, Хятадаас уг стратегиа зогсоохыг шаардсан юм. Технологийн салбарын өрсөлдөөн өргөн утгаараа дэлхийд тэргүүлэгч байр суурийн төлөөх өрсөлдөөн гэж харж болно. Тиймээс “худалдааны дайн”-ыг угтаа “шинжлэх ухаан технологийн дайн” ч гэж үзэж болохоор юм.

Капитал:

Хэдийгээр өнөөгийн даяаршлыг Хятад шүүмжилдэг боловч үнэндээ энэхүү даяаршлаас хамгийн их ашиг хүртсэн улс нь Хятад өөрөө юм. Ялангуяа 2001 онд ДХБ-д элссэнээс хойш гадаад худалдаа нь 7, 8 дахин өсөж, одоо дэлхийн хамгийн том худалдаалагч улс болсон, гадаад валютын хамгийн их нөөцтэй улс болсон, 2010 оноос дэлхийн хоёр дахь том эдийн засаг, хамгийн том үйлдвэрлэгч болоод буй юм. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувь, Азийн эдийн засгийн өсөлтөд 50 гаруй хувийн хувь нэмрийг Хятад улс оруулдаг болжээ.

Дэлхийн гол 500 нэрийн бараа бүтээгдэхүүнээс Хятад 220 нэр төрлийнх нь үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл илүүдэлтэй болсон ба илүүдэлтэй гол салбар нь ган, төмөрлөг, нүүрс, цемент, шил, хөнгөн цагаан, хөлөг онгоцны үйлдвэрлэл тус тус байна. Үйлдвэрлэлийн илүүдлийн эсрэг авч буй хятадын гол арга хэмжээний нэг нь олон улс дахь зах зээлээ тэлэх явдал юм. Өөрөөр хэлбэл хятадын тэлэлт дотоодоос нь урган гарсан бараг органик үйл явц болж хувирч байна. “Бүс, зам”-ын дагуух орнуудад дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, эрдэс баялгийн олборлолт зэрэг том төслүүдийг хэрэгжүүлэнгээ өөрсдийн технологи, тоног төхөөрөмж, менежментийг экспортлохыг зорьж байна.

2000 оноос ААН-ийн “гадагш гарах” стратеги хэрэгжүүлснээр хятадын хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, капитал дэлхий даяар тархсан. 2017 оны сүүл гэхэд хятадын хилийн чанад дахь хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.8 их наяд ам.доллар хүрч, дэлхийд 2 дугаарт жагсаж байна.[9] Хятад улс 40 жил нээлттэй бодлого хэрэгжүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг ихээр татсан бол 2015 оноос анх удаа хятадаас гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ нь хятад руу орсон хөрөнгө оруулалтаас давдаг болсон юм. Хятадын мэдлийн хөрөнгө капитал дэлхийн 189 улс, бүс нутагт тархаад байна.

Юань олон улсын валютын сагсанд багтдаг гол валютын нэг болсон. 2000 он гэхэд сураггүй байсан юань 2017 онд дэлхийн худалдааны 2 орчим хувийг эзлэх болов. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулсан явдал бол Хятад улс санхүү, эдийн засгийн даяаршлыг дэмжиж буй бодит үйлдэл гэж тэд үзэж байна.

Ийнхүү Хятад улс хөрөнгө санхүүгийн хуримтлал, аж үйлдвэржилтийн түвшин, байгалийн нөөц баялаг, хүн хүчний нөөц, газар нутгийн хэмжээ гэх мэт аливаа улсын хүч чадлын хэмжүүрээр нэгэнт их гүрний шинжийг олоод буй.

Дүрэм журам:

Дээр дурдсанчлан өнөөгийн даяаршлаас хамгийн их ашиг хүртсэн нь Хятад, тиймээс даяаршлыг манлайлна гэдэг нь одоо байгаа даяаршлыг үгүйсгэн эсэргүүцэж, цоо шинэ хувилбарыг санал болгож буй хэрэг огт биш. Даяаршлыг түүчээлж асан АНУ өдгөө улам бүр дангаарших хандлагатай болсон энэ үед Хятад улс өөрийгөө “дэлхийн энх тайвныг бүтээгч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, дэлхийн дэг журмыг хамгаалагч болов” гэж АНУ-ын оронд манлайлагчийн дүрийг өөртөө авч байна.

Хятадын сонирхол бол харин ч өнөөгийн даяаршлыг улам гүнзгийрүүлж, улс орнууд нээлттэй худалдаа өрнүүлж, глобал сорилтыг НҮБ-ын зохицуулалт дор нийтээр шийдвэрлэе гэсэн байр суурьтай байна.

Энэ долоо хоногт Папуа-Шинэ Гвинейд болсон АПЕК-ийн хурал дээр Ши Жиньпин хэлсэн үгэндээ үүнийг нотлон Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон НҮБ тэргүүтэй олон улсын тогтолцоо хэдийгээр боловсронгуй биш ч хүн төрөлхтнийг энх тунх оршиход чухал хувь нэмэр оруулсан, одоо гагцхүү дэлхийн засаглалыг дүрэм журмаар тогтвортой байлгах, энэ дүрэм журмыг олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа тогтоох ёстой байна гэжээ.

Ингээд харахад Хятад даяаршлыг манлайлахдаа үгүйсгэгчийн биш харин шүүмжлэгчийн байр сууриас хандаж байгаа бөгөөд гол шүүмжлэл нь дэлхийг засаглагч субъект нь цөөн хэдэн улс байх ёсгүй, олон туйлт дэлхий бүрэлдэж, дүрэм журмыг олонхоороо тогтоож, түүнийгээ бүгд даган мөрдөх замаар тогтвортой байдлыг батжуулая гэсэн саналтай байгаа юм.

Дүгнэлт

Хятад улс даяаршлыг зүтгүүлэх болсон нь даяаршлаас хүртсэн хөгжлийн амжилтаа улам бататгах хэрэгцээ шаардлагатай холбоотой. Даяаршил хумигдаж, дангааршил газар авбал Хятадад нэн ашиггүй, яг энэ шалтгаанаар дангааршлыг эсэргүүцэж, даяаршлыг төгөлдөржүүлэх, улмаар манлайлах шаардлага урган гарч буй бололтой. “Технологи, капитал, дүрэм журам” загвараар даяаршлыг манлайлахад Хятад тодорхой хэмжээнд бэлтгэлээ хангасан байх агаад цаашид дээрх чиглэлээр үйл хөдлөл нь улам идэвхжих болно. Нэмж хэлэхэд Хятад-АНУ-ын хооронд өрнөж буй аливаа жижиг гэлтгүй сөргөлдөөн, өрсөлдөөнийг дээрх загварын хүрээнд тайлбарлаж болохоор байгаа юм.

 

[1] 中国正在引领新一轮全球化进程 http://theory.people.com.cn/n1/2017/0607/c83853-29323663.html

[2] 新一轮全球化呼唤中国引领 http://theory.people.com.cn/n1/2017/0109/c40531-29007921.html

[3]刘志勤:改革“旧全球化”,迎接“新全球化 http://opinion.huanqiu.com/opinion_world/2017-09/11221110.html

[4] 习近平在金砖国家工商论坛上的讲话(全文)http://www.xinhuanet.com/2018-07/26/c_1123177214.htm

[5] 新一轮全球化呼唤中国引领 http://theory.people.com.cn/n1/2017/0109/c40531-29007921.html

[6] 2017年中国高技术产业运行报告 http://www.lwzb.gov.cn/pub/lwzb/gzdt/201804/t20180428_4872.html

[7] 中国创新排名进入全球前20 https://www.voachinese.com/a/global-innovation-china-us-20180711/4478602.html

[8] 30年往事——中美关于知识产权的”爱恨情仇” https://www.dw.com/zh/30年往事中美关于知识产权的爱恨情仇/a-43102683

[9] 《2017年度中国对外直接投资统计公报》发布 http://www.sohu.com/a/256798199_118392


Ангилал: Долоо хоногийн тойм